Сумын Алдарт уяач Б.Цогтсайхан: Адуугаа хайрлахгүй бол уяач байгаад яахын бэ

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 05 -нд

Дундговь аймгийн Мандалговь сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Унаган сүмбэр" галын гишүүн, сумын Алдарт уяач Б.Цогтсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Tаны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Манайх Монгол улсын Манлай уяач Цэрэндэжид гуайнхтай ойр саахалт бууснаар түүнийг дагаж морь уяж эхэлсэн. Тэр бол 1996 он. Дөрвөн жил хэртэй саахалт явсан юм. 1995 онд Сүмбэрийн аймгийн Алдарт уяач Лувсанцэрэн гэж өвгөнөөс цагаан шүдлэн авч, 1996 онд Манлайтай хамтарч уяад хязаалан үрээ аймгийн наадамд түрүүлгээд, Говь-Угтаалын 70 жилийн ойгоор наймаар давхиулсан. Эндээс л миний уяачийн гараа эхэлж байлаа.
-Дараа нь цагаан үрээ хаагуур яаж давхисан бэ?
-Хязааландаа аймагт түрүүлээд, тэр жилээ ганц, хоёр овооны наадамд уралдсан. Дундговьд болсон анхны говийн бүс Заваа Дамдины наадамд манай Сүмбэрийн өвгөчүүл явцгаадаг юм. Би ч араас нь дагаад гарсан. Тэнд цагаан морь айргийн таваар орсон. Тэгэхэд тав, зургаан зуугаад соёолон мордож байлаа. Эргэж ирээд Шивээговийн наадамд түрүүлсэн. 1999 онд Шивээговьд аман хүзүүдсэн. Тэрнээс хойш голдуухан сумдын наадамд айраг, түрүүгээр наадах шив дээ. Нийтдээ долоо, найман айрагтай. Хөөрхий арав хүрээд, хөлийг нь жаахан болиулаад уяхаа байсан. Цагаан морины дараа нэгэн үе хээр морь, хээр азарга хурдалсан. Хээр азарга бол миний унаган гүүний төл. 1997 онд аймагт айрагдаж, Заваа Дамдины наадамд арван хэдээр ороод дутуу эргэсэн гээд  хасагдчихсан. Энэ хавьд Цагаандэлгэр, Угтаалаар нэлээд уралдаж, олон ч айрагдсан.
-Эх нь танай гүү юм байна. Харин эцэг нь хэний ямар адуу байсан бэ?
-Манай нутгийн Борлон Батаа гэж хүний адуунд буурал гүүгээ тавьж, хээр унага төрсөн нь энэ. Азарга болоод надад олон сайхан хурдан төл гаргаж өгсөн.
-Бие дааж хэзээнээс морь уясан юм бэ?
-2007 онд Алтансүхтэй нийлж, гурван жил хамт морь уясан. Бас Батбилэг гэж залуугийн морийг уяж өгдөг байлаа. Түүнээс хойш ах дүү нарынхаа морийг уяж байгаад ноднингоос Бор-Өндөрийн Бат-Өлзий гэж залуугийн буурал морийг уяж байна. Тэр жилээ аймгийн наадамд айрагдуулаад, энэ хавар Дархан суманд болсон Хэнтийн баруун бүсийн наадамд мөн айрагдууллаа. Мөнхөө ахын ухаа азаргыг уяж, давхиуллаа. Мөнхөө ах ухаа азарганы эцэг нь Ембүү гэж хүрэн халзан азаргыг үрээнд нь Сүхбаатараас авчирсан. Тэгээд өөрийг нь уялгүй харин гарсан төлүүдийг нь давхиулж байгаа юм.
-Таны дээдчүүл морь уядаг байв уу?
-Тиймээ, манай дээдчүүл Дундговь аймгийн Дэлгэрцогтоор нутаглаж, морь уядаг улс байсан гэсэн.  Манай аав Буджав голдуу нэгдлийн дарга хийж явсан хүн. Бас морь уяна. Гэхдээ нэгдлийн дарга хийж явахдаа уяж байгаагүй. Суурин байхгүй, сумдын төвөөр явчихна. Тэгж томилогдож яваад 1982 онд Говьсүмбэр аймагт ирсэн.
Түүнийг хүүхэд байхад мичин жилийн зуднаар адуугаа нь уруудуулаад, нэг азарга адуугаа хурааж иртэл дунд нь хэний ч юм нэг бор гүү хамт ирсэн гэсэн. Ингээд энэ бор гүүнээс нь төрсөн эр бор унагыг аав шүдлэнгээс нь уяж хурдлуулсан юм байна лээ. Тэр үедээ оюутан байсан болохоор зундаа ирж уячихаад буцдаг байж. Дараа нь Борго гэж дүүд нь очоод мөн л хурдалсан. Дундговь аймагтаа 10 түрүүлсэн гэж ярьдаг. Харин сумдын наадамд хэд түрүүлснийг би мэдэхгүй.
-Хурдан бор азарганы чинь үр төлүүдээс та нарт бий юу?
-Байхгүй. Тэр бол их дээр үеийн юм.
-Та энд тэндээс адуу авч байна уу?
-Надад Сүхбаатар гаралтай азарганууд, Дундговь гаралтай гүүнүүд нэлээд бий. Ноднин нэг хязаалан үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаанаас авсан. Ирэх жилээс гайгүй давхичих байх гэж найдаад л байна. Бор-Өндөрийн Бат-Өлзийгийн халтар азарганых нь төл байгаа юм. Энэ Бат-Өлзийгийн халтар азарга нь Сүхбаатар аймгийн харьяат, Монгол улсын Манлай уяач Ухна гуайн халиун азарганых нь төл гэсэн. Сая Дорнодын Баян-Уулын Пүрэвсүрэн гэж залуугаас хэдэн унаган сарвай авчирлаа. Харин нутгаасаа нэг цагаан морь авсан ч үгүй болсон. Энэ өвөл дахиад эзнээс нь цагаан морь авсан. Эдний үндсэн угшил нь манай Говьсүмбэрийн Буугийн Лханэрэн гэж хүний хурдан зээрд адуунаас гаралтай. Лувсанцэрэн гуайн цагаан борууд гэж нутаг орондоо яригддаг юм.
-Та өөрийгөө аль насыг түлхүү сайн уядаг гэж боддог вэ?
-Нас насыг л уячихдаг юм уу. Цагаан морио соёолонд нь их хурдлууллаа. Алтансүхийн хар морийг дааганаас л давхиуллаа. Бат-Өлзийгийн буурал азаргыг одооноос уяж айрагдуулж байна. Над дээр ирээд дөрөв ч айрагдчихлаа. За тэгээд их морийг ч гэсэн бага сага наадмуудад нэлээд орууллаа.
-Уяач хүн морио бас сайхан унаж эдэлдэг байх ёстой, тийм үү?
-Уурга, бугуйлаас эхлээд аль алийг нь л хийнэ. Тэгэхдээ хүнээс илүү гараад сүйд болсон юм байхгүй. Ээж маань биднийг ухаан орохын л морийг сайхан унах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Багадаа хурдан морь унаж уралддаг байсан болохоор ээж адуунд их хайртай. Морь хөлөргөөд ороод ирэхээр тавьж хөрвөөлгөнө шүү дээ. Магадгүй ээжийн энэ үг, үйлдлийн ачаар өдий зэрэгтэй адуутай нийлж, харьцаж явна гэж боддог. Багаасаа ингэж хүмүүжсэн би морь муухай эдэлж үзээгүй. Ширүүлж ч чаддаггүй. Ямар сайндаа эндэхийн залуучууд “зөөлхөн цогидог Цогтоо” гэдэг нэр өгчихсөн байхав. Морины зөв уналга эдэлгээ гэдэг дараа дараагийн уяаны ажилд их хэрэгтэй. Бие хаа нь ч сайхан задарна. Тэжээлгүй үед  өвөлдөө морийг хөлдөөчихөлгүй аятайхан цантуулаад зөөлхөн унаж эдэлдэг байлаа. Одоо бол тэжээгээд хөлөргөөд, хөлдөөгөөд байдаг болж.
Адуугаа хайрлахгүй бол уяач байгаад яахын бэ. Зарим хүмүүс нь агтанд өгөөд байгаа харагддаг. Гэхдээ манай Сүмбэрийн миний үеийнхэн адуундаа их хайртай. Хэдэн сайхан өвгөчүүл “адуугаа хайрла” гэж сургаж ирсэн болохоор тэр бизээ. Гэхдээ хөөрхий тэр өвгөд одоо бидний дунд алга. Би ч дүү нартаа морь малаа ингэж унаж бай, уургын морийг ингэж сурга, дээр үеийн өвгөчүүл ингэж хэлдэг байсан гээд л үглэнэ ш дээ. Морийг аль болох зөөлхөн унаж, хурдан тавьж юүлж, нүд амыг нь арчиж, хөлс баасыг нь сайн сэврээгээд өгөхөөр баярлаад тэр дороо л сэргээд ирнэ гээч.
-Та уургын хэдэн морьтой вэ? Ер нь хэдий үеэс уургын морийг бэлддэг юм бэ?
-Шүдлэнгээс нь бэлдчихээр хорь гартлаа тэр зангаа тавьдаггүй юм. Уургын морь нэгдүгээрт түргэн шуурхай, хоёрт гэдэс алддаггүй, гуравт лагсдуухан мөртлөө хөлийн хурдтай байх ёстой. Морь уургалахад уургын морь өөрөө сууж биеэрээ тэнцвэрээ олж, хүнээ тогтоож, урдах морио эргүүлнэ шүү дээ. Тэрнээс хөнгөн байвал хүнтэйгээ татагдаад ойчно.
-Уяа эвлүүлсэн энэ хугацаанд хамгийн сургамж үлдээсэн ямар наадам байна вэ?
-Тэр үед залуу, өөртөө хэтэрхий бардчихсан ч байжээ. 1997 онд цагаан морь соёолондоо их хурдан байсан. Сүмбэрийн сунгаан дээр тасархай их хол түрүүлээд, Насан гуайн зээрд аман хүзүүдлээ. Би морины гэдэс солихыг мэдэхгүй уяач явлаа. Ингээд цагаан морио их сунгаанд авч хонолгүй, тавьж хоноод, аймгийн наадамд мордуулах боллоо. Хөтлөөд очсон Насан гуай ирж, баасыг нь харчихаад инээмсэглээд шогшоод явчихав. Би ч тэр дор нь баасыг хартал чацга хаяж байдаг байгаа. Энэ ч биш боллоо гэж бодсон ч яахав мордууллаа. Цагаан морь зугтсаар байгаад барианы адагт наймд орж, Насан гуайн зээрд морь түрүүлсэн. Тэндээс морины гэдсийг сольдог юм байна гэдгийг ухаарсан. Дараа нь Заваа Дамдины наадамд цагаан морьтойгоо очсон. Сунгаан дээр дахиад цагаан морь түрүүлээд, зээрд морь аман хүзүүдлээ. Шөнө нь би магад сайн хоолыг нь солиод наадамд мордууллаа. Тэгэхэд Сүмбэрээс долоон соёолон мордсон юм. Насан гуайн дэргэд яваад очвол өнөөдөр цагаан морь, зээрд мориныхоо өмнө юм байна гэж хэлсэн. Нээрээ л цагаан тавлаж, зээрд зургаалсан. Мундаг хүн байсан байгаа юм шүү. Тэгэхдээ нарийн учрыг нь хэлээгүй л дээ. Би чинь бас нэг хэсэг Насан гуайг дагаж морь уясан. Гэхдээ Цэрэндэжид гуай, Насан гуай нараас хэн  нь нарийн ширийн юм хэлж байгаагүй.
-Морь болгоны уяа өөр болохоор хүний хэлснээр хийгээд алддаг. Нэг моринд таарсан юм нөгөөд таардаггүй учраас уяач морио мэдрэх ёстой гэж Даваахүү гуай ярьж байсан. Тэд ч тэгж бодсон байх?
-Тийм шүү. Бас л лут өвгөчүүл байсан даа. Ярианы эхэнд хэлсэн дээ. 1997 онд Заваа Дамдины наадамд Сүмбэрийн даалуу уяачдын араас очсон гэж. Тэгэхэд ээждээ “цагаан морио аваад явъя. Төрсөн нутагтаа очиж нэг уралдчихаад ирье” гэвэл “чи тэр хол явж, яаж бардаг юм бэ” гэнэ. Би ч зөрөөд явах боллоо. Тэгэхэд юм элбэг биш байсан даа. Хятад торгоор ээж минь дээл оёж өгөөд, хэдэн бэлэн гоймон үүргэвчинд хийгээд явууллаа. Сүмбэрийн хэдэн өвгөчүүлийг Цагаандэлгэрийн наахна гүйцэж очлоо. Жаахан дургүйдүү байгаа бололтой. Хоол ундгүй шалдан банди, морины хүүхэдтэйгээ явж байгаа юм. Хоёулаа оройхон буцалсан усанд гоймонгоо дэвтээж идчихээд, хоёр хүний майхандаа ороод хэвтээд өгнө. Ингэж явсаар Дундговийн Дэлгэрцогтод их сунгаа болж, цагаан морь түрүүлэв. Тэгтэл нэг өвгөн ирээд “хэний хүүхэд вэ” гэхээр нь Буджавын хүү гэлээ. Сонин юм шүү. Тэгсэн аавын шавь нар байдаг байгаа. Дандан, Гомбо гэж ах дүү хоёр өвгөн “манай багшийн хүү байна” гээд сүйд боллоо. Болоогүй надад нэг эр хонь өгөв. Өнөөхөө би нутгийн өвгөчүүлдээ “хагалж” өгсөн уур амьсгал арай өөр болоод ирлээ. За тэгээд Заваа Дамдины наадамд морио айрагдуулчихаад цоллуулах болдог юм. Эндээс ээжийнхээ хийж өгсөн торгон дээлээ өмсөөд, нэг муу янгиатай эмээл тохоод гарсан байгаа ш дээ. Тэгээд Дундговийн стадионд орох болсон Цэрэндэжид гуай мөнгөн эмээл хазаартай, том хээр морио өгөөд “миний хүү энийг унаад ор” гэнэ. Тэрхэн хооронд ойролцоох машины толинд харвал өнөө дээлний маань ар гандаад, урд хормойны хээ нь бүүргэнд арилчихсан байж билээ. Тэрийг ч анзаарах сөхөөгүй явж л дээ. Одоо ч сайхан болж. Маргаашийн наадамд урьд орой нь морио машинд ачаад л гарч байна.
-Гэхдээ урт зам  туулж очоод, айраг амссан болохоор бүүр ч амттай байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Дэжээ гуай бид хоёр мөн  ч олон наадамд хамт явсан. Амьд ахуйд нь багшийндаа жил бүрийн цагаан сараар очиж золгодог байсан. 1996 онд миний цагаан морийг хязаалан үрээ байхад нь Говь-Угтаалын наадамд түрүүлнэ гэж бооцоо тавьсан байгаа юм. Өнөө хүн нь Бор-Өндөрийн наадамд хоёр морь түрүүлгэж, аман хүзүүдүүлсэн Пүрэвсүрэн байсан. Тэр хүн өөрийнхөө морийг түрүүлнэ гэж. Энэ тухайгаа надад хэлээд 30 мянган төгрөгөөр бооцоо тавьчихсан гэв. Яг л багшийн хэлснээр бол цагаан ойрхон морьгүй түрүүлж ирж байлаа. 
-Та бас 20 жил морь уялаа. Багцаа байгаа биз?
-Дэжээ гуай шиг мэднэ гэж юу байхав. Багцаа бол байнаа. Энэ жил Баянжаргалангийн наадамд очоод машинаас уяатай Бундаарайгийн хар үрээг харлаа. Тэгээд ”энэ хар үрээ ч өнөөдөр шийдчихсэн байна. Өмнө нь орох юм байхгүй л болов уу” гээд хэлчихсэн. Нээрээ л хар үрээ тасархай түрүүлсэн дээ.
-Шийдсэн адууг яаж таних уу?
-Шийдсэн адуу чинь зөв зогсоно, зөв унтана. Ханачихсан адуу аргагүй өөр байдаг юмаа. Худлаа онгироод яахав. Гайгүй, гайтайг ялгачихаад л байна. Дээр үеэсээ ээж минь морь уядаг хүн битгий цээж хөдөлгөж бай, битгий архи дарс уу, сагсуурч болохгүй, морь айрагдаж түрүүллээ гээд онгирч болохгүй гэж сургамжилж ирсэн болохоор даруу талдаа хүн л дээ, би. Мэдээж сэтгэл догдлуулсан мөчид сэтгэл дотроо л уйлчихна. Нэг удаа хүний нүдэн дээр уйлж онигоонд орсныг эс тооцвол.
-Юу таныг тэгтэл нь догдлуулж орхиов?
-Ноднин улсын Алдарт Лхасүрэн гуайн наадамд очиж шүдлэн үрээгээ түрүүлгэсэн юм. Тэндээс буцаж явахдаа машин эвдрээд айлд оронгоо зурагт харлаа. Замын-Үүдийн наадам гарч байна. Үзүүр түрүүнд миний хүү үлдчихэж. Том хүү маань ээжийнхээ талыг дуурайгаад бөх барилддаг юм. Тэр үед монгол гутал ч үгүй пүүзтэй амьтан явна гээд би зөвшөөрөхгүй байсан зөрөөд явсан юм. Болоогүй явахдаа ааваа хүү нь түрүүлчихвэл яах юм гэж байна. Тэгэхээр нь түрүүлээд ирвэл монгол гутал авч өгнө гээд хэлчихсэн юм. Өнөө барилдааныг үзээд би тогтож сууж чадахаа байлаа. Орж гараад л, хамт байгаа хүмүүстээ манай хүү гэж хэлж чаддаггүй ээ. Тэгээд босон суун харж байтал миний хүү түрүүлчихдэг байгаа. Нулимс гэдэг чинь сул асгараад л ирсэн. Хүмүүс гайхаад яав, ийв гэхээр нь хэллээ. Гэртээ ирээд амласан ёсоороо гутлыг нь авч өгсөн. Золиг чинь ингэж нэг аавыгаа онигоонд оруулсан хүн дээ. Одоо энд ноцолдоод л явна. Энэ жил 12-р ангиа төгсөнө. Бие томтой болохоор моринд эв муутай. Харин бага хүү маань гайгүй хөнгөн, эвтэй. Энэ зун наадмаар азаргаа унаж, Боржигон наадамд 12-оор оруулсан. Дараа нь намар айлын найранд даага унаж түрүүлгэлээ. Одоохондоо нас нь арай бага байна л даа. Би гурван хүүхэдтэй. Дөрөв дэх нь удахгүй төрөх гэж байна.
-Та бас нохой тэжээдэг юм байна. Хэзээнээс нохой тэжээж байгаа вэ?
-Хар багаасаа л нохой, загас тэжээж байна. Манайх Чойрт монгол гэрт амьдардаг байлаа. Тэнд манайхаас өөр гэрт загас тэжээдэг айл байхгүй. Хоймороороо дүүрэн л аквариумтай загастай. Болоогүй өнөөхөө шуудангийн маркаар оросуудтай солино. Ингээд 1989 онд наймдугаар ангиа төгсөөд ээжийгээ дагаад хувьчлалын мал аваад хөдөө гарч байсан.
Энд байгаа нохойнууд бүгд монгол банхрууд. Энэ хавийнхаа хүмүүсийг монгол нохойд оруулаад байна. /инээв/ Зарим нь даага авчирч өгөөд гөлөгийг нь аваад явна. Зарим нь бэлэн мөнгөөр худалдаж авна. Би жилдээ арваад гөлөг авчихдаг юм. Харин энэ жилээс хориод гөлөг авах бололтой. Дундговийн наад талын сумдынхан их авдаг. Болоогүй урьдчилаад захиалгаа өгчихнө. Гэхдээ монгол банхар цөөхөн гөлөг гаргадаг юм.
-Арчилгаа маллагаа хэр их орох уу?
-Гайгүй ш дээ. Хорийн тогоогоор нэг хоол чанаад, арав гаруйн нохойндоо нэг нэг аягыг хийгээд өгчихнө. Захаас үртэс болчихсон хаягдал гоймонг шуудайгаар нь авчраад, өөрсдийн идсэн малын гэдэсний үлдэгдлээр амтлаад л өгчихдөг. Манай хэд хог идэхгүй л дээ.
-Их сонин сонин нэртэй юмаа? Болороо, Мэндээ гээд л...
-Элдэв утга санаа байхгүй ээ. Зүгээр л өгчихдөг юм. Хар Цэцэгээ, цагаан Цэцэгээ гээд л явж өгнө шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо үргэлжид өргүүлж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна