Сумын Алдарт уяач Д.Мөнхбат: Аавынхаа малгай, охиныхоо гутлыг гээчихээд бэлгэшээсэн маань онож, соёолон айрагдуулсан

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 30 -нд

Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын Алдарт уяач Дашдондовын Мөнхбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Танай өвөг дээдэст хурдан морины уяа сойлго тааруулдаг уяачид олон байв уу?
-Манай өвөө Сүрэнгийн Ишдорж гэж МУ-ын Аварга малчин, нэрт уяач хүн байсан. 1912 оны луу жил хуучнаар Дорноговь аймаг буюу Дундговийн Баянжаргалангаас баруун урагш орших Ихдогшин гэх газар төрж өссөн. 1973 онд ишиг маллаж байхдаа МУ-ын Аварга малчин болсон түүхтэй. За тэгээд жин тээнэ, нэгдлийн мал маллана, морь уяна, хатгана, бас их сайн шинжинэ. Уяа заслын талаар бидэнд байнга л хэлж, зөвлөдөг байж билээ. 80 гарсан хойноо ч Говь-Угтаалын 70 жилээр морь айрагдуулж байсан. Өөрөө мориныхоо ажлыг хийнэ, өвөл өөрөө морио авчраад уяна, бүүр унаж эдэлнэ гээч. Сүүлдээ нас яваад уяж чадахгүй болоод манай аавын төрсөн дүүтэй хамтран уядаг болсон. Олонтойгоо явсаар бурхан болсон ажаагийн үлдээсэн адуунууд аав, аавын дүү нарт ирж, улмаар одоог хүртэл өвлөгдсөөр л явна. Бас манай дээдчүүлд Гэлравдан гэж бас уяач байсан. Аавын талын хамаатан байгаа юм.
-Өвөө тань ямархуу адуутай байсан бэ?
-Жинхэнэ Боржигоны богино хөлтүүдийг уяж уралдана. Тухайн үедээ Ишдоржийн борууд л гэж яригддаг байлаа.
-Дундговийнхон улсын наадамд их явж нааддаг байлаа шүү дээ?
-Ажааг улсын наадамд явж байсан эсэхийг сонсож байгаагүй. Орон нутагтаа айраг алддаггүй наадчихдаг хүн байсан. Түүний Нугас бор морь нь Гурвансайхан, Өндөршил, Чойр, Баянжаргалангаар айраг алгасаагүй гэдэг юм.
-Хүүхдүүдээс нь морь уяж байна уу?
-Хоёр хүү, нэг охинтой. Ууган хүү нь миний аав байгаа юм. Удаах нь болох охин Дашдулам нь хотод амьдарч байна. Отгон хүү Батпүрэв удам залган морь уяж байгаа. Аав маань сумын эвлэлийн үүрийн дарга, жолооч, агент явсан хүн. Ажаа маань бас их сайн шагай харвадаг байлаа. Энэ чадвар аавд өвлөгдсөн бол нөгөө хүү нь уяаны ажлыг нь үргэлжлүүлж байна. Аав Улсын харьшгүй мэргэн бол дүү нь аймгийн Алдарт уяач цолтой. Ахын Цолмонбаатар, Цогтбаатар, Цог нарын хөвгүүд бас морь уядаг юм. Цолмонбаатар нь энэ жил аймгийн Алдарт боллоо. Нөгөө хоёр нь сумын Алдартууд. Харин манайхнаас дүү бид хоёр уяа сойлго тааруулж байна.
-Хэзээнээс бие даан морь уясан бэ?
-Би 1991 онд аравдугаар ангиа төгсөөд шашин ном хөөн, лам болж арваад жил завсарлаад, 2002 оноос моринд орсон.Багаасаа л адуу малтай ноцолдож өслөө. Анх наймтайдаа ажаагаар заалган морь унаж сурсан. Тэгээд Батпүрэв ахынхаа шарга морийг унаж тавлуулсан нь унаач миний анхны айраг. Манай ээжийн ах нар аймгийн Алдарт уяач Төмөрсайн, Төмөрбаатар гэж улс бий. Тухайн үед моринд хүндэдсэн би ах нар дээрээ очиж морь малд нь явна, уяанд нь туслана. Нагац ахыг маань номхон Төмөрбаатар гэдэг. МУ-ын аварга үхэрчин, Алтан тугалын эзэн хүн дээ. Ах маань зун фермд гарчихдаг болохоор наадам явж чаддаггүй би өмнөөс нь явдаг байлаа. Хүний итгэлийг даана гэдэг асар их үүрэг хариуцлага, бас нэр төрийн хэрэг. Энэ далангийнхан, Чойр, бригадын хэдэн өвгөчүүлтэй морио хөтлөөд л гарна. Аймгийн Алдарт уяач Зэтэхун, Боржигоны их уяач Лэнсийн Бүргэд, их бага Айлтгүй нартай жаахан хүү би уяа нийлээд л явна шүү дээ.  Наашаа бол ээжийн нагац ах Говьсүмбэр аймгийн Алдарт уяач Эрдэнэцогт, Сүмбэр сумын аймгийн Алдарт Санжаа ах нартайгаа нийлээд наадамд бас явна. Энэ бүгдээс уяаны дөртэй болсон хүн л дээ, би.
-Уяач болоод анхны айраг, түрүүгээ хэзээ авч байв? 
-Арван жилийн найзын маань ах говийн Ганбаа гэж Эрдэнэт амьдардаг юм. Тэр ах маань 2002 онд нэг даага өгснийг уяад Цагаандэлгэрийн Цагаан-Уул овооны наадамд мордуулаад аман хүзүүдүүлсэн. Энэ нь уяач миний анхны амжилт байлаа. Урам ч их орсон. Түүнээс хойш эргэлт буцалтгүйгээр моринд орсон гэж болно.
-Ишдо гуайн боруудын удмын адуунаас танд бий юу?
-Тэр боруудаас хонгор буурал гүү бий. Бас нагац нарын адуунаас ч байна. Төмөрбаатар ахаасаа хул азарга, Төмөрсайн ахаасаа хүрэн гүү авлаа. Санжаа ах маань Дэлгэрхааны Сүрэнхор гуайн адууны угшилтай хүрэн гүү өглөө. Эрдэнээ ахын өгсөн азарганы төлүүд ч байна.
-Овооны наадмаас хойш томоохон наадмуудад ямар амжилт гаргав?
-Боржигоны их уяач Төмөржав гэж буурал надад нэг сайхан хүрэн үрээ өгснийг уул овооны наадамд хоёр, гурав айрагдууллаа. Ахиад Дэрэн сумын уугуул, Баяндалай сумын харьяат улсын Алдарт Цэлхээн Бямбасүрэн гэж хүнтэй сайхан танилцаж, уяа нийлээд олон жил явсан. Тэр нэгэн жил намайг очиход эмнэг, соёолон морь сургаж байна. Өөрийн эрхгүй нүд унаад хоёр, гурван ч удаа гуйсны эцэст Бямбаа гуай бэлэглэсэн. Саарал морь надад ирээд сайн ч давхисан. Тэр жил цаг хүндрээд түүний хүү “ганцаардаад байна, хамт явах уу” гэхээр нь зөвшөөрч, 1000 гаруй адуу туугаад гарлаа. Хоёулхнаа Сүхбаатар аймгаас хойшоо Талынбулаг, бага Алтан-Овооны орчимд өвөлжөөд, малын хорогдолгүй хавар ирэхэд тэр саарлыг өгсөн юм. Надад ирсэн хавраасаа уралдаж, одоо сум , овоо, аймаг нийлээд 17,18 айрагдчихаад байна.
-Ямар удамтай юм. Цэлхээ гуайн адууны дээд удамтай нийлэх үү?
-Тэдний л хүрэн адууны угшилтай, унаган адуу нь байгаа юм. Хүү нь хурдан хүрэн азарганы төрсөн ах нь гээд эх нэгтэй мөртлөө эцэг өөр гэдэг ч Бямба гуайгаас асуухаар андуурч байна, үгүй гэдэг юм.
-Нэг наадмаас хамгийн олон айраг түрүү хүртсэн нь хэзээ вэ?
-Өнгөрсөн жил юм байна. Чойроос зүүнтээ Баянбулагийн овоо гэж байдаг юм. Тэнд Хэнтийн Дархан, Дэлгэрхаан, Төв аймгийн Баянжаргалангийнхан ирж, өтгөн сайхан наадацгаасан. Энд хоёр шүдлэн, нэг хязаалантай очоод гурвууланг нь айрагдууллаа. Бас энэ хавар зүүн хойно Хөндлөнгийн голын наахна  Зараа голд болсон наадамд их морь, соёолон, хязаалантай очоод мөн л гурван айраг авсан. Манай Дундговийн Цагаандэлгэрийн Баян-Уул гэж тахилгатай уул бий. Энд Дундговийн Засаг даргын захирамжтай аймгийн хэмжээний уралдаан хоёр жил дараалан  болж 100 гаруй морь уралдахад миний саарал морь хоёр дахин гурвалсан. Харин аймгийн наадамд гурван жил дараалан уралдаж, нэг аман хүзүүдээд, хоёр удаа дөрвөлсөн. Говь-Угтаалд бас аймгийн бүсийн наадамд очиж тавласан. Өнгөрсөн жил айлын таван цоохор даага усан дээр ирэхэд нь харлаа. Нэг нь таалагдаад байхаар нь эзэн нь болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уяач, мянгат малчин Батнасан дээр очиж хэлбэл дуртайгаа ав л гэнэ. Ингээд өнөөх даагаа аваад сургаж орхичихоод шүдлэнгээс нь уралдуулж, хоёр орсон. Энэ жил Хэрлэнбаян-Улаанд түрүүлээд, Баянхутагт дахин түрүүллээ. Сумын хэмжээний наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдчихаад байна.
-Айраг түрүү алдахгүй сайхан наадаж байгаа юм байна. Та бас галынхаа зөвлөх уяач байхаа?
-Намайг Зүүн найман хөлд гарчихаад байхад энэ хэд маань очиж, тэр хаврын анхны шүдлэнгийн уралдаанд хамт явцгаах болсон юм. Шивээговийн баруунтай болсон овооны энэ наадамд зургаан шүдлэнтэй очоод дөрөв нь айрагдаж, нэг нь зургаалаад, нөгөөх нь долоолсон. Ингээд залуучуудтайгаа нэгдээд гал болоод явж байна.
-Та номын дууг нь сонссон хүн. Тэгэхээр галынхаа залуусын арыг нь дааж, морь хүүхэд мэнд наадаасай гэж ном хурна биз.
-Бид ч хуурай ах дүүс болсон улс. Хэн нэг маань ийшээ тийшээ явахаас эхлээд бэрхшээл зовлон таарвал хамтдаа л туслахыг хичээдэг. Манайхан уяа эхлэхэд гэр гэртээ юмаа бэлдэж ирээд, уяаны сангаа тавьдаг уламжлалтай. Ингэж тухайн жилийн уяаны ажил эхэлж байгаа юм.
-Уяа эвлүүлсэн он жилүүдээс бахдал төрүүлсэн хамгийн сайхан наадам хэзээ тохиож байв?
-Олон сайхан наадам байна. Үүнээс 2010 оны наадам их сайхан санагддаг. Тэр жил Говьсүмбэр аймгийн орлогч дарга байсан Батсуурь, аймгийн Алдарт уяач Одсүрэн, Бямба гуай бид дөрөв Босгоны бууц  гэдэг газар нэгдээд морьдоо уяцгаасан юм. Ингээд аймгийн наадамд хамтдаа ирж, зургаан наснаас есөн айраг авсан. Тэр өдөр манай уяагаар Увсын бөхчүүд зочилдог юм. Тэднээс нэг нь түрүүлж, нөгөө нь үзүүрлэсэн. Ингээд тун ч сайхан наадсан бид орой нь уулзаж байсныг мартагддаггүй. Үнэхээр ховор учралаар наадсан улс даа, бид.
Бас Цагаандэлгэрийн 80 жилээр нэг бэлгэшээлтэй юм болсон. Би ганц соёолон азарган үрээ уячихаад шөнө хоолыг нь тааруулаад өглөө жоохон унтчихаж. Морь мордлоо л гэнэ. Яваад очсон аав маань Баянжаргалангаас ирчихэж. Би морины комисст очоод ганц үрээтэй ирсэн намайг мотоцикльтой дагуулж болох уу гэвэл ашгүй зөвшөөрлөө. Тэгээд аав, охин хоёртойгоо мотоцикльтой явж байтал охины хоёр гутал гээгдчих нь тэр. Сандраад гутлаа авах санаатай буцъя гэвэл охин “ааваа, ааваа морь түрүүлэх гээд байхад гутал яах вэ” гэнэ. Нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод цааш явтал аав малгайгаа хаячихдаг байгаа. Авах уу гэсэн бас л яахын, яахын соёолон морины тоосонд хэвтэж байг гэлээ. Ингээд соёолон ч эргэж, 10-н хэдээр явж байгаад хошуу тойрлоо. Хошууны цаад талд хаягдсан аавын малгайн дээгүүр гишгээд, өнөөх нь хөлд нь углагдаад холоо шидэгдчихсэн, үнэхээр сонин. Ийнхүү уясан ганц соёолонгоо Цагаандэлгэрийн 80 жилээр айргийн дөрвөөр хурдлуулж байлаа. Сумын ойгоос авсан анхны айраг тэр. Ганцхан азарган үрээ айрагдсан, бусад нь дандаа морин үрээнүүд байлаа. Би аавын малгай, хүүхдийнхээ гутлыг хаячихаад их бэлгэшээсэн юм.
-Гутлаа олоогүй юу?
-Олоогүй ээ. Бас нэг сонин түүх өгүүлэхэд Чойрт саарал морио аман хүзүүдүүлсэн юм. Тэр үед манай ээжийн ээж 100 гарчихсан хөгшний бие тааруухан байлаа. Би саарал морио гайгүй дээр улсад явчих санаатай Бямбаа гуайн хажууд очиж, уяа нийлээд, морьд ч гайгүй байв. Гэхдээ хөгшин ижийгээ орхиод явна гэхээр төвддөггүй.  Долоон сарын есний өдөр болоод улс ч яваад, ганцаараа үлдчихлээ. Мориндоо яваад сар шахуу гэртээ ирээгүй байсныг ч хэлэх үү бага охин салах янзгүй. Тэгсэн хөгшин ижий “миний хүү яв яв. Морь уяж байгаа хүн ингэж болдоггүй юм. Ижийгээ үхсэн ч морио уралдуулаарай” гэлээ. Сонсоход хэцүү үг шүү. Намайг өсгөсөн хүн л дээ. Тэгэхээр нь “ижий надад чөлөө өгчих, би явчихаад ирэх үү” гэвэл “миний хүү ижийгээ үхэхгүйг мэдэж байгаа бол яваад ирэхгүй юу” гэнэ. Ингээд арайхийн явах шийдвэр гаргатал  бага охин хамт явна гэж уйлаад бөөн юм боллоо. Эхнэр ч “их саначихсан бололтой, аваад яв” гэхээр нь хамтдаа гарлаа. Хоёр, гурван шөнө ижийг сахиад нойргүй хоночихсон болохоор байсхийгээд л унтчихна. Охин “ааваа морь яаж байна хараарай” гээд сэрээнэ. Ингээд 10-ны өдөр болчихов. Бямбаа гуайгаас маргааш улсын наадамд уралдахад яах бол гэсэн “аяндаа болохгүй юу даа. Энэ удаад Чойртоо уралдчих” гэж зөвлөлөө. Би ч нээрээ тийм юм уу гэж бодоод Чойрт ирж, айрагтай буцаж байлаа.  Морь гэдэг амьтан сайхан л даа. Хүнийг олонтой болгодог. Намайг энд тэнд явахад Да лам гэдэг нэрээр түмэн танина. Зарим нь зүс танихгүй ч саарал морины эзэн гэхээр андахгүй.  Миний саарлыг Баян-Уулд гурвалчихаад зогсож байхад нь Монголын Алтанхуяг гуай харчихаад хоёр ташаанд нь устай хөмөөлгөчихмөөр морь байна даа гэж ярьж байлаа. Яг тийм хэцэж явдаг, тарагтахаар л болдоггүй тийм онцлогтой морь доо.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна