“Жонон вангийн хурд”МСУХ-ны тэргүүн Ж.Энхбаатар: Том наадамд хоёр адуу оруулахаар өөрийн эрхгүй самсаа шархирдаг юм билээ
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, “Жонон вангийн хурд”МСУХ-ны тэргүүн, "Алтан жолоо" гал уяаны гишүүн Ж.Энхбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-МСУХ-ны ажил албыг хэзээнээс авсан бэ?Тэргүүн болох санаачлага гишүүдийн зүгээс гарсан томилгоо байв уу, аль эсвэл холбооны ажлыг өөд татъя гэсэн таны өөрийн идэвх байв уу?
- 2016 оны 1 сарын 1-нээс тэргүүний ажлыг авсан гэж хэлж болно. Манай холбооны гишүүн 60 уяачаас 49 нь цуглаж хуралдаад гарсан шийдвэр байгаа юм. Уяачдын шинэ жилийн баяраа тэмдэглэхээр цуглаад хуучин тэргүүн Засаг дарга маань “албаны ажилтай болохоор холбоо орхигдчихоод байна, тэргүүнээ өгье” гээд, бас тэргүүлэгчдийн маань зарим нь шилжээд явчихсан, зарим нь нас ахичихлаа залуучууддаа өгье гэх мэт саналууд гаргацгаасан. Тэгээд тэргүүн, дөрвөн тэргүүлэгчээ санал асуулгаар сонгоцгоосон. Уг нь манайх 5 багтай, баг бүртээ төлөөлөл болгож нэг тэргүүлэгч сонгох бодолтой байгаа. 5 дугаар багт ерөөсөө хоёрхон уяач байгаа учраас одоогоор 4 тэргүүлэгчтэй байна. Удахгүй болох уралдааны үеэр уяачдаа цуглахаар дахин хуралдаж хяналтын зөвлөл, санхүү хариуцсан зөвлөлөө томилж 12,13 хүний өргөн бүрэлдэхүүнтэй болж байж холбооны ажил сайн явагдах юм байна гэж тэргүүлэгчидтэйгээ ярилцсан.
-Яагаад тавдугаар баг хоёрхон уяачтай байгаа юм бэ?
-Тавдугаар баг бол манай сумын төвийн баг. Төв дээр байгаа уяачид бүгд өөр өөрсдийн багтаа харьяалагдсан байдаг учраас төвийн үндсэн иргэн хоёрхон уяач байгаа юм.
-Танай сумын аль баг нь хурдаараа илүүрхдэг вэ?
-Манай дөрөвдүгээр баг, “Алтан жолоо” гал. Их морины түрүү, хоёр айраг бараг бүх насанд л орсон доо. Манайх дөрвөн гал уяатай. Баянхайрхан галын хагас нь манай дөрөвдүгээр багийнх байдаг юм. Соёмбо гал гэж нэгдүгээр багийн гал бий. Хавар, зуны бүсийн уралдаанд нэг сумаас сая төгрөг хураадаг. Манайх таван багаасаа тус бүр 200000 төгрөг хураахад бүрдчихдэг юм.
-Ер нь энэ сумын МСУХ хэдэн оноос үүсгэн байгуулагдаж байсан бэ?
-1993 онд тулгын чулуу тавигдаж байсан гэдэг юм. Манай энд “Морин эрдэнэ” даншиг наадам болж манай аймгийн говийн болон хангайн сумд, Говь-Алтайн хил залгадаг Чандмань, Эрдэнэ гээд есөн сум нийлсэн уралдаан болж байсан. Тэгэхэд наадмын бэлтгэл ажил гэж уяачид цуглаж, уяачдын холбоо үүсгэн байгуулагдан даргаар нь Дагдангийн Түмэндэмбэрэл гэж хүн сонгогдсон.
-Долоон саарал морины нэгний эзэн үү?
-Тийм. Хамгийн их давхиулсан саарал морины эзэн. Тэр хөгшин 2008 он хүртэл уяачдын холбоог тэргүүлэх хугацаандаа уяачдаа нэг их цуглуулж хуралдуулан, татвар төлөөс авч байгаагүй ч ийш тийшээ наадам явахдаа бөөнөөрөө цуглаад явчихдаг, уяачдаа бүртгэлжүүлээд, бас сандарсан нэгэндээ мөнгө төгрөгний бололцоо байвал тусалж дэмжээд явж ирсэн. Тэгээд 2008 онд “нас 70 гарчихлаа ажлаа өгье” гээд Засаг дарга Энхтөрд өгсөн. Энхтөр дарга маань 2012 онд дахин сонгогдож ажиллаад, “Жонон вангийн хурд” гэдэг нэр ус өгч, холбоогоо албан ёсоор бүртгүүлэн тамга тэмдэгтэй болгосон. Одоо манай шинэ бүрэлдэхүүнд бодсон, зорьсон, ярилцсан ажлууд их байна. Тэрийг хийхийн төлөө, уяачдынхаа итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.
-Монголчууд их бэлгэдэл боддог ард түмэн. “Жонон Вангийн хурд” гэж нэрний учир юу вэ?
-Энэ манай нутаг дээхнэ үед Жонон вангийн хошуу байсан. Завханы наад талын сумд орсон их том газар хамарсан хошуу байсан гэдэг. Тэр бэлгэдлээр ингэж нэрлэсэн.
-60 гэдэг албан ёсны гишүүнчлэлтэй уяачийн тоо юу?
-Албан ёсны гишүүнчлэлтэй 60 хүн бий. Энэ дотор морь уядаггүй ч хүн байна, тусдаа гараагүй аавтайгаа цуг уядаг нь ч байна. Ер нь нийт уяач 73 болж байв уу даа. Бүртгэлд байхгүй уяачдаа холбоондоо элсүүлье, уяачдаа идэвхжүүлье гээд анхны шинэ жилийг энэ жил хийхэд 71 хүн цугласан. Шилдгүүдэдээ бэлэг, дурсамж хадгалуулаад, шинэ жилээ өргөнөөр хийсэн. Тэргүүний ажил аваад хийсэн анхны ажил энэ байсан бол дараагийнх нь энэ хаврын уралдаан болж байна.
-Баянцагаан сумын 60 уяачийн хэд нь цол хэргэмтэй юм бэ?
-Улсын Алдарт уяач Дамбын Баяраа гэж хүн бий. Амьд сэрүүн аймгийн Алдарт уяач 13 байна. Сумын Засаг дарга Энхтөр энэ жил аймгийн Алдарт уяач боллоо. Сая мянган тэмээний баяраар манай хоёр уяач /тэмээ давхар уядаг/хоёулаа тэмээний Алдарт уяач болсон. Манайх сумын Алдарт уяач цол олгоогүй. сумын Алдарт уяач цолны тал дээр манайхан хоёр хуваагдчихаад байгаа. Зарим нь учир нь олдохгүй баахан малгай болчихно, аймгийн цолоо л авъя гэхэд, зарим нь бусад сум авчихсан байхад авъя гэх жишээтэй. Говийн гурван суманд сумын Алдарт уяач гээд малгай авсан хүн байхгүй байгаа. Тэгээд бид хурлаараа залуу улсууд хөгжинө, урамшина гэдэг утгаараа өгөх нь зүйтэй юм. Бүсэд нэг түрүү авах юм бол сумын Алдарт өгчихье, сумын АХ-ын наадмын таван түрүү, 10 айрагтай бол өгье гэсэн өндөр болзол тавьж өгөхөөр зөвшилцөөд тарсан.
-Сумын хэмжээнд зохион байгуулагддаг хичнээн уралдаан байна?
-Манай таван баг хавар болгон ээлжлээд бооцоот уралдаан хийдэг. Энэ жил дөрөвдүгээр баг хийнэ. Урьд нь дээд гурван нас бооцоотой уралддаг байсан бол энэ жил зургаан нас болгоод, бага гурван насаа ивээн тэтгэгчтэй болгочихсон. Боломж олдвол дээд гурван насны нэгийг нь бас ивээн тэтгэгчтэй болгох санаатай байна. Хоёрыг нь хуучнаараа бооцоо тавиад л уралдуулна. Манайх газар сайхан болохоор олон ч сумаас ирнэ, тэр хэрээр уралдаад сурчихсан. Морио эмнэлэгийн тэрэг, мал эмнэлгийн болон цагдаагийн машин л дагана, чиглүүлэгч нэг мотоцикль явдаг. Өөр ямар ч асуудал байхгүй.
-Хаврын бооцоот уралдаан сумын статустай уралдаанд орох уу?
-Энийг оруулъя гэж яриад байгаа. Намрын жижиг наадмуудыг бол оруулахгүй. Хаврын энэ наадам уламжлал болчихсон, бас олон сумын морьд ирдэг учраас сумын статустай наадамд оруулъя гэж бүгдээрээ ярилцаад тохирсон. Одоо энэ морь онгойлтын бооцоот уралдаан /хаврын бооцоот/ болоод, дараа нь АХ-ын баяр наадам болчихно. Наадмын дараа бүсийн уралдаан Баян-Өндөрт болно. Энэ аймгийн чанартай наадам учраас нөгөө сая төгрөгөө бариад сумаараа очиж оролцоно. Манай Алдарт уяач энэ жил энд ирж мялаалгынхаа наадмыг хийнэ гэсэн. Тэр уралдаан байна, бас Шинэжинстийн ой болно. Гэх мэт наадам олон байна.
-Говийн бүсийн уралдаанд сумаараа нэгдсэн зохион байгуулалттай оролцож чадсан уу?
- Гуравдугаар сарын 5-нд говийн бүсийн уралдаан Баянговьд боллоо. Энэ уралдаан товлогдсоныг дуулаад л 11 сард мориныхоо ажилд орцгоосон. Яахав манайхан жоохон хойгуур амжилт үзүүлсэн. Морь ч цөөхөн явсан л даа. Их морины хамгийн дээр нь Засаг дарга Энхтөрийн морь 15-аар ирсэн. Азарга яваагүй, соёолон 13,14-өөр дарааллаж ирсэн.
-Энэ ажлыг саяхан авсан хүний хувьд мэдээж тодорхой зорилготой ажиллаж байгаа байх. Зорьж санаж яваа ажлынхаа талаар ярихгүй юу?
-Уяачдынхаа санал сэтгэгдлийг сонсож хэрэгжүүлж ажиллана. Зуны говийн бүс, хаврын говийн бүс хоёрт тус бүр 1 сая төгрөгийн хураамжтай очих болдог. Энэ мөнгө санхүүгийн асуудал бидний толгойны өвчин байдаг. Тийм учраас хурлаараа гишүүн бүрээсээ 50,000 төгрөгийн хураамж авахаар гар өргөж шийдвэрлэсний дагуу зургаан сарын 1-нд бүгд цуглаад татвараа хураалгана. Татвараараа шинэ жилээ үнэ өртөггүй тэмдэглэж, хүүхдүүд уяачдаа шагначихна, хавар, зуны бүстээ тэндээсээ хураамжаа өгөөд уралдчихна. Бас холбоондоо нэг нэг ямаа өгч, малтай болъё гэсэн саналыг гаргаж уяачид маань дэмжсэн. Мэдээж 50,000 төгрөгийн татвараа жил бүр өгнө, ямаагаа бол нэг л удаа өгнө. Эхний ээлжинд ийм ажлууд хийж санхүүгийн хувьд тогтворжино. Хамгийн гол асуудал бол орон нутгийн хурдан адууг чанаржуулах, цус сэлбэх, аймаг, орон нутагт зохион байгуулалттайгаар гаргаж уралдуулах явдал чухал байна. 2000 оны зуднаар манайх бараг л адуугүй шахам болж байсан бол одоо 4000 гаруй адуутай болсон байна. Манай сумын адуу одоо хаана ч уралдахаар болсон. Зүүн талын азарга, гүүнүүдээр цус сэлбэлээ. Сумын нэг уяач гэхэд Сүхбаатар, Хэнтий, Төв аймаг гээд дөрвөн өөр газрын азаргатай байх жишээтэй. Тэгээд “манай аав морь уядаг байсан юм байна, үрээ, даага авъя” гээд шинээр моринд орж байгаа залуучууд их байна. Тэгэхээр энэ залуучуудаа гадагш нь гаргаж юм үзүүлж дуулгая, шинэ цагийн уяанд сургах зорилгоор уяачидтайгаа тойроод ирье гэсэн бодолтой байгаа. Ингэж ажиллахгүй бол саяхныг болтол дуртай нь морь хөтөлж ирчихээд Баянцагаан байхгүй гэж байсан. Жишээлбэл 2011 онд сургуулийн 70 жилээр найман насны морь уралдсанаас ганцхан их морь айрагдаж, таван насыг нь тавиад туусан. Хатирч, жороогоо бол алдаагүй. Тэгээд 2012 оноос “адуу мал зөөж уралдъя, ингэж уралддаггүй юм байна. Манай сум хоцорч байна” гээд өөрөө ч адуу авчирсан, уяачдаа ч авч явсан. Мөнх-Эрдэнэ дарга ч сүүлд баг болгоноос нэг нэг уяач авч яваад адуу авчирсан. Тэгээд ёстой авчирсан болгон нь харайгаад эхэлсэн. Залуу, ахмадгүй бүгд зүүн талаас адуу зөөж байна.
-Танай нутаг адуунууд зүүн талын адуунд байр сууриа алдчихсан уу? Эсвэл бас ана мана уралдаж байна уу?
-Манай сум хурдтай байсан болохоор нутаг адуунууд гайгүй байна. Тухайлбал Соёмбо галын дарга Баатарын хүрэн морь хаана ч очсон айргаас гардаггүй. Эмээлтэй уралддаг энэ морь яг манай сумын унаган адуу. Ийм учраас нутгийн маань хурд, зүүн талын хурдтай нийлээд одоо хаана ч очоод уралдчихаар морьд гарсан гэж бардам хэлж байгаа юм. Манайх аймгаас ч айраг авч байна, аль ч бүсэд очсон айраг авч байна.
-Уралдаанч хүүхдийн амь нас аюулгүй байдал гэдэг бол сүүлийн үеийн маш хурц сэдвүүдийн нэг. Холбооны тэргүүний хувьд та энэ асуудал дээр яалт ч үгүй үүрэг хүлээж байгаа?
-Ер нь бүсийн уралдаанд очиход хамгаалалтын хувцасгүй бол уралдуулдаггүй болчихсон. Тэрнээс гадна манай сургуулийн нийгмийн ажилтан бараг л сунгаан дээр хүртэл ээж аавтай нь уулзуулж зөвшөөрөл авч, гэрээ хийнэ. Ийш тийшээ бүсийн наадамд явахад унаач хүүхдийн даатгалыг бүтэн жилээр хийдэг. Хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүгд өмсөнө.
Манай энд хамгаалалтын хувцсыг 90000 төгрөгөөр авдаг. Стандарт эсэхийг нь мэдэхгүй юм.
-Гэхдээ танайх сайхан цагаан уралдааны замтай юм байна. Гарааны төхөөрөмжийг хэдий үеэс ашиглаж эхэлсэн бэ?
-Тийм. Манайх хаа очиж цагаа замтай, үлий энэ тэр байхгүй. Гарааны төхөөрөмж 2011 онд сумын 80 жилээр хийгдсэн найдвартай. Тэрийгээ одоо болтол ашиглаж байгаа. Цаашдаа уяачдаа бүгдийг нь батлах үнэмлэхтэй болгох, санхүүгийн хувьд чадвартай болох, уяачдаа цол хэргэмтэй болгох, уяачдаа нэгтгэж гадагшаа наадамд явах, гал уяаны системээ хамтраад уяагаа хийх, бие биенээсээ туршлага судлах гэх мэтээр улам боловсронгуй болгохыг зорьж ажиллана.
-Зорилго тодорхой байхад хүрэх үр дүн ойрхон бий. Албаны яриагаа өндөрлөөд уяачийн хувиар ярилцъя?
-Би долоон настайдаа буюу 1983 онд хурдан морь унасан. Аав маань сумын заан хүн боловч бас морь сонирхож уядаг хүн байлаа. Морь унах их дуртай. Тэр үед чинь морь унасан хүүхдэд бэлэг сэлт өгөхгүй, морины эзэн хуушуур, жүржийн ундаа л авч өгдөг байлаа.Ундааг нь уучихаад л танихгүй ч хүн байсан хамаагүй “алив миний хүү морь унаад өгөөч” гэхээр “за” гээд л явчихдаг. Тэрнээс хойш цэрэгт явтлаа морь унасан. Тэгэхэд би чинь 45 кг жинтэй хурдны морь унасаар байгаад явсан нь тэр.
-Цэргээс ирээд л уяачийн гараагаа эхлүүлсэн байх нь ээ?
-Тийм. 1987 онд цэрэгт яваад 89 онд халагдаж ирсэн. Намайг ирэхэд манай өвөө Дүгэр гэж хөгшин хавчиг соёолон хонгор морь уна гэж өгсөн юм. Янзын хатиртай морь гэж улс амьтан шагшдаг. Намайг цэрэгт явж байхад л уягдсан шиг байгаа юм. Тэр хатиртай мориор эхний айргаа авч байсан. 1990 онд гэр бүлийн хүн Элбэгзаяатайгаа айл болоод, тэгээд хадам аавыгаа дагаж уяач болсон доо. Аймгийн Алдарт уяач Түмэндэмбэрэл гэдэг хүн чинь манай хадам аав байгаа юм. Долоон саарлын нэг саарал морь, Хулан гээд Говь-Алтайгаас авчирсан сартай зэгэл морь, Хөөрхөн зээрд гээд олон сайн морьдтой хүн. Одоо бүх хүүхдүүд нь морь уядаг. Янзага цоохор азарга нь бүсэд хоёр гурван удаа орсон. Хатантуулын шарга гээд шарга морь, Мөнгөнтуулын хул үрээ гэж бий. Хул үрээ нь ноднин Баацагааны ойд түрүүлсэн.
-Хонгор мориор эхлүүлсэн уяачийн амжилт цаашаа яаж үргэлжилсэн бэ?
-Ханийн минь өмчинд бор морь ирж, ганц хонгор морь уяа тойруулдаг байсан хүн чинь уях юмнууд нэмэгдээд л ирж байлаа. Тэгж байтал 2000 оны зуд болж адуугүй болсон доо. Тэгээд аймгаас нэг, Өлзийт сумаас алаг шүдлэн үрээ авчирч хоёуланг нь уралдуулсан. Хоёулаа засаатай үрээ байсан юм. Нэг шүдлэнг нь түрүүлгэж морь уях хобби сэргэсэн. Тэгээд ер нь зүүн талаас л адуу авчрахгүй бол наадахгүй нь гээд нутгийнхаа нэг ах, нэг дүүтэй цуг Сүхбаатар явж адуу авчирсан. Адууны тэнгэртэй гэх юм уу авчирсан бүгд айрагдсан. Говийн бүсэд хоёр адуу орсон. Одоо азарга болсон Толин гээд зээрд үрээ маань хаана ч уралдсан айргаас гараагүй. 2013 онд аймгийн “Номгон хайрханы хурд” хаврын уралдаанд очиж хязаалан үрээ дөрвөлсөн. Сум байгуулагдаад 90 жилийн түүхэнд манайхаас аймгийн АХ-ын наадамд айрагдсан морь байдаггүй. 2013 онд л хаврын уралдаанаар миний хязаалан үрээ айрагдсан нь тэр.Нэгэнт боломж байгааг харсан болохоор аймгийн наадамд уяачдаасаа аваачиж оролцуулах, тэнд сумынхаа нэр гаргах, морио сурталчлах тийм зорилт тавиад ажиллаж байна.
-Та аймаг сумаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн статустай дөрвөн наадмын айрагтай. Баянговийн зун, хаврын бүсийн уралдаанаас шүдлэнгээр хоёр удаа гурвын айраг авсан. Дараагийн жил нь Толин хязаалангаа аймгийн хаврын бүсэд дөрвөөр давхиулж, Баянговийн бүсэд гурваар оруулж байсан юм. Толин үрээ соёолондоо суманд түрүүлж байсан, одоо их морь бий. Сумын айраг, түрүү бол олон. Аймгийн 4 медаль, сум жижиг наадмын 37, нийт 41 медальтай.
-Цол гуншинтай юу?
-Байхгүй. Аймгийн болзолд хүрээгүй байна. Түрүүний ярьсанчлан сумын Алдарт уяачийг манайх өгөөгүй. Уг нь нэгмөсөн аймгийн залаатай малгайтай байвал нэр хүндтэй гоё ч юм уу.
-Танай аймагт ЗГ-ын тогтоолт бүсийн наадам гурав болсон. Тэнд оролцож байсан уу? Ер нь хаана хаана очиж наадаж байсан бэ?
-Оролцоогүй. Үзэгчээр бол гурвууланг нь очиж үзсэн. Ер нь болж л өгвөл зуны урин цагт гадагшаа явж уралдахыг боддог. Баацагаан, Бууцагаан, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Говь-Алтайн Эрдэнэ, Чандмань гээд ойр хавийнх руугаа явчихсан.Өнгөрдөг намар Говь-Алтайн Баянтоорой явчихаад ирсэн. Манай дүү нар шигшмэл хурдад, зарим нь ийшээ явъя гэж ярилцаад хуваагдаад явсан.
-Аймагт гурав орсон морь таны хамгийн хайртай морь уу?
-Миний хамгийн хайртай морь бол цэргээс ирэхэд буурай аав өгсөн хонгор морь. 90 оноос хойш хэдэн жил л морьгүй болж завсардсан байхаа. Энэ хугацаанд тэр хонгор морь, манай хүний өмчинд ирсэн бор морь хоёроор хатиртай морины түрүүг бараг алдаж үзээгүй. Манай нутгийн залуучууд нь Энхээ ах, манай үеийнхэн болоод дээд насны улсууд “хатиртай морийг Энхбаатар л унаж байна” гэдэг юм. Тэрэнд нь би бас бахдаж л явдаг даа.
-Одоо хатиртай мориор уралдаж байгаа юу?
-Байнаа. Өнөөдөр ч түрүүлж байна гэж байна. Хатиртай морьдоороо Баян-Өндөр, Шинэжинст, Эрдэнэ, Чандманьд тойрдог. Говь-Алтайн Баянтоорой бол хатиртай морины уралдаан их хөгжсөн газар юм билээ. Уралдаанд нь хатиртай морь 53, жороо 57 тойрч байх жишээтэй. Тэнд тавхайлаад, булхайцаад таваргаад байдаггүй. Шууд дагаад л таваргасныг ард түмэн хасчихдаг. Уралдаж байгаа хүмүүс нь чалдахаараа узелиэр зарлахаас өмнө гарчихдаг. Өнгөрсөн жил очихдоо Баянтооройд тойрдоггүй юм бодоод хатираагаа орхиод явсан. Чандманиас ирээд манай суманд чадвал айраг авдаг морь тэнд түрүүлчихэж байгаа юм. Тэгээд л морьдоо аваад ирдэг байж гэцгээж байгаа юм чинь.
-Бэлгэдлээ бодоод хоёулаа хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Хамгийн сайхан бахтай наадам Баянговийн зуны бүс.Тэнд соёолон, шүдлэнтэй очоод соёолонгоо түрүүлгэж, шүдлэн үрээгээ гуравлуулж байсан. Өвөрхангайгаас, манай аймгийнхан тэр чигтээ ирсэн том уралдаанд би соёолонгоо суманд түрүүлсэн юм чинь энд айрагт орчихоосой гэж бодсоноос биш түрүүлчихнэ гэж бодоогүй. Өглөө нь соёолон эхэлж мордоод миний соёолон түрүүлчихлээ. Дараа нь шүдлэн эргээд нэлээд яваад минийх өнгөлөөд ирэхээр нь дотроо “ингээд хоёр мотоцикль авчихдаг юм байх даа” гэж бодож байсан чинь бариан дээр ирж нүүрснээс бусгаад гурав дээр орсон байхгүй юу. Тэр их дурсамжтай санаанаас гардаггүй, сайхан наадам. Ер нь эрдэж ч болохгүй, морио бас чамлаж ч болохгүй юм байна гэж бодсон. Гэхдээ нэг дор тэр том наадамд хоёр адуу оруулахаар өөрийн эрхгүй самсаа шархирч баярлаж байлаа.
-Ийм сайхан одтой наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Танд болон танай ажлын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлээд та бүхний ажил амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна