“Боржигон” МСУХ-ны тэргүүлэгч, сумын Алдарт уяач Ц.Мөнхбат: Хул халзангаа уяж, аавдаа нэг магтуулсан

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 14 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, “Боржигон” МСУХ-ны тэргүүлэгч, сумын Алдарт уяач Ц.Мөнхбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таньж авсан хүлэг болгон нь хурдалдаг Манлай уяачийн хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Хүлгийн хийморт сүсэглэх болсон нь мэдээж аавтай тань холбоотой байх?
-Тэгэлгүй яахав. Бид эцэг эхээс  долуулаа. Таван хүүгийн гурав нь аавыгаа залгамжлан морь уяж байна. Миний аав адуунд нүдтэй, хурд танихдаа гаргуун хүн байсан. Дүү бид хоёр заримдаа “аав уяхаасаа илүү шинжиж танихдаа сайн юмаа” гэж ярилцдаг л байсан. Яагаад тэгж дүгнэсэн бэ гэхээр аавын авсан адуу болгон давхисан. Давхиагүй урмыг нь хугалсан адуу нэг ч байхгүй. Аав адууг эхлээд харж шинжээд, дараа нь барьж, дарж үздэг байсан. Биеийн ерөнхий тэнцэл хийгээд, таван цулыг чухалчилна. Уушиг сайтай адуу бахардаж цуцдаггүй. Манай Сувдан зээрд бол онцгой уушигтай адуу. Хурд нь түүндээ л байгаа  гэнэ. Нээрэн эргээд бодохоор Сувдан чинь хариугүй салтаатай адуу ш дээ. Аав давхилыг үзээгүй хэр нь нэг хараад л уушиг сайтай гэдгийг нь мэдчихсэн байсан. Дүү бид хэд энд тэнд явж байхдаа адуу мал харчихаад авах санаатай аавд зургийг нь үзүүлнэ. Тэгэхэд нэг хараад л “иймэрхүү адуу чамд зөндөө л бий шүү дээ” гээд тоодоггүй байсан. Биднээс арай  өөр нүдтэй байсан юм шиг байгаа юм.
-Сувдан зээрдийн хурд эх талаа дагасан хэмээн ярьдаг байсан гэдэг. Тэр талаар дэлгэрүүлээч?
-Тийм шүү, аав тэгж ярьдаг байсан. Тэр ийм учиртай юм билээ. Батчулуун Манлай тойруулгын адуучин байхдаа сайн азарган үрээ авч Дундговь руу аавынхаа дүүд өгсөн юм билээ. Тэр азарганы төл гүүнээс Сувдан гарсан.
-Эрдэнэтогтох гэдэг хүний адуу гэдэггүй бил үү?
-Их зудны дараа хавар мал туусан айл ирээд Эрдэнэтогтохынд бууж хоол, цай  идэж ууж. Тэгээд адуугаа туугаад хөдөлсөн нэг зээрд шүдлэн байдас босч чадахгүй үлдсэн юм билээ. Энийгээ босгоод туугаад явахгүй бол болохоо байлаа гэсэн нөгөө хэд нь “өө  мал болохоо өнгөрсөн. Наадахаас чинь гайгүй бүдүүн морьд сая замд үхлээ. Мал болгоод авбал та нарын аз” гэж хэлээд явчихсан юм билээ. Эрдэнэтогтохынх мал хуй тааруутай айл л даа. Тэгээд нөгөө байдсыг нь тэжээсээр байж мал болгоод гарсан анхны төл нь Сувдан зээрд.
-Эцэг нь ямар азарга байсан юм бол?
-Эрдэнэтогтохын өөрийн азарга. Цаад угшлыг нь мэдэхгүй юм. Сувданг даага анх уралдах гэж байхад нь аав таньж авсан шүү дээ.
-Тэр тухай дуулж байсаан. Тэр гүүний төлүүдээс Сувдангийн энтэй хурдалсан гэж дуулддаг уу?
-Дараа нь хоёр охин төл гаргаад байхад нь Сувдан хязаалан болж улсад түрүүлээд шуугиулахгүй юу. Тэгэхээр нь манайх Сувдангийн хамгийн бага дүүг, эхтэй нь цуг авчихсан юм. Харамсалтай нь хоёр, гурван жил дараалан цаг муудаад төл авч чадалгүй эх, дүү хоёр нь эндчихсэн. Шивээговийн Адъяасүрэн гуай нөгөө охин дүүг нь авсан бас төл авч чадалгүй эндүүлчихсэн гэсэн.
-Сувдан зээрд төрийн наадмын анхны хишгийг авчирсан уу?
-Үгүй ээ, 2005 онд Номун хонгор гээд шүдлэн үрээ маань улсын наадамд аман хүзүүнд хурдалж байсан. Даагандаа энэ хавиараа тав, зургаа түрүүлж, шүдлэндээ улсад аман хүзүүдээд, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 80 жилийн ойд түрүүлж байсан. Хязааландаа болохоор улсын наадамд 23-аар давхиад, Замын-Үдийн 100 жилийн ойд очиж түрүүлсэн.
-Номун гэдэг нь бас хүүхдийн нэр үү?
-Тиймээ. Манай охины нэртэй адуу байсан юм. Улсад айрагдахад нь би хүргэн ахынхаа нэр дээр цоллуулсан. Номун хонгорын эх нь МУ-ын Алдарт уяач Нарангэрэл агсны адууны хонгор гүү. Харин эцэг нь болохоор аавын Галшар угшилтай бор гүүний удмын бор азарга. Тэр бор азарганы төлүүд нь Шувуун саарал, Салхин саарал гээд хурдан хүлгүүд болсон. 
-Саарал адуунууд яаж давхиж байсан юм бэ?
-Шувуун саарал нь нэг их гантай жил улсад очиж уралдсан юм. 2009 он шиг санаж байна. Наана Налайхын гурван сунгаанд гурвууланд нь хол түрүүлээд улсад очсон. Гараа руу явж байхдаа хүүхэд нь унаад, морио алдчихсан. Өөрөө эмнэлгийн машинд суучихсан явж байсан. Тэгж байтал гарааны орчим ирсэн үрээг нь танихгүй хүүхэд хөтөлчихсөн явахыг хараад нөгөөх чинь “морио унана” гэсэн юм билээ. Тэгээд мордуулж, хамгийн араас туулсаар 18 дээр ирж байсан. Хэрвээ замдаа тэгж унаж будилаагүй байсан бол тэр жил айрагдах л байсан байх. Тэндээсээ Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 370 жилийн ойд очиж айрагдаад, тэгээд Гиннесийн уралдаанд хонгор халзан морио түрүүлгэдэг Цэндийн Энхтайванд зарагдсан даа.
-Салхин саарал нь яаж давхисан юм бэ?
-Даагандаа энэ хавиараа бас дөрөв, тав түрүүлсээн. Шүдлэнд уяад улсын наадамд авч явах гэж байтал хөлөн дээр нь хачин биржийсэн үү аятай юм гарчихсан. Их хөндүүртэй байгаа бололтой үснийх нь  үзүүрт хүрэхэд л хөл нь чичирч байсан хөөрхий. Тэгээд уралдуулаагүй. Уг нь дунд давхил дээр хязаалантай явуулахад  адуутай ханилахгүй байсан юм.
-Түүнээс хойш уралдаагүй юу?
-Уралдаагүй. Нөгөөх нь сүүлдээ эдгэсэн л дээ. Гэхдээ ах шиг нь хөлгүй доголон азарга болгочихвий гээд уяагүй юм. Одоо эцгийгээ дуурайгаад бор болчихсон байна лээ. Манайхны адуу ер нь нас жаахан яваад ирэхээрээ саарал, бор  болж, сүүлдээ бүр цагаан болчихдог юм. Дээд талаа дагадаг юм байлгүй дээ.
-Танайхыг хөл ихтэй айл байсан гэдэг. Уяачид их ирдэг байв уу?
-Хөл тасрахгүй шүү дээ. Манай  ээж өөрөө багадаа хурдан морь унаж байсан учраас аавыг их дэмжинэ. Хаа явсан газар нь цуг явна. Орсон гарсан тэр олон хүний хоол цайг түүртэлгүй бэлтгэнэ. Ямар сайндаа энэ хавийнхан манай ээжийг эмэгтэй уяач гэж байхав.
-Уяачийн ар талыг даана гэдэг бэрх алба шүү?
-Тэгэлгүй яахав. Отгонбилэг агсны гэргий Туяагийн ээж манай аавын төрсөн эгч нь. Тэр утгаараа манайхаар их ирнээ. 1999 оны Боржигон наадмаар Отгонбилэг ах ирж, аав адуу бэлгэнд өгч л байсан. Дараа жил нь Сандуйжав гуай нөгөө үрээг нь ирж авахад аав “би ер нь дараа жил та хэд дээр очиж дагаж жаал морь уяя”  гэсэн “тэг, тэг” гэсэн юм. Тэгээд хэлснээрээ нэг жил хамт уяад дараа зун нь хул халзан морь түрүүлчихсэн чинь Сандуйжав гуай “энэ ёстой муу шавиа, сурсан жилээ шууд багшийнхаа толгой дээр цахиур хагалдаг байна ш дээ” гэж байсан./инээв/
-Онон, Даваахүү нарын Тод манлайгуудтай ч гэсэн дотно байсан дуулддаг?
-Дотноо, дотно. Онон ах хааяа ”өвгөн жоохон залуу байсан бол ална шүү” гээд инээж л байдаг юм. Намайг бага байхад аав Донойн Цэгмид гуайг авчирч адуугаа шинжүүлж байсныг санадаг юм. Аав намайг хичээлдээ яв гэж загнаад гаргачихаар нь “цүнхээ амбаарын ард нуучихаад гэрийнхээ хойно жаал зогсч байгаад хоцорчихлоо” гээд ороод ирж байгаа юм чинь. Тэгээд өдөржин тэдний яриаг чагнаж сууснаа ер мартдаггүй. Цэгмид гуай бүх адууг үзчихээд гэрт нь орж ирээд “тэр зээрд унага, манай хүрэн азарганы төл мөн шиг л байна” гэж байсан. Тэгсэн аав “Цагааны Маналаас авсан бор гүүний унага байгаа юм” гэтэл “тийм байхаа, гэдсэнд ирсэн унага уу?” гэж асуусан. Айхтар мэдэж байгаа юм шүү. Аав “тийм” гэтэл  “чи их азтай хүн юм. Гэдсэнд ийм хурдан адуу ирэх нь ховор. Наадах чинь үйлийн үргүй хурдан адуу байна” гэж билээ.
-Бага гурван насандаа завсаргүй түрүүлсэн зээрд үрээг нь хэлж байгаа юм уу?
-Тийм. Галшараас авсан бор гүүний гэдсэнд ирсэн унага. Тэр нээрэн аргагүй хурдан буян байсан шүү. Аав ээж хоёрыг амралтанд явсан хойгуур өмнө нь хэд хэд түрүүлчихсэн даагыг барьж аваад ойр зуурхан тар хийгээд уралдуулахад хол түрүүлж байсан. Би тэгэхэд зургаа, долдугаар ангийн хүүхэд яаж морь уяхав дээ. Адуу нь сайн болохоороо түрүүлж байхгүй юу.
-Ингэхэд та багадаа аавынхаа ямар ямар хурдан морьдыг унаж хурдлуулж байв. Хэр сайн уралдаанч байсан бэ?
-Би ерөөсөө ганцхан уралдсан хүн. Олон хүүхэдтэй айл хүүхдүүдээ аавын амины, ээжийн амины гээд хуваачихсан байдаг шүү дээ. Би аавын амины хүүхэд. Тийм болохоор аав морь унуулдаггүй байсан юм. Тэгсэн нэг өвөл айлын найранд очсон морь уралдах болоод хүүхэд байдаггүй. Хүмүүс айлын авгай нарыг харж байгаад багахан биетэйг нь мордуулах гэж тэрүүхэндээ булаацалдаад л... Тэгсэн энэ Ариунбатын аав Төмөрбаатар ах “Батаагаар унуулъя” гэсэн аав дургүйлхээд, ээж дэмжээд тэгээд би унаж морийг нь гуравт оруулж байлаа. Энэ бол миний анхны бөгөөд сүүлийн удаа хурдан морь унасан тохиолдол. Харин манай хоёр дүү бол олон жил унасаан.
-Тэгвэл уяачийнхаа гарааг хэзээ эхэлсэн юм бэ?
-Хамгийн анх бие дааж морь уясан тухайгаа түрүүн ярьсан шүү дээ. Тэрийг тооцохгүй бол 2003 оны үеэс эхэлсэн. Хул халзан морь тодорчихсон байсан үе л дээ. Уяан товогт нэг  наадам болно гээд нэлээд эртнээс зар нь тарчихсан. Аав амралтанд явах гээд “чи аваад үлдэж чадах уу” гэхээр нь “чадалгүй яахав” гээд л үлдсэн. Тэр зун хул халзан морь анх удаа айргаас хасагдсан үе л дээ. Аав хэд хоногийн уяаны багцаа өгөөд явсан тэр дагуу нь уялаа. Наадмын урд орой аав ирээд “за хул халзан морь чинь яасан” гэж байна. “Ямар ч байсан зогсолт энэ тэр нь аятайхан болчихсоон” л гэлээ. Өглөө нь харчихаад “нээрэн л зогсолт энэ тэр нь давгүй болчихож. Одоо л уяа эвлүүлдэг болох нь дээ” гэж байсан. Тэр уралдаанд Баастын хонгор халзан морь зөв талдаа ирж түрүүлээд, манай хул халзан буруу талд нь ирж аман хүзүүдсэн. Тэрнээс хойш аав байсан болохоор яг үнэндээ гардаж уяагүй ээ. Харин 2012 оноос аавын бие суларч моринд ойртохоо болиод аргагүйн эрхэнд бид уясан даа. Аав ч бас амьд сэрүүн дээрээ “өөрсдөөр нь оролдуулъя” гэж бодсон байх. Очоод нэг хараадахаач гэхээр “эзний нүд эм, та нар өөрсдөө л мэд” гээд хөдлөхгүй. Тэгэхээр нь 2013 онд би аавд “би Онон ах дээр очиж морь уянаа. Сүүлийн үеийн шинэ цагийн уяанд суралцах хэрэгтэй байна” гэсэн. “Тэг тэг яв, Онон ах чинь чамайг цаашаа гэхгүй” гэсэн юм. Тэгээд л сүүлийн хоёр жил Онон ахыгаа бараадан их ч зүйл сурч байна даа. Хүнд мэдсэн сурсанаа ёстой харамгүй хуваалцдаг энэ цагийн аргагүй шилдэг уяач л даа.
-Сайн багшийн хэргийг гаргаж байна уу тэгээд...?
-Гаргасаан, гаргасан. Ноднин нэг халтар үрээ аймагт айрагдуулж, намар хоёр гурав ч оруулсан. Харин өнөө жилийн хувьд бороо хур тааруу гандуу байгаад морьдын уяа төдийлөн сайн эвлэсэнгүй.
-Тод манлайгаас адуу аваа юу?
-Манай галынхан нийлж байгаад 10-н хэдэн саяар нэг азарган үрээ авсан. Хойтонгоос анхны төл нь гарах байх.
-Тун удахгүй Мөнхбат Алдартын адуу цахиур хагалан хурдлах нь ээ дээ?
-Ерөөлөөр болог.
-Аавдаа дуун суварга бүтээлгэсэн гэж байсан. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч
-2012 онд Манлай уяач болоход бид  алдрыг нь тэмдэглээд наадам хийсэн юм. Түүндээ бэлтгэж байхдаа гэнэт сайхан дуу бүтээлгэе гэж шийдээд дүүгийнхээ найзад  ерөнхий санааг нь хэлж өгсөн юм. Тэгсэн нөгөөх маань Даваадамдин гээд Хөвсгөлийн дууны үг бичдэг хүнд хэлээд
Дэжээгийн хоёр халзан
Малхын талаар дэргэлээ
Дээлтэй Монголын наадам
Халхын нутагт эхэллээ
Аргамаг Сувдан зээрд
Амгаа булаан давхилаа
Аавын уясан хурд
Амьтан хүнийг шуугиуллаа... гэх мэтчилэн бодож байсан бүхнийг тусгаад үнэхээр сайхан шүлэг бичүүлчихэж. Түүнд нь "Хос шарга"-ыг дуулдаг Баасандорж ая хийгээд Хосбаяр дуулж олны хүртээл болгосон шүү дээ.
-Манлай өөрөө сонсоод юу гэсэн бэ?
-Мялаалга наадам дээр нь Хосбаяр ирж дуулахыг сонсоод их таашаасан. Аавыгаа амьд сэрүүнд нь тэгж нэг баярлуулсан. Дууг нь сайхан амьдруулсан Хосбаяртаа би хоёр хурдан удмын адуу бэлэглэсний нэг саарал үрээ анхны айргийг авчирсан гэнэ лээ. Дараа нь бас “тайлан тоглолтоо хийх гэж байна, 10 урилга аваарай” гээд залгахаар нь би дахиад нэг адуу бэлэглэсэн.
-Адуугаар дамжсан эр улсын нөхөрлөл хамгийн бат бэх байдаг гэлцдэг. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Аавынхаа цолонд хүрэх үед тань дахин баяртайгаар уулзъя.
-За баярлалаа. Та бүхний ажил үйлс мөн сэтгэлчлэн бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна