МУ-ын Манлай уяач Р.Ганхуяг: Бүтэн хоол үзээгүй бага мал жаахан идүүлээд амраахад дорхноо л сэргэдэг юм

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 13 -нд

МИНИЙ ӨВӨӨ ДАШГЭНДЭН ГЭЖ УЛСАД СОЁОЛОН АЙРАГДУУЛЖ БАЙСАН ШАГГҮЙ УЯАЧ БАЙЛАА
Энэ удаагийн зочин хоймортоо Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Рэнцэнгийн Ганхуягийг урин заллаа. Тахиа жилийн зун Хайрхан уулынхаа ар бэлд төрсөн тэрээр өвөө, эмээгийн хүү. Тэр үеийн багачуулын нэгэн адил бага насаа өнгөрөөж, 1975 оноос эхлэн  “хурдан морьт” Хөхөө хэмээх нутгийн /Налайхын/ уяачийг даган уяаны эрдэмд шамдах болсон Р.Ганхуяг анхны айргаа Баян сумын баяр наадмаас хүртэж байсан гэдэг.
Ийнхүү амжилтын гараагаа эхэлсэн тэрээр монгол төрийн наадмаас хүний өөрийн нийлсэн есөн түрүү, 15 айраг хүртэн Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. 
Гэхдээ хурдан морь сонирхогчид, моринд хайртай монгол түмэн түүнийг “Дааган Ганаа” нэрээр нь андахгүй. Эцгийн овгоос илүүтэй нэршсэн “Дааган” хэмээх алдрыг  тэрээр дааган насны адуу төрийн наадамд гурвантаа түрүүлгэж, есөнтөө айрагдуулан хүртсэн юм.
Түмнээсээ өгсөн энэхүү алдар нь түүний хувьд Манлай уяачаас эрхэм хэмээн ярих нь ч бий. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн чанартай наадмуудад оролцолгүй нутагтаа наадаж буй Манлайтай уулзахаар Хоолт зөрлөгийг зорьсон юм.
Амжилтын товчоон
Өөрийн амжилт:
-1981 онд АХ-ын 60 жилийн ой, үндэсний их баяр наадамд цавьдар даага айргийн тав
-1988 онд АХ-ын 67 жилийн ой, үндэсний их баяр наадамд цавьдар даага айргийн гурав
-1989 онд АХ-ын 68 жилийн ой, үндэсний их баяр наадамд зээрд халзан даага айргийн гурав
-1992 онд АХ-ын 71 жилийн ой, үндэсний их баяр наадамд Бундан хонгор даага аман хүзүү
-1993 онд АХ-ын 72 жилийн ой, үндэсний их баяр наадамд Бундан хонгор шүдлэн аман хүзүү
-1996 онд АХ-ын 75 жилийн ой, үндэсний их баяр наадамд буурал шүдлэн айргийн тав
-1998 онд Төв аймгийн Баянцагаан суманд болсон “Баянцагаан-1998” төвийн бүсийн уралдаанд цагаан цоохор хязаалан айргийн тав
Бусад амжилт:
-1996 онд АХ-ын 75 жилийн ой, үндэсний их баяр наадамд хонгор хязаалан аман хүзүү
-1997 онд АХ-ын 76 жилийн ой, үндэсний их баяр наадамд хөх саарал даага түрүү
-1997 онд АХ-ын 76 жилийн ой, үндэсний их баяр наадамд шарга даага айргийн тав
-1999 онд АХ-ын 78 жилийн ой, үндэсний их баяр наадамд хар даага түрүү
-1999 онд “Говьшанхын хурд-1” говийн бүсийн уралдаанд ягаан даага түрүү
-2000 онд АХ-ын 79 жилийн ой, үндэсний их баяр наадамд шарга шүдлэн  түрүү
-2000 онд АХ-ын 79 жилийн ой, үндэсний их баяр наадамд шарга соёолон түрүү
-2000 онд “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд  шарга шүдлэн  түрүү
-2000 онд “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд  шарга соёолон түрүү
-Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн уралдаанд шарга шүдлэн айргийн гурав
-2001 онд АХ-ын 80 жилийн ой, үндэсний их баяр наадамд зээрд даага айргийн гурав
-2001 онд АХ-ын 80 жилийн ой, үндэсний их баяр наадамд цавьдар шүдлэн айргийн тав
-2003 онд АХ-ын 82 жилийн ой, үндэсний их баяр наадамд бор даага аман хүзүү
-2003 онд АХ-ын 82 жилийн ой, үндэсний их баяр наадамд бор даага айргийн дөрөв
-2007 онд “Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд хээр даага айргийн гурав
-Манлайн бага насны түүхээс яриагаа эхэлье?
-Би ээжийнхээ аав, ээж дээр өссөн хүн. Дөрөвдүгээр ангиа төгсөөд л сургуулиас гарч өвөө, эмээдээ туслан адуу малын зах эргүүлэх болсон гэхүү дээ. Миний өвөг эцэг Дашгэндэн гэж хүн байлаа. Төв аймгийн Баян сумын харьяат, улсын наадамд соёолон айрагдуулж байсан  бас ч шаггүй уяач л даа.
-Тэгвэл морь уях эрдмийн А үсгийг заасан хүн нь таны өвөө байх нь ээ дээ?
-Ер нь бол тийм. Анх өвөөгийнхөө хэдэн адуугаар “тоглож” уяачийн гараагаа эхэлж байлаа. Гэхдээ би Налайх дүүргийн уяач “хурдан морьт” Хөхөө гэдэг хүнээс  их юм сурсан. 1975 онд цэрэгт явахынхаа өмнө тэр хүнийг даган морь уяж, Баян сумын наадамд соёолон айрагдуулан анхны айргаа авч байлаа. Түүний дараа АХ-ын 60 жилийн ойгоор   даага тавлуулснаас хойш олон жил сайхан наадлаа. Цаг хугацаа ч хурдан юмаа. Түүнээс хойш дөч шахам жил өнгөрсөн ч яг өчигдрийн юм шиг сэтгэлд тодхон байна.
-Өвөөгөөсөө өвлөгдөн ирсэн адуугаар наадаж эхэлсэн байх нь ээ?
-Өвөөгийн адууны дараа хоёр, гурван ч сайн адуугаар тоглосон хүн дээ би. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Сэргэлэн сумдын их уяачдын алдарт хүлгүүд болох Шийтэрийн зээрд, Дулаан Дамдинжавын хонгор, Дорнойн Сундуйн хүрэн гээд халхын цуутай хурдан азаргануудын угшлаас байлаа. Жишээлбэл Төв аймгийн Баян сумын Шийтэрийн зээрдийн угшилтай гүү авч, Дулаан угшилтай хонгор азарганд хураалгаад гарсан  төл нь даагандаа улсын наадамд гурваар давхисан миний цавьдар азарга байна. Цавьдар азарга маань  аймаг, сумдын наадамд бол олон айрагдаж,  түрүүлсэн. За бас Сэргэлэн сумын харьяат Дорнойн Сундуй гуайн Бага буурлын төл буурал азаргыг Д.Онон надад хавчиг соёолон байхад нь өгч түүнээс олон сайхан хурдан буян төрсөн. Ер нь тэр буурал азарганы төл болгон нь хурдалсан шүү. 
-Жишээлбэл...?
-Төрийн наадамд түрүүлсэн Тод манлай уяач Ц.Аюуш агсны хонгор даага, айрагдсан Жигжидсүрэнгийн  буурал хязаалан, Монхорын хонгор азарга байна. Мөн миний шүдлэндээ айрагдсан цагаан буурал үрээ, цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” ХХК-ийн захирал Батсайханы цоохор азарга гээд олон л доо. Тэр цоохор азарга бага насандаа улсын наадамд айрагдаж байсан шүү дээ. Миний будан хонгор азарга ч гэсэн тэр буурал азарганы төл. Хонгор азарганы эх нь Дулаан, Шийтэр нийлсэн буурал гүү байсан.
-Хонгор азарга яаж давхиж байсан юм бэ?
 -Ид хурдан байхад нь алдчихсан юм. Тэгээд сүүлд нь Дорноговь аймгийн Иххэт сумын Бямбацогт гэдэг хүнээс бас нэг буурал азарга авч Дулаан угшилтай гүүнүүдээ хураалгаж хэдэн  сайхан төл авсаан.
-Өвөөгийнхөө талаар жаахан дэлгэрэнгүй хуучлаач. Дашгэндэн гуайн адуу хаанахын угшилтай байв. Түүний нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд  байсан бэ?
-Өвөө маань улсын баяр наадамд явлаа л гээд гарсан, удалгүй харамсалтай мэдээ сонсогдсон. Бага байсан болохоор бүүр түүрхэн л санадаг юм. Эмээгийн ярианаас сонссоныг эс тооцвол өвөөгийнхөө тухай сайн мэдэхгүй л дээ. Надад өвөөгийн нарийхан цавьдардуу хонгор зээрд адуу ирж, удам залган уяач болсон түүхтэй.
-Цэргээс ирээд л морь уясан уу?
-Нэг үе нэгдлийн  хонь хариулдаг байлаа. Тэгээд удалгүй нэгдлийн адуучин болж, тэр үеэс л уяа сойлго тааруулан, “Дааган” овогтой болсон доо. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэж, би олны хайрласан энэ нэрэндээ хайртай байдаг юм.
ОРГИЛ ҮЕДЭЭ НЭГ ЖИЛИЙН НААДАМД 11 ДААГА МОРДУУЛЖ БАЙЛАА
-Яагаад даагыг онцолж уядаг юм бэ?
-Өнөө цагт уяач гэдэг мэргэжил болчихлоо. Тэгэхээр энэ мэргэжил нь илүү нарийсаад гэх үү дээ. /инээв/. Оролдож үзээд гарт орсон нь тэр. Яахав азарга, их морь уяад жалгын наадамд оруулж л байсан гэхдээ улсад бол даагаар голдуу наадсан даа.
-Дааганы уяа сойлго гэдэг амыг нь мэдүүлэхээс эхэлдэг гэж ярьдаг юм билээ?
-Амжилт гаргахын үндэс нь сургалт байдаг юм. Бас унаач сайн байх ёстой. Сэргэлэн хүүхэд бол хүнээр хэлүүлтгүй амыг нь татаад явчихдаг. Би ч хүүхдүүддээ сайн хэлнэ. Хажууд нь дагаж яваад хоёулаа ярилцана. “Амыг нь татлаа, яаж байна. Чамд юу мэдрэгдэж байна” гээд л эхэлнэ шүү дээ.
-Даагыг хэдийд барьвал тохиромжтой вэ?
-Бидний залууд тэжээнэ гэж байсангүй. Сүүтэй, сүүгүй хамаагүй л сургана. Гурван сар гээд даагаа барьж, нэг сарын хугацаатай зөөлөн ажил хийгээд амраадаг байсан. Ер нь тэгээд  морь уяна гэдэг амаргүй ажил шүү дээ. Тэр тусмаа бага насны адуу чинь яг л нялх хүүхэд гэсэн үг. Хөлөнд нь бэртэл гэмтэл авчихвал дараа дараагийн амжилтын тухай бодох ч хэрэггүй.
-Дааганы уяан дээр анхаарах гол зүйл юу байдаг вэ?
-Би давхар уяан дээр л алдчих гээд байдаг юм. Яг хажууд нь нойр хоолгүй явж тааруулна шүү дээ. Бороонд норгохгүй, хоолыг нь тааруулах хэрэгтэй.
-Хэдэн цагийн хоол өгөх нь тохиромжтой юм бэ?
-Бүгд адилгүй. Адуунаасаа л хамаарна. Тасалж идүүлэх хэсэг байхад хоолгүй давхиулах үе ч бий. Ерөнхийдөө цаг идүүлээд дунд нь амраана. Бүтэн хоол үзээгүй бага мал жаахан идүүлээд амраахад дорхноо л сэргэдэг юм. “Бидний үеийнхэн авьяасаараа морь уядаг байлаа. Орчин үед овьёосоор л уядаг болж” гээд л ярих юм. Минийхээр сайн муу гэж ялгаад байх юмгүй санагддаг. Мэдээж сайн уяж байж л айраг, түрүүнд хурдлуулна. Гол нь уяаны эхлэл зөв байх хэрэгтэй. Зөв эдэлж, хөндүүрийг нь гүйцэд гаргасан адууны уяа өөрөө л эвлэрээд байдаг. Морины уяа эвлэрэхээс илүү уяач өөрөө зөв байх нь чухал. Хөгшчүүд ярьдаг даа “хор нь гарсан хүний морь л сайн давхидаг” гэж. Тэр үнэн шүү. Аль ч наадамд цуг яваа улсын морь айрагдаж, түрүүлээд ирэхэд өөрийнхөөс ялгаагүй баярлаж сурах хэрэгтэй. Тэрний дараа л морь, хүүхэд мэнд сайхан нааддаг болдог юм.
-Та жилдээ хэдэн даага уядаг байв?
-Оргил үедээ 11 даага мордуулж байлаа. Зарим жил хоёр, гурваар нь ч оруулж л байсан. Тийм тохиолдол цөөнгүй шүү.
-Даагандаа хурдалсан адуунууд томроод давхиж байна уу?
-Сайн давхиагүй ээ. Адилхан л уяж байгаа хэрнээ гавихгүй. Тэгсэн хэрнээ хүнд өгөхөөр давхиад байна. Би дээд насыг арай зөөлдүүлээд байх шигээ. Манай багш Хөхөө гэж өвгөн морийг их хайрлаж уядаг хүн байсан. Би тэр арга барилыг нь хаяж чадахгүй байх шиг байгаа юм.
-Нэг үе Налайхад том уяанууд төвлөрч, Налайхын сунгаа төрийн наадмын өнгийг тодорхойлдог байлаа, тийм ээ?
-Тийм шүү. Гарамжав гуай, Аюуш Манлай сүүлд нь Сандуйжав ирж байлаа. Мөн цэргийн ангийн Галаа, Бадамсүрэн, Содномцог гээд нэг хэсэг тэр аманд битүү байсансан. Үнэхээр л Налайхын сунгаа наадмын өнгийг тольддог байж. Энэ сунгаанд би нэг дор хоёр, гурваар нь айрагдуулж явлаа. Гарамжав гуай их сайхан хүн байж билээ. Ёстой л нөгөө хор нь гарсан сайхан уяач байсан шүү.
ХОЁР ШАРГЫГ ТҮРҮҮЛГЭЖ ЯВСАН ТУХАЙ ЭРДЭНЭЧУЛУУН ЯРЬДАГГҮЙ Ч МОРИНЫХОН НАМАЙГ "ШАР БАГШ" ГЭЭД АНДДАГГҮЙ ЮМ
-Ярилцлагаа таны амжилтын товчооноор үргэлжлүүлмээр байна.  Та улсын баяр наадмаас есөн түрүү хүртсэн байдаг ?
- Ихэвчлэн дааганы түрүүнүүд дээ. Эрдэнэчулууны хоёр шаргын хэд хэдэн түрүү бий. Намайг ах дүү шаргуудыг уяж байсан тухай Эрдэнэчулуун ярьдаггүйгээс биш морины хорхойтнууд “шар багш” гээд андахгүй л дээ.
-Ингэхэд ямар тохиолоор хоёр шаргыг уях болсон юм бэ?
-Эрдэнэчулууныг өмнө нь зүс таньдаг л байсан. Гэхдээ сүүлд Бор гэдэг найзаараа дамжуулаад илүү дотно танилцсан юм. 1996, 1997 оны үед л байх. Нэг өдөр гэртээ байж байсан Бор Эрдэнэчулууныг дагуулж ирээд  баахан морь ярьцгаасан юм. Тэгж байгаад л морийг нь уяхаар болсон доо.
-1997 онд том шарга даагандаа улсад таваар давхисан байдаг?
-Тийм, тийм. Саарал даага түрүүлж, шарга даага таваар давхиад би тэр жил улсад хоёр даага оруулсан. Дараа жил нь Том шарга хязааландаа бараагүй. Хойтон жил нь соёолон улсад түрүүлээд, Архангайд болсон “Тамирын хурд”-д дахин түрүүлж, тэндээсээ Өвгөн ноёны наадамд явсан байхгүй юу.
-Тэр жил бага шарга нь бас шүдлэндээ түрүүлж байсан. Ах дүү шаргууд ид гайхуулж байсан үе л дээ?
-Арга байхгүй. Нэг нь соёолон, нөгөө нь шүдлэн хоёулаа улсын наадамд түрүүлээд, Архангайд бас хоёулаа түрүүлээд. Өвгөн ноёнд Бага шарга нь түрүүлж, нөгөөх нь харамсалтайгаар  эндсэн шүү дээ.
-Юунаас болсон юм бэ?
-Архангайд түрүүлснийх нь дараа Эрдэнэчулуун үгэнд оролгүй Хэнтий рүү авч яваад хийдүүлчихсэн юм. Давхар уяаны адууны хоолыг тааруулах гэж  бэрх ажил байхгүй юу. Би болохоор шаргыгаа өнжөөгөөд улсад түрүүлсэн хар үрээгээ аваад яв гэсэн юм. Тэгсэн миний үгэнд оролгүй, надаас түрүүлээд хоёр шаргаа аваад Хэнтий рүү явчихсан. Уралдаан дөхүүлээд араас нь яваад очтол Том шарга эвгүйдчихсэн байсан л даа. Тэгээд Онон, Даваахүү, Батчулуун гээд цөм л үзэж харж хатгасан ч тус болоогүй. Сэхэл авахааргүй байсан. Сайн адуу тулдаа л уралдсан байх.
-Хэдээр давхисан юм бэ?
-Тавд ирлээ гэсэн чинь зургаад барьчихсан байсан.
-Хоёр шаргыг дааган цагаас уяж байсан хүний хувьд алийг нь илүүтэй үнэлдэг вэ? Зарим нэг нь Том шаргыг илүү адуу байсан гэлцдэг. Таны хувьд?
-Бага нь илүү л дээ. Хийцийн хувьд ч тэр хамаагүй илүү. Том шарга махны бариатай адуу байсан. Хүмүүс юу гэдгийг нь  мэдэхгүй, би хувьдаа багыг нь илүү гэж боддог байсан.
СААРАЛ ДААГА ТҮРҮҮЛЭХГҮЙ БОЛ ТҮРҮҮЛЖ ИРСЭН ЭМЭГТЭЙД БЭЛЭГЛЭНЭ ГЭЖ АМ ГАРСАН УДААТАЙ
-Том шаргыг дийлж түрүүлсэн саарал даагаа та ихэд тоодог бололтой юм билээ. Улсад түрүүлэхдээ Содномцог Тод манлайн нэр дээр цоллогдсон байдаг?
-Тиймээ, би наадмын өмнө уяаны дундуур Цогд / Тод манлай уяач Содномцог/ бэлэглэчихсэн юм. Тэр үед Цог чинь ид морь сонирхож явлаа шүү дээ. Адилхан моринд дуртай эр улс биенийгээ дэмжиж байх учиртай. Тэр утгаар нь би саарал үрээгээ өгсөн.
-Саарал үрээ  чинь танай унаган адуу гэдэг билүү?
-Тэгэхгүй яахав. Улсад даага, шүдлэндээ аман хүзүүдэж байсан Бундан цоохорын маань төл байхгүй юу. Эх нь болохоор Баян сумын “Дал” Гөлгөө гэж хүний адууны угшилтай хул гүү байсан юм. Бундан цоохор миний нэр дээр уралдаж хоёр ч удаа аман хүзүүдсэн болохоор саарал үрээгээ Цогд бэлэглэж түрүүлгэе гэж бодсон. Тэрүүгээр маань ч болсон. Яагаад гэвэл тэр жил аргагүй хурдан байсан. Түрүүлнэ гэдгийг нь би мэдэж байсан юм.
-Нээрэн нэг том ам гарсан тухай яригддаг шүү?
-Залуу байж дээ. “Хэрвээ саарал даага түрүүлэхгүй бол түрүүлж ирсэн эмэгтэйд бэлэглэнэ” гэж ам гарсан тал бий. Яахав уяач хүн адуугаа мэдэрч байгаагийн илрэл юм гэж өөрийгөө зөвтгөе л дөө. Өөрийгөө жаахан тоосон гэх үү дээ. Уралдааны дараа Дашзэвэг уулзчихаад “аргагүй амладаг хог юмаа чи” гэж билээ. /инээв/ Урьд шөнийн хоолыг нь сайн тааруулахад л болох байсан юм.
-Анхны “Говьшанхын хурд” уралдаанд ягаан даага түрүүлгэсэн байдаг. Тэр хаанахын адуу вэ?
-Содномцогийн хамаатан Төмөрбаатар гэж хүний нэр дээр байгаа биз. Баянцагааны Ишцэдэн гэж их хурдан адуутай өвгөн байсан. Тэдний адуу. Налайхын  наадамд уралдаад айрагдаж чадаагүй юм. Тэгсэн Төмөрбаатар “сайн даага авмаар байна” гэхээр нь зааж өгч авахуулаад Өмнөговьд очиж их хол түрүүлгэсэн дээ. Хөлсийг нь хусчихаад зогсож байхад арын даага нь ирж байлаа. Үнэхээр хурдан байсан шүү.
-Тэр жил бас Эрдэнэчулуун Тод манлайн нэртэй хар даага улсад түрүүлгэсэн байдаг.
- Чи яасан сайн мэддэг юм бэ?/инээв/ Би дээр ярьсан шүү дээ. Тэр үрээ л дээ. Бага шаргад шөнө ажил хийж байгаад замын хажуу руу унагаачихаар нь тэр хар даагыг мордуулсан юм. Эцэг нь Эрдэнэчулууны тойруулга угшилтай халтар азарга, эх нь нэг хар гүү байсан.
-2001 оны баяр наадамд Хоохорын Бадамсүрэнгийн нэртэй зээрд даагыг айргийн гуравт хурдлуулж байж. Тэр хаанахын адуу байсан бэ?
-Тэр Галшарын “дураараа” Мийгаа гэж хүний адуу. Би өөрөө очиж дааганд нь, эхтэй нь авчраад улсад гурваар давхиулж байлаа. Тэр жил Сандуйжавын уяаны Идэр хээр түрүүлж, Ононгийн хамар цагаан хүрэн даага аман хүзүүдэж байсан юм. Зээрд үрээ дараа жил нь шүдлэн улсад зургаалаад, хязааландаа хачин хол ирж байгаад үзүүр дээрээ нам суусан даа. Арга ч үгүй байх. Тэр үед би тэжээл энэ тэр өгч мэддэг  ч үгүй байлаа. Наадмын дараа хэсэг амраагаад Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд  очиж уралдаад хөлгүй болчихсон.
-Харамсалтай юм...?
-Би угаасаа давхар уяаны уралдаанд дургүй. Ялангуяа бага адуунд дэмий гэж боддог хүн. Тэр ч утгаараа явуулах дургүй байсан. Гэтэл эзэн нь явна гэсээр байгаад явсан, тэгээд тэнд хөлгүй болчихсон юм. Одоо ч хөл муутай азарга байдаг гэнэ лээ.
-АХ-ын 80 жилийн ойгоор мөн Золбаяр гэж хүний нэртэй цавьдар шүдлэн таваар давхиулсан байдаг.
-Тэр манай морийг унаж байсан хүүхэд л дээ. Цавьдар үрээ миний улсад даагандаа айрагдаж байсан цавьдар азарганы төл байгаа юм.
-Шийтэрийн зээрдийн угшилтай юу?
-Тийм. Эх нь бас нэг цавьдар гүү байсан. Даага анх уягдаад улсад долоолоод, шүдлэндээ тавлаж, хязаалан үрээ хөл нь муудаад уралдахаа байсан даа. Одоо Дорнодод Ононгийн адуунд бий.
-2003 оны улсын наадамд хоёр бүгээн даага айрагдуулсан. Хэний нэртэй адуунууд байлаа?
-Бор нь  310-р ангийн захирагч генерал Жаргалынх, загал нь “Бөртэ” компанийн захирал Батсайханых. Жаргал генералын бор даага болохоор тойруулга угшилтай адуу.
ЦЭЭЖНИЙ МУХАРТ ИХ МОРЬ АЙРАГДУУЛАХ ХҮСЭЛ ОДОО Ч  ХАДГАЛААСТАЙ Л БАЙНА
-Ингэхэд та хэдэн онд Манлай уяач болж байлаа?
-1988 онд Алдарт уяач болоод, 12 жилийн дараа Манлай уяач болсон. Их морьгүй гээд Тод манлайд багтдаггүй юм. Уг ч цээжний мухарт их морь айрагдуулах хүсэл одоо ч явна. Гэхдээ Манлайгаас илүү гарахгүй болчихсон хүн дээ.
-Сүүлийн жилүүдэд улсад явахгүй байгаа юу?
-Тиймээ, сүүлийн арваад жил явсангүй. Бүсийн наадам болоод энэ хавьдаа л наадаж байна. Нэг үеэ бодвол морь их хөгжиж. Уяачид нь мэргэжлийн болж байна. Адуугаа эрт сайжруулсан хүмүүс тасарчихсан. Тийм хүмүүстэй уралдах гээд айрагдахгүй даага хөтөлж очоод яахав дээ. Харин энэ жил нэг сайхан даагатай болсон. Дараа жилээс улсад үзнэ гэж бодож байгаа.
-Хаанахын даага вэ?
-Тод манлай уяач Ононгийн адууны угшилтай. Нуугаад яахав ах нь өөрийн муу, байгалийн хатуугаас болоод адуугүй болчихоод байсан юм. 2000 оны зуднаар бүх адуугаа унагачихаад нэг үе сэтгэл санаа гундуу байлаа. Адуу сайтай байхдаа хүн амьтанд бэлгэнд өгсөн хэдийнхээ давхиж байгааг дуулаад л сэтгэлээ засдаг байсан.  Онон Тод манлай, Сүхбаатарын Наранбаяр гээд хүмүүст өгсөн хэд маань сайхан цус сэлбэгдээд эргээд надад ирж, би адуужиж байна. Адуу гэж ийм л  буянтай мал шүү дээ. Би чинь машин ч барьж чаддаггүй хүн байгаа юм. Залуу цагт хааяа жаахан хүртчихээд морио уяад явахад болоод л байх шиг санагддаг байлаа. Одоо нас яваад ирэхээр  хайран цаг хугацаа гээд харамсч байна. Лонх эргүүлж байхынхаа оронд машин унаад сурчихсан бол хэдэн адуугаа алдахгүй байхгүй гэж бодоод...
-Сүүлийн жилүүдэд морь уях сонирхолтой хүмүүс олширч байна. Таныг зүглэн ирэгсэд олон байна уу?
-Хүн болгон л морь уядаг болж дээ. Хүмүүс ирдэг л юм. Гэхдээ би чинь хүн зарж сураагүй хүн. Өөрөө л  гардаж хийхгүй бол санаанд хүрэхгүй. Ганцаараа дээр нь хөл муутай болохоор тэр болгонд хүрэлцэхгүй юм. Тийм болохоор  татгалзах нь олонтаа. Сүүлд Өмнөговийн хэдэн улсын морийг уяж байгаад бүгдийг нь буцаачихсан. Нэг туслах өгдөг өнөөх нь сэтгэлд хүрэхгүй, хаяад явчихна гээч.
-Хүү тань уядаггүй юм уу?
-Би ганц хүүтэй. Хотод ажилтай гээд надад баригдахгүй уур хүргээд явна. Хүргэчүүл ч ялгаагүй. Ямар сайндаа та нар гардахгүй бол би морь уяж чадахгүй болоод байна гэж уурлах үглэхийн завсар үг хаяад л байгаа./инээв/
-Ач зээ нараас  тань морь унах хүүхэд алга уу?
-Би чинь хоёр охин, нэг хүүтэй. Ач зээ Улаанбаатарт амьдарч байна. Яахав сургуулийн амралтаар ирж тусалдаг. Багадаа бүгд морь унаж өссөн ч ажил амьдралын шаардлагаар хөндийрчих юм.Одоо том охиныхоо бага хүүг сургаад, морь унуулна даа.
Сүүлийн үед хурдан морь унаач хүүхдийн асуудлыг их ярих болж. Минийхээр морь унаж байж л хүн болно. Ялангуяа хөдөөны хүүхдүүд багаасаа малаа маллаж, хар бор ажлаа хийж сурчихаад л амьдралтай болно шүү дээ. Одооны хүүхдүүд төвд шигдээд залхуу болж байна. Үнэндээ морь унах сэтгэл ч байдаггүй бололтой юм билээ.
-Уяачдаас хэнийг илүүтэй үнэлдэг вэ?
-Ононг. Бид адуучин болоод л найзалсан улс. Найзаараа үнэхээр их бахархдаг юм. Өнөөдөр Ононг Монголд дийлэх хүн байна уу. Ямар адууг, яаж уях уу гээд бүгдэнд  нь тооцоо гаргачихаж.Онон сүүлийн 20 жил адуу бэлдлээ. Мундаг байгаа юм шүү. Одоо хүүхдүүд нь залгаад их сайн уяж байна. Шавь нар нь ч ялгаагүй. 
-Сүүлийн үед энд тэндээс адуу мал авч байна уу?
-Өөрийн хэмжээнд авч байна. Сүүлд Сүхбаатараас адуу авлаа. Бас Далай Манлайн адуунд  гүү тавьсан.Өмнө нь би түүнд азарга өгч байсан юм. Энэ мэтээр холио солио хийгээд одоо л нэг гоё болох янзтай. Эндээс дээд тал нь хязаалан болоод байна.
-Энэ жил  хаагуур хаагуур наадсан бэ?
-Энэ жил морь уяж сүйд болоогүй ээ. Уялаа гэхэд унах хүүхэд бас олдохгүйн зовлон бий. Хичээл сургуулийн цагаар таслуулаад байж болохгүй юм. Харин Хайрхан уулынхаа тахилгыг Далай захиралтай хамтран хийлээ. Би хязааланг, захирал соёолонг, өөр нэг хүн  их морийг нь дааж байлсан. Уралдах тухайд түрүү жил Налайх, Дарханы болон сумынхаа 90 жилээр очиж сайхан наадсан. Дарханд азарга тавлаж, Налайхад ч орлоо. Ноднин Сэргэлэн, Эрдэнэ суманд соёолон тус тус гуравлуулаа. Иймэрхүү янзтай наадаж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай. 

"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна