Домогт сайвар халтар МСУХ-ны тэргүүн С.Дарханцогт: Өндөрхангайн адуу хурдтай гэдгийг улсын хэмжээнд харуулсан

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 10 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, "Домогт сайвар халтар" МСУХ-ны тэргүүн С.Дарханцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

 - Холбоо үүсгэн байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?
 - Манай баруун талд морины холбоо, хаврын бүсийн уралдаан хожуу нэвтэрч байгаа. Ханхөхий хошуунд байгаа бүх морь сонирхогч, уяачдаа нэгтгэн 2013 онд “Домогт Сайвар халтар” холбоо байгуулагдсан. Би анх холбоо байгуулагдахад тэргүүлэгч гишүүн байгаад 2015 оны гурван сарын уяачдын нэгдсэн хурлаар холбооны тэргүүнээр сонгогдсон. Холбоо ерөнхийлөгч, тэргүүн, арван тэргүүлэгч гишүүн, 200 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийлөгч нь  улсын Алдарт уяач Доржсүрэнгийн Цэнд-Аюуш. Би холбооны ажлыг аваад хамгийн түрүүнд уяачдын холбоог гишүүнчлэлтэй болгон гишүүд нь жилд 20,000 төгрөгний татвар төлж байхаар холбооны санхүүгийн асуудлыг шийдлээ. Ингэснээр наадамд оролцох, сумандаа болдог бооцоот болон уламжлалт баяр наадмыг гадны гар харалгүйгээр хийх, шилдэг  уяач, шилдэг унаач шинэ залуусаа дэмжин урамшуулах, мөн оны эцэст уяачдынхаа шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах юм. Одоогийн байдлаар нийт гишүүдийн 50 хувь нь үнэмлэхээ аваад байна. Мөн холбооныхоо нэрэмжит зургаан насны уралдааныг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор “Тэргүүн сарын уралдаан” нэртэй зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ бүх үйл ажиллагааг уяачид санал гарган нийтээрээ дэмжээд хэрэгжүүлсэн.  Хаврын уралдааныг хийснээр үр дүн нь тэр дороо л харагдсан. Өөрсдийн уралдааны дараа зэргэлдээх сумдуудын хаврын бооцоот уралдаан, Завхан аймгийн Хойд бүсийн хаврын их хурд уралдаануудад амжилттай сайхан наадсан. Завхан аймгаас гэхэд их насны аман хүзүү, хязаалангийн түрүү, аман хүзүү, дааганы түрүүг авч одтой сайхан наадсанд би дотроо их баярлаж явна. Манай уяачдын ур чадвар нэлээн ахиж тэр дундаа залуучууд хаврын хатуу цагт нэмэлт тэжээлийн уяандаа гаршиж байгаа нь харагдлаа.
- Холбооны анхны тэргүүнээр нь ямар хүн ажиллаж байв, холбоо энэ үед ямар үйл ажиллагаатай байсан бэ?
-Холбоог Баатарчулууны Алтангэрэл гэж залуу удирдаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Холбооны баярын уралдааныг зургаан сарын 20-д гаргаад хийдэг, хаврын бооцоот уралдаан гэсэн хоёр л уралдааныг зохион байгуулдаг байсан. Холбооны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр уяачид маань ч элсэх нь ихсэж байна.
-200 гишүүн уяачаас хэдэн аймгийн Алдарт, хэдэн сумын Алдарт байна?
- Монгол улсын Алдарт уяач гурав байна. Улсын алдарт уяач хүрэн халзан морины эзэн Д.Цэнд-Аюуш ах, Даян хээр соёолон нь баруун бүсэд түрүүлсэн Дамдин гэж уяач байна,  дараа нь олноо Жүүжээ гэж алдаршсан Сүхээ ах маань байна. Одоо ч гэсэн нутагтаа 70 гарсан ч морио уяад, нутгийн залуучууддаа уяаны арга барилаасаа зааж яваа ахмад уяачид байдаг. Аймгийн Алдарт уяач 32 бүртгэлтэй байгаагаас 28 нь байна. Зарим нь Улаанбаатар хот, энд тэнд морь малаа уяж байгаа. Сүүлийн үед  35-аас доош насны залуу уяачид моринд түрэмгий орох болж  морьд нь ч сайн давхиж байна. Сумын цолтой хоёр гурван л уяач байна. Холбоо байгуулагдсанаас хойш өнгөрсөн өвөл Чойжавын Ананд, Батдоржийн Хандаа, Гэндэндармаагийн Одонхүү гэсэн гурван аймгийн шинэ Алдарт уяач төрсөн.
-Өндөрхангайн үе үеийн эрдэмт уяачдын алдар цуутай ямар ямар хүлгүүд байсан бэ?
- Манай сум аймагтаа л бас хурдтайд орно. Миний бодлоор сумынхаа онцлогоос шалтгаалаад Тэс, Зүүнговьд хавар эрт эхэлдэг болохоор адуу нь хавар илүү хурдалдаг. Харин манай хангай өндөрлөг газар байдаг учраас сэрүүн, цас их. Өвөлжөөнөөсөө гараад 140-өөд км газар отор нүүдэл хийж зуслан дээрээ ирдэг. Өвөлдөө морь мал их турж ядардаг, дээр нь малчид ганц мориндоо биш бусад малдаа анхаарал тавьдаг.  Ийм нөхцөлд манай морьд хаврын уралдаанд амжилт үзүүлж чаддаггүй. Харин зун ногоо цагаа гарч тарга тэвээрэг авсан үед манай морьд хаана ч, Увс, Завхан аль ч аймагт амжилттай уралддаг. Жишээ нь Завхан аймгийн 70 жилийн ойд хулгар Бабагийн бор хээр азарга түрүүлж байлаа. Дараа нь 80 жилд улсын Алдарт уяач Дамдин ахын Оодон хээр их насанд түрүүлсэн. 90 жилийн ойд Амарсанаагийн халзан азарга айргийн гуравт хурдалсан гээд амжилт цөөнгүй. Дээхэн үед гэвэл зөндөө сайн уяач байсан нэгдлийн адуучин Хөдөлмөрийн баатар, Алтан унаганы эзэн Л.Гангиа ахын олон сайхан хурдан адуу байсан. Мөн нэгдлийн хүрэн гэж аваргын адууны хүрэн морь нь дөрвөн жил дараалан сумын түрүү авч, Зүүнхангайн ойд түрүүлсэн сайхан морь байлаа. Дараа нь олноо Улаан гэж алдаршсан Бямбажав ахын жинхэнэ Ханхөхийн угшлын хээр морь бас Зүүнхангайн ой, Цагаанхайрханы ойд дархалсан дархан хурдан хүлгүүд байлаа. Манай хадам ах Шагжхүү сумын баяр наадмаар даага, шүдлэн, хязаалан, соёолонгийн түрүү авсан сайн уяач бий. Шагжхүүгийн шар хээр морьд бага насандаа их хурдалдаг байсан. Мөн олноо ногоон Дашхүү гэж танигдсан моринд хорхойтой, их мориор түлхүү нааддаг сайн уяач байсан. Хурдан хээр морь нь ойр хавьдаа айраг, түрүү олон авсан. Морь таньдаг улс ч олон байсан, Цагааннуур багт  Гэндэнням гэж байсан. Өөрөө ч морь сайн уядаг, наадмын өглөө морь тойроод хүүхдүүд гийнгоолоод өнгөрөхөд “За өнөөдөр тэр тэрний морь тэгж ирнэ ээ л” гэнэ тэр дарааллаараа ирдэг тийм мундаг хүмүүс байсан.
- Тэргүүний хувьд цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах бэ?
- Нэгд аливаа наадмын морины уралдааныг уяачдын холбоо, сумын удирдлагуудтай нийлж ямар ч будилаангүй зохион байгуулах, хоёрт хүүхдийн эрхийг хамгаалан, аюулгүй байдлыг ханган  ММСУХ-ноос гаргасан захирамжийн дагуу ажиллах, үүний дагуу бүх хүүхдийг хамгаалалтын хувцастай уралдуулах, өвөл, зун гэсэн улирлын хувцсаар хангах. Морьд дагадаг олон машины тоог хязгаарлан, мотоцикл бүр явуулахгүй байхыг анхаарна. Эмх цэгцтэй нааддаг уламжлалыг сумандаа хэвшүүлэхийг зорьж байна. Гуравт энэ жил тохиох Увс аймгийн түүхт 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд уяачдаа өргөн хүрээтэй, зохион байгуулан олон хурдан хүлгээ айраг, түрүүнд хурдлуулах, түүгээр ч зогсохгүй гурван улсын Алдарт уяачийгаа Тод манлай болохыг харах гэгээн бодол тээж явна даа.
-Увс аймагт ирээд  хоёр ч аймгийн хэмжээний бүсийн наадмыг үзсэн. Тэнд хамгаалалтын хувцас хэрэглэсэн хүүхэд харсангүй, ер нь орон нутгийн чанартай наадамд хэрэглэдэггүй бололтой?
- Тийм, Манай аймагт хамгаалалтын хувцас хэрэглэж сураагүй байна. Хуучин тэргүүн маань өндөр шаардлага тавьж хэдэн хамгаалалтын хувцас авчирч тараасан. Манай Өндөрхангай сумын хэмжээнд бол уяачдын маань 30 хувь нь хамгаалалтын хувцас хэрэглэж байна.
- Унах хүүхэдгүй гээд зарим уяачид морь малаа уяж чадахгүй байна. Ийм болсон цаг үед унаач хүүхдийн амь нас аюулгүй байдлыг бүр илүүтэй ярих ёстой.
-Бидэнд бол хурдан морь заяадаг ч тэр унаж уралдуулах хүүхэд бас л чухал. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Би өөрөө ч гэсэн морь уядаг, хийморьтой аавын хүүгийн од харваж айраг, түрүү  хүртэх сайхан байлгүй яахав, хүүхэд морь мэнд ирэх чинь уяач хүний бас л нэг жаргал байдаг юм.
- Увс аймгийн уяачдын холбоо сумдын уяачдын холбоотой харилцаа холбоо, уялдаа бас жоохон тааруухан байдаг юм уу гэж харагдаад байна. Таны хувьд аймгийнхаа холбоотой хэр харилцаа холбоотой байна. Аймгийн морин спортыг хөгжүүлэх тал дээр анхаарах зүйл юу байна.
- Мэдээ мэдээлэл байхгүй, харилцаа холбоо муутай. Хаврын бүсийн уралдааныг харахад л сумдад хүргэж байгаа мэдээ, мэдээлэл муу, аливаа уралдааныг тулгаж хэлдэг. Аймагт ойр байгаа цөөн хэдэн сумд хамрагдахаас биш манайх шиг хол Зүүнхангай, Баруунтуруун зэрэг сумдад тулж мэдээ ирдэг. Уралдаан болохоос доод тал нь 30 хоногийн өмнө мэдээлэхэд морьд бэлтгэгдэнэ. Гэтэл 10 хоногийн өмнө хэлэхээр бид тийшээ очих ямар ч боломж гардаггүй. Цаг зав гарган, үр хүүхдийнхээ идэх талх, гурилын мөнгийг хагасалж байж морио уядаг уяачид чинь нутаг орныхоо нэрийг гаргаад өөрсдийнхөө хурдыг хэр байгааг харах гэж тэр уралдаанд оролцдог юм шүү дээ. Тиймээс аливаауралдааны товыг эртнээс мэдэх нь чухал байна. Харин “Тод магнай” сэтгүүлийн та бүхнийг урьж  сумдаараа тойруулан нутгийн уяачид, адартнууд, уяачдын холбоог танилцуулж байгаад аймгийн холбооны дарга болон тэргүүлэгчдэд талархаж байна. 
-Өндөрхангай сум маань 2014 онд түүхт 90 жилийнхээ ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн баяр наадам хэр өтгөн болов, нутгийн дэвжээгээ хамгаалан наадаж чадав уу?
-Сайхан наадсан. Өндөрхангайчууд сумынхаа баяр наадмыг гадныханд ховор алддаг. Ноднин  азарганыхаа түрүү, аман хүзүү, их насныхаа түрүү, шүдлэнгийн түрүүг авч бахтай сайхан наадсан.
- Адууны үржил селекц, чанар чансааг сайжруулах тал дээр уяачдын холбооноос ямар бодлого барьж уяачдадаа тусламж дэмжлэг үзүүлж байна?
-Энэ ажил нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Улсын Алдарт уяач Цэнд-Аюуш ах маань нутгаа гэсэн элэгтэй, 2006 онд таван үрээ нутагтаа, надад ч гэсэн нэг үрээ бэлэглэсэн. Тэр таван үрээ ирж нутгийн залуу уяачдын адууг сэлбэн хурдан хүлгүүд олон гарч байгаа. Энэ жилийн Завханы хойд хаврын бүсийн уралдаанд Л.Энхээгийн хүрэн даага түрүүллээ. Надад өгсөн хул алаг азарганы төл миний дүүгийн хоёр шар үрээ сумандаа айраг, түрүү авч байна. Уржнан Турууныхаа сангийн аж ахуйн 30 жилээр анхны төл хул даага нь түрүүлсэн. Сүүлийн үед хүмүүс өөрсдөө ч зүүн  талын адуу авч байна. Увс дотроо хамгийн их цус сэлбэсэн нь манай Өндөрхангай сум. Яагаад гэвэл Тувагийн манайхан “хайнаг” гэж ярьдаг эрлийз адуу, азарга ихтэй. Манай адуу Тува цусных, сүүлийн үед Хэнтий, Сүхбаатар, Галшар цустай адуунуудтай их сэлбэж байна. Мөн хуучин аймгийн засаг дарга байсан  Батсайхан ах дэмжлэг үзүүлэн олон адуу авчирч нутгийн адууны цусыг сэлбэсэн. Адуунд хайртай, хурдан морь сонирхдог уяачийн хувьд хүндэлж баярлаж явдаг. Халуун хошуутай адуун сүргийн хийморь эдгээр хүмүүсийг ивээх байх аа.
-Энэ хүмүүсээс гадна адууныхаа үүлдэр угсаанд анхаардаг ямар хүмүүс байдаг вэ?
-“Монгол фото студи”-ийн захирал Доржсүрэнгийн Цэдэнгомбо гэж нутагтаа ээлтэй хүн бий. 2006 онд анх өвлийн бооцоот уралдааныг зохион байгуулахад “Ах нь ингээд байж байя, чи нутагт очоод хаврын бооцоот уралдааныг хийгээдэх, би эндээс 2,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж өгье” гэсэн нь тухайн үедээ хамгийн том бай шагналтай уралдаан болсон. Хязаалан, соёолонгийн бооцоот уралдаан хийн түрүүлсэн соёолонд 24 инчийн өнгөт зурагт, аман хүзүүдсэнд нь хөлдөөгч, дараагийн барианд нь 14 инчийн sharp зурагт, эхний аравт орсон бүх хүүхдүүдэд биеийн тамирын хувцас, хичээлийн хэрэглэл, цүнх өгч урамшуулан нутгийн хаврын уралдааныг дэмжсэн байдаг. Мөн 2009 оны зудны жил хотоос урлагийн хүмүүс авчирч багуудаар тоглолт хийн зуданд малаа алдсан малчдын сэтгэлийг сэргээсэн зэрэг нутагтаа олон сайхан ажил хийсэн хүн байна. Уяачдын үнэмлэхийг хийхэд улсын Алдарт уяач Цэндээ ах маань ерөнхий загвараа гарган захиалж хийлгэсэн гэх мэт. Цаашид ийм ажлууд олон хийгдэх байх аа.
- Тэргүүн хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бэ, Удамд тань уяач хүмүүс байсан уу?
-Миний нагац ах Очирбатын Дашдаваа Гангаа аваргын туслах адуучнаар ажиллаж байсан. Би тэр үед Цагааннуур багийн аварга малчин шар Хүрлээ гээд ахын олон үрээг, Гангаа аваргын үрээг олон сургасан. Тэндээс л моринд хорхойтой болж долоодугаар ангидаа 1985 онд анх хоёр даага уяж уяачийн гараагаа эхэлсэн. Өөрөө уяад л өөрөө мордсон, нөгөөг нь ангийн найз Бямбасүрэнгийн Болдоо унасан. Их сунгаан дээр түрүүлэн дараагаараа хоёр даага маань ирсэн. Наадамд тэр чигээрээ л түрүүлчихнэ гэж бодсон гэтэл яг баяраар тэр амжилтаа үзүүлж чадаагүй. Нэг нь 12-т, нөгөөх нь хорь гаргаад ирсэн, миний анхны морь уясан түүх. Тэрнээс хойш зах зээлийн нийгэмд шилжин хэсэг мориноос завсардсан. Сүүлийн үед адуу ч өсч, өөрөө ч тэр болгон уяж чадахгүй байна. Миний дүү Батзориг адууныхаа чанар чансааг тодорхойлж айраг, түрүү авч байгаад дотроо их л баярладаг юм. Миний хувьд гаргасан амжилт энэ тэр байхгүй ч моринд дуртай, тиймээс л морь уяхаасаа илүү уяачдаа, шинэ залуусаа дэмжихийг хичээдэг.
-Түрүүн бүртгэл авахад таныг Дархан хотод төрсөн гэсэн.
-Тийм. Дарханд төрөөд манай ээжийн хоёр хөгшин дээр намайг таван настай авчирч өдий хүртэл эндээс холдсонгүй. Энэ нутагтаа ажиллан сайн ханьтай, хүү, охин хоёртой болоод сайхан амьдарч байна. Миний хүү энэ жил 10-дугаар анги, морь уядаг юм. Би уяачдын холбоонд элсэнэ гээд хамгийн түрүүнд татвараа өгч үнэмлэхээ авсан. Бас л моринд дуртай хүүхэд байгаа.
- Миний асуулт энэ хүрээд  жаргаж байна. Танд нэмж хэлэх зүйл юу байна?
- Түрүүн унаач хүүхдийн талаар ярьсан. Ялангуяа наадам дөхөхөөр хүүхдийн эрхийг хамгаалсан байгууллагууд янз янзын юм яриад эхэлдэг. Зарим нь их эмзэглэмээр морь уралдах болгонд хүүхэд эндээд байгаа юм шиг л ярьдаг. Хүүхдийг 16 нас хүргээд моринд мордуулна гээд, гадны стандартыг дагаж байна. Гэтэл европ морь, хүн хоёр монгол адуу, хүнээс шал өөр. Хүүхдийн эрх ашгийг ярихдаа, өв уламжлалаа бас бодолцон уяачидтайгаа уялдаатай авч үзэх хэрэгтэй.  Үнэхээр тэр хүүхдийн төлөө гэж байгаа газрууд уралдахын өмнө хүүхдийн хамгаалалтын хувцас, биеийн байдлыг шалгаад харилцан тохиролцон баяр наадмаа хийдэг баймаар санагддаг юм. Гэтэл чимээгүй байж байгаад л уралдаан болохоор л хүүхдийн эрх ашиг хамгаална гээд нөгөө талаараа монгол түмний эрийн гурван наадмын нэгийг хэтэрхий их шахаад байгаа ч юм шиг санагддаг. Хоёрт монгол хүн морин дээрээ өсөж, эр хүн болон төлөвшдөг. Монгол эр хүнийг адуунаас салгаж ойлгож болохгүй. Тэгээд уяачид хаа таарсан хүүхдээр морио унуулдаггүй, зохих хэмжээний удмын чадвартай морио сайн унаад сурсан хүүхдүүдийг шалгаад хурдан хүлгийн нуруунд гаргадаг юм. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамдаа Өндөрхангайчууд одтой сайхан наадаж олон айраг, түрүү хүртэхийг хүсэн ерөөе.
- Ерөөл бат орших болтугай. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Хаа байсан баруун хязгаарт ирж морины үйл хэргийн төлөө зүтгэж яваад маш их баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.144

    Тэнэг нөхдүүд байна даа нутгийнхаа хэвээр нь хадгалахгүй зүсэн зүйлийн юмтай холиод дуусч байгаа юм байна

    Reply