МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Н.МӨНХДАШ: БИД ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХАЖ, АМЖИЛТАНД ХҮРЧ ЧАДАХ АГУУ ҮНДЭСТНИЙ ҮР ХОЙЧ ГЭДГЭЭ ДЭЛХИЙД МЭДРҮҮЛЭХСЭН

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 04 -нд

Их эзнийг ивээлдээ багтаасан шүтээн хайрхнаар овоглодог нэгэн эрхэм сэтгүүлийн маань энэ удаагийн зочин хойморт тухаллаа. Энэ хүн бол олноо “Бурхан халдун”-ы Мандаа хэмээн алдаршсан Дархан-Уул аймгийн харьяат Монгол Улсын Манлай уяач Намсрайн Мөнхдаш юм. АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд Зоос бор үрээгээ түрүүлгэж, том наадмын өм нээгдсэн тэрээр Монгол төрийн зарлигтай наадмаас дөрвөн түрүү, есөн айраг хүртсэн байдаг билээ. Түүний ажлын ерөөнд өрнөсөн бидний ярилцлага ийн эхэлсэн юм.
БУРХАН ХАЛДУНДАА БАРААЛХАХАД ЭРЧ ХүЧ УНДРААД Л ИРДЭГ ЮМ
-Дарханы Мөнхдаш л гэдэг. Ингэхэд Манлай аль нутгийн хүн  юм бэ?
-Би Дархан хотод төрсөн. Дарханы унаган хүү. Харин эцэг эхийн маань тухайд аав Хэнтий аймгийн Дадал сумынх. Ээж маань Говь-Алтай аймгийн Тонхил сумын бүсгүй. 16, 17-той байхдаа нутгаасаа гарч, хотод сурахаар ирээд байхдаа аавтай танилцаж гэр бүл болсон юм билээ. Миний төрсөн эцэг хурдан морь уядаг, уяач хүн байсан гэдэг. Намайг их багад өнгөрсөн болохоор би сайн мэддэггүй юмаа.
-Намсрай гэдэг нь ...?
-Миний хоёр дахь аав. Аавыг бурхан болсны дараа ижийтэй минь ханилсан хүн. Миний төрсөн эцэг маань Базарханд гэж хүн байсан. Аавын минь ах дүүс их хэлмэгдүүлэлтэнд өртсөн олон буриадуудын нэг. Хожмоо тэднийг маань цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн. Аав маань  тэр бүхнээс болоод нэрээ хүртэл сольж байсан гэдэг юм.
-Зүрх шимшрэм гашуун түүх шүү.
-Тиймээ, сор болсон олон  сайхан хүмүүс хэлмэгдсэн гашуун түүх.
-Өвөг дээдсийн нутаг гэдэг утгаараа компаниа “Бурхан халдун” хэмээн нэрийджээ дээ?
-Тиймээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун хайрхан бол Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж ирсэн түүхтэй. Эцэг эх маань өвөг дээдсийн ёс заншлаа дагаж, энэ уулыг сүсэглэн дээдэлж ирсэн. Цайныхаа дээжийг өглөө болгон Бурхан халдундаа өргөж бай гэсэн дээдсийн сургаалийг ээж маань бидэнд захиж, өвлүүлсэн хүн дээ. Ингээд л сүсэглэн хайрладаг хайрхныхаа нэрээр компаниа нэрлэсэн нь өдгөө овог шиг болж.
-Нээрээ л Бурхан халдуны Мандаа л гэдэг шүү дээ?
-Анх энэ нэрийг авч байхад нутгийн хөгшчүүл хэлж байсан. Их мундаг хайрхны нэр авлаа, хатуудахвий гэж. Харин түүнээс хэдэн жилийн дараа нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа нутгийн хүү хэмээн урмын үг хайрлах болсон шүү. Энэ их хайрхан цаагуураа мууг халхалж, сайныг илүү түгээн цацруулж байдаг болов уу.
-Бурхан халдундаа бараалхана биз?
-Тэгэлгүй яахав. Жил бүр очиж мөргөөд, хийморио сэргээдэг. Ах нарынхаа хамтаар чин сэтгэлийн угаас дээдлэн шүтэж төрийн хар сүлдийг бүтээн Хайрхныхаа оройд залаад нэлээд хэдэн жил болж байна. Тэрхүү сүлдэнд маань Монгол төрийн үе үеийн төрийн тэргүүнүүд очиж хүндэтгэл үзүүлдэгт бид бүхэн баяртай явдаг. Ер нь хайрхан дээрээ нэг очоод ирэхэд эрч хүч ундраад л ирдэг юм.
-Таны бага насны дурсамжинд Дадал ойрхон байдаг болов уу? Багадаа морь  унаж байв уу?
-Миний бага нас Дарханд өнгөрсөн. Ээж  маань Анагаахын дунд сургуулийн багш байлаа. Социализмын тэр үед оюутнууд багштайгаа хөдөө суманд очиж ажиллана.  Би бас дагаад л явна. Ингэхдээ хаа нэг морь унаж, давхина. Тэр нь их л сайхан санагддаг байж билээ. Гэхдээ жоохон махтай хүүхэд байсан болохоор хурдны морь унаж байгаагүй ээ.
-Сүүлийн үед морь унаж байна уу?
-Уналгүй яахав. Морь сайн унана шүү.
ХҮРЭН АЗАРГА МОРИНД ДУРТАЙ МИНИЙ СЭТГЭЛИЙГ ДЭВРЭЭСЭН ХУРДАН БУЯН
-Багын тэр сайхан мэдрэмж яваандаа  морь мал сонирхох эхлэл байж, тийм үү. Миний санаж байгаагаар 2000-аад оны эхээс Мөнхдаш гэх нэр сонстох болсон санагдана?
-1998 оноос эхлэн моринд орсон гэж болно. 1996 оны улсын баяр наадамд Мижиддорж найз маань хүрэн морио айрагдуулсан юм. Өөрийн эрхгүй л огшдог юм билээ. Бүүр найзаасаа өөрцгүй баярласан гээч. Тэгээд л морь уяхаар шийдсэн. Дараа жил нь Шагдарын Мөнхбат найз маань Багануураас морь уяж ирдэг юм. Мөнхбат, Цандэлэг бид хэд дотно сайхан найзууд л даа. Ёстой л загатнасан газар нь маажна гээч болж, тэр жил найзынхаа гал уяанд орлоо. Болоогүй Мөнгөнморьтын начин Дэмбэрэл гэж хүнээс хязаалан үрээ худалдан авч өөрийнхөө нэр дээр уралдуулсан юм. Ингэж л адуунд сүсэглэсэн хийморилог эрчүүдийн эгнээнд орж байсан нь саяхан мэт санагдана. Тэр жилийн  өвөл нь Максын Ганбаа, одоо АНУ-д морь уяж байгаа Ганбат нар Цанаа бид хоёртой  морь авахаар Жаргалант явдаг юм. Очоод Цандэлэг маань нэг халиун морь авлаа. Харин миний нүдэнд нэг хүрэн азарга өөрийн эрхгүй туссан. Тойруулгын өвлийн уралдаануудад дээгүүр давхиж, улсад наймаар хурдалсан энэ азаргыг ингэж авсан түүхтэй. Хүрэн азарга моринд дуртай миний сэтгэлийг илүү дэврээсэн хурдан буян даа.
-Жаргалантын хэний адуу вэ?
-Хоргой Батсүх гэдэг хүний адуу. Бүр тодруулбал Тойруулга угшилтай адуу юм билээ. Жаргалантын Пүүвээ  гэж хүнээр дамжуулж авч байсан юм.
-Хэдтэй азарга авч байгаа юм бэ?
-Наймтай залуухан азарга.  Надад ирэхээсээ өмнө сумандаа л орж байсан. Цус орсон, зэгзгэр, дэндүү цэвэрхэн амьтан л даа. Тухайн үед би морь мэдэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө л энэ азаргыг хараад өөрийн эрхгүй сэтгэл татагдсан.
-Танд ирээд яаж давхисан билээ?
-“Дүнжингарав”-ын уралдаануудад хоёр, гурван жил дараалан түрүүллээ. Анхны 69-ийн байтай тойруулгын уралдаанд түрүүлсэн. Нэгэн үе Цанаа, Симбагийн Батсайхан бид хэд чинь бооцоот уралдааныг сайн хийдэг байлаа. Харин улсад Хэнтийн Дадалын Дарамрэнчингийн алаг азарга түрүүлэхэд наймаар орсон. Яармагт уралддаг байсан тэр жил Айдасын даваагаар гурав дээр гарч ирсэн ч суугаад наймласан нь тэр.
-Та бооцоот уралдаанд хэр одтой наадаж байв?
-Тэр үед доод тал нь таван сая төгрөгөөр бооцоо тавина. Түүнээс дээшээгээ 15,000 доллар хүртэл бооцоотой. Би ч бооцоот уралдаанаас хоосон буцаж байгаагүй. Цандэлэг нэг их мориор, би Оодон хээрээрээ, шөвгөр Өлзий, Эрдэнэтийн Чука Манлай халзангаараа уралддаг байлаа.
-Хүрэн азаргандаа ямар ямар гүү хураалгаж байсан бэ?
-Улсын баяр наадмаар аман хүзүүлсэн ягаан халзан хязаалангийн эх гүүг хураалгаж, сайхан бор азаргатай болсон. Одоо үр төлүүд нь сайн давхиж байна. Энэ гүү нь Сүхбаатарын Түмэнцогтын Саарийсүрэнгийн Төмөр-Очир гуайн адуунаас гаралтай юм. Ягаан халзан хязаалангийн эцэг ч Тод манлайн адуу. Би дааганд нь эхтэй нь худалдаж авч байсан юм. Ягаан халзан улсад даагандаа зургаа, шүдлэн 10-н хэдээр орж, хязаалан аман хүзүүдээд, соёолон арваар давхисан. Тэрнээс хойш уяагүй ээ.
АНХ ООДОН ХЭЭРЭЭ ЭЗЭНТЭЙ НЬ УТСААР НАЙМААЛЦААД Л АВЧ БАЙЛАА
-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар адуу байна вэ?
-Улсад хоёр түрүүлж, нэг айрагдсан
оос бор маань байна. 2006 онд шүдлэн түрүүлж, Содномцог ахын Од хээр түрүүлдэг жил соёолондоо тавлаж байлаа. Харин үүнээс хойхно 2010 онд улсад  хар шүдлэнгээ түрүүлгэж, ийнхүү хоёр шүдлэнгийн түрүүтэй болсон.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2001 ОНД:
Шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд хонгор морь 15
2002 ОНД:
АХ-ын 81 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Зоос бор шүдлэн түрүү
2003 ОНД:
Орхон аймагт болсон Хангайн бүсийн уралдаанд хүрэн азарга айргийн тав
Орхон аймагт болсон Хангайн бүсийн уралдаанд сартай зээрд соёолон түрүү
2004 ОНД:
АХ-ын 83 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ягаан халзан хязаалан аман хүзүү
АХ-ын 83 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Зоос бор соёолон айргийн тав
2005 ОНД:
“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хээр морь түрүү
2006 ОНД:
Эрдэнэт хотын 30 жилийн ой Төвийн бүсийн уралдаанд ногоон хязаалан айргийн гурав
Хөдөө арлын их цэнгэл Зүүн бүсийн наадамд ногоон хязаалан айргийн дөрөв
2007 ОНД:
“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хээр азарга айргийн дөрөв
“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хээр морь айргийн гурав
2010 ОНД:
АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хар шүдлэн түрүү
Амарбаясгалант хийдийн тахилга бүсийн уралдаанд хул хязаалан аман хүзүү
Амарбаясгалант хийдийн тахилга бүсийн уралдаанд саарал халзан шүдлэн айргийн гурав
-Хар шүдлэн хаанахын адуу вэ?
-Англи эцэгтэй, Монгол эхтэй адуу. Энэ жил естэй сайхан азарга үр төлөө өгөөд явж байна. 
-Эх нь хаанахын гүү вэ?
-Эх нь урдаас орж ирсэн Барга адууны удамтай. Урд хилийн цаахнатай Өвөрмонголд Эрдэнэбаатар гэж найз маань бий. Өвөл зунгүй 200, 300 адуу тэжээдэг, бизнесийн чиглэлээр хурдан угшлын адуу гаргадаг тун ажилсаг нөхөр. Яг л ярьсандаа,  найдвартай, худлаа ярихгүй жинхэнэ эр хүн. Түүнээс би их олон адуу авсны нэг нь Оодон хээр байна. Утсаар наймаалцаад л авчихаж байлаа. Тухайн үед сайн адуу байна, 100 мянган юан гэхээр нь би мөнгийг нь шилжүүлчихэж байгаа юм. Ингээд надад ирж, 100 мянган юанаасаа ч илүүг авчирсан буянтай адуу. Тухайн үедээ 12-той, харьж яваа үед нь авч байлаа.
-Барга адуу хэр вэ?
-Яг л монгол адуу шүү дээ. Дээр үед 50, 60 хэдэн онд морин тойруулга байгуулагдахад хойноос зургаан азарга орж ирсэн байдаг. Үүнтэй адил судлаад үзэхээр хятадууд ч адууныхаа үржил селекцийг сайжруулахаар маш олон англи адуу авч байсан юм байна лээ. Түүнээс хойш урд тасралтгүй цус сэлбэх ажил хийгдэж байна. Тийм болохоор Барга адуунууд том, биерхүү талдаа байдаг юм.
-Та ер нь хаана хаанаас адуу авч байсан бэ. Нууц биш бол наймааны дээд ханш хэд хүрч байсан болоо?
-Би Жаргалант, Сүхбаатар, Хятад, Оросоос орж ирсэн цустай адуу их авч байлаа. Ер нь энд тэндхийн адуу их авсаан.  Бид чинь морь малны наймаан дээр үнэ буулгадаггүй. Хийморийн юм гэж ярьдаг учраас үнийн талаар яриад ч байхгүй. Таалагдсан бол “өгсөн авсандаа өлзийтэй байг” гээд л наймаалцчихна. Авсаныхаа дараа өнөө улсуудаа баярлуулна. Иймэрхүү жишигтэй. Би ч айхтар үнэтэй адуу авч байгаагүй хүн. Дүнжингаравын түрүү магнай Монгол хээрийн дүү азаргыг Сүхбаатараас 25 сая төгрөгөөр авсан нь одоогоор хамгийн үнэтэй нь.
-Хэзээ авсан юм бэ?
-Саяхан даа. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилээр 30-н хэдээр давхихад нь анх харсан юм.
-Тэгвэл Зоос борыгоо хэдээр авч байв?
-Зоос борыг шүдлэн улсад түрүүлэхэд нь таван сая төгрөгөөр авсан юм. Эзэн нь хотод ирснийх нэг машин аваад явах санаатай байсан юм билээ. Тэгээд би машинд нь гурван сая гаруй төгрөгийн юм хийж өгөөд, бэлнээр хоёр сая төгрөг өгөөд авч байлаа. Өгсөн хүн нь ч сэтгэл хангалуун үлдээсэй л гэж хүсдэг. Үүнээс гадна найз нөхдөөс бэлгэнд ирсэн адуунууд ч бий. Тэр дундаа урдаас найз нар адуу их бэлэглэнэ. Би ч бас хариуг нь барина.
-Хаанахын адуу юм бэ?
-Хэнтийн Баян-Адаргын адуу. Хонгон дээрээ яг зоос шиг тод цагаан тамгатай болохоор нь Зоос бор хэмээн нэрийдсэн юм.
-Одоо та өөрөө морио уяж байна уу?
-Анх дааган Цэндээ маань миний морьдын уяа сойлгыг тааруулдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд өөрөө гардан уяж байна.
-Амжилтын цуваа Тод манлайд нэлээн дөхөж байгаа байх шүү?
-Тийм ээ, Тод манлай болоход нэг айраг, нэг түрүү дутуу байна.
МОНГОЛ НААДМЫН ЦЭНГЭЛ ХААНА Ч ЯЛГААГҮЙ
-Гэхдээ сүүлийн жилүүдэд уяаны ажилдаа нэг их шимтэхгүй байна уу? Улс төр, бизнес гээд...
Яалаа гэж.  Морьгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй ш дээ. /инээв/ Би сүүлийн хоёр гурван жил Дархандаа л уралдаж байна. Баянаа аварга наадам цэнгэл нь хаана ч байсан ялгаагүй гэж хэлдэг дээ. Түүн шиг улсынх ч бай, сумынх ч бай цэнгэл нь адилхан юм.
-Одоо бол унаган адуугаараа наадаж байна уу?
-Үнэн худал нь мэдэгдэхгүй мундаг үнэтэй адуунууд яригдаад л байх юм. Яг авдаг, өгдөг нь үнэн ч юмуу таашгүй. Би бол өөрийнхөө адуугаар наадаж байна. Надад одоо 350 гаруй адуу бий. Азарганууд нь улс, бүсийн алинд ч орчихоор угшилтай. Гарч байгаа төлүүд нь ч энд тэнд сайн уралдаж байна. Тэрнээс өөр яах юм бэ. Би лав 200, 300 саяар адуу авч уралдуулахгүй.
-Ер нь морь хурдлаад ирэхээр ажил үйлс бүтэмжтэй байна уу. Эсвэл ажил үйлс өөдрөг байхаар морь хурдлаад байх юмуу?
-Морь хурдална гэхээр хийморьтой байнаа л гэсэн үг. Улсад жилдээ 3000 гаруй том жижиг уралдаан болж байна. Энд газар газраас уяачид ирж оролцох бөгөөд бүгд л уясан хүлгэдээ айраг түрүүгээр хурдлуулчихсан гэж боддог. Монгол наадмын дэвжээ чанга л даа. Эндээс ердөө 30 нь л айрагдана гэхээр амаргүй байгаа биз. Тэгэхээр хийморьтой байгаагийнх нь морь хурдалж, өөртөө  итгэх итгэл нэмэгдсэнээр ажил төрөл амжилттай явдаг юм болов уу. Сар шинэ гараад тухайн жилийн өнгийг тольдох Дүнжингарав  болон бусад хаврын уралдаанууд эхэлдэг. Энд одтой сайхан наадчихад тэр жилдээ хийморьтой байх нь гэж бид бэлгэшээдэг шүү дээ.
-Би таныг нэлээн үндсэрхэг үзэлтэй хүн гэж ойлгодог. Миний таамаглал нэг их хол зөрүүгүй болов уу?
-Монголчууд бүгдээрээ үндсэрхэг үзэлтэй байх хэрэгтэй. Миний ойр орчмын найз нөхөд үндсэрхэг үзэлтэй хүмүүс. Би тэдний нэг нь. Эндээс үүдээд хэлэхэд бодож байгаа юм их бий. Жишээ нь Монгол бахархлын өдөр хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлээд л өнгөрдөг. Гэтэл нэгэн цагт бидний өвөг дээдэс дэлхийн түүхийг бичилцэж, хуурай газрыг морин туурайгаар эзэлж явлаа. Тэгэхэд өнөөдөр дэндүү сул болчихож.  Бид өөрсдөөрөө бахархаж, амжилтанд хүрч чадах агуу үндэстний үр хойч гэдгээ дэлхийн улсуудад мэдрүүлэхсэн. Хамгийн ойрын жишээ татъя л даа. Найман жилийн өмнө Түвшинбаяр, Сэрдамба, Бадар-Ууган нар тэмцээнд явах уу, байх уу гэж алдаг оног бэлтгэл хийж байгаад л Олимпийн түүхэнд бичигдсэн тамирчид боллоо. Манайхан чинь ясны дайчин цустай, тэвчээртэй улс байхгүй юу. Магадгүй Хятад, Япон, Солонгос шиг тамирчдаа ухаан орохоос нь бэлдвэл бүүр их юм дуулгана даа. Саяхан монгол хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөн дэлхийн рекордыг эвдсэн тухай мэдээг уншаад их бахархсан. Ердөө хоёр, гуравхан жил хичээллээд Дэлхийн аваргын рекордыг нь эвдэж байна. За бас сумо байна. Монгол бөх япончуудтай яг адилхан хэмжээнд бэлтгэл хийгээд сумогийн дээд зиндаанд 50 хувьд нь барилдаж байна. Энэ мэтээр монгол хүнд дайчин чанарууд их бий.
-Уг нь би хувь хүн тал руу нь асуусан ч та нэлээн өргөн хүрээнд хариулчихлаа?
-Миний бодож явдаг юм энэ. Монголчууд чинь мундаг оюуны болоод биеийн агуу их потенциалтай улс шүү дээ. Дэлхийд нэрлэгдэх тэрбумтнууд монголоос удахгүй төрнө л гэж боддог.
-Таны өрөөнд байгаа сувинерууд анхаарал татаж байна шүү. Манай уншигчдад сонирхуулаач?
-Би урлагийн бүтээлд их ач холбогдол өгдөг. Ялангуяа Бурхан халдуныхаа зурагнуудад их хайртай. Ажил гэлтгүй гэрт маань ч гоё гоё Бурхан халдуны зураг бий. Бас чамгүй үнэтэй. За бас Лхамсүрэн гуайн түүхэн зургуудад их дуртай. Жишээ нь “Мянганы хүн” нэртэй түүний бүтээл байна. Өрөөнд маань Чингис хааны гурван үеийг харуулсан, тамгатай сувинер бас онцгой байрыг эзэлдэг. Энийг Мөнгөнморьтын зураач барималч Хурцаа ах Ерөнхийлөгч Багабанди гуайд дурсгаж байсан юм билээ. Тэгээд би Хурцаа ахад захиалж хийлгүүлсэн юм.
-Эд өлгийн зүйлд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Монгол хүн юм чинь ач холбогдол өгөлгүй яахав. Гэхдээ цуглуулгын хэмжээнд бишээ. Байх ёстой гэдэг утгаараа эдэлж хэрэглэдэг. Эмээл, хазаар, хөөрөг гээд л. 
-Та өөрөө зураг зурах уу?
-Багадаа зураг зурахаас илүү бокс, хөл бөмбөг, сагсаар хичээллэдэг байлаа. Тухайн үед зав л гарвал хүүхэд бүр ямар нэгэн спортоор хичээллэдэг байсан юм. Одооных шиг интернэт, компьютер гэж байсан биш.
-Энэ тамга бас их өвөрмөц юмаа?
-Анх Тэргүүн гэж компани байгуулж байлаа. Ингээд тэргүүний Т ороод, жижиг Т-гээр нь шонхор шувууг дүрсэлсэн юм. Товчхондоо Тэргүүн угшил гэсэн утгатай.
-Яваандаа Тэргүүн угшлын адуутай болох юм байна, тиймээ?
-Магадгүй ээ.
-Амжилттай яваа хүмүүсийн цаана хүчирхэг гэр бүл байдаг. Айлын эхнэр моринд дурлаад ирэхээр морь айрагддаг хэмээн хошигнох нь бий. Танай гэр бүлийнхэн бас морины хоббитнууд уу?
-Тэгэлгүй яахав, ээж, эхнэр, хүүхдүүд бүгд морины “өвчтэй” улс. Заримдаа бүр “хэтрүүлнэ” шүү дээ./инээв/ Надад ажил төрөл амжихгүй үе гарна. Тэгэхэд эд маань ажлаа амжуулаад морь руугаа явна, сунгаа, наадам  алдахгүй үзнэ.  Хүү маань 2005 оны долдугаар сарын 5-нд төрсөн юм. Тэр жил долоон сарын 10-нд нь нялх биетэй эхнэр маань хүүтэйгээ адуун дээрээ очиж байлаа. Тэгэхэд манай хүний соёолон улсад уралдаж, хүүхэдгүй аман хүзүүлээд, байр ухраад зургаалсан юм. Нүдний шилт гэж уг соёолон эхнэрийн адуу л даа. Гэхдээ улсад миний нэрээр мордсон. 
- Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би гурван хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань өөр өөрийн адуутай. Ер нь гайгүй адуу төрөхөөр хүүхдүүддээ зүслээд өгчихдөг юм. 2010 онд улсад түрүүлдэг адуу гэхэд том хүүгийнх. Дараа жил нь жоохон хөл гар нь муу байгаад уралдуулаагүй юм. Тэгсэн намайг муу уялаа гэж загнаж байна лээ. /инээв/  Хүүхдүүд маань монгол ахуй, ёс заншлаа зарим нэг үеийнхнээсээ илүү мэддэг  гэж болно. Бид гэр бүлээрээ амралтын өдөр Өлзийтөд адуун дээрээ очиж амраад ирдэг. Энэ мэтээр гэр бүлийнхэн маань дэмждэг болохоор сайхан байдаг юмаа.  
-Одоо танай адуу Дархандаа байна уу?
-Төв аймгийн Бүрэн суманд бий. Зундаа уралдах адуугаа наашлуулаад уячихдаг юм.
МАНАЙ АЙМАГ 200-ГААД УЯАЧТАЙ
-Дарханд уяач олон уу?
-Манай “Бурхантын хурд” МСУХ-нд 130 уяач бүртгэлтэй байдаг юм. Энд бүртгэлгүй нь нэмэгдэхээр 200 гарчихна.
- Дархан аймгийн МСУХ-ны тэргүүнээр хэдэн жил ажиллав. Одоохондоо түр түтгэлзчихээд байгаа юм байна, тийм үү?
-Тиймээ түр түтгэлзчихсэн байгаа. Манай “Бурхантын хурд” МСУХ 2010 онд байгуулагдаж, түүнээс дөрвөн жилийн дараанаас үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Дарханы уяачдаа идэвхижүүлж, нөгөө холбоотойгоо хамтран ажиллах урилга илгээсэн.
-Дарханы уяачид жилдээ хичнээн уралдаан зохион байгуулж байна вэ?
-Жилдээ нэг удаа зургаан насны уралдаан зохион байгуулах бодолтой байна. Би олон уралдаан хэрэггүй гэж боддог юм. Нэг үе бүүр төрсөн өдрөөрөө мотоцикль тавиад уралдуулдаг байлаа. Тэр бол арай дэндэнээ. За тэгээд ургийн баяр, төрсөн өдөр, хүүхдийн үсний найр, мянгат малчны найр гэхчилэн аюулгүй байдлаа хангаагүй уралдаан зохион байгуулж хүүхдэд эрсдэл дагуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Минийхээр наадам бага ч чанартай байх ёстой. Дээр нь хавартаа нэг уралдчихъя. Ингээд л болоо.  Тэрнээс туйлширч болохгүй. Хэрвээ албан байгууллага ойгоо хийх гэж байгаа бол наадмаа чанартай, бай шагналыг нь хангалттай, аюулгүй байдлаа хангаж эртнээс бэлд л дээ. Түүнээс биш байнга хүүхэд, мал хоёр зовоогоод яахын бэ.
-Дарханы орон нутгийн удирдлагууд уяачдын холбоотойгоо хэр хамтарч ажилладаг вэ?
-Засаг захиргаанаас уяачдаа байнга дэмжин ажилладаг. Одоо гэхэд гуравдугаар сарын зургаанд болох наадмыг Засаг даргын тамгын газар, “Бурхантын хурд” МСУХ хамтран зохион байгуулах гэж байгаа юм билээ. Хамтраад дорвитойхон шиг сайхан наадам зохион байгуулах байхаа.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь хурдан, уяачид нь хийморьтой, уралдаанч хөвгүүд нь цовоо байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл №73

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 129.205.124.223

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply