Жаргалант адууны хур

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 21 -нд

Тогоруу адуу гэж яригдахаас лавтай 20  жилийн өмнө Жаргалант адууг Галшар адуугаар сүлсэн хүн бол Манлай уяач Сэдэдийн Жамбал юм. Жаргалантын морин заводын адууг зүүн зүгийн хурдтай нийлүүлэхэд дөмөгхөн хүлэг гарна гэдгийг хамгийн түрүүнд ажигласан хүн ч байж мэднэ. Бага насны адууг цартайхан уяж, төрийн наадмаас таван түрүү, 10 айраг авсан байхыг харахул яалт ч үгүй өнгөрсөн зууны сайчуудын нэг мөн. Тэр Жаргалант адууг, Баянцагаан, Галшар, Иххэтийн хурдан адуугаар сэлбэж  ийм өндөр амжилтыг гаргасан юм.  Их уяач 1926 онд Дэлгэр их уулын аймгийн Халиугчин Боролзой уулын хошуу буюу одоогийн Төв аймгийн Борнуур суманд мэндэлжээ. Насаараа сангийн аж ахуйн адуу малласан хүн. Бага насны адууны уяанд илүүтэй сайн. Саамлаж морь уядаг, өвөлдөө оторт Загдал, Зөөхий рүү гарч хужирладаг, голын хойд талын сумдын адууны чанарт эрс өөрчлөлт оруулсан нэгэн билээ.
Хожмын Манлай уяачдын нөхөрлөл
Манлай уяач Дамдингомбын Даш, Сэдэдийн Жамбал нар насаараа хурдан морины наймаа хийсэн. Хэн хэндээ сайн адуу өгч баярлуулж байсан буянтнууд. Сэргэлэн сумын харьяат Дамдингомбын Даш цагтаа Төв аймгийн театрт “Учиртай гурав”-т тоглож явсан эр. Хорихын нягтлангаар ажиллаж, удалгүй адуу малыг нь хариуцах болсноор хурдан морь уяж, төрийн наадмаас 13 айраг авч анхны Манлай уяачдын нэгд нэрлэгдсэн хүн. Төв аймаг руу Хэнтийн хурдыг зөөх эхлэлийг тавилцсан түүчээ гэх нь ч бий. Нэгэн удаагийн явалтаар Галшарын ангасай Банзрагчаас соёолон саарал үрээ авч ирэв. Тэр үрээг  С.Жамбалын төрсөн дүү Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч С.Сэрээтэр худалдан авч ахдаа өгсөн байна. С.Жамбал саарал азарганаас олон хурдан төл авчээ. Галшар эцэгтэй, Жаргалант эхтэй хурдан хүлгүүд төрийн наадамд дараагаараа ирж байсан түүх хүртэл бий. Хоёр их уяачийн анхны наймаа нь энэ байлаа.
Миний хоёр ирэх болов уу
1966 оны үерийн жилийн наадам ХХ зууны дуулиант наадамд зүй ёсоор нэрлэгддэг. Энэ наадмыг С.Жамбал Манлай хоёр сайн морин соёолонтой зорьж ирэв. Д.Дашаас авсан саарал азарганы үр хоёр үрээ хоёулаа сунгаанд гоц байж. Хээр нь даагандаа, бор халзан нь хязааландаа улсын наадамд айрагдчихаад байсан юм. Соёолон мордсоны дараа хэний ямар үрээ түрүүлэх бол гэсэн яриа гарахад С.Жамбал “хүүхэд нь ойччихгүй бол миний хоёр ирэх байхаа...” хэмээсэн гэдэг. Амны билгээр болж бор халзан нь түрүүлж, хээр үрээ нь аман хүзүүдэв. Яг тэр жил Морин спортын төв клубын уяачаар ирээд байсан С.Самдангийн уясан саарал үрээ тавд хурдалж мөн л нэгэн түүхийг эхлүүлж байлаа. Готовын Яахүүгийн саарал гээч хурдан адуу тэр юм.
Хоёр даага угсрав
1968 оны улсын наадамд С.Жамбалын галаас хоёр түрүү авч, даага аман хүзүүдэн, унаган үрээ нь аман хүзүүдээд, соёолон айрагдаж тун ч одтой наадав. Тэр жил гурван сайн даагатай байжээ. Халиун даага нь давхил болгондоо илүүрхэж, төрсөн дүү С.Нацагдоржийн хонгор халзан ард нь байв. Наадмын өмнө халиун даага доголж, унаач охин нь унахгүй хэмээн голсон гэдэг. Их наадамд халиун даага, С.Нацагдоржийн хонгор халзан даагатай холбоотой ирж баригдав. Морины комисс халиуныг барихаар зэхтэл Манлай “ах дүү хоёрын хэнийх нь ч даага түрүүлсэн яахав. Хонгор халзанг барьчих” гэснээр асуудал шийдэгдсэн байна. Цавьдар даага нь 12-т хурдалж, Майгаар түрүүлдэг сайн морь болж Булган аймаг руу зарагдав.
Тэр жил Падын Цэдэвийн бор соёолон түрүүлж, Д.Дашийн хар үрээ аман хүзүүдсэн. Хар нь С.Жамбал гуайн унаган, бор нь Борнуурын Бүрнээгийн унаган үрээ байжээ. Жаргалант удмын үрээнүүд төрийн наадамд цахиур хагалж эхлэхийг анзаарсан Сэргэлэн нутгийн хоёр уяач ийнхүү магнай тэнийжээ. Борнуур, Жаргалантаас хурдан адуу худалдан авах, наймаалцах улсын цуваа ч эхэллээ. Сонирхуулахад Даш Манлайн хар үрээг хүү Энхтайван нь унаж айрагдуулсан. Энхтайван бол Сэргэлэн сумын орлогч дарга Энхбаярын аав юм.
Хишигсүхийн хар
Хишигсүхийг өмнөх ном товхимолуудад Манлай уяач С.Жамбалын хүргэн хэмээн бичсээр ирсэн. Гэтэл баттай баримтаар эхнэрийнх нь төрсөн дүү гэнэ. Суурин амьдралтай морь хар ч гэхээргүй хүн ажээ. Харин их уяачийн морь тэрэгчин хийж олон наадамд хамт явж байсан түүх бол бий юм.  Хар азарганы удам угшлыг хөөвөл яалт ч үгүй заводын адуу болж хувирна. Хойноос цэвэр цусны азарганууд ирээд удаагүй байх цагт гэнэ. Борнуурын ногоочин Гооргой наймаа гэгч хүн мөнөөх цэвэр азаргыг хашаанаас гаргаж услахаар явахад замд нь гүү чөдөрлөсөөр байж хээл авахуулжээ. Эндээс хар унага гарсан нь 1968 оны улсын наадамд  шүдлэн айрагдсан Түмэнбаярын хар азарга юм. Хар азаргыг С.Жамбал гуай худалдан авч улсын наадамд нэг удаа наймд давхиулж, төл нь түмэн эх Хишигсүхийн хар азарга гарчээ. Хар азарганы уяа заслыг Жамбал гуай гардаж, үр төлийг нь ч сайн хурдлуулсан юм. Төрийн наадамд нэг ирээд байхад нь тухайн үеийн төрийн сайд Чойжингийн Хурц майхнаар нь зочилж, идээ будаа болж, чамгүй өндөр үнэ хэлж байсан гэдэг.
Улсын Арслан “хужаа” хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэн Баянчандманиар нутаглаж морь уядаг хүн байв. Энэ хүний өргөмөл хүү Чинзориг Манлай уяачийн морьдыг сайн унаж хурдлуулдаг адтай унаач. Хишигсүхийн харын эцэг хар азаргыг улсын наадамд Чинзориг хүү унажээ. Гарахад нь Манлай уяач “миний хүү бензин масло нь бага юм шүү. Битгий их шахаарай...” хэмээсэн байна. Наймд хурдалсныг мэдсэн Чинзориг унаач “таны үгнээс хаширлаад шахсангүй, гарцаагүй айрагдах байлаа...” хэмээж байсан гэдэг ээ.
Энхдаваагийн хар ч энэ айлын адуунд хамаатай
Баруунхараа  хоёр Хүрлээтэй. Даруу Хүрлээ, Дармаа Хүрлээ гэж ялгана. Уг нь Ёндонгийн Хүрлээ л дээ. Ё.Хүрлээгийн саарал гэж орон нутагтаа сайн хурдалж байсан хүлэг С.Жамбалын унаган адуу байв. Баруунхараагийн 30 жилийн ойд Хишигсүхийн хар түрүүлж, Ё.Хүрлээгийн саарал аман хүзүүдэж, С.Жамбалын Чонон хул азарга гуравт хурдалж нэгэн айлын унаган болон уяаны хүлгүүд айрагт багтсан түүхтэй. Хүрлээгийн саарлын төл нь төрийн наадамд жил дараалан айрагдсан Цэдэвсүрэнгийн Энхдаваагийн сайхан хар азарга ажээ.
Адууны тархац
С.Жамбал гуай тухайн үеийн захиргаадалтын тогтоосон тоонд баригдахын эрхэнд туслах, яваачингууддаа бэлгэнд өгсөн даага шүдлэн олон. Жаргалантын улсын Алдарт уяач О.Юндэндорж Хишигсүхийн харын төл гарах гүүг 1000 төгрөгөөр худалдан авчээ. Эндээс Жаргалантад олон түрүүлж, айрагдсан О.Юндэндоржийн хар азарга гарав. Баруунхараагийн их уяач Дарханы Балжин, С.Жамбал нар нэг нутаг хонхорын сайн найзууд байсан юм гэнэлээ. Д.Балжинд ч Манлайн адуунаас бий. Улсын наадамд Баруунхараагийн уяачид Борнуураар дайрч сунгаанаа Баянчандманьд хийгээд Богдын хүрээг зорьдог жимтэй байжээ.
Чонон хул
1974 оны улсын наадамд хязаалан тавд хурдалсан Чонон хул үрээг Д.Дашаас наадмын дараа худалдаж авчээ.  Дашийн хонгор хэмээх цуут хурдан ажнай төрийн наадамд зургаа уралдаж тав айрагдсан. Иххэт эхтэй, Хэнтийн Баянмөнх эцэгтэй адуу байв. Чонон хул яг л энэ удмын адуу. Даш Манлай хул үрээндээ зэгэл гүү дагуулж өгчээ. Энэ хоёрын дундаас гарсан зээрд даага 1980 оны улсын наадамд айрагдсан. Чонон хулын төл, Хишигсүхийн харын охин төлийн дундаас гарсан хурдан хүлгүүд Борнуурт онцгой хурдалсан. Ийм цустай их морьд нэг хэсэгтээ Борнуурт дийлдэхээ болив. 1996 оны улсын наадамд айрагдсан Батбаярын хар саарал морь яг ийм цустай хүлэг аж. Саарал морийг Г.Пунцагбалжир агсан авсан байдаг.
Сүүлчийн наймаа
Жамбалын Даваа ингэж ярив. 1991 онд манай хоёр өвгөн дахин нэг наймаа хийлээ. Аав маань эрлийз хээр байдас Д.Даш гуайд аваачиж өг гэдэг юм. Даш гуай оронд нь хүрэн халзан азарга барьж өглөө. Нэгэндээ ч айхтар итгэнэ л дээ. Даш нь “Жамбал надад муу юм өгөхгүй” гэх аав ч “Даш надад муу юм өгөхгүй” гэнэ. Хүрэн халзан азаргаа хөтлөөд буцаж явтал Дорнойн Сундуй гуай таарлаа. Тэр жил улсын 70 жил болж бага цоохор азарга нь наймд давхиад нэлээд ядарсан юм билээ. Цоохор азаргаа хөтөлчихсөн явж байна. Надаас “за Даш хүрэн халзан азаргаа хэнд зарчихав” гэж байна. “Жамбалд өглөө” гэвэл “аа тэр хоёр ч наймаа хийж сурсан улс даа” гэж байсан юм.
Бага хул азарга
Чонон хулын үрийн үр. Харин эх нь Дорноговийн Нарангэрэл гуайн адуу байх хэмээн таамагладаг. Ингэхээр эргэж зөв үе дээрээ цусандаа нийлсэн байж мэдэх юм. 1993 онд өмч хувьчлал болж автобус бааз задарч, адуу малаар автобус арилжжээ. Баазын адуунаас шүдлэн хул байдас авсан нь хурдан хулын эх гэнэ. 1995 оны зун соёолон гүү унагалсан нь ХХ зууны цуутай хурдан үрээ Дугарсүрэнгийн сааралтай уралдах түмэн эх байлаа.  Хойтон нь хул даага Түргэний голын сунгаанд зуу гаруй дааганд хол түрүүлэв. “Монгол адуу” нийгэмлэгийн уяачаар ирээд байсан Хорлоодойн Мягмардоржийн буурал даага аман хүзүүдлээ. Мягаа сунгааны дараа хулын хурдныг шогширч байв. Их наадамд Цэнхэрмандалаас ирсэн Чойжилын Дугарсүрэнгийн саарал түрүүлж, Жамбалын Даваагийн хул даага зургаалав. Шүдлэндээ Ч.Дугарсүрэнгийн саарал дахин улсын наадамд түрүүлж, хурдан хул аман хүзүүджээ. 1998 онд Баянчандманийн наадамд түрүүлчихээд улсын наадамд иржээ. Тэр жил С.Жамбалын хурдан хул үрээ магнайдаа тоосгүй ирж, Ч.Дугарсүрэнгийн цуут саарал аман хүзүүдсэн түүхтэй. Их наадмын дараа өвгөн уяач Чойжилын Дугарсүрэн “өдий насласан би унаачаа сольж нэг том алдаа хийлээ. Шинэ унаачаар унуулсан юм...” хэмээсэн гэдэг.  Энэ хул азарга хожим Банзрагчийн Билэгдэмбэрэлд очсон.
2014 оны цагаан сарын өмнө Тод манлай уяач Д.Онон Э.Энхбаярт хандаж “танай өвөөгийн саарал азарганд би дөмөг гэсэн гүүнүүдээ тавьж байсан. Энэ шон дээр уяатай морьдод саарлын цус ороогүй хүлэг үгүй” хэмээж байсан юм. Ингэхээр Сэдэдийн Жамбалын адуу өнөө цагийн их уяачийн адуутай яг л ижил аргамагууд байсан бололтой.
О.Наранбаатар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна