“Боржигон” МСУХ-ны тэргүүлэгч С.Алтансүх: Би өвөөгийн "МА" тамгыг сэргээж байгаа хүн

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 08 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Боржигон”МСУХ-ны тэргүүлэгч С.Алтансүхийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны хурдан моринд орсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Аав, ээж  маань төмөр замын улс болохоор ийш тийшээ томилолтоор их явдаг байлаа. Би Сэлэнгэд төрсөн хүн л дээ. Манайх Дорноговь аймгийн Сайншандад суурьшин, миний хүүхэд идэр нас тэнд өнгөрч байлаа. Улмаар дунд сургуулиа төгсөөд  ТЗ-ын техниккумд оюутан болж, ТИС-ийг давхар төгсөөд, ажилд орсон энэ бүх хугацаанд төвд л амьдарч байлаа. Тэгсэн манай эгч Дорноговийн аймгийн Алдарт уяач Загдсүрэн гэж айлд бэр ордог юм. Би ч эр хүн болсон хойно адуу мал сонирхолтой санагдана. Манайд адуу мал гэж байсангүй. Тэр айлын адуу мал дээр очиж анх удаа хүүхдүүдийн хэлдэгээр “оригоор” нь харж байгаа нь тэр. Өмнө нь хурдан морийг зурагтаар харж байлаа ш дээ. Түүнээс нэг их удаагүй юмаа. Манай худын нас өндөр болоод адуу малаа дийлэхгүй болж, хүүхдүүд нь тэр дундаа хүргэн маань морьдоо хариуцдаг болсон. Тэгээд нэг удаа хурдан морь дагах машин бариад өгөөч гэж надаас гуйлаа. 1999 оны үе байхаа. Хамтдаа анх удаа морь дагалаа. Тэгсэн морь эргэхэд  нэг сонин болдог юм байна. Ерөөсөө өмнө нь төрж байгаагүй тэр мэдрэмж үнэхээр гайхуулсан. Үүнээс эхлээд л хүргэн ахыгаа дагаад ганц нэг морь үздэг болсон. Даанч тэр үед ажил их томилолтоор их явдаг байсан болохоор хүссэнээрээ байнга яваад байж чадахгүй л дээ.  Би чинь 1993 оноос инженер хийж байгаад 2001 онд Говьсүмбэр аймгийн ТЗ-н ЦШС-ний (ЭЧВод) даргаар томилогдон шилжиж ирсэн. Байнга л явж байдаг хүн чинь энд ирээд суурин болсон. МУ-ын Алдарт уяач Цэрэндэжид гуайн хүү Мөнхпүрэвтэй (Бөмбөөлэй) өмнө нь танил л даа. Бөмбөөлэй манай худынхаар очдог байхад нь танилцаж байсан юм. Тэгээд энд ирсэн Бөмбөөлэй маань байж байдаг байгаа.  Ингээд л морь сонирхож эхэлсэн. Эднийхээ туслах маягтай явлаа. Сүүлдээ Цэрэндэжид гуай “Аагий чи ерөөсөө моринд ор” гэхэд нь мал мэдэхгүй болохоор сэтгэлд нэг л буудаггүй. Хичнээн дуртай ч гэсэн яах бол гэж эргэлзэж байгаа юм чинь. Бүүр Дэжээ гуай морь бэлэглэе гээд байхад нь авахгүй гэснийг яана. Тэгээд Дэжээ гуай манай удмын адуу байгаа юм гээд, нэг хээр даага зүсэлж өгч байсан юм. Тэр үед уяач нар морь уях гээд байдаг. Энд уралдаан байдаггүй, их сонин газар байсан л даа. Ингээд би Тэрэгтийн талд өөрөө зардлыг нь гаргаад хаврын уралдааныг зохион байгуулах гэж байгаагаа өвгөнд хэлсэн,  их дэмжсэн.  Бас хүүхдийн баяраар даага уралдуулаад, унасан хүүхэд бүрт бэлэг гардууллаа. Тэр үед унаач хүүхдийг шагнадаггүй байсан. Ингээд хүмүүсийн дэмжлэгтэйгээр уралдаан зохион байгуулсан чинь хүмүүс их гайхсан. Ингэж болдог юм уу гээд л. Түүнээс хойш жил бүр даага уралдуулдаг болсон. Одоо бол хүмүүс Алтансүх наадам хэзээ зохион байгуулах уу л гэдэг болсон байна лээ.
-Анхны жил хэдэн даага уралдсан бэ. Мэдээж жил ирэх тусам дааганы тоо нэмэгдэж байгаа байх даа?
-Анхны жил санаж байснаас олон даага уралдсан. Дараа жил нь дажгүй шүү. Харин гурав дахь жил нь 2005 онд зуд болоод 2006 онд ямар ч даага байхгүй. Тэр жил надад Цогтоо нэг хонгор морь зарсан нь миний анхны адууны наймаа байгаа юм. Анх намайг очоод харахад уралдана гэхээргүй бүдүүн морь байж билээ. Тэр чинь 2005 оны намар нэлээн орой, бараг 11 сарын үед юмдаг. Ингээд хавар тэжээгээд уячихаарай гээд Цогтоод хэлчихлээ. Дараа хавар нь би урдаас нэг хар даага авчирч байлаа.
Дорноговьдоо алдартай Загдсүрэнгийн хурдан хар азарга гэж байсан. Эдний адууг Хөдөлмөрийн баатар адуучин Мажиг гуайн хүү Бат-Эрдэнэ малладаг байсан. Манай хүргэн З. Бат-Эрдэнэд морь авах санаатай заагаад өг гэвэл “хүнээр заалгах юу байсан юм. Өөрөө харж байгаад ав” гэсэн. Би А ч үгүй хүн чинь Цогтсайхантай хоёулаа үзлээ. Цогтсайхан үзэж үзэж байснаа олигтой даага алгаа л гэнэ. Ингээд дахин адууг нь оруулж ирж харж байгаад нэг хар гүүг хараадахав. Тэгээд энэ хар гүүний унага аль вэ гэсэн мөлүү чихтэй унагыг заалаа. Тэрийг авъя гэвэл “ах тэр ч давхих юм болов уу” гэж байснаа өгсөн. Хоёр сард “бэрзээнтээр” бүтээгээд “аавын цээжинд” ачаад ирсэн. Ингээд хавар тэжээгээд уячихаарай гээд Цогтоод хэлчихлээ. Тухайн үед Дэжээ гуайд хэлэхээсээ эмээсэн л дээ. Надад морь бэлэглээд байхад нь аваагүй хэрнээ өөр хүнээс авчихсандаа зовсон юм. Гэхдээ яаж удаан тэсэхэв. Нэг морь авсан гэж Дэжээ гуайд хэлсэн “ямар морь авсан” гэнэ. Үзүүлсэн чинь хөлийнхөө шөрмөсөнд суурь гэмтэлтэй юм байна гэлээ. Өнөөх нь барихад анзаарагдахгүй ч холоос харахаар мэдэгдэж байж л дээ. Тэгээд энэ тухай Цогтоод хэлсэн, давхилд нэг их нөлөөлөхгүй гэхээр нь мэдэхгүй хүн чинь за гээд л наймаагаа хийчихсэн.
Би авсан авчирсан морьдоо сумын Алдарт уяач Цогтсайханаар анх уяа үүсгэж эхэлсэн юм. Тэр морийг ханьсуулж байж уядаг их сонин уяатай. Адуу авахдаа цуг аваад явна, нэгийг нь уяхгүй ч гэсэн хамтад нь тэжээнэ. Ганц морь уядаггүй. Тэр жил Дэжээ гуайн хонгор даага их хурдан байлаа. Монгол цустай, яг л ниснэ гээч. Ингээд бид тусдаа уяж байгаад нэг сунгаан дээр хар даагаа мордуулсан гайгүй  шүү. Тэгэхээр нь хонгор морьтойгоо хар даагаа хамт ажил хийгээд эхэлсэн. Хонгор морио тавиад л, 100 метрийн наанаас даагаа тавьчихна. Даага нь ерөөсөө хонгороосоо салахгүй. Сүүлдээ Цогтоо мориноос салдаггүй ямар аймаар даага бэ гэж дуу алдсан юм даа. Тэр жил ганц хоёр уралдуулсан  анхны айрагуудыг амсуулж эхэлсэн. Хэдэн даагатай ч хамаагүй шууд гараад л  ирнэ. Морь болсон хойноо мөн л 100 байсан ч, зургаа байсан ч гараад л ирдэг байлаа. Их номхон л доо. Сургаа ч үгүй авчраад хүүхэд мордуулсан зүгээр аяншаад булгиж чадсангүй гэж бодсон. Харин сүүлд энд тэндээс морь авчраад мордуулангуут л булигаж байгаа чинь. Нэг бага наадмаар Дэжээ гуайн даагатай уралдуулж үзсэн юм. Тэгсэн Бөмбөөлэй “Аагий чи хонгортой битгий холбоорой. Харыгаа баллаад хаяна” гэж байна. Надад санаа зовоод өвгөн хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн Цогтоо зөрөөд унаачдаа “чи хонгороосоо салж болохгүй шүү” гээд хэлчихнэ. Цогтоо морио хаяад хэдэн жил болсон, би морь мэдэхгүй тийм улс даагыг морьтой тавиад Дэжээ гуайд загнуулж байгаа нь тэр шүү дээ.
-Хар даага ямар ямар амжилт гаргасан бэ?
-Даагандаа аймагт аман хүзүүдээд,  Даланжаргалангийн нэг ойгоор мөн аман хүзүүдсэн. Соёолондоо Дэрэнгийн 90 жилээр аман хүзүүдэж байлаа. Ер нь том наадамд очихоороо дандаа аман хүзүүгээр хурдална. Тэгээд нэг хоёр жил уягдахгүй өнжсөн юм. Би наймтайд нь уялгүй ганц хоёр жижиг наадамд уяж биеийг нь хөнгөлөөд,  энэ жил Боржигонд уралдуулах санаатай байлаа. Даанч алдчихсан задгай уйл тамгатай. Шөрмөсөндөө ямар ч сэвгүй сайхан амьтан л даа. Уушигандаа жаахан юмтай байсныг би ноднин хэрэг болгож Дундговиос хүн авчраад хатгуулсан байсан юм.
-Одоо та хэнтэй морио уяж байна?
-Дундговь аймгийн Алдарт Бямба гуай, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын мянгат малчин Доржбат хоёртойгоо морьдоо уядаг. Доржбат маллаад, Бямба гуай уядаг  юм. Энэ жил өөр ажлаас болоод жолоо өргөөгүй өнжчихлөө.
-Таны дээдчүүл уяа сойлго тааруулдаг байв уу?
-Манай ээж Сүхбаатарын Халзан сумын хүн. Өвөө маань бүдүүн Соном гэж тэр үед морь уядаг байсан гэсэн. Тэр үед  хөнгөн гэж хонь, ямаагаа үлдээгээд, бусдыг нь нийгэмчилж байсан гэсэн. Өвөө маань “Ма” тамгатай. Би өвөөгийнхөө тамгыг сэргээж байгаа хүн.
-Таны нэрийг гаргаж байсан хонгор азарганыхаа талаар яриагаа үргэлжлүүлье?
- Хонгор азарга бас л манай хүргэнийх Будан цустай. Мажигийн Бат-Эрдэнээс нь авсан юм. Цогтоо бид хоёр Өргөн, Далан, Айраг, Шандаар яваад таалагдсан ганц хоёр юмаа тэмдэглээд л явлаа. Тэгж явсаар Бат-Эрдэнийд очиж нэг хоноод, өглөө нь Цогтоо гарч яваад хараас хоёр дүү хонгор шүдлэн үрээг хараад авсан. Бямбасүрэн гуайн хүрэн азаргатай нас чацуу. Энд тэр хоёр л тасардаг. Нэг удаа хэдэн төгрөгний бооцоотой уралдаан дээр тэр хоёр холбож яваад хадуурчихсан. Тэгээд хонгор азарга түрүүлсэн. Дундговийн Баянжаргалангийн галын наадамд зам нь их чулуутай уралдаад хол ирж байлаа. Би тэр үед ажил ихтэй байхаасаа байхгүй нь их. Дорноговийн Айрагаас Мааньт хүртэл төмөр замын цахилгааны шугамыг хариуцдаг байлаа. Уг нь хонгор азарга  олон медальтай. Соёолон болдог жил нь улс руу авч явна гэж байсан ч Баянталын наадамд өглөө нь алдчихсан. Тэгсэн Доржбат найз “Аагий ингэж байгаа морийг битгий авч яв” гэхээр нь тэгээд л орхисон.  Тэр үедээ томчуудаас асуухаар “чиний хийморь  л мэднэ. Чи өөрөө хэр хийморьтой байна, тэр нь мориноос чинь харагданаа" л гэнэ. Ажил морь гээд явахаар хэцүү л дээ. Уг нь энэ жилээс мориндоо цаг гаргана гэж төлөвлөж байсан ч чадсангүй.
- Та хаана хаанаас адуу авсан бэ?
- Адъяасүрэн гуайгаас нэг англи цустай азарганы төл хээр шүдлэн үрээ авсан. Гэхдээ уяж чадахгүй юм байна лээ. Арга ядаад хүн гуйгаад үнэ тохироод өгчихсөн. Мөн Дорнодоос Раднаа гэж хүнээс барга азарга авсан одоо нэг нь байна. Сүхбаатарын Эрдэнэцагааны Ган-Эрдэнийн адуунаас байдас авчирлаа. Малин хийдэг улсаас угшил гарвалыг нь асууж байгаад нэлээн хэдэн гүү авсан. Ганц хоёр ааштай үрээ авчихаад сүүлдээ дийлээгүй өгч л байлаа. Дэжээ гуайн өгдөг хээр соёолон байна. Би чинь Архангайн хүргэн байгаа юм. Тэгээд ганц хоёр морь хэрэгтэй байна гэж хадмууд хэлэхээр нь өөрөөсөө гурван үрээ өгөөд явуулсан. Тэгсэн шал өөр давхилтай, гоё байна гэхээр нь хадамдаа нэг зээрд азарган үрээгээ өгөөд, би өөрөө хонгор морио аваад очсон. 2013 онд  нэг сар өөрөө гардаж уяад зээрд үрээгээ Их тамирын ой, Тариатын наадамд тус тус түрүүлгэсэн. Архангайн аймгийн ойд харин хонгор морь маань 270 хэдээс 29-д орсон. Тэгэхэд говийн адуу үнэхээр хурдан юм даа гэж бодсон шүү. Хонгор морь миний нэрийг улсын хэмжээнд гаргасан буянтай амьтан. Уяан Товогийн хөшөөний нээлтээр гурван ч телевиз ирж бичлэг хийсэн юм. Тэр наадамд Төмөр замын шугам сүлжээний дарга Алтансүхийн хонгор морь хойноос давхисаар тавлалаа гэж дуудуулах сайхан байсан. Айрагдана гэж бодоогүй очсоныг ч хэлэх үү. Их сандарсан л лаа. Цогтсайхан намайг суу гээд байдаг. Би болохоор чи өөрөө уясанаараа суу гээд л.
-Таныг огшоосон наадам хэр олон байв?
-Тэр жил манай ийшээ төл бага авсан. Дааганы уралдаанд маань Төв, Дундговь аймгаас уяачид ирээд байлаа. Сунгаан дээр хар даагаа, хонгор морьтой нь хамт байлгаж байгаад хонгор морийг аваад явахаар араас нь тэмүүлдэг байхгүй юу. Тэгээд хар даагаа айрагдаад ороод ирэхэд хүн эвгүй болдог юм билээ. Байж суух газраа олж ядаад л. Очоод хусуур авах хооронд гараараа баахан илж, хүмүүст халуун гараараа иллээ гэж загнуулаад л. Тэр үед хар даага гялтганасан хар байсан чинь морь болоод хээр шинж рүүгээ орсон. Эцэг нь бор, эх нь хар юм. Одоо өвгөчүүл надад сайн л даа. Морь мал мэдэхгүй төвийн хүүхэд, өнөөдөр морины зүс ялгадаг боллоо. Гэрт амьдарч үзээгүй хүүхэд гэрээ бариад зусланд гардаг боллоо. Эхнэр ч бас хөдөө амьдарч байгаагүй хэрнээ цагаан идээгээ бэлтгэж чаддаг боллоо. Энэ мэтээр Монгол ахуй руугаа ойртоод л явна.
- Та хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
- Сумын тав, аймгийн нэгтэй.
- Та аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр хэзээнээс ажиллаж байгаа юм бэ?
- Би сумынхаа “Морьт Боржигон” уяачдын холбоог үүсгэн байгуулалцаж явсан хүн. Ах нар ийм юм зохион байгуулъя гэхээр нь дуртай байсан болохоор шунгинаад л орчихсон. Харин аймгийн уяачдын холбоо үүсгэн байгуулагдаад хэдэн жил болж байна. Анх аймгийн МСУХ-нд ор гэхээр нь морины зүсч мэдэхгүй байж яаж орохов. Найз нараа дагаад сумандаа ороод хэдэн төгрөг өгөөд явж байя гэлээ. Тэгсэн 2011 онд Шүрээ тэргүүн  “чи аймгийн уяачдын холбоонд ор” л гэнэ. Шүрээ аймгийн шугам сүлжээнд, би төмөр замын шугам сүлжээний дарга болохоор ажлын шугамаар байнга уулзалдана л даа. Одоо ч бид аливаа ажлыг хамтдаа ярьж байгаад л хийчихдэг юм. Хүнд найз нөхөд шиг хэрэгтэй юм байхгүй шүү дээ. Тиймээс би хүнд сайн найз байхыг хичээдэг.
- Сайхан ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна