“Дааган хурд” МСУХ-ны тэргүүн Б.Зулбаяр: Баруун бүсийн даншигт хувь хүн гэхээсээ илүү ханхөхийн гаралтай адууныхаа хурдыг гаргахыг хүсч байна
Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Дааган хурд” МСУХ-ны тэргүүн Б.Зулбаярын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Зүүнхангай сумын “Дааган хурд” МСУХ байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхэлье?
-Манай сумын МСУХ нь Увс аймагтаа анхны холбооны нэг байгаа юм. 2000 онд одоогийн ЗДТГ-ын дарга Өсөхбаяр, сумын Иргэдийн хурлын дарга Батхишиг, тухайн үеийн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Баттөмөр, аймгийн Алдарт уяач Буужай, Даваасанд, Баянцэнгэл, Лхагвасүрэн гээд бидний хэдэн нөхөд үүсгэн байгуулж байлаа. Тэгэхэд холбооны тэргүүнээр Батхишиг сонгогдсон бол үргэлжлүүлэн Баттөмөр ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм. Ингээд би 2012 оны хавраас сумын МСУХ-ны тэргүүний үүрэгт ажлыг хүлээн аваад гурван жил болж байна. Бид энэ 2015 онд 15 жилийнхээ ойтой золгож байгаа юм.
-15 жилийн ойгоо ямар амжилтаар угтаж байна даа?
-Увс аймгийн болон Зүүнхангай сумандаа анхны өвлийн морин уралдааныг зохион байгуулж байлаа. Тухайн үедээ сумын Ардчилсан намын хүмүүс зохион байгуулж байсан болохоор АН-ын нэрэмжит морин уралдаан гэж уяачдын дунд яригддаг байсан юм. Ингээд холбооны тэргүүлэгчид өөрчлөгдсөнөөр 2007 оноос хойш улс төрийн ямар ч тодотголгүй болсон. МСУХ өвлийн уралдаанаа бооцоотой эсвэл ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар 10 жил зохион байгууллаа. Бид 10 жилийн ойгоо 2010 оны зургаан сарын 15-нд хийж, Завхан болон Сант, Сонгино, Сэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Увсын Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруунаас морьд ирж уралдсан юм. Бараг бүсийн хэмжээний сайхан баярыг зохион байгуулж байлаа. Энэ ойн уралдааны соёолон насыг би ивээн тэтгэж оролцсон юм.
-Өвлийн уралдаанаа хэдэн сард зохион байгуулдаг юм бэ?
-Хаврын тэргүүн сардаа багтаагаад шинийн таван, шинийн найман гээд зохион байгуулдаг байлаа. Гэхдээ өвлийн уралдааныг зохион байгуулахгүй тухай Засгийн газрын тогтоол гарснаар хийсэнгүй.
Холбооноос ч уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж, алдар цолонд хүргэхэд анхаарч ажилладаг. Морины салхин доор насаа элээсэн буурал уяачдадаа аймгийн Алдарт уяач цолыг нь нөхөж олгож байна. Мөн ид амжилттай наадаж буй улсынхаа амжилтыг үнэлж, сумын болон аймгийн Алдарт уяачдыг тодруулж, урам зориг өгч байна. Холбооны 11 тэргүүлэгч жилдээ 50,000, сумын Алдарт уяач нь 20,000, аймгийн Алдарт уяач бас 50,000 төгрөгний татвар төлцгөөдөг. Үүнийг бид уралдаан тэмцээн зохион байгуулах, сурталчилгаа явуулах, гадны томоохон уралдаан наадмуудад гал болж явах тохиолдолд унааны зардлыг нь гаргах мэтээр зарцуулдаг.
Манай сумын МСУХ-ны тэргүүлэгч, гишүүд 2012 онд цуглаад Зүүнхангай сумын морийг хөгжүүлэх хэрэгтэй. Ганцхан нутгийн адуугаар уралдаад амжилт олохгүй байна. Үүлдэр угсааг нь сайжруулж, холбооныхоо үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах тухай ярилцаад намайг МСУХ-ны даргаар сонгож байсан юм. Би энэ ажлаа аваад нөхдөө уриалж, Баруунтуруунаас нэг даага хоёр сая төгрөгөөр худалдан авч, сумандаа уралдуулж байлаа. Эндээс манайхан “Адуугаа сайжруулъя” гэж уриалга гаргаж, зүүн талаас Дорнод, Хэнтий, Сүхбаатарын адуу нэлээн авчрах болсон. Аймаг дотроо Тэс угшлын азарга ч авчирсан. Бас Төв аймгийн Жаргалантаас ч адуунууд авлаа. Тэр жил бид нар 100 гаруй сая төгрөгөөр адуу авсан байна лээ. Түүнээс хойш манай уяачид дор бүрнээ л зүтгэж явна. 13 оны хавар бид багийн дарга нартайгаа Сүхбаатар аймгийн Халзан, Асгат сумдаар өөрсдөө явлаа. Эндээс би таван адуу авснаас заримаар нь азарга тавьчихсан. Эхний төлүүд нь одоо уралдаж байна. Сая зүүн бүсийн уралдаанд сумын нэг даага 10-н хэдээр давхисан нь тэндээс ирсэн азарганы төл байгаа юм. Өдгөө Улаанбаатарт ажиллаж амьдарч буй нутгийн уугуул, суугуул иргэд ч бидний адуугаа сайжруулах ажилд тусалж байгаад баярлаж байна. Жишээ нь Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн дарга Отгонтэнгэр гэж бизнесмэн залуу өөрийнхөө цэвэр Англи азарганы нэгдүгээр үеийн төлийг бэлэглэсэн. Мөн нийслэлийн Алдарт уяач Барсүрэн гуай хэд хэдэн азарган үрээ, гүү нутгийнхандаа өгсөн нь хурдалж байна.
-Ер нь Зүүнхангайн морьд хурдаараа аймагтаа аль хавьд яригдах вэ?
-1970-аад оны үед Ховдын Мянгад руу адуу тууж, тэндээсээ баахан цагаан бор гүү авчирч Зүүнхангай сумынхаа нутгийн адуутай эрлийзжүүлснээр их сайжирсан гэдэг юм. Тухайн үедээ Зүүнхангайн морьд тойргийнхоо хэдэн суманд байнга л түрүүлдэг байлаа. Өөрөөр хэлбэл одоо энэ Сүхбаатар, Хэнтийн адуу ирэхээс өмнө шүү дээ. Жишээ нь Өндөрхангайд яваад очиход манай сумын аймгийн Алдарт уяач Цолмонгийн хээр морь гүйцсэн жилээ түрүүлээд, аймгийн Алдарт уяач Лхамсүрэн гуайн хүрэн морь аман хүзүүдэж байсан. 90-ээд оны үед ч манай Зүүнхангай сумын аймгийн Алдарт уяач Эрхэмбаярын цавьдар үрээ тойргийн бүх сумдын ой, томоохон баяруудад дандаа түрүүлж байлаа. Энд бас Насанбат гуайн халтар морь байна. Түүнчлэн Зүүнхангай сумынхаа улс хувьсгалын баяр наадамд долоо түрүүлсэн Данаагийн дархан түмний эх хүрэн морь, түүний шилийг залгаж гарсан Баттогтохын Пүүжий хээр гээд л явна шүү дээ. Пүүжий хээр эндээ гурав, дөрөв түрүүлээд, Тавантэсийн Дамжин гэж хүнд зарагдсан юм. Тэндээ Тэсийн баяр наадмаар хоёр, гурав түрүүлж, Увс аймгийн баяр наадамд Дамжин гуай өөрөө уяж гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн хурдан хүлэг байлаа. Дээр нь манай Баавгайгийн буурал зээрд морьд, Цэрэннаяагийн хээр, Цолмонгийн хээр гэж байсан. Цолмонгийн хээр соёолон болтлоо эндээ түрүүлж, гүйцсэн жилээ Завханы Сантмаргаз руу тухайн үеийн ханшаар шинэ мотоциклийн үнэ болох 6500 төгрөгөөр зарагдсан. Тэгээд Сантмаргазад очоод Завханы бүсийн наадмууд болон тэр хавийнхаа ойнуудад олон түрүүлж улмаар авсан эзэн нь болох Баатар аймгийн Алдарт уяач болсон гэдэг. Энэ мэтчилэн үргэлжлүүлбэл нэгдлийн бор хээр морь байна. Зүүнхангай сумандаа хамгийн их буюу долоо түрүүлж, хожмоо нэгдэл адуундаа байж байгаад жамаараа явсан.
-Тэгвэл сүүлийн үед ямар ямар хурдан хүлгүүд нутаг орныхоо нэрийг гаргаж байна даа?
-Сүүлийн үеэс гэвэл аймгийн Алдарт уяач Баавгайн хүрэн соёолонг дурдана. Манай сумаас “Увс хурд-2005” баруун бүсийн даншигт км гаран хол тасархай ирж, монгол даяар шуугиулж байлаа. 2011 оны даншигт манай Зүүнхангай сумын Хатгайн голын унаган адуу болох Цэнд-Аюушийн хээр морь аман хүзүүдэж, сайхан амжилт үзүүлсэн. Харамсалтай нь Цэнд-Аюуш ах маань ноднин бурхны оронд одсон. Хэрвээ байсан бол та нартай ярилцаж суухсан. Ингээд яривал олон сайхан эрдэмт уяач, эрэмгий хурдан хүлгүүд бий. Харин 2004, 2005 оноос энэ амжилт буурах болсон юм. Ингээд сумынхаа уяачдаараа морь малаа чанаржуулахаар ажилласных үр дүн нь харин одооноос гарч байна. Ноднин сумынхаа түүхт 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, манайхан их насны морины түрүүг, нэг айрагтай авсан бол азарганд эхний гурав дараалан орж байх жишээний. Мөн хязаалан түрүүлж, шүдлэн, даага айрагдах гэхчилэн бүх насандаа айраг түрүүтэй наадлаа. Өөрөөр хэлбэл нийт 30 айраг, түрүүний 12, 13-ыг авсан байна лээ.Ийнхүү үр дүн гарч байгаад нутгийн иргэд, энд тэндээс ирсэн наадамчин санал нэгтэйгээр сайшааж байлаа. Уяачдын холбооныхон болоод уяачид маань ч хөрөнгө санхүүгээ гаргаж, мориныхоо үүлдэр угсааг сайжруулахын төлөө ажилласны үр дүн гэж ойлгож баяртай байгаа. Саяхан Увс аймагт болсон хаврын төвийн бүсийн уралдаанд манай нэг үрээ яваад аман хүзүүдээд ирлээ. Амжилт цаашдаа ч үргэлжилнэ гэж найдаж байна.
Ер нь манай Увсын хурдан адуунууд Даланбулаг, Жаргалантын Хавтгайн голоор нэлээн бий. Энэ байгалиасаа болдог юм болов уу, Хавтгайн голын тийшээ хурдлаад л байгаа юм. Тухайлбал түрүүний Увсын бүсэд түрүүлж, аман хүзүүддэг хоёр чинь Жаргалант бригадын Хавтгайн голын адуунууд. Пуужин хээр гэж бас ярилаа даа. Тэрний эх тал нь бас л Хавтгай талынх. Түүнчлэн сумандаа олон түрүүлсэн Данаа гуайн хүрэн морь Жаргалантын бригад талын адуу. Сүүлийн үед Жаргалант багийн залуу уяач Бямбаноровын энэ жил нийлж байгаа сайхан зээрд морь бий. Жилд доод тал нь дөрвөөс таван удаа уралдаж, очсон баяр бүртээ айрагдаж, түрүүлдэг адуу байгаа юм. Ноднин гэхэд манай сумын ойд айргийн гуравт давхиад, Өндөрхангайн 90 жилийн ойд бас айргийн гурваар ирсэн.
-Сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байна вэ?
- 130,140-өөд хүн морь уяж байна. Эндээс аймгийн Алдарт уяач 23 бий. Тэдгээрээс Зайгаа буюу Батдорж, Лхагвабаяр, Эрхэмбаяр, Баавгай, Лхамсүрэн гуай, шинээр аймгийн Алдарт уяач болсон Энхбаяр нар сумандаа морио уяж байна.
-Гэхдээ зүчээний маллагаа байхгүй байх тийм үү?
-Морь уядаг хүмүүсийн зарим нь төв дээр авчирч тэжээнэ. Нөгөө хэсэг нь хөдөө өвөлжөөн дээрээ тэжээж байна. Өвөл 11, 12-р сараас 3, 4 сар хүртэл манайхан уядаг морьдоо тэжээгээд бүр формд оруулчихсан. Өнөөдөр тэжээлээр л амжилт гаргаж байна. Тэрнээс цагаан өвсөөр уяж уралдуулахад үнэхээр тасархай адуу биш л бол амжилт үзүүлэх нь тун багассан.
Манайх хангайн сум учраас хавартаа салхилна л даа. Ихэнхдээ тавдугаар сарын 20-д гаргаад л ногоордог юм. Шөнөдөө бас хүйтэндүү хононо.
-Сумын өмнөх ойнуудаар яаж наадаж байв?
- 2004 онд болсон 80 жилийн ойгоор айраг, түрүү тун цөөхөн авсан. Тэр ч байтугай 2007, 2009 оны сумын баяр наадмын 30 айраг, түрүүний 28, 29-ийг нь алдаж байсан удаатай.
Одоо манай суманд англи эрлийз азарга, арабын эрлийз аль аль нь байна. Дээр нь орос буддённый эрлийз азарганууд нилээд бий. Яг цэвэр биш, монгол гүүнээс төрсөн болохоор гайгүй л дээ. Өвөлдөө тэжээчихдэг юм.
-Цаг зав хөрөнгө мөнгөө гаргаад энэ олон адууг аваад ирлээ. Одоо гарч уралдах хэрэгтэй. Энэ талаар холбооноос ямар ажил явуулж байна вэ?
-Бид дотроо баяр наадмаа хийж, морьдынхоо чансааг тодорхойлдог. Тэгээд гадагшаа гайгүй уралдчих байх гэсэн морьдоо нийлүүлээд нэгээс хоёр гал болцгоож явдаг юм. Холбооноос боломжоороо бензин тос, эсвэл хоол хүнсийг нь өгөх жишээний. Энэ мэтээр хамжиж дэмжээд л явж байна.
-Овоо тахилгын наадам олон болох уу?
-Сумын иргэдийн хурлын тогтоолоор жилд нэг овооны тахилгыг өдөрлөг маягаар зохион байгуулахыг зөвшөөрсөн байдаг юм. Дээр нь ургийн баяр гээд ах дүүсээрээ нийлж овоо тахих нь бий. Сумаас жилдээ хаврын бооцоот уралдааныг явуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд шинээр мянгат малчин, аймгийн Алдарт уяач, аймгийн сайн малчин болсон Баянголын Тогтохбат, Даланбулагийн Цэхэр, Эрдэнэбаяр, Эрдэнэбилэг, Баярмагнай, Ням-Осор, Мөнх-Очир, шоовооноо Энхбаяр есөн хүн нийлээд МСУХ-ноос дэмжээд зохион байгууллаа. 4,5 сая төгрөгний шагналын сантай, таван насны морьд уралдуулж наадсан байгаа. Мөн аймгийн Иргэдийн төлөөгчийн өдөрт зориулсан уралдаан зургаан сард болж хоёр насны морь уралдуулдаг. Харин зургаадугаар сарын 1-нд даага уралдуулдаг уламжлалтай. Сунгаагаа албан ёсны овоо тахилгаар хийгээд улсын баяраа тэмдэглэнэ дээ. Намартаа ургийн баяр, овоо тахилгын наадам болно. Ингээд нэг жилийн уралдаанууд дуусдаг юм.
-Мэдээж уяачдын холбооны албан ёсны зөвшөөрөлтэй наадмууд байх тийм үү?
-Тиймээ, уяачдын холбоо хамтарч ажиллана. Бид гарааны төхөөрөмжтэй уралддаг болсноос хойш морь будилах асуудал гарахаа байсан. Бас нэг үе морьдоо тууж уралдуулдаг байлаа. Ингэж газрын уруу руу огцом морь уралдуулснаас болж гайгүй сайн нь хөлгүй болох явдал их гарах болсон. Тиймээс энэ алдаагаа засаж, 2011 оноос хойш тойрог хэлбэрээр уралддаг байснаа больж уламжлалт аргаар уралддаг боллоо.
-Харин шууд халахгүйгээр уралдуулчихдаг байсан биз дээ?
-Манайх нэг хэсэг төв дээрээ баяраа хийдэг байлаа. Нэг өдөрт зургаан насны морио туухаар багтахгүй. Хамгийн их нь 25 км-т уралдаж байгаа юм чинь. Тэгээд тойрогдуулах болсон юм. Ингэснээр морины амжилт нэг хэсэг буурсан гэж боддог. Яагаад гэвэл 25 км туугдаж очоод эргээд 25 км уралдсан морь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Бусад сумын болон аймаг, бүсийн наадамд яваад орохоор бүгдийг нь туугаад очдог. Манай тойргоор уралдаж байсан морь уяа нь дутаж суух ч юмуу асуудал гардаг. Уралдааны морь гэдэг чинь тамирчинтай л адилхан шүү дээ.
Төхөөрөмжгүй олс татдаг байхад маргаан их гарна. Морь дутуу эргэх, дайрах гээд л. Одоо төхөөрөмжтэй болсноор уяачийнхаа хөдөлмөрийг хүндэтгэн шударгаар наадахад олон талаараа давуу байна. 2013 онд бид баяр наадмынхаа талбайг шинэчлээд сумынхаа төвийн урд гаргаснаараа бөх нь ч барилдаж байдаг, морь нь ч уралддаг болсон. Уралдааны зам дахь жалгыг бетоноор карказ хийж 5 м орчим өргөнтэй, 12 м-ын урттай гүүр хүртэл цутгасан. Энэ нь алсаасаа налуу, бетон дээрээ хөрс тавьж тохижуулсан. Ингэснээр морь болон унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаа юм.
-Сүүлийн үед уралдааны стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
-Төвийнхөн шиг хүүхдүүддээ малгай өмсгөж уралдуулдаг гэж худлаа хэлээд яахав. Сумынхаа хэмжээнд шаардлагатай малгай хувцсыг нь өмсгөнө. Уяачдадаа хамгаалалтын хувцас хэрэгслэлээр хангахыг уриалдаг, тэд ч авч өгч л байна. Гэхдээ 100 хувьд арай л хүрэхгүй байгаа юм. Мөн эмнэлгийн болон хүүхдийн байгууллагатай хамтран бүгдийг нь бүртгэлжүүлж дугаарлаад, даатгалд хамруулж байна.
-Ойрын үед хийхээр ямар ямар ажлыг төлөвлөж байгаа вэ?
-Зүүнхангай сумынхаа адууны чанарыг сайжруулах ажлаа үргэлжлүүлнэ дээ. Дээр ярьсан эрлийз азаргандаа уяач бүр нэг гүү тавьж төл авах санаа байна. Үржил селекцийн ажлыг бодлогын түвшинд уяачидтайгаа хамтран хийх юм. Дээр нь уяачдын холбооныхоо түүх намтрыг нь судалж, бүрэн зурагжуулна. Ингээд үе үеийн хурдан хүлгүүд, уяачдын түүх намтрыг зураг хөрөгтэй нь багтаасан жижиг ном хийх бодолтой байна. Харин ойрын төлөвлөгөө гэвэл Увс аймгийнхаа түүхт 90 жилийн ойд сумынхаа МСУХ-гоороо оролцож урьд нь гаргаж байсан амжилтуудаа ахиулах зорилт байна.
-Танай удмынхан морь уяж сойдог улс уу?
-Манай аавын талынхан морьтой улс. Зүүнхангай суманд ч морь уралдуулж явсан. Далаад оны үед Увс аймгийн баяр наадамд дөрөв, таван түрүү, арваад айраг авсан хүн бол аавын аав аймгийн заан цолтой Аюушжав гэж хүн байгаа юм. Ээжийн аав Сүх ч Жаргалант багийн Хавтгайн голын алаг, хүрэн, хээр азаргатай уяач хүн. Буурал аав маань гурван соёолон морио сумын наадамд айрагдуулж явлаа. Бас их насны хар, хээр морьд нь айргаар л хурдалдаг. Морины уяа сойлго тааруулахаас гадна адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, өсгөх тал дээр онцгой анхаарна гээч. Адууг буурал аав болон хүүхдүүд нь хонь шиг хариулдаг. Өглөө, өдөр хонь шиг хариулдаг учраас чоно нохойнд өгөх, хулгайд алдах асуудал бараг гарахгүй. Адуугаа эр, охин гэлтгүй сургаж, унадаг, эдэлдэг. Адуунууд нь ч номхон, төл сайтай. Ийм учраас адуу нь нэлээн өссөн болов уу. Манай Жаргалантынхан андахгүй дээ. 90-ээд оны үед 100 гаруй ижилтэй байсан. Ер нь багтаа хамгийн олон адуутай нь байсан байхаа.
-Танд өвлөгдөн ирсэн байх даа?
-Ах нар хот руу шилжиж яваад үлдсэн адуу нь надад байна. Би бизнес эрхэлдэг болохоор наашаа цаашаа их явах юм. Гэтэл адуу урт хөлийн мал учраас байнга харж хандах хэрэгтэй байдаг. Тэгж байтал МСУХ-ны дарга болсноор, мориныхонд уруу татагдаад, энд тэндээс адуу цуглуулж эхэлсэн. Одоо надад Сүхбаатар аймгийн Асгат, Халзан сумын нэг азарга байна. Тухайн үедээ даага авчирч байсан. Ноднин Тэсийн 90 жилийн ойгоор айргийн дөрвөөр давхисан нэг үрээ бий. Дээр нь Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат МУ-ын Алдарт уяач Борнойн Баасанжав гуайн адуунаас ч байна. Түүнээс бас араб эрлийз төл авч байлаа. Бид морины тал дээр хамтарч ажилладаг юм. Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн дарга Тэнгэр ахын маань өгсөн англи эрлийзийн төл байна. Манай хадам аав Бямбацогтын унаган адуунаас эхнэрийн өмчинд ирсэн гүү байна. Би Тэс, Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрханы угшилтай айл болгоноос охин төл авахыг хичээж явна.
-Морь уралдуулж байна уу?
-Уяачийнхаа хавьд шинэ хүн л дээ. 2012 онд уяачдын холбооны дарга болоод л уяж эхэлсэн. Тэрнээс өмнө хүргэн дүү Золжаргал дээр хэдэн адуугаа тавьчихдаг байлаа. Тэр үед ганц нэг даага давхиулаад олигтой давхихгүй, тэгээд ч зав болдоггүй байсан юм. Харин уяачдын холбооны дарга болчихоод уяачдаа уриалж, үлгэр дуурайлал болох үүднээс өөрөө явж, Баруунтуруунаас хоёр сая төгрөгөөр унага авч эхэлсэн. Залгаад Халзан сумаас 10 гаруй сая төгрөгөөр адуу авч, барьж явсан хөөргөө хүртэл их насны мориор өгөөд авчирч байлаа. Одоо сумандаа айргаар хурдалж байна. Сумын их бага наадмаас зургаан айрагтай. Эндээс миний сартай хар үрээ Увсын Тэсийн 90 жилийн ойгоор шүдлэн айргийн дөрвөөр, сумандаа хоёр, гурваар давхиад байгаа юм.
-Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийг заавал баярлуулдаг юм гэнэ лээ гэж ахмад уяачид ярьдаг. Аймгийнхаа баруун бүсийн даншиг наадамд хичнээн насны морьтой очих гэж байна вэ?
-Ямар ч байсан даага, шүдлэн, хязаалан, соёолон, азаргатай очих болов уу. Эхлээд суманд яаж явах нь уу. Тэрийг харж байгаад шийднэ. Гэхдээ би Улсын чанартай наадам болох баруун бүсийн даншигт хувь хүн гэхээсээ илүү сумынхаа нэрийг, сумынхаа МСУХ-ны нэрийг, Ханхөхийн гаралтай адууныхаа хурдыг гаргахыг л хүсч байна.
-Танай энэ хавийн адуунууд Ханхөхийн удамтай байна уу?
-Тиймээ. Тэсийн гол, Ханхөхийн угшлын адууны холимог адуунууд байгаа юм. Манайхан энэ адуугаа Өндөрхангай, Зүүнхангай Ханхөхийн угшлын адуу гэж ярьдаг. Улсын наадамд очиж түрүүлсэн Цэрэнжээгийн хээр, Цэнд-Аюушийн хүрэн гэх Өндөрхангайн морьд нь Ханхөхийн угшилтай. Сумын нэг уяачийн уясан морь улс бүсийн чанартай наадамд гарна гэдэг нийт олныг баярлуулж байгаа хэрэг юм. Морины баяр баясгалан, хүнд өгч байгаа энэ сайхан энергийг үгээр хэлэхийн аргагүй. Иймдээ ч хүмүүс МСУХ-ны дарга болох саналыг хэлэхэд их хүндэтгэлтэйгээр хүлээж авч байлаа. Тэр хийморь амжилт даллаж, тэр жилийнхээ намрын сонгуульд сайн оролцож аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, сумын Засаг дарга болсон. Би бол энийгээ морь дагасны хийморь гэж ойлгож байгаа. Би уядаг ч бай, үгүй ч бай морины хийморийг шүтэж байх ёстой гэж боддог. Болж өгвөл хүн адууг зөв сайхан эдлэхсэн. Турсан адуу байвал тэжээж тэнхрүүлээд, өвдсөн нэг нь таарвал эмчлээд явах сан. Энэ нь мод тарьсантай адил буян хурна гэж боддог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүгдэд ажлын амжилт хүсье. Би “Тод магнай” сэтгүүлийн дугаар бүрийг шимтэн уншиж “Тод магнай” сайтаар зочлох дуртай шүү.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна