ИЛЖИГ СААРАЛ ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮ БОЛСОН НЬ

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 29 -нд

Уяачийн эрдэм ухааныг шавхаж, чансааг таниулдаг нь их морины амжилт хэмээдэг. Чухам тиймдээ ч төрийн наадамд их морь түрүүлгэх нь адуутай нөхөрлөсөн эр хүн бүрийн чин хүсэл нь байдаг бизээ. АХ-ын 68 жилийн ой буюу 1989 оны  төрийн их баяр цэнгэл наадамд залуу уяач Рэндамбын саарал морь түрүүлж түмэн олноо баясгаж байсан билээ. “Цуутай хүлгийн аатай түүх” буланд энэ удаа саарал морины “жинхэнэ” эзэн буюу хурдыг нь таниулсан Нийслэлийн Алдарт уяач Банзрагчийн Дашдоржийг урьж, хууч дэлгэлээ. Төрийн баяр цэнгэл наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн хийморилог эрийн амтат хуучийг сийрүүлэн хүргэхэд ийм буюу.
УРАЛДААНЧААС ӨНӨӨДРИЙН УЯАЧ БОЛСОН ТҮҮХ
Хотын жаахан хүү зуны амралт эхлэв үү үгүй юу Архангай тийш хүлгийн жолоо зална. Гурван сарыг өвөө, эмээтэйгээ тун ч зугаатай өнгөрөөнө. Малд явж, морь унаж өвөөгийн жинтэй урмын үгээр тэтгүүлж, эмээгийн зөөлөн үнэрлэх хайранд умбана. За тэгээд хурдан морь унаж уралдана гэдэг бүүр янзтай.  Энэ нь түүний хүүхэд насны дурсамжид тод үлдсэн нь бий. “Биднийг морь унадаг байхад  цэргүүд гараан дээр ажилладаг байлаа. 500 морь уралдахад 500 цэрэг зогсох жишээний. Болоогүй зарим нэг цэрэг нь “сахилгагүйтээд” морьдоос бариад үлдчихнэ. Ингэж л уралдаанч хүүхдийн анхны саадтай таарна. Арга ядсан уяачид арван цаас, нэг хайрцаг тамхи хармаанд хийгээд, за миний хүү очингуутаа нөгөө цэрэг ахдаа өгөөд “намайг битгий бариарай” гэж гуйгаарай хэмээн аминчлан захина. Зарим нь ч захиалгатай юмуу гэж хардахаар. Ноймор /номер/ харж, хайж байгаад барьж үлдээд, араас нь тавина. Ийм нэгэн жижиг атлаа жаахан унаачид зовлонтой саадыг давтал хүүхдүүд бас хөгийн зан гаргах нь энүүхэнд. Эмээлтэй хүүхдийн ганзаганаас нь татчихаар морины тамир амархан барагдана. Үүнийг даваад гарчихвал сая нэг уралдааны замд гарна. Тухай үед их нас гэхэд 400-гаас дээш уралдахаар наадам өтгөн болно ч гэж жигтэйхэн. Ингэж зургаан настай хурдан хүлгийн нуруун дээр мордсоноос хойш олны ярьдагаар Баянцогтын явган Самдан, жолооч Самдангийн уясан морьдыг долоон жил хурдлуулжээ. Монгол улсын Манлай уяач Самдан агсан тухайн үед Баянцогтын сангийн аж ахуйд суурьшаад байсан аж.  Бяцхан унаачийн өвөө эмээ ч Баянцогтод буурь сэлгэн, өвөө нь нэгдэлд адууны даамал буюу одоогоор бригад ахална. Улмаар сайхь өвгөчүүлтэй танилцаж, хурдан морины тухай амттай яриа өрнүүлэн үе үехэн сууцгаана. Өнөө хэд нь баяр наадам ойртоход хүүг нь гуйна. Багаасаа мал дээр өссөн шавилхан хүүгийн сэргэлэн золбоотой байгаа нь эрхгүй анхаарал татсан хэрэг л дээ. Түүний ах бас морь унана. Хааяа хоёулаа өрсөлдөгчид болчихсон муудах ч төдөлгүй бүхнийг мартчихна. Ах нь дүүгээ бодвол хашир гэж жигтэйхэн. Хоёр жилийн илүү морь унасан туршлага байна гэж томорно. Наад зах нь салхины дор зогсож байгаад гарвал шороонд дарагдах учраас дээр нь гарах ёстойг  аль  эрт мэдчихсэн догь эр явсан гэнэ. Мэдээж хүүхэд хойно  зүггүйтэх нь ч бий. Насанд хүрсэн эрчүүдийг дуурайж  морь ярьж, ганц нэг тамхи сорж, үеийн охидын гэзэгнээс чангаана. Болоогүй ганцаараа явж таарвал “нөгөө талынханд” шоглуулна. Ийм нэгэн дурсамжийн эзэн бол бичин жилийн босгон дээр Нийслэлийн Алдарт уяач цолыг хүртсэн Банзрагчийн Дашдорж юм.  МУ-ын Тод манлай уяач Дуламсүрэн, Аюуш нарын нутаг Архангайн Хотонтын харьяат түүний аав цэргийн алба хааж ирээд Бөртэ үйлдвэрийн оёдлын машины инженерээр тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Ээж нь ч мөн Архангайн Хотонтын унаган охин бөгөөд насаараа Улсын их дэлгүүрт нярав хийж явсан гэх. Эднийх дөрвөн охин, долоон хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Харин нийтлэлийн баатар маань дээрээсээ хоёр дахь нь. Тиймдээ ч ахдаа тусалж  дүү нараа харж хандана гээд үеийнхнээ бодвол жаахан эрт хэрсүүжсэн нэгэн байж.
“ИЛЖИГ” ГЭЖ ХОЧЛОГДСОН РЭНДАМБЫН СААРЛЫН АМЖИЛТЫН ГАРАА
Яваандаа өөрийн адуунаас  ганц нэг үрээ уяж хурдлуулахсан гэж хүсдэг болжээ.  Үүнийгээ ч биелүүлэн гурван үрээ уяж, Төрийн их баяр наадамд мордуулсан нь 1971 он байв.  Тэр жил ийнхүү Улаанбаатар хотод наадсанаас хойш цэргийн гурван жилийг эс тооцвол 40 гаруй жил хурдан хүлгийн уяа сойлго тааруулжээ. Түүнээс хэдэн жилийн дараа АХ-ын 68 жилийн ойн баяр наадмаар Дашдоржийн уясан Рэндамбын саарал морь түрүү магнайд хурдаллаа. Тухайн үедээ Төв аймгийн Баянцагаанаас зарагдсан 11,12-той морь улс амьтны гар дамжин явсаар хоёр жилийн хойно түүнд  ирсэн түүхтэй.  “Ижил буруу юмыг адуунд тавьж болдоггүй. Тэгээд ч өвөл авсныг хэлэх үү. Өөрөө жолооч болохоор  гэртээ байхаасаа байхгүй нь их. Тийм болохоор тэтгэвэрт гарсан ээж аав хоёртоо даатгачихаж билээ” гэж ярина. Хөгшин өвс, овъёос тавьж, өглөөдөө хэдэн үхэртэйгээ худаг руу аваачиж усална. Ингэсээр цагаан сар дөхөөд хүн бүр л хөл хөөрцөг болцгоолоо. Улсууд морь давхиулж, нийлж уралдууллаа гэж дуулдана. Тэгэхээр нь саарал морио уяж хаврын уралдаанд мордуулаад үзмээр санагджээ. Авахаасаа өмнө уяад үзэхсэн гэж хорхойсож явсаныг ч хэлэх үү. Уяаны ажил ч эхэлж. Морины гэдэс чангараад андашгүй гэнэ. Ингээд шинийн гурванд уралдуулахаар боллоо. Тэгсэн баярын тэр өдрөөр Дашдорж, сумын малын эмч Эрдэнэцогтын хамтаар хариуцлагатай жижүүрт гарч таарав. Энэ нь тухайн өдөртөө сумын төвийн аюулгүй байдлыг ханган ажиллана гэсэн үг л дээ. Жижүүртээ гараад айхтар удаагүй байтал Рэндамба “морьд яваад байна” гэсээр гүйгээд ирэв. Рэндамба хүү бол түүний “баруун” гар гэж болно. Тэгэхээр нь колонкийн толгой дээр цуглаж байгаа морин дээр очиж бай гэчихээд Эрдэнэцогтыгоо гэрээс нь авахаар явлаа. Эргээд иртэл морьд бараг нь цуглачихаж. Уясан морио ч явуулчихлаа. Тэр үед төмөр зам дагаад 12 км газар цасан дунд давхих нь дэндүү чанга. Догдолсон эзэн машин дотроос дурандах ч цас манараад саарал морь танигдсангүй. Улмаар нүхэн гүүрний адгаар гараад ирэхэд цантсан тэр олон мориноос давхилаар нь танилаа. Дэргэдэх Эрдэнэцогтоо “За өнөө муу саарал морь минь байна даа” гэвэл итгэдэггүй ээ. Алив гээд дурандаж харснаа “өө мөн байна ш дээ. Нөгөө илжиг шиг юм чинь”  гэдэг байгаа. Үнэхээр хол тасархай түрүүлсэн нь өөрийн эрхгүй огшуулаад авсан гэдэг. Ингэж шинийн гурванд тун ч одтой наадсан бол залгаад хоёр хоногийн дараа Шижирийн фермд сангийн аж ахуйн Аварга саальчин Цогзолмаагийн алдрын мялаалгаар морь давхиулах сураг гаргах нь тэр. Дахин уралдуулаад үзэхээр шийдэж Рэндамбадаа морио хөтөлгөж явуулаад, унаач Бадрахтайгаа араас нь давхиад очлоо. Аварга түрүүлсэн морийг эр хониор, аман хүзүүлснийг эм хониор байлсан аж. Саарал морь хоёр дахиа түрүүлж Дашдорж аваргын мялаалгын хишиг эр хонины “эзэн” боллоо.  Араас нь шинийн найманд Батсүмбэрт болох бооцоотой уралдаанд дахин мордуулахаар боллоо. Баянцагааны хэдэн уяачид  “ойрхон хоёр ч түрүүлээд байгаа саарал морийг чинь сонжих гэсэн бололтой” гэж үг хаяна. Ингээд Баянцагааны хэдтэйгээ нийлээд очвол Батсүмбэрээс 20 арай л хүрээгүй морь ирчихэж. Баянцагааныхантай нийлээд дөчөөд морь уралдах болж, 25 төгрөгөөр бооцоо тавьцгаалаа.  Тэгтэл өнөө “илжиг” гэж гологдсон саарал дахин түрүүлж, бооцооны 400-гаад төгрөгийг эзэн өвөртөлжээ. Бүүр улсад айрагддаг халзан морь, Батсүмбэрийн Ойдовын Сүхбаатар, хүзүү Хүрлээ, гэзэг Чулуунбаатар нарын улсад 10-ын дотор голцуу хурдалдаг хүлгүүдийг ийнхүү илүүрхэн хурдалсан нь тэр. Залгаад тавдугаар сарын 1 буюу Майн баяраар аанай амжилтаа давтаж, долоон сарын 7-нд болсон сангийн аж ахуйн баяраар түрүүлж /Рэндамба хүүгийн нэр дээр уралджээ/, өөр нэг халзан морио аман хүзүүгээр давхиулаад улсын наадамд явжээ. Рэндамбын аав уяач явсан нэгэн. Харамсалтай түүнийг багад өөд болж, өнөө хэдэн адуу нь ч үгүй болоод унааны ганцтай үлджээ. Дашдоржийн дүү мөн л бурхан болоод удаагүй байсан гэх. Дүүтэй нь дотно нөхөрлөж явсан Рэндамба хүү Дашдоржийн элгийг дэвтээхийн учир ийнхүү дэргэдээ авчээ. Сангийн аж ахуйн баярын дараа улсын наадмаар хүүгийн нэр дээр мордуулсан нь төрийн баяр наадмын түүхэнд Рэндамбын саарал нэрээр бүртгэгдэн үлдсэн юм. 
СААРАЛ МОРЬ ДАШДОРЖИЙНХ БОЛСОН НЬ
“Сайн хүлэг эзнээ хайж явдаг” гэлцдэг. Саарал морь Дашдорж уяачид ирэхээс өмнө Баянцагаанаас Зинамидр гэж хүн авчирсан аж. Ном сонинд бол “Баянбараатын буурлуудын угшилтай энэ морь Жамбагаар дамжин хойшоо гарсан” гэдэг. Зинагийн улсад зургаагаар давхиулсан хул морины наймаанд дөрөв, таван адуу ирсний нэг нь саарал морь аж. Ингэж ирснээс хойш хоёр жилийн хугацаанд хашир уяач Зина гавьтай хурдлуулж дөнгөсөнгүй. Харин Дашдорж дотроо оролдоод үзвэл гэж амташна. Энэ тухайгаа хамт морь уядаг Пүрэвтээ хэлбэл  “энүүгээр яахын” гээд үл тоомсорлоно. Лавшруулаад санаанд багтаад байгаагаа хэлбэл “чи өөрөө л мэд дээ. Яахав би асуугаад өгье “ гэжээ. Тэднийх Зинамидрийнхтэй айл байж л дээ. Түүнээс хэд хоногийн дараа Гүнтийн фермд ачаа буулгачихаад Пүрэвийнхээр орж, цай уунгаа “асуусан уу” гэвэл “ асуусан чинь дөрвөн адуу гээд байна. Арай чангадаж байнаа, тиймээ” гэнэ. Бодож явсан болохоор татгалзсангүй, дөрвөн адуугаар наймаалцжээ. Тэр бол шинэ жилийн дараахан аж. Авчраад оройдоо нэг ажил хийчихээд яваад л байж.  Цагаан сар нэлээн ойртчихсон нэг өдөр үхрээ услах гээд морио хөтлөөд явтал фермийн дарга Чүлтэмнамдаг таарчихаад “дүү хүү морь хурдан байна уу” гэж. Сандраад “би ямар уяж байгаа биш дээ” гэвэл айхтар гярхай өвгөн “нэг л өөр болчихсон байгаа юм даа” хэмээлээ. Удсан ч үгүй шинийн гурванд мордуулахаар аваад очиход нь нутгийн олны нүд орой дээрээ гарах шахав. Зинагийн саарлыг нэг өвгөн /Дашдоржийн аав/ хэдэн үхэртэйгээ хөтлөөд услаад яваа харагддаг юм. Тэгээд давхиулах гэж байгаа юмуу гэлцэнэ. Харин түрүү магнайд хурдлахад итгэж ядсан олны харц өөрийн эрхгүй өөрчлөгдсөн бизээ. Ийнхүү хаврын уралдаанд гурав түрүүлсэн саарал морь тэр зундаа  АХ-ын 68 жилийн ойгоор улсад түрүүлсэн юм. Тэгж түрүүлснийх нь хойтон жил Баян-Өнжүүлийн халзан Дашцэрэн гэх хүн “унаган эзэн нь” гэсээр Дашдоржийн майханд ирж танилцжээ. Настай тэр уяач “Хан-Уулын ард олон жил морь уяж ирэхдээ айраг, түрүү авч үзсэнгүй. Харин чи ноднин улсын наадамд миний саарал морийг түрүүлгэхэд үнэхээр их баярласан. Ах нь Баянжаргалангаас олон хоног явж ирлээ. Маргааш дүүгээсээ морь мялаах айраг авна шүү” гэж яриа эхлэх нь тэр. Улмаар морь ярьж “халуурсан” өвгөн өөрийн хэдэн адуугаа үзүүлбэл саарал морины загварын, бор саарал, буурал голдуу зүсмийн адуунууд байжээ.
ДӨРӨВТЭЙ ХҮҮГЭЭ МОРЬ УНУУЛААД ЗЭМЛҮҮЛЭХ НЬ ТЭР
АХ-ын 68 жилийн баяр наадмын өмнөхөн. Дашка Рэндамба хоёулаа шөнөдөө адуугаа манаж хонолоо. Өглөө нь Туулаас адуугаа усалчихаад эргэтэл дандаа л адууны бөгсөнд явдаг саарал нэг л өөр. Түрүүнд гараад явахыг анзаарсан Рэндамба “Дашка ахаа саарал морь яаж давхих бол” гэнэ. “Түрүүлнээ” гэвэл “яаж мэдэж байгаа юм” хэмээн лавлалаа. Тэгснээ “тэгвэл халзан морь яахуу” гэнэ. Айрагданаа л гэж. Тэгэхэд халзан морийг дөрвөн настай хүү унаж хурдлуулсан юм. Зарлагдаж явсаар саарал морь нь түрүүлж өнөөх нь арваар оржээ. Дөрвөн настай бяцхан унаач тэр жилийн хамгийн бага унаач нь болжээ. Тэгэхэд морины хөлсийг хусаад хүүхдээ анхаарах сөхөө ч байсангүй. Нэг хартал хүү алга. Сандарсандаа хавь ойрын хүнээс асуувал морины комиссын гэр лүү нэг хүн аваад явсан гэнэ. Араас нь яваад очвол гэрийн сүүдэрт аягатай хоол идээд сууна.  Зогсож байтал комиссын гэрээс гарч ирсэн эрэгтэй энэ жил хоёр дөрвөн настай хүүхэд морь унажээ. Танай хүү хэдэн сарын хэдэнд төрсөн бэ асуув. 1981 оны 12 сарын 14-нд  төрсөн  гэхэд өнөөх нь гурван сараар ах болж таарчээ.  Ингээд тэр жилийн баяр наадмын хамгийн бага  настай унаач болж, аав хүү хоёр машинтай шууд цэнгэлдэх орохоор хөдлөв. Яваад очсон морины комиссоос морины хүүхдийн хувцас өмсүүлэх гэсэн таарах юм байдаггүй. Өөрийнхөө өмсөж явсан хувцас, аавынхаа багадаа өмсөж байсан овоодойгоор гоёод цэнгэлдэхэд орлоо. Индэр дээр гарахад дарга нар өхөөрдөн үнсэж, Ж.Батмөнх даргын гардуулсан хоёр хайрцаг бэлэгний араас бүүр цухуйсан ч үгүй. Морио цоллуулахаар зогсож байгаа уяачид “хүүхэдгүй морь гараад ирлээ  л гэж бодсон. Ойртоод ирэхээр нь хартал нуруун дээр унтчихсан юм шиг жижигхэн юм бөртөлзөн харагдсан” гээд өөр хоорондоо ярьж өхөөрдөнө. Харин аавыг нь “арай дэндүү юм. Иймхэн юмаар морь унуулчихаад юу боддог байнаа” гэхчилэн зэмлэж, халамцуухан нөгөө нь гар далайж үзнэ. Үүнээс өмнө морь гараад явчихсан хойно майхандаа ирж хоол цай ууж байгааг нь харсан Баруунхараагийн Энхсайхан, Энхтайван, Оросболд /одоо бурхан болсон / нар “галзуу солиотой хог вэ. Нялх амьтнаар морь унуулж явуулчихаад энд хоол эргүүллээ” хэмээн хатуу үгсийг хайр найргүй шидэлнэ. Ийм л нэгэн хөгтэй, бас одтой наадам өдгөө тэдний гэр бүлийнхний дурсах дуртай түүх болон үлдсэн байх. Эднийх таван хүүхэдтэй. Уяач аавын хүүхдүүд эр, эм гэлтгүй хурдан морь унаж, баяр наадмыг жинхэнэ утгаар нь мэдэрч өссөн улс. Өдгөө том хүү нь аавын уяаны ажлыг үргэлжлүүлэн ганц нэг морь уяж байгаа ч юм үзэж  нүд тайлсан Дашка уяачийн санаанд төдий л хүрэхгүй байгаа гэнэ. Гэсэн ч залуу хүний замын хүзүү урт болохоор амьдрал сургаад өгнө дөө гэж хүүгээ бас өмөөрнө.
Халзан морины унаач дөрөвтэй хүү Товчингийн Бадрах гэж 12,13-тай хашир хүүгийн хаана нь ч хүрэхгүй. Тэр бол тухайн үедээ Партизаны уяач, эдийн засагч Мөнхөөгийн уясан хүлгэдийг унаж, олонтаа айраг түрүүгээр хурдлуулсан авхаалжтай хүү. Хоёр ах нь ч мөн морь унах бөгөөд аль хэдийнэ том уяачид өөрийн болгоод авчихаж. Ингээд Дашка саарлыг ирсэн цагаас Бадрах хүүгээр унуулж, өөрийн “гарын хүн”-ээ болгоод авчээ. Бяцхан хүүгээ мордуулчихаад “тогтоод ирвэл болоо доо” гэсээр үлдсэн Дашка чих тавин догдолж суутал “Түргэний гол гараад Айдасын өвөр өөд Партизаны сангийн аж ахуйн уяач Дашдоржийн халзан морь өнгөлчихсөн явна” гэх нь тэр. Харин Айдасын даваа уруудахад саарал морь сураггүй. Ингээд Алдартолгой ортол машиндаа сонсоод явтал антени нь салчихлаа. Харин сүүлчийн зарлалтан дээр Партизаны сангийн аж ахуйн уяач Дашдоржийн уясан Рэндамбын саарал морь өнгөнд нь гарлаа. Халзан морь гурав дээр хурдалж явна гэнэ. Үүнээс нэг удалгүй саарал морь 100-гаад метрийн зайнаас гараад ирлээ. Догдолсон ч гэж жигтэйхэн. Хажуудах Рэндамбадаа “чи саарал морио, би халзан морио тосч хөлсийг нь хусна шүү” гэж аминчиллаа. Энэ наадмын дараа Рэндамбын нэр дээр цоллуулсан саарал морио хүүд бэлэглэжээ. Ингээд хоёр жил хэртэй Рэндамба уяж, сумын болон бэсрэг наадмуудад давхиулаад айлын адуунд тавьчихжээ. Харамсалтай нь удаа ч үгүй байтал чоно идчихсэн гэдэг.
 ХООЛНЫ АЛДАА ГАРГААД ДӨРӨВЛҮҮЛ­­- ЧИХСЭН
Дашка уяачийн амжилтын товчоонд АХ-ын 63 жилийн ойд халзан морь айргийн дөрвөөр хурдалсан нь бий. Тэгэхэд Партизаны сангийн аж ахуй Гачууртын сангийн аж ахуйгаас тасраад байсан үе. Партизаныхан хэдэн адуутай болохоор Хэнтий тийш морины хорхойтой хэдэн нөхдийг томилон явуулжээ. Үүний нэг нь Лхагваа гэж өвгөн байлаа. Яваад ирэхдээ сайхь өвгөн нэг хонгор гүү авчирсаныг Дашка авчээ. Улмаар Дамбажанцангийн улсад давхиж байгаагүй ч орсон уралдаандаа дээгүүр хурдалдаг зээрд халзан азарганд хураалгасан  нь халзан морины эх эцэг юм. Тэдний адуунд өөрийн дансны гурав дөрвөн морио “даатгачихсан” Дашдорж хаврын уралдаан, сангийн аж ахуйн баяр наадмаас бусдад морь мал гэж  гүйж амжихгүй. Халзан азарганы төл халзан даага нь шар үстэйгээ туранхай гэж жигтэйхэн, хөөрхий. Гээд Партизаны баярт давхиад очлоо. Хэдэн залуучууд морьтой явж байхаар нь өнөө муу даагаа ойр зуур давхиулаад үзвэл хөөрхөн цогиод байх царайтай гэнэ. Урам орсон эзэн бага адуу сурц орог гэж бодоод давхиулаад үзвэл түрүүлчихдэг байгаа. Хойтон жил нь шүдлэнгээ дүүтэй нь, дээр нь Дамбажанцан гуайн адууны удмын Бөмбөг хээрийг тус тус уяжээ. Дамбажанцан гуай ч сайн цавьдар халзан соёолон үрээтэйгээ хоёул Төв аймгийн 60 жилд оролцохоор хүлгийн жолоо залав. Халзан морь шүдлэндээ Батсүмбэр, Партизанд тус тус түрүүлсэн болохоор Төв аймгийн ойгоос айраг амсчих болов уу гэж итгэнэ. Харин дүү халзан даагыг бага адуу газар үзэж, юм сураг гээд зөнд нь шахуу орчихжээ.  Наадам ч эхэлж. Дашка Төв аймгийн түргэний тэргэнд тухтай тухлан морь дагах нь тэр. Учир нь түүний ганц ах Төв аймгийн эмнэлгийн түргэний тэргийг барьдаг бол эхнэр нь эмчээр ажилладаг байж. Машинд хамтдаа дааган Цэндээ суужээ. Шүдлэн ч эргэлээ. Тэгтэл Төв аймгаас нэлээн доод руу хошуу ороохоор польтой таарна. Нутгийн хүүхдүүд мэдэх болохоор дээд талаар нь товчлоод давхичихлаа. Харин халзан шүдлэнгийн  хүүхэд тойроод уралдааны замынхаа бараг талаас нийллээ. Ийнхүү будилсан уг уралдаанд шүдлэн 25-аар ирж, дүү даага нь тавь гаргаад давхижээ. Нутгаас бодож гарсан зүйл ч талаар болов. Харин хойтон нь хязаалан Партизандаа түрүүлж, улсад гуравлав. Тэр жил Дэмид гуайн бор түрүүлж, Даваахүү гуайн зээрд халзан аман хүзүүдэн, Эрдэнэбилэгийн хүрэн буурал гурваар, Дашдоржийн зээрд халзан дөрөв, Даваахүү гуайн хонгор халзан тавласан байдаг юм. Наадмын өмнөх сунгаануудад улсад түрүүлдэг борыг дийлж байсан ч тэр нэгэн шөнийн  хоолны алдаанаас ийнхүү амжилтаа давтаагүй гэх. Уралдахын урд шөнө бороо шиврээстэй хонож. Хамт морь уяж ирсэн Жанцанноров, Пүрэв гурвуулаа Хүүшийн зоорины хойд хавтгай дээр хоноглов. Дан тэрлэгтэй улс голдоо ортол даарчээ. Тэгсэн Жанцанноров майхан руугаа очиж дотор бүлээцүүлэх 100 граммыг авчирлаа. Гурвуул татгалзсангүй татацгаалаа. Хэдэн өдөр нойргүй шахуу явсан улс үүрээр дугхийгээд сэрвэл бороо намдчихсан байх аж.  Адуугаа хартал халзан үрээтэй хэдэн морь  алга болчихжээ.  Хамт явсан хоёртоо үлдсэнээ даатгачихаад адуугаа хайхаар гарч. Ингээд Хүүшийн зоорины баруун урд талын модон дотроос олоод иртэл соёолон мордчихсон байв. Соёолон мордсоны дараа уяа тойруулаад өнөөхөө шогшууллаа. Пүрэв морь айрагдуулж, түрүүлгэсэн нэгэн болохоор хоол нь ихэдсэнийг хэлээд “бага адуу гайгүй биз дээ” гэж тайвшруулна.  Ингээд улсад дөрөвлөсөн нь тэр гэдэг юм билээ .
ЭНЭ ЖИЛ ДАХИН МОРЬ УЯНА
Дашкагийн данстай хурдан хүлгэдийн өөр нэг болох шүдлэндээ тавласан Батмөнхийн шар хээрийг морины хорхойтнууд андахгүй. Хэнтий аймгийн Жаргалтхааны гаралтай энэ адууг дааган Цэндээ дааганд нь авчирсаныг авч байжээ. Хойтон жил нь улсад шүдлэнд таваар давхиулсан нь тэр. Цэндээгийн дүү Батмөнх хүү дааганд нь сургаж өгсөн аж. Улмаар хүүгийн нэр дээр мордуулсан нь Батмөнхийн шар хээр гэж түүхнээ үлдэж байгаа юм. Морь сайхан давхиж л байвал  болоо гэж боддог Дашка уяач үүний дараанаас хэдэн жил шар хээрийг уяж хурдлуулсан ч хараахан айрагдуулаагүй гэх. Харин сүүлийн хоёр жил зуншлага тааруу болохоор “морь алаад яахав” гэж өнжсөн сурагтай. Гэхдээ энэ удаад улирлын өнгийг харж байгаад уяаны ажилдаа орно гэнэ. Мөн найдвар тавьж байгаа соёолонгоо тордож, нутгийнхаа Хийдийн овооны тахилгаар азарга, их нас мордуулахаар бэлтгэлээ базааж эхэлснээ сонирхуулна билээ. 
Морь уях төрийн их хэрэгт шимтэн түмэн олноо хэдэнтээ цэнгүүлээд авсан шинэхэн цолтны тухай өгүүлэхэд ийм байна. Уяач та хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл №74

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна