МУ-ын Аварга адуучин, сумын Алдарт уяач О.Түвшинжаргал: Манай цавьдар азарга Даваахүү Тод манлайд тоогдсон хүлэг

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 25 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, МУ-ын Аварга адуучин, сумын Алдарт уяач Очирбатын Түвшинжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хонин жил ажил үйлс, амжилт бүтээл арвин байв уу?
-Хонин жил ээлээ өгсөн сайхан жил байлаа. Өнгөрсөн хавар гуравдугаар сарын 27-нд Төрийнхөө ордонд МУ-ын Аварга адуучны цол тэмдгээ гардан авлаа. Аймаг бүрээс таван адуучин шалгарч, нийт 100 хүн энэ шагналыг гардан авсан юм. Манай аймгаас Цэлхээгийн Бямбасүрэн гуай, Адъяасүрэн гуай, Эрдэнбилэг гуай, эвэр Батнасан бид тав орсон.
-Таны аав адуучин хүн үү?
-Тиймээ, манай аав 10-н хэдэн жил адуу малласан гэдэг юм. Анх 1975 онд Увсаас илгээлтээр ирээд Батаа гэж хүний хамжаа адуучнаар явж байгаад цэрэгт явсан байдаг. Гурван жилийн дараа халагдаж ирээд, 1990 он хүртэл 13 жил адуу малласан. Тэр хугацаанд сумын аварга, 1990 онд аймгийн Аварга адуучин болж байлаа. Дээд тал нь 780-н хэдэн адуу маллаж байсан юм байна лээ. Манай аав чинь бас морь уяна. Анх 1976 онд өөрийнхөө хээр морийг Сүмбэр сумын наадамд айрагдуулж байсан тухайгаа ярьдаг. Гомбоогийн хээр морь гэж яригддаг байж. Нэг сонин түүх ярихад 1978 онд намайг төрөхөд өвөөгийн хээр морь түрүүлж, хулгар хээр морь аман хүзүүдсэн билүү айрагдсан. Харин Галтын Цэвээндорж гэж манай ээжийн нагац ахын хүрэн морь тавлаж одтой наадацгаасан байдаг.
-Адууны тэнгэртэй хүү төрлөө хэмээн ихэд бэлгэшээсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Би аль аль талынхаа ууган ач нь юм. Гэхдээ аавынхаа аав Гомбо дээрээ өссөн хүн. Намайг багад үхрийн болон гүүний хоёр тасагтай байсан юм. Өвөө “миний хүү мал малын захтай байнаа, буянтай хүү” гээд л айл айлаар дагуулаад явдагсан. Ээжийн аав Цэндсүрэн ч  бас тэгж ярьдаг байлаа. Би чинь ухаан орохын малд явж, борлог уургалаад л гүйдэг нэгэн байлаа. Сүүлд ээжийн аав “миний хүү байнга уурга барьж байдаг юм чинь. Уурга хийгээрэй” гээд надад гурван бургас авчирч өгчихөөд явсан. Хөөрхий дөө, одоо бодоход энэ бидний хамгийн сүүлийн уулзалт байсан. Тэр үед би хүүхэд болохоор юугаа мэдэхэв.
-Харин таны аав хэзээнээс морь уях болсон юм?
-1976 онд хээр морь айрагдуулчихаад нэг хэсэг гүүний тасагт байсан болохоор уяагүй. Тэр үед манайхны чөтгөр Намсрай аавыг “энэ морь уявал давхиулна даа. Даанч муу хог уяхгүй юм. Энэ хүүхдүүд нь дандаа морь болж тоглоно, морь зэллэнэ” гэж хэлдэг байсан гэсэн. Түүнээс хойш морь уяж эхэлсэн. Анх хар, хонгор морьдоороо уяа эхлүүлж,  өвлийн наадмуудаар айрагдуулж байсан гэдэг байхаа. Тэгээд 1990 онд болсон Сүмбэр сумын 60 жилийн ойгоор манай өвгөн цавьдар азарга аман хүзүүдсэн нь анхны амжилтуудын нэг нь. Дээд угшил нь Галшар адуу гэсэн. Тэр жил их олон айрагдсан. Бараг очсон наадам болгондоо одтой наадсан. Хэрлэнгийн хөдөө арал болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойгоос бусдад нь. Энэ 750 жилээр манай зээрд халзан морь 38-д билүү орсон. Хэзээ хойно үнэмлэх нь ирлээ гэж ярьцгааж байсан. Энэ зээрд морь их нас болоод хурдалсан л даа.
-Галшар адуутай яаж холбогддог юм бол?
-Манай энд Жамсрандорж гуай, Сүмбэрийн шар Баасан гэж мундаг уяачид байсан. Тэднээр л дамжиж ирсэн гэдэг юм. Анх Жамсрандорж гуай авчраад Баасан гуайд өгсөн юм шиг байна лээ. 1976 онд Сүмбэр сумын наадамд түрүүлж байсан гэсэн. Даанч захиргаадалтын үед аман хүзүүдүүлээд хүчээр Аварга Лханэрэнгийн хул гэдгийг түрүүлгэсэн гэж ярьдаг. Тэгээд 1980 онд цэрэгт яваад ирэхэд нийгэмчилгээнээр өнөө хонгор халзан азарга хүрээд ирэхээр нь аав таниад өөрийнхөө хэдэн гүүг тасдаж хураалгаад энэ цавьдар азарга төрсөн юм. Манайх анх Увсаас шарга азаргатай 28 адуутай ирсэн. Тэгээд ногоон гүү, хар ногоон байдас, хээр морьтой үлдээд бусдыг нь алдчихсан гэж ярьдаг.
-Нутаг гүйчихсэн юм уу?
-Тийм. Тэгээд тэр ногоон гүүний үлдэгдэл л гэж ярьдаг.
-Тэгээд хэдий үеэс цавьдар азарга уягдсан юм бэ?
- Манай  цавьдар азарга Даваахүү Тод манлайд тоогдож байсан хүлэг шүү. 1986 оноос хойш гурван жил уягдаж, гурван жил дараалан зургаалсан байдаг юм. Тэгээд 1990 онд айрагдаад, дараа жил дахин айрагдсан билүү дээ. Тэрнээс хойш өвөл уяж байгаад хөлийг нь муутгачихсан. Харин төлүүдээс нь хүн амьтанд өгсөн нь дажгүй сайн давхиж байна. Ер нь гарсан эр төл болгон нь хурдалсан. Одоо бидэнд хар, хүрэн хоёр азарга бий.
-Даваахүү гуай юу гэсэн юм бэ?
-1995 онд цавьдар азарганы төл том хул азаргаа хавчигт нь хөлслөхөөр хөтлөөд давхиж байтал нэг цагаан жийп давхиад ирдэг юм. Одоо шиг интернэт энэ тэр байсан биш дээ. Даваахүү уяач гэж нэр сонссоноос зүс танихгүй. Машинаас их л тарган шар хүн “Очирбатынх хаана уу” гэхээр нь гэрээ заагаад өгчихлөө. Ингээд хул азаргаа хөлслөөд давхиад ирсэн нөгөө цагаан машинтай улс манайд ирчихэж. Тэр чинь таван сар. Тэгээд хул азаргыг барьж үзээд “Очироо ийм азаргыг оймсны наадамд түрүүлгэхгүй юм бол чи морь уяна гэж юу гэхэв” гээд шүдийг үзсэнээ “хавчиг юм, сайхан амьтан байна” гэлээ. Цааш нь адуунд яваа эцгийг нь хараад “үгүй ээ хөлийг авчихдаг.  Очироо чи төмөр хүлгийг хонхойлгох нь ээ. Ийм амьтны хөлийг авчихаж байгаа юм чинь. Жоохон залуу байсан бол” гэж хэлж байсан. Тэгэхэд цавьдар азарга уралдахаа байчихсан. Нэлээн харьчихсан, 18,19-тэй байсан юм.
-Залуухан байсан бол хөлийг нь засчих байсан байх даа?
-Тиймээ. Хөлтэй болоод залуухан байсан бол ч гээд л байсан. Тэгж ирэхдээ Батхүү гуайн хул азаргыг аваад явсан. Тэр үед Баттөмөр гуай, жолоочтойгоо гурвуулаа явж байлаа.
-Аав чинь Даваахүү гуайг яаж таньдаг юм бэ?
-Данзанням гуайтай цуг эмнэлэгт цуг хэвтсэн байсан. Бас  бурхан болсон Тод манлай Аюуш гуай, Сундуйжав гуайтай гайгүй сайхан харилцаатай байж билээ. Эрдэнэчулуун гуайтай ч сайхан танилцаад даанч эргэж холбоо барьж чадаагүй. Манай аав чинь олонтойгоо явдаг хүн. Данзанням гуайгаас дам яриагаар манай аав нэлээн юм сурсан байхаа. Даваахүү тэгж ирэхдээ “хүүгээ хул азаргатайгаа дагуулаад явуулчих Айдас л харуулчихмаар азарга байна” гэсэн ч аав яагаад явуулаагүйг мэдэхгүй. Хул азарга тэр зунаа Дарханд түрүүлсэн. Энэ чинь өнөө л цавьдар азарганы төл шүү дээ.
-Энэ томчуудаас зөвлөгөө, урмын үг дуулж байв уу?
-Ааяа Тод манлайтай Азжаргал арслангийн начингийн наадмаар анх танилцсан юм. Тэр наадамд бор морь айрагдуулаад, хасагдчихсан. Аюуш гуайн хонгор үрээ, Цэвээндорж гуайн хоёрын үрээтэй цуг ороод минийх айрагдчихдаг юм. Тэгэхэд хүмүүс  “Алдарт, Манлай хоёрын дундаас айрагдлаа даа. Чи бас хоншоортой байна шүү” гэцгээж байсан. Яг гурвуулаа цуг ирээд Аюуш гуайн үрээг барьчихсан байдаг юм.  Дараа нь 2005 онд манайд Аюуш гуай ирэхдээ цуг байсан хүнд маань “наад хүүхдэдээ хэлээрэй, морины урд өдрийн ажлыг арай л  ширүүн хийгээд байна” гэж хэлсэн байсан.
-Аавын тань нэртэй цавьдар азарга, хул азарга байсан гэж ойлголоо. Өөр ямар хурдан хүлгүүд байв?
-Цавьдар адуу анх гарч ирээд тэгээд зээрд халзан морь байсан. Аавын очиж наадсан хамгийн том нь Боржигон наадам. Анхны Боржигонд дөрвөн адуутай очоод өвгөн цавьдар азарга нэлээн өнгөлж яваад суучихсан. Бас хязаалан загал азарга эхний гуравт яваад хальтираад хүүхэд нь ойчоод наймд сул ирсэн. Би мориноос хасагдсан ч хул азаргаа эмээлтэй унаад наймд ордог билүү дээ. Ингэж бүгд л арвын дотор ирсэн. Тэр үед аавын бие муу байсан болохоор морь айрагдах дургүй байсан байхаа.  Харин 1999 онд хээр үрээ ес, арваадаар орж, 2003 оныход хар азарга 10,11-д орж, хонгор даага, соёолон зээрд морь 20-ийн дотор ирсэн.
-Тэр нь ямар угшилтай болох уу?
-Манай Сүмбэрийн Равдан гэж халзан адуутай хүн байсан юм. Тэдний адууны нэг зээрд гүү манайд байснаас жоохон зээрд даагыг “наадахаас чинь юм гарна шүү” гээд өгсөн гэдэг юм. Ингээд түүнээс тэр хурдан халзан морь гарсан. Халзан морины дүү зээрд байцыг Баттөмөр гуай авч байсан. Анх халзан морийг нь би бие дааж уяад аймагт аман хүзүүдүүлж байсан. Их насны мориор уяа эхлүүлж байлаа. 1995 оны зургадугаар сарын 6-нд Увсаас ирсний 20 жилийн ойн нэг наадам болсон. Тэр үед наадам их ховор байлаа шүү дээ. Галын Баттөмөр гуайд зарагдаагүй байсан үе л дээ. Ингээд зээрд морь түрүүлж, миний халзан морь аман хүзүүдээд, Цэвээндорж гуайн Боржигонд аман хүзүүддэг хээр морь гуравлаж, Жамсрандорж гэж өвгөний зээрд морь дөрөвлөсөн. Харин зун нь халзан үрээг аймагтаа бас айрагдуулж, хул азаргыг соёолонд нь айрагдуулсан юм.
-Халзан морь хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Зургаан жил айрагдаж, түрүүлсэн. Тэр үед дандаа цагаан өвсөөр уралддаг байлаа ш дээ.  10 хүртлээ уралдсан. Хавчиг долоотой өнжөөснийг эс тооцвол 1990 оноос 2006 хүртэл тогтмол уралдсан. 
-Та хэзээнээс бие даан морь уяж байгаа юм бэ?
-Аавыгаа амьд сэрүүн ахуйд би л голчлон уядаг байлаа. Аав зааж зөвлөөд энэ хавийн бүх суманд морь айрагдуулсан. 16-тайгаасаа эхэлсэн юмуу. Харин яг бие дааж уяад, зээрд халзан морио аман хүзүүдүүлсэн.
-Таны нэрийг гарган онцгой амжилт үзүүлж байсан ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Аавыг байхад хонгор морио орон нутгийн наадамд сайн давхиулсан. Хул азарганы дүү нар ч сайн давхисан. Сүүлд миний нэрийн Аварга зээрд морио ойр хавийн Даланжаргалан, Бор-Өндөр, Дархан сумдын наадмуудаар хэд айрагдуулсан. Мөн “Их хурд-3”-т зээрд морь урилгаар явж байсан. Харин сүүлийн үеийн амжилт гэвэл 2013 онд даага, шүдлэн хоёр км шахуу хол тасархай аймагт түрүүлгэсэн. Миний өөрийн бас нэг хар азарга бий. Цавьдар азарганы төл. Эх тал нь Төмөрхуягийн хээр азарганы төл хээр гүүнээс төрсөн.
Сүхбаатараас 2011 онд нэг бэдэртэй хонгор морь авч байсан юм. Эх тал нь Галдаан шаргын адуунаас гаралтай. Угшлыг нь хөөж үзсэн Галдаан шарга гэж шарга азаргатай хүн байсан юм билээ. Энийгээ хар азарганд тавиад гарсан төл. Даагандаа долоо уралдаад долоо түрүүлсэн. Нэг л мөнгөн медөльтай.  Тэгэхэд цуг ороод гадны сумын наадам болохоор дуугүй л өнгөрсөн. Тэгээд Шивээд түрүүлээд, аймагтаа дахин түрүүлсэн. Тэр жил буюу 2013 онд Адъяасүрэн гуай намайг улс явахыг зөвлөсөн ч яваагүй. Тэр л буруудсан юм. Би Төв аймгийн 90 жилд явсан.
-Тэгээд Төв аймагт ямар амжилт гаргав?
-Уралдуулж чадаагүй. Ханиалгаад нус гараад байхаар нь эмээгээд больчихсон. Тэгэхэд л улсад уралддаг байсан юм. Шивээд найман км-ээс уралдахад бараг хоёр км түрүүлж ирсэн байх шүү. Даанч би өөрөө дагаж чадаагүй. Дүүгийн даага аман хүзүүдээд, тэрийг дагаж явж байгаад таарсан.
-Сум, аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй болж байна вэ?
-Би гурван жил хэртэй завсарласан. Тэгээд 2011 оноос дахин морь уяж байна. Энэ хугацаанд 30 гаруй айраг, түрүүтэй. Үүнээс аймгаас зургаа, долоон айраг, түрүү байна.  Харин сумын наадмаас 20-иод дээр бэсрэг наадмын амжилтаа нэмэхээр 80-аад юм болж байгаа. Би жил, жилийн наадмын алдаа оноогоо дүгнэдэг. Энэ жил ийм амжилт гаргаж, тийм алдаа гаргалаа гээд л. Дараа жил энэ алдаагаа давтахгүйдээ гэж боддог ч өөр нэг алдаа гарах жишээний. Энэ бүрт шинэ юманд суралцаад л явна. Ер нь яаруу морины ажил хийх нь дэмий юм шиг санагддаг. Адгаад л тулчихсан байхад нь арав хоногийн ажил хам хум хийх хэрэггүй.
-2013 онд сумынхаа шилдэг уяач болсон гэсэн. Тэр жилийнхээ амжилтаас дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Тэр жил би даага, хоёр шүдлэн нийт гурван хонгор адуугаар наадсан. Шивээд хоёр даага дараагаар орж, хязаалан үрээ айрагдуулсан. Тэгээд дараа нь аймгийнхаа наадамд уралдуулсан. Бас дүүгийн хоёр шүдлэнтэй. Морины хэдэн хүүхдүүддээ “энэ дөрвөн шүдлэнгээс нөгөөдөр хоёр нь айрагдчих байх. Харин  хоёр нь арвын дотор орчих болов  уу” гээд санаандгүй ярьчихгүй юу. Тэгсэн тэр дороо л их томорлоо, мэдэмхийрлээ гээд жиг жуг хийлцээд ирсэн. Тэгээд хонгор үрээгээ тасархай түрүүлгэж, бас хонгор даагаа түрүүлүүлсэн. Харин дүүгийн хоёр үрээ нэг нь долоолж, нөгөө нь есөөр орсон. Уг нь би хээр үрээгээ айрагдчихна. Түрүүлдэг хонгор үрээгээ гурав, дөрвөөр давхих байх гэж тооцоолж байсан юм.  Гэхдээ хээр үрээ хоол нь ихдээд арвын дотор ирсэн. Ийнхүү зургаан адуутай очоод зургуулаа л арвын дотор орсон юмдаг.
-Айраг, түрүүний морьдыг баримжаалах уу?
-Өөрийнхөө хэмжээнд цагаан өвсний морийг барагцаалаад байдаг байсан. Хүнд хэлэхгүй л дээ. Дотроо л айргийн таван морьдыг бодно. Ганц нэг алдаж бодсон байдаг л юм.  Одоо ч тэжээлийн адууг хэлэхэд хэцүү. Гэдэс гүзээ нь өөр болчихсон. Цагаандэлгэрт болсон нэг наадмаар дал нь сэтрээд, гэдэс гүзээгээ тавьчихсан Билгээгийн хүрэн морийг харсан юм. Цагаан өвснийхөөр бол мултарчихаар л байхад айргийн дөрвөөр орсон. Аавын үед манай адуу тарган ирэн дээр явдаггүй. Эцэж байж л давхидаг байсан.
-Харин 2015 онд яаж наадав?
-Энэ жил манай суманд ган гачигтай байгаад айхтар наадаагүй ээ. Хавар хонгор үрээгээ нэг түрүүлгээд, Баянцагааны уяачдын холбооны нэг наадамд долоогоор оруулсан. Нэг хар даага ойр зуурын наадамд гурав, дөрөв айрагдууллаа. Тэгээд дахиж уралдаагүй.
-Малхын талын эрчүүд адуу маланд эрэмгий бололтой?
-Тийм шүү. Адуу маланд эрэмгий эрчүүд олон бий. Манай аав бас адуу сайн уургалдаг хүн байлаа. Би ч дажгүй ээ. Гэхдээ тэмцээний одгүй юм шиг байгаа юм. 1999 онд анх удаа хөдөө орон нутагт болсон “Адуучин” тэмцээнд ороод хоншоороор нь уургалаад л гаргаж байсан. Олон хүн намайг түрүүлнэ гэж бодож байсан. Бас аав маань хамт явсан болохоор эмээгээд, биеэ барьчихсан юм болов уу. Аавтайгаа наадсан наадам бүхэн сайхан л даа. Урьд зөндөө л морь айрагдуулж явлаа. Тэгээд аавыг бурхан болсноос хойш морь ирэхээр хоолой зангираад нулимс гардаг болчихоод байгаа юм. 2010 оны аймгийн наадамд зээрд үрээгээ дөрөвлүүлсэн юм. Тэр өдөр барих цагаасаа өмнө 30 минут идүүлчихье гэж бодоод тавьчихсан. Өөрөө майхандаа орж ирээд жоохон зүүрмэглэчихэж. Тэгсэн аав яг дэргэд ирчихсэн. Миний хүү босоо морио барь гэж дуудаад, морь янцгаагаад л сэрсэн чинь зүүд байсан. Морь  айрагдалгүй хоёр, гурван жил болчихоод байсан үе л дээ. Ингэж зээрд үрээгээ айрагдуулсан. 
-Таны хүүхдүүд морь малд дуртай биз?
- Би хоёр хүү, хоёр охинтой. Хөвгүүд маань нас бага л даа. Нэг нь сар хүрээгүй, нэг нь хоёр ой гарантай. Том нь байнга морь болдог хүн дээ. Бугуйл шидээд л, морь унаж ноцолдоод л байдаг юм.
-Та ээж ааваасаа хэдүүлээ билээ?
-Бид гурвуулаа. Өнгөрсөн жил гурвуулаа сумын 90 жилээр морь айрагдуулчихаад явж байхад үнэхээр бахдалтай санагдсан. 10 жилд нэг тохиох баяраас гурвуулаа айраг амслаа, одтой байна шүү гэж хүмүүс хэлж байсан.
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж байгаа таны дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна