“Дөнөн хөхийн удам” МСУХ-ны тэргүүн Ц.Бат-Эрдэнэ: Улсын цолтнууд хамгийн олон төрсөн нь манай сум

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 27 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, “Дөнөн хөхийн удам” МСУХ-ны тэргүүн Цэдэн-Ишийн Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Дөнөн хөхийн удам” МСУХ  байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?
-Миний бие, Улааны Сайнхүү, Цэдэвийн Куронов нарын хамтаар анх санаачлан байгуулж, холбооны тэргүүнээр аймгийн Алдарт уяач Куронов ажиллаж байлаа. Зүүнговь сумын “Дөнөн хөхийн удам” МСУХ 1998 оны тавдугаар сарын 16-ны өдөр байгуулагдаж, нээлтээрээ их насны морь уралдуулж байсан юм. Энэ уралдаанд манай сумаас  төрсөн МУ-ын Алдарт уяач Хоохдойн Ганбаатарын “Их хурд”-д дөрөвлөсөн бор морь хол тасархай түрүүлж байсан түүхтэй. Ер нь манай Зүүнговийн эрдэмт уяач, хурдан хурц хүлгэд нь мундаг л даа. Тавиад оны үед Жумарганы Чүлтэмийн хээр гэж аймгийн баяр наадамд 11 удаа түрүүлсэн алдартай хурдан хүлэг байлаа.
Анх 1995 оны Завхан аймгийн Дөрвөлжин сумын Сар хайрханы даншигт манай сумаас аймгийн Алдарт уяач Чойрогийн Баасанжав, Аюушийн Ганболд, Бавуудоржийн Цогтоо нар явж, хоёр шүдлэн хоёр, гурваар, нэг хязаалан дөрөвлүүлж  байлаа. Энэ бол манайхны анхны том амжилт гэж болно. Дараа нь Хоохдойн Ганбаатар анхны “Их хурд”-ын айргийг нутагтаа авчирч байлаа. Эндээс Өвөрхангайн Хархорин хүртэл 1200 км замыг морио хөтлөөд 32 хоног туулсан гэж ярьдаг юм. Мөн аймгийн Алдарт уяач Сүхээгийн Баяндалай азарга, соёолон хоёроо нэг өдөр 30 минутын дотор аймагт түрүүлгэж байсан удаатай. Тэрээр бас 2005 оны Шарбүрдийн даншигт буурал хязаалангаа гуравлуулаад, зээрд үрээгээ аман хүзүүдүүлсэн уяач байна.  Одоо ч гэсэн нэлээн хурдтай. Намайг 2005, 2006 онд Засаг даргаар ажиллаж байхад уяачдын холбооны тэргүүнээр  сумын Алдарт уяач Б.Энхбаяр ажиллаж байлаа. Тэгэхэд гурван жил дараалан аймгийн баяр наадмын 30 медалийн 16-17-г манайхан авдаг байлаа. Шар бүрдийн даншгийн хязаалан насанд манай дөрвөн морь аман хүзүү болон гурав, дөрөв, таваар ирсэн юм. Тэгэхэд Ерөнхий сайд асан Алтанхуяг Увсад Зүүнговиос өөр сум байдаггүй юмуу гэж асууж байлаа.
Ер нь манай адууны хурд эх талаасаа удамшдаг юм билээ. Би энэ талаар сонирхож нэлээн судалсан. ММСУХ-ны тэргүүлэгч Самданжамц, Ховдын Мянганцэвээн гэж хөгшин, бас морь судлаач, доктор Цэвээн нарын хүмүүстэй холбоотой байж, асууж сурдаг юм. Судалгаа хийж үзэхэд Завхан аймгийн Баянхайрхан, Цэцэрлэг, манай аймгийн Хяргасын Марцын гол, Завхан сум, Ховдын Мянгад, Хөвсгөлийн Цагаан-Уул чиглэлээс авсан азарга, гүүнд манай нутгийн адууны цус таарч хурд гардаг. Үүнийг олон ч ахмад уяачид ярьдаг.
-Жишээлбэл?
-Баяндалай Алдартын хүрэн азарга байна. Анх Хөвсгөлийн Цэцэрлэгээс даага ирж, хожмоо азарга тавьж, гарсан төлүүд нь их сайн давхисан. Мөн аймгийн төлөөлөгч Ширнэн гэж хүний Завханы Баянхайрханаас шар халтар гүү авчирч  их олон хурдан адуутай болсон. Түүнчлэн  Чойдогийн Отгонбаярын Завханы Баянхайрханаас ирсэн шар халтар гүү байна. Басангийн Гэлэнхүү гэж хөгшний нутаг орондоо дээгүүрт бичигдэх хурдан хүлгүүдийг одоо ч хүүхдүүд нь давхиулсаар байгаа юм. Бас Мянгадын азарганаас гарсан төлүүд гайхалтай хурдтай, бяртай байдаг юм байна лээ.
-Та “Дөнөн хөхийн удам” МСУХ-ны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?  Шинэ албанд томилогдоод хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа сонирхуулна уу?
-Би дөрөв дэх тэргүүн байгаа юм. Аймгийн Алдарт уяач “сахал”  Баатаржаваас энэхүү албыг аваад гурван жил болж байна. Өдгөө  холбооны нарийн бичгийн даргаар манай хурлын дарга Энхбаяр ажилладаг юм. Дээр нь таван багийн тэргүүлэгч гишүүд болон Алдарт уяач Гүрцоо, Дамдинсүрэн, тэргүүн асан Баатаржав нар удирдах албанд ажиллаж байна. Бид энэ хугацаанд морины төхөөрөмж, гарааны шонтой боллоо. Дөнөн хөх мориныхоо хөшөөг 2014 онд нутгийнхны дэмжлэгтэйгээр босголоо. “Исисис” барилгын компанийн захирал Гэлгээний Батсүх ивээн  тэтгэсэн энэ хүрэл хөшөө 90 орчим сая төгрөгийн өртөгтэй  бүтсэн юм.  Дээр нь 50 хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангалаа. Түүнчлэн Чүлтэмийн алдарт хурдан хээрийн дууг бүтээлгэж, МУГЖ  “морины” Батбаяраар дуулуулж олны хүртээл болголоо. Мөн Дөнөн хөхийн тухай хоёр, гурван дууг ч гаргасан нь олны аялах дуртай дуунууд болсон байна. Увс аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ядамсүрэнтэй хамтран “Зүүнговийн хурдууд” гэж 300 ширхэг ном хэвлүүлж морины хорхойтнуудадаа бэлэг барилаа. Энэ номонд 1942 оноос хойш амжилттай наадсан хурдан морьд, уяачдын намтар багтсан. Дарханд байгаа аймгийн Алдарт уяач Цэдэвийн Куроновтой хамтарч, нутгийн алдартай хурдан морьдын зургийг уран зураачаар зуруулж үр хүүхэд, ач зээ нарт нь дурсгал болгон үлдээлээ.  Харин  энэ жилийн тухайд хамгийн том ажил гэвэл бид морин уралдааныхаа замыг засаж, тойруулга журмаар уралдуулах боломжтой болголоо. Уяачид, иргэдийн дэмжлэгтэйгээр ийнхүү найман сая орчим төгрөгийн өртөгтэй  их ажлын ард гарлаа. 2017 онд манай сумын ой болно. Тэр үеэр бид гарааны төхөөрөмжөө илүү сайжруулаад, бариан дээрээ цамхагтай, тэндээсээ бичлэг хийдэг байхаар төлөвлөөд ажиллаж байна. Манай сум чинь 16 овоотой бөгөөд овооны тахилга наадмыг уяачдын холбооны зүгээс удирдан зохион байгуулдаг  юм. Холбоо жилдээ нэг удаа хурлаа хийж, 12 сарын адгаар уяачдын шинэ жилийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ үеэр бөөндөө нэг уулзсаных  ирэх жилийнхээ ажлын төлөвлөгөөгөө гаргачихдаг юм.
- Дөнөн хөхийн түүхээс манай уншигчдад ярьж өгөөч?
-Дөнөн хөх бол түүхэнд мөнхөрсөн морь.  Амарсанаа баатар Хотгойдын Чингүнжавтай уулзахаар захиа илгээтэл өнөөх нь Загастайн даваанд манжуудад баригдчихаж. Ингээд Амарсанаа баатар зугтаж явахдаа Хан Хөхийн орой дээр ирэхэд Өндөрхаан ноён Чулцайн Дөнөн хөх гэдэг морийг Хурган үнхлэг гэдэг газар гурав хоног сойж амрууллаа. Ямар ч байсан чамайг хүрэх гэсэн газарт тань хүргэнээ гээд явуулсан байгаа юм. Тэгээд зугтахад, араас нь өртөөлсөн морьтой манжууд, урвагч монголчууд хөөжээ. Хархирааг давахын даваан дээр араас нь жадаар хатгасан гэдэг. Хөө хуяг нь одоо аймгийн музейд бий. Тэгээд гүйцэгдэлгүй Хархирааг даваад Баян-Өлгийн Цагаан нуурын боомтоор гарч, Орост бурхан болсон хүн шүү дээ. Амарсанаагийн аминд орсон морь доо. Мөн Дандарбаатарын алаг, Тэгшээгийн хүрэн халзан, Сүхбаатарын ухаа хонгор чинь яг л манай элсний адуу байхгүй юу.
-Холбооноос тогтмол зохион байгуулдаг хичнээн уралдаан байна вэ?
-Энэ жилийн хувьд сумын түвшинд анхны уралдаанаа хийлээ. Зүүн бүсийн энэ уралдаанаар шинэ гарааны төхөөрөмжөө ашиглаж үзлээ. Морьдыг явуулахгүйгээр шууд тойргоор уралдуулах журмаар шийдсэн нь  тун боломжийн боллоо. Хүмүүс ч ам сайтай байна. Энэ үеэр зэвсэгт хүчний агаарын хил хамгаалах 328 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хоёр өдөр бүтэн ажиллалаа. Тэдэнд талархаж буйгаа  ярилцлагын далимд дамжуулж  байна. Үүнээс өмнө аймагт болсон төвийн бүсэд цөөхөн морь очиж уралдсан ч зургаан айрагтай их сайхан наадсан. Харин аймгийн баруун бүсэд явж чадаагүй.  МУ-ын Манлай уяач  Б.Далай бол манай сумын унаган хүү байгаа юм. Түүнийг Манлай болохоос өмнө Алдартын нэрэмжит наадмыг бид гурван жил дараалан зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Манлай уяач болоод түр хойшлуулчихаад байна.
          Бид зөвхөн морины уралдаан зохион байгуулах биш  адуу дагасан өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажилладаг. Жил бүр сургуулийн хүүхдүүдийн дундаас шилдэг морь цоллоочийг шалгаруулна, соёлын төвөө түшиглээд сургалт явуулна. Төгсөгчид маань уралдааны үеэр морь цоллоно. Түүнчлэн аргамжаа, чөдөр, ногтоо өөрсдөө хийцгээчихнэ. Үхрийнхээ арьсыг сайхан элдэж, хөрөл гэж ярьдаг хатаагаад гараараа нухаж элдэнэ. Тэгэхээр бороонд  норохгүй, сунахгүй болдог юм. Энэ үйлдвэрлэл бараг өрх болгонд явагдана шүү дээ. Дээр нь манай сумаас Нямсамбуу, Басан, Батсуурь, Баатархүү, Төгсжаргал нарын таван морин спортын мастер төрсөн байна. Энэ мэтчилэн адууны соёлыг өөрийн хэмжээнд авч яваа улс гэж өөрсдийгөө хэлнэ.
- Зүүнговь суманд морь уядаг хичнээн хүн байна вэ?
-Эртнээсээ нааш хурдтай манай сумаас өнөөдөр нэг Манлай, таван МУ-ын Алдарт, 66 аймгийн Алдарт уяач төрсөн байна. Манайхан сумын Алдарт уяач гэж олгодоггүй. Үнэндээ хүн болгон морь уяна, бас бүгд сумын Алдарт авахыг боддог. Гэхдээ энийг хавтгайруулж болохгүй гэж би боддог. Тиймдээ ч ирж байгаа санал хүсэлтэнд аймаг, бүсэд уралдаад  цолоо ав гэж хэлдэг юм. Өнөөдөр сумын хэмжээнд  морь уяж байгаа 130 гаруй хүн байгаагаас ихэнх нь 36-гаас доош насныхан байна. 2009 онд Далай ах, Дуламсүрэн Манлай, Самданжамц гуай, Балжинсүрэн гэж байгаад бурхан болчихлоо, тэр хүмүүстэй холбогдож байгаад Далай Манлайн галаар оруулж, Өлзийт хорооллын зүчээг нь сонирхуулж сургалт зохион байгууллаа. Завханы Тэлмэнгийн даншигт Баттөмөр их насны хүрэн морио түрүүлгэсэн нь энэхүү сургалтын үр дүн гэж ойлгож байгаа. Ер нь уяачдаа сургаж баймаар юм байна лээ. Манлай ч нутгийнхаа адууны чанар чансааг сайжруулах тал дээр их анхаардаг. Лав 30 гаруй морьд нь ирснээс түрүүч нь аймаг, суманд сайн давхиж байна. Далай ах энэ тал дээр гар татдаггүй, нутгаа гэсэн сэтгэлтэй хүн дээ. Өөрийнхөө нэрэмжит наадмын эхний 10 моринд байны шагнал болгож хурдан удмын адуугаараа шагнадаг. Хүмүүст ч адуу их бэлэглэнэ. Ах дүү, найз нөхөд, уяачид гээд морины төлөө хүмүүст үнэ ханш харгалзахгүйгээр тусална шүү дээ. Дээр нь мэргэжлийн зөвлөгөөг ч сайн өгнө. Бас улсын начин Жигмэдийн Алтансүх нутаг орныхондоо их тусалдаг. Уяачдаа дэмжиж адууны цус сэлбэх ажилд гар бие оролцон 20-30 адуу оруулж ирээд байна. Мөн Цэдэвийн Куронов, “Монволфром” компанийн захирал Цэнд-Аюуш, аймгийн Алдарт уяач Цагаачийн Баярхүү, Жаргалсайхан нарын нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй олны тус дэм их бий.
-Зүүнговь сумын  адуу ямар ямар онцлогтой юм бэ?
-Манай  сумын адуу нутаг орныхоо байгалийн нөхцөлд дасан зохицсон шөрмөслөг, чадал тэнхээтэй, зоригтой, уналга эдэлгээнд сайн, ядарч цуцдаггүй гээд олон давуу талтай. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завханы Баянхайрхан, Баянтэс, Тэс, манай Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговийн адуу нь өнөө алдарт  Тэс угшлын адуу юм шүү дээ. Энэ нь шинжлэх ухаанаар тогтоогдчихсон. Тэгэхээр Тэс угшлын адууны цөм сүрэг нь манайд байна. Бидэнд өнөөдөр цустай адуу байхгүй. 
            Манай Завхан сум, Ховдын Мянгадын адуу ч сайн л даа. Би 2000 хэдэн оны билээ, төрийн тахилгат Алтан Хөхийн анхны наадамд очиж, их насанд халзан хул морио гаргаад ирсэн юм. Түүний араас 15 хүртэл Мянгадын морьд ирж байх жишээний.
-Эрлийзжүүлгийг сайшаахгүй байна уу?
-Тийм ээ, сайшаадаггүй. Манайд болсон зүүн бүсийн уралдаанаар 2-3 эрлийз, Араб цусны адуу ирсэн ч оруулаагүй ээ. Уяачид нь гомдоод л буцна лээ.
-Сүүлийн үед  улсын чанартай томоохон уралдаанд тогтмол амжилттай оролцож байгаа ямар уяачид байна вэ?
-Олон сайхан уяач бий. Улсын Алдарт уяач Батаа гуайн хүү аймгийн Алдарт уяач Дамжин зургаа, долоон даншигт амжилттай сайхан оролцоод ирсэн байна. Бас Явдагийн Балдорж, манай аварга Баяндалай нар байна. Аварга гэж нутгийнхны өгсөн нэр. Өөрөө “Аварга” гэж галтай юм. Өнөөдөр манай “Дөнөн хөхийн удам” уяачдын холбоо нь “Тод магнай”, “Аваргууд”, “Шандас”, “Говийн хурд” гэсэн галуудтай.
-Та ч бас хурдан адуугаар нааддаг бололтой?
-Манай хөгшин аав Гээвээ, авга ах Түүвээ, нагац аав Гэлэнхүү нар удам залгасан хурдтай улс байлаа. Миний хувьд ажлын ачааллаас болоод өөрөө уяж амжихгүй л явна. Уяаны ажлаа найз Баяндалайдаа даатгачихсан гэх үү дээ. Бид аймгийн нэг түрүүтэй бол суманд айраг түрүү нэлээн бий. 2007 оны аймгийн наадамд хул шүдлэнгээ түрүүлгэж байлаа. Одоо  надад Манлай уяач Далайгийн бэлэглэсэн хул азарга, бас нэг дөнөн хээр байна. Энэ жил даншигтаа мордуулна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна