"Шууман саарал" МСУХ-ны тэргүүн Ж.Пүрэвсүрэн: Баян-Овоо сум эртнээсээ хурдаараа илүүрхдэг

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 21 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, "Шууман саарал" МСУХ-ны тэргүүн Ж.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-”Шууман саарал” МСУХ-г үүсгэн байгуулагчдын талаар ярилцлагаа эхэлж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй байх.
-Тэгэлгүй яахав. 1999 онд анхны тэргүүнээр тухайн үед сумын Засаг дарга байсан Ёндонлодой гэдэг хүн сонгогдон, нарийн бичгийн даргаар аймгийн Алдарт уяач Бямбажав, тэргүүлэгчдээр нь манай ахмад уяач нар болох Пэлжээ гуай, Сономбал гуай гэх мэт 11 хүн ажиллаж эхэлсэн байдаг. Лодой гуай хоёр жил орчим ажиллаад, дараа нь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аймгийн Алдарт уяач Бямбажав тэргүүнээр ажилласан. Дараа нь сумын Засаг дарга байсан Бат-Өлзий бас гурав дөрвөн жил орчим, Дүгэрсүрэн ах мөн ийм хугацаанд ажилласан байна. Миний хувьд ”Шууман саарал” МСУХ-ны тав дахь тэргүүнээр 2010 оноос хойш сонгогдон ажиллаж байна.
-2010 онд уяачдын холбоог хүлээж авахад үйл ажиллагаа нь ямархуу байдалтай байсан бэ?
-Уяачдын холбоо нэртэй л болохоос албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ байхгүй байсан. Аймгийн уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ бүх сумдыг зохион байгуулалтанд оруулж, бүгдийг нь тамга тэмдэг, гэрчилгээтэй болгосон. Түүгээр зогсохгүй аймгийн ”Хонгорын хурд” МСУХ аймгаа гурван бүс болгон, бүсүүд дотроо хаврын уралдаан, зуны бүсийн уралдаан зохион байгуулж, нэлээд идэвх санаачлагатай ажилласан. Гишүүдээсээ тодорхой хэмжээний татвар авч, Бүсийн уралдаан зохион байгуулж байгаа сумандаа сая төгрөгийн шагналын санг бүрдүүлэн өгөх зэргээр сумдын МСУХ-г дэмжиж байсны үр дүнд сумдын МСУХ-ны үйл ажиллагаа тогтворжин өргөжих болсон. Уяачид ч өөрсдөө татвараа төлсөн учраас идэвх санаачлагатай байгаа. Манай МСУХ хаврын бүсийн уралдааныг нэг удаа зохион байгуулсан. Энэ жил сумын ойтойгоо давхцуулаад зуны төвийн бүсийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн сумын Алдарт уяач цолыг энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй болгоод байна.
-Холбооны нэрийн тухайд мэдээж сум орон нутгийн цуутай хүлгийн нэрээр ийн нэрлээ болов уу гэж таамаглаж байна?
-Тийм. Аймаг анх 1942 онд байгуулагдаад анхны наадмаа хийхэд Шууман Гомбосүрэн гэдэг хүний ягаан саарал морь түрүүлж байсан. Үүгээр нь бэлгэдээд Бат-Өлзий дарга энэ нэрийг өгсөн гэж миний хувьд ойлгодог.
-Баян-Овоо сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Манай Баян-Овоо чинь хурдаараа илүүрхэж уралддаг сум. Тэр дундаа манай нэгдүгээр баг Гучингийн голынхон бол ер нь их уядаг юм. Одоо яг холбоонд бүртгэлтэй морь уяж байгаа 80-аад уяач байна. Сүүлийн үед ахмад уяачид нэлээн цөөрчихлөө. Залуучууд ч морь уях нь багасах хандлагатай. Морь уяна гэдэг чинь өвөл, хаварт нь тэжээхээс эхлээд мөнгө төгрөгтэй хүний ажил болсон байна.
-Баян-Овоо сумаас улсын  Алдарт цолтой хоёр уяач төрсөн байна. Аймгийн Алдарт уяач хэдэн хүн байдаг вэ?
-Аймгийн Алдарт бараг 30-аад хүн байгаа. Сумын Алдарт уяач бас төдий хэмжээний бий. Сумын Алдарт уяач цолыг холбооны тэргүүлэгчдээрээ хуралдаад тэр бүр болзол гэхээсээ ахмад уяачдад сумын Алдарт уяач цолыг нөхөж олгох, залуу уяачдаа урамшуулах зорилгоор олгож байна.
-Танай сумын хэмжээнд тогтмол зохион байгуулдаг хичнээн уралдаан байна вэ?
-Манай аймгийн баяр наадам Дуурсахын хөндий гэж манай сумын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагддаг. Энэ уралдаанд манай Баян-Овоочууд өргөнөөр оролцож, морио уралдуулдаг. Мэдээж сумын баяр наадмаа сайхан хийнэ. Үүнээс гадна дөрвөн баг маань өөрсдийн өдөрлөгөө зохион байгуулна. Ураг овгоороо, ах дүүсээрээ юмуу, эсвэл уяачид маань дааж аваад уралдаанууд хийдэг. Манай сумын Шар бүрдийн хөндийд овоо босгож, тэнд уралдсан морьдынхоо түрүүгээр мялааж Магнай овоо гэж нэрлэсэн. Тэр овооны 10 жилийн ойг өнгөрсөн жил хийлээ. Энэ овоон дээрээ жил болгон нээлтийн болон хаалтын уралдаан зохион байгуулдаг. Хаалтын уралдааныг тухайн жилдээ аймаг, бүсийн уралдаанд амжилттай уралдсан уяач нар хамтран 8 сарын 10-ны үеэр хийдэг юм. Хаалтын уралдаан нь тогтмол болдог бол, нээлтийнх нь хаврын тарчиг цаг болоод сүүлийн жилүүдэд хийгдэхгүй л байна. Энэ жил сумын ой болох Магнай овоондоо нээлтийн уралдаанаа хийх байх.
-Хаалтын уралдаан сумын цолны болзолд хамаардаггүй биз дээ?
-Болзолд хамаарахгүй л дээ. Гэхдээ манай хаалтын уралдаан бай шагналын хувьд харьцангуй өндөр. Уул уурхайн компани ивээн тэтгэж мотоцикль өгдөг. Энэ уралдааныг Сономбал, Дүгэрсүрэн гээд ах нар санаачилж, анхны уралдааныг хийж байсан. Бай шагнал өндөр учраас эргэн тойрны Баацагаан, Бөмбөгөр, Жинст, Галуут, Баян-Овоо гээд тав зургаан сумын дундах бүсийн уралдааны дайтай болно шүү дээ. Бага гурван насны морь уралддаг юм. Намар 8 сар гарчихсан хойно болохоор азарга, их насны морь уралдуулахад бас тийм таатай биш.
-Аймгийн баяр наадам болдог газар юм чинь уралдааны зам бол толь л биздээ?
-Аймгийн баяр наадам Дуурсахын хөндийд болдог. Харин манай сумын хурдан морины уралдаан Нарийны голд болдог юм. Манай уралдааны зам чулуутай, гэхдээ муу бишээ.
-Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдал сүүлийн үед хурцаар яригдаж байгаа сэдвүүдийн нэг. Энэ тал дээр хэр анхаарал хандуулдаг вэ?
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал яах ч аргагүй анхаарах ёстой зүйлийн нэг юм. Сүүлийн үед төслийн болон хүүхдийн төлөө байгууллагууд, даатгалын компаниуд үнэхээр идэвх санаачлагатай ажиллаж байна. Би ч гэсэн уяачдын холбооны тэргүүний хувьд, бас засаг даргын хувьд ч уралдаан болоход даатгал, хүүхдийн төлөө байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тухайн байгууллагуудад уралдаан болох тул хамтарч ажиллахыг хүссэн албан тоот хүргүүлдэг. Хүүхэд мориноос унадаг ч гэмтсэн, амь нас эрсэдсэн асуудал одоогоор бүртгэгдээгүй. Үүнийг уралдааны зам цагаан байдагтай холбоотой гэж боддог. Мөн хавар гурван сард уралдаан хийхэд цас арилаад газар харласан байдаг. Гэхдээ энэ бол асуудалд хөнгөн хандаж, цалгардуулах хэрэг огт биш.
-Хүүхдийн хамгаалалтын хувцас жигдэрч чадсан уу?
-Ер нь бол жигдэрсэн. Сая Номгон хайрханы хурд уралдаан нэлээн өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа. Хүүхдийн хамгаалал, хүүхдийн хамгаалах хувцас хэрэглэлийг маш сайн шалгаж байна.
-Сумын ой болоход сумын дэвжээгээ хамгаална гэдэг нутаг орны нэр хүндтэй холбоотой чухал асуудал байдаг. Баян-Овоогийн удирдлага, дээрээс нь сумын уяачдын холбооны тэргүүний хувьд ойдоо хэр бэлтгэж байгаа вэ?
-Тэр тийм шүү. Уяачдаа уриалаад сумын ой болох гэж байна, юу бодоцгоож байна гээд санаа сэдэл өгч л байна. Манай уяачид, бизнесменүүд ямартаа ч наадмын дэвжээгээ хамгаалнаа л гэцгээсэн. Залуу уяачид маань ч ойдоо бэлдээд өвлөөс эхлээд морьдоо тэжээсэн. Аймаг, сумын цөөнгүй уяачид байна, аймагт ч уралддаг мундаг уяач нар байна. Болох байхаа. Ний нуугүй ярихад сүүлийн жилүүдэд манай сумын уяачдын амжилт жоохон буураад байгаа. Нэг хэсэг 2000-2010 оны үед манай морьд аймагт толгой цохидог, зургаан насны морь уралдахад дөрвөн түрүү нь Баян-Овоогийн морь байх жишээтэй. 30 айраг түрүүний 17,18-ыг нь манайхан авдаг байлаа. Энэ жил наадам маань нэлээн өтгөн болох байх гэж бодож байна. Яагаад гэхээр манай аймаг 19 сумтайгаас Шинэжинстийн 50, манай сумын 70 жилийн ой тус тус тохиож байгаа. Дээрээс нь манай сум аймагтайгаа их ойрхон. Сумын харьяат аймагт бизнес эрхлэгчид олон байдаг болохоор бай шагнал ч гайгүй болох болов уу гэж бодож байгаа.
-Тэгш ойн баяр наадамд төсвөөс мөнгө гаргадаггүй билүү?
-Ойдоо ч биш. АХ-ын баяр наадам зохион байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөг гаргах боломжтой. Өөрөөр мөнгө гаргах боломж байхгүй. Манайхан урьдчилсан байдлаар төсөвлөж үзээд 200 гаруй сая төгрөгт наадам зохион байгуулах юм байна гэсэн тооцоо гаргасан. Мэдээж 200 гаруй сая төгрөгийг хандиваар л босгоно гэж төлөвлөсөн. Гадуур манай сумыг түрүүлсэн зургаан насандаа зургууланд нь машин өгнө гэнэ лээ гэсэн яриа гарсан байна лээ. Бусад сумдыг харахад түрүүлсэн морь 1,5 сая орчим байдаг юм байна. Тэгэхээр манайх доод тал нь гурван сая төгрөг байхаар ярилцаж байгаа.
-Ойн хандив босгоно гэдэг том ажил тулгарч байгаа юм байна даа?
-Хавар Улаанбаатар хотод золголт уулзалт зохион байгуулсан. Тэр золголтонд 100 гаруй хүн ирж, сумынхаа ойд хандив өргөнө гэдгээ хэлцгээсэн. Морь, бөхийн медалийг “Титэм дизайн” компани шинэлэг дизайнаар хийж өгье гэж амласан.
-Танай сумыг ойгоороо бөх, морины цогцолбортой болох гэж байгаа тухай сонсогдсон?
- Бөхийн цогцолборыг орон нутаг хөгжүүлэх сангаас 100 гаруй сая төгрөгөөр босгож байгаа юм. Морины цогцолборт гадна хашаа, зам хийхэд 50 сая төгрөг төсөвлөснөөс гүйцэтгэл нь арай болоогүй байна. Найман морины хөшөө барихаас ямар морьд байх вэ гэдгээ тогтчихвол уяачид өөрсдөө мориныхоо хөшөөг босгох боломжтой юм. Эрэмбэ ёсоор хамгийн өндөр амжилт гаргасан найман морины хөшөө байх ёстой. Гэвч уяачдаар морьдынх нь хөшөөг босгуулах учраас тухайн хүний боломж бололцоо ямар байхаас бас шалтгаалах болчихоод байгаа юм. Тийм болохоор “миний морь ийм амжилттай, морио алдаршуулъя” гэсэн уяачийн саналыг хүлээн авч хөшөөг нь байршуулах боломжтой гэж үзэж байгаа. Манай сумаас аймагт гурав түрүүлсэн Баатар ахын хүрэн морь, найм түрүүлсэн Доржсүрэн гуайн хээр азарга байна. Дүгэрсүрэнгийн шар хээр аймагт хоёр түрүүлчихсэн, бас улс бүсийн олон уралдаануудад амжилттай оролцсон. Бүрэнтөрийн хондон азарга гэхэд гурван даншигт дараалаад түрүүлчихсэн. Гээд яривал хурдан хүлгүүд олон байна.
-Одоогоор ямар уяачид хурдан хүлгээ алдаршуулахаар холбогдоод байгаа вэ?
-Баатар ах хүрэн мориныхоо тал мөнгийг нь хувиасаа гаргаж, талыг нь хандиваар босгох боломж байна уу гэж байсан. Бандийн хондон гэж аймагт хоёр түрүүлсэн морь бий. Бандийн Насанбаяр гэж залуу нэлээн идэвхтэй оролцож байна. Цогцолбор хийж байгаа компани нь Цэдэвсүрэнгийн Эрдэнэ-Очир гээд манай нутгийн залуугийн компани байгаа юм. Тийм учраас бас нэлээд идэвх зүтгэл гаргаж байгаа. Манайх бас сая наадмын талбайн стадионоо шинээр барьсан юм. Цэнгэлдэхийн ногоон байгууламжаа бүх нийтийн хүчээр мод тарьж зүлэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мод ургуулна гэдэг чинь гол нь арчилгаа байдаг юм билээ.
-Ойг угтсан өөр томоохон ямар ажил хийж байна вэ?
-Баяр наадам гэдэг чинь хоёр өдөр баярлаад, хуушуур идээд явахдаа биш. Мэдээж ойд ирсэн зочдыг цэнгүүлэх баярлуулах ёстой. Нөгөө талаасаа сум орон нутагт хөрөнгө оруулалт авч үлдэх, сумын өнгө засах нь чухал. Ер нь 2013 оноос хойш нэлээдгүй ажил хийгдлээ. Суманд төсөвт зургаан байгууллага байдгаас бүгдэд нь засвар орж байна. Манай соёлын төв 1956 онд баригдсан чулуун барилга байдаг. Энэ төвийнхөө гадна фасад, дээврийн ажлыг хийсэн. Одоо дотор засвар хийгдэх хэрэгтэй байгаа. Бас ЗДТГ-аа засварт оруулах, сумын нэгдсэн шугам сүлжээгээ засварлах ажил байна. Дээр нь сум дотроо нэг км авто замыг явган хүний зам, гэрэлтүүлэгтэй хийлгэхээр зураг төсөл хийгдсэн явж байна. Мэдээж энэ бүхнийг хийхэд санхүүгийн асуудал тулгарна. Үүнийг уул уурхайн компаниудыг түшиглэж хийнэ гэсэн бодол байна.
-Сумын ойд зориулсан ном гарсан гэсэн. Түүхээс харахад Баян-Овоогийн уяачдын оргил үе нь хэзээ байв. Танай сумын уяачид аймгийнхаа баяр наадмаас нийт хичнээн айраг, түрүү авсан байна вэ?
-1942 оны аймгийн анхны наадмаас хойш 2015 он хүртэлх энэ хугацаанд манайх их насны түрүү 33-ыг авсан байна. Бага нас, азарганы ч айраг түрүү бий. Энэ бол Лайшир гуайн гаргасан ном, ахмад уяачдын яриа шүү дээ. Их насны морийг хүмүүс он дарааллаар нь хэлээд байдаг боловч бага насыг нь сайн санадаггүй. Манай уяачид оргил үе дээ 2004, 2005 онд аймгийн зургаан насны морины дөрвөн түрүүг нь авдаг, 30 айраг, түрүүний 17,18 нь Баян-Овоогийн морь байдаг байлаа. Манай сум бусдаасаа арай түрүүлээд зүүн талаас морь авчирсан л даа. 2011 онд “Хонгорын шигшмэл хурд” анхны уралдаанд дээд гурван насны морьд уралдсан юм. Айраг, түрүүгээр оноочлон багийн дүнг гаргахад манай сум нэгдүгээр байранд орж мөнгөн морьтой цом, англи азаргаар шагнуулж байсан.
-Англи азарганы төл ямархуу байна даа?
-Харамсалтай нь тухайн үед тийм адуу тэжээх чадвар мэдлэг байхгүй байснаас эндчихсэн л дээ. Төлийг нь ч авч чадаагүй. Намраас эхэлж тэжээгээд сүүлдээ Дархан руу хүртэл аваачиж тэжээж байгаад 12 сард үхсэн. Тэр уралдаанд манай сум нэг, Богд хоёр, Бөмбөгөр сум гуравдугаар байранд орж байсан. Яалт ч үгүй л сумдын эрэмбийг тогтоосон явдал болсон. Өнгөрсөн жил “Хонгорын шигшмэл  хурд” уралдаан Бууцагаан суманд болж, цөөхөн уяачид оролцсоноос их насны морь л гурав, таваар орлоо.
-Сүүлийн үед залуучууд морь уях нь багаслаа гэсэн. Уяачдынхаа идэвхийг сэргээхийн тулд та ямар арга хэмжээ авъя гэж бодож байгаа вэ?
-Хэрэндээ л хичээж байгаа. Баг багтаа хариуцсан хүнтэй болгоод нөгөөдүүлээрээ дамжуулаад уяачдын холбооны шинэ жил хийж, сумын Алдартын цол тэмдгээ гардуулж, хүмүүсээ шагнаж урамшуулдаг.
Өнөөдөр уяачид маань адуугаа өвөл тэжээдэг болоод байна. Сономбал ах, би гээд зарим нэг нь блокон хашаа барьж хашаанд тэжээж байна. Цаашдаа залуучуудадаа ахмад уяачдаараа зөвлөгөө өгүүлж, уяа сойлгын арга барилаас нь заалгах бодолтой байгаа. Миний нэг бодол байдаг юм. Манай сум аймагтайгаа ойрхон учраас хотын Өлзийт хороолол шиг морио төвлөрүүлэх газартай болох боломжтой юм.
-Албаны асуулт энэ хүрээд жаргаж байна. Пүрэвсүрэн гэдэг хувь хүнийх нь талаар яриагаа үргэлжлүүлье. Хэдий үеэс хурдны морь унасан юм бэ?
- Манайх төвийн айл байгаад, нэгдэл тарахад хувьчлалаар хэдэн мал авч хөдөө гарсан юм. Би 1992 оноос долоотойгоосоо л хурдан морь унасан. Аймагт хоёр түрүүлсэн Доржсүрэнгийн шар хээр морийг нэлээд алдартай болсон хойно нь унаж байлаа. Гэхдээ шар хээрийг айрагдуулж чадаагүй, аймагт наймаар давхиулсан. Ер нь би сүйдтэй түрүүлж айрагдаж байгаагүй. Энэбиш, Баяраа, Тулгаа гэж залуучуудын морийг унаж сумын наадмаас ганц нэг айраг авсан. Сүүлд 1998 онд Хархоринд болсон анхны Их хурдад  морь унасан. Тэгэхэд манай Баян-Овоо сумаас Бямбажавын хул, Жанчивын хээр, Мижидийн саарал гээд гурван морь явсан. Жанчив ахын хээр морины унаачаар Сономбал ах эд нартай явж байлаа. Тэр үед ачна гэж байхгүй, морио хөтлөөд Хархорин орчихоод ирсэн.
-Хэд хоног явж Хархорин орж байсан бэ?
-Эндээс явахдаа бид нар их тайвуу, 10 гаруй хоног явсан. Буцахдаа харин жоохон шуурхай яваад ирсэн. Бороо ус ихтэй, нэвт нороод морио хөтлөөд л явна. Очоод уралдах болсон чинь зүүн талын хүүхдүүд нь эмээлтэй унаж байна.
-Ер нь саяхныг хүртэл зайдан унаж байсан байх. Тийм үү?
-Ер нь л зайдан унана шүү дээ. Одоо ч гэсэн зайдан л унаж л байна. Гэтэл тэнд эмээл дээр сууж, ташуур барьсан хүүхдүүд. Бас болоогүй зүүн талд барианыхаа газар дээрээс тууж байна. Манай энд чинь тууна гэсэн ойлголт байхгүй. Хүүхдүүдийг тав таваар нь явган суулгаад нэг цагдаа бүгдийнх нь ташуурын үзүүрээс бариад суучихдаг байхгүй юу. Эзэд нь морио бариад гараан дээр жагсаад зогсчихно. Дохио дугарангуут хүүхдүүд гүйгээд л морин дээрээ мордоод ухасхийгээд гардаг.
-Морин дээрээ очих хүртлээ хүүхдүүд бас хоорондоо уралдчихдаг байх нь ээ. Гараанаас шууд гарах нь халаалтгүй моринд халгаатай гэдэг?
-Тухайн үедээ тэгж л уралддаг байсан. Одоо бол тэжээлийн морьд болчихсон учраас хөл гарт нь халгаатай л байлгүй.
-Тэгээд эмээлтэй хурдан морьд, гараа руу туугдсан “Их хурд”-ын бүх юм багаасаа харж дассан зүйлсээс өөр санагдаад, сонин байсан байлгүй?
-Сонин санагдалгүй яахав. Тэгээд бариан дээрээс туудаг байхгүй юу. Туугдаад явж байтал замд бороо орсон чинь тэр хүүхдүүд бүгд ганзаганаасаа цув гаргаад өмсөцгөөчих юм. Бид нарт юун тийм юм байхав, нэвт нороод л очлоо. Норж даарснаасаа болоод шөрмөс татчихаад юун уралдах манатай, хойгуур ирсэн. Ирсэн чинь барих хүн байдаггүй ээ. Тэр олон хүн дунд бараг төөрчихөж байгаа юм чинь. Тэгээд явж байтал манай Баян-Овоо сумын бүдүүн Аюуш ахын бор Фургон зогсож байхаар нь нутгийн ахаа барааддаг юм. Манай хэд сүүлд л намайг олж ирж байсан.
-1998 оны “Их хурд”-аар морь унахаа отголсон уу?
- Дараа жилээс нь морь гаргаач болсон. 1999 онд аймагт болсон Ламын гэгээний ойгоор 1000 морь мордож байхад морь гаргаач хийж байсан. Гэхдээ бас их нас, соёолон хоёр унасаан. Манай хүргэн ах Ш.Дамба гэж хүний хүрэн соёолон үрээ, нэг морийг унаж 40,50-аар ирж байсан санагдана. Ламын гэгээний 360 жилийн ой их өтгөн наадам болж билээ. Монголын хэмжээний анхны “Их хурд” гэдгээрээ том л байсан байх. Гэхдээ Ламын гэгээний 1000 морь мордсон наадмыг гүйцэхгүй.
-Уяачийнхаа хувьд хэдий үеэс морь уясан юм?
-Угаасаа адуу малд сонирхолтой байсан болохоор нэг л мэдэхэд хэдэн даага бариад уячихсан, хусуур бүсэлчихсэн байсан. Манайх нэг жилийн дөрвөн эр даагатай байв. Анх тэднийг бүгдийг нь уяж, хооронд нь үсэргэж байгаад Магнай овооны наадамд хөтлөөд явж байлаа. Тэгээд ах нарынхаа хүүхдүүдээр унуулчихсан. 
-Тэгээд анхны уралдаан урам нэмэв үү, сургамж болов уу?
-Анхныхаа наадмаас сургамж авсаан. Миний хонгор даага гайгүй сайн байлаа. Манайтай саахалт Тогтох ахын аймагт түрүүлчихсэн хар даагатай үсэргэхэд түрүүлнэ. Аймагт очоод бас сунгаанд тавьсан чинь миний хоёр даага түрүүлэв ээ. Ваша гуайн хээр даага гурав дээр ирдэг юм. Сономбал ах миний хонгор даагыг эвтэйхэн даага байна гээд байдаг байсан. Би ганцаараа аймагт түрүүлж ирээд, өөрийнхөөрөө баахан сунгачихсан хэрэг л дээ. Маргааш нь даага гарлаа, миний гайгүй байсан даага хамгийн сүүлд үлдчихэж. Сономбал ах хойноос сүүлд ирээд гараа нь буруутчихлаа гээд зэмлэсэн. Эхний таван даага тасраад л явчихлаа. Хонгор даага хойноос нь явсаар байгаад эхний тав дээр очлоо. Их холоос зүтгэж явсан болохоор яг зурхай  дээр ирээд зургаалсан. Гэтэл хоёр хоногийн өмнөх сунгаанд хойгуур давхиж байсан даага хоёрлож байсан. Тэгэхэд морийг сэтгэлийн хөөрлөөр үсэргэх нь сайн биш юм байна, уралдаанч хүүхэд бас чухал юм гэдгийг ойлгож билээ. Тэгээд хонгор даагаа аймагт зургаалуулсан ч сумандаа гурав, дөрвөөр давхилсан.
-Уяаны ажил цаашаа хэрхэн үргэлжилсэн бэ? Ямар насны ямар адуу уяж, айраг түрүү хүртэж байв?
-Тэрнээс хойш даага, шүдлэн гээд дандаа бага юмнууд уяж оролдож байсан. 2009 онд манай улсын Алдарт уяач Бүрэнтөр ах надад хондон азарганыхаа анхны төл цагаан гүүнээс гарсан хүрэн даага бэлэглэж байсан юм. Хавар болоход хүрэн даагаа алдчихаад, Баацагааны урд руу Жаргалантаас олж авчирлаа. Тэгээд даагаа хашаандаа тэжээгээд зун нь Ламын гэгээний 370 жилийн ойд мордуулсан. 2012 онд соёолон үрээ гайгүй хурдан байсан. Аймгийн “Номгон хайрханы хурд”-д Бууцагааны Эрдэнэбулганы алаг түрүүлж, миний хүрэн аман хүзүүдсэн. Дараа нь Бөмбөгөрийн төвийн бүсийн уралдаанд очоод түрүүлж байсан. Бүсийн уралдаан аймгийн амжилтанд ордог учраас одоогоор аймгаас нэг түрүү, нэг аман хүзүүтэй байна.
-Хүрэн үрээ соёолонгоосоо хойш яаж давхисан бэ?
-Одоо азарга болчихсон. Эх нь цагаан байсан болоод тэрүү өнгө нь хувираад буурал зүстэй болсон. Тэрнээс хойш уяа сойлго нь болохгүй байгаа юм уу, сайн давхихгүй л байна. Тэр зунаа Байдрагийн 90 жилийн ойд гарааны төхөөрөмжнөөс болоод хойно гараад, нэхэж давхисаар долоогоор орсон юм. Сая “Номгон хайрханы хурд”-д мордуулсан  гарааны төхөөрөмжнөөс үргээд байгаа юмуу их л хойноос гарах юм. Тэгээд яваад л 20 орчмоор орсон. Сумын ойдоо уралдуулахаар хоёр гурван адуу тэжээгээд бэлдэж л байна. Тэгээд сумынхаа ойд л ид шидээ үзүүлэх байх даа.
-Танай ийшээ зүүн зүгийн адуу давамгай болчихсон юм шиг анзаарагдлаа?
-Миний тэжээж байгаа адуунууд бүгд зүүн талын адуу. Хязаалан, соёолон үрээнүүд байна. Нэгийг нь “Номгон хайрханы хурд”-д мордуулсан чинь гараад хэсэг өнгөлж яваад суугаад хойгуур ирсэн. Бас жоохон бяр, тэжээл дутуу, ажлын хажуугаар морь руу орж чадахгүй юм. 2012 оны хавар Хурлын дарга байхад ажил багатай. Засаг дарга болохоор бүх ажил толгой дээр. Ажил албанаас болоод морь малдаа төдийлөн анхаарч чадахгүй, хүмүүст даатгаад орхидог. Тэр хүмүүс маань муу уяж байгаа гэсэн үг биш л дээ. Эзэн нь сэтгэл гаргахгүй болохоор морь жоохон муу давхиад байдаг юм байна гэсэн бодол төрсөн. Яалт ч үгүй өдөр болгон ирээд яахуу, ийхүү, ажил хийе, алив гээд л зүтгэл гаргавал морь сайн давхиад байгаа юм шиг санагддаг. Тэгээд хүний итгэл сэтгэлээр морь хурдалдаг юм байна гэж бодоод байгаа.
-Сайхан дурсамж гэдэг хүнийг байнга эерэг цэнэгээр дүүргэж байдаг. Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Мэдээж Монголын морины олимп гэж ярьдаг анхны “Их хурд”-д аймгаа төлөөлөөд очиж уралдана гэдэг миний хувьд бахархал. Дээрээс нь морь сайн давхисан, морь айрагдсан наадам бүхэн их сайхан. Сумын наадамдаа морь айрагдуулах чинь гоё шүү дээ. Тэр тусмаа анхны айраг авсан маань хамгийн түрүүн дурсагддаг. Хонгор даага жаахан хадуурах гээд байдаг болохоор би өөрөө хажууд нь дагаж гаргаж өгөөд, хэсэг зэрэгцэж давхиж байгаад явуулсан. Тэгээд өнгөлөөд давхичихаар нь түрүүлчихсэн байхаа гэж бодоод яваад очсон чинь гурвалчихсан байсан. Тухайн үедээ гундуухан байсан ч морь айрагдуулсан анхны наадам байгаа юм.
-Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Бэлгэ ерөөлтэй сайхан үгээр ярилцлагаа өндөрлөе.
-Тэгэлгүй яахав. Ер нь морь хүнийг олон хүнтэй найзалж нөхөрлүүлдэг, олонтой болгодог. Энд тэндхийн суманд явахад хүрэн үрээний эзэн, уяачдын холбооны тэргүүн гээд сэтгүүл дээр гарсан хүн байна шүү дээ, зургийг чинь харсан хүмүүс ирж мэнд мэднэ. Тэр их сайхан санагддаг. Хондон азаргаараа дамжуулж би Баттулга сайдтай анх танилцаж байлаа. Сайдын жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөрийнх нь хүрээнд Баруун бүсийн худалдааны төв барих ажлыг зохион байгуулахад нь өөрийн хувь нэмрээ оруулж, санхүүг нь хариуцдаг байлаа. Тэгэхээр морь гэдэг хүний ажил амьдралыг хүртэл өөд татдаг хийморьтой сайхан амьтан. Аймгийн Алдарт уяач Сономбал, Оюунбат хоёр бол манай аавын төрсөн ах дүүс, миний авга нар байгаа юм. Багаасаа ийм хүмүүсийн хажууд морь унаж өссөн болохоор би морийг шүтэж дээдэлж явдаг юм. Дашрамд ийм сайхан сэтгүүл эрхлэн гаргадаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Хонгор нутгийн энэ дугаарыг манай сумын уугуул Энхтайван ах маань ивээн тэтгэж хийлгэж байгаа юм байна. Энхтайван ахынхаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Нийт уяачдадаа хүлэг морьдоо сайн уяж сумынхаа ой, улс, бүс, аймаг сумдын наадмаас олон айраг, түрүү авахыг ерөөе. Энэ нутагтай ажил амьдралын бүх л сэжмээр холбогдсон Монгол улс, дэлхийн өнцөг булан бүрт дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа нийт Баян-Овоочуудадаа түүхт 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, сумынхаа ойд хүрэлцэн ирж сайхан наадахын урилга заллага айлтгая.
-Таны заллага эздэдээ хүрэх байхаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна