“Говийн ажнай” МСУХ-ны тэргүүлэгч Б.Пүрэвгончиг: Элс усандаа төрсөн, эндээ бойжиж өссөн унаганууд их хурдан сайн байдаг юм.

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 13 -нд

Увс аймгийн Завхан сумын уугуул, “Говийн ажнай” МСУХ-ны тэргүүлэгч Батхүүгийн Пүрэвгончигтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэсэн байхаа?
-Энэ холбоог үүсгэн байгуулж 1999-2001 он хүртэл хоёр жил МСУХ-ны анхны даргыг нь хийсэн. 1999 онд Ховд аймагт ”Алтайн унага” гэж баруун бүсийн уралдаан болсон. Тэр уралдаанд явахын өмнө уяачид маань нэгдэж холбоогоо байгуулан, анхны даргаар нь намайг сонгосон юм. Тэгээд “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд явж, миний бор морь 630 мориноос 11-ээр давхисан.
-Уяачдын холбоо анх байгуулагдсан түүхийг дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Уяачид маань нэг удаагийн морь үсэргэх үеэрээ уяачдын холбоо гэж юм байгуулъя, нэгдэж нягтарч адуугаа сайжруулъя, зохион байгуулалтанд оръё гэж ярилцаад эхэлсэн юм. Анх Аймгийн Алдарт уяач Батаа, Зоригоо, Бямбаа, Хөдөлмөрийн баатар Шагдарсүрэн гуай нарын хүмүүс намайг “Чи залуу хүн зохион байгуул” гэсэн үүрэг өгөөд, тэрний дагуу би зохион байгуулж анхны хурлаа сумын Шарбулаг төв дээрээ хийсэн. Тэгэхэд тавь гаруй уяачид цуглаж, холбоогоо “Говийн ажнай” гэж нэрлэн, хурлаараа 5 тэргүүлэгчээ сонгосон. Тэгээд дараа нь уяачдынхаа баярыг хийж, “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд оролцсон нь тэр. Сүүлд 2010 онд шинэчлэн зохион байгуулалтанд орсон. МСУХ байгуулагдахаас өмнө манайд Хөдөлмөрийн баатар адуучин Шагдарсүрэн, Улсын аварга адуучин Бямбаа гээд адууны тал дээр нэлээд юм хийсэн олон сайхан буурлууд байлаа. Ер нь манайх хурдан мориныхоо үүлдэр угсааг сайжруулах тал дээр эрт дээр үеэсээ анхаарч, одоо ч амжилттай яваа нутаг байгаа юм.
-Холбооны хийсэн дараагийн ажлууд юу байв?
-Анх морьдоо тойргоор уралдуулдаг болсон. Одоо ч тойргоор, хойно байгаа жижиг хөх толгойг тойроод уралддаг. Миний бие анхны тэргүүнээр нь сонгогдон хоёр жил ажиллаад, сумын удирдлагын алба хашихаар болсон учраас МСУХ-ны ажлаа Мэдэр гэж хүнд хүлээлгэж өгсөн. Одоо бол холбооны ажил, морины соёлд тодорхой хэмжээнд өөрийн хувь нэмрээ оруулаад л явдаг. 1987 оноос хойш сумын хурдан морины комисст ер нь тасралтгүй шахуу л ажилласан. Үндсэндээ бол 30 гаруй жил ажиллаж байгаа.
-Тэгвэл та сүүлийн 30 жил энэ сумын наадамд давамгай уралдаж байгаа адуунуудыг нэрлэх хүн байна шүү дээ?
-Тийм. Хамгийн эхнийх нь хурдан хүрэн гэж нэгдэл азарга байсан. Тэр хурдан хүрэн азарганы төл болгон нь давхиж, эм төлүүдээс нь гарсан нь хүртэл хурдан. Завхан сумын гол угшилд хурдан хүрэн азарга голлох байртай. Тэрнээс салбарласан олон сайхан угшлууд байгаа. Бас Сүхтулгын халзан гэж азарганы угшилтай морьдууд сайн байсан. Дараа нь Цэнд-Аюушийн хүрэн, догшоо давхидаг Дарьжавын хээр, Балжингийн хээр, Шагдарсүрэн баатарын хонгор морь, Цогийн шар хээр морь, Булдагачаагийн хээр, Цулдаганы халиун морь сайн давхилаа. Сүүлд бол Цогийн халзан, Лхагваагийн бор, Дугараагийн хүрэн, Энх-Амгалангийн халтар, миний бор морь байсан. Яг одоо давхиж байгаа адуу гэвэл Нямаагийн хүрэн, Дүгэрзээгийн хар, Эрдэнэсүрэнгийн бор, Зулаагийн хүрэн гэсэн морьдууд байна. Сүүлийн үед үүлдэр угсаа сайжруулах болсон ч гэсэн манай Завхан голын унаган адуу хурдан байгаа. Жишээлбэл 1-р багийн малчин аймгийн аварга малчин Цэвээний Даваажавын хүүгийн хүрэн халзан морь, 2-р багийн Ням-Осорын хүрэн, Аймгийн Алдарт уяач Цолмонгийн хоёр хээр морь, Баярлахын хээр азарга, Чинбатын хүрэн азарга, Дорждэрэмийн хээр азарга сайн давхиж байна. Мөөг гэж адуучин адууны угшил тал дээр мундаг ажилладаг хүн байсан. Манайхан Тэс, Зүүнговь, Өндөрхангай, энэ Хомын талаас угшлаа сайжруулсан.
-Догшоо давхина гэдэг нь юу гэсэн үг вэ? 
-Байнга сайн давхидаг адууг хэлдэг. Догшоо адуу бага насандаа ч давхидаг, томроод ч давхидаг. Одоо бол их насанд энэ таван морь л орно доо гэж нэрлэхэд их хүнд. Энэ жил гэхэд 10-20 морь нэрлэж байж, тэрний нэг нь ирж байх жишээтэй байдаг. Дээр үеийн догшоо морьд бол байнга айрагдаж түрүүлдэг, айрагт нэрлэхэд гарцаагүй л ирдэг. Улсын аварга малчин Жамсрангийн Ухна хэмээх хээр морь, Дарьжавын хээр морь бол догшоо давхидаг байлаа.
-Завхан голын унага хурдан байдаг нь нутаг орны газар зүй нөлөөлж байна уу?
-Тэгж ойлгож болно. Манай нутгийн гол онцлог нь Увс аймгийн хамгийн урд захад оршдог, тал хээрийн бүсэд хамаарагддаг. Увс аймгийн говийн адуу хурдтай байнаа гэдгийг Хомын талын борлогууд нотолсон байдаг. Хом манай хоёр чинь Завхан голоос ундаалдаг, Хом голын дунд хэсэгт, манайх голын адагт нь. Завхан гол Хангайн нуруунаас эх аваад 808 км урсахдаа 200 км нь Хом, манай хоёрын нутаг дэвсгэрээр өнгөрч, Айраг нуурт цутгадаг. Яг энэ голоо дагасан, элсний унага илүү хурдтай байдаг. Ерөнхийдөө манай сумын морьдыг элсний морь л гэж үзнэ. Эндээс тэр уул хүртэл 90-ээд км газар дандаа элс туулдаг. Элс усандаа төрсөн, эндээ бойжиж өссөн унаганууд их хурдан сайн байдаг юм.
-Тэгвэл танай нутгийн морьд хаана хаана очиж айраг, түрүүнд орж хурднаа нотолж байсан бэ?
- Дээр үед олон сайхан хурдан адуунууд байснаас анх аймгийн наадамд давхисан нь Боохой Намжилын хар морь байна. Тэгээд Ангиа тойны хонгор халзан, хятад хээр, Бат-Очирын хээр гээд олон сайхан хурдан адуунууд байлаа. Сүүлд 1980-н хэдэн онд Дарьжавын хээр гэж хурдан морь гарч ирж, аймаг бүсийн наадамд нэлээд сайн давхисан. Энэ уламжлалыг Завхан сумын уяачид одоо ч алдалгүй Ховд, Завхан Увс, Баян-Өлгий гээд баруун аймгууд, баруун бүсийн уралдаануудад амжилттай уралдаж байна.
Хурдан хүрэн азарга бол Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал сумд, Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумд, Увс аймгийн Цагаанхайрхан, Наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь сумдад бүгдэд нь давхисан. Хүрэн азарга бол очсон баяр бүхэндээ л давхисан азарга. Хурдан хүрэн гэж олон түмний өгсөн нэр. 
-Хаа сайгүй зүүн зүгийн адуугаар уралддаг болсон энэ үед ч гэсэн Завханы унаган адуу хурдан байна гэж та хэлж байсан. Сүүлийн үеийн хурдууд гэвэл?
- Аймгийн Алдарт уяач Зоригоогийн хээр сүүлийн үед сайн давхиж байгаа. Энэ хээр Ургамалын тэгш ой, Чандманийн тэгш ой, Мянгадын тэгш ой гээд нэг жил гурав давхиж байх жишээтэй. Мөнгөншагайн халиун гэж яг одоо ид давхиж байгаа догшоо морь байгаа. Халиун морь Завханмандалын ой, Ургамалын ой, Чандманийн ой, тэгээд сумынхаа ойд давхисан. Нямаагийн хүрэн морь Завхан, Ургамал, Дөрвөлжин, Өлгий сумуудад давхисан. Дугараагийн хүрэн болохоор Ургамал, Мянгад, Дөргөн, Завхан суманд давхиж байлаа. Эд бүгд манай нутгийн унаган адуунууд. Яахав ганц нэг цус орсон адуунууд сайжирч, хэв галбир нь өөрчлөгдөж байгаа, хөнгөн болж байгаа юм бий. Сүхбаатарын адуу илүү хөнгөхөн. Жишээлбэл Сүхбаатарын хурдан зээрдийн угшилтай манай морьдын төстэй зүйл нь элсний болоод жижигхэн. Манай адуу жижигхэн гэлтгүй Увсын Тэс, Өндөрхангай, Зүүнговь, Баруунтурууны хаанахын ч ойд очоод айраг, түрүү авдаг. 
-2012 оны Баруун бүсийн наадамд танай сумын адуу дээгүүр давхисан гэсэн байхаа?
- Баян-Өлгийд болсон 2012 оны баруун бүсийн наадамд манай сумын Цолмон гэдэг хүний халтар, хээр хоёр морь хоёулаа 11, 12 дээр ирсэн. Нямаагийн хүрэн морь өнгөрсөн жилийн Ховд аймгийн бүсийн уралдаанд 21-ээр ирсэн. 21-ээс урагшаа бол дандаа Улаанбаатар, Говь-Алтай, Ховдын голдуу морьдууд байсан. Нямаагийн хүрэн бол нөгөө хурдан хүрэн азарганы угшилтай. Ер нь хурдан хүрний удмаас салбарласан морьд их бий. Бас халиунуудын
"Тод магнай" Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна