Аймгийн Алдарт уяач С.Өлзийтогтох: Би морьдоо дааганаас нь уядаг ч, 5 наснаасаа хойш л илүү давхидаг юм

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 31 -нд

Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Өлзийтогтох гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1949 онд Цагаан түнх хэмээх газар төржээ.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил эрхэлж байв?
-Хуучин цагт тэмээ малладаг байлаа. Тэр үед илгээлтээр хөдөө гарч нэг суурь буюу 250 тэмээ хариуцан маллаж, ажлын гараагаа эхэлсэн. Ингээд 1987 онд норм төлөвлөгөөгөө биелүүлж аймгийн Аварга, 1989 онд аймгийн Аварга тэмээчин болсон. Дараа жил нь 100 ингэнээс 100 ботго бойжуулж, нэг ёсондоо улсын аваргын болзлыг биелүүлсэн ч төр солигдоод өнгөрсөн. Манай  удамд аварга малчин олон бий. Хөдөлмөрийн баатар Шагдарсүрэн гуай бид худгай улс байгаа юм. Манай хүргэн бас улсын Аварга малчин бол миний уяаны багш  Жамсран улсын Аварга малчин байна.
Би одоо ч таван хошуу малын захтай. Сүүлийн хоёр жил тэмээгээ өсгөнө, үржүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энд залуус нэгдэж байгаад ахмадын хувьд баярлаж л сууна.
-Та хэзээнээс хурдан морь уях болсон юм бэ?
-Би гурав дахь үеийн уяач. Миний аав, өвөө нар уяачид явлаа. Аав эмч хүн ч гэхдээ ажлынхаа хажуугаар морь мал уядаг байсан юм. Аавын бор, хар гээд морь нутаг орондоо  төдийгүй зэргэлдээх Завхан аймгийн Ургамалаар дээгүүрт давхидаг байлаа. Миний хувьд долдугаар анги төгсөөд нутгийн ахмад уяачдыг дагаж морь уяж эхэлсэн. 1970-1980 онуудад сумын төвд тээврийн жолооч явлаа. Зундаа морь малаа уяна. Энэ хугацаанд нутгийнхаа унаган адуугаараа наадаж өнөөг хүрлээ.Баяр дөхөхөөр сумдын морины үсэргээн дээр машинтайгаа л яваад орчихно. Тэр үед морио ачаад явна гэж байх биш. Харин 1990 оноос хойш морио аваад хүссэн наадамдаа очдог боллоо. Энд тэндээс сонирхсон адуугаа ч мөнгө нь байвал авах боломжтой болчихлоо шүү ээ.
-Ямар адуугаар уяа эхлүүлж байв?
- 1965 онд долдугаар ангиа төгсөөд  хүргэн ах нар болох улсын Аварга малчин Жамсран, улсын Аварга адуучин Бямбаа  нараар уяаны эрдмийг заалгаж байлаа. Анх хязаалан үрээ уяж сумынхаа баярт тавьдаг юм. Тэгсэн их насанд морины хүүхэд хүрэхгүй байна гэхээр нь би унах боллоо. Өөрийнхөө хязаалан үрээнд хүүхэд мордуулаад явуулчихсан байгаа. Тэгээд хязаалан гурваар ороод ирсэн би байдаггүй. Их гайхсан гэдэг. Уралдааны замд гарсны мэдээгүй байж таарсан юм. Үүнээс жилийн дараа өөрөө гардан морь уях болсон. Өөрөө бор морио уясан ч юу шалихав. Мэдэхгүй зүйл их гарна. Тэр тоолонд л өнөө хөгшчүүлээсээ асууж сурна, ажиглана. Энэ бор мориороо 1970 он болтол наадсан. Нэг их түрүүлж сүйд болж байгаагүй ээ. Ингээд 1970 онд цэрэгт явж гурван жилийн дараа ирээд уяаны ажлаа үргэлжлүүлсэн. 1990 оноос хойш миний морьд сайн давхиж байна. Бодвол уяаны дөртэй болж эхэлсэн юм уу даа.
-Борын дараа ямар адуугаар наадав?
-Дараа нь хул мориор нааддаг байлаа.  Тэр үед мал хувьчлагдаагүй байсан болохоор нэг их олон малтай байсангүй. Ажлын далимаар ганц хоёр гүү сэлбэж, гарсан төлүүдээс нь авч үлдсэн нь байгаа юм.
1995 онд санагдана, хул морь сумандаа аман хүзүүдчихээд анхны Сар хайрханы даншигт  600 морь гарч, 11-ээр ирж байлаа. Хоёр дахид нь дахин мордуулсан ч 20 гаргаад ирсэн. Бидний очсон хамгийн том наадам энэ байгаа юм. Харин нутаг орондоо бол олон ч удаа айргаар хурдлан намайг баярлуулж байлаа. Бага насандаа сумандаа хоёр ч түрүүлсэн. Би морьдоо  дааганаас нь уядаг ч, таван наснаасаа хойш л илүү давхих гээд байдаг юм.
-Сар хайрханаас гадна өөр Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд явж байгаагүй юу?

-Яваагүй ээ. 2011 онд манай аймагт баруун бүсийн наадамд оролцсон ч будилчихсан. Уг нь хүрэн морь маань гайгүй давхиж байсан юм. Нэгэнт будилчихаар нэмэргүй юм билээ. Манай сумынхан 2008 оны даншгаар будилчихаар нь нэг хэсэг аймаг руу явахаа больчихсон. Ховд тал руугаа уралдах сонирхолтой гэх үү дээ. Будилаангүй наадна, бас газар нь ч сайхан. Ховдын бүсчилсэн төвийн наадам, болон нааших сумд Мянгад, Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэнгээр их явсан. Манай Завхан сумын адуу Завхан, Ховд талдаа сайн шүү.
-Гурван үедээ удам нь дамжиж хурдалсан адуунууд бий юу?
-Удам дамжиж ирсэн адуунууд цөөрсөн л дөө. Би Завхан сумын 1980 хэдэн онд хурд нь тодорч гарсан хурдан хүрэн азарганы угшлын адуугаар нааддаг.  Завхан гол, Хүнгийн голын унаган адуу гэсэн үг л дээ. Уг нь социализмын үеийн “Сангийн далай” нэгдлийн азарга гэдэг. Наяад онд л юмдаг. Хүрэн азарга Ховд аймгийн Мянгадын ойгоор барианд орж ирснээс таван минутын дараа хоёр дахь азарга ирж байсан. Тийм л хурдан адуу байсан байгаа юм. Нэгдлийн олон адуунаас тодорч гарсан азаргыг өвөө, ааваас ирсэн гүүнүүдтэй цус сэлбэж, үр төлийг нь авч байсан. Одоо ч гэсэн сайн давхиж байгаа.
-Та тэр азаргыг уяж хурдлуулж байгаагүй юм байна тиймээ?
-Би уяж байгаагүй. Нэгдлийн адуу байхад  нь улсын Аварга малчин Бямбаа уяж уралдуулдаг байсан юм. Би төл л авсан хүн. Одоо ч хурдан хүрний угшилтай дөрвөн хүрэн адуу аймаг, сумандаа сайн давхиж байна. Ноднин Завхан аймгийн Ургамал сумын 90 жилийн ойгоор хүрэн морь түрүүлсэн. Нэг нь манай аймгийн Өмнөговь сумын хэдэн жилийн ой билээ, соёолон морь давхисан. Ховд аймагт Данзанравжаагийн хийдийн нээлтэн дээр соёолон морь оруулж байлаа. Улаангомд хоёр ч очиж хүрэн морьдоо айрагдууллаа. Ер нь явсан газраасаа айраг түрүүтэй ирнэ шүү. Манайхан чинь аймаг руу явдаггүй байгаад, 2000 оноос хойш нааддаг болж байгаа юм.
-Хурдан хүрэнгийн удам хэр тарсан бэ?
-Би нэлээн ч хүмүүст өгсөн. Ялангуяа хангай талдаа их очсон байна. Хяргас сумын Борчинням гэж залууд хүрэн азарганы үрийг өгч байсан нь Увс аймагт догшоо /шувт/ давхилаа.
-Та адуундаа хэр цус сэлбэж байна даа?
-Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Жаргалант сумын угшилтай хүрэн азарга авчирсан. Үүнээс өмнө эргэн тойрноосоо сайн сэлбэсэн. Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Дарви гээд л. Энэ жил Увсын 90, сумынхаа 90 жилд өөрийнхөө унаган адуугаар уралдчих санаа байгаа. Барах юм уу, үгүй юм уу. Сумынхаа 80 жилээр сайхан наадаж, гурван ч айрагтай буцаж байв уу даа.
-Одоогоор аймаг, сумын хичнээн айраг түрүү байна вэ?
-Би 2001 онд аймгийн Алдарт уяач болсон хүн. Тэгэхэд аймгийн чанартай наадмын зургаа, долоон айрагтай байсан. Харин сумандаа их олон айраг түрүү авсан. Өнгөрсөн жилүүдээс миний оргил үед 45-50 насны хооронд байжээ. Одоо ч нас явахын хэрээр амжилт буураад байх бололтой. Хичнээн хурдан морь байвч уясан эзэн, унасан хүүхэд, аз од гээд л шалтгаалах юм их бий. Тухайн уяачийг тэр өдрийн азын тэнгэр харж, уясан хүлгэд айраг түрүүнд хурдалдаг юм.
-Уяач бүр өөр өөрийн уяаны арга барилтай байдаг. Таны хувьд?
- Орон нутаг өөр өөрийн уяатай. Миний хувьд морины сайн өдөр гэж ярьдаг даа, календарь номноос харж байгаад бар, нохой өдөр голлож барьдаг.
-Морь уяхаас гадна хатгаж ханах, засах гээд ямар эрдэмтэй вэ?
-Заслын талд мэдэх юм маруухан. Олон жил өөрийнхөө бодлоор л морь уяж байна. Сумын төвийн залуучууд Өлзий гуай морь сайн таньдаг, мэддэг гээд ярьдаг гэсэн. Гэхдээ би өөрийгөө тодорхойлж хэлж мэдэхгүй юм. Одоо цаг өөрчлөгдөөд уяаны арга барил ч их өөр болж байна. Малчдын амьдралд ч их өөрчлөлт орж байна. Ганцхан жишээ татахад бидний үед морио унаад л Завхан, Хүнгийн голыг туулдагсан. Одооны залуучуудыг зарим үед шүүмжилмээр ч юм шиг, заримдаа гайхмаар ч юм шиг . Болж өгвөл хужаа мотоцикль унаж аваад л мал руугаа нисчих бололтой шүү.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна