Сумын Алдарт уяач Ж.Дагва: Миний аав Баянмөнх сумын уяач Жигмэд, өвөө Ахай бэйсийн хошууны алдартай уяач цоохор Мишиг гэж улс байлаа

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 04 -нд

Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул, сумын Алдарт уяач Ж.Дагва гуайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1949 онд Майхант хэмээх газар төржээ.
-Таны дээдчүүл хурдан морь уяж байв уу?
-Би багаасаа л адууны хорхойтой хүүхэд байлаа. Миний аав Баянмөнх сумын уяач Жигмэд, өвөө Ахай бэйсийн хошууны алдартай уяач цоохор Мишиг гэж хусуур сойз зүүсэн нутаг орондоо нэртэй улс явсан юм. Би эдний удмыг залгасан гурав дахь үеийн уяач. 1973 оноос бие даан морь уяж байна. Энэ хугацаанд Баянмөнх сумынхаа анхны уяачдын холбоог санаачлан үүсгэн байгуулж явлаа. Миний өвөө цоохор Мишиг гэж хар багаасаа адуу маланд дуртай, занги хүн. Энэ Баянмөнхийн баруун талд Ононмөр хавантай нэг дор нутагладаг байсан гэдэг. Болоогүй энэ хавьдаа Ононмөртэй эн зэрэгцэн морь мал уядаг, адуу таньж шинждэг, адуунд сайн хүн байж л дээ. Тэр үед наадам ч олон байсангүй. Холдоо зэргэлдээх хоёр, гурван сумаасаа цаашгүй. Тэгж яваад Мишиг адуу гэж гурван ч янзын угшлын адуу бүрдүүлсэн байгаа юм. Энд нэг түүх ярихад, Төв аймгийн Баянжаргалан сум, хуучнаар Нялга сумын уяачид 1950-иад оны эхээр юмуу даа Дархан суманд ирж нааджээ. Ирсэн наадамчид буцахдаа Дархан сумыг адууны хурдаар больчихжээ гэж ярихыг манайхан сонссон аж. Түүнээс  хоёр жилийн дараа ч юмуу, жилийн дараа ч юмуу даа Нялга сум наадмаа хийх болжээ. Давхар уяаны морьдтой Дархан сумын нэлээн уяачид Нялгад наадахаар ирэхэд түүний дотор Ононмөр хаван, манай өвөө нар явсан гэдэг. Морьд нь ч гайгүй байж. Тэгсэн Нялга сумын наадам бороо орсны улмаас хоёр хоног хойшилж, уралдахын тоймгүй болжээ. Тэр үед Ононмөр хаван, Мишиг өвгөнд “манайхны морьдын уяа нь хойшилчихож магадгүй боллоо. Эднийг эвлүүлэхийг чи л дааж хийнэ дээ” гэж хэлсэн юм биз дээ. Өвөө ч надад хатуу юм хэллээ. Би танаас илүү морины ирийг хадгална гэж юу байхав, бүгдээрээ элбэе гэж. Тэр үед тэжээл байхгүй, эцэнхий торгон ирд нь тавьдаг байж л дээ.
-Туранхай ирэн дээр мордож байгаа адуу бороо орчихоор мултарч л таарах байх даа?
-Тийм ээ. Эд маань ч ерөнхийдөө ир даачихаж байх шиг байна гээд онцолж Зуугийн Дагвын азарганаас хөлс авахаар болж. Тэр нь Зуугийн Дагвын айраг цагаанд орон алдаад байдаг, айхтар цуваагүй азарга байсан юм гэнэ лээ. Тэгсэн Ононмөр гуай, хөлс аваад ахих болов уу гэж. Аятайхан ирлээд тавьчихаж чадах юм бол эвийг нь тааруулж  магадгүй гээд уралдахын урьд орой хөлс авч. Сайн ч хөлс авсан юм уу, эцэнхийг нь хадгалсан юм уу. Маргааш нь зээрд азарга түрүүлжээ. Тэр наадмаас Дархан сум таван түрүү, нэг айраг авсан юм уу даа. Наадам тарахад нөгөө уяачид нь, танайхан чинь азаргаар муудчихсан юм уу даа. Халуун довон дээрээ хойд хоёр умс нь богинодчихсон цавьдар хавчиг азарга түрүүлгэчихлээ гэсэн юм биз дээ. Манайхны нэг нь, Мишиг гуай юу болж байна аа, айхтар юм ярьж байна шүү гэж. Та нар харж байгаа биз дээ, Дархан сум адуугаа уясан юм уу гэх янзын юм ярьж л дээ. Бид саванд нь юм хийж байгаа юм. Гэхдээ энэ зээрд азарга бол сумандаа айрагдаж, түрүүлэхгүй азарга л даа, хойд хоёр умс нь богинодсон юм гэжээ. Дагва залуухан ч байж. Тэр зээрд их хурдан азарга болсон юм гэнэ лээ. Дагвын адуу гэдэг чинь бас л цоохор Мишигийн адууны зээрдийн төл болдог юм. Нөгөө нэг нь Мишиг өвгөний цэхэр халтар азарга гэж байсан. Манай аав багадаа унаж Баянмөнхөд ч айрагдаж, түрүүлгэж байлаа.
-Таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хурц хүлгэд байв?
-Аавын үед Өлзийн халтар гэж Баянмөнх суманд багадаа айрагдаж байсан морь байлаа. Бас нэг шар хээр азарга байсан, манайхны дээд үеийн. Тэр мөн л сумандаа айргаар хурдална. Нимгэн халтар шиг санагдана, аавын халтар азаргыг би унаж хурдлуулдаг байв. Аав олон жил нэгдэл адуу хариулсан, сайн уургач. Би ч бас нэг үе нэгдлийн адуу маллаж, бригадын дарга хийж явлаа. Дээр үеийн хөгшчүүл уралдах шөнийн гэдсийг тааруулж байж уяач болдог гэж ярьдаг. Би ч урьд шөнийн гэдсийг гайгүй тааруулчих юмсан гэж боддог юм. Ингээд гэдсийг нь болгочихож байгаа болов уу гэж санадаг үе ч байлаа. Төв аймгийн чавга Сэрээтэр гэж хүний адууны хүрэн азарга дамжигдсаар надад наймаагаар ирсэн юм. Тачирхан жижигхэн биетэй, хөлийн хурдтай. Би урьд нь өвлийн наадамд нэг, зуны наадамд нэг оруулаад  байлаа. Тэгсэн сунгааны дараа гэдэс нь царгардаад. Урьд шөнө хамт байсан улс, чи азаргаа идүүлээч, оройн хоол нь хойшилчихлоо гэнэ. Энэ зэргийн тачирхан адуу ганцхан шөнийн гэдэс тааруулбал орохоор газраа ордог юм байгаа биз дээ гэж би чалчихгүй юу. Баянмөнх чинь өвс нь өтгөн, хүндэвтэр өвстэй газар л даа. Хүч нь ч доошоо явчихсан, азарга нь тачирхан, гурван цагийн хоол өгөөд мордуулаад үзье гэж бодоод хооллоод мордуулчихлаа. Тэгсэн суманд арай түрүүлж чадаагүй, айрагдсан. Гэхдээ би оносон гэж боддог юм. Тэрний урьд жил хүрэн азаргыг уралдааны өмнөх шөнө манаж байгаад хөлс аваад өглөө нь бас айрагдуулчихаж байлаа. Надтай цуг Тасрангийн Дэмчиг гэж улсад хоёр жил дараалан хоёр бага адуугаа айрагдуулсан аймгийн Алдарт уяач өвгөн явсан юм. Тэгсэн амьтнаас нууцаар адуугаа нэмнэнэ гээд сууж байтал Дэмчиг гуай ирлээ. Өнөө шөнө гэдэс сойчихмоор санагдаад байх юм гэж хэлбэл “Ай мэдэхгүй, уралдааны өмнөх шөнө их л мэддэг хүн хөлс авдаг байх. Залуу хүний аз өм гэж байна, өөрөө л мэдэхгүй юу, би л хүнд хэлэхгүй дэг“ гэж байна. Тэгэхээр нь идүүлж байгаад үүрийн багцаанд уяад өөрөө унаж ойрхон газар бүр цоортол хөлс авчихлаа. Дэмчиг гуай ч азарга өглөө эрт мордоно гээд явчихсан. Тэгээд яахав, аваачаад мордуулчихсан, бараг түрүүлсэн дээ. Уяа тааруулах болсоор өнгөрсөн хугацаанд одоогоор 30 гаруй айраг, түрүүтэй болоод байна. Захиргаадалтын үед одоо шиг ийшээ тийшээ уралдаад байхгүй. Сумандаа л наадна. Ерээд оноос хойш л ирдэг очдог, уралддаг боллоо шүү дээ.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд уяачийн баяр бахдалыг мэдрүүлсэн наадмын сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Би уг гарвал Дархан ч, нэг үе Баянмөнх суманд ажиллаж амьдарч байгаад одоо Дархандаа байна. Мэдээж наадам бүхэн сайхан. Гэхдээ энд ийм нэгэн түүхийг сонирхуулмаар санагдаж байна. Тэр жил Дархан суманд ирэхэд их өтгөн сайхан наадам болж байлаа. Тэгэхэд Пүрэвийн Баттүшиг гэдэг хүний азарган соёолон даагандаа билүү шүдлэнд айрагдсан байхаа. Тэр адууг одоо байхгүй болсон, миний найз Буяндаш уядаг байв. Тэгсэн уяан дээгүүр нь явж байтал “Баянмөнхийнхөн чамайг адууг таньдаг гэж магтаад байх юм. Соёолонд ямар морь түрүүлэх бол” гэж соёолон мордоход асууж байна. Тэгэхээр нь, чи зүрхтэй гаргаад уралдчихдаг юм бол танай уяан дээр байгаа Түвшингийн хонгор азарга гүйцэгдэхгүй дээ гэлээ. Яг л хэлсэнээр болж хонгор азарга салхитай уралдаад гүйцэгдэлгүй түрүүлчихлээ. Тэгсэн хурсан олон Мишиг гуайн Жигмэдийн хүү мэдэж байна гээд хөөргөөд л сүйд боллоо. Маргааш нь хязаалан мордлоо. Тэгэхэд би морины комисс, хязаалан мордуулах гээд машинтай уяачдаар явж байтал цэвэрхэн улаан саарал үрээ нүдэнд тусах нь тэр. Хаанахын адуу юм бол гээд очоод эргүүлдсэн Говьсүмбэр аймгийн Лувсанцэрэн гэдэг хүний уяа гэнэ. Буяндаш ч дуудаж байнаа. “За хө хязааланд ямар үрээ түрүүлэх юм” гэнэ. Тэгэхээр нь, 142 номертой Говьсүмбэрийн Лувсанцэрэн гэдэг хүний үрээ гүйцэгдэхгүй биз дээ гэчихлээ. Үнэхээр амны билгээр, тэр адууны сайнаар түрүүлчихэв ээ. Бас л сайхан санагдаж билээ. 
-Ер нь таны уяаны эрдмийн багш хэн байв?
-Мэдээж дээдчүүл л байна шүү дээ. Би аавынхаа дэргэд морь уяж эхэлсэн хүн. Манай Баян суманд Бямбын Самдан, бор Шарав, Балдангалсан гээд мундаг уяачид амьдардаг байлаа. Би чинь багаасаа л тэдний морио яаж уяж байгааг харж өслөө шүү дээ. За тэгээд үеийн найз нараасаа бас сурна. Алдарт Сүрэнхор бид нас ойрхон, найзууд. Тэр бол Цэнджав гэдэг хүний хүү шүү дээ. Надад морь хатгахыг зааж өгч л байлаа. 
-Одоо таныг залган уяа эвлүүлж буй хүмүүс байна уу?
-Манайхнаас Цэнджавын Дэмид буюу солгой Дэмид гэж хүн одоо Сэлэнгэд амьдарч байна. Түүний хүү Дэмидийн Төмөрбаатар гэж ойрын хэдэн жил соёолон адуугаар маш сайн наадаж байгаагаас хээр үрээ нь хурдан байлаа. Даанч өнгөрсөн зун аймагт соёолонгоо уралдуулаад гэдэсний алдаанаас болоод үхүүлчихсэн. Тэр хээр адуу 30-аад медаль авсан байх шүү. Хээр адууны дээд угшил эцэг тал нь Сүхбаатар, эх манай Баянмөнхийнх адуу байгаа юм.
-Баянмөнхийнхөн Жийбэг адуу гэж их ярих юм. Энэ талаар та хэр сайн мэдэх вэ?
-Жийбэг гэж Баянмөнхийн хойд талын Донир адууны дээд үе юм уу даа, Галшар чигийн адуу. Жийбэг адууны дээд тал зүүнтээгээс Галшар, Буянт чигээс гарч ирсэн гэж ярьдаг юм.  Өвгөн ноёны хонгор зээрд азарга бол Жийбэг адуутай нэг угшилтай. Өвгөн ноён Пүрэвжав Зоригт бэйсийн хошууны ноён  Мишигдоржтой нас чацуу найзууд байж, ямар өртгөөр ч билээ хонгор зээрдийг авсан юм билээ. Баянмөнхийн хойд талын адуу гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг юм. Би ч судлаад тэгж л таардаг. Мөн Хүүхэн шүүлэнгийн адууны угшилтай Баянмөнхийн Лхам хээр адуу гэж бий. Их хурдад түрүүлж байсан Лхүндэвийн хонгорыг сахал Нямдорж гэдэг хүн уядаг байлаа. Мөн л унаган Баянмөнх адуу. Лхам хээр угшлын эхтэй, Балдайн Санжаа адууны эцэгтэй ийм адуу гарч хурдалж байлаа. Түшиг адуу бас л зүүн тийшээ хөөгөөд явахаар бүр дээд тал нь Ширээтийн цагаан чигийн адуу гарч ирдэг юм билээ. Тэгээд дамжигдаж явсаар Түшигийн Чүлтэм гэдэг хүнд хурдан шарга азарга ирж л дээ. Хэнтий аймгийн 25 жилийн ойгоор Түшигийн Чүлтэмийн шарга азарга түрүүлж, үр хээр азарга нь аман хүзүүдэж, дүү халиун азарга нь гуравлаж, дараагаараа ороод бас нэг угшлын адуу тавлаж байсан түүхтэй. Тэр шарга азарга түүнээс хойш хэдэн жилийн дараа улсад очиж айргийн гурваар ортол будилсан гээд дахин уралдаж мөн л гуравласан түүхтэй. Тэгэхэд Түшигийн Чүлтэм өвгөн, “үгүй ээ, улсын дов гэдэг аргагүй л өндөр юмаа, хөөрхий. Бид хоёр гурваас урагшилж болдоггүй юм байна аа” гэж ярьсан гэдэг.
-Энэ тухай таны бичиж буй Баянмөнх сумын уяачид, хурдан морьдын тухай номонд орж байгаа юу. Баянмөнхчүүд улс, бүсийн өндөр довтой наадмаас хичнээн айраг түрүүтэй наадаж ирсэн юм бол оо?
 -Олон сайхан уяачид байна аа. Үүнээс тогтмол айраг авдаг Түсэгийн Чүлтэм, Бямбын Самдан, Бор Шарав, Дондогийн Балдангалсан гээд л нэрлэнэ шүү дээ. Дондогийн Балдангалсангийн морь малыг нь би унадаг, манайхан айл аймаг явсан улс. Сүүлд Чануу Лувсандагва гэж Бөгөн угшлын адуутай лут уяач явлаа. Зүүн чигийн Буянт адууны угшилтай Гунаажав өвгөний адуу ч хурдтай сайхан давхина.
1970 хэдэн оноос хойш суманд хамгийн амжилттай давхисан адууны нэг бол Мижиддоржийн хээр морь байна. Суманд зургаан жил дараалан түрүүлж байв. Өвгөн одоо 80 гарсан буурай бий. Хээр морь нь ч өвгөрчихсөн, хөөрхий. Бас Содном гэж мянгат малчны таван хүү удам залгасан уяачид. Мөн л айраг түрүүтэй нааддаг улс. Ер нь Жийбэг, зүүн Буянт, Галшар чигийн адуутай хүмүүс Баянмөнхөөр их бий.  Баянмөнх, Дарханыхан залгаа учраас наана цаанаа гарч өвөлжиж, хаваржаад л явдаг улс. Галшарын зүүн, наад тал, Баянмөнхийн зүүн тал хоёр нэг шүү дээ. Тийм учраас Баянмөнх дажгүй сайхан адуутай. Өнгөрсөн хугацаанд мань мэтийн үед уяж хүлэх нь бага, уяж байгаа нь чадахгүй байгаад жаахан бүдгэрсэн байж мэдэх юм. Одоо бол өөр болсон. Аймгийн наадамд Баянмөнхчүүд тун ч одтой нааддаг болсон шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна