Аймгийн Алдарт уяач С.Нарангэрэл: Аав маань Гарьдын том хонгорын төл хүрэн үрээг тэмээгээр авч байсан

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 01 -нд

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул,аймгийн Алдарт уяач Содын Нарангэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад аавынхаа тухай ярьж өгөөч?
-Миний аав Сод 1943 онд Эрдэнэцогтын голын эхэнд төрсөн хүн. Эцэг эхээс 13-уулаа бөгөөд отгон хүү нь байгаа юм.  Харин хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан үе нь 1973 оноос эхэлдэг.  Ийнхүү уяаны ажлаа эхлүүлснээс жилийн дараа аймагт морио оруулж одтой наадах болсон түүхтэй. Анх Гарьдын хонгор азарганы удмаас адуу авч адуужсан. Яг Гарьдын том хонгорын төл хүрэн үрээ тэмээгээр авч байсан гэдэг юм. Улмаар өнөөхөө азарга тавьсан. Түүнээс хойш  гурав, дөрвөн хүрэн азарга уяж хурдлуулсан.
-Хүрэн үрээг хэдтэйд нь авсан юм бэ?
-Хязаалан үрээ авч, соёолонд нь суманд айрагдуулаад, нас нийлсэн жил нь  1978 онд аман хүзүүлгэж, 1979 онд түрүүлгэсэн.
-Тэгвэл 1980 онд яаж давхисан бэ?
-Би жоохон байсан болохоор сайн мэддэггүй юм. Ямар ч байсан 1980 ондоо өнжөөд, дараа жил нь гуравлаж, 1983 онд аман хүзүүдэж, түүнээс хоёр жил дараалан түрүүлсэн. Харин ерээд оноос төл нь болох хүрэн азарга уралдаж эхэлсэн. 1996 онд түрүүлж, дараа жил нь гуравлаад, 1998 онд ахиад түрүүлсэн. Ингээд 1999 онд аман хүзүүлж, 2000 онд ахин түрүүлсэнийг энэ амжилтын цуваанаас харж байгаа бизээ. 1998 онд “Их хурд”-д явж уралдаад тэр жилээ дахин уралдаагүй. Тэгээд миний нэр дээр 1999 онд уралдаж аман хүзүүдээд, 2000 онд түрүүлсэн.
-Том хүрэн нь суманд хэд орсон юм бэ?
-Хавчигаас эхлээд, 1978 оноос шууд азарганд уралдсан. Суманд гурав түрүүлж, дөрөв айрагдсан байхаа.
-Том хүрэн азарганы төл хэдэн азарга гарсан бэ?
-Гурван хүрэн азарга гарснаас нэг нь миний нэр дээр уралдаж байсан. Өнөөх нь “Их хурд”-д явсан зээрд азарга байгаа юм. Наана нь бас нэг хүрэн азарга соёолондоо аймагт аман хүзүүлсэн. Даанч “мангаа” идчихсэн. Нөгөөхийг нь Баян-Овоогийн Бат-Очир гэж хүнд зарж, түүнд очоод хэд хэд айрагдсан. Аймагт Бат-Очирын хондон азарга хоёр ч айрагдсан удаатай. Одоо миний энэ зээрд азарганы төл Жадамбаагийн алаг азарга аймагт нэг түрүүлж, нэг гуравлаж, Өлзийтөд мөн гуравлаж, суманд дөрөв түрүүлчихээд байна.
-Энэ жагсаалтан дээр аавыг тань 1989 онд зээрд соёолон дөрөвлүүлсэн гэсэн байна?
-Миний хүрэн азарга байгаа юм. Зарим нь хондон гээд биччихсэн байна лээ.
-2000 онд өөрийн чинь нэртэй зээрд соёолон гуравлажээ?
-Тиймээ, хүрэн азарганы төрсөн ах морин соёолон гуравласан нь тэр. Аавын уядаг хүрэн азарганы төл л дөө.
-Төлүүдээс морь олон гарсан уу?
-Гурван азарга, хоёр морь гарсан. Эндээс нь нэг хондон морь нь суманд орж байгаагүй. Харин 2003,2004 оны хавьцаа аймагт нэг тавласан.
-1980 онд аймгийн баяраар гуравласан аавын тань цавьдар хязаалан хаанахын адуу юм бэ?
-Бас л хүрэн азарганы төл. Гэхдээ аймгийн наадмын дараа Өвөрхангай руу зарчихсан. Тэнд очоод их олон түрүүлсэн гэнэ лээ. Харин 1981 онд аймаг байгуулагдсаны 40 жилээр аавын хүрэн хязаалан гуравласан. Энэ нь манай хүрэн азарганы төл байгаа юм. Нэг айрагдаад Архангай руу төрсөн дүүдээ өгчихсөн.
-Хээр үрээгээр бас наадаж байжээ?
-Давхидаг, нэг нь явдалтай хоёр ч хээр байсан юм. Давхидаг нь 1998 онд тавласан. Энэ нь зээрд азарганы төл байгаа юм. Эх талаа татаад хээр төрсөн.
-Өөр аавын тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-1983 онд хүрэн хязаалан  тавлаж, 1986,88 онуудад хоёр зээрд хязаалан түрүүлсэн. Өнөө л хүрэн азарганы төлүүд. Бүүр зургаан наснаас зургаан түрүүг нь хүртэл авч байлаа. Баян-Овоогийн нэгдлийн 40-өөр билүү бүх насны түрүүг авч байсан юм. Тэр жил зээрд азарга болон түүний төлүүдээс морь нь хүртэл түрүүлсэн. Жороо моринд ч хар морь түрүүлж, нийт долоон насны түрүүг авсан. Энэ амжилтаа сумынхаа 60, 70 жилээр их нас, азарга, соёолонгийн түрүүгээр үргэлжлүүлсэн юм. Мөн Өвөрхангайн Бат-Өлзийн овооны наадамд гурван азаргатай очоод дараагаар оруулсан.
-Аав тань аймгийн баяр наадмаас хичнээн түрүү, айраг хүртсэн юм бэ. Энэ сумын анхны аймгийн Алдарт уяач гэж сонссон?
-Тиймээ анхны аймгийн Алдарт уяач болсон. Ямар ч байсан аймгаас 30-аад түрүү, айрагтай байхаа. Харин суманд уясан болгон нь айрагддаг байсан. Тухайн үед Эрдэнэцогт, аймгийн баяр наадам хоорондоо зөрж таардаг байлаа. Эхлээд Эрдэнэцогтдоо уралдуулчихаад л аймаг явна шүү дээ.
-Унах хүүхдүүд олон байв уу?
-Бид эцэг эхээсээ долуулаа. Гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй бүгдээрээ л багадаа морь унаж өслөө.
-Хүрэн азаргыг аваад л  морь уяж эхэлсэн юм уу?
-Хүрэн азарганаас өмнө ганц нэгийг уядаг байсан. Ингээд тэмээгээр  битүү адуу авч уясан нь ийнхүү амжилт дагуулсан байдаг юм. Ер нь том хонгорын удмын адуу манай үүгээр их тарсан.
-Гарьдын хонгороос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь танай аавын хүрэн азарга гэж байсан?
-Тиймээ. Эцэг /том хонгор/ нь хойноо ороод хүү нь /хүрэн азарга/ түрүүлээд ч явж л байлаа. 
-Та аавынхаа аль морийг нь унадаг байв?
-Би том хүрэн азаргаа унаж хурдлуулдаг байлаа. Анх таван настай хурдан хүлгийн нуруун дээр гарснаас хойш завсаргүй 13 жил унасан байдаг юм. Жоохон ч биетэй хүүхэд байлаа. Бараг зодог тайлтал нь унасан. Хамгийн сүүлд 23-тай уралдаад аймагт долоолсон. Дараа жил хөөрхий үхсэн. Харин тэрний төл миний хүрэн азарга 29 хүртлээ уралдсан.
-Хүрэн азарга уяа сойлгын хувьд ямархуу онцлогтой адуу байсан бэ?
-Хүн хараад тоомооргүй жижигхэн биетэй адуу байсан юм. Тухайн үед цагаан өвсний адууг олон хоногоор уядаггүй байлаа шүү дээ. Уралдаан дээр хойноос гараад л явна. Аймаг чинь холбоо толгой давахаар 10,20 хавьцаа явахад тэгээд л барианд очиход орчихдог байсан. Миний азарга ч тийм байсан. 1999 онд 380 гаруй азарга уралдсан санагдана. Би хоёр азаргатай очоод нэг нь аман хүзүүлж, нөгөө нь долоолсон.
-Зарим азарганууд уяа нь орохоороо их дөлгөөн, тайван болдог бол зарим нь  их агсан зантай болдог. Аавын тань хүрэн азарга ямар ааш гаргах уу?
-Уяагаа орохоор янз янзын ааш гаргана. Гадны хүнийг дөхүүлэхгүй. Уяаны дундуур олон ч гүү хураалгадаг байсан. Тэгээд зургаан сар гаруут л ороо нь гарчихна. Төл нь болох хүрэн, миний зээрд ч ялгаагүй тийм л байлаа. 1999 онд аймагт аман хүзүүлэхэд 12 гүүтэй байсан санагдаж байна.
-Сод гуай нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Нэгдлийн хонь малладаг байсан. Аймгийн хоёр удаагийн Аварга, сумын хэд хэдэн удаагийн Аварга малчин явлаа. Аавтайгаа наадсан наадам бүхэн сайхан санагддагсан. Дал, наяад оны үед олон айраг түрүү авахаар аймгийн дарга нар атга атгаар нь чихэр өгнө. Тэрийг авах гэж жил саатан наадмыг хүлээнэ.
Хаа нэгэнтээ даагаа хөтлөөд очиход “ийм даага яах гэж хөтөлж ирсэн юм “ гэж ам асуух уяачид аавтай таарсан. Харин аав “яахав уралдах гэж ирлээ. Уралдахаар нь харахгүй юу” гэнэ. Ингээд түрүүлээд ордог байсныг бодоход морь сайн таньдаг хүн байж гэж боддог юм.
-Хэдэн онд бурхан болсон юм бэ?
-1998 онд “Их хурд”-аас ирж явах замдаа бие нь муудаад өөд болсон. Ингээд л би бие даан морь уяж эхэлсэн.
-Ах дүү нараас чинь морь уяж байна уу?
-Одоогоор би л байх шив дээ. Уг нь дүү маань сонирхолтой ч хот руу хүнтэй суугаад явсан. Бусад нь одооноос л ганц нэг морь уядаг юм уу гэж байх шиг байна.
-Уяаны ажлаа ямар адуугаараа эхлүүлж байв?
-Би чинь 1995 оноос хойш Баярмагнай дарга, Энх-Ирээдүй нарын дарга нарын морийг уялаа. Энэ хугацаанд хоёр ч хүний аймгийн Алдарт уяач болгосон. Харин энэ жилээс өөрийн зээрд азарганы төлийг уяж эхлээд байна.
-Зээрд азарганы хэд дэх үеийн төл явж байна?
-Охин голдуу төл үлдсэн. Тэрнээсээ харж байгаад уяна даа.
-Аль зүгийн азарга тавьж байгаа вэ?
-Ноднин Сүхбаатараас азарга авчирч тавьсан. Тэрнийг зээрд азарганы цустай сэлбээд хойтонгоос төл нь гарна даа.
-Таны зээрд азарга өмнө нь яаж давхиж байв?
-Даагандаа аймагт гурвалж, шүдлэндээ дөрөв билүү таваар ирээд, хязаалан өнжсөн. Тэр жил хөл нь жаахан эвгүйтчихсэн юм. Харин соёолон  аймагт өнгөлж яваад арай таваар багтаагүй. Дараа жил нь аймагт хавчиг азарга түрүүлээд, 1997 онд гуравласан. Тэгээд наймтай “Их хурд”-д очиж уралдсан. Манай аймгаас Бууцагаан Батбаярын хээр азарга, Жинст хонгор гурвуулаа явж өнгөлж явсан юм. Их хурдын замд хоёр толгой давдаг юм билээ. Тэр замд Батбаяр гуайн халтар азарга өнгөрсөн харамсалтай явдал болсон. Харин зээрдээ барианы доохноос татчихсан. Олон хоног хөлөөрөө явж хүрсэн болохоор тамир нь арай хүрээгүй юм. Тэгээд 1999 онд аймагт аман хүзүүдэж, 2000 онд түрүүлсэн.
-2000 оноос хойш яаж давхисан юм бэ?
-2001 онд ахиад түрүүлсэнээс хойш хэсэг завсарласан. Буянтай амьтан шүү. 25 хүртлээ уралдаж, сүүлд 25-тай суманд дөрөвлөж байлаа. Энэ хугацаанд аймагт гурав түрүүлж, дөрөв айрагдаад суманд тав түрүүлсэн байдаг юм.
-Төлүүдээс ямар амжилт гаргаж байв?
-2002 онд Жадамбаагийн алаг азарга түрүүлсэн бол дараа жил нь айрагдсан. Тэрнээс  хойш аймагт нэг гуравлаж, нэг түрүүлсэн. Тэгж байтал тэжээлийн адууны түрүүч орж ирээд манай сумынхан аймаг явахаа больсон. Харин сүүлийн үед банди нар аймагт наадах болж байгаа нь сайн хэрэг шүү. Би ч бас томчууд морь уяад  өгөөч гэхээр нь нутаг адуу нэг хэсэг уяагүй.
-Эндээ уяад хаагуур хаагуур наадаж байв?
-Говийн сумдаар зургаан сар гэж очоод найман сар гэж ирдэг байлаа. Одоо ч ачаад явдаг болохоор их амар юм. Би чинь хот руу хаврын бүсийн Дүнжингарав уралдаанд Ганхүлэг, Баярмагнай дарга, Энх-Ирээдүй нарыг морийг аваад явж байсан.
-Тэгэхээр хоёр үеийн уяа дамжиж байгаа уяач болох нь ээ?
-Тэгж болно. Сүүлийн  үед сумынхаа хэдэн банди нарыг уруу татаад аймагт уралддаг юм уу гэж бодоод л байна. Зүүн талын адуу авсан ганц нэг банди энд бий.
-Зүүн зүгээс та адуу авч байна уу?
-Сүхбаатарын Асгатын Баяраа гэж хүнээс Асгат саарлын төлийнх нь төлийг авсан. Бас Тод манлай уяач Хэнмэдэх гуайн халзан азарганы төл бий. Энэ жил хавчиг азарга болж байна. Одоогоор уягдаагүй.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн сайхан наадмыг онцолбол?
-Олон сайхан наадам байна. Түүнээс онцлоход 1999 оны Ламын гэгээний даншгаар азаргаа аман хүзүүдүүлэх сайхан байлаа. Тэгэхэд Архангайн азарг түрүүлж байны машиныг авч байсан юмдаг. Уг нь миний хээр азарга түрүүлж явсан ч нэг татуулчихсан юм.
-Яагаад?
-Хажуугаар нь нэг хүн ороод татуулчихсан гэж хүүхэд уйлаад л байсан. Би ч жоохон алдаа гаргасан л даа. Өөрөө морьтой явсан хэрнээ “машинд суучихсан байж магадгүй шүү. Машин харж яваарай” гээд хэлчихсэн нь нөлөөлсөн тал бий. Намайг хэлж байна гэж бодоод татчихсан шиг байгаа юм.
-Ламын гэгээний даншигт хэдэн насны морь мордуулсан бэ?
-Хоёр азарга, нэг морь, нэг соёолон, нэг шүдлэн гээд таван насны адуутай очсон. Түүнээс нэг азарга  нь түрүүлж нөгөө нь долоолсон. Уг нь хоёулаа орчихоор байсан ч нэгийг нь татуулчихсан юм. Харин морь тавь гаргаж ирсэн бол шүдлэн, хязаалан 100 гаргаж давхисан. Бүгдээрээ л хүрэн азарганы төлүүд байгаа юм.
-Яагаад азаргаа татуулчихсан юм бэ?
-Анх удаа морь уяад оролцож байгаа том наадам юм чинь болохгүй л дээ. Хүүхдүүдээ ч битгий явуулаарай гээд хэлчихсэн. Уг нь их гоё байлаа. Ямар ч байсан 10 дотор баталгаатай орохоор байсан юм.
-2009 онд 370 жилийн ой болсон. Тэнд хэдэн нас мордуулсан бэ?
-Тэр наадамд Жаргалсайхан даргын бор азарга, шүдлэнг уяж мордуулсан.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг. Сургамж үлдээсэн наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе. Залууст хэрэг болох болов уу?
-Ер нь наадам болгоноос юм сурч үлддэг. Тэр нэг жил Жагаа даргын нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн бор азаргыг уялаа. Тэгээд хоолыг нь хасаад аймагт тавиад буруудсан. Ер нь азарганы хоолыг их хасаж болохгүй юм байна лээ. Энэ мэт сургамж  үлдээсэн наадам олон бий. Одоо ч би банди нарт хэлдэг юм. За даа хоолыг нь тохируулдаг юм шүү гэж.
-Таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Би чинь ганц бандитай. Хүү маань шашин номын хүн. Одоо хийдэд шавилан сууж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна