Аймгийн Алдарт уяач И.Намжил: Хар мориныхоо цомцогийг нь хайчлаад мордуулчихсан

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 27 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач И.Намжил гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.  
-Таныг нутгийнхан энэ хавьдаа “хөндлөн” эр дээ гэх юм?
-Тэгж байна уу? /инээв/ Би уг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн. Дорнод аймагт ирээд 46 жил болж байна. Энэ нутагт 24 настай цэл залуухан ирж байлаа. Одоо бол 70-ын босгон дээр ирсэн өвгөн байгаа биз дээ. Хурдан морь  угшил дагадаг бол уяач хүн удмаа дагадаг гэж би хэлнэ. Миний аав 1919 онд төрсөн, 1938 онд цэргийн албанд мордоод  таван жил цэргийн агт хариулсан юм билээ. Тэгээд халагдаж ирээд 35 нэгдлийн адуучин хийсэн. Адуунд эрэмгий, сураар юм хийхдээ шаггүй хэмээн нутаг хошуундаа сайшаагдаж явсан хүн. Ёстой нөгөө дуунд гардагчлан
Ороо морины ганган толгойд
Уургын хуйвыг алдаж үзээгүй гэдэг чинь миний аав. Ийм ааваар бахархахгүй гээд яахав.
-Тийм мундаг аавын хүү адуунд дурлахгүй гээд яахав?
-Тэгэлгүй яахав. Аав маань надад нэг ухаа морь зүсэлж өгсөн нь их хурдалсан юмдаг. 1970 онд  энд шилжиж ирчихээд ухаа морио авчиръя гэтэл аав маань оронд нь хээлтэй гүү өгсөн юм. Тэр гүүнээс гарсан унага болгон давхисан даа. Өнөөдөр Алдарт уяач гээд данхалзаж байгаа маань ч гэсэн тэр буянтай амьтны ач буян.
-Намжилын “борууд” гэж ярих хүнтэй нэг бус удаа таарсан. Энэ гүүний үр төлүүд үү? 
- Миний адуу гурван гүүний л угшилтай. Боруудын хувьд их сонин түүхтэй юм. Би мах комбинатад ерөнхий нягтлангаар 27 жил ажилласан. 1979 онд 200-гаад адуу мах бэлтгэлд орж ирдэг юмаа. Тэгсэн нэг муу байдас тогонд цохиулалгүй ганцаараа амьд үлдчихэж. Нядалгааны тогонд үхээгүй болохоор нь сүхээр цохисон байгаа юм. Тэгсэн яагаад ч юм хэлтгий цохиод бас л амь гарчихаар нь би тэлээгээрээ оосорлоод аваад гарсан юм. Эмнэг адуу хэр нь намайг дагаад хоёр давхраас явган хүний шатаар буусан гээд бод доо. Өмдний тэлээгээр оосорлуулаад шүү. Ингэж л надад ирэх гэж ирсэн тэр сайхан амьтнаас өөрийн чинь асуусан хурдан борууд гарсан юм даа. Сайн адуу эзнээ хайж явдаг гэдэг учиртай үг юм шүү.
-Тэр ч тийм шүү. Нөгөө хоёр нь ямар гүүнүүд байв?
-Миний найз Дугар Галшар угшлын нэг цагаан гүү өгсөн юм. Тэр цагаан, аавын минь өгсөн ухаа, мах бэлтгэлээс авсан  бор гээд гурван л гүүний үр төл ийнхүү хурдалж байна даа. Намжилын борууд гэдэг чинь нарийн яривал Халх гол угшилтай адуу юм шүү.
-Цаг хатуу байсан үе дээ. Мах бэлтгэлд ирсэн адууг цувчууллаа гэх хэл ам гараагүй юу. Ялангуяа үр төл нь давхиад ирэхээр?
-Амаргүй шүү дээ. Махны Намжил, Артелийн Дорж, цагдаагийн Дорждэрэм, мал эмнэлгийн Дугар,  хүн эмнэлгийн Халзан гээд л. Морь, малтай  таван солиотой сэхээтэн байлаа./инээв/ Цаг хатуу тэр үеийг давсны хүчинд өдий зэрэгтэй явна даа. Бас ч яггүй байсан шүү. Тэр болгоноос эмээж явсаар бор байдсаа хоёр жил тэжээгээд 1990 онд хувьчилж авч санаа амарсан. Чамд сонирхуулаад нэг түүх ярих уу?
-Дуртайяа сонсъё?
-Тэтгэвэртээ гарсаны дараа мал цуглуулах санаатай байж байтал Ванчиг гэдэг хүний  хар сүүлтэй цагаан даага мах бэлтгэлд ороод ирдэг юм. Даага тушаагаад яахав гэж бодоод оронд нь нэг бүдүүн морь өгөөд нөгөөхийг чинь аваад үлдчихлээ.
-Таны сонголт зөв байсан уу?
-Тэгсэн ёстой тэнгэртэй хурдан адуу байсан. Соёолондоо л гэхэд тав түрүүлсэн. Дандаа сумдын ойд шүү дээ. Маршал Чойбалсангийн нэрэмжит томоохон уралдаан болсон тэрэнд бас түрүүлсэн. Гэхдээ тэр бие галбирын хувьд их өвөрмөц адуу байсан. Магадгүй тэр нь хурданд нь нөлөөлдөг байсан байж  магадгүй. Хошного нь тээр хойно тэгсэн хэр нь их гүн. Сүвээний хавирга нь хоёр хуруу орохгүй шахам зайтай.
-Сайн гүү байлаа гээд азарга муу бол төл хурдална гэдэг учир дутагдалтай. Азарга  хаанаас тавьж байв?
- Дорнод, Хэнтий, Галшар, Сүхбаатар гээд аль л хурдтай гэсэн газраас авсан даа. Тожин, Галшарын Банзрагч, оготор Балжинням гэдэг хүний адууны угшлууд манайд бий. Яривал олон доо. Тулгамдаад орж ирэхгүй байна.
-Намжил Алдарт хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
- Аймгийн наадмаас гэхэд л 16 түрүү, 30-40-өөд айраг авсан. Сүүлийн үед нас яваад өрөвдөөд уяж чадахгүй болчихоод байна. Нас явахаар хүн уян болдог юмаа даа янз нь.
-Тэгвэл эр хүний нулимсаа ил гаргасан нь хэзээ вэ?
- Аймгийн засаг дарга Жанлавын морийг би уядаг юм. Маршал Чойбалсангийн мэндэлсэний 100 жилийн ойд даргын хар морь хол түрүүлж, аймгийн наадамд түүнийгээ бататгасан юм. Бас Сүхбаатар аймгийн Онгон  сумын 80 жилд, Дашбалбар сумын ойд түрүүлсэн. Тэгэхлээр нь урам ороод зүүн бүсийн наадамд уралдуулъя гэтэл “та өөрөө мэд л “ гэж байна.Тэр үед хар морь хязаалан байсан юм. Нэг нас ахиулаад мордуулах гэтэл Жанлав дарга больё гэдэг байгаа. Соёолон мордох гээд хүүхэд нь намайг шавдуулаад тэгсэн дарга намайг машиндаа хашчихдаг байгаа. Тэгэхээр нь хүүхдүүддээ хэллээ дээ. “Хар мориныхоо хүүхдийг солиорой. Тэгээд цомцогыг нь юу ч үгүй хайчилчих. Тэгээд мордуул” гэлээ.  Жанлав намайг “морь дагах уу” гэж байна. Морийг нь мордуулчихсандаа санаа зовоод “үгүй ээ” л гэлээ.
-Эзнээс нь нуугаад мордуулчихаж байгаа хэрэг үү?
 -Тийм./инээв/ Тэгээд нэг гэрт орж ирээд сууж байтал Болорчулуун орж ирээд “Намжил ахаа морь дагах уу” гэж байна. Дагая л гэлээ. Хар морь маань 6, 7-гоор л давхиад байна. Бас нэг онцлууштай нь Сүхбаатар аймгийн Засаг даргын улаан морь хар морины яг ард самбаа дараад л үлдсэн дээ. Араас нь Хэнтий аймгийн засаг даргын хөх буурал морь дөрөө цохиод л гэдэргээ салж байгаа юм. Тэгсээр байгаад хар морь маань  түрүүлчихдэг юм даа.
-Огшоод л явчихав уу?
-Дарга ирээд “та яаж байнаа” гээд л намайг тэврээд уйлаад байсан. Эр хүний баярын нулимс гэдэг гарахаа болохоор хэмжээгүй шүү.
- Хар морь аргагүй хурдан байжээ дээ?
-Ээ мөн хурдан хүлэг.  Аймгийн шилдэг, улсын шилдэг,  оны есөн алдартан гэдэг алдрыг хар мориныхоо буянаар л хүртсэн дээ. Хоёр жил хөлийнхээ гэмтлээс болоод уралдалгүй өнжиж байгаад ноднингийн наадмуудад бас түрүүлсэн.  Аргагүй хурдан буян даа.
-Хар морь шиг олон сайхан хүлгэдийг уяаг тааруулахын буян заяаг хүсье.

"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна