“Мөнхийн хүлэгч” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Т.Ганболд: Дээдсийнхээ довон дээр алаг азаргаа татаж байж аман хүзүүдүүлсэн

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 27 -нд

Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнхийн хүлэгч” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Т.Ганболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр Увс аймгийн Улаангом хотод 1969 онд төржээ. 
-“Мөнхийн хүлэгч” уяачдын холбооны тэргүүнтэй уулзаж байгаа болохоор эхлээд ажил хэргийн талаар ярилцах нь зүй байх гэж бодож байна?
-Юуны өмнө энэхүү сайхан хийморьлог сэтгүүлийг уншин суугаа эрхэм танд энэ  өдрийн мэнд хүргэе. Манай уяачдын холбоо анх 1993 онд “Мөнх ажнай” нэртэйгээр байгуулагдсан. Анхны тэргүүнээр нь Ж.Дагва, хоёр дахь тэргүүнээр Д.Лхагвасүрэн, гурав дахь тэргүүнээр Л.Гансүх нар ажиллаж байсан. Миний хувьд холбооны дөрөв дэх тэргүүн нь. Ажлаа аваад жил гаруй болж байгаа. Манай холбоо 13 тэргүүлэгч, 60 гаруй уяач, зөвлөх 3 ахмад уяачтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Саяхнаас холбооны нэрээ сольж “Мөнхийн хүлэгч” нэртэй болсон. Энэ хугацаанд манайхаас Содномын Батзаяа, Данзангийн  Мижиддорж,  Дэндэвийн Жалбаа гэж гурван ч аймгийн Алдарт уяач  төрчихлөө.
-Ямар ч байсан хонь жилийн босгон дээр гурван алдарт уяачтай болсон байна. Өнгөрсөн морин жилд ажил үйлс өрнүүн байв уу?
-Агт морь хурдан амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Ахмад уяач адууны зүтгэлтэн Хүүхэнхүү ах маань  Монгол Улсын манлай их хүлэгч цолны эзэн болж, сая нэгдүгээр сарын эхэнд хонин жилийн босгон дээр шагналаа авсан. Бас холбоо маань гоё тугтай боллоо. Албан ёсны сайт, логотой болсон. Бидний гол зорилго адууныхаа удам угшлыг сайжруулж, залуу уяачдад ахмадуудынхаа ур ухаанаас өвлүүлэх, монгол хүний адуугаа дээдлэх ёс заншлыг эрхэмлэж, морь уях арга барилд суралцан цаашид амжилтаа улам ахиулахад дэмжих чиглэлтэй ажилладаг. Манай уяачдын холбоо аймгийнхаа түүхт 90 жилийн ойгоор нийт уяачдынхаа хандиваар Баянмөнх сумын угшлын нэрт хурдан хонгор зээрд азарганы хөшөөг аймгийнхаа төвд босгосон.
 -Ер нь Баянмөнх сумаас аймгийн цолтой хичнээн уяач байдаг юм бэ?
-Өмнөх тэргүүн маань алдар цолны талаар ойшоохгүй байсан уу, аймгийн Алдарт уяач арай цөөхөн байдаг юм. Д.Дэмчиг гуай, Л.Болоож гуай, Л.Ухна гуай, Н.Содном гуай, М.Миеэгомбо гуай гээд тав зургаахан хүн байсан, одоо гурав нэмэгдээд байгаа юм байна. Ц.Ганжуур, Д.Ухна,  Б.Ичинхорол З.Дагвацоодол, Т.Энхболд, Д.Мягмаржав Л, Төгсбат гэхчилэн 30 гаруй сумын Алдарт уяачтай.
- Сумын хэмжээнд хичнээн хүн морь мал уяж байна вэ?
-Ер нь бол 100 гаруй хүн морь мал уядаг юм. Үүнээс албан ёсны бүртгэлжүүлж гишүүн болсон 60 гаруй уяачид байгаа. Энэ 100 дотор нэг жил уяад, нэг жил болиод явдаг уяачид бий. Морио дагнаж уяж байгаа, наадам уралдаанд жил болгон тасралтгүй оролцож байгаа залуучууд голдуу уяачид нь 60-аад хүн бий.
-Хэнтий аймгаар явж байхад бараг бүх сумдад өөрийн гэсэн удам угшил яригдаж байна. Тэгвэл Баянмөнх сумын хэмжээнд ямар удам угшил давамгай яригддаг юм бэ?
-Манай Баянмөнх суманд Лхам хээр угшил голлодог юм. Тухайлбал, манай нутгийн Мөрөнгийн гурван халзан гэдэг чинь Лхам хээр угшлаас гарсан адуу байдаг. Лхам хээр гэдгийн дээд тал нь Жийбэг адуу.  Жийбэг Пунцаг манай нутгийн хүн.
-Лхам хээр адуу яаж давхиж байсан юм бэ?
-Лхам хээр адууны арай түрүү үеийн талаар бүдэг бадаг, сайн мэдэхгүй. Харин манай Баянмөнх сумаас улс болоод бүсийн наадмуудад амжилттай сайн давхиж байгаа олон адуунууд байгаагаас дээхэн үед Лувсандашийн хээр, Чүлтэмийн шарга азарга, дунд үед Дэмчигийн цавьдар азарга, зээрд халзан морь, Содномын хүрэн даага, Болоожийн шарга, Баяраагийн зээрд, Батзаяагийн хар соёолон, хонгор морь, Ганболдын хүрэн халзан азарга, Зулзүсэмийн хонгор, Лхүндэвийн хонгор морь зэрэг олон адуунууд давхисан байдаг.
-Тэгвэл одоо Баянмөнх сумынхан ямар удам угшлын хурдан хүлгүүдээр голлон наадаж байгаа вэ?
-Сүүлийн үед манай уяачид их хөдөлмөрлөж адууны угшлаа сайжруулж байгаа. Манай 3 дугаар багийн уяач 1000 адуутай байсан Батзаяагийн аав Содном гуайн адуу их сайжирсан. Тэдний адууны угшил нэлээн тархсан. Мөн Лувсангонгорын Төгсбатын адуу удам угшил нь сайжирсан. Мөн Баяраагийн  Галшараас хурдан зээрд азарга авсны үр төлүүд болох зээрд адуунууд бас их тараад байна. Тухайлбал, Өгөөжийн Дагвадорж Тод манлай уяач болтлоо Баяраагийн адуугаар л уралдсан хүн шүү дээ. Баяраагаас авсан адуу нь улсад аман хүзүүлж, айрагдаж байсан. Бас Түсэг Чүлтэмийн шарга адуунууд манай сумаар тархаж, нэг бэсрэг угшил болж гарч ирсэн.
 -Баянмөнх сумаас гарсан адуунууд очсон газраа хэр давхиж байх юм бэ?
-Тухайлбал Лхүндэвийн алдарт хонгор морь, Зулзүсэмийн хонгор,  Өгөөжийн Дагвадоржийн зээрд, Ононгийн хүрэн даага, Балдандоржийн хөх цавьдарь, Түсэг Чүлтэмийн шарга зэрэг адуунуд хурдалсан.
-Та адууныхаа удмыг хэрхэн сайжруулж байна вэ?
Миний хувьд 2002 онд Сүхбаатар аймгийн Асгат, Халзан хоёр сумын зааг нутгаас 76 унагатай гүү, нийт 82 адуу дүү нарын хамт авчирч адуугаа нэлээн сайжруулсан. Одоо миний адуунууд хаана ч давхиж байна.
-2000 оны эхэн үе гэхээр Сүхбаатарын адуу бараг зөөгдөөгүй үе байх нь?
-Зөөгдөөгүй үе. Ер нь л 2002 оноос эхэлж тодорсон байх. Намайг очоод адуу мал авч байхад адуун дотор нь ороод л дуртайгаа авдаг байсан. Одоо бол тийм биш болчихсон. Сүхбаатарын адуу үнэд ороогүй байхад Халзангийн Цэвэгсүрэнгийн халтаруудын угшилтай 12 настай хөл муутай  хээр азаргыг зургаан бүдүүн адуун дээр нэг сайхан хүрэн гүү өгөн авч байлаа.Тэр хээр азарга охин голдуу төл өгдөг ч гарсан ганц нэг эр нь сайн давхидаг юмаа. Жишээлбэл, "Мандал Алтай" группийн захирал Сүхийн Балдандоржид очиж улсын наадамд арван хэдээр давхисан хөх цавьдар азарга байна.
-Цавьдар азарга бас нэлээд түүхтэй зарагдсан гэдэг бил үү?
-Хөх цавьдар азарга маань  соёолондоо Айраг, Алтанширээ сумдын ойд нэгэнд нь 500 м, нөгөөд нь км хол түрүүлсэн юм. Тэгээд л ер нь олны анхаарлыг татсан байх. Дорноговь аймгийн Айраг сумын Лхагвасүрэн буюу олноо Пагва хэмээн алдаршсан  айхтар хурц хэлтэй амтай хүн, намайг ёстой өөд уруугүй, өдөр шөнөгүй панаалдсаар байгаад азаргыг маань аваад явсан.
-Нууц биш бол тэр үед хэдээр зарж байсан бэ?
-2010 онд 12 саяар зарсан. Нөгөө хүн надаас авангуутаа цааш нь 20 саяар өгсөн сурагтай. Тэр хүн дунд нь ажиллаж байсныг би мэдэхгүй байхгүй юу. “Чи өвөг дээдсийнхээ нутаг руу ганц үрээ гаргачихаж чадахгүй байна уу” гээд намайг загнаж байгаад хөх цавьдар үрээг минь авсан даа хөөрхий. Өвөг дээдсийн маань сүнсийг дуудангуут айгаад, нээрээ ч өгчихөд би юунд буруутахав гээд өгч байсан.  Адууг нь авахын тулд аймаар судалдаг, хүмүүсийн арга юм билээ.
-Өөр ямар төл нь сайн давхисан бэ?
-Мөн 2014 оны аймгийн наадамд төлийн төл хонгор даага нь түрүүлсэн. Хонгор дааганы эх хүрэн халзан гүү нь Сүхбаатараас авдаг хээр азарганы төл байгаа юм.
-Тэгвэл эцэг нь?
-Эцэг хонгор азарга надад ирсэн нь бас их түүхтэй. Нэг намар найман сарын 10-дын үеэр Дэлгэрхааны нэг залуу хонгор зээрд үрээ авчраад “Та энийг 50 ямаагаар ав” гэж байна. Би ч гарч харалгүй авахгүй гэсэн чинь уяан дээр орхичихоод Дархан сум яваад өглөө. Гараад харсан чинь сайхан үрээ байхаар нь мордож үзлээ. Би чинь жин ихтэй, барагтай морь унахгүй. Тэгтэл тэр үрээ мордоход хөдлөхгүй, гуйвах ч үгүй, унаад хонь буцаагаад ирлээ. Тэгээд нөгөө залууг буцаад ирэхээр нь “Ах нь үрээг чинь авъя, би чамд дандаа хүйтэн хошуутай мал яаж өгөхөв. 40 ямаан дээр охин шүдлэн адуу өгье” гээд хээр азарганыхаа төл шүдлэн байдас өгөөд авч байсан. Хонгор азаргаа “Данагар хонгор” хэмээн нэрлэж, удам угшилийг нь хөөхөд Өвгөн ноён М.Пүрэвжавын Оонон харын удмын 5, 6 дахь үеийн адуу юм билээ.
 -Өөр ямар хурдан адуу байна вэ?
Хурдан буурал адуу бий. Хөл нь жоохон сулраад  азарга тавьсан байгаа. Буурал азарганы эцэг тал нь Түдэвийн Будангийн угшлын адуу байгаа юм. 2008 оны 11 сард Түдэвийн будан гэдэг азарганы төлийн төл, Энхтүвшин гэдэг хүний хязаалан цагаан үрээ хойшоо агтанд явж байхаар  нь авчихсан юм. Цагаан хязаалангаар азарга тавиад, миний будан азарга гарсан.
-Сүхбаатараас голдуу унагатай гүү авна гэдэг бол азарга сайтайгийнх гэж ойлгогдож байна. Өөр ямар удам угшлын азаргатай вэ?
-Миний адууны эцэг тал нь хадам өвгөн Ганжуурын сайн адууных. Ганжуур өвгөн хоёр хурдан шарга азаргатай байсан. Лхүндэвийн хонгор морины эцэг шарга азарганы удмыг дээшээ хөөх юм бол Ононмөр адуу болоод явчихдаг байхгүй юу. Надад энэ шарга азарганы удмын азарга ч бий. Хууччуул “Энэ хүүгийн морь давхихгүй байна, даллаганы сав хийчих гүү хэрэгтэй юм уу даа. Би чамд даллаганы сав хийх гүү өгье” гэж ярьдаг даа. Тэр мэтийн зүйл сонсож дуулж байсан учраас ер нь сайн сав хэрэгтэй юм байнаа гэдгийг би ойлгосон юм. Сав нь байж байхад азарга нь болноо гэж бодоод Сүхбаатараас гүүнүүд авчирч байсан. Яахав адуугаа давгүй сайхан сайжруулсан болов уу гэж боддог. Энэ жил гурав дөрвөн даага уясан чинь найз нөхөд маань аваад, бүгд  л давхилаа. Увсаас Тува Будённый цустай эрлийз азарга авчирч өгөөд, оронд нь  нэг унагатай гүү, хоёр үрээтэй аваад явсан чинь энэ жил даага нь аймагтаа долоо айрагдсан  гэнэ лээ. Мөрөн чиглэлд бас найзууддаа өгсөн, бас л давхисан гэсэн.
-Хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Би аймаг, бүсийнхээ наадмаас 6 айраг, 2 түрүү, сумын наадам болон бусад жижиг наадмаас 50 гаруй айраг хүртсэн. Ах нь улсын сайн малчин хүн шүү дээ.  2010 онд улсын сайн малчин болсон. Алаг азарга маань аймагт хязааландаа аман  хүзүүдээд, соёолондоо 2013 оны "Хутагтын хурд"-д түрүүлж байхад нь татаж аман хүзүүлгэсэн. Яагаад амыг нь татаж аман хүзүүлгэсэн бэ гэхээр миний өвөг дээдэс тэр довон дээр 60 жилийн тэртээ хурдан буянгуудаа айрагдуулж байсан учраас "Хутагтын хурд" хаврын бүсийн уралдаанд миний алаг соёолон, дөрвөн морин соёолонг дийлээд гараад ирэхэд нь “Шууд түрүүлгээд яах вэ, хүнддэх юм болов уу” гэж бодоод аман хүзүүдүүлсэн. Сүүлд нь бодож байхад тэр сайхан алтан дов намайг ивээж, цаанаасаа шагнаж өгсөн юмыг би буруу сэтгэж, аман хүзүүнд оруулж дээ.
-Таны өвөг дээдэс хэн гэдэг хүн Хутагтын нутагт адуу айрагдуулж байсан юм бол?
-Нэг сонин түүх ярихад миний өвөг эцэг Намжимын Зундуй буюу хошхой Зундуй гэдэг хүнээс дээшээ таван үеэрээ манай дээд удмынхан Хамрын хийдийн шавь нар байсан улс. 1937 оны үед манай өвөг эцэг Хамрын хийдийн эд зүйл, авдар савтай ном судрыг  Түдэв гуайтай нааш цааш нь нууж хааж, хадгалж хамгаалж өнөө үед  үлдэхэд хувь нэмрээ оруулсан буянтай хүний нэг. Хошхой гэдэг сахил, цол нь юм болов уу. Тэгээд хийд орон тарахад миний өвөг эцэг нэгдэл нийгэмд ажил хийж, морь мал уяж эхэлсэн байдаг. Дорноговь аймгийн Баянмөнх (одоогоор Өргөн) сумын баруун талын адууны цөм сүргийг хамгаалж байсан хүний нэг гээд танай сэтгүүл дээр манай өвөг эцгийн нэр байна билээ. Зундуй өвөө хоёр хурдан хүрэн азаргатай байсан. Тэр хүрэн азарганых нь төл хүрэн зээрд адуунаас нь би азарга тавьсан юм. Миний өвөөгийн тухайн цаг үедээ олон  түрүүлсэн Мэнгэт хүрэн морины нь толгой Сөхдөгийн цагаан овоодоо далдлан залсан байсныг гарган авч засварлан 2009 онд гэртээ залсан. Түүнээс хойш адуу мал маань өнгөтэй  зүстэй хурд хургаж хурдан төрөх нь олширов уу гэлтэй.
-Алаг азарга Хутагтын хурдаас өөр томоохон наадмуудад хаана хаана орж байсан бэ?
-Миний хурдан алаг 2010 онд Хэнтий аймгийн Сэцэн ханы хүрээ-Гүндүгаварлин хийдийн 350 жилийн ой гэж Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар хот чигээс олон уяачид ирсэн мундаг том наадам болоход анх даагандаа түрүүлж гараагаа эхэлж байсан юм. Хурдан алаг хязааландаа Хэнтий аймгийн 89 жилээр аман хүзүү, Дэлгэрхаан сумын 80  жилийн ойд мөн аман хүзүүдсэн. Нийтдээ 15 медальтай адуу даа.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна