Түмэнцогт сумын “Түмэн адуу” МСУХ-ны дэд тэргүүн Д.Нямдорж: Түмэнцогтын хурд газар газрын илгээлтийн эздийн авчирсан сор болсон адуунуудаас бүрдсэн

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэн адуу” МСУХ-ны дэд тэргүүн Д.Нямдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Жавхлант шарга” Уяачдын холбооныхоо бага хуралд сумаасаа ямар төлөөлөлтэй оролцож байна вэ?
-За. Миний хувьд Түмэнцогт сумын “Түмэн магнай” уяачдын холбооны дэд тэргүүний албан тушаалыг аваад удаагүй байна. Энэ хавар дэд тэргүүн болоод ажилтайгаа танилцах шатанд явж байна. Аймгийнхаа Жавхлант шарга уяачдын холбооны 3-р бага хуралд сумынхаа төлөөлөгчидтэй ирээд байна. 
-Бага хурлаараа сумдын холбоодынхоо ажиллах зорилго чиглэлийг өгсөн байх. “Түмэн магнай” Уяачдын холбоо цаашдаа ямар зорилго, бодлого чиглэлийг барьж ажиллах вэ?
-Уяачид маань их залуужсан байна, газар газар уяачдын холбоо үүсгэн байгуулагдаж байна, морин спорт Монгол оронд хөгжиж байна. Миний хувьд шинэ тутам уяачдын холбоондоо ажиллаж байгаа болохоор зохион байгуулалттай цаашдаа хийх ажил зөндөө байна. Холбооны санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, уяачдаа галын зохион байгуулалтанд оруулах, адуугаа эрлийзжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах гэсэн гурван чиглэлээр ажлаа явуулна. Холбоо ажлаа явуулахад хамгийн түрүүн тулгардаг хүндрэлтэй асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Уяачдаасаа нэмэр хандив татвар авдаг. Гэтэл уяачид малчдын маань гар дээр бэлэн мөнгө их ховор учраас адуу малаар хандив өгдөг. Тэрийг нь зүй зохистой зохион байгуулах гэх мэтчилэн холбооныхоо санхүү талыг бэхжүүлэх хэрэгтэй байна. Мөн уяачдыг гал галаар нь зохион байгуулах нь зүйтэй. Нэг бүсийн наадамд явлаа гэхэд бүх юмсаа дундаа даагаад явчихдаг, хамтарч хоршиж ажиллах нь ганцаараа зүтгэснээс хялбар. Сүүлийн үед адууг эрлийзжүүлэх ажил эрчимтэй явагдаж, шинэ монгол адуу гэж бий болж байна. Үүнийг шинжлэх ухааны үндэстэй зөв зохион байгуулахад сумдын мал эмнэлэг үржлийн газар өндөр үүрэгтэй оролцмоор байна. Тэнд удам гарвал нь хаанаас гарч байна, яаж сайжруулах, хэд дэх үедээ байна гэдгийг мэдэх зэргээр нарийн бүртгэл хөтөлж, шинжлэх ухааны үндэслэлтэй юм хийхгүй бол зүгээр л зөнгөөр нь явуулбал сүүлдээ эрлийз ч биш, монгол ч биш юм болох аюул нүүрлэхэд ойрхон байна. 
-Танай сум галын зохион байгуулалтанд орсон уу?
-Цөөн тооны гал байгаа, гэхдээ тийм их биш. Ихэнх нь ганц нэгээрээ байна. Үүнийг бүтэц зохион байгуулалтанд оруулах юм бол илүү хүч нэмэгдэнэ, аймаг бүс, цаашлаад улсын наадамд оролцох боломжтой болж байгаа юм.
-Холбооны бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэлийн тухайд ямархуу байдалтай байна? 
-Монгол хүнийг тэр дундаа манай Түмэнцогт сумыг хэдэн уяачидтай гэж асуух нь учир дутагдалтай. Бүгд уяач гэж ойлговол зохилтой. Яагаад гэвэл Улс халзан гээд 2011, 2012 онд дараалан түрүүлсэн улс даяар алдартай халзан азарга манай сумын унаган адуу. Одоо Ажнайн Бат-Эрдэнэд давхиж байгаа. Энэ жил түрүүлбэл гурван жил дараалан түрүүлж, Эрдэнэчулууны шарга азарганы завсартай 3 түрүүлсэн амжилтыг эвдэнэ. Энэ бол ховорхон амжилт. Тийм болохоор манай Түмэнцогт бол хурдны өлгий гэж яригддаг. Манайд алдар цолтой уяачид олон бий. Тухайлбал МУ-ын Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир байна. Өлзийхутагийн Шинэтулга гэж Улс халзангийн эзэн, Алгаагийн Баярсайхан, Занын Гомбо, Гончигийн Далантай, Цагаан-Өвгөн, Осгон нарын Аймгийн алдарт уяач 7 бий. Сумын алдарт уяач 43 байдаг.
-Улс халзангаас гадна Түмэнцогтын нэрийг дуурсгаж яваа ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Улс, бүс, аймагт орж байгаа морьд дандаа Сүхбаатар аймгийн адуу байдаг. Тэр дундаа Түмэнцогтынхон бас онцлогтой. Тухайлбал Улс  халзан улсын баяр наадмын 2 түрүү, Дүнжингарав болон бусад том уралдаанд аман хүзүүдсэн азарга. Дээр нь Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын Ембүү халзан, Шуурган зээрд, хонгор адуу гэх мэт сайн адуунууд байна. Бас гадагшаа худалдагдсан зөндөө адуу бий. Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны тэргүүн байгаад ажлаа өгдөг Чилхаасүрэнгийн Гансүхийн адуу Түмэнцогтод байдаг. Энэ утгаараа манай сумынхан хоёр Манлай уяачтай гэж хэлж болно. Адуунууд нь манай усыг ууж, өвсийг идэж улсдаа хурдалж байгааг дурдахад таатай байнаа.
-Түмэнцогтын гэсэн хурдны удам, түүний онцлог юу вэ?
-Түмэнцогт өөрийн гэсэн хурдны удамтай. Энэ хурдан удам хаанаас төрсөн юм бэ гэхээр анх Түмэнцогтын сангийн аж ахуй байгуулагдсантай холбоотой. Энэ сангийн аж ахуйг байгуулахад атар газрыг эзэмшихээр газар газраас залуучууд илгээлтээр ирсэн. Сүхбаатарын бүх сумд болон монгол орны өнцөг булан бүрээс ирсэн улсууд өөр өөрсдийн чанартай гэсэн мал сүргээ авчирсан. Тийм болохоор Түмэнцогт адууны цус хол ойроос их сэлбэгдсэн. Би гэхэд Алтан-Овоо Шилийн богдоороо гайхагдсан Дарьгангын хүн, анх сургууль төгсөөд Түмэнцогтод очсон. Тэгэхэд би Дарьгангын хоёр алдартай адуунаас авчирч байлаа. Дарьгангын Хув шарын тожин адуунаас Хээр тожин азарга, Дарьгангадаа нэртэй хурдан удамтай адуутай аймгийн Алдарт уяач номхон Р.Гомбожав гэж хүний ухаа азарга, өнчин хүрэн гэж байсны удмыг бас аваачсан. Тэр хоёр адууны угшил түгэж, Түмэнцогт сумандаа олон айраг түрүү авсан. Одоо ч манай хүүхдүүд тэр угшлын адуугаар уралдаж, айраг түрүү авч байна. Газар газрын адуу цугласан онцгой газар учраас Түмэнцогтын адуу хурдан байдаг нь ийм учиртай. Төмөр-Очирын хамар цагаан хээр морь гэж маш хурдан адуу байсан бөгөөд хээр морины дүү азаргыг надад өгсөн нь хурдалж байна. Төмөр-Очирын өөрийнх нь Ембүү гэж ид хурдалж байгаа азарга бол манай адууны угшилтай.
-Төмөр-Очир Манлайн Ембүү азарга танай адууны угшилтай гэлээ. Ийм хурдан адууны эзэн ямархуу амжилттай уралдсан бэ?
-Би нэг их гадагшаа яваагүй ээ. Аймгийн 60 жил, Алтан-Овооны наадамд л явж, сайхан цагаан давхиж байсан. Сумандаа л бага, дунд нас, азарганд айраг авч байсан. Суманд Дарьгангын угшилтай Тожин азарга тавд орж, хонгор даага аман хүзүүдэж байсан. Сүүлийн үед гэвэл  2011, 2012 онд жил дараалан сумын наадамд даага аман хүзүүдүүлж, даага бас гуравлуулсан. Манай хүү нэг бүсийн наадамд адуу нь орчихвол сумын алдарт авахад ойрхон байна. Хөдөө адуу малтайгаа байдаг нэг хүү байна, сумын төвд малын эмнэлгээ хариуцаад явдаг нэг хүү байна. Өөрсдийн хүүхдүүд нь морь унах хэмжээнд очиж, адуу мал нь ч сайхан өнгөтэй байна. Морь нь байсан ч унадаг хүүхэд байхгүй гачлан бас байна шүү дээ.
-Сүүлийн үед унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал их яригдаж байна. Та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ үнэхээр сэтгэл зовоосон, өөрчлөхөөс аргагүй асуудал уяачдын холбооны өмнө тулгарч байна. 6 сарын 1 хүртэл морь уралдуулахгүй байгааг зүйтэй гэж боддог. Миний бодлоор 5 сарын 1 хүртэл морь уралдуулахыг хориглож, жижиг жалга довны наадмыг зогсоож, засгийн газрын шийдвэрээр зохион байгуулалттай уралддаг баймаар байна. Зохион байгуулалттай уралдаан хүүхдийг хамгаалах асуудлын нэг тал болж, нөгөө тал нь хамгаалалтын хувцас хэрэглэлийг 100% өмсүүлэх хэрэгтэй. Монголчууд болсон хойно морь уралдуулахгүй байж чадахгүй. Уралдуулсан хойно хүүхэд унах нь тодорхой. Тиймээс цаашдаа морийг үндэсний гэхээс илүү спорт тал руу нь ойртуулах их зөв байна.
-Спорт талдаа мэргэжлийн жокей буюу насанд хүрсэн тамирчин унадаг. Нөгөө талдаа Үндэсний баяр наадамдаа бол үндэсний шинжээ хадгалсан, хүүхэд нь унадаг, цол зэргээ авдаг хоёр төрөл байгаасай гэж үү?
-Тиймээ, тийм л байгаасай гэж боддог юм. Эрлийз адуу нь бас тусдаа уралддаг байвал монгол адууныхаа удам угшил, цусыг авч үлдэхэд ч нэмэртэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол зарим наадам баян тарган хүний зугаа цэнгэл тоглоом болчихсон байна шүү дээ. Энэ талаас нь хумиж үндэсний ч шинж чанартай, нөгөө талаас спортлог талд нь оруулах нь зүйтэй,
-Бидний яриа үүгээр өндөрлөж байна. Тиймээс нутаг орныхондоо мэндчилгээ хүргэж болох юм.
-Адууны буян далласан, эрүүл саруул агаартай, тансаг өвс ургамалтай Түмэнцогт сумыг адууны тэнгэр нь ивээж улам улам олон айраг, түрүү авч, хүн болгон нь сайн сайхан амьдарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна