Сумын Алдарт уяач, сумын заан Б.Лхамсүрэн: Манай суманд бидэн шиг гурван үеэрээ морь дархлуулсан айл байхгүй

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 22 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын Алдарт уяач, сумын заан Б.Лхамсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс морь уяж хурдлуулж байна вэ?
-Ах нь сум орон нутагтаа гурван үеэрээ морио дархлуулсан хүн. Манай дээдчүүл Бөхмөрөн сумын Улсын сайн Малчин, хоёр мянгат Цагааннохойн Санж, Чойнхорын Цэнгэл гэж улс байлаа. Өвөг эцэг Цагааннохойн Санж тэргүүн баян байсан юм. Хурдан хээр морь нь нутагтаа 20,30-аад айраг, түрүүтэй хурдалж дархлагдсан удаатай. Увс аймгийн баяр наадмаар ганц удаа очоод таваар орж байсан гэдэг. Түүний хүү Батаа гэж миний аав хатирч хул морио  бас дархлуулж байсан. Зөвхөн хатирч морь суманд 10 удаа түрүүлж, зэргэлдээ суманд бас долоо, найман удаа түрүүлсэн. Гурав дахь үе нь болох би бор азаргаа суманд 10 түрүүлгэж, 14 айрагдуулж,  нийт 24 айраг, түрүүгээр дархлуулсан. Манай нутагт бидэн шиг гурван үеэрээ морио дархлуулсан айл байхгүй дээ. Сонин шүү, хурлын дарга Алдаржавхлангийн аав Биз манай гурван үеийн адууг гурвууланг нь  цоллож дархалж байлаа. Энэ тухай сайхан түүхийг ярих хүн дээ.
-Таны аавын адуу Бөхмөрөн суманд нэлээн тарсан тухай олон хүнээс сонслоо?
-Өвөөгийн адуу ааваар дамжин их тарсан л даа. Аймгийн Алдарт уяач Хүрэлчулуун гээд залуугийн дархлагдсан хээр морь манай аавын удмын адуу байна. Бас аймгийн Алдарт уяач Даваасамбуугийн хул морь энэ суманд нилээн олон түрүүлж айрагдсан. Өвөө адуугаа нийгэмчлээд Даваасамбууд адуу нь очсон. Аавын удмын хул азарга Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Чошообээсхаан гэдэг айлд очиж, гарсан төл нь мөн л дархлагдсан байх жишээний. Бас манай сумын Улцан гэж хөгшний хүүхэд Сосорбарамын халиун, аймгийн Алдарт уяач Хүрэлчулууны дархлагдсан хээр морины эх гээд мөн л манай удмын адуу. Ер нь гурван үеэрээ манай удмын адуу номер нэгт явж ирлээ. 
     Манай энд чинь 90 оноос л анх азарга уралдаж байгаа юм. Тэнд манай аавын 17,18-тай хөгшин хул азарга уралдаад хоёрт ирж байсан түүхтэй. Тэр хул азарганы төл бор азарга миний үед ирж 24 түрүү, айрагтай дархлагдсан. Эх нь Түргэн сумын Дүрвээний бор гэдэг угшилтай гүү байгаа юм. Манай ах нэг морь зараад тэрний өртгөнд манайд ирсэн юм. Бас миний дээд талын ах Баатарын буурал гэж их алдартай морь бий.
-Бор азарга сумаасаа гарч уралдаж байв уу?
-Ховд суманд айрагдаж, Түргэнд хоёр түрүүлж, Сагилд гурваар орж байсан гээд зөндөө амжилт байна. Гэхдээ аймгийн наадамд явж байгаагүй. Харин өнгөрсөн жил болсон манай сумын ойгоор аймгийн наадмын эхний гурван азарга ирээд манай борын хойно л орж байна лээ. Бор азарга одоо байхгүй л дээ. Хөгширөөд 15-тайд нь тогоо тосолчихсон.
-Ид хурдан байхад нь яагаад гарч уралдаагүй юм бэ?
-Тэр үед цаг хэцүү байлаа. Хулгай дээрэм их. Нэг таньчих юм бол шууд л алдаж мэдэхээр байсан юм. Тийм учраас олонд таниулахгүйн тулд энүүхэндээ уралддаг байлаа. Хэрвээ цаг сайхан байсан бол бид олон наадамд явах байсан даа гэж хааяа боддог юм. Аймагт эхний гурваар орж байсан азаргууд миний борын хойно орж байгааг хараад их юм бодогдсон. Аймагт очсон бол айраг, түрүү авах л байж дээ. Бор азаргаа жоохон гундаасан юм  болов уу гээд л. Гэхдээ дахиад хурд төрнө гэж боддог шүү. Ер нь түүхт ойнуудаас эхлээд ямар ч наадамд манай удмынхан айраггүй үлдэж байгаагүй. 2014 оны наадмаар гэхэд би хоёр айраг авч байсан. Ганцхан өнгөрсөн жил л нутгийн ой болоход нэг ч айраг байхгүй шүү
-Одоо бор азарга шиг адуу төрөхгүй байна уу?
-Төрөлгүй яахав. Удам нь байна. Баян-Өлгий аймагт миний бор азарганы төл буурал азарга бий. Юм нээлттэй болсон энэ үед би төлөөс нь авчихна л даа.
-Ингэхэд та морь уяад хэдэн жил болж байна вэ?
-Дөнгөж таван настай хурдны морин дээр гарснаас хойш 53 жил болж байна. Уяа эвлүүлсэн энэ хугацаанд нийтдээ 50, 60-аад айраг, түрүүтэй боллоо. Энд бор азарга хамгийн их амжилтыг надад авчирсан гэж хэлнэ. Намайг дунд сургуульд байхад аав ухаа халтар даага өгсөн нь тав хүртлээ айрагдсан. Дандаа л гурваар  орсоор долоотойд нь өнжөөсөн. Тэгээд наймтай уралдаад дахиад л гуравласан. Даанч дараа жил нь хулгайд алдчихсан. Түүнээс хойхно 2003 онд бор азарганы 30 ижилтэй адуугаа бас алдсан. Таван жороо гүү, дөрвөн унага, 19 гүүтэй байсан юм. Тэр үед ах нь хоёр азарга адуутай байлаа. Ингээд алдчихаад, үлдсэн азаргаа зараад хот хүрээ оръя гэж бодоод энэ хавиараа ерөнхийдөө тараасан.
-Та халтар даагаа өөрөө уяж байсан юм уу?
-Тийм ээ би тааруулдаг байлаа. Яагаад дандаа гуравладаг байсан юм бүү мэд.
-Жороо морь бас уяж байв уу?
-Манай аавын алдартай  жороо хул морь байсан юм. Суманд хоёрдугаарт л орон. Тэгэхэд Гэндэн даргын жороо хул гэж агуу морь байлаа. Түүний ар дээр энэ хул явдагсан. Бүүр зэргэлдээ дөрөв таван суманд очсон дараалаад л ирнэ гээч.
-Та одоо морь уяж байна уу?
-Уяж л байна. Гэхдээ ах нь Баянчандмань руу нүүж байгаа. Өөрийн удмын ганц хоёр адуун дээрээ тэндээ бас хэдэн хурд аваад тавьчихсан. Найзын авчирч өгсөн Сүхбаатарын Асгатын адуу, зээгийн авчирсан Дорнодын угшилтай адуунууд бий. Халхын морины дэвжээн дээр жоохон уралдаж үзье дээ. Сурч мэдсэнээ харуулж, алдар цол авъя гэж бодож байна.
-Өөр ямар адуунууд байна вэ?
-Надаас Ногооннуурын Альвичан гэж залуу хул азарга, хул морь авч сайн хурдлуулаад аймгийн Алдарт уяач болсон. Бас Ногооннуур сумын сургуулийн 60 жилийн ойгоор түрүүлсэн миний буурал морийг Амангелд гэж авсан нь мөн л сайн байна.
-Ямар үнээр өгөх үү?
-Арваад жилийн урд дээд талын адуу нь 350,000 төгрөг байлаа. Тийм байхад би 1,5 саяд өгч байсан юм. Энэ бол тухайн үедээ өндөр үнэ. Ер нь хөгшчүүлийн маань үлдээсэн сайхан буянд дурлаад ирсэн хүнд өгч л байна.
-Өвөөгөөс тань адуунаас өөр юу юу өвлөгдөн ирсэн байдаг вэ?
-Олон юм бий. Тухайн үед сайн малчинд өгдөг байсан суурьтай мөнгөн хуцыг зээ хүү маань хадгалж байна. Таван хошуу хэлбэртэй мөнгө гуу, гурван үеэрээ хэрэглэсэн загар сав байлаа. Гэхдээ сав элэгдчихээр нь мөнгөн бүслүүрээр нь бэр, ач нартаа бугуйвч хийж бэлэглэлээ. Мөн тэнзэн ташуур, дүүрэн хээтэй бавгар, мөнгөн хутга гээд янз бүрийн юм бий. Хамгийн сайн малчны энгэрийн тэмдэг нь ч уламжлагдан ирсэн.
-Уяаны нарийн нандин жор ч байна биз?
-Тэгэлгүй яахав. Малчин гэж мянган мэргэжлийн эзэн гэдэг дээ. Үүнийг шүтэж явдаг юм. Өнөөдөр малчин хүн бүгдийг л хийж байна.
-Дөрөв дэх үеийн уяачид төрж байна уу?
-Багадаа морь унаж өссөн хөвгүүд маань одоо морь уяж байна. Хүүхдүүд том болчихоор унаач хүүхдийн гачигдал болох юм. Хүний хүүхэд авахаар зовлон их байхын. Гэхдээ яахав болгоно доо. Хүүхдүүд бүгд урагшаа явчихсан болохоор ах нь ч урагшаа явж байгаа юм.
-Та чинь эрийн гурван наадмынхаа хоёроор наадчихдаг юм байна. Танай удамд бөх байв уу?
-Манай аав сумын начин цолтой бол хүргэн ах Монтой аймгийн арслан цолтой бөх байсан. Намайг төрөхөд хүй авсан хүн байгаа юм. Тэгэхэд аав ээж бөх болно хэмээн ихэд бэлгэшээсэн гэдэг. Одоо хүүхдүүд маань ч барилдана. Бага банди Баян-Өлгий аймгийн 340 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа. Тэндээ тангаргийн баяраар үзүүрлэж, цэргийн баяраар шөвгийн дөрөвт үлдсэн байна лээ. Том хүү МУИС-ийн аялал жуучлалын ангийг төгссөн. Амралтаараа энд ирэхдээ сумын зааныг хаячихдаг л юм. Харин миний хувьд суманд хоёр түрүүлж, 18 шөвгөрсөн. 95 онд би бөх барилдаж түрүүлээд, бор азарга айрагдаж байлаа. Мөн ч сайхан наадсан шүү. Бид хоёулаа түрүүлж байсан нь ч бий. 1987 онд аравдугаар анги төгсөөд сумын наадамд үзүүрлэж, сумын начин хийгээд ирэхэд аав маань мөн ч их баярласан. Түүнээс долоо хоногийн дараа Ховд суманд болсон өдөрлөгт түрүүлж, унаж явсан морио уралдуулаад гуравлуулж байлаа.
-Ямар мэхийг илүү хийх үү?
-Яг тогтсон мэх байхгүй ээ. Яг л Сүхбат аварга шиг хурдан барилддаг байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны морины үйл хэрэгт амжилт хүсье. Төв Халхад очоод санасан амжилтаа гаргаарай.
-Нутагтаа аймгийн Алдарт авч чадсангүй. Би авъя гэж хэлдэг ч үгүй. Уг нь надаас бага амжилттай хүүхдүүд аваад л байгаа харагдах юм. Үнэндээ манай уяачдын холбоо ажиллаж чадахгүй байна. Холбооны тэргүүн уяачдаа зохион байгуулаад, амжилтаа ахиулах ажлыг хийхгүй байна. Ноднин гэхэд манайх 90 жилээрээ нэг ч йараг, түрүү авч чадсангүй. Гэтэл би урд нь айраг, түрүү алдаж үзээгүй. Зэргэлдээ сум орон нутагтаа ч сум орны нэрийг гаргаж явлаа. Даанч уяачдын холбоо дэмжихгүй болохоор ямар хэрэг байхав.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.