Төв аймгийн Сэргэлэн сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 14 -нд

Энэ сумын адуу дээр үеэс нэлээд хурдтай юм. 1928 оны улсын их наадамд 12-т давхисан Шатан Гомбожавын шарга, түүний үр Жамцын хар зэрэг хурдан азарганууд байжээ. 1910 хэдэн оноос эндхийн адуу барга адуутай цус холилдон улам сайжирсан байна. Монхор Дамбаагийн хүрэн азарга, бор морь зэрэг хурдан хүлгүүд бол чухам энэ адууны удам юм. Сэргэлэн сум Монгол Улсын бүх аймаг, сумдын дотроос хамгийн бололцоотой нөхцөлд оршдогоороо онцлогтой. ХХ зууныг дуустал улсын их наадмуудад бүрэн бус мэдээгээр энэ сумаас 27 морь түрүүлж, 180 морь айрагдсан байна.
Магалжавын алаг: Энэ хээр алаг азарга эхийнхээ гэдсэнд зүүн зүгээс худалдагдаж ирсэн бөгөөд өөрөө асар хурдангүй, сунгаанд өнгөлж байдаг боловч улсын наадамд 20-30 орчмоор давхидаг байсан юм. Гэвч үүн шиг олон хурдан төл гаргасан азарга ховор. Зарим нэг жишээг дурдъя.
1959 оны зун Ардын хувьсгалын 38 жилийн ойн их наадмын шүдлэнгийн уралдаанд нэг, хоёрт давхисан шар хээр алаг, борлог хоёр үрээ энэ азарганы үр бөгөөд түүний дараа жилийн улсын их наадамд мөн энэ хоёр дараагаар нэг, хоёрт ирсэн. Гуравт хурдалсан хээр алаг үрээ нь мөн л энэ азарганы үр юм. Шар хээр алаг нь их насанд нийлсэн хойноо нэг айрагдсан, борлог нь соёолондоо айрагдсан юм. Энэ гурваас гадна Ардын хувьсгалын 36, 37 жилийн ойгоор гуравт давхисан Сүрэнжавын алаг азарга, 1964 онд улсын наадамд айрагдсан Магалжавын бор соёолон хоёр мөн энэ алаг азарганы үр юм.
Магалжав гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд дээрх алаг азарганы үр өөр нэгэн алаг азаргыг уяж хурдлуулж байлаа. Тэр нь улсын наадамд нэг айрагдсан юм. Түүнээс сүүлд улсын наадамд үрээн цагтаа айрагдсан Жамцын алаг, Доржсүрэнгийн алаг азарганууд бас энэ алагийн үрс юм.
Нарийн хээр: Төв аймгийн Сэргэлэн сумын Жанчивын Намсрайн унаган адуу Нарийн хээр, Одын хүрэн гэдэг хоёр морь 1960 хэдэн онд улсын их наадамд ид хурдалж байлаа. Нарийн хээр нь 1964 онд аман хүзүүдэж, хойтон жил нь тавд давхисан юм. Энэ морийг Гэцэг гэдэг хүн уяжээ. Харамсалтай нь энэ морь олон хүний гар дамжин хатуу ширүүн эдэлгээнд их нухчуулан үүнээс илүү амжилт үзүүлж чадаагүй билээ.
Одын хүрэн нь 1950 хэдэн оны үеэр Гэцэгийн бага хүрэн нэртэйгээр жижиг наадмуудад айрагдаж, түрүүлж байгаад Од гэдэг хүнд очоод 1964 оны наадамд түрүүлж, хойтон жилийн наадамд гуравт давхисан юм. Энэ үед Сэргэлэн сумаас Дашийн шарга, Самбуугийн бор, Алтангэрэлийн ухаа, Цэрэндоржийн хар, Бавуугийн бор, Пүрэвжавын зээрд, Сандуйн зээрд, Чулууны алаг гэх зэргийн морьд улсын наадмаас нэгээс хоёр удаа айрагдаж байлаа.
Дамдингийн хүрэн: Энэ азарга Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын унаган адуу юм. Улсын их наадамд хязааландаа аман хүзүүдэж, найман настай гуравт давхиж, 10 настай түрүүлж, 11 настай гуравт хурдалж, 12 настай түрүүлж, 13 настай аман хүзүүдэж, нийтдээ их наадамд 10 удаа уралдахдаа хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, гурван удаа гуравт давхижээ.
Бат, Гомбо нарын зэрэг хүмүүсийн гар дамжин морины талд явж байсан буурал морийг 1966 онд уяач Дамдин хоёр мориор худалдаж аваад 1967 оны улсын их наадамд түрүүлгээд, 1968 оны улсын их наадамд аман хүзүүдүүлсэн юм. Энэ хоёр хурдан хүлгийн эзэн Дамдин 1967 онд улсын их наадмын азарга, их нас хоёрын түрүүг авч урьд хэзээ ч үзэгдээгүй амжилт үзүүлсэн билээ. Жараад оны үед Сэргэлэн суманд Доржийн шар хээр алаг, Ишийн бор, Шаравын хар, Цэдэвийн бор зэрэг улсын наадамд нэгээс дөрөв айрагдсан хурдан морьд байлаа.
Дамдингийн Даш: Тавиад оны дунд үеэс эхлэн морь уясан энэ хүний шарга морь нь жараад оны эхээр улсын наадамд аман хүзүүдэж, эзнийхээ наадмын азыг нээсэн юмаа. Үүний дараахан улсын наадамд хар соёолон үрээ нь мөн аман хүзүүдэж, саарал азарга нь хоёр удаа айрагдсан билээ. Эдгээрт урамшсан уяач Даш Галшарын хурдан хүлгүүдээс нутагтаа авчирч уралдуулах болсон юм. Эдний Бага саарал бол Галшарын унаган адуу, хонгор зээрдийн зурагтай тун адилхан азарга байлаа.
Дааган насандаа Галшараас ирсэн бэлбэсэн хонгор азарга нь улсын наадамд шүдлэндээ гуравт, хязааландаа мөн гуравт, соёолондоо аравт, хавчигтаа тавд, долоотойдоо гуравт, наймтайдаа тавд давхисан. Эднээс гадна мөн хэдэн үрээ айрагдсан юм. Ер нь Даш гуай улсын наадамд морь түрүүлгээгүй боловч 13 удаа айрагдуулсан улсын нэрт уяач билээ.
Дорнойн Сундуй: Дээрх Даштай нэг нутаг усны, үе тэнгийн, зэрэг шахам морь уяж эхэлсэн Дорнойн Сундуй бол улсын Алдарт уяач цолыг анх хүртсэн хүмүүсийн нэг ээ. Хориод жил морь уясны эцэст далаад оны эхэн үеэр нэг шийдэмгий ажил хийсэн нь энэ хүний нэрт уяач болох замыг нээсэн юм. 1972 оны намар оройхон Даш, Сундуй нар хурдан морь худалдаж авчрахаар Галшар оржээ. Олон ч хүнтэй уулзаж, олон ч суурь адуугаар орж, Галшарын адууг ханатлаа  л үзэж харжээ. Гэвч санаанд таарах, өртөг тохирох юм бараг тааралдсангүй, эцэст нь бүр Буянт орж Жамсран гэдэг хүнээс сумандаа ганцхан түрүүлээд байсан үрээнхэн хүрэн азаргыг, хүрэн буурал гүүний хамт  ханасан үнээр нь аваад буцжээ. Энэ замд Даш нь нэг нутгийн нөхөр Сундуйдаа их тус болсон гэдэг.
Хүрэн азарга шинэ нутагт ирсэн даруйдаа нэг их хурдлахгүй байснаа 1975 оны зунаас гялалзаж эхлээд улсын наадамд нэг түрүүлж, гурав айрагджээ. Энэ хүрэн азарганы нэг онцлог нь өөрөө хурдны зэрэгцээ бараг л эр төл бүгд нь хурдалсан юм. Хүрэн азарганы төл Сундуйн цоохор /том/ азарга улсын наадамд нэг айрагдаж, арав дотор олон давхиж, бас хүрэн үрээ шүдлэндээ айрагдаж, халиун алаг үрээ /Алтанбулагийн Очирт байсан/ соёолондоо айрагдаж, дээрх цоохор азарганы төл Бага цоохор нь даагандаа түрүүлж, нас гүйцсэн хойноо нэг айрагдсан аж. Мөн эдний их насны хул моь энэ үеэр улсын наадамд хоёр айрагдсан билээ. Нийтдээ Сундуй гуай улсын наадмын хоёр түрүү, есөн айраг авсан хүн юм. Энэ суманд Бавуу, Хэнмэдэх, Маар нарын зэрэг сайн уяачид байдаг.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна