Сумын Алдарт уяач Ц.Болдбаатар: Би сумын наадамд түрүүлж, шархал азарга түрүү магнай болж байлаа

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 07 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын Алдарт уяач, сумын заан Ц.Болдбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор нааддаг юмаа даа?
-Тэгж хэлж болно шүү. Би 13 настайгаасаа эхлэн морь уяж байна. Хүүхэд байхдаа ах нарынхаа морийг унадаг байлаа. Бас нэг хоёр жил жороо морь унаж байгаад арав хүрээд хасагдсан. Жоохон том биетэй байсан болохоор больсон юм. Харин бөхийн тухайд аавын аав, аавын ах нар бөх хүмүүс. Би эцэг эхээсээ дөрвүүлээ. Сумын нэг наадмаар миний хоёр дүү үлдээд, нэг нь начин, нөгөө нь заан болсон. Би 2011 оны сумын заан байгаа юм. Харин 2012 онд сумын Алдарт уяач болсон. Тэгэхэд би сумын наадамд түрүүлж, шархал азарга түрүү магнай болж байлаа. Миний хувьд хамгийн гоё наадмын нэг дээ. Гэхдээ барилдаж байхдаа морь уяна гэдэг хэцүү юм байна лээ. Уяаны ажил алдагдаад нэг бол бэлтгэлээ бүрэн хийж чадахгүй болохоор нь бөхөө орхисон.
-Анхны айраг, түрүүгээ аль наадмаас ямар адуугаар авч байв?
-2004 онд болсон Бөхмөрөнгийн 80 жилээр хул шүдлэн морь дөрөвт оруулж, анхны том айргаа авч байсан. Түүнээс өмнө жижиг уралдаан, өдөрлөгөөс айрагтай л ирдэг байлаа. Дараа жил нь Түргэний 80 жилийн ойгоор жороо морь түрүүлгэсэн нь илүү их урам зориг нэмсэн. Энэ шархал маань есөн медальтай. Даанч манай сумынхан 2004, 2005 оноос хойш жороо уралдуулахаа больчихсон. Ингээд 2006 оноос хоёр хул морь, шархал, цавьдар азаргаараа наадлаа. Хоёр хулын маань нэг айрагт арай л ордоггүй, арав дотор  давхиад байгаа юм. Өнгөрсөн жил манай ой болж айраг, түрүү аваагүй ч морьд дээгүүр ирсэн. Шархал азарга маань 20 хэдээр давхисан.  Уг нь Ардын хувьсгалын 91 жилээр таваар орж, 92 жилээр түрүүлж байсан болохоор их найдаж байсан юм. Харин цавьдар азарга Сагилд болсон хаврын бооцоот уралдаанд 18 авлаа.
-Танай суманд хатираа, жороо их байсан уу?
-Нэгэн үе их байлаа. Морь ч сайн байлаа. Түргэний 80 жилийн ой болж байхад эхний гурав нь манай сумын жороо морьд байсан юм. Даанч сүүлдээ уралдахаа больсон болохоор хүмүүс ч тоохоо больчихсон. Хэрвээ манай эндэхийн бүх жороог бариад ир гэвэл арав хүрэхгүй л болов уу.
Жороо морь бас хэцүү л дээ. Байнга л уяж, уралдаж эдэлж байхгүй бол явдал нь эвдрээд, таргалаад, махалчихна. Их болхи болчихдог юм байна лээ. Тэрнээс жороо харахад их гоё л доо. Тухайн үедээ наадмыг илүү их чимдэг байсан гэж боддог.
-Цавьдар, шархал азарганууд хаанахын адуу вэ?
- Шархал азарга Зүүнговийн адуу. Түргэний Цэндсүрэн гэдэг хүнээс авсан. Цавьдар болохоор Завхан аймгаас хүнээр дамжуулан авсан юм. Бас нэг зээрд азаргыг одоо Рашаант багийн дарга хийж байгаа Түргэний аймгийн Алдарт уяач Болдбаатар гэж хүнээс авсан. Тэрийгээ хоёр, гурван өдөрлөгт оруулж, хоёр айрагдуулаад байна.
-Моринд ороход юу нөлөөлсөн юм бэ?
-Миний аавын дүү аймгийн Алдарт уяач Цэвээнгэрэл гэж хүн бий. Бас сүүлийн үед сайн наадаж байгаа Цогтхүү ах маань байна. Би багадаа эдний морийг унадаг байсан юм. Дараа нь мориноос хасагдчихаад ах нартаа тусалж гүйсээр морь уях болсон. Ах нарыг дагаад Ногооннуур, Ховд сумын наадмаар явж байснаа мартдаггүй юм. Хожмоо өөрөө морь уяж, Түргэн, Ховд, Ногооннуур руу явдаг болсон доо. Ногооннуур ойрхон, дээр нь наадам нь ямар ч будилаангүй сайхан болдог болохоор очих дуртай. 60 жилээр нь ганцхан шархал азаргатайгаа очоод түрүүлгээд ирж байлаа.
-Аав тань морь уядаг байв уу?
-Манай аав адуу малладаг байсан. 2008 оны Мянгат малчин байгаа юм. Миний хүүхэд нас адууны захад л өнгөрлөө. Би чинь багаасаа л адуунд иртэй хүүхэд байсан. Гурав, дөрвөн наснаасаа морь унаж, жоохон томроод эмнэг сургадаг байлаа. Одоо ч хангал догшин юм байвал бариад л авна. Энэ төрлөөр 2011 онд Тэс суманд  болсон Увсын хэмжээний “Адуучин” тэмцээнд оролцож, тавдугаар байранд орж байсан юм. Морьтой бугуйлдах, явган бугуйлдах, ташуур шүүрэх, эмнэг сургах гэсэн дөрвөн төрлөөр 25 уяач өрсөлдөөд, Тэсийн залуу түрүүлж байлаа. Тэр жил бас Улаанбаатарт очиж Монгол бөх гиннест бүртгүүлэх барилдаанд зодоглосон.
-Адуунд цус сэлбэж байна уу?
-Холоос авч чадахгүй байна. Гэхдээ ноднингоос хойш манай энд адуунууд ирж, хүмүүс аваад л байгаа юм. Сүхбаатарынх л гэдэг зарим нь олигтой явах ч үгүй байна. Тэгэхээр итгэж авахад хэцүү санагдсан. Зарахаар авчирч байгаа хүмүүс тухайн адууныхаа удам угшил, тамга, тэмдэг, эзнийх нь гарын үсэг гээд баталгаатай юм хийх ёстой. Тиймгүй болохоор итгэж болохгүй юм.
-Адуугаа тэжээдэг үү?
-Манайханд тийм юм байхгүй ээ. Зундаа наадмаар л уяна. Гэхдээ намар жижиг наадмуудад оруулна. Тэр хүртэл уяхгүй. Тэгээд л адуунд тавьчихаж байна.
-Энэ жил Увс аймгийн 90 жил, баруун бүсийн даншиг болно. Очих уу?
-Ямар ч байсан хоёр азаргатайгаа очно.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Сумандаа л наадаж байна. Нийт  14, 15 айраг, түрүү бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.