Төв аймгийн Баянжаргалан сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 30 -нд

Хуучин Нялга буюу одоогийн Баянжаргалан сум бол Галшар, Баянцагаан сумын хоорондын замд оршдог эртнээс хурдтай сум юм. Энэ нутагт Бор өвгөн, Чулуунбаатар, Чимэддэлэг, Дамба, Доной, Тамзав, Норов нарын зэрэг уяачид байжээ. Тус сумаас улсын наадамд 13 морь түрүүлж, 17 морь айрагджээ.
Нэр бүхий буурал азарга бол Төмөрийн Дамдинзав, Лувсанчоймбол гэдэг ах дүү хоёр хүнд байсан бөгөөд эцэг нь Галшараас ирсэн азарга юм. Ард түмний дунд “Нялгын буурал”, “Түмний эх буурал” гэж нэршсэн энэ азарга улсын их наадамд Ардын хувьсгалын 24, 26 жилийн ойгоор түрүүлж, 30 жилийн ойгоор аман хүзүүджээ.

Даваанэрэн начингийн халзан: 1920 хэдэн он. Гурван зуугаад алаг адууны эзэн болсон баян Загд өвгөний хүү Очирпүрэвийнх хаврын нэгэн өдөр гэр барьж байлаа. Тэр өдөр зүүн урдаас адуу туусан хоёр хүн ирсний нэг нь Халхын их бөх Буянтогтох аварга байжээ. Аварга өгүүлрүүн:
-Буянтай хүний үр гэр барьж байхад таарлаа. Би нэг адуу өгнө.
Гэр барилцсан улс цөмөөрөө тууж явсан адуун дээр нь очиход хоёр ижилхэн зээрд халзан морь нүд булааж байв. Очирпүрэв “надад энэ хоёрын нэгийг л өгөх нь дээ” гэж бодож байтал Буянтогтох аварга навсайсан хар сарваа өргөж босгоод “Үүнийг ав” гэжээ. Очирпүрэв “Их санасан газар ес хоног хоосон гэгч болов” хэмээн ихэл голж, харин Загд өвгөн хашир хүн тул “Аварга муу юм холоос авчрахгүй” гэж бодон зунжин тэжээж овоо тэнхрүүлэн хүүхэд мордуулж үзтэл булгихаас өөрийг мэдэхгүй байжээ. Хойтонгийн хойтон нь Очирпүрэвийг цэрэгт мордох гэж байхад Даваанэрэн өр нэхэж очоод нөгөө үрээг хөтлөөд буцсан байна. Очирпүрэв цэрэгт ирээд наадмаар салаагаараа явж соёолонгийн уралдаанд морь хашиж өгөх ялдамд нэгэн хар ногоон азарга тасархай түрүүлэхийг үзжээ. Тэр нь нөгөө аваргын авчирч өгсөн хар сарваа байсан байна. Энэ азарганы үр нэгэн цагаан хөхөлтэй харагч гүүнээс Даваанэрэнгийн халзан азарга гарчээ.
Сангийн яаманд алба хааж байсан Тамзавын Норов гэдэг хүн нэгэн жилийн наадмаар Буянт-Ухаад гурвуулаа явж байгаад нэгэнт нөгөө хоёртоо:
-Тэр урд талын уяаны зүүн захад уяатай байгаа зээрд азарга хас тамгатай байвал манай адууны угсаа мөн гэжээ. Очиж үзвэл үнэхээр хас тамгатай байжээ. Тэр нь Чимэддэлэгийн уяа гэнэ. Энэ зээрд азарганы үр сүүл цагаан харлаг азарга их хурдан байсан бөгөөд түүний үр нь Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, хүрэн халзан морь хоёр юм. Хүрэн халзан азарга нь морин биетэй, дээр толгойтой, хамрын нүх нь дээшээ сэтэрхий юм шиг том, том гурвалжин нүдтэй, сормуус нь урт, нарийн чанга сайхан дуутай, магнай дээрээ тугийн зэв мэт хэлбэртэй цэвэрхэн сартай агаад түүний нь доод талаас иш мэт нарийн цагаан зураасан халзан, бүх бие нь элгэн хүрэн өнгөтэй, бөгтрөг сайтай, хомбогор бөгстэй, шулуун борвитой, хоолой, хэнхдэгтээ том том хонхортой азарга байсан юм.
1959 оны зун Ардын хувьсгалын 38 жилийн ойн их баяр наадмын эхний өдөр үе үе бороо шивэрсэн сэрүүхэн өдөр байлаа. Азарга ирэх дөхөж амьтны хөл үймээн ихсэх үеэр Даваанэрэнгийн Санжаа харлаг гүү унаад морь тоологчдын зогсдог хоёр индрийн зүүн гар талд очиж зогсов. Тэгтэл ч азарга гарч ирлээ. Өнгөнд нь Шийтэрийн зээрд, аман хүзүүнд Самдангийн хүрэн, гуравт Даваанэрэнгийн халзан хүүхэдгүй гарч ирэв. Яг энэ үед Санжаагийн харлаг гүү хангинатал янцгаав. Хүүхдээ ойчсоноос хойш туж түрүүчийнхээ хоёр азаргыг дагаж давхисаар барианы газар орж ирээд, харлаг гүүгээ янцгаангуут хариу янцгаагаад хэдхэн том харайгаад түрүүчийнхээ хоёрын дэргэдүүр сум шиг өнгөрөөд түрүүж байж билээ.
Хүрэн халзан азарга хязааландаа Ардын хувьсгалын 31 жилийн ойгоор түрүүлж, хойтон жил нь дөрөвт давхиж, 34 жилийн ойгоор түрүүлж, 38 жилийн ойгоор түрүүлж, 39 жилийн ойгоор аман хүзүүдэж, 40 жилийн ойгоор түрүүлж, 42 жилийн ойгоор тавд давхиж байжээ. Үүнээс үзэхэд улсын их наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан байна. Уяачид үүнийг “Мөнх төрийн мөнгөн магнай” гэж нэрлэдэг.
Даваанэрэнгийн халзангийн үр төлөөс хамгийн хурдан нь Баянцогтын Цэнддоржийн хүрэн. Энэ азарга улсын наадамд хэд хэд айрагдсан. Үүний үр ч хурдан. Ер нь Мөнгөн магнайн хурдан удам нь ийнхүү Баянцогт тийшээ гарсан юм шиг байгаа юм.
Хүрэн халзан морь нь улсын наадамд хонгор морьтын Цэндийн зээрдийн дараа орж нэг аман хүзүүджээ.
Галын хүрэн: 1933 оны улсын наадмын дансанд Доноодойгийн бор шүдлэн айрагдсан баримт байна. Доноодойгийн хүү Гал нь хожим эцгээсээ илүү уяач болжээ. Галын хүрэн морь Ардын хувьсгалын 35, 37, 38 жилийн ойн наадмуудад түрүүлж, 36 жилийн ойн наадамд аман хүзүүджээ. Эдний хээр азарга нь соёолондоо аман хүзүүдээд, хойтон жил нь хавчиг соёолон насандаа Шийтэрийн хурдан зээрдийг дийлж түрүүлээд, өсөх насандаа нэг айрагджээ. Мөн саарал азарга нь улсын наадамд шүдлэндээ түрүүлж, хожим нэг айрагдаж Үүлэн нэртэй бор морь нь бага насандаа нэг айрагджээ.
Энд нэг бяцхан түүх өгүүлье.
1954 оны улсын их баяр наадмын их насны морьдын уралдаанд Дорноговь аймгийн Сүмбэр сумын хонгор морьтын Цэндийн зээрд морь түрүүлсэн юм.
Ардын хувьсгалын 35 жилийн ойн их баяр наадамд /1956 он/ Цэнд гуай хурдан зээрдээ уяж байтал түүнийг үхэр мөргөн гэмтээжээ. Харин ч гай зовлон гайгүй өнгөрч, эзэн нь мал сайн мэддэг, хашир хүн тул үхүүлэлгүй эдгээж авч чадсан байна. Гэвч хэдэн жилдээ уяхааргүй болжээ.
Энэ жилийн улсын наадамд 770 гаруй морь уралдахад урьд нь улсын наадамд хэд хэд айрагдсан Дугарын хул, хэн ч огт үзэж, дуулаагүй Галын хүрэн хоёр зуузай холбон ирж, наадамчид хэтэрхий шахсанаас хул морь үргэн хулгаад, хүрэн морь түрүүлжээ. Үүнийг надад миний эцэг ярьж өгсөн юм. 1957 оноос би нэгэнт хурдан морь унахаа больсон учир үүнээс хойших явдлыг нь нүдээр үзсэн билээ.
Тэр зун улсын наадамд мөнөөхөн Галын хүрэн морь, Төв аймгийн Авдарбаян сумын Батсүхийн харлагтай зуузай холбон ирээд, алаг морь нь зөв талдаа учраас түрүү авсан юм.
1958 оны улсын наадамд Галын хүрэн, Батсүхийн алаг хоёр мөн л тасархай түрүүлэн уралдаж яваад алаг морь нь Буянт-Ухаа дээр маахайлж, хүрэн морь нь түрүүлсэн билээ.
1959 оны улсын наадмын их насны морьдын уралдаан тун будилаантай боллоо. Морьдын гуравны нэг орчим нь эргэх газраа хүрэлгүй Түргэний голын орчмоос эргэн уралджээ. Энэ хэсэгт нь Архангай аймгаас зорьж ирсэн Маасайн Цэрэнхүүгийн хээр морь түрүүлэв. Үлдсэн хэсэг нь цаашаа явж байтал мөн л нэг хэсэг нь эргэх газраа хүрэлгүй буцаж зугтаагаад үүнд нь Хөхөө хасагийн хүрэн түрүүлэв. Эцэст нь эргэх газраа хүрсэн хэсэг морь уралдаж ирэхэд Галын хүрэн тун ч уужуухан түрүүлсэн юм. Ийнхүү Галын хүрэн гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн билээ.
1960 оны наадамд нэр цууд нэгэнт гарсан Доноодойгийн Галын хүрэнтэй уралдахаар нөгөөх хонгор морьтын Цэндийн зээрд ирсэн байв. Наадамчин олон ч ихэд сонирхож, Цэнд гуай ч аатай хүн байж, Гал гуайн хор шарыг малтсан үг цухуйлгаж, их морь мордсоноос хойш салахгүй хамт яваад байж. Тэгтэл ч морьдын тоос бослоо. Аргагүй л Галын хүрэн, Цэндийн зээрд хоёр л гараад ирлээ дээ. Буянт-Ухаа дээр морь тосон дурандаж суусан улсаас тэр хоёр хамгийн түрүүнд мордов. Зээрд нь зөв талдаа, хүрэн нь буруу талд нь, хөл нь арай сулавтар явлаа. Энэхэн агшинд Гал гуайн шар хөдөлсөн бололтой хүүхдэдээ:
-Буруу талын амыг нь татаад гуяд! Гарга гэж чанга хашгиран хэлэв. Хүүхэд нь яг хэлснээр нь буруу талын амыг нь татаад нэг сайн ороолготол хүрэн морь нь нэг огло харайгаад... үсрэн унасан билээ.
Монголын цуут хурдан хүлэг Галын хүрэн ингэж л баяр наадмын уралдааны замд, ижил сүргийнхээ тоосон дунд халин одсон юм.
Манай зууны тавиад оны үед ид хурдалж байсан алдарт гурван хурдан хүлгийн ялимгүй гунигтайхан түүх ийм буюу.
Шарга буурал: Баянжаргалан сумын нэгэн үеийн онц хурдан азарга нь энэ юм. Үүнийг Галшарын гарын Норов гэдэг хүн азарган үрээ авчирч зарсныг Оохоны Жамсранжав гэдэг хүн аваад хавчиг соёолонгоос нь эхлээд уясан аж. Шарга буурал нийтдээ сумын наадамд есөн удаа уралдахдаа нэг зургаад орж /хавчигтаа/, нэг удаа дөрөвлөж, долоон удаа түрүүлсэн байна. 1963 онд Төв аймгийн 40 жилийн ойгоор улсын наадамд шарга буурал ирсэн боловч өлдөж хөрвөөгөөд үхэх шахсан юм. Гэвч хожим болтол хурд нь буураагүй сумандаа уралдаж түрүүлж л байсан.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна