Аймгийн Алдарт уяач Н.Дашзэвэг: Уяа морьд өглөө барьсны дараа сайхан унтаж байвал урд шөнийн хоол нь таарч, өчигдрийн ажилдаа зүдэргээ суугаагүй гэсэн үг

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 13 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямын Дашзэвэг гуайн ярицлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1940 онд Хашаатын цагаан толгой хэмээх газар мэндэлжээ.
-Хагас зуун жил хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан гэлээ. Хэдий үеэс эхлэн морь уясан юм бэ?
-Миний эцэг морь уядаггүй байсан ч би таван настайгаасаа эхлээд 13 хүртлээ хүмүүсийн морийг унасан. 1945 оны чөлөөлөх үед наадмын морь унаад л давхиж явлаа шүү дээ. /инээв/
-Ямар ямар хүмүүсийн морийг унаж байсан бэ?
-Улсын наадамд соёолон түрүүлгэж, хязаалан айрагдуулсан Борхүү гэж уяачийн морийг унадаг байсан.
-Соёолонг нь  түрүүлгэж, хязааланг нь айрагдуулж байсан хэрэг үү?
-Үгүй, үгүй тэр үед би моринд томдоод хасагдчихсан байсан. Түүнээс өмнө л Борхүү гуайн морьдыг унадаг байсан юм.
1956 оны улсын наадамд би Борхүү, хонгор Морьтын Цэнд нарыг дагаад улсын наадамд явж байлаа. 16 настай хүү морь уяад Хан уулын ард, Хатан Туулын хөвөөнөө наадахаар очиж байгаа нь тэр.
- Тэр үеийн улсын наадмыг зураглаач?
-Үнэхээр сайхан зохион байгуулалттай болдог байсан. Бидэнтэй цуг Баттөмөрийн аав Гал цуг явж, хүрэн морь нь анх удаа түрүүлж, хээр соёолон азарга нь гуравт, загал шүдлэн үрээ нь аман хүзүүнд давхиж их сайхан наадаж байсан юм. Хэдийгээр миний морь түрүүлж, айрагдаагүй ч хамт явсан хүний морь айрагдах чинь сайхан юм билээ.
-Цэнд гуайг хэр ойроос мэдэх вэ?
-Хол ойрын наадамд олон жил цуг явсаан. Өндөрдүү нуруутай, хүрэн бор царайтай их ганган марзан хүн байсан. Харин Борхүү гуай болохоор тэгж  марзагнаж мэддэггүй. Хэлэх гэснээ шууд хэлнэ. Айл амьтны мал хуйг хэлүүлэлтгүй цуглуулаад өгдөг, алдсан малыг нь эрэл суралд явахдаа олоод ирдэг ер нь их тусархуу хүн байсан. Цэнд гуай бол морийг мундаг танина. Түрүү ярьсан шүү дээ. Улс хувьсгалын 35 жилийн ойгоор цуг улсын наадамд явсан гэж. Тэгэхэд Хөшигийн хөндийд дунд давхил хийсэн юм. Сунгааны дараа бидэнтэй хамт явсан хамгийн ахмад уяач Гэлэгсамбууд Цэнд гуай: “миний зээрд морь энэ жил айрагдаж чадахгүй нь ээ. Харин уул, ус үзээгүй зоригтой Галын битүү хүрэн морь бол бат түрүүлнэ. Норов гуай хашир хүн болохоор хүрэн морио айрагдуулчих байх. Миний зээрд айрагт багтахгүй, гэхдээ зургаа долоогоор бол орчих байх” гэсэн. Хөшигийн хөндийн тэр сунгаанд уралдсан 270 гаруй морьдоос өөрийнх нь зээрд гуравт ирчихээд байхад шүү дээ. Тэгсэн Гэлэгжамц гуай “яалаа гэж дээ хүү минь, 270 их морь уралдахад гуравт ирж байгаа адуу айрагдалгүй яахав дээ” гэж байсан. Тэр жилийн улсын наадамд 800 гаруй морь мордож Цэнд гуайн хэлж байсанчлан Галын хүрэн түрүүлж, Норов гуайн хүрэн дөрөвт ороод, Цэнд гуайн зээрд морь зургаад билүү долоод давхисан.
-Яг л ярьснаар нь болж...
-Харин тийм. Тэгж хэлэхийг нь би өөрийн энэ хоёр чихээр дуулж байсан даа. Гэхдээ Цэнд гуай хүнд барагтай юм хэлдэггүй. Доог тохуу, тоглоом наргианы завсар үнэн худал нь мэдэгдэхгүй л юм хэлнэ. 1960-аад онд юм уу даа би нэг хусран цавьдар даагатай. Цэнд гуай болохоор дүү Банзараасаа авсан хонгор халзан даагатай. Тэр нь хоёр ч уралдаанд хол тасархай түрүүлчихсэн байхад долоод ирсэн миний цавьдар даагыг айрагдана гэж хэлсэн. Би тухайн үед тоглож байгаа юм болов уу гэж бодсон нээрэн миний цавьдар даага айрагдаад өөрийнх нь багтаагүй.
-Борхүү гуай мэдэхээ харамгүй хэлдэг байсан гэсэн. Танд юу гэж зөвлөдөг байв?
-Их л юм хэлдэг байсан байх. Бага байсан болохоор тусгаж авдаггүй байсан шиг байгаа юм. Гэхдээ энэ улсуудыг дагаж явсаны ач гавьяагаар хагас зуун жил морины сүүл шууж, олон газрын сайхан улстай гэмгүй нөхөрлөж байна даа. Бидний үед одоотой адил машин тэрэг гэж байсангүй, хөсөгтэй л явдаг байлаа. Одоо сайхан болж дээ. Маргааш уралдаантай гэхэд өнөөдөр гараад явчихаж болж байна. Хүйн долоон худгийн анхны наадамд би энд бузгай  байсан азаргатайгаа очсон. Соёолондоо хоёр гурван сум дамжиж түрүүлсэн азарга маань  улсад очоод 47-д орж байлаа. Түүнээс өмнө улс хувьсгалын 80 жилийн ойгоор нэг бузгай даагатай очсон ч хүүхэд нь унаад олигтой амжилт үзүүлж чадаагүй. Хамгийн сүүлд 10,000  морьтны жагсаалд хүүтэйгээ хоёул очиж жагслаа. Уяач болсны хэргийг тэгж нэг гаргалаа. Сайхан юм билээ. Аймаг болгоны төлөөлөл 10,000 морьтон нэг дор жагсаад явахаар газар доргих шиг л санагдсан.
-Бахархахгүй байхын аргагүй үйл явдал?
-4000 гаруй морь зэрэг уралдахыг хараад Чингисийн баатрууд л ингээд давхидаг байсан байх даа гэж бодсон шүү.
-Таныг хоёр ихрийн нэг гэсэн. Нөгөө ихэр нь тань бас морь уях уу?
-Үгүй ээ, худалдааны ангийн даргаар ажиллаж байгаад 50 гарсан хойноо бурхан болчихсон. Бид хоёрыг их адилхан дуугардаг гэдэг байсан. Түүнээс  зүс, царайгаараа бол өөр л дөө. Манай нөгөөх намайг бодвол өндөр, тарган. Би бол намхан балтгархан /инээв/. Морь сонирхдоггүй ч наадамд явахад хоол унд, унаа унаш бэлтгээд хамт явдаг байсан.
-Ингэхэд та нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Дарханы цэргийн ангийн даргаар 18 жил ажилласан. Тэгэхдээ ээлжийн амралтаа зун аваад ирж морь уядаг байлаа.  Дараа нь 32-р баазад тээврийн тэрэг нэлээд барьсан. Мөн л наадам тааруулж амралтаа аваад морио уядаг. Ер нь тавиад жил тасралтгүй морь уясан. Гэхдээ айхтар олноор нь уяж байгаагүй. Хоёр, гурван чанартай адуу уяад л сайхан наадчихдаг байсан.
-Таны нэрийг хамгийн олонтаа дуурсгасан хурдан хүлгээ танилцуулаач?
-Цэнд гуайн хамаатан болох Дамбадаржаа гэдэг хүнээс авсан хонгор азарга хурдны үр тарьж, хурдлах морьдын эх үүсвэрийг тавьж өгсөн. Ер нь тэр үеэс л миний морьд гайгүй давхиж эхэлсэн юм. Би хязаалан үрээ авч тэр жилээ сумын наадамд айрагдуулаад л эхэлсэн. Сүүлдээ хонгор азарганы маань үр төлүүд зургаа байтугай нас болгонд хоёроор нь уяхаар олон болсон. Нас болгонд хонгор адуу уях ч бас л сайхан шүү. Мөн Банзараас авсан хул морь маань намайг аймгийн Алдарт уяач болоход их нэмэр болсон. Хул морь шүдлэн цагаасаа эхэлж айрагдаад аймагтаа хоёр ч түрүүлсэн адуу. Ер нь энэ хоёр адууныхаа амжилтаар л аймгийн Алдарт уяач болсон доо. Би аймаг сумын наадмаас есөн түрүү, 12 айраг авсан байдаг юм.
-Хонгор азарганы төлүүд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хурдалсан. Гурав, дөрвөн ч хонгор азарга байлаа. Дандаа л түрүүлж, айрагдаж байсан. Эцэг хонгор азарга нь 2000 оны зуднаар бараг босоогоороо шахуу үхсэн. Ястай адуу болоод л тэгсэн байх даа, хөөрхий. 15 хүртлээ ер нь айраг алдаагүй шүү. 
-Нээрэн хул морио аймгийнхаа наадамд түрүүлгээд шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд оролцох эрх авсан гэдэг билүү?
-Тийм. МУ-ын Алдарт уяач Галтын Цэвээндоржийн хул азарганд түрүүлээд, миний хул  их моринд түрүүлээд анхны “Их хурд” уралдаанд оролцох урилга авч байсан юм. Тэгээд очсон. Мундаг наадам болсон шүү дээ. Түрүү морьдыг машинаар байлсан бараг анхны наадам байх. Уяачийн хөдөлмөрийг тэр үеэс л үнэлдэг болсон юм шүү дээ. Морины сэтгүүлч гээд нэг хүн майхнуудаар явж ярилцлага аваад байсан. Манай майхан дээр ирээд их удсан.
-Та ярилцлага өгч байв уу?
-Өгсөн. Нутгийнхаа хурдан адуу, сайн уяачдын тухай мэдэхээ ярьж өгсөн.
-Хул морь тань хэдэд давхисан бэ?
- 54-т орсон. Тухайн үед урилга авсан хүмүүсээс Цэвээндорж бид хоёр л явсан. Би Баттөмөрийн машинд суугаад их морины уралдааныг дагасан. Дандаа шигшмэл сайн морьд уралдаж байгаа болохоор ард гарсан бол гүйцнэ гэж байдаггүй юм билээ. Бараг л гараанаас яаж гарсан тэрүүгээр ордог юм билээ.
-Хамгийн сайхан сэтгэлд хоногшсон наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хэдэн он байсныг нь сайн санахгүй байна. Аймгийн л ой юмдаг. Нэг өдөр хул морь, хонгор халзан шүдлэн хоёроо түрүүлгээд нэг дор хоёр түрүү хүртэж байлаа. Тэр жил Цэвээндоржийн хул азарга түрүүлж байсан. Наадмын  дараа айраг ууж суугаад Цэвээндорж надад “би өнөөдөр хоёр түрүү авчихъя гэж бодсон юм. Аргагүй довдож байна.Та аргагүй довтой хүн юм” гэсэн. Яахав намайг энэ нутгийн хүн учраас илүүрхэж шүдлэн түрүүлгэлээ гэж байхгүй юу. Тэгж яриад хөхрөлдөж л байсан.
-Залгамжлан морь уях дараа үеийн залуус бэлтгэгдэж байгаа байх. Тэднийхээ талаар яриач?
-Би гурван хүү, нэг охинтой байсан хүн. Хамгийн том хүү маань бурхан болчихлоо. Охин маань төмөр замын цэцэрлэгт ажилладаг. Нэг хүү маань хот хөдөөгийн завсар. Эхнэр нь төмөр замд ажилладаг юм. Харин бага хүү Пүрэв-Очир хөдөө малаа маллаж, морио уяж байна. Багаас малд нүдтэй хүүхэд байсан юм. Сургуулиасаа гарч мал маллана гээд байхаар нь гуравдугаар ангиас нь гаргачихсан. Тэгээгүй бол сургуулиасаа оргож хөлдөж үхчих гээд байсан юм. Одоо миний хүү дориун уянаа. Сумын Алдарт уяач цолтой болсон. Айл гэр болоход нь хонгор азарганыхаа угшилтай жараад адуу тасдаж өгсөн. Одоо гурван ч хонгор азарга адуутай болсон байна лээ. МУ-ын Алдарт уяач Магсарын Ухнаас хоёр  гүү, Сүхбаатарын Мөнххаанаас бас хоёр гүү авчирсан байна лээ. Хүү маань аавынхаа авч чадаагүй улсын цолонд хүрэх байхаа. 
-Ярилцлагаа залуу уяачдад өгөх зөвлөгөөгөөр өндөрлөе?
-Морь уях санаатай байгаа бол юун түрүүнд чин сэтгэлээсээ хүсч байгаа эсэхээ сайн бод. Мориныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж чадах хүний л адуу давхидаг. Тийм болохоор ингэж хэлж байгаа юм. Дараа нь эртэч байх хэрэгтэй. Гэлэгравдан гуай өглөө эрт морьдоо уячихаад гэрийнхээ сүүдэрт хэвтээд өгдөг байсан. Би гайхаад нэг удаа “бие нь гайгүй юу гэсэн, зүгээр хүү минь” гэнэ.  Тэгээд "та яагаад дандаа ингээд хэвтчихдэг юм бэ?" гэсэн “уяан дээр байгаа энэ хэдэн шарга адууг чинь яаж байна гэдгийг нь байнга л ажиж байхгүй бол морь уясны хэрэг юу байхав” гэж байсан. Өчигдөр хийсэн ажил нь зөвдөж үү, буруудаж уу гэдгийг тэгж л ажиглаж мэддэг гэнэ." Өглөө барьсны дараа сайхан унтаж байвал урд шөнийх нь хоол нь таарсан. Өчигдрийн ажилд зүдэргээ суугаагүй гэсэн үг. Сэрвэлзээд байвал өмнөх шөнө нь хоол идээгүй гэсэн үг” гэж надад тайлбарлаж өгч байсан. Тэгэхээр морь уяж байгаа залуу уяачид уяж байгаа морьдоо аль болох ойр ойрхон сайн ажиглаж байх хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч  ярилцсанд баярлалаа. Эрүүл, энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа,  та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна