Сумын Алдарт уяач С.Рагчаасүрэн: Унаач байхдаа бэлгэнд авсан улаан даагаар адууныхаа суурийг тавьж байлаа

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 02 -нд

Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, сумын Алдарт уяач С.Рагчаасүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Рагчаасүрэн Алдартын хурд ирлэх болсон үе хэзээнээс эхтэй вэ?

-Миний аав морь мал уяхгүй төвд л ажиллаж, амьдардаг хүн байлаа. Мэдээж багадаа үеийнхээ нөхдийн адил хурдан морь унаж, уралдана. Яваандаа энэ нь илүү сонирхолтой санагдаж, хорхойсох болсон. Миний уяаны эрдмийн шанг аймгийн арслан Даваадорж гэж өвгөн татаж өгч байлаа шүү дээ. Аавын талын хамаатан байгаа юм. Дөрөв, таван настай хүүхэд анх энэ өвгөний морийг унаж, хожмоо “шавь орж” өнөөдөр уяач гэгдэж явна. Тэр бол 1990 оны эх хавьцаа юм. Түүнээс хойш тасралтгүй хөхөл сүүл боож, сайхан л наадаж байна.
-Хаанахын адуугаар нааддаг вэ?
-Манай адуунууд эцэг тал нь Даваадорж өвгөний Аварга цоохор гэж цагаан азарганаас гаралтай. Эх тал нь манай Батноров сумын Бандагадай Банзрагч /Найдансүрэнгийн Банзрагч/-ийн адууны угшилтай. Аварга цоохор азарганы эх цагаан байдсыг манай сумын хэдэн өвгөчүүл агт тууж явахдаа авчирсан юм. Цоохор азарга хязааландаа суманд айрагдаж, аймагт хоёр түрүү, нэг айрагтай хурдалсан адуу. Эндээс л би адуужсан хүн. Даваадорж өвгөн надад цагаан азарганы үр улаан бор даагыг анх бэлэглэсэн нь 1987 онд битүү хязаалан үрээ сумандаа аман хүзүүдэж, би чинь анхны айргаа авч байлаа. Түүнээс хойш өвлийн наадамд хоёр, гурав айрагдсан. Хөөрхий 16 хүртлээ л дандаа арав дотор л хурдалдаг байлаа. Сүүлд 16-тайд нь сумандаа наймд оруулж осголж байв.
-Одоо үр төлийг нь уяж байна уу?
-Тэгэлгүй яахав. Одоо миний уяж хурдлуулж байгаа адуунууд бүгд л улаан бор азарганы маань төлүүд байна. Манай адууны эх нь голдуу Банзрагч гэж өвгөний угшилтай гүү байдсууд байдаг юм. Бас л манай хамаатан болох хүн л дээ. Өвгөн манайхыг 1989, 1990 онд хөдөө гарахад нэг даага бэлэглэсэн нь ийнхүү манай адуунд жин дардаг. Өөрөөр хэлбэл, Бандагадай адуу гэсэн үг л дээ.
Манай сум үндсэндээ Аварга цоохор, Бандагадай ухаа, Мөлүү ухаа буюу ухаа азарга, Бадаагийн ухаа халзан гэж гурван адуунаас л үндсэн эхтэй.
-Гадагшаа гарч нааддаг уу?
-Сумандаа л голдуу нааддаг юм. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жил аймаг руу явдаг болоод байгаа. Нэг жил зургаагаар хоёр адуу оруулаад үзчихлээ. Өнгөрсөн жил соёолон, даага хоёртой очоод давгүй сайхан давхиуллаа. Соёолон барианд гурав, дөрвөн км дутуу байхад дөрөвт давхиж яваад бие нь жоохон эвгүйтэхээр нь татчихсан. Харин аймагт 11-т, сумандаа дөрөвлөлөө. Өнгөрсөн жил иймэрхүү сонинтой наадах шив дээ.
-Бас л улаан азарганы тань төлүүд үү?
-Үгүй ээ. Гаднаас авсан өөр сайхан хурдан буянгууд бас байна. Суманд дөрөв айрагдаж, аймагт нэг зургаалаад, нэг есөлчихөөд байгаа азарга бол баруун урдаас авсан Баянхутаг чигийн адуу байгаа юм. Мөн Дорнод чигийн нэг саарал азарга бий. Манай хурлын дарга Батмөнх авчирч өгч байлаа. Одоо үр төлүүд нь ч сайхан хурдалдаг юм.
Ер нь адууныхаа цусыг сайжруулахаар энд тэндээс азарга хэд хэдийг авсан. Дорнод, Дорноговь, Баянхутаг, Сүхбаатараас гээд л. Ямартаа ч хэдэн жилийн дараа үр дүнг нь харна гэж төлөвлөөд зүтгээд л явна. Одоо ч хүмүүс шинэ цагийн монгол адуу гэж их ярих болж. Гэвч хөдөөгийн бидний хувьд арай болоогүй санагддаг юм. Яваандаа жигдрээд ирэхээр уралдалгүй яахав.
-Адуунаас өөр мал олон уу?
-Байна аа байна. Таван төрлийн мянга шахсан малтай. Гэхдээ манайхан чинь тэмээ ховор шүү дээ. Ганц нэг л байх шүү.
-Батноровын уран дархчуул алдартай. Эр хүний хувьд Батноров хийцийн эдлэл хэрэглэлээр гоёдог л байх даа?
-Тийм. Манай сум энэ талаараа үнэхээр нэртэй шүү. Тожил, Тулга гээд л гарын уртай, уран дархчуул манай суманд бий. Юун төлөө Батноровынхон билээ. Ямарваа нэгэн баяр ёслолд бүгд л Батноров хийцийн эдлэл хэрэглэлээрээ гангардаг юм. Энэ бол яах аргагүй бидний хойч үедээ өвлүүлэн үлдээх монгол өв соёлын нэг гэж би боддог.
-Хүүхдүүд тань уяа сойлго тааруулж байна уу?
-Багаасаа л адуу малын захад өссөн улс сонирхолгүй яахав. Миний том хүү одоо арванхоёрдугаар ангид сурдаг. Морь уях бөөн сонирхол л явна даа. Миний морины ажлыг хийдэг гол хүн байгаа юм. Өнгөрсөн жилийн сумын наадмын хоёр айргийг авахад хүүгийн тус үнэхээр их байлаа. Яваандаа удам дамжсан уяач болох байхаа гэж боддог.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна