Сумын Алдарт уяач С.Буянтогтох: Манай аавын унаган адуу Соён хээр гэж алдартай хүлэг байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 27 -нд

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, сумын Алдарт уяач С.Буянтогтохтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Сундуй морь уядаг байв уу?
-Миний өвөө, аав нар уяач улс. Аав Баруунтуруун сангийн аж ахуйн адууг малладаг байлаа. Тухайн үедээ сангийн улаан морийг сумандаа 10 түрүүлгэж дархлуулсан. Тэр улаан морь 20 хүртлээ уралдаад, 28-тайд нь сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолонд өгсөн. Бас аавын унаган адуу Соён хээр гэж алдартай хүлэг байлаа.  Манай аав Зүүнговь талын хүн байсан. Энэ Соён хээрийн эх тал нь Зүүнговийн адуу байгаа юм. Эцэг нь Сан адуунаас гаралтай. Энэ  нь Хан Хөхий хошууны зузаан Даян гэж хүний адуу юм шүү дээ. Сан адуу маллаж байсан аав маань өөрийнхөө гүүг тавьж гарсан нь тэр. Ингээд шүдлэнд нь уяад сумандаа аман хүзүүдүүлж, намар нь морины хөлөөс уяад тавьчихсан орооцолдож унаад дунд чөмгөө хугалчихсан учраас хязааланд нь уяагүй. Дараа жил нь соёолон үрээ уяж сумандаа аман хүзүүдүүлээд, хавчиг морь бага баярт түрүүлгээд хэсэг завсарлаад долоотойгоосоо хойш уягдсан. Сумандаа 2-3 түрүүлж, аман хүзүүдэн, Хяргаст нэг түрүүлсэн. Мөн Өндөрхангайн хоёр том ойгоор нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Тэгээд 1996 онд Сонгинод Завханы Туяагийн халиун морийг дийлж, түрүүлээд байны шагнал мотоциклийг авч байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1998 онд 1000 гаруй км газар хөтлөөд “Их хурд”-д очсон юм. Тэгэхэд унаач хүүхэд би, “Их хурд”- д айрагдсан Ганбаатарын улаан морьтой цуг явсан. Нэгэн үе Ганбаатарын улаан морьтой цуг уралдаж, цуг уядаг байлаа. Сунгаан дээр улаанаас үл ялиг гарахыг харсан улс ямарсайндаа улаан морины уяа орохгүй байна уу, Соён хээр хурдан болоод байна уу гэж ярьж байхав. Даанч сунгаан дээр хурдан байсан ч баяр дээрээ халтирч унаад хоцорчихсон юм. Их хурдаас ирчихээд сарын дараа Тэсийн ойд хоёулаа хөлөөрөө очиж уралдахад манай хээр морь 18, улаан морь 19 дээр ирсэн. Их морь болоод улаан морьтой нэг их уралдаагүй ээ. Миний мэдэхийн сумандаа нэг уралдаад улаан морь түрүүлж, хээр аман хүзүүдэж байлаа.
-Тийм халтирахаар байсан юм уу?
-Жаахан эвгүйтээд уначихсан юм. Тэгээгүй бол улаан морь дөрөвлөсөн юм чинь дархан тавтай л байх байсан болов уу. Дараа нь 1999 онд Ховдын баяр дээр бас хөл рүү нь яс шаачихсан. Жаахан хэл ам байсан шиг байгаа юм. Бас л хурдан байсан ч хог асгаад түрээд зайлуулчихсан зам руу орчихсон. Тэр үед бараг 700-гаад морь уралдаж байлаа.
-Та унаж байв уу?
-Тиймээ. Доголоод зогсчихоор нь хөлийг нь үзсэн ямар нэг юм мэдэгдсэнгүй. Тэгэхээр нь жаахан хөтөлж гүйж байгаад мордохоор л давхихаа байчихаад байсан. Барианд найм, есөн км дутуу байхад доголоод 105 дээр ирсэн. Түүний дараа 2000 онд Баруунтурууныхаа баярт тасархай түрүүлж, Баянтэсийн даншигт 19-өөр давхисан. Даанч 2001 оны хавар Урианхай руу 38 ижил адуутай нь алдсан.
-Араас нь хөөцөлдөөгүй юм уу?
-Аав сар гаруй яваад баралгүй хоёр гурван гүү, бага голдуу долоон адуу л олж ирсэн. Хээр морийг мэддэг болохоороо нааш цааш нь болгоод үзүүлэхгүй нуучихсан юм шиг байна лээ. Тэгээд дараа жил нь Тувагийн баярт түрүүлсэн гэж дуулдсан. Наана нь Хандгайтын баяраар их тарган ирчихсэн, есөд давхисан гэдэг. Даанч тэр үед хичнээн гүйгээд л буцааж авч чадаагүй юм даа.
-Ах дүү нараас нь байгаагүй юу?
-Нэг шар хээр морь байсан нь соёолон хүртлээ давхисан. Харамсалтай нь соёолондоо машины угааранд цохиулаад уралдахаа байсан. Манай сумын эхний 7-8 соёолон ингэж угааранд цохиулсан юм.
-Сангийн улаан морины дараа Соён хээрээр наадсан юм уу?
-Улаан морь хөгшрөөд л хээр морь гарсан. Түүнээс өмнөхийг мэдэхгүй юм. Намайг морь унаж эхлэхэд улаан морь хөгширч, хээрийг залган унаж байлаа. Манай аав чинь ах дүү гурвуулаа. Бүгд л адуу мал гэж явдаг улс байсан.
-Сундуй гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?
- Дөрвөн залуу, таван охинтой. Дөрвөн залуугийн бага нь би.  Одоо ахынх нь  хүүхэд Мишиг гэж хурдан хээр морьтой, аймгийн Алдарт уяач байна. Аав, аавын дүү Цэрэв бас аймгийн Алдарт уяач цолтой. Дүү нь  Завхан аймгийн Баянтэсийн даншигт шүдлэн үрээ түрүүлгэж, аймгийн 90 жилд соёолон үрээ түрүүлгэсэн хурдтай хүн байсан. Одоо  хоёр хүү нь аймгийн Алдарт уяачид. Аав бараг Баруунтурууны анхны аймгийн Алдарт байх шүү. Тэгэхэр Бор гэж хүн бас авсан. Энэ хоёрын нэг л анхны цолтнууд болох юм.
-Соён гэдэг нэр нь ямар учиртай юм бэ?
-Шүдлэн үрээндээ орооцолдож унаад намаржин доголон байсан юм. Тэгээд Соён нэр өгчихсөн.
-Ямархуу давхилтай морь байсан бэ?
-Нэг их учиргүй агсамнаад, үсэрч харайгаад аваад нисчихгүй. Гэхдээ аюултай зоригтой, зүрх гэж бэрх шүү дээ. Буудаад гуд дараад л давхина. Уяан дээрээ их ануухан. Баяр наадамд очоод морь эргэхийн чигт зуузай дараад ухасхийдэг. Их хүнд уяа даадаг байсан байхаа. Намар нь уячихаад, өвөл нь гүйлгэчихээд, цагаан сараар ганц нэг унана. Аав хавар нь их унуулдаг байсан.Тэгээд тавиад ногоогоор нэг их гүйлгэхгүй. Тэр үед улсын баяр, тэгээд нэг, хоёр ойд уралдвал уралдана. Жилд хоёр юм уу, гурав л уралддаг байлаа шүү дээ. Тэгээд сумынхаа баяраас 20 хэдэн хоногийн өмнө барьж уяна. Хаа нэг өнжөөгөөд өдөрт нь үсэргэнэ. Өнжөөсөн үедээ угаана. Их л угаадаг байсан. Хүйтэн ус, хар цай чанаж байгаад л угааж нимгэлнэ, нэг их хөлс авдаггүй. Ер нь нэмнээ тавьж хөлс авч байгаагүй байхаа. Үсэргэнэ, өдрөөс өдөрт км-ээ холтгосоор, холтгосоор сунгаа гэхэд 18-19, 20 хүргэж сунгадаг байсан. 24-25 хоног уялаа гэхэд таван өдөрт өнжинө биз, 20 өдөр үсэргэнэ. 20 өдрийн 10 өдөрт нь 5,6-гаас эхлээд 10 хүргээд, сүүлийн 10 өдөрт 10-15-ын хооронд байнга үсэргэнэ. Тэгээд сунгаа хийнэ гэхээр чинь 18-20-ын хооронд сунгана. Тэгээд уралдана, уралдахаараа 26, 28 хүрнэ.
-Дахин сэв суугаагүй гэхээр хөлийг нь их сайн эмчилж дээ?
-Тиймээ, дахиж доголоогүй. Манай аав чинь адуу мал хатгадаг. Гэмтэж бэртсэн хүний ясыг бариад эмчилчихдэг байсан юм.
-Тэр үед төрийн наадамд их морь 28 км-т уралддаг байсан. Орон нутагт ч адилхан л байсан болов уу?
-2000 оны Баруунтурууны баярт замбараагүй хол түрүүлсэн байдаг юм. Би мориноос халагдаад өөр хүүхэд унуулсан юм. Тэгэхэд Засаг дарга, алсаасаа өгсүүр 24 км газрыг хээр морь 26 минутанд туулж ирлээ гэж ярьж байсан юм. Хээр морь бараг 2 км хол түрүүлсэн байхаа. Ямартаа л хүүхэд нь учраа олохоо больчихсон, мориндоо хөтлөгдчихсөн явж байсан. Хурд нь ороод ирэхээрээ их долгион болно, тэгээд хоёр дахь баяраасаа турна, их нимгэрнэ. Тэгээд үс нь гандаад шарангуй болж ирнэ. Намрын зургууд дэрээ бор хээр зүстэй гарсан нь олон байдаг. Уягдсаар, уягдсаар үс нь гандаад шар хээр зүстэй болдог. Ингэж шарлаж гандаад ирэхээр нь одоо л дөхөж байна даа гэж хардаг байлаа. Их л хатуу уяатай морь байжээ. Одоо шиг овъёос, эм тариа хэрэглэхгүй. Ядахдаа ачих ч явахгүй, шувт хөлөөрөө л явна. Их хурд руу чинь замдаа амраад 22,23 хонож очсон. Ирэхдээ 10 л хоносон.
-Ийм сайхан хурдан хурц хүлгээ алдчихаад урам их хугарсан байх даа. Түүнээс хойш Сундуй гуайн нэрийг гаргасан ямар, ямар хурдан буянгууд гарав?
-Тэгэлгүй яахав, нэг үе сэтгэл гундуухан байсан. Түүнээс хойш аав Зүүнговиос Шөмбөө гэж хүний адуунаас хүрэн үрээ авч азарга тавьсан. Бас алдсан адуунаас хүрэн халзан морь эргэж ирсэн. Тэр үед би мориноос хасагдаж таарсан. Аавын ч нас явж би бие даан морь уях тал руугаа орсон. Аав маань 2006 онд бурхан болсон. Одоо хээр морины охин талын төлүүдээс 3-4 дэх үе нь хурдалсаар л байна.
-Уяаны эрдмээ үзүүлж, аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулж чадсан уу?
-Тэгэлгүй яахав. Нутаг орондоо айраг түрүүтэй наадаж байгааг минь хараад их баярладаг байлаа. Өнөө авсан хүрэн азаргыг нь хязааланд авчирч сумандаа айрагдуулаад, соёолондоо дахин айрагдаж, хавчиг азарга сумандаа түрүүлгэчихээд, 2005 оны аймгийн даншигт тавласан юм. Тэр хүрэн азарга 2001, 2002, 2003 онд аавын нэр дээр уралддаг байсан юм.
2005 оны Шарбүрдэд хүрэн азарганаас гадна хүрэн үрээтэй очсон нь 22 дээр ирсэн. Дараа жил нь Өндөрхангайн ХанХөхийн тахилгад хязаалан 13-аар, хоёр дахь тахилгат хонгор морь долоод ирсэн. 2011 оны баруун бүсэд гурван морьтой очоод, хязаалан үрээ 18-аар, бусад нь хойгуур 50 гаргаж давхисан. Тэр жил Зүүнговийн Өргөн ширэгт болсон арван баядын баярт аавын дүүгийн хүүхдийн шүдлэн үрээ, миний хязаалан, соёолон үрээ гурвуулаа түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн. Их морь долоо, даага есөөр давхиулсан.
-Жишээлбэл, 2005 оны баруун бүсийн айраг хэний нэр дээр байдаг вэ?
-2005 оны даншигт миний нэрээр мордож, ахын нэрэн дээр ирээд, аавын нэрээр цоллогдсон. Харин номонд орохдоо Завхан аймгийн Тэс сумын Шагдарсүрэнгийн азарга гээд оруулчихсан байна лээ. Шагдарсүрэн нь манай ах л даа. Энэ хүрэн азарганы төлүүд одоо ч сайн давхиж байна. Тойргийнхоо сумдын ойд айраг түрүүгээр хурдалдаг юм. Сумандаа уржнангийн урд жил их морь аман хүзүү, уржнан их морь айрагдуулаад, ноднин их морь нэг, хоёроор давхиулсан. Бага морьд нь ч гэсэн давхиж байгаа. Сумын баярт их морь нэг, хоёроор давхина гэдэг амжилт шүү. Сүүлд соёолон бор үрээ Зүүнговьд болсон аймгийн зүүн бүсэд тавлуулчихаад ирлээ. Бас хээр морины охин талаасаа гурав дахь цусан дээрээ явж байгаа даага долоогоор давхилаа. Энэ хавар энд гурав дээр нэг давхиад, нэг түрүүлчихээд, сая Зүүнговийн баярт очоод долоолчихож байгаа юм. Нөгөө бор үрээг нь манай хүргэн ах авчирч өгсөн юм. Бандгай Ганхуягийн Дүүгүүр саарлынх нь цустай гэж хэлсэн. Ноднин гурав айрагдаж, энэ жил Завхан аймгийн Тэсийн бүсэд аман хүзүүдээд, Увс аймгийнхаа төвийн бүсэд азарганд мордуулаад жаахан уяаны алдаа болсон уу, тойрог тойроод явахгүй болохоор нь татуулчихсан.
-Соён хээрийн амжилтыг эвдэх морь гарч байна уу?
-Манайд цус байна. Гэхдээ хээр шиг ойгүй хурдан адуу гарахгүй л байна. Нэг бор хээр нэг хязаалан бий, хээртэй нэлээн төстэй. Соён хээр чинь биерхүү, сэрвээ их өндөртэй, ясархуу, чих, толгой сайтай, ташаан толгой нь тийм том биш, дөрвөн хөл тэгш морь байсан. Азарга шиг дэлтэйгээ явнаа. Их хурдад очиход нь олон хүн азарга юм уу гэж асууж байсан.  Энэ хязаалан хийц нь арай нимгэндүү харагдаад байгаа юм. Одоогоор  сайн уяж чадахгүй л байна. Даагандаа суманд түрүүлчихээд, Зүүнговьд очиж түрүүлсэн. Ноднин шүдлэн үрээ Өндөрхангайн нэг баяр дээр аман хүзүүдчихээд, манай Зүүнтурууны “Унаган хурд” галын баярт очоод арай дутуу эргүүлж өгөөд хол түрүүлсэн. Ирчихээд гэдэс нь дүүрээд байхаар нь тэр чигтээ уяагүй. Энэ жил тэжээл ч гэсэнгүй, байгалиар нь орууллаа. Удахгүй болох даншигт уяад үздэг юм уу гэж бодож байна. Түрүүн ярьсан хээр даага бас овоо дөхүү санагдаад байгаа юм.  
Нэгэн үе энд Гангаа улаан, Соён хээр, Омбын хул, Буяагийн хээр, Цэрвээгийн хул, Мишигийн хээр гэж цуутай хурдан хүлгүүд их хурдалж байсансан. Эдний дайны морь төрөхгүй л байна. Энэ аварга морьд байхад очсон сумандаа түрүүлж, айрагддаг байлаа. Одоо чинь сумандаа түрүүлчихээд, аймагт очоод түрүүлдэг морь ховор болж. Нэг ойд түрүүлсэн бол дараагийн ойд нь байхгүй ч болчих жишээтэй. Гэхдээ цаг ч  өөр болоод хоол унд ч өөрчлөгдөөд нөлөөлж байгаа юм болов уу. Баруунтурууны адуу  нэг хэсэг хурдан байгаад дараа нь жаахан саараад, эргээд сайжирч байх шиг байна.
-Та хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-2003 онд сумын Алдарт уяач болсон. Тойргийнхоо бүх сумын ойд морь түрүүлгэж, айрагдуулсан амжилтаараа сумандаа данстай уяач болсон. Зүүнговьд гэхэд даага түрүүлгэж, соёолон үрээ тавлуулж, хязаалан үрээ дөрвөөр давхиулсан. Тэсийн Шар хөдөөгийн баярт хоёр шүдлэн үрээ дөрөв, таваар  орууллаа. Аймгийн баяраар нэг жил очоод хоёр соёолон найм, арваар, нэг хязаалан арав дээр ирсэн. Морь давхиж байна. Нас залуу байна. Цаг хугацаа нь болоод амжилт нь хүрэхээрээ аймгийн Алдарт болно доо.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Амжилт дүүрэн наадаж аймаг цаашлаад улсын Алдарт болоорой.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.