Төв аймгийн Баянцагаан сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 14 -нд

Төв аймаг эх орныхоо төв хэсэгт оршдог, газар нутгийн байрлалын хувьд онцлогтой аймаг юм. Иймээс улсын их наадамд энэ аймгаас маш олон морь оролцон уралддаг учраас их наадмын айраг, түрүүний ихэнхийг авдаг байна. Ерөөс Төв аймаг нэрт хурдан морь, хашир уяачдаараа улс даяар алдартай билээ. Үүн дотроос Баянцагаан сум тэргүүн нь юм. Бүрэн бус мэдээгээр Баянцагаан сумаас ХХ зууныг дуустал улсын баяр наадамд 46 морь түрүүлж, 179 морь /давхардсан тоогоор/ айрагджээ.
Өвгөний Батбуян:  Батбуянгийн эцэг Цэгмид гэгч сайн уяач байжээ. Энэ хүнийг нутгийн ах дүү нар цөм “Өвгөн лам” гэж нэрлэж байсны учраас хүү нь Өвгөний Батбуян гэж алдаршжээ. Цэгмид өөрөө хурдан морь сайн таньдаг хүн байсан байна. Тэрээр ойролцоо нутгийн Чимэдлхайжав, Гомбосүрэн нарын хүсэлтээр Галшараас хоёр даага шинжин авч өгчээ.
Цэгмид:
-Бор даага бага насандаа хурдална. Хар нь том болоод хурдална гэсэн байна. Чимэдлхайжавын авсан бор даага өсөх насандаа үнэхээр сайн хурдалж, Төв аймгийн урд талын сумдын наадамд хэд хэд түрүүлжээ. Түүнийг соёолон нас хүрмэгц тэр нутгийн хурдан морь их үнэлж авдаг атлаа уяж хурдлуулдаггүй Сосор гэгч авчээ. Хар нь бага насандаа гавихгүй байснаа их насанд нийлэнгүүтээ хурдалж “Аягачийн хар” гэдэг нэрт хурдан морь болжээ.
Цэгмид өвгөн хүүгээ хурдан азаргатай болгож өгнө гэж Галшарын Дагмидынхаас хөхтэй хонгор халзан үрээ авч өгчээ. Энэ үрээг Баянцагааны Өлзий гэдэг өвгөн уяач цуг явж авалцсан юм гэдэг. Энэ нь Батбуянгийн хонгор халзан гэж улсад алдаршсан хурдан азарга болжээ. Энэ азарга улсын наадамд гурав түрүүлж, нэг айрагдаж, аймаг, сумдын наадамд олон түрүүлжээ. Үүний үр зэгэл хонгор азарга улсын наадамд 1934 онд соёолондоо түрүүлээд, 1936 онд долоон настайдаа мөн түрүүлээд наадмаас буцаж явахдаа өвчин олоод төрсөн нутаг Зогсоолдоо очиж үхжээ. Энэ азаргыг уяачид туулай шиг дэгдэж харайдаг, эцгээсээ хурдан болох төлөвтэй азарга байсан гэж ярилцдаг.
Батбуянгийн Чөтгөр зээрд /нэг түрүүлсэн/, Бундуут ухаа, Бэдэрт саарал, Гүзээ хонгор, Үүт ухаа, Монхор хонгор, Нохой буурал гэх мэт хэдэн морьд нь том, жижиг насандаа улсын наадамд түрүүлээгүй боловч олон айрагдацгаасан байна.
Баяр: Баяр гэдэг хүн өөрийнхөө морийг уяхын хамт дээрх Батбуянгийн морийг  уядаг байжээ. 1931 оны зун заншил ёсоор Батбуянгийн морьдыг уяж улсын наадамд хонгор халзан азаргыг нь түрүүлгэжээ. Тэр наадмын дараа Төв аймгийн наадам хийх болоход Баяр бүх морийг нь давхар уяжээ. Гэтэл хонгор халзан азарга нь огт хурдлахгүй байж. Уяачид түүнийг хэтэрсэн гэж дүгнэж байв. Баяр түүнийг наадмаас хоёр хоногийн өмнө уяж хоноод сайн хөлсөлжээ. Хүмүүс “Хэтэрсэн юмыг бүр хэтрүүлсэн” гэж ярилцжээ. Гэтэл нөгөөдөр нь болсон наадамд хонгор халзан азарга түрүүлжээ.
14 настайгаас эхлэн 72 нас хүртлээ 60 шахам жил морь уясан Баярын нэр тэр явдлаас хойш олон түмний дотор хүндлэгдэн яригдах болсон юм. Баяр уралдааны морь унасан хүүхдэдээ “Тэдний тийм азарга чамайг тэнд гүйцнэ, тэнд чамаас хоцорно, чиний азарга тэнд төдөд явна, барианд төдөд ирнэ, түрүүлэхийн тулд тэгэх хэрэгтэй” гэж бараг л хэлдэг байсан гэдэг. Үүнээс үзэхэд азарга уях сойх талаар гойд мэргэшсэн байсан нь тодорхой. Баярын саарлууд гэж нэрд гарсан саарал адуунууд бол Батбуянгийн адууны угсаа биш, Өлзий өвгөний хул азарганы үр сад билээ. Баярын их, бага хар, их саарал, Галзуу саарал, Мөлүү саарал, Босоо саарал зэрэг азарганууд болон хээр, хөх саарал мэтийн их насны морьд нь бүрэн биш мэдээгээр Ардын хувьсгалын 12, 25, 28, 30 жилийн ойгоор том, жижиг насандаа нийт нэг удаа түрүүлж, есөн удаа айрагджээ. Тэднээс гадна 1949 онд Ардын хувьсгалын 28 жилийн ойгоор соёолонд түрүүлсэн Гончигжавын хээр, хойтон жил нь шүдлэнд түрүүлсэн Дундговь аймгийн Дэрэн сумын Гармаагийн сараал хоёр бол Баярын унаган адуунууд юм.
Өлзий өвгөн: Баярын саарлуудын өвөг удам нь Өлзий өвгөний хул гэж дээр өгүүлсэн. Энэ азарганы өвөг удам нь Галшарын адуутай огт хамаагүй хуучин Боржигон цэцэн вангийн хошууны Баастын ногоон гэдэг азарга юм. Өлзий өвгөний хул азарга 1930-аад оны үед их хурдалж, улсын их наадамд хоёр түрүүлж /ам мэдээгээр/, хоёр аман хүзүүдэж, хэд хэд айрагдсан байна. Өлзий өвгөн гэгч их өндөр насалсан, орон нутагтаа асар их нэр хүндтэй буянтай буурал байсан агаад энэ хул азарга бол түүний хамгийн сүүлд уяж хурдлуулж байсан хүлэг нь ажээ. Өлзий өвгөний хул азарга өөрөө хурднаас гадна Баярын саарал, Тэрбишийн хул, Балдангийн хул зэрэг улс, аймгийн наадмын айраг, түрүүний хэдэн сайн азарга төрүүлж өгсөн юм. Эдний адууны угшил одоо ч Баянцагаанд бий.
Нэрэнжимээ: Баянцагаан сумын Нэрэнжимээ гэдэг хүний нэр Халхын сайн уяачдын нэрсийн дотор зүй ёсоор орно. Энэ хүн Цагаан уулын наадамд /энэ бол Дундговь, Төв, Хэнтий, Дорноговь аймгийн шилмэл хурдан морьд уралддаг том наадам байсан юм/ гурван түрүү авч байжээ. Нэрэнжимээгийн Төмөр шилбүүр, түүний дүү хавчиг хээр бол улсын нэрт хурдан азарганууд юм. Эдний адуу гойд сайн хурдан төл гаргадаг нь онцлогтой. Төв аймгийн Баянцагаан сумын хурдыг гурван эхтэй гэж үзэж болно. Энэ нь Батбуянгийн хонгор халзан, Өлзий өвгөний хул, Нэрэнжимээгийн Төмөр шилбүүр гурав юм. Нэрэнжимээгийнхээс чухамдаа улсын наадамд айрагдаж, түрүүлсэн нь үгүй боловч эдний адууны үр сад олон тийшээ салбарлан ихэд хурдалж байсан байна. Жишээ нь, тус сумын уяач Гомбодорж, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Дашдоо нарын хурдан адуу нь эдний адууны удам угсаа юм.
Гомбодорж: Энэ хүн 1936 онд Жононгийн хонгор гэдэг морийг худалдаж аваад Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор дөрөвт айрагдуулснаар наадмаа эхэлжээ. Эдний шар хээр, Бүлтэн, Арвай гэдэг азарганууд болон хар хээр, хонгор үрээнүүд нь Ардын хувьсгалын 15, 16, 17, 28, 30, 32, 33, 38 жилийн ойгоор амжилттай уралдаж хоёр түрүүлж, долоо айрагджээ.
Батбаяр: Энэ өвгөн уяачийг нутгийнхан нь бага насны хурдан адууг сайн таньдаг гэж ярилцдаг байлаа. Батбаяр гуай хуучин Боржигоны хүн бөгөөд эднийд даншгийн наадамд хоёр, Боржигон цэцэн вангийн наадамд хэд хэд түрүүлсэн Түмний эх бор, хошууныхаа наадамд хоёр түрүүлсэн хээр, Эрээн хамарт зэрэг азарганууд болон хошуу наадамд нэг түрүүлсэн хүрэн морь, улсын наадамд нэг түрүүлж, Баянцагааны наадамд хоёр түрүүлсэн хээр морь /Майдарын хээр/ зэрэг хурдан хүлгүүд байсан байна.
Мөн 1920 хэдэн онд улсын наадамд хэд хэд айрагдсан Данигайн зээрд азарга бол Дагдан гэгчээр дамжин Батбаярынхаас тэднийд очсон юм. Энэ зээрдийн угсаа Данигайн Гомбосүрэнгийн хээр азарга 1954 онд Ардын хувьсгалын 38 жилийн ойгоор улсын наадамд түрүүлсэн юм.
Ганжуур, Зэвэг. Баянцагааны “Аягач” хэмээх Гомбосүрэн эрт үеийн нэрт уяач төдийгүй өөрийн хойчийг залгамжлах хоёр сайн уяачийг дагуулж сургасан нь Дэлгэрийн Ганжуур, “Тасга” хэмээх Зэвэг нар ажээ. “Тасга” хэмээх Зэвэгийн харлаг азарга, хүрэн морь хоёрыг Төв аймгийн урд талаар мэдэхгүй уяач байгаагүй. Энэ хүн улсын наадамд гурван морь айрагдуулж байсны зэрэгцээ Төв аймгийн наадамд хүрэн морь нь хоёр түрүүлсэн юм. Дэлгэрийн Ганжуурын хар хээр морь соёолон насандаа Ардын хувьсгалын 27 жилийн ойгоор түрүүлээд, хэдэн жилийн дараа 43 жилийн ойгоор мөн улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Бас Ардын хувьсгалын 27 жилийн ойгоор улаан бор даага нь тавд давхиж, 54 жилийн ойгоор хээр хязаалан нь түрүүлж байжээ. Баянцагаан сумаас улсын наадамд олон морь айрагдуулж байсан Дугарсүрэн, Базар нарын зэрэг олон хүн Ганжуур гуайн шавь юм. Мөн Ганжуурын Сундуй бол сүүл үеийн сайн уяач юм. Тэр Хэнтий аймгийн Дархан сумын Лувсандугарын шарга морийг нэрд гараагүй байхад нь таньж аваад улсын наадамд хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан байна. Эднийхэн ийм гурван үеийн нэрт уяачид юмаа.
Дашням: Баянцагааны Дашням гуай бол улсын нэрт уяач хүн. Энэ хүний нэр 1940 хэдэн оны үеэс эхлэн наадмын морин уралдааны дансанд гарч ирж байна.
Дашням гуайн эхэлж уясан нь ухаа морь юм. Энэ нь хуучин Боржигон цэцэн вангийн Ловон жасын унаган, ланзан хас тамгатай, дунд зэргийн нуруутай, тэг дөрвөлжин хэвтэй, ухаа зээрд морь байсан бөгөөд шүдлэнгээсээ эхэлж уягдаж аймаг нийтийн чанартай том наадамд дөрөв айрагдсан ажээ. Мөн эдний саарал морь даагандаа эмнэг өсөөд шүдлэнд нь сургаад уяхад аймгийн наадамд уралдаж яваад үлийд ойчоод аман хүзүүджээ. Түүний хойд жил буюу 1947 онд Ардын хувьсгалын 26 жилийн ойн их баяр наадамд түрүүлжээ. Мөн хойтон жил нь соёолондоо улсын наадамд аман хүзүүджээ. Долоон настайд нь уяхад сунгаанд уралдаж ирээд хөрвөөсөн боловч босчээ. Гэвч дахин уралдаж болохооргүй эмгэгтсэн байна. Энэ морь улсын наадамд ердөө хоёрхон удаа уралдахдаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, сумын наадамд хэд түрүүлсэн их хурдан морь юм.
Саарал морийг хязааландаа түрүүлсэн өдөр шүдлэндээ дөрөвт давхиж байсан тэдний бас нэг хөх зэгэл үрээ хязааландаа говь руу зарагдаж гараад Дундговь аймагт олон удаа айраг, түрүү авч Балганы хөх цавьдар нэртэй болсон аж.
Дашням гуай дал гарсан хойноо Хэнтий аймгийн Галшар сумын Насан-Очироос нэгэн хээр үрээг өөрөө очиж хөтөлж ирээд азарга тавьсан нь Олигор нэртэй их хурдан азарга болж улсын наадамд гурав айрагдсан юм. Төв, Дундговь аймгийн зааг нутгаар энэ хээр азарганы удам олон хурдан хүлэг бий.
Дашням гуайн сүүл үед уяж байсан их насны морь нь Салхин зээрд юм. Салхин зээрд улсын наадамд шүдлэндээ түрүүлж, хязаалан, соёолондоо айрагдаад, том болсон хойноо бас нэг айрагдсан сайн ч, сайхан ч морь байлаа, хөөрхий.
Ер нь Дашням гуай улсын наадамд хоёр түрүү, 12 айраг авсан юм.
Банзрагчийн ухаа: 1956 оны хавар Өвгөний Батбуянгаас гадаадад гарах агтанд худалдсан сартай ухаа хязаалан олон агтны дунд орон алс өмнө зүг харь орныг чиглэн оджээ. Энэ үед түүнийг хэн ч анзаарсангүй. Харин хэдэн сарын дараа нар, ногооны илч, шим татрахын эхэн үеийн нэгэн өглөө адуу цуглуулж явсан хүн эмээл хазаарын ором үгүй атлаа хатсан хөлс биед нь дарайсан, ядарч цуцсан шинжтэй ухаа үрээ шөнө адуунд нь ирж хоносныг үзээд Батбуянгийнхаас агтанд өгсөн хязаалан үрээ мөн гэж таньжээ. Ийм балчир насандаа олон хоногийн дараа алс газраас нутагтаа ирсэн үрээг тэр нутгийн хүмүүс гайхан бахархаж байжээ. Энэ үед түүний унаган эзэн Батбуян нь нэгэнт морь уяхаа больсон байсан учир ухаа үрээ Тавхай гэдэг хүний гараар нэг ороод дараа нь энэ Банзрагчид иржээ. Ухаа морины уралдааны дүнгээс үзвэл соёолондоо Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд түрүүлж, Баянцагаандаа аравт орж, хавчиг соёолон насандаа Ардын хувьсгалын 37 жилийн ойгоор Галын хүрний дараа аман хүзүүдэж, долоо, найман насандаа сумандаа уралдаж, есөн насандаа Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор улсын наадамд анх удаа түрүүлж, арван насандаа улсын наадамд дөрөвт давхиж, дараа хоёр жил нь сумандаа уралдаж, 13 насандаа улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, 14 насандаа улсын наадамд гурав дахь удаагаа түрүүлээд, сумандаа аман хүзүүдээд, 15 насандаа сумандаа түрүүлээд, 18 насандаа улсын наадамд дөрөвт давхиад, 19 насандаа улсын наадамд гуравт давхиад, 20 насандаа мөн улсын наадамд аман хүзүүджээ.
Банзрагчийн ногоон саарал гэж нэршсэн азарга даагандаа тэлээ буюу хоёр эх хөхдөг байжээ. Даага, шүдлэн, хязаалан гуравтаа Баянцагаандаа түрүүлж, том болсон  хойноо Баянцагаанд нэг түрүүлж, хэд хэд айрагдаж, улсын наадамд дөрөв айрагдсан юм. Энэ саарал азарга уул нь Батбаярын Түмний эх гэдэг бор азарганы холын удам, 1933 онд улсад айрагдаж байсан Тасгын Зэвэгийн харлаг азарганы үрийн үр юм. Банзрагчийнд энэ хоёроос өмнө хурдан улаан хээр азарга байсан бөгөөд тэр нь улсын наадамд хэдэн удаа айрагдсан билээ. Уяач Банзрагч Дашням гуайг дагаж морь уяж сурсан хүн юм.
Тожил: Баянцагааны нэрт уяач Баярын морь уях эрдмийг өвлөн авсан хүн нь тэдний хүргэн Тожил юм. 1960-аад оны дунд, сүүл үеэр эдний хүрэн азарга ихээхэн алдаршиж байлаа. Тожил ер нь азаргыг гойд сайн уядгаараа нэрд гарсан хүн. Энэ хүн  улсын наадмаас хоёр түрүү, гурван айраг авчээ.
Данзанням. Мөнхийн хоёр хүүгийн том нь улсын Алдарт уяач цолыг анх хүртсэн хүмүүсийн нэг Данзанням, бага нь улсын аварга малчин цолыг 1989 онд хүртсэн Даш юм. Ах дүү хоёулаа уяач улс. Мөнхийн Дашийн халиун азарга улсын наадамд хоёр удаа айрагдаж байлаа. Данзанням гуай сумандаа олон жил морь уяж айраг, түрүү авч ханаад, далаад оноос улсын наадамд ирж уралдах болсон юм. Тэгээд арав гаруйхан жилд улсын Алдарт уяачийн болзлыг хангасан нь ховор сайхан амжилт. Данзанням гуайн нэг нандин чанар бол малд, тэр тусмаа адуунд үнэхээр хайртайд оршино.
Нэг удаа мориноосоо ойчоод гаансныхаа цагаан соруулыг хугалчихжээ. Хамт явсан хүн нь морийг нь дугтрахад өвгөн уяач унасан морио өмөөрч, өөрийгөө буруутгаж нөхрөө зэмлэн тун ч хатуу үг хэлж байсан гэдэг. Данзанням гуайн хурдан хээр морь бол миний үзсэн хамгийн сайхан морь юмаа. Данзанням гуай улсын наадмын дөрвөн түрүү, зургаан айргийг авсан юм.
Даваахүү: Дээр өгүүлсэн Данзанням гуайн хүү Даваахүү аавынхаа морь уях эрдмийг өвлөн авч Улаанбаатар хотын Туслах нийгэмлэгийн морьдыг уяж, улсын наадмын 11 түрүү, 25 айргийг авч Алдарт уяач цолыг аавынхаа хамт хүртсэн юм.
Энэ нутагт дээрх нэр бүхий хүмүүсээс гадна Готовжунай, Данигай, Жамбын Тэрбиш, Тэнүүн, Гомбосүрэн, Баянжаргал, Чойсүрэн зэрэг нэрт уяачид байсан байна.

А.Баярмагнай

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.