Сумын Алдарт уяач Х.Батбаяр: Шүдлэнгийн бооцоотой уралдаанд түрүүлж 7 адуу авч байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 14 -нд

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, сумын Алдарт уяач Х.Батбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сайн байна уу. Түвшин сайхан нутгийнхаа хаагуур нутаглаж байна даа?
Сайн. Сайн байна уу. Манайх сумын зүүн урд тал руу Цагаан овоо, Өлзийт хавиар нутагладаг юм. Манай сум аймгаасаа баруун зүгт 135 км-т оршдог. Дөрвөн сумын зааг нутаг учраас тал талаасаа хурдан адуу нь цугларсан сайхан нутаг. Тиймээс манай нутгаас хурдан адуу ийш тийш зарагдаад очсон газар бүртээ сайн хурдалж байна. 
-Хурд цугласан гурван сумын зааг нутагт тааваараа амьдран суухдаа хэр олон хурдтай болов? Дээдсийн буян ч өвлөгдөж ирээ болов уу?
Дээдсийн буян байлгүй яахав ээ. Манай өвгөн эцэг Чоймчиг гэдэг хүнээс эхлээд аавтайгаа гурван үеэрээ морь уяж байгаа улсаа бид. Дээдсийн үлдээсэн унаган адуутай. Өвгөн аавынхаа амжилтыг би сайн мэдэхгүй юмаа. Ямар ч байсан Алтан овооны наадамд хурдан хүлгийнхээ тоосоо өргөж байсан, улсын наадамд очиж барилдаж байсан бас бөх хүн. Алтан овооны наадамд 3 түрүүлж, өвөрлөгч хошууны наадамд 8 түрүүлсэн гэдэг. Тэгээд барилдахаа болиод морь уяж эхэлсэн, аймгийн 10 жилд их насны хар морь дөрөвд оруулж байсан юм билээ. Аавын хоёр ах амьд сэрүүн байдаг, тэд өвөөгийн талаар ийн хуучилдаг юм.
-Өвөө тань найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, уралдаанд гурван айрагтай хүн байж дээ. Аавын тань хувьд?
Аавтайгаа Уулбаян, Баяндэлгэр гээд  энэ тэнд яваагүй газар байхгүй. Аав нэгдлийн малтай байсан болохоор аймгаасаа гарч уралдаж байгаагүй. Би аавыгаа дагаж л морь уядаг болсон юм. 1989 онд 8 дугаар анги төгсөөд аавтайгаа морь уяж эхэлснээс хойш хорин хэдэн жил өнгөрчээ. Миний хадам аав аймгийн алдарт уяач Дамдинсүрэн гэдэг хүн бий. Мөн Монгол улсын алдарт уяач Жамбалын Шуну гэдэг хүн хадам ээжийн төрсөн ах байгаа юм. Тийм болохоор олон сайн уяачдаас чамгүй эрдэм сурсан даа. Мал хунартай болохоор тэдэнтэй нийлээд уяж чадахгүй, алдартуудынхаа хийж байсан ажлыг тооцоолоод өөрөө уядаг даа. Асууж зөвлөх юм байвал нутгийн сайхан буурал хөгшчүүлээсээ асууна.
 -Таны хувьд ямар насны морь уяж, сумын Алдарт цолонд хүрэв? Ер нь ямар насны морийг гаргаахгүй уяж байна вэ?
Би зургаан насны морь уяж байгаа. Хар морь, шарга соёолон, шарга хязаалан, цоохор азарга сайн давхиж байна. Үүн дотроо азарга уяж давхиулахдаа гайгүй, даага ч бас гайгүй уралдуулаад байдаг юм. 2012 онд Түвшинширээ сумын 80 жилийн ойгоор 6 түрүү 27 айргаар Сумын Алдарт уяач цолоо авсан. Энэ жил 3 сарын 24-нд болсон Дорноговь аймгийн төвийн бүсэд их насны хар морь дөрөвт орууллаа. Одоогоор ийм л амжилттай байна.
-Дорноговийн өвлийн уралдаанд айрагдсан хар морины угшил удам нь юу байна?
Эцэг тал нь миний унаган адуу. Уулбаян сумын Ланзадын хээр гэдэг угшилтай, бүр дээд тал нь далиу ногоон гээд их дээр үеийн угшил яригдах юм билээ. Хүүхэн шүүлэнгийн хээртэй нэг үед гарч ирсэн хурдан адуу гэдэг. Эх тал нь хадам ах Чойдорж миний хүүд бэлгэнд өгсөн гүү байгаа юм. Цоохор азаргаа бол найз Лхагвасүрэнгийн Билэгтбаатараас 2003 онд хязаалан үрээ авч байсан. Гүүнүүд голдуу өөрийн адууны гүүнүүд байдаг. Хадам ах, аав нарын өгсөн гүү бий. Азаргаа хооронд нь сольж, гүүнүүдийн удам угшилыг холдуулж тавьдаг. 
-Үүнээс хамгийн олон айраг, түрүү авсан ямар хурдан хүлэг байна вэ?
Шарга хязаалан үрээ бий. Хусран дааганаасаа эхлээд 5 айрагдаад байна. Манай өөрийн унаган адууны төл байгаа юм.
-Гаднаас хурдан адуу таньж аваад уралдах нэг өөр, өөрийн унаган адуугаа хурдлуулна гэдэг бүр ч илүү сайхан хэрэг байх даа?
Морь гэдэг өөрийнх нь юм болохоороо худалдаж авсан ч бай өөрийнхөөс ялгаагүй болчихдог юм. Нэг айхтар ялгаа байхгүй гэж боддог.
-Гаднаас авах адуугаа юуг нь харж, яаж шинжиж авдаг вэ?
Өөрийн нүдэнд харагдсан байдлаар л авдаг даа. Өөрт ирэх гэж байгаа хурдан адуу гэдэг бол бас л онцлогтой доо. Цоохор азаргаа худаг дээр услаад зогсож байхтай нь таарч, миний өөдөөс хараад эвшээгээд байхаар нь найздаа энэ адуугаа өгөөч гээд л авч байлаа. Одоо үр төл нь гайгүй давхидаг даа.
-Тэр үед найз тань танд нэг их үнэрхээгүй биз дээ?
Тэгэлгүй яахав. Тэр үедээ хазааранд нь насных нь адуу өгөөд, дээр нь 300,000 төгрөгөөр авч байсан. Би хүү, охин хоёртой. Зүс нь хөөрхөн юм гэж бодоод охиндоо авч өгснөөс, хурдан гэж таньж аваагүй. Гэтэл тэр маань хурдан адуу байсан, одоо 12-13 настай азарга байна. 
-Морь уяж эхэлснээс хойших энэ хугацаанд хамгийн мартагдахгүй сайхан наадсан тохиол хэзээ вэ?
2001 он шиг санагдаж байна, 8 сард нь Уулбаянд Алтан овооны наадам гэж болж, 4 насны бооцоотой уралдаан болсон. Бүгд нэг нэг шүдлэн адуу хөтөлж ирээд уралдахгүй юу. Тэнд би ганцхан их насны хонгор морь аваачиж 35 адуунаас түрүүлээд, 7 адуу 70,000 төгрөг авч байлаа. Энэ жил Дорноговийн наадамд сумаасаа ганцаараа явж, их насны морьтой очсон юм. Тэнд очиход манай аймгаас ч их насны морь очоогүй, дандаа өөр насны морь очсон байсан. Тэгээд хар морио дөрөвт оруулахад телевизээр “Сүхбаатарынхан шар үстэй морийг ч айрагдуулж байдаг, ганц их насны морьтой ирчихээд ч айрагдуулж байх юм” гэж байсан. Тэр л мартагдахгүй сайхан дурсамж юмуу даа.
-Сүхбаатар аймаг тэр чигтээ хурдны өлгий нутаг болохоор уулзсан хүн болгон адуунаасаа гаргасан, зарсан гэж ярих юм. Батбаяр Алдартын хувьд?
Архангай аймгийн Чулуут суманд байдаг найз нартаа хэдэн адуу өгсөн. Миний цоохор азарганы төл соёолон азарга очоод 6-7 удаа орчихоод байгаа. Нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, айрагдсан сурагтай.
-Өгсөн, авсандаа өлзийтэй л сайхан давхиж байгаа юм байна даа.
Тэгэлгүй яахав, бид чинь адилхан моринд дуртай улс очоод давхиж байвал  аштай юу. Найз нөхдөдөө ч бай, өөр хүнд ч бай өгөөд сайн давхиж байна гэхлээр үнэхээр баяртай байдаг даа.
-Эргэх дөрвөн улиралд завгүй байдаг малчид наадамтай, нартай зуны улиралд магнай тэнийдэг. Хурдтай хуртай наадамдаа уясан бүхэн чинь айраг түрүү авахын өлзийтэй ерөөлийг өргөе
Өөрийн чинь хэлснээр малчид бид чинь мал төллөж, ногоо идээд, мал таргалаад ирэхлээр морио уяж сэтгэл санаа тэнийнэ. Эргэх дөрвөн цагт ажилтай байлаа гээд шантарна гэж байхгүй, морио уяж наадаж л байдаг улс. Ер нь наадмын зургаан нас уралдаж дууссаны дараа л ядарснаа мэддэг шүү дээ.
Ингээд Түвшинширээ сумынхаа ард түмэн болон Сүхбаатарчууддаа сайхан наадаарай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаарь 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна