"Морьт Боржигон" МСУХ-ны тэргүүн Б.Эрдэнэзул: Аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, холбооны тэргүүнээр тав дахь жилдээ ажиллаж байна

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 23 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Морьт Боржигон” МСУХ-ны тэргүүн Б.Эрдэнэзулын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Сүмбэр сумын уяачдын холбоог үүсгэн байгуулагч нь таны аав Бадамсүрэн байгаа. Аавынхаа тухай бидэнд ярьж өгнө үү?
- Миний аав Дашравдангийн Бадамсүрэн 1964 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Харин 1973 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ирсэн юм байна лээ. Хүүхэд байхдаа нутаг усны айлынхаа эмнэг хангалыг сургаж номхруулдаг бүүр хамгийн догшин адууг нь зорин зорин очиж булгиулдаг байсан. Багаасаа л моринд дуртай хүү байсан шиг байгаа юм. Ингээд наймдугаар ангиа төгсөөд худалдаа бэлтгэлийн ангийн дарга Дашдондог гэж хүнээс 10 төгрөгөөр шүдлэн байдас худалдан авсан нь түүний анхны адуу гэдэг. Харин 1994 оноос эрчимтэй адуу цуглуулж, хонгор азаргаа Сүмбэр сумынхаа наадамд түрүүлгэж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш уясан хүлгэдээ айраг түрүүгээр хурдлуулан олонтаа одтой наадсан. Бүүр нэг жилийн дотор сумдын наадмаас 28 айраг, түрүү авч байсан нь ч бий. Ингээд 2006 онд сумын Алдарт, 2007 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
 Аав  2008-2011 оны хооронд аймгийн ИТХ төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Мөн санаа нийлсэн нөхдийн хамтаар “Морьт Боржигон” уяачдын холбоог байгуулж, Г.Батсуурь, И.Мөнхбат, Ө.Баярсайхан, Г.Майнбаяр, Г.Одсүрэн, Ц.Мөнхпүрэв, Ц.Мөнхжаргал, Л.Ганбаатар, Т.Мөнхбаяр, Г.Алтансүх, С.Лувсанвандан, Г.Амарсайхан, Н.Хосбаяр нарын 13 тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн Л.Бямбаа, Б.Аюушжав, Г.Чулуунбаатар гэсэн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Холбоо байгуулагдаад 2006 оноос эхлэн уяачдынхаа тухайн жилийн амжилтыг үнэлж, “Морьт Боржигон” МСУХ-ны шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг болсон. Энэ үеэр оны шилдэг уяач, цолонд ойрхон уяач, өсөх ирээдүйтэй уяач, оны шилдэг зургаан насны хүлэг, оны шилдэг зургаан унаач хүүхдийг тус тус шалгаруулж урамшуулдаг. Үүнээс гадна “Морьт Боржигон” уяачдын холбооны санаачлагаар Говьсүмбэр аймгийн МСУХ, Дархан сум, Бор-Өндөр сумын уяачдын холбоотой хамтран хаврын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь Сүмбэр сумын нутаг дахь Уяан товог хэмээх түүхт газар  болдог юм. Мөн холбооноос анхлан санаачилж Говьсүмбэр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалан нутгийн хайрхнууд, овоо тахилгатай газрынхаа хог хаягдлыг цэвэрлэх аяныг эхлүүлсэн одоо ч үргэлжилж байна.
-Аав тань эхээс хэдүүлээ юм бэ?
-Аавын хоёр дүү ч морь уяна. Ааваас өмнө бага дүү нь морь уядаг байлаа. Би хүүхэд байхдаа авга ахынхаа уясан морийг унаж хурдлуулдаг байсан юм. Бид удам дагасан уяачид. Миний өвөг эцэг Жамбын Бүрэн мөн л хусуур сойзоор гангарсан уяач явлаа. Өвөө 1904 онд одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоногол хэмээх газар Жамбын II хүү болон мэндэлсэн. Түүнээс арваад жилийн дараа 1915 оны орчим аав ээж нь Богдын хүрээнд мөргөөд буцах замдаа Боржигон нутагт ирж суурьшсан гэдэг.  Тэгэхдээ хүү Бүрэнгээ Жамсран Галдаагийнд өргүүлж л дээ. Тэр хүн хошуу ноёны гадаад ажил хэрэг хариуцсан түшмэл байж. Өвөө энэ хүний ачаар ажилч хичээнгүй нэгэн болоод зогсохгүй бичиг үсэг тайлагдсан нутаг орондоо хүндтэй нэгэн болж өссөн. Мөн уяаны эрдэмд ч суралцаж л дээ. Улмаар Боржигон Сэцэн вангийн Жамсран Галдаан адуун сүргийн хурдан удмыг алдаршуулж, нэр цууд гаргасан тухай одоог хүртэл ам дамжин яригдсаар ирсэн. Адуунд эрэмгий, сайн уургач, морь мал хатгадаг, хүний хугарсан ясыг ч эвлүүлж эмчилдэг гарын дүйтэй хүн байсан гэдэг. Өдгөө бидэнд өвөөгийн Ардын хувьсгалын ойн баяруудад амжилттай оролцож байсныг нь гэрчлэх наадмын морины комиссын даргын гарын үсэг бүхий үнэмлэхүүд нь бий. Үүнээс гадна их нийгмийн идэвхтэй хүн байсан шиг байгаа юм. 1939 онд халхын голын дайны ялалтанд бүрэн хэрэглэлтэй таван ханатай гэр, 1943 онд Зөвлөлтийн улаан армид 50 гаруй морь, 1945 онд хом татлагатай шар ат, 1956 онд 12 морио Солонгосын ард түмэнд тусламж болгон бэлэглэж байсан байна лээ.
-Та тэгвэл гурав дахь үеийн уяач байх нь ээ. Морь уяад удаж байна уу?
-Тийм ээ, багадаа хурдан морины унаач явлаа. Долоон настайгаасаа эхлээд таван жил хэртэй унасан байх шүү. 1996 онд Говьсүмбэр аймгийн наадмын түрүү, 1997 онд Дундговийн Цагаандэлгэрийн наадмын түрүү, 1998 онд санагдана аман хүзүүгээр унасан морио давхиулж байсан. Сүүлд 1999 онд Боржигонд уралдаад л “зодог тайлсан” даа. Тухайн үед одооных шиг унаа тэрэг ховор, морь малаа ачина гэсэн ойлголт байхгүй ш дээ. Хэдэн км зам байсан хамаагүй хээрээр гэр, хэцээр дэр хийгээд замд гарна. Ингээд мориноос хасагдаад аав, ах нараа дагаж морь уяж эхэлсэн. Гэхдээ нэг хэсэг оюутан болоод жоохон холдсон л доо. Одоо аавынхаа ажлыг үргэлжлүүлэн “Морьт Боржигон” холбоог тэргүүлэх болсноор дахин моринд орсон гэж болох юм.
-Хэзээнээс холбооны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
-Аавынхаа журмын андуудтайгаа үүсгэн байгуулсан “Морьт Боржигон” МСУХ-ны тэргүүний ажлыг 2011 онд болсон тэргүүлэгчдийн шийдвэрээр залгамжлан авснаас хойш таван жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд аавынхаа хийж эхлүүлсэн ажлуудыг уламжлал болгон үргэлжлүүлж, уяачид морь сонирхогчдынхоо төлөө ажилласаар ирлээ. “Морьт Боржигон” МСУХ 2006 онд байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл 180 гаруй гишүүн, 30 хүртэл тэргүүлэгчидтэй болж, үйл ажиллагаа маань ч өргөжиж байна. Бид жил бүр шилдгүүдээ тодруулж, шинэ шилдгүүд холбооны түүхийг бичилцэн нэмэгдсээр л байна. Мөн Уяан товогт болдог наадмын маань чансаа ч улам бүр ахиж, бусад аймаг сумдаас ирэх уяач, хүлэг морьдын тоо нэмэгдэж байгааг хараад баяртай байна. Үүнээс гадна унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласаар ирлээ. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө амьдралын боломж тааруу айл өрхүүддээ хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлдэг ТТБ-уудтай хамтарч хандив тусламжийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Есдүгээр сарын 1-нд 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгслэлийг нь авч өглөө. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд “Боржигон чуулгат” хүүхдүүдэд зориулсан тоглолтыг ивээн тэтгэлээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна