Аймгийн Алдарт уяач Ц.Баатархүү: Адуу гэдэг ухаантай амьтнаас хүн илүү ухаан гаргаж байж авьяасыг нь гаргана

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 21 -нд

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, спортын мастер, аймгийн сайн малчин, аймгийн Алдарт уяач Ц.Баатрхүүгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баатархүү уяачийн уясан хурдан хүлгүүд ямар, ямар амжилт гаргаж байв?
-Үеийнхээ хүүхдийн адилаар мал дээр өссөн би морь уяж, дараа нь уяж эхэлсэн. 1996 онд 16 настай бие дааж уяаны ажил хийгээд Зүүнговь сумын баярт халтар шүдлэн үрээ арваар давхиулж байлаа. Хойтон жил нь Зүүнговийн 70 жилийн ойгоор халтар хязаалан дөрөвлүүлж, долоо хоногийн зайтай Баруунтуруун сумын сургуулийн 50 жилийн ойгоор тавлуулсан. 1998 онд соёолон морь Зүүнговьд дөрөвт давхиад, Цагаанхайрханы ойгоор 10-аар ирсэн. Сумандаа зургаа, долоогоор 2-3 удаа давхиуллаа. Харин 2002 онд их насны зээрд морь Зүүнговь сумын баярт тавлуулж, жижиг баяруудаар нэлээн айрагдуулсан. Жороо шар хээр морь 2003 онд Зүүнговийн баярт дөрөвлөсөн. Үргэлжлүүлээд 2005, 2006 онд Зүүнговьдоо айрагдаж, Хяргас суманд хоёр жил дараалан түрүүлээд, 2009 онд Баруунтурууны сургуулийн ойд гуравласан. Бас нэг хатирч халтар морь 2003 онд Зүүнговьд гурваар ирж, 2004, 2005, 2006 онд гурван жил дараалан Хяргасын баярт түрүүллээ. Өөр нэг халтар морь жороод дөрөв дээр ирсэн. Мөн одоо 11 настай хүрэн азарга байна. Даага, шүдлэн, хязааландаа Зүүнговийн баярт гурван жил дараалан аман хүзүүдэж, соёолон, хавчигтаа өнжөөд, долоон настай Зүүнговь сумын баярт айргийн дөрөвт хурдалсан. Үүнээс хэд хоногийн дараа аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, хээр шүдлэн тавласан. Хойтон жилийн намар нь хүрэн азарга  Мал эмнэлгийн 90 жилээр дөрөвлөсөн. Уржнан Баруунтурууны тарианы аж ахуйн 70 жилийн ойд долоод давхисан. Өнгөрсөн жил Баруунтуруунд түрүүлээд, энэ он гарсаар зүүн бүсийн уралдаанд долоод давхилаа. Бас нэг хээр морь байна. Одоо зургаан настай хээр 2011 онд даагандаа Зүүнговийн баярт гуравлаад, дахиад Баруунтуруунд гуравлаж, жижиг наадмуудад хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Тэгээд даншигт очоод 16,17-гоор ирж, шүдлэндээ Зүүнговьд тав, аймагт тав авсан.
-Эдгээр адуунууд Зүүнговийнх уу?
-Би Баруунтуруунд 2007 онд шилжиж ирсэн. Манай Зүүнговь, Баруунтуруун залгаа сумд болохоор бууриа хол сэлгээгүй ээ. Миний адуунууд Зүүнговь, Тэсийн гаралтай. Эндээс манай Зүүнговийн Баяннуурын цавьдар азарга байна. Соёолондоо Баруунтуруунд гуравлаж, ноднин бэсрэг наадмуудад нэлээн орсон. Ноднин Баруунтуруунд хүрэн азарга түрүүлэхэд, энэ цавьдар азарга аман хүзүүдсэн юм. Бас Тэсийн 90 жилийн ойгоор 11 авсан.  Ер нь манай Баяннуурын адуунууд хурдан л даа. Нуур усандаа байдаг болов уу. Хүрэн азарга гэхэд жинхэнэ нуурын унага. Аймгийн Алдарт уяач Даржаагийн хүү аймгийн даншигт соёолон гуравлуулсан Батсуурийн адууны унага юм. Батсуурь бас аймгийн Алдарт уяач хүн.
Би бас наана нь зүүн чиглэлээс бага адуунууд авчихсан, Дорнод, Сүхбаатар гээд л. Азарга тавьж гарсан төлүүд нь одоохондоо бага байгаа болохоор нэг их онц амжилт үзүүлээгүй. Яваандаа үзүүлэх байхаа. Юм хөгжихөөр сайхан юмаа. Нутгийн буян, адууны буянд хэд гурван аймгаар орж морины найзуудтай болсон. Тэднээс бэлгэнд авна, худалдаж авна. Сүүлийн үед бүгд л зүүн чигийн адуу гэх болж. Миний хувьд боломжийн адуутай.
-Орон нутгийн уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байдаг. Та адил уу?
-Манай аав морь уяж, сумандаа нэг, хоёр айраг түрүүтэй. Гэхдээ цолонд хүрээгүй, жирийн л сайхан малчин хүн байлаа. Бурхан болоод тав, зургаан жил болж байна. Харин нэг ах Сэлэнгийн Баруунхараад амьдарч байна. Өнгөрсөн жил Алтан төлийн эзэн болсон. Нөгөө ах удам залган морь уяж байгаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-Аймагт хоёр түрүү, гурван айргийн амжилттай. 2013 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Та бас спортын мастер гэсэн байхаа? Энэ талаарх амжилтуудаасаа яриач?
-2004 онд морин спортын төрлөөр анх удаа Зүүнговьд “Адуучин” тэмцээнд оролцож байлаа. Түүнээс хоёр жилийн дараа Тэсэд уран бугуйлчийн аймгийн Аварга шалгаруулах тэмцээн анх удаа болсон юм. Тэнд бугуйл, хангал, ташуур шүүрэлт гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр түрүүлж алтан медаль авсан. Харин төрөл тус бүр дээрээс хангалд түрүүлж, бугуйл, ташуур шүүрэлтээр тус тус хоёрдугаар байранд орсон. Харин 2007 онд аймагт болсон “Адуучин” тэмцээнд түрүүлсэн юм. Тэгээд 2008 онд Хөвсгөлийн Бүрэнтогтоход болсон УАШТ-нд бугуйлынхаа төрлөөр алтан медаль авсан. 2009 онд Төв аймагт очиж тавдугаар байр эзлээд БХТН-ийн 80 жилийн ойн тэмдгээр шагнуулж байлаа. 2010 онд Ховд аймагт Үндэсний спортын дөрөвдүгээр улсын наадамд оролцож түрүүлсэн. Тэгээд 2011 онд АХ-ын 90 жилд зориулсан “Адуучин” нэвтрүүлгийг манай аймгаас бэлтэхэд оролцож хоёрдугаар байрт орсон. Тэр жилээ Дорноговьд болсон Улсын аваргаас бугуйлаар мөнгөн медаль авч, хангал дээрээ түрүүлж, нийлбэр дүнгээр алтан медаль авсан. 2012 онд бас аймгаа төлөөлж Хэнтийн Өмнөдэлгэрт очиж оролцсон. Дараа жил нь Ерөнхий сайдын ивээл дор болсон “Адуучин” тэмцээнд оролцоод бугуйлын төрлөөр гуравдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн жил дахиад Ерөнхий сайдын ивээл дор болсон энэхүү тэмцээнээс бугуйлаар хоёрт, хангалаар тавдугаар байр эзэлсэн. Энэ жил улсын Аварга шалгаруулах 26 дахь удаагийн наадам манай аймагт болно,оролцон доо.
-Танайхан бугуйл их хэрэглэдэг. Харин улсын тэмцээнд уран уургач, бугуйлчаар өрсөлддөг. Энийг яаж зохицуулдаг вэ?
-Уурга барих нь уургаа, бугуйл нь бугуйлаа барина. Багаасаа сураагүй болохоор уурган дээр ямар ч амжилт гаргаж чаддаггүй. Манайхаас нэг залуу уургандаа сайн. Зарим нэг аймгийн тэмцээнд энэ нутгийн залуугаа оруулчихаж болдог байсан. Жишээлбэл, 2011 онд Дорноговьд болоход хангал, бугуйл хоёр дээрээ сайн оноо авсан.Ингээд уурган дээрээ өөр хүн оруулах эсэхээ зөвлөлөөр хэлэлцээд, шийддэг юм байна лээ. Улсын тэмцээнд багтаа тамирчин авч явах боломж хааяа гардаг юм. Тэгэхэд Дорноговийн Энхбат гэдэг залууг аваад орж байлаа. Тэр маань уургаар дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ нь багийн дүнд их нөлөөлсөн. Гэвч дараа нь хэл ам гарч, зөвхөн аймгийнхаа иргэний үнэмлэхтэй хүнийг оруулдаг болсон.
-Баатархүү баруун, зүүнгүй бугуйлдах уу?
-Бугуйл, ташуур шүүрэлтээрээ баруундаа илүү сайн явна. Хааяа найз нөхдийнхөө дунд зүүнээр бугуйлданаа. Эмнэг сургалтаар ч гайгүй. Багаасаа л адуутай ноцолдож өслөө шүү дээ. Өдгөө залуучууд машин, мотоцикль гэх л болж. Мэдээж шаардлага гарвал би ч техник хэрэглэнэ. Тэрнээс ойр зууртаа мориор ажлаа амжуулдаг юм. Манай гадаа байнга л эмнэг хангал морь уяатай бэлэн байдаг.
-Хэдэн алдын бугуйл барьдаг вэ?
-Манайхан чинь бугуйлыг сайхан хийнэ. Би найм, найм хагас, есөн алдын бугуйл барьдаг. Түүнээс бага болохоор шувтарчих гээд байдаг юм. Бас их урт болохоороо орооцолдоно.
-БХТН-ээс зохион байгуулдаг нь УАШТ, Ерөнхий сайдын ивээл дор болдог “Адуучин” тэмцээн аль нь илүү чансаатай болдог гэж боддог вэ?
-Нэгэн үе морин спортыг мэдэхгүй шахам байлаа. Бугуйлын тал дээр манай аймгийн Төгсжаргал гуай, Аюуш нар улсад нэг, нэг түрүүлсэн байдаг юм. Түүнээс хойш арваад жил тасарчихсан. Хэдийгээр БХТН-ээс жил бүр албан тоот нь ирүүлдэг ч манайхан тамирчнаа явуулдаггүй байсан үе бий. Ингээд 2008 онд намайг явуулж байлаа. Тэр үед би аймгийн аваргад хоёр удаа түрүүлчихээд байсан болохоор улсын том тэмцээнд оролцоод үзье л гэж бодсон. Тэрнээс түрүүлэх тухай бодоогүй байтал түрүүлж, улсын хэмжээний тамирчин болж үнэхээр их баярласан. БХТН-ийнхэн ч их сайхан зохион байгуулдаг юм байна лээ. Эмх цэгцтэй, оноолт нь шударга. Аргагүй л олон жилийн туршлага харагддаг юм.
-Бай шагнал нь ямар байдаг юм бэ?
-Нэг их бишээ. Гол нь тэр том тэмцээнд амжилт гаргасан. Тэр гавьяа шагналыг энэ насаараа зүүж явна гэдэг л сайхан шүү дээ.
-Ширүүхэн өрсөлдөгчдийн тоонд аль аймгийнхан орох уу?
- Адуу гэдэг хийморьтой амьтны нуруун дээр гарсан эр хүн чинь өөрт байгаа бүх боломжоо л дайчилдаг юм. Бугуйлаар Увс аймгийн Зүүнговийн гаралтай Сэлэнгийн Батсуурь гэж мундаг залуу байна. Улсад бараг дөрөв түрүүлчихэв үү дээ. Намайг 2008 онд оролцож байхад бугуйлаар хоёр алт, хангалаар нэг алт, нэг хүрэл нийт дөрвөн медаль авч байсан. Мөн Дарханы Норслоо, Архангайн Тогтохжаргал, Хөвсгөлийн Төвсанаа нарын мундаг тамирчид байна. Хөвсгөлийн Гал-Эрдэнэ, Хуншагай хоёр уурга ч барина, бугуйл ч барина, иртэй залуучууд.  Намайг түрүүлдэг жил Хөвсгөлийн Бүрэнтогтохын Насандэлгэр гэж залуу хоёрдугаар байранд орж байлаа. Хойтон нь 2009 онд Төв аймагт болоход Дарханы Норслоо түрүүлж, Архангайн Тогтохжаргал хоёрт орсон. 2010 онд намайг Ховдод түрүүлэхэд, Тогтохжаргал дахиад хоёрдугаар байр эзэлсэн.
-Морин спортын төрлөөр шавьтай болж байна уу?
-Манай эхнэрийн дүү адуу мал хамжилцаад хамт байдаг юм. Сүрхий өөрийнхөө хэмжээнд хийгээд л явна. Гэхдээ арай болоогүй байна. Баруунтуруунд өөр сайхан залуучууд олон бий. Би тэдэнд зөвлөгөө өгнө. Зоригтой бай, мориныхоо хөлийг сайхан чангаруул. Морь, хүн хоёр нэг баг болж байж амжилтанд хүрнэ гээд л эхэлнэ шүү дээ. Сая Зүүнговьд ташуур шүүрэх тэмцээн боллоо. Хөндлөнгөөс ажиглаж суухад арай биш юмаа, дөнгөж тавраад, зарим нь шогшоод л шүүрч байна лээ. 
-Багадаа спортоор хичээллэж байв уу?
- Ерэн хэдэн онд сургууль завсарддаг үе таарч хөдөө л гоё юм шиг санагдаад сургуулиа хаясан. Тэрнээс дунд сургуульд байхдаа долдугаар анги хүртлээ чөлөөт бөх, сагс, волейболоор хичээллэж байлаа. Ер спортлог хүүхэд байсан. Манай төрсөн ах Булган адуунд их иртэй, морийг их цэвэрхэн унана, сайхан тоноглоно. Хөгшчүүл тэр Булганы  морь бугуйлдаж байгаа хар, ямар сайхан морь эдэлж байна гээд л зэмлэх зөвлөхийг завсарт хэлнэ. Энэ нь их нөлөөлсөн гэж боддог. Манай нагац аав Хадаа, миний төрсөн аав нар өөрсдөө хангал догшноо зөв сургаад  л уначихдаг байсан. Гэхдээ дээр үед  олон адуутай ч байсангүй дээ. Одоо бол хаана ч тааруу болж дээ. Үүнийг буруутгах аргагүй ч юм шиг. Энэ техник технологийн асар хурдацтай энэ хөгжлийн үеийг яахсан билээ. Гэхдээ морь гэдгийг хаяж болохгүй л байгаа юм. Надад бол мотоцикльтой явснаас мориор шогшоод явбал хамаагүй амар биед эвтэй санагддаг. Алсын барааг тааваараа харж, дуртай газраа бууж мордоод явахад бие тавирч амардаг.
-Эмнэг хангалтай буруу харьцсанаас гэмтэж бэртэх тохиолдол гардаг л байх даа?
-Мал бол мал шүү дээ. Хүн бид оюун ухаанаараа малаас ялгарч байгаа улс. Тэгэхээр хүчээр биш, ухаанаар л малтай харьцах хэрэгтэй. Мэдээж зөв харьцах юм бол эрүүл мэндээр хохирохгүй, харин ч эсрэгээрээ дасгал болно. Адуу бол ухаантай амьтан. Тэгэхээр түүнээс илүү  ухаан гаргаж л авьяасыг нь гаргана шүү дээ. Мянган сайхан хурдан морь байгаад түүнийг уяж сойж, уяаг нь тохируулж чадахгүй бол хэзээ нэгэн цагт эмгэг суулгаж мэднэ. Ганц нэг нь гайгүй давхих байх л даа. Түрүүлгэж, айрагдуулахаас гадна сайхан зөв аваад явчихдаг байх хэрэгтэй. Хөл гарыг нь сэвтээхгүй, зөв уяатай, зөв уналгатай байлгаснаар нэг л өдөр явна.
Одоо залуучуудыг хараад морио эдэлж байгаач гэж хэлмээр санагддаг юм. Өнөөдөр шууд адуунаас нь бариад 10, 20 км шогшчих морь их ховор болж. Байнга морь унаад байхгүй ч таван адуу байвал хоёрыг нь ядаж номхруулаад ав л даа. Өнөө мотоциклийн бензин дуусахаас эхлээд яарсан үед мориндоо мордоно шүү дээ. Сайхан идэш хоолыг нь өгчихөөд л байхад болж байгаа юм. Түүнээс эвдэрч гэмтээд, бензин, масло дуусна гэхгүй шүү дээ.
-Эр хүний чимэг болсон хөөрөг, гаансаар гангарна биз?
-Сонирхоноо. Аавын маань удам дамжиж ирсэн сайхан хэт хутга, хөөрөг бий. Унаж яваа мориндоо тохируулаад сайхан эдлэл хэрэглэл зүүгээд явахад бас л донжтой харагдана шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна