"Боржигон" МСУХ-ны тэргүүн Г.Шүрэнчулуун: Боржигоны богино хөлт адууныхаа угшлыг хадгалж үлдэхэд анхаарч байна

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 03 -нд

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат "Боржигон" МСУХ-ны тэргүүн Гэлэгбалжирын Шүрэнчулууны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Говьсүмбэр аймгийн “Боржигон” МСУХ-ны тэргүүнээр сонгогдсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-2006 онд тэргүүнээр сонгогдсон. Тухайн үед би  Чойрын цахилгаан түгээх сүлжээний салбарын даргаар ажилладаг байсан. Тэгээд Багануурт ажлаар явж байсан юм. Аймагт ММСУХ-ноос тэргүүлэгчид болох Г.Баттөмөр, Г.Сандуйжав нар ирж уяачдын хурал хийж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн тэргүүлэгчид хуралдаад холбооны тэргүүнээ шинэчлэх асуудлыг ярьсан юм билээ. Тэгээд над руу залгаж, “таны нэрийг дэвшүүлж байна. Хүлээж авах боломж байна уу?” гэж санал тавьсан. Нутгийн  олон уяачид маань тийнхүү итгэл хүлээлгэж байхад саналыг нь хүлээн авч, өнөөдрийг хүртэл тэргүүнээр ажиллаж байна.
-Удирдлагын багаа ч гэсэн шинэчилсэн болов уу хэмээн таамаглаж байна?
-Тиймээ. Уяачдын холбооны ажлыг хүлээж авахад аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид 9 байж байгаад моринд дуртай, дэмждэг уяачид нэмэгдэн   13 тэргүүлэгчтэй ажиллаж эхэлсэн. ММСУХ-ны VI их хурлаас хойш тэргүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлж 25 болгон орон тооны бус нарийн бичгийн дарга, санхүүгийн ажлаа хариуцсан нягтлан, 3 хүний хяналтын зөвлөл, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай болгон зохион байгуулсан.  Шижигнэсэн залуучуудаас бүрдсэн сайхан хамт олон бий болсон.
-Удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш хийгдсэн ажлуудаасаа товч танилцуулаач?
- Юун түрүүнд холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэх бодлогыг баримталж, аймгийн баяр наадам болон бусад хаврын уралдаануудын зохион байгуулалтанд анхаарал хандуулсан. Өөрөөр  хэлбэл аливаа уралдааныг зохион байгуулахдаа орон нутгийн удирдлага, хүүхдийн төлөө байгууллагатай хамтран ажиллаж, уяачид хүүхдийн хамгаалах хэрэгсэлийг бүрэн өмсүүлэх, гарааны төхөөрөмжтэй болох асуудлуудыг шийдэж, тухайн жилийн адууны онд оролт, уяачдын саналыг харгалзан зарим тохиолдолд морьдын уралдах зайг татах хүртэл арга хэмжээг авдаг байсан. Түүнчлэн уяачдаа урамшуулж, идэвхжүүлэх бодлогын хүрээнд цол хэргэм, шагнал урамшуулалд тодорхойлж, олон жил морь уясан ахмад уяачдадаа аймгийн Алдарт уяач цолыг гардуулсан. Манай Боржигон Сэцэн вангийн хошуу нутаг эрт дээр үеэсээ л хурдтай, уяачид нь эрдэм чадалтай. Тэрхүү нэрт уяачдын залгамж халаа болсон ахмад уяачид С.Дамдинжав, Л.Баярсайн, Д.Банзар, Д.Энхтайван, Ц.Амгаабазар нарын уяачдаа орон нутгийн дээд цолонд тодорхойлж аймгийн Алдарт уяач цолыг олгосон. Дараагийн хийж хэрэгжүүлсэн ажил бол уяачдаа бүртгэлжүүлэх, үнэмлэх тэмдэг олгох,  дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоох, Монгол уяачдын өдөр, морины их шүтээн босгох хөшөөний шав тавих зэрэг бусад ажлууд байсан.
-Говь-Сүмбэр аймгийн хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байдаг вэ? Тэдгээрийн хэд нь  улс, аймгийн цол хүртээд байгаа вэ?
-Манай аймгийн хэмжээнд хурдан морь уяж сойдог, сонирхдог 200 гаруй уяач бий. Тэдгээрээс хоёр нь Монгол Улсын Манлай уяач цолтой. Манлай уяач нь хошуу ноён, төрийн Жүн Ван Г.Цэрэнсандив 2002 онд ММСУХ-ноос МУ-ын Манлай уяач цолыг нэхэн олгож, мөнгөн судар, өргөмжлөлийн хамт  хадгалуулсан байдаг. Мөн төрийн наадмын түрүү Сувдан зээрдийн эзэн Манлай уяач Ч.Цэрэндэжид агсан энэ нутгийн хүн. МУ-ын Алдарт уяач цолтон гурав төрөн гарсан.
-Хэн хэн билээ?
-Галтын Цэвээндорж, Чойжмаагийн Цэрэндэжид, Цэлхээгийн Бямбасүрэн нар юм. Харин аймгийн  Алдарт уяач цолтой 28 уяач байдаг. Сүүлийн жилүүдэд уяачдаа чадваржуулах бодлогын хүрээнд  шинэ цагийн уяаны арга барилд суралцах уриалгыг дэвшүүлж нэлээд хэдэн гал уяаныхан түүнийг хэрэгжүүлээд байгаа. Жишээлбэл “Манлайн хүлэгч” галын зарим гишүүд сүүлийн 3 жил Тод манлай уяач Д.Ононд шавь орж, шинэ цагийн уяаны арга барилд суралцаж байна. Аймгийн хэмжээнд хэд хэдэн гал уяа шинээр байгуулагдлаа. Зарим галынхан Өлзийт хороололд очиж адуу хэрхэн тэжээх, эмгэг засах, уралдуулах талаар туршлага судалсан. Мөн орон нутагт зохион байгуулагдсан адууны эмгэгтэй холбоотой зөвлөгөө сургалтанд ч хамрагдаж байна.
-Баг, сумаараа нэгдээд гал уяаны системд орсон бололтой байна лээ?
-Тиймээ, манай аймгийн уяачид сүүлийн үед нэгдсэн зохион байгуулалтанд орж одоогоор долоон гал уяа байгуулаад байна. Үүнийгээ дагаад жүчээ барьж, хагас суурин маллагааны хэлбэрт шилжээд байгаа. Өмнө нь хүн тус бүр хашаандаа морио тэжээдэг байсан бол сүүлийн үед галын системд орж, нэгдсэн журмаар өвс, тэжээлээ бэлтгэхээс эхлээд уралдаан наадамдаа ч зохион байгуулалттай явдаг болсон. Олны хүч оломгүй далай гэж түүнийг нь дагаад уяачдын маань амжилт ч арвижина гэж бодож байгаа. Миний хувьд 2011 онд ММСУХ-ны удирдлагуудтай Хонг-Конгод очиж цэвэр цусны адуу, морин спорт, морин тойруулгын уралдаануудыг үзэж сонирхон туршлага судалсан.
-Нутгийн адууг сайжруулах, чанаржуулахын тухайд холбооны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?
-Адууны чанар чансааг сайжруулах ёстой. Адуугаа сайжруулах чанаржуулах ажлыг уяачид маань дор бүрнээ сайн хийчихэж байна шүү дээ. Холбооны зүгээс нутгийн адууны үндсэн гени фондыг хамгаалахад илүүтэй анхаарч байна. Өөрөөр хэлбэл Боржигоны богино хөлт адууныхаа угшлыг тодорхой хэмжээнд хадгалж үлдэхийг уяачдадаа уриалж, энэ тал дээр анхаарал хандуулж байгаа. Монгол адууны эрс тэс цаг агаар, орчин нөхцөлтэйгээ зохицож байгаа чанарыг л алдагдуулж болохгүй гэж боддог.
-Аймгийн чанартай уралдаан цөөн болдог учраас цол хэргэмд хүрэхэд бэрх талаар уяачид ярьж байна лээ. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
-Манай аймаг чинь гуравхан сумтай учраас бусад аймгууд шиг бүсчилсэн уралдааныг зохион байгуулах боломжгүй. Гэхдээ аймгийн статустай биш ч гэсэн манайхны уралдаан ер нь өтгөн болдог шүү. Яагаад гэхээр  манайх чинь Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв зэрэг хурдны цөм болсон дөрвөн аймгийн голд нь оршдог шүү дээ. Одоо манай уяачид улс, бүсийн наадамд морьдоо сойж явж уралдах хэрэгтэй байна. Болзол бол үнэхээр бас хатуу шүү. Суугаад байвал жилдээ нэг наадам л амжилтанд нөлөөлөхөөр болж байна шүү дээ.
-Уяан товогийн чинь уламжлалт уралдаан аймгийн статустай биш юм уу?
-Жил бүрийн хавар манайхан Уяан товог дээрээ доод гурван насны морьдын уралдааныг зохион байгуулдаг. Энэхүү уралдаанд Хэнтий, Дорноговь аймгийн уяачид ирж оролцдог. Сүүлийн жилүүдэд уралдах морьдын тоо тогтмол өсч байгаа учраас уяачдын амжилтыг аймгийн наадмын болзолд оруулах тухай орон нутгийнхаа удирдлагад аймгийн статустай болгох саналыг хүргүүлээд байгаа. Бид энэхүү уралдаанаа Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумдын МСУХ-той хамтран зохион байгуулдаг.
-Тэргүүний албыг авснаас хойш  Засгийн газрын тогтоолт хоёр ч удаагийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан. Холбоо зохион байгуулалтын гол үүргийг хүлээж байсан уу?
-Орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг. 2007 оны төвийн бүсийн уралдааны тухайд аймгийн удирдлагууд ард түмэндээ ойртуулна гэсэн шалтгаанаар төвдөө наадмаа хийж хатуу хөрстэй газар уралдуулаад багагүй хэл ам таталсан тал бий. Харин одоо манайх аймгийнхаа зүүн хойд талд уралддаг. Жил бүрийн наадмын өмнө замаа засч янзлан уралдаж хэвшээд байгаа.
-ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааныг зохион байгуулахад Говьсүмбэр аймгийн МСУХ-ны хамт олон идэвхи санаачлагатай ажилласан дуулдсан?
-Аймагт яг нэг өдөр Боржигон наадам зохион байгуулсан учраас уяачид маань бодож байсанчлан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож чадаагүй. ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд оролцсон бүх аймгаас оролцож байсан тул газар газрын хурдтай уралдаж, хүчээ үзэх байсан. Аймагт болсон Боржигон наадамдаа илүү оролцсон. Уг нь энэхүү хоёр уралдаан давхцаагүй байсан бол уяачид маань тэр хэмжээгээр амжилт нь ахих байсан байх. Энэ бол миний хувийн бодол шүү. Их-Уулд болсон ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны үеэр манай аймгийн МСУХ-ны удирдлага тэргүүлэгчид сайн оролцсон. Уралдааны дараа ММСУХ-ны удирдлагууд бидэнд тусгайлан баяр хүргэж урам хайрласан. Ер нь манай холбооны хамт олон бүгд л тус тусдаа ажилтай боловч даалгаад өгсөн ямар ч ажлыг хийсэн шиг хийдэг.
-Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн арга хэмжээнд Говьсүмбэрчүүд өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцсон. Нэг жилийн ойд Боржигон уртын дуугаар гайхуулсан зэргээс үзэхэд үнэнд ойр дүгнэлт бололтой?
-Тэгсээн. Уяачид, малчид маань машин тэрэгтэйгээ, гэр бүлээрээ морьдоо ачаад, асар майхнаа аваад цуваагаараа очиж байж билээ. Манай аймгийн удирдлагууд маш сайн дэмжсэн. Үүнийг бүр зориуд хэлмээр байна. Аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал өөрөө хамт явж жагсаалд хүртэл оролцсон шүү дээ. Ер нь ММСУХ-ны гаргасан удирдамжинд аймгийн засаг дарга нар оролцож жагсахаар заасан байсан. Энэ үйл явдал бараг дахин давтагдахгүй л болов уу гэж бодож байна. Сайхан байсаан.
-Сэтгэл зүтгэл гаргасан нь мэдрэгдэж байна лээ. Албан яриагаа холбооны цаашдын зорилтоор өндөрлүүлье.
-Гурван километрийн тойрог замтай болох төлөвлөгөөтэй байна. 2012 онд аймгийн ИТХ-д санал оруулж уяачдын холбоонд 30 га газрын зөвшөөрөл олгосон. Цаашдаа үндэсний морин уралдаанаасаа гадна хөрөнгө оруулагч юм уу эсвэл уяачид нэгдээд тойруулгын уралдааныг зохион байгуулаад байж болно гэж бодож байгаа. Гараа, бариа нь ил сайхан тэгшхэн газар бий. Манай аймаг чинь төмөр зам, засмал зам гээд дэд бүтэц сайтай. Тэгэхээр энд ирж уралдахад ямар нэг хүндрэл гарахгүй. Цаашлаад орон нутгийнхан маань амралтын өдрүүдээ ая тухтай, зөв боловсон өнгөрөөнө шүү дээ. Морь унах ч юм уу, уяачид болохоор морины давхил, ажлаа хийдэг, мөн бусад морин спорт чиглэлээр ч хөгжүүлж болох юм. Ойрын үеийн хамгийн том зорилт бол энэ байна. Тэгээд уламжлалт уралдааны зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулна даа.
-Ярилцлагаа Шүрэнчулуун уяачийн тухайд үргэлжлүүлье. Алдарт Оонон харын нутгийн хүү юм билээ?
-Миний төрсөн нутаг бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Дуу хуур, шүлэг найрагт мөнхөрсөн Цэнхэрийн голын хөвөөнөө тоглож өссөн хүн. Хэдийгээр хотод сургууль соёл төгссөн ч зуныхаа амралтаар байнга нутагтаа хөдөө очдог байсан. Манай ээжийн ах Паламын Лувсангомбо гэж сумын заан цолтой, сайн уяач буурал байсан. Хурдан хүрэн халзан азаргатай. Дээр үедээ их хурдалж байсан юм. Би хүүхэд байхдаа тэр ахынхаа морьдыг их унадаг байлаа.
-Хаа хаана уралдаж байв?
-Уралдааны морь унаж байгаагүй ээ. Тэр ч утгаараа гурван хүүгээ хурдан морь унах насанд нь унуулсан. Миний том хүү Ш.Жасрайжамц, удаах хүү Ш.Жамбалжамц нар маань морь унаж сураад хасагдтлаа хурдан морь унасан. Одоо хоёулаа эмнэг сайн сургана. Адуу малтай ноцолдоно. Жамбаа маань малд их нүдтэй дээ.
-Уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн бэ?
-Манай холбооны анхны тэргүүн аймгийн Алдарт уяач Л.Ёндон гуай бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Би нутгаасаа хэдэн адуу аваад ирчихсэн. Хоёулаа ижил сонирхолтой учраас ажлынхаа хажуугаар морь уянаа. Манай адууны суурь нь Хэнтий Цэнхэрмандал манай өвөг дээдсийн удмын адуу байдаг. Түүнийгээ Говь-Сүмбэр, Увс, Дорноговь, Сүхбаатарын адуугаар нэлээд цусыг нь сайжруулсан.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд айраг, түрүү авч амжилт үзүүлээгүй л байна. Миний хувьд одоохондоо айраг, түрүү авч алдар цолонд хүрэхээсээ урьтаж адуугаа сайжруулах бодлого баримталж, түүндээ илүүтэй ач холбогдол өгч байгаа. 
-Зөвхөн адуу гэлтгүй мал нэлээд олонтой дуулдана лээ?
-Монгол хүн нүүдэлчин ахуй соёлоосоо хол байж болохгүй шүү дээ. Зөвхөн өөрт таатай байх гэдэг утгаар бус үр хүүхдээ монгол ахуйтай нь ойр байлгах цаашлаад мал маллах дуртай хүмүүсийг ажлын байраар хангах үүднээс малыг өсгөж үржүүлж байна. Нутгийн зарим нэг залуусыг малжуулсан. Одоо удам угсааг сайжруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчдыг төр засгаас дэмжих л хэрэгтэй байна даа.
-Зундаа хөдөө гэрээсээ ажилдаа явдаг дуулдсан. Тэр үнэн үү?
-Тиймээ. Би хөдөө 5-р багийн харьяалалтай. Зундаа манайхан гэрээрээ хөдөө мал дээрээ гарчихдаг юм. Үр хүүхэд маань эрүүл хүнс хэрэглэж, эрүүл агаарт өснө шүү дээ.
-Гэргий тань таныг их дэмждэг бололтой. Уяачдын холбооны тань ажлыг хүртэл нугалалцаж явах юм?
-Тэр бол гарцаагүй үнэн. Миний хань цаг үргэлж намайг дэмжиж тусална. Тэгээд “чи хүнд аль сайныг нь өгч  байгаарай” гэж захидаг хүн. Ер нь л хүний төлөө төрсөн хүн дээ. 
-Адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг  мэдэрсэн омогшилт наадмын тань дурсамжаар яриагаа өндөрлөе?
-Шивээговь суманд болсон нэг уралдаанд миний нэг даага долоогоор давхисан юм. Надад бол айрагдсанаас ялгаагүй сайхан байсан л даа. Харин хүү маань жаахан сэтгэл дундуур үлдсэн. Яагаад гэхээр өмнө нь нэг бэсрэгхэн уралдаан болоход миний том хүү Жасрай унаж хол түрүүлгэсэн юм. Тэгээд Шивээд болсон уралдаан дээр нь хүүгээ томдоно гэж үлдээгээд багахан хүүхэд мордуулчихсан чинь айрагт багтаагүй. Түүнд хүү маань баахан гомдонгуй байсан. Хүүхэд, морь мэнд наадвал сайхан наадлаа гэж боддог миний хувьд айрагдсанаас дутахааргүй наадам байсан.
-Монгол наадмын мөн чанар амин сүнс, хүүхэд, морь мэнд наадахад оршдог гэдэг. Бидний урилгыг хүлээж авч нутаг нугынхнаа сайхан зохион байгуулан оролцсон танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна