Д.Баясгалан: 1203 км морьтой аялж, Монгол хүн, морь хоёр салшгүй холбоотойг баталсан

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 01 -нд

“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Д.Баясгалантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэт хүлэг” МСУХ эрийн цээнд хүрч байна. Холбооны үйл ажиллагаанд хэдий үеэс идэвхтэй оролцох болсон бэ?
-1995 онд ММСУХ-ны анхдугаар их хуралд манай аймгаас таван төлөөлөгч оролцоод, сарын дараа аймагтаа салбар холбоо байгуулах тэр үеэс эхлэн мэднэ. Өөрөөр хэлбэл холбоо байгуулагдах үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Орхон аймагт морин спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж явна. Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсан бид хоёр их ойр дотно байсан л даа. Би тухайн үед эрүүл мэнд, соёлын төвийн захирлаар ажилладаг байсан юм. Миний ажлын хүрээнд соёлын ордон, спорт комплекс, сувилал, сургалтын төв, амралтын бааз, хэвлэлийн мэдээлэл хамаардаг. Отгонбилэг захирал морь, бөх, сур гээд үндэсний спортыг сонирхдог. Өөрөө сур харвадаг байсан. Тэр утгаараа морин спортын холбоо үүсгэн байгуулагдах үеэс Эрдэнэт үйлдвэр, эрүүл мэнд, соёлын төвийн зүгээс дэмжиж ажилладаг байсан. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон эхний шалтгаан энэ. Дараагийнх нь би өөрөө хөдөөний хүүхэд. Багадаа хөдөө өсч, зургаатайгаасаа эхлээд  хурдан морь унасан. Зарим үед аав, ээждээ хүртэл олддоггүй л хүүхэд байлаа. Энэ маань хожмоо МСУХ-той ойр ажиллахад бас нэг түлхэц болсон. Гурав дахь нь манай асуудал эрхэлсэн үе үеийн дарга нар аймгийн баяр наадмын комиссын даргаар ажилладаг байсан. Захирлууд ажилчдаа өөрсдийн сонирхдог зүйлдээ татан оролцуулдаг шүү дээ. Тэр жишгээр албан бус комиссын гишүүний үүргийг гүйцэтгэдэг байлаа. Энэ мэтчилэн өнгөрсөн 20 жилийн түүхийг би ойроос мэднээ. Тэр утгаараа зарим нэгэн түүхийг сөхье л дөө. Жишээлбэл 1994 онд Батчулууны хээр морийг улсын наадамд авч явах ажлыг зохион байгуулж байлаа. Тухайн үед хот руу явж уралдъя гэсэн санал тавихад “хүүхэд бага” гээд эхний удаа татгалзсан юм. Морь нь үнэхээр сайн байсан учраас бид дахиад санал тавьсан. Тэгээд явахаар болж бүх асуудлыг ГОК хариуцаад очиж хээр морийг улсын наадамд аман хүзүүдүүлж байлаа. Энэ бол холбоо байгуулагдахаас өмнөх явдал шүү дээ. Өөрөөр хэлбэл ММСУХ үүсгэн байгуулагдахаас өмнө Эрдэнэтийн уяачид зохион байгуулалтайгаар улсын наадамд явж байсан. Түүний дараа 1996 онд буриад Дашбалжир гуайн хоёр халзан морьтой очиж уралдаж л байсан. Тэр удаагийн явалтыг манай Шараваа маш сайн зохион байгуулсан. Эрдэнэтийн уяачдын холбооны буюу морины түүхэнд дурсагдах ёстой өөр нэгэн том алхам бол бид 1995 онд 1203 км зам туулах морин аяллыг анх санаачлан хэрэгжүүлж байлаа.
-Бас л хол явсан байна шүү?
-Эрдэнэтээс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Шилийн богд хүртэл мориор аялж байлаа. 12 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү аяллын ахлагчаар би ажиллаж, Отгонбилэг захирал цуг явсан. Би өөрөө спортын хүн учраас гарч болох эрсдлийг тооцон багийн гишүүдээ их бодож сонгосон юм.
-За жишээлбэл...?
-Хол замд багийн гишүүдэд гарч болох эрүүл мэндийн эрсдлийг тооцоод хүний эмч оруулсан. Морьдын арчилгаа болон бусад тал дээр туршлагатай хүн хэрэгтэй гэж үзээд уяач Цэнгэл, түүний дүү Бооёо, Хишиг-Өндөрийн харьяат морин спортын мастер нэг залууг авч явсан.  Хэв журам талаа бодолцож цагдаа оруулсан. Аяллаа баримтжуулах үүднээс фото зурагчин, зураглаач оруулсан. За ингээд 1995 оны 7-р сарын 12-ны орой эндээс хөдлөөд Улаантолгойн наахна очиж хоносон. Тухайн үед Отгонбилэг захирлын хувьд биднийг гаргаж өгчихөөд буцна гэж байсан ч сэтгэл нь хөдлөөд Дэлгэрхаан хүртэл хамт явсан.  Уг нь өөрөө аяллыг дуусгах сонирхолтой байсан ч “ажил гарлаа” гэж араас дуудаад нисдэг тэрэг ирээд аваад явчихсан. Гэхдээ сүүлд Алтан-Овоон дээр биднийг тосч уулзаад Шилийн богд дээр тангараг өргөхөд хамт байсан л даа.
-Хэд хоног явж очсон бэ?
-Явахаасаа өмнө өдөр тутмын явалтаа тооцоод төлөвлөгөө гаргачихсан байсан. Түүнийхээ дагуу яг арав хоногийн дараа Шилийн богдод очсон. Энэ аяллын гол зорилго бол Эрдэнэт үйлдвэрээ сурталчлахын сацуу монгол хүн, морь хоёр салшгүй холбоотой юм гэдгийг таниулах явдал байсан. Монгол эр хүн морин дээрээ яаж чийрэгжиж, хэрхэн холын замыг туулдаг юм. Монгол морь ямархан шандастай юм гэдгийг харуулах явдал байсан. Түүндээ ч хүрсэн.
- Ачаа бараагаа мориндоо ганзагаласан юмуу?
-Ачаагаа машинд ачсан. Бид өөрсдөө нэг хүний хоёр морьтой гарсан юм. Аяллын явцад олон сургамжтай зүйл тохиолдсон л доо. Жишээлбэл бид явахаасаа долоо хоногийн өмнөөс эхлээд морьдоо хөнгөрүүлсэн. Адуунаас нь барьсан тарган цатгалан морьтой хол явахгүй шүү дээ. Зам зуур морьдоо амрааж явсаар Төв  аймгийн Баян сум буюу Мааньтад ирсэн. Мааньтын хорих манай Эрдэнэт үйлдвэртэй шифийн харилцаатай. Манайд шохой нийлүүлдэг байсан юм. Тэдний мянган сайхан адуу  ирж, бүгд морьдоо сольцгоосон. Хүн болгон өөрт таалагдсан морьдоо зүсээр нь ижилсүүлж авсан. Хоёр бор, хоёр хонгор, хоёр хээр гээд л ... Уг нь Алтан-Овоон дээр бүгээн зүсмийн адуутай гардаг гэдэг ч бид зүсээр нь ижилсүүлээд бараан адуу ч авсан. За ингээд цаашаа явлаа. Тэгсэн адуунаас нь барьж авсан цатгалан морьд булраад явдаггүй. Тэгээд Хэнтийн Дэлгэрхаанд Хэрлэнгийн эрэг дээр нэг хонож морьдоо амраагаад Аварга тосон амралтан дээрээ ирж нэг хоноод явцгаасан. Тэр үед Аварга тосон чинь манай үйлдвэрийн салбар байлаа шүү дээ.  Ингэж явсаар төлөвлөж байсан хугацаанаасаа жаахан хоцрох маягтай болсон юм. Дээр нь бас аяллын багт дандаа хангайн хүмүүс орчихсон. Говьд ямар бэрхшээл тохиолддогийг мэдэхгүйгээсээ болоод багахан асуудал үүсч л байсан.
-Тэр нь юу байхав?
-Усны асуудал. Хаана ямар худаг ус байдгийг мэдэхгүй. Хүн малгүй цангаад. Адуу чинь их цангахаараа буцалж байгаа халуун цай руу дайраад байдаг юм билээ. Шланкнаас ус өгөхөөр угж хөхөж байгаа юм шиг ууна. Энэ мэтчилэн олон сургамжтай сайхан аялаад төлөвлөсөн ёсоороо яг арав хоногийн дараа Алтан-Овоон дээрээ очиж байлаа. Үнэхээр гайхалтай сайхан аялал болсон. Монгол хүний цусанд  морь байдаг гэдэг аргагүй үнэн юм билээ. Орой унтах болохоор мориныхоо тухай л ярина. Морьд нь ч гэсэн эзэндээ дасчихсан.
-Аяллын багийнхны хувьд насандаа мартамгүй нандин дурсамж үлдсэн байх?
-Тэгэлгүй яахав.Одоо энэ УИХ-ын гишүүн О.Содбилэг тэр үед бидэнтэй хамт явж байсан юм. Отгонбилэг агсан ер нь их мундаг хүн байсан юм шүү. Гадаадад сурч байгаа хүүгээ зуныхаа амралтаар ирэхээр нь морин аялалд явуулж монгол ахуйтай нь танилцуулж байсан. Өөрөө хэдийгээр миний дарга ч гэсэн аяллын үед ахлагчийнхаа үгэнд орно гээд миний хэлснээр л асуудлыг шийднэ. Энэ мэтчилэн хувь хүн талаасаа их зөв байж билээ. Ажилчдаа дэмжинэ урам зориг хайрлана. Намайг Эрүүл мэнд, соёлын төвийн захирлын ажлыг  авахад  “чи нэг хэлтсийн дарга төдий хүн биш. Эрүүл мэнд, соёлын төв чинь жилдээ нэг аймгийн төвийн төсвийг зарцуулдаг. Тэр утгаараа чи том харж, том сэтгэж, өөртөө итгэлтэй явах ёстой” гэж байсан.  Нээрэн ч манай төв тухайн үед жилдээ аймгийн хэмжээний буюу 16 тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг байсан юм.
-Хүн өөрийн гэсэн орон зай хүрээлэлтэй амьдрах ёстой юм шигээ...?
-Отгонбилэг агсны хувьд тэгж амьдарч чадсан. Энэчлэн холбоо үүсгэн байгуулагдахаас өмнө Орхон аймгийн морин спорттой холбогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Яг албан ёсоор удирдлагын багт орж ажилласан нь 2010 онд Ганбаатар захирал тэргүүн болоод намайг нарийн бичгийн даргаар ажиллаач гэсэн саналыг тавьж байсан юм.
-2010 онд удирдлага шинэчлэгдэхэд ямар ямар хүмүүс ажиллаж байсан юм бэ?
-Ганбаатар захирал тэргүүнээр, дэд тэргүүнээр Бат-Энх захирал, миний бие нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэргүүлэгчдийн хувьд одоогийнхтой адил ийм олон биш 15 хүн сонгогдож байсан. Бид ажил аваад Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдааныг хийж, ММСУХ-ны хүсэлтээр хоёр удаагийн “Дүнжингаравын хурд” уралдааны зохион байгуулалтанд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очиж ажилласан.
-2010 оны төвийн бүсийн уралдаан тухайн үед зохион байгуулалт болоод бай шагнал өндөртэйд тооцогдож уяачдын талархлыг хүлээж байсан. Зохион байгуулалтын ажил эртнээс хийгдсэн үү?
-Ажил аваад л төвийн бүсийн уралдаанд бэлтгэж эхэлсэн дээ. Гэхдээ бидэнд маш том давуу тал байсан нь удирдлагын зүгээс бүхий л асуудлыг тухай бүрт нь шийдэж өгч байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Ганзориг өөрөө морины хүн. Үйлдвэр эрхэлсэн захирал Ганбаатар МСУХ-ны тэргүүн. Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бат-Энх захирал бас уяач. Ингэхээр бүгд морин уралдаантай холбоотой хүндрэл бэрхшээлийг ойлгодог. Тэр ч хэмжээгээрээ дэмжиж, асуудлыг цаг тухай бүрт шийдвэрлэж байсан. Уралдааны маань цар хүрээ ч их өргөн болж, олон газрын уяачид хурдан хүлгүүдийн хамт ирж оролцсон. Андуураагүй бол зургаа долоон Тод манлай, Манлай уяачид ирлээ гэж байсан шүү.
-Түрүү морийг хэрхэн мялааж байлаа?
-Түрүү морийг арван сая төгрөг, медаль, өргөмжлөлөөр шагнасан. Медалийн тухайд Солонгос улсад тусгайлан захиалж чулуу оролцуулан хийлгүүлсэн. Түрүү морины уяачийг Япон мотоциклиор, уралдаанч хүүхдийг нь унадаг дугуйгаар шагнаж байлаа. Одоо ч гэсэн тийм өндөр бай шагналтай наадам ховор л байна шүү дээ. Тэр жилээ манай холбоо ММСУХ-ны шилдгийн шилдэг салбараар шалгарч байсан.
-2013 онд болсон Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн арга хэмжээнд “Эрдэнэт хүлэг”-ийнхэн ямархан бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?
-Нутгийн удирдлагын захирамж гаргуулж, тодорхой төсөв батлуулаад өөрсдийн боломж нөхцлийн хүрээнд олуул очиж оролцсон. Манайх чинь хоёрхон сумтай аймаг шүү дээ. Тэр утгаараа бусад аймгуудтай харьцуулахад цөөн хүн оролцсон байж болох ч сумынхаа тоотой харьцуулбал олон хүн оролцсон. Товчхондоо ММСУХ-ноос 80 морьтон жагсааж, 80 морь уралдуул гэсэн даалгавар ирсэн. Бид түүнийг давуулан биелүүлсэн. Түүхэн уралдааны хангайн бүсэд аймгийн Алдарт уяач Д.Батбаярын хээр морь дөрөвт давхисан.
-Гиннест бүртгүүлсний нэг жилийн ойн арга хэмжээний үеэр ч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцсон?
-Тэгсэн нэг жилийн ойд ирсэн арван хэдэн аймгаас хамгийн зохион байгуулалт сайтай нь манайх байсан байх. Өнөө жил хоёр жилийн ойд мөн өргөн бүрэлдэхүүнтэй очиж оролцсон. “Эрдэнэт хүлэг”  МСУХ–ны хувьд ММСУХ-ны салбар нэгж гэдэг утгаараа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд аль болохоор идэвх зүтгэлтэй оролцохыг хичээдэг.
-Даваасамбуу тэргүүн уралдаанч хүүхдийн асуудалд илүүтэй анхаарал хандуулдаг юм байна. Ганбаатар тэргүүний хувьд юун дээр илүүтэй ач холбогдол өгдөг байсан бэ?
-Адуугаа чанаржуулах буюу үржил селекц тал дээр илүүтэй анхаардаг байсан. Ганзориг захирал уяачийнхаа хувьд мөн  тэр тал дээр анхаарал хандуулж ач холбогдол өгдөг. Тэр нь холбооны бодлого болж тэр үед маш олон газраас орж ирсэн ш дээ.
-Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн уяачдын амжилт ахиж байна уу? Өөрөөр хэлбэл уяачдын морь уях эрдэм, ур ухаан сайжирч байгаа болов уу?
-Ахиж байгаа. Сүүлийн жилүүдэд манай аймгийн уяачид улс, бүсийн чанартай наадмаас тогтмол айраг, түрүүтэй наадаж байгаа. Үүнийг та бүхэн бэлхнээ мэднэ шүү дээ. Өнгөрсөн хавар Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдааны их насанд айргийн гурваас бусад нь манай Эрдэнэтийн уяачдын морьд байсан. Булганд болсон хангайн бүсийн уралдаанд гэхэд л манай уяачид маш сайн оролцсон. Ер нь  бүсийн чанартай нэг наадмаас 4-5 айраг, түрүү тогтмол авчихаад байгаа шүү.
-Улсын цолонд ойрхон уяачид олон байна уу?
-Дөрөв, таван хүн бий. Мягмардорж, Батбаяр, Баярцогт, Винтов нарын.
-Та өөрөө бас дөхөж байгаа байх шүү?
-Дөхөж байгаа. 2015 онд “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны 20 жилийн ойд зориулаад бид долоон том уралдааныг зохион байгууллаа. Гэхдээ шинээр гэсэн үг биш. Өмнө нь болдог байсан уралдаануудынхаа чанарыг сайжруулаад илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулсан. 20 жилийн ойн хүрээнд уралдаанч хүүхдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, шилдэг гийнгооч хүүхэд шалгаруулан, “Дуун төвөргөөн” тэмцээнийг соёлын төвтэйгээ хамтран зохион байгуулсан. Түүний зэрэгцээ баримтат кино хийлгэж, “Тод магнай” сэтгүүлийн тусгай дугаар гаргаж, “Хүлгийн үүрсээнд” нэвтрүүлэгт оролцсон. Одоо баярын арга хэмжээгээ амжилттай зохион байгуулах л үлдээд байна.
-Албан ажлын тухайд яриагаа энэ хүрээд өндөрлье. Харин одоо алдарт Суман хүрэнгийн эзэн, аймгийн Алдартын тухайд ярилцах нь зүйтэй байх. 2015 ондоо хэрхэн наадсан бэ? Уяа эвтэй, морь хурдан, амжилт арвин байв уу?
-Суман хүрэн маань Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Зуны тухайд тархилж яваад суучихаар нь татчихсан. Хоолны жаахан алдаа байсан учраас дахин уралдуулаагүй ээ. Орон нутгийн чанартай наадмаас бол нэг түрүү, дөрвөн айраг авсаан.
-Суман хүрэн улс, бүсийн чанартай наадамд хэдэн удаа орчихоод байгаа билээ?
-Улсын хоёр айраг, бүсийн гурван түрүү, гурван айраг нийлээд долоо орчихоод байгаа юм.
-Баавгай хүрэн гэж хурдан азарга бий. Хүрэн адуу илүү давхиад байна уу?
 -Надад ер нь хүрэн зүсмийн адуу ээлтэй шүү. Манайхны дээдчүүлийн хувьд ногоон морь л илүүтэй давхидаг байсан.
-Ярилцлагаа адуутай нөхөрлөснөөс хойшхи хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлье.
-1994 оны улсын наадам л хамгийн сайхан байсан даа. Тэр жил Эрдэнэтийнхэн “Хангарьд”-ынхан эрийн гурван наадмыг авч онцгой сайхан наадсан юм. Цэрэнпунцагийг цолгүй залуу бөх байхад нь Отгонбилэг захирал нэг нутгийнх гэдгээрээ “Хангарьд” клубынхаа тамирчин болгож байсан юм. Даваахүү мэргэн манай клубын тамирчин шүү дээ. 1994 онд Батчулуун Алдартын хээр морь аман хүзүүдэж,  Цэрэнпунцаг шөвгийн дөрөвт үлдэж, Даваахүү мэргэн 40 сумнаас 40 онож Хүдэрчулуун мэргэнтэй оноогоор тэнцээд товх харван түрүүлж байсан юм. Ингээд үндсэндээ манай Эрдэнэтийнхэн морио аман хүзүүдүүлж, харваачаа түрүүлгээд, бөхөө шөвгөрүүлж эрийн гурван наадмаар тэгш сайхан наадсан. Дээр нь Монгол төрийн гурван өндөрлөг Эрдэнэтийн гэрт зочилж мартагдашгүй сайхан дурсамж үлдээж байсан юм.
-Ийм сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. 20 жилийн ойн баяр дэлгэр сайхан болох болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна