Сумын Алдарт уяач Д.Даваадорж: Найздаа өгсөн үрээ бага дөрвөн насаа онц төгссөн

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 27 -нд

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Даваадоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-1993 оноос эхлэн найз нөхөдтэйгээ нийлээд морь уяж эхэлсэн. Тэр жилдээ ч айрагдуулж чадаагүй ээ. Харин дараа жил нь сумынхаа наадамд нэг үрээ аман хүзүүнд давхиулсан. Тэр үрээ манай унаган адуу. Эрхэл талын адуу  байгаа юм. Манай Алаг-Эрдэнийн цөм хурд Эрхэл орчим байдаг.
-Ах дүү хоёрын Хэнтийгээс авчирсан Галшар угшлын адуунуудын үр төлүүд  Алаг-Эрдэнээр тарсан гэж сонссон юм байна?
-Харин тэр чинь Эрхэл талын адуу байгаа юм. Одоо ч гэсэн ах дүү хоёрын авчирсан адуунууд хурдалсаар байгаа. Гэхдээ манай нутгийн адуу хурдан гээд л цусыг холдуулахгүй дотроо эргэлдүүлээд байвал чанар нь муудна шүү дээ. Тиймээс залуучууд маань сүүлийн үед Сүхбаатараас нэлээд хэдэн адуу авчирлаа. Би ч гэсэн 2006 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогтын гаралтай нэг азарга авсан. Талбулгийн уурхайд байдаг Гомбосүрэн гэдэг хүнээс ах маань авч надад бэлэглэсэн юм. Тэр үрээ ирээд соёолондоо манай сумын 80 жилийн ойд түрүүлж, түүнээс хойш аймгийн бүсийн уралдаануудад хэд хэд айрагдсан. Өнгөрсөн жил би Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаар явж хэдэн адуу авчирсан. Өөрийн унаган адуунуудтайгаа хольж сүлэхээр үр төлүүд нь хурдлах байх гэж бодож байгаа.
-Морь уяснаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү хүртээд  байгаа вэ?
-Сумын наадмын түрүү, айргийг нарийн тоолж байгаагүй. Өөрийн адуунаас гадна найз нөхдийнхөө ганц нэг морийг уяж байсан. Сумын Алдарт уяач цолны болзлыг гурван удаа биелүүлжээ гэж ярьж байсан санагдана. Би 2007 онд сумын Алдарт уяач цолоо авсан.
-Хамгийн одтой наадсан нь хэзээ вэ?
-2009 онд байхаа, сумын наадмаас таван айраг авсан. “Хотгойдын хурд-2” уралдаан болдог жил Арбулаг суманд очиж бэсрэг наадамд азарга, хязаалан, шүдлэн насны морьдыг угсраагаар нь оруулж, соёолон аман хүзүүлж, даага түрүүлгэн нийт  найман айраг түрүү авч байсан.
-Түмэнцогтоос авчирсан үрээгээр азарга тавьсан гэсэн. Үр төлүүд нь хэр давхиж байна вэ?
-Нэг даага найздаа бэлэглэсэн чинь бага дөрвөн насаа онц төгсчихлөө.
-Онц төгсчихлөө...
-/инээгээд/ Манайхан бага дөрвөн насандаа түрүүлэхээр ингэж хэлдэг юм. Найздаа өгсөн үрээ маань даага, шүдлэн, хязаалан, соёолондоо сумынхаа наадамд түрүүлсэн. Энэ жил хавчигт нь өнжөөж байгаа. Бас төлүүд нь давхихаар юм байна гэж байсан. Ер нь манай тэр зүүн талаас авчирсан азарганы үр төлүүд манай энүүгээр нэлээд тарж байгаа. Хүмүүс авъя гэхээр нь би харамлахгүй зарчихдаг юм.
-Танай нутагт хурдан морь ямархуу ханштай байдаг юм бэ?
-Цус сэлбэгдсэн, ганц нэг айрагдчихсан адуу бол 2 саяас дээш л яригдана шүү дээ. Зүүн талаас ирж байгаа даага сарвай гэхэд л 2, 3 сая төгрөгөөр зарагддаг. Манай энэ азарга надад ирэхээсээ өмнө 2006 оны 3 сард Батлан хамгаалах яамны 85 жилийн ойн уралдаанд дөрөвт давхиж  байсан юм билээ. Хотын байнгын бэлтгэл сургуулилттай адуунуудтай уралдаад айрагдана гэдэг том амжилт. Магадгүй миний өөрийн авьяас дутаад сайн давхиулж чадахгүй байж мэдэх ч нутагтаа хурдны үр тарьж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.
-Нутгийн адууг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна