“Увсын хурд“ МСУХ-ны тэргүүлэгч Б.Батболд: Морь унаж байхад уяачийн хэлсэн үг хууль байлаа

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 19 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увсын хурд“ МСУХ-ны тэргүүлэгч Б.Батболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- “Дэглий цагаан” МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаад хичнээн жил болж байна, энэ хугацаанд ямар, ямар ажил хийсэн бэ?
-2006 онд уяачдын холбоо байгуулагдсан тэрнээс хойш тасралтгүй есөн жил тэргүүлэгчээр ажиллаж байна. Увс аймагт Ядамцоо ахын санаачилгаар анх бооцоот уралдааныг зохион байгуулан олон жил амжилттай зохион байгуулаад гурван жилийн дараа албан ёсоор аймгийн морин спортын уяачдын холбоондоо хүлээлгэн өгсөн. Мөн Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд Төгсөө тэргүүн, нарийн бичгийн дарга Ядамсүрэн бид хэд уяачдаа зохион байгуулж оролцон нэг их морь, хоёр азарга айрагдуулан сайхан наадсан. Мөн Завханы даншиг, Сархайрханы даншиг, Ховдын “Алтан унага” баруун бүсийн даншиг наадамд уяачдаа дэмжин зохион байгуулан оролцсон. Олон жил сумын баяр наадам, орон нутагт болж байгаа уралдааны зохион байгуулалтын ажилд оролцож байна.
-Таны яг гардан зохион байгуулж байсан ямар, ямар томоохон уралдаан байна?
-2011 онд болсон Увсын даншиг наадмын морины комисст орж ажилласан. Соёолон морины даамал болж дангаараа хариуцаж ажилаллаа. Миний хариуцсан уралдаан ямар нэгэн будилаангүй сайхан, амжилттай болж өнгөрсөн. Дараа нь их насны морь, азаргыг будилаангүй тавихад хүч нэмэрлэсэн.  Өнгөрсөн баруун бүсийн даншиг наадмын төгсгөл уяачдын холбооны идэвхтэй хүмүүсийн ачаар сайхан дууссан.
-Моринд зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, цаг заваа зориулдаг хүмүүс л уяачдын холбоондоо ажилладаг. Тэр ч утгаараа та морины  уяа тааруулдаг болов уу?
-Энийг ярихын өмнө эцгийнхээ талаар дурьдах нь зүйтэй. “Сайн эцгийн муу хүүхэд” гэсэн үг байдаг. Тэрэн шиг би аавынхаа хэмжээнд амжилт гаргаж чадаагүй. Аав маань сайхан адуутай, нутаг орондоо алдартай хүн байсныг одоо ч ахмад уяачид дурсаж ярьдаг юм. Тиймээс уяачдын холбоог анх байгуулагдахад сэтгэлдээ би энд орох ёстой гэж бодоод л орсон. Өнөөдөр надад эцгийн хэдэн адуу байгаа, тэрийг нь би амжилтанд хүргэхгүй ч уясаар л явна.
-Сайн аавынхаа талаар ярьж өгөөч?
- Миний эцэг Гомбын Баатар 1929 онд төрсөн хүн.  Залуу насандаа унаган адуугаараа наадахын хажуугаар нутаг орондоо алдартай адууг худалдан авч хурдлуулсан байдаг. Жишээлбэл Ганган Зундуй гэдэг баян хүнээс хурдан зээрд морь худалдаж аваад тэр мориороо олон жил ойр хавийн сумдын наадамд түрүү хүртсэн. Ванчингийн шархал гэж тухайн үед гайхалтай хатирч морь байсныг ээжид өндөр үнээр авч өгч л дээ. Наадамд  ээж нөгөө ганган морио  унаад явахад хүмүүс хошуурч даган давхидаг байсан тухай одоо ч хүмүүс ярьдаг юм. Мөн нэг улаан мориороо зэргэлдээ сумдын наадамд олон айраг, түрүү авч байсан. Бас жороо моринд их дуртай. Жороо шархал мориороо аймгийн наадмын гурван түрүү, зэргэлдээ сумдаас арав гаруй түрүү авсан. Тийм л сайн морь байсан. Мөн адууг удам ген талаас нь сайн уяач нь сайн таньж мэддэг. Тэр жороо шархал морины төрсөн эгчийг хавар хориод хоног дагаж яваад унагалахаар нь гэрийнхээ гадаа авчирч нялх унага тамгалж тэмдэг тавиад “Энэ үнэхээр хурдан адуу” гэж хүмүүст хэлж. Тэр нь Тэс сумын наадамд соёолондоо, долоон насандаа хоёр түрүүлээд, наймтай 1991 онд аймгийн 60 жилийн ойд түрүүлсэн.  Гурав уралдаад гурвууланд нь урдаа морь гаргалгүй түрүүлсэн тухай уяачид дурссан сайхан түүх байдаг.
-Таны бага нас  төрсөн нутаг Тэсэд өнгөрсөн үү? Багадаа аавынхаа уяж байсан морийг унаж байв уу?
-Би есөн наснаасаа 15 хүртлээ морь унасан. Энэ хооронд сумандаа олон айраг хүртсэн. Жороо морийг унадаг авьяастай хүн гэж байдаг. Манайх жороо шархал морио Орших гэж хүнээр унуулдаг байсан юм. 1981 онд наймдугаар ангид байхад аав, ээж хоёр жороо шархалыгаа Орших ахад хариуцуулж өгөөд Улаанбаатар луу ахын хуримд явж, би гэртээ адуу малаа хараад ганцаараа үлдсэн. Тэгсэн аймгийн 50 жилийн ойд хамаатны ах намайг хүчээр морь унуулсан. Тэр наадамд 98 их насны мориноос Галсангийн хонгор морийг унаж 23-т давхиулсан. Хамгийн сүүлд морь унасан нь тэр. Унаачдаас хамгийн том нь би байсан байх.
-Эргээд бодоход өөрийгөө ямар унаач байсан гэж үнэлэх вэ?
-Бидний үед уяачийн захисан үг хууль, тэрнээс  зөрдөггүй, унах морио ч сонгодоггүй байсан. Нэг удаа соёолон морь уналаа, гараанаас гараад л эхний морьтой зуузай холбосоор аман хүзүүдсэн. Тэр их дурсгалтай наадам. Сайн морь гэдэг цаанаа л өөр юм билээ.
- Аавтайгаа явж байсан наадмын тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
-Манайх сумын төвд байдаг болохоор хонь нэг айлд, адуу нэг айлд гээд хөдөө ах дүү нартаа малаа тараагаад өгдөг байсан.  Зуны амралтаар тэднийд чи бай гээд л явуулдаг байсан. Харин есдүгээр ангид ордог зун “Миний хүү зусланд яв, мал дээр байх цаг чинь дууссан. Одоо чи хичээл номоо давтаж аравдугаар ангиа дуусгана шүү” гэж захиж байсан. Бага насны дурсамж гэхээр тэр үеийн хөдөөний амьдрал л байна. Нэг их олон төрлийн хоол иддэггүй. Хийх ажлаа мэддэг, хий гэсэн ажлыг л хийдэг, хийж байгаа ажлаа дуусгахын төлөө зүтгэдэг байсан.
-Танай удмаас морь, малаа хурдлуулж байгаа ямар уяачид байна вэ?
-Аав ах дүү тавуулаа. Аавын ах Цэвээн сайн уяач, Майн хээр нэртэй алдартай хурдан морьтой байсан. Монголын морины хурд шалгах спартикад уралдаанд түрүүлсэн. Цэвээний Ядамцоо ах маань удам залган морь уяж байгаа. Харин манайх есүүлээ, таван хүү, дөрвөн охин. Манай отгон дүү аймгийн Алдарт уяач Жамбал бид хоёр уяа тааруулж явна. Дүү эцгийн удмын адууг хариуцан өсгөн үржүүлээд явдаг. Түрүүний ярьсан улаан морийг ааваас хойш дүү уях болж, ойр хавьдаа Жамбалын улаан гээд алдартай болсон. Би дүүтэйгээ хамтарч уядаг юм. Ойрноос өөрөө уяж, саяхан болсон бооцоот уралдаанд шархал азаргаа уралдууллаа. Манай удам голдуу шархал адуутай.
–Тэргүүлэгчийн хувьд аймгийн уяачдын холбоо хөгжин дэвшихийн тулд ямар ямар ажил хийх хэрэгтэй гэж үзэж байна?
-Төгсөө тэргүүн бид 2006 оноос ярьж ирсэн олон зүйл байдаг. Түүний нэг нь морийг тойргийн системээр уралдуулах. Энэ ажлын хүрээнд аймгийн удирдлагуудтай санал хуваалцан олон газар үзлээ. Үүний үр дүнд энэ газрыг сонгон тойргийн системд оруулж чадсан. Энэ бол том ажил, жишиг болж тогтож байна. Улсын болоод  Аймгийн алдар цол горилох хүн ямар байх ёстой вэ гэдгийг ёс зүйн талаас нь дүрэм гаргаж тараая гэж бодож байгаа.
-Ний нуугүй хэлэхэд бид танай аймгийн 19 сумаар тойрохдоо аймгийн Алдарт уяач гэдэг цолыг үнэгүйдчихээ юу гэсэн бодол төрж явлаа.
-Аймгийн Алдарт цолыг аймгийн Засаг даргын захирамжаар өгдөг. Аймгийн уяачдын холбооноос үнэлэлт дүгнэлт хийгээд тодорхой хүмүүсийн нэр оруулдаг ч дээр нь нэр нэмэгдчихсэн байдаг явдал бий. Иймэрхүү маягаар зургаа орчим жил улс төрийн хэрэглээ болгон энэ эрхэм цолыг үнэгүйдүүлсэн тал бий.
-Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг болох гэж байна. Урьд нь болсон хоёр удаагийн  даншиг будилсан. Энэ жилийн хувьд уралдаанаа хэрхэн зохион байгуулъя гэж бодож байна?
-Сумдын баяр наадмыг бид сумын удирдлагатай тохиролцон зохион байгуулалцдаг. Харин аймгийн баяр, ялангуяа аймгийн ой, даншиг наадмыг зохион байгуулах асуудлыг захиргаа шийддэг. Захиргаанаас уралдааныг будилаангүй зохион байгуулах талаар ямар ч  ойлголтгүй хүн тавьдаг. Тэр нь морийг яаж гаргах, хэрхэн унаач хүүхдээ хамгаалах, энэ олон уяачдын хөдөлмөрийг яаж зөв үнэлэх талаар ямар ч мэдлэг байдаггүй. Тиймээс түрүү, түрүүчийн даншиг наадмын алдаанууд гарсан.  Угтаа бол морины уралдааныг уяачдын холбоонд хариуцуулан хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Төр захиргаа, албан газрын дарга нар хурдан морины уралдааныг зохион байгуулна гэдэг бол ерөөсөө алдааны суурь, морь будилах үндэс юм. Тиймээс л МСУХ-г уралдаан зохион байгуулах комисс болговол наадам алдаа, будилаангүй сайхан болно.
- Танай уяачдын холбоо 2000 оноос хойш хурлаа хийгээгүй юм билээ?
-Төгсөө 2006 онд тэргүүн болж би бүрэлдэхүүнд орж ажилласан. Бид нар орон нутагт болж байгаа үйл ажиллагаа, наадам, өөрийн зохион байгуулсан уламжлалт бооцоот уралдаан, хаврын уралдаан, баруун бүсэд болж байгаа засгийн газрын тогтоолт даншиг наадмуудад Увс аймгийн бүх сумдын уяачдаа зохион байгуулан оролцуулж ирсэн. Зарим нэг хүмүүсийн яриагаар хурлаа хийдэггүй, дуртай үедээ өөрийнхөө шийдвэрээр асуудлыг шийддэг гэдэг нь туйлшрал юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Увс аймгийн 90 жил, баруун бүсийн даншиг наадмаа амжилттай зохион байгуулаарай.  Таны морины хөгжилд зориулж байгаа хувь нэмэр, үйл хэрэгт амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна