Л.Лхагва: Монголын энэ сайхан хээр талаар, морин дэл дээр салхи татуулан давхиж, морь уяж наадахгүйгээр залуу насыг өнгөрөөнө гэдэг дэндүү уйтгартай
Хонхортоо хочгүй, хотолдоо хүндтэй амьдрах сайхан. Хийсэн үйл, хэлсэн үгээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээж, нутгийн залуустаа үлгэрлэж яваа нэгэн эрхэмтэй уулзахаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумыг зорилоо. Баян-Овоо сум Улаанбаатар хотоос 465 км зайтай. Уулзахаар зорьж буй Л.Лхагва гуайнх Арын цагаан худаг хэмээх газар нутагладаг. 420 орчим км зайтай. Ажилч хичээнгүй, малч энэ эрхэмтэй уулзаж хууч дэлгэх саналыг тавьсан МУ-ын Манлай уяач Н.Хүрлээ, түүний дүү Оюунцэцэг, найз Батмөнх, зураглаач Отгонсүрэн нарынхаа хамтаар нийслэлээс 13 цагийн үед хөдөлж, үдэш 21 цагийн орчим Манлай уяач Н.Хүрлээгийн өвөлжөөнд хүрэлцэн ирлээ. Сарлагийн бяруу шиг хоёр том нохой эзэмшил газраа хамгаалан сүрийг үзүүлж, машины хоёр талд ээлжлэн гарч боргох бөгөөд эзнийхээ дууг сонсмогц сүүлээ шарвалзуулан эрхлэх. Хот айлын баруун хойд талд жижигхэн байшин байх агаад Н.Хүрлээ уяач адуучин залуудаа зориулан барьсан гэнэ. Залуу эр хараахан эхнэр авч, өрх тусгаарлаагүй тул Манлай уяач энд ирэхдээ түр эзлэн тухалдаг гэх. Үүдээр ормогц Улс халзан, Тугал ухаа, Яруу саарал, Бүс халзан зэрэг улс бүсийн наадамд түрүүлж айрагдан түмэн эхээ дуудуулж олон түмнээ баясгасан цуут хүлгүүдийн зураг нүднээ шууд тусна. Энд ирсэн хэнбугай ч гэрийн эзэн моринд дуртай цаашилбал уяа эвлүүлэн, хурд ирлэгч гэдгийг төвөггүй мэдэж болохоор. Байшингийн хоймор голлох авдар дээр зургийн жааз байх агаад мөн л хурдан хүлгүүдийн зураг байх аж. Хотоос гарахдаа холбоо барьсан болохоор гал түлж байшинг дулаацуулжээ. Бид ачаа тээшээ оруулсаны дараа урд байх гэрт орж цай ууцгаав. Манлайн туслах адуучдын нэг уяа морьдыг нь хариуцдаг Одбаяр гэх залуу орж ирсэн цагаас эхлээд гарах хүртэл хариуцсан ажлынхаа хийгээд ойр тойрныхныхоо сонин хачнаас дуулгаж, тэжээл арчилгааны ажил жигдэрсэн тухай мэдээллийг өгөв.
Ийнхүү цайлсаны дараа бид Лхагва гуайнх руу хөдөллөө. Тэднийх найм орчим зайтай аж. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн гэрийн үүд, гишгүүрээс эхлээд энэ айлын эзэн, эзэгтэй хоёрын хөдөлмөрч хичээнгүйг мэдэж болохоор. Гэрийн эзэнтэй мэнд мэдэлцсний дараа Н.Хүрлээ уяач зочидтой ирснээ дуулгахад Л.Лхагва гуай бидний зүг хараад “Тод магнайн Тэлмэн шив дээ” хэмээн танимхайрав. Цаг алгуур болсон хойно айлд ирж төвөг удаж буйдаа битүүхэн санаа зовж байсан миний хувьд гэрийн эзний энэ үг нуруун дээрээсээ хүнд ачаа авч хаях шиг таатай санагдав. Л.Лхагва гуай манай сэтгүүлийг гарсан цагаас нь эхлэн захиалан уншиж байгаа тул биднийг эчнээ таньдаг гэнэ. Гэрийн эзэгтэй цайгаар дайлсаны дараа гаднаас тарган үхрийн мах оруулж ирэн гал дээр үйж, гэрийн эзэн амжилт, алдрынх нь түүх болсон зузаан альбомыг санал болгов.
Л.Лхагва гуайг айхтар нямбай, ажилч хичээнгүй хэмээн Н.Хүрлээ Манлайн хэлсэн нь үнэн бололтой. Альбомын эхний хуудаснаас эхлээд өөрийнх нь тухай гарсан мэдээ, нийтлэл, сурвалжлагуудын хайчилбар байх агаад дунд хэсгээс эхлэн морь уясан цагаас хойшхи бүх баярын бичиг, батламжуудыг он дарааллын дагуу нэг бүрчлэн наасан харагдана.
Тэрээр бичин жилийн хавар одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг 3-р багийн нутаг Майханы цагаан чулуут хэмээх газар эхээс мэндэлжээ. Долоо хоногтой айлд өргөгдсөн тэрээр 1978 оноос эхлэн мал маллаж, 1989 онд МУ-ын Аварга малчин хэмээх эрхэм алдрын эзэн болсон аж. Түүний хичээл зүтгэл хөдөлмөрийг үнэлж, Хөдөлмөрийн Хүндэт медалиар хоёр удаа, Засгийн газрын хүндэт жуухаар нэг удаа, АХ-ын 60,70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнаж байжээ.
Аварга малчны гэргийг Барчидгүнсэл гэдэг. Хурдан морь сонирхогчдын дунд “Бураа” хэмээн алдаршсан Пүрэвжав агсны төрсөн дүү. Эднийх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд нь цөм өрх тусгаарласан бөгөөд хоёр хөгшинд гар хөлийн үзүүрт зарагдаж, тусалдаг нь Мэргэнбаатар. Эднийх мал ахуй олонтой. Бодоо гэрийн эзэн, харин богоо гэрийн эзэгтэй хариуцдаг. Хариуцна гэдэг зөвхөн маллахын тухайд бус түүнээс гарах ашиг шим зэргийг хүртэх, захиран зарцуулах эрхийг эзэмшдэг гэнэ. Өөрөөр хэлбэл эзэн, эзэгтэй хоёрын санхүү тусдаа. Эзэгтэй Toyota Harrier маркийн машинаар хонио хариулна. Харин гэрийн эзэн Toyota Filter машин хөлөглөнө.
Дутагдах гачигдах зүйлгүй. Хотынхны хэрэглэдэг бүхнийг хэрэглэж, утаа униар, уур уцааргүй тайван орчинд амьдарч буйгаа гэрийн эзэн онцлоно лээ. Нээрэн ч мал маллах сэтгэл, ар ухаантай арчаатай нэгэн бол хөдөөд хотоос дутахгүй сайхан амьдарч болохыг эднийхээс харж болохоор.
Ийнхүү Л.Лхагва гуай бид цаг гаруй хуучилсаны эцэст ярилцлагаа өндөрлөн маргааш адуун дээр нь зураг авахаар тохиролцлоо
-Аваргын унасан газар, угаасан ус хаана билээ? Аав ээжийнхээ тухай яриач.
-Би 1956 онд Навааны Дамдинсүрэн гэж хүний хоёр дахь хүү болж төрсөн хүн. Намайг төрөөд долоо хоногтойд ээж маань ах Лхүндэвсамбуугаа хөлийг нь хучиж, голомтыг нь сахих хүнтэй болог гэхдээ өргүүлсэн гэдэг юм. Ээж маань одоо Сүхбаатар аймагт амьдарч байгаа. Ажаа маань өөрийн үр хүүхэдгүй, насаараа Алтанбулагийн хийдийн жүд унзад явлаа. Тухайн үедээ Хэнтий аймгаас тасарсан Өлзийт суманд одоогийн Алтанбулагийн хийд гэж байсан юм.Уг хийдэд өдгөө дуганых нь суурь, өөрийнх нь жижиг гэрийн буурийг чулуу суулгаад тойруулчихсан байдаг. Харин өргөсөн ээж маань Сүрэн гэж Хэнтий аймгийн Буянт сумын хүн. Буддын шашны ёс жаягаар л амьдарсан улс даа, хөөрхий. Би хоёр хөгшний зааж сургасны өнөөг хүртэл чадан ядан биелүүлж яваа л нэгэн. Миний сурагч байх үед буддын шашны номыг заана, заалгана гэхэд хэцүү цаг байлаа шүү дээ. Яахав ажаагийнхаа уншиж байгаа сонсож өссөн болохоор ой тойнд үлдсэн юм бий. Гэхдээ ажаа 1936-39 оны хэлмэгдүүлэлтийн үед хар хүн болж, монгол дээл өмсөөд, буу үүрээд цагийн эрхээр ан гөрөө хийж байна гэж уул хадаар явсан үе ч бий. Хэцүү цаг болохоор хүн харахад шашин номоо орхисон жүжиг ч гэмээр юмуу, одоогоор бол. Ажаагаас маань өнөөдөр надад Харлайн хошууны гол шүтээн Махгал гэж бурхан өвлөгдөн үлджээ.
-Цаг хэцүү үе байлаа гэсэн. Яаж танд ирсэн юм бэ?
-Хар нэр нь Гомбо, шашны нэр нь Махгал гэдэг бурхан байгаа юм. Алтанбулагийн хийдийн гол шүтээн болох энэ бурхан өнөөдөр нэг их олон биш болов уу. Мэдээж хэцүү цагт авч үлдэнэ гэдэг амаргүй байсан биз. Намайг мэдээ орсон хойно хадан дундаас гаргаж ирж байсныг тод санадаг юм. Тэгэхэд хав хар болчихсон байж билээ. Хэдэн ч жил болсон юм бүү мэд, хайрхан минь. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоймортоо залж, сэтгэлдээ шүтэж явна. Би чинь алсын аян замд гарах бүртээ бурхандаа мөргөж, хүрдээ эргүүлээд, зул хүжээ асаачихна. Тэрнээс илүү гарч байсангүй ээ. Хадгалах л үүрэгтэй хүн шиг байгаа юм.
-Хожим нь энэ талаар асууж сурагласан улс ирж байв уу?
-Зөндөө ирсээн. Хэд хэдэн томоохон хийдийн улс зарах уу гэж асууж ч байсан. Дундговийн Тагарваа хутагтын хийдээс зорьж ирсэн нь бий. Гэхдээ би зарж үрэх тухай хэзээ ч бодож байгаагүй. Би чинь 1982 оны МАХН-ын гишүүн байгаа юм. Тухайн үедээ намын гишүүн хүн ажил төрлөөрөө бусдыг манлайлсан, тэргүүний улс байлаа. Тэгэхэд аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн албан тушаалтнууд ирж, “танайд яахаараа энэ олон баринтагтай ном, бурхан байна вэ. Ямар учиртай юм” гэж асууж л байлаа. Би хаяж чаддаггүй. Зүгээр л хадгалдаг гэж хэлсэн. Түүнээс өөрөөр ороогдож элдэв юм болж байгаагүй ээ.
-Аав тань хар болоод ямар ажил хийж байв?
-Нэгдэл нийгмийн үед бусдын адил янз янзын мал малласан. Тэгээд намайг цэрэгт явсан хойгуур бурхан болсон. Харин өргөсөн ээж маань үүнээс хоёр жилийн өмнө мөн л өөд болоод байлаа. Ингэж өөрийн хүн болгон алган дээрээ өсгөсөн эх, эцэг хоёр маань байхгүй болж, өнчирсөн дөө. Би чинь 1974 оны цэрэг. Дарханы 111 дүгээр ангид алба хаасан. Одоо энэ Эрдэнэтийн овооны шавийг тавьж явлаа. Эндээс халагдаад, 1978 оноос Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд үхэр маллаж эхэлсэн.
-Та өөрөө үхэр авъя гэсэн юм уу?
-Тухайн үед бригадын дарга Лувсандоржийн Магсар гэж сайхан хүн ажиллаж байлаа. Тийм ээ, би хүсэлт тавьсан. Магсар гуай одоо 80 гарсан ануухан хөгшин энх тунх амьдарч байна. Тэгэхэд залуу ч байж. Өөртөө итгэлтэй байгаагүй ч үхрийг маллаад үзье л гэж бодсон. Би чинь амьдрах гэж яваа залуу хүн шүү дээ. Тэр үед сарын цалин нэг үхэр гурван төгрөг байлаа. Таван хошуу малаас хамгийн өндөр үнэлгээтэй нь. Эхэндээ 200 гаруй охин бяруу авлаа. Магсар дарга итгээд өгсөн болохоор итгэлийг нь алдчихалгүй ажиллахсан гэж их ч хичээсэн. Би эцэг шигээ санадаг сайхан буурал бий. Тухайн үедээ надаас болж удирдлагаасаа ганц нэг хатуу үг сонссон л байх. Баг хуралдаад түшиг тулгуур байхгүй, төлбөрийн чадваргүй, морин дэл дээр давхисан залуу хүүхдэд нэгдлийн үнэтэй цайтай таваарлаг суурийг өглөө. Чи арай том толгой гаргаж байна гэж. Гэхдээ надад өөрөө энэ тухайгаа ярьж байгаагүй л дээ, хөөрхий. Буурлын итгэл сэтгэл намайг амьдралд ийнхүү хөтөлсөн юм.
-Үхэр маллаад ямар ямар шагнал авч байсан бэ?
-Онд бүрэн оруулж, тав, зургаан жил сумын Энх сүрэгтэн болж байлаа. Дараа нь шат ахиж, хоёр жил дараалан аймгийн Энхсүрэгтэн болсон. Эндээсээ улсад материалаа явуулсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тэр үед маш олон үзүүлэлтийг харна. Тэр хэрээр шаардлага ч өндөр тавигдана. Онд оролт, тарга хүч, ашиг шим, төл бойжилт гээд л олон үзүүлэлтийг 100-гаас доошгүй хувиар биелүүлж байж сая шаардлага хангана. Би чинь 1988, 1989 оны ажлын амжилтаараа 1990 оны малчдын цагаан сар буюу нэгдэлчдийн баяраар улсын аварга малчин болж явлаа. Түүнээс хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, үхэр маллах ажил маань төгсгөл болсон. Дараа нь нэгдлийн суурин дээр
Баясгалант компани гэж байгуулагдаж, тэдний зуугаад үхрийг цөөн хэдэн жил малласан.
Хусуур сойзоор гоёсон хөгшчүүл уруу татаад моринд орсон
-Тэгвэл хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үе хэзээнээс эхтэй юм бэ?
-Хусуур сойзоор гоёсон хөгшчүүл уруу татсан гэх үү дээ. Миний ханийн төрсөн ах Бураа Пүрэвжав, Ембүү Пүрэвээ буюу Насангийн Пүрэвээ гэж улс бий. Мөн Баадуу Дорж, Осорын Банзрагч, бригадын дарга Магсарын эцэг Пэнс Лувсандорж гээд л адуунаас өөр юм ярьдаггүй мундаг уяачид эргэн тойронд минь байлаа. Бүүр моринд орохгүй байхын аргагүй болтол нь ярина шүү дээ. Одоогоор жинхэнэ өнгөтөөр ярина. Удаан сонсоод байхаар эдэн шиг уяач болмоор санагддаг юм билээ. Эд намайг үнэндээ огшоодог байсан л даа. Тэгээд ч нэгдлийн үлгэрчилсэн дүрэм гэж хатуу хуульчилсан эрхийн актын дагуу цөөхөн хэдэн адуутай явлаа. Энэ сайхан олон ахмад хүлэгчдийн дунд өсөж өндийж, яваа залуу хүн болохоор чадахаасаа чадахгүйгээ хүртэл морь уяад үзье гэж бодсон хэрэг. Ер нь монголын энэ сайхан хээр талаар, уурга бариад морин дэл дээр салхи татуулан давхиж, бас морь уяж наадахгүйгээр залуу насыг өнгөрөөнө гэдэг дэндүү уйтгартай шүү дээ. Тэр цагаас хойш 33, 34 жил өнгөрчээ.
-Ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-Манай хадам Пүрэвжав 1981 онд Дарамын алагийн эцэг азаргыг шүдлэнд нь өгч байлаа. Би шүдлэн хүрэн үрээ авна гээд, нэг хүрэн үрээг сонгосон ч өгөөгүй юм. “Өөрийнхөө адууг хүргэнээсээ арай илүү мэдэх байх. Энийг ав” гээд өнөө сонирхсон хүрэн үрээнээс биеэр жижигхэн, харахад ядруухан амьтныг бараг тулгаад л өгчихсөн. Би зөрөх эрх байхгүй шүү дээ. Хөөрхий өнөөх нь номхон амьтан. Харин ч эмнэгтэй ноцолдож байхаар зүгээр ч юмуу гэж бодлоо. Ингээд дараа жилээс нь уяж, өнөө аваргуудаасаа яахуу, ийхүү гээд асуугаад гүйж эхэлсэн. Тэд ч сэтгэл харамгүй хэлээд өгнө. Ингээд 1982 онд хүрэн хязаалангаа Мөнххаан сумандаа гуравлуулаад, өөр нэг шүдлэн хар үрээгээ тавлуулж анхны айргаа амсаж байлаа. Би ч сумандаа нааддаг байлаа. Одоо бодоход хол явах зүрх зориг дутсан шиг байгаа юм.
-Хаанахын хар шүдлэн бэ?
-Миний унаган үрээ байсан юм. Хар үрээг маань Мөнххаан сумын нэгдлийн орлогч дарга, ерөнхий нягтлан бодох, баг бригадын тоо бүртгэгч, даргыг насаараа хийсэн Монхоолой гэж хамаатны ахын хүү Энхбаатар унаж хурдлуулсан. Тэр үед шинэ уяач надад унаач хүүхэд олно гэдэг амаргүй. Ганцхан тэр ах маань надад итгэж, хүүгээ өгсөн болохоор баярлаад, хар үрээгээ бэлэглэсэн. Сүүлд нь Найман хар гэж сайхан азарга болсон л доо.
-Харин хүрэн азарга чинь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Хязаалан айрагдаад, 1983 онд соёолон Мөнххааны 60 жилийн ойгоор наймаар ирсэн. Тэгэхэд соёолонгийн уралдаан будилчихсан юм. Харин хавчиг зургаалаад, наймтай тавласан. Ер нь шинэ хүн гэдэг шинэ л байдаг юм байна лээ. Хүрэн азарганыхаа хөлийг эвгүйтүүлчихсэн. Надад олон ч сайхан хурдан төл өгсөн. Хадмын хайрласан хишиг буян дагуулсан шүү. Төлүүдээс нь Хадат хүрэн гэж сайхан азарга, өчнөөн олон гүү бий. Тэднээс олон хурд гарсан, сайн ч тарсан. Сүүлд Алтанбулагийн Батхүүгийн авсан хүрэн морь 1,5 саяын бооцоотой уралдаанд дөрөвлөлөө. Соёолон аймагт айрагдуулаад Батхүүд өгсөн юм. Бас Билэгийн хүрэн гэж бий. Дандаа л хүрэн азарганы угшлын адуунууд л даа.
-Алаг азарга хэд дэх төл нь вэ?
-Баадуу Доржийн алаг адууны гурав дахь үеийн гүүг хүрэн азаргандаа хураалгаад гарсан төл байгаа юм.Алаг гүү 1978 онд Дорж гуайн адууны алаг азаргатай нийгэмчилгээнд ирсэн. Тэгээд хадам Пүрэвжав ах нэгдлийн суурь адуу хариулж байгаад 1990 онд хувьчлалын ягаан тасалбараар алаг азаргатай адуу ирсэн юм.
Ер нь Баадуу Доржийн анхны алаг азарга 1964,65 онд даага, шүдлэндээ Мөнххаанд түрүүлсэн үеэс Баадуу алагийн үндэс орон нутагт тавигдсан. Баадуу Дорж чинь одоогийн Сүхбаатар сумын хүн. 1950 онд Бүрэнцогтын Өнгөт металийн уурхайд ажилчнаар ирж энд суурьшсан гэдэг юм. Би чинь Бүрэнцогтод дунд сургуульд сурч байлаа. Одоо бодоход морь уяхаас өөр ажил хийж байгаагүй хүн байж билээ. Их ч сэргэлэн. Хэлэх гэснээ айхтар хэлнэ, худлаа ярихгүй. Мундаг хүн дээ.
Мэдээж би үр хүүхдүүдээс нь илүүг ярина гэж юу байхав. Гэхдээ л хүүхэд байхаасаа айл аймаг явсан болохоор түүний тухай мэднээ. Намайг бас их тооно, хөөрхий. Олон ч сайхан хурдыг бэлэглэсэн. Би өөрөө худалдаж авсан нь ч байна. Түүний хурдан хээр алаг азарганы угшилтай өчнөөн адуу бий.
-Ингэхэд та алаг азаргаа Дарам ахад хэдтэйд өгсөн юм бэ?
-Би өгөөгүй юмаа. Шүдлэн үрээ хулгайд алдчихсан. Одоогийн Архустай, Эрдэнэ сум байгаа тэр нутагт Биндэр, Дадал, Ширээтийн Малины адуу ирж явна гэсэн сургаар Дарам амдаж очсон юм байна лээ. Тэгээд хязаалан үрээ 50,000 төгрөгөөр авсан гэдэг.
-Та түүнд үнэнээ хэлээгүй юм уу?
-Үгүй ээ. Ямар Дарам өөрөө авчихсан биш. Би өөрөө л алдчихсан юм чинь. Битүү үрээ байсан юм. Тухайн үедээ ч мэдээгүй л дээ. Хэнтийн Дадал сумын харьяат, Моннис группийн уяач Дарамын нэр дээр улсад түрүүлсэн хойно нь мэдсэн. Ингээд бид холбогдож, өнөөг хүртэл адуугаар нөхөрлөж явна.
-1984 онд АХ-ын 63 жилийн ойгоор шаргал хязаалан айргийн таваар орсон гэсэн. Ямар удам угшилтай адуу юм бэ?
-Баадуу Дорж гуайгаас дааганд авсан юм. Уяачийн эгнээнд элссэн 1982 онд эмнэг догшин нэлээн хэдэн адуу уялаа. Тэр үед хөгшинтэйгээ 7-р сарын 2-нд тасгийн үнээний хоёр саалийн хооронд Бүрэнгийн уурхай орно гэж мотоцикльтой давхидаг юм. Тэгэхдээ Дорж гуайн гадуур өнгөрвөл тэднийх аль хэдийнэ наадмын уяагаа эхэлчихэж. Хөөрхий хань ижил нь өөд болоод, Сайнбаяр, Батсайхан хоёр хүү нь цэргээс халагдахыг хүлээгээд ганцаардсан маягтай сууна. Тэгсэн дүүгээ жил морь уяж байгааг дуулаад их баярласан. Ашгүй чи өөрөө хүрээд ирлээ. Би чамд энэ исгэл шарга даагыг өгье. Чи азарга тавиарай. Хүүхдүүд цэргээс ирэх болчихлоо. Эх нь байхгүй юм чинь ядаж тэрлэг авч тавъя даа. Чи 500 төгрөг бэлнээр өгч чадах уу гэлээ. Шарга даага чинь Борхүүгийн хүрэн гүү, Дамба гуайн шарга азарганы төл байгаа юм. Тэгэхэд уягдаж байсан даага. Ингээд тэр жилээ давхиад арваар ирсэн. Тэгэхэд манай хадам Пүрэвжав сумандаа аваачиж мордуулсан нь тэр. Харин 1983 онд шүдлэн 60 жилээр аман хүзүүдээд, хязаалан тавлаж, соёолондоо азарганд хазуулаад өнжөөд, ахиад долоотой өнжсөн. Ингээд наймтай түрүүлсэн түүхтэй. Бас л Дорж гуай өгсөн хурдан буянгуудын нэг дээ. Төлүүдээс нь ч зөндөө орж, олон ч хүн авсан. Батхүүд миний хөгшин шаргын төл гүүнээс гарсан алаг азарга очсон нь одоо Төв аймгийн Алтанбулагийн Хадбаатар гэдэг залууд байна. Бас шарга азарганаас төрсөн Жаргаагийн шарга ч хурдан амьтан. Суманд олон орсон азарга байгаа юм. Өөр ахиад хурдан шарга морь, Монхор шарга гэж их сайн азарга байлаа. Гадагшаа гарснаас Гончигжавын Алтангэрэл буюу Лоолой Алтангэрэлд халиун даагаа түрүүлгээд өгсөн. Одоо ч зарим нэгийг нь мартжээ.
-1985 онд ямар амжилттай наадав?
-Тэр жил хонгор шүдлэн түрүүлгэсэн. Дамдинсүрэн гэж хүнд би саарал морь гурван адуунаас зарсан юм. Тэгсэн 1985 оны намар агталчихсан шүдлэн хонгор үрээ, нэг мориныхоо өрөнд авахгүй биз гээд ирлээ. Би ч аваад суманд уяж түрүүлгээд 1986 онд нь хязаалан дахин түрүүлгэсэн. Тэр жил бас хээр алаг шүдлэнгээ ч түрүүлгэж одтой наадсан. Энэ хонгор адуу Мөнххааны хөх Цэвээний хүрэн гэж хурдан хүрэн азарганыугшилтай юм билээ. Эгэлгүй хурдан хонгор адуу байлаа. Даанч би соёолонд нь хөлийг нь гэмтээчихсэн. Харин алаг шүдлэнг Дорж гуай дааганд нь дөрөвлүүлчихээд надад 2000 төгрөгөөр зарсан юм.
-Алаг азарганых нь угшилтай байх нь ээ?
-Тиймээ, алагийн угшилтай. Шүдлэн түрүүлээд, хязаалан дөрөвлөөд, соёолон гуравлаж, хавчиг долоотой өнжөөд, наймтай тавд орсон. Түүнээс хойш өрөөсөн нүд нь эвгүй болчихоод дахин уяагүй.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгэд байв?
-Хэд хэд орсон ногоон морь байлаа. Уулбаянгийн Борноо Самдангийн Далиун ногоон гэж адууны угшилтай. Би суманд хоёр удаа аман хүзүүлгэсэн. Тэгэхэд Түвдэнгийн Сүхээгийн хүрэн хоёр жил түрүүлээд байлаа. Үүнээс гадна 1989 онд алаг даагаа түрүүлгэсэн. Дорж гуай ногоон морины төрсөн дүү хээр гүүг “би адуундаа аваачиж, анхных нь алагийн төл алаг азаргандаа хураалгаад муу дүүдээ эр ч бай, охин ч бай нэг юм хаяж магадгүй” гээд аваад явчихлаа. Самбай цагаан хээр алаг азарга байсан юм. Түүнээс жилийн дараа хэзээ мөдгүй унагалах шахсан гүү Сайнбаяраар хөтлүүлээд манайх руу явуулсан нь удалгүй унагалсан. Ингэж 1988 онд хээр алаг унага төрж байлаа. Дараа жил нь сүүгүй даага суманд аман хүзүүдэж, манай хадам Пүрэвжавын сүүтэй улаан даага түрүүлсэн. Тэр жил манай бригад сумандаа зургаан түрүүтэй наадаж билээ. Пүрэвжав гурав, Сайнбаяр хоёр, Цэвээний Бат-Эрдэнэ халтар соёолонгоо түрүүлгэсэн юм. Улмаар зургаан түрүүний баяраа бригад дээрээ нижгэр тэмдэглэсэн.
Бас ногоон морины төрсөн дүү хар азарганы төл будан азарганаас их насны олон морь төрсөн. Будан үрээг шүдлэн тавлуулаад, хязаалан түрүүлгэж, соёолон наймд оруулаад, хавчиг дөрөвлүүлснээс хойш уяагүй.
-Хожим яаж давхисан бэ?
-Хожмоо Соёмбо гэж алдартай алаг азарга болсон. Гурав түрүүлж, гурав аман хүзүүлж, хоёр удаа гуравласан. Төлүүд нь ч сайхан давхисан.
-Тэгвэл 1986 онд ямар амжилт гаргав?
-1986 онд Өвгөн хүрнээ тавлуулсан. Мөн эрээн хамартай хүрэн хязаалан тавлуулж, хонгор хязаалан түрүүлгэсэн. Энэ жил сумаас хоёр түрүү, дөрвөн айраг авч байлаа. Дорж гуайгаас 2000 төгрөгөөр авсан алгаа шүдлэнд түрүүлгээд, Банзрагчийн Дамдинсүрэнгээс агталчихсан шүдлэн хонгор үрээг түрүүлгээд дараа жил нь ахиад түрүү магнай болгосон. Харин шарга азарга, ногоон морийг их насанд тус тус аман хүзүүдүүлээд, хүрэн хязаалан тавлуулсан. Чанцалын хүрэн гэж энэ хүрэн үрээг би Түвшинширээгийн Түгжамба гэж эхнэрийнхээ хамаатан болох моринд дуртай сайхан хүнд өгсөн юм. Харин 1988 онд шарга азаргаа түрүүлгэж, хүрэн даага, цоохор шүдлэн тус тус аман хүзүүдээд, алаг соёолон гуравлаж нэг түрүү, гурван айрагтай наадсан. Түүний дараа жил буюу 1989 онд Соёмбо алаг соёолонгоо аман хүзүүлгэсэн. Ер нь миний уяж байсан морьдоос шарга азарга, Соёмбо алаг, хээр алагийн амжилт нэлээн жин дарна шүү.
-Аймаг, сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Жараад айраг түрүүтэй болоод байгаа. Би чинь сумын анхны цолтнуудын нэг болж байлаа.
-Өнөөдөр танай адуунд ямар ямар угшлын адуунууд байна вэ?
-Баадуу, Босоо, Тайж, Банди, Борноо Самдангийн Далиун ногоон, Өлзийтийн Борын ногоон гээд л байна шүү. Миний ногоон морины төрсөн эх шарга гүү Борын ногооны гүү байсан юм. Ер нь Мөнххааны урдаа барьдаг бүх угшлаас бий. Тэр дундаа шар Рэгзэнгийн халзан гэж хонгор халзан азарга, Дагмид мээрэнгийн цоохор хонгор гээд л. Мөнххааны шар Рэгзэн гэж хүн баян Совд, хув Дагва гэж Орлойн хоёр агуу том уяачийнд хүргэн орж байсан юм гэнэ лээ. Ингээд Уулбаянаас хонгор халзан үрээ хөтөлж ирээд эр төлүүдийг нь мөнгө хатуу байхад 500 төгрөгөөр зарж. Эндээс Доржоо Лувсанжамцын хүрэн, хүнхэр Ёндонгийн халзан, нүдэн Зундуйн саарал, пэнс Лувсандорж гэж бригадын дарга Магсарын аавын Мөлүү хонгор зэрэг Мөнххааныг дамжаад олон азарга төрсөн. Эндээс Доржийн Лувсанжамцын хүрэн азарганы угшлаас одоо надад бий. Миний түрүүн ярьсан унаач хүүдээ өгсөн хар азарга, жижиг Батмөнхийн хар, сахал Жанжаагийн хар нар яах аргагүй Лувсанжамцын хүрэн азарганы төл. Одоо ч Жанжаагийн харын удам явж л байна. Одоо ингээд бодоход миний эргэн тойронд дандаа л адууны улс явж ирж. Тиймдээ ч тэд надаас адуу авна, би өгнө гээд сайн адуутай болсон гэж боддог.
-Тэр үед сайн адуу ямар ханштай байсан бэ?
-Дээхнэ бол 1000 төгрөг бэлэн өгөөд авна гэдэг ховорт тооцогддог байлаа. Наяад онд гэсэн үг шүү дээ. Гэхдээ би тэр үед бэлэн мөнгөөр адуу авч чадаагүй. Нэгдлийн үхэр гэдэг сайхан буянтай амьтныг маллах болсноор ажил амьдралтай залгасан хүн юм чинь. Тухайн үедээ дээд тал нь 3000 төгрөгийн цалин авч байлаа. Өнөөдөр энэ нь хөдөлмөрийн дэвтрийн маань цэсэнд түүх болон үлдэж дээ. Тэгээд яахав адуунд дуртай болохоор цалингаа түүнд зарцуулна. Эр, охин нийлсэн 100 гаруй адуу авсан байх шүү.
-Тэгвэл одоо танаас адуу авах гэж хүмүүс их ирдэг байх даа?
-Тоогоор бол миний авсан зарсан хоёрын зарсан нь цөөхөн. Би ч 30,40 саяас илүү үнээр адуу зарж үзээгүй ээ. Адуу хэмээх хийморилог амьтны буян хишгийг юу гэж голохов. Сайн адууны буян хишгийг бишгүй хүртсээн. Тэрнээс миний сайных гэж юу байхав. Захын хүн миний дайтай уячихна шүү дээ.
Надад ахадсан сайхан амьтдыг уяж явлаа. Одоо ч нас хэвийлээ дээ. Тэгээд ч өнөөдөр морь уяхад материаллаг бааз, хөрөнгө санхүү их нөлөөлдөг болж.
Үнэндээ морь уяж чадахгүй болоод байна. Гэхдээ дуртай юм болохоор яаж зүгээр байхав. Зундаа адуучинтайгаа элбээд, үр хүүхэдтэйгээ хамжаад сонирхлоо дараад авчихнаа. Адуунаас хол байгаагаар өөрийгөө төсөөлөхгүй аргагүй юм чинь. Би өнөөдөр ч морио унасаар л явна. Мориноос өөр унаа унаж чаддаг гэж хэлэхгүй.
2014 онд манайхаас энд тэнд таван их насны морь орсон юм. Одоо манайтай айл байгаа Дарамрэнчинд Соёмбо алагийн төл халиун алаг морийг өгсөн нь Хөлөнбуйрт түрүүлсэн. Нөгөө нь Налайхын дулааны цахилгаан станцын даргаар олон жил ажилласан Загдсүрэнгийн Болдбаатар гэж инженерт будан морь өгсөн нь Налайхад гуравлаж, Эрдэнэд түрүүлсэн. Дунд хүргэн Ойдов маань манай адууны хүрэн халзан морийг Хэнтий аймагт аман хүзүүдүүлж, саарал морио түрүүлгэсэн. Бас нэг зээрд морийг манай адуучин уяж, охиноороо унуулаад Түмэнгийн 60 жилээр гуравлуулсан. Ингэж манай адууны таван унаган адуу орж одтой сайхан наадсансан.
-Та адуу олонтой юу?
-Айхтар олон нь юу байхав. Хүүхдүүдтэйгээ нийлээд 400 гаран адуу бий.
-Танай хүүхдүүдээс уяа сойлго тааруулж байна уу?
-Би гурван хүү, гурван охинтой. Бүгдээрээ л морь маланд дуртай улс. Гэхдээ морь сайн уяж байгаа нь алгаа. Зарим нь ч амьдралын шаардлагаар мориноос холдоод байх шиг. Яваандаа уяна биз дээ гэж горьдож байх юм.
-Таныхаар уяач хүнд, адуучин хүнд ямар чанарууд байх ёстой вэ?
-Мэдээж хамгийн нэгдүгээрт адуугаа хайрлах ёстой шүү дээ. Хоёрт адууг тохиромжгүй үед нь унахыг би хэзээ ч зөвшөөрдөггүй. Үнэхээр өөрөө явах гээд дугтраад байвал юу юм гэхээс. Бэлэн биш мориор хол замд явж болохгүй. Ажил ч бүтэхгүй, морио ч баллана. Адуу эдлэх, адууны соёлын талаар та бид хоёр энэ орой яриад барахгүй л дээ. Тухайн үеийн адууны онд оролт, тарга хүч, эрүүл мэнд, хөл бүрэн бүтэн байх, ямар нэгэн зовиургүй, зүрхнийх нь ажиллагаа хэвийн байгаа эсэх гээд л явж өгнө. Одоогоор бэлтгэл хангасан тамирчин шиг болгож байж морь явна. Мэдээж энэ бүхнийг эзэн өөрөө л мэднэ шүү дээ. Өөрөөр хэлбэл дасгалжуулагч мэднэ.
-Та залуудаа адуу маланд эрэмгий байсан байх даа?
-Шалихгүй ээ. Тухайн үеийн эрчүүдийн л адил адуунд эвсэлтэй явлаа. Ер нь адуутай харьцахад ухаан эв хоёр их хэрэгтэй. Тэрнээс бярдаад амжилтанд хүрэхгүй л дээ.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч илэн далангүй ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Өвлийн хүйтнийг ажралгүй хол зам туулан ирж, гэрт маань саатан, томчуудын энтэй хүндэтгэн ярилцсанд гүнээ талархаж байна.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
139.5.219.253
Мундаг ажилсаг уяа ч хүндээ Лхагва ах минь
Reply66.181.182.29
Myndag.uyach.ax.mini .shvv
Reply