Аймгийн Алдарт уяач Р.Мягмардорж: 18 жилийн хугацаанд улс бүсийн чанартай наадмаас долоон айраг, түрүү аваад байна

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 12 -нд

Хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан 18 жилийн хугацаандаа төрийн хишигт наадмаас хэд хэдэн айраг хүртээд буй хийморилог эрхмүүдийн нэг нь Бугат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Равжирын Мягмардорж юм. Түүнтэй хангайн бүсийн уралдааны талаар ийн ярилцлаа.
-Шарга үрээгээ айргийн гуравт хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа талаарх сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаан Булган аймагт зохион байгуулагдахаар болж, аймгийн МСУХ-ны удирдлага, түүний гишүүд, уяачид маань сэтгэл зүтгэл гарган оролцож, тэр хэрээр уралдаан маань амжилттай сайхан боллоо. Миний морь түрүүлж, айрагдсан гэдгээсээ гадна ирсэн зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун, наадам маргаан мэтгээнгүй сайхан болсонд их баяртай байгаа.
-Та хэдэн насны морь мордуулсан бэ?
-Би гурван насны морь мордуулан  шүдлэнгээ айрагдуулан, их нас, даагаа 20 гаргаж давхиулсан. Шарга үрээ бол миний өөрийн унаган адуу. Эцэг нь хүрэн азарга, эх нь Дорнод угшилтай шарга гүү байдаг юм. Эх гүүг нь Эрдэнэтийн мах комбинатад өгчихсөн байхад нь би сольж авсан. Амийг нь аварсан болохоор тэгдэг юмуу надад хоёр ч сайхан хурдан хүлэг гаргаж өгсөн буянт мал. Энэ шаргын ах нь бас аймаг, сумандаа айрагдаж байсан адуу.
-Шарга үрээ дааган цагаасаа уралдаж байгаа юу?
-Тиймээ, өнгөрсөн жил улсын наадамд 10-аар, “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд долоогоор давхиад, Хишигжаргал Манлайн мялаалга наадамд их хол түрүүлсэн. Тэгээд энэ он гарсаар  Бугат сумын 90 жилийн ой болон Сайхан суманд болсон дөрвөн түмэн адууны баярт тус тус түрүүлж, хангайн бүсийн наадамдаа айрагдаад, ММСУХ-ны 20 жилийн ойд 11-ээр давхисан.
-Шарга үрээ тань аргагүй хурдан байсан юм байнаа?
-Тиймээ, миний урмыг тэтгэсэн олон сайхан хурдан хүлгүүд бий. Ах нь  нас болгон нийлсэн 20-иод морь уяж, аймаг сумдын наадмуудад оролцдог. Хурдан хүлгийн буянаар олонтоо баярлаж яваа эр хүн. Эрдэнэтийн баяр наадмаас ч айраг авч л байлаа. МУ-ын Алдарт уяач Батчулуун гэдэг хүнтэй хамтран морьдоо уядаг. 18 жилийн хугацаанд улс бүсийн чанартай наадмаас долоон айраг, түрүү авсан байна билээ.
-Томоохон наадмын амжилтуудаасаа дэлгэрүүлээч?
- 2001 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон хаврын бүсийн уралдаанд миний соёолон айргийн гурваар давхиж байсан. Мөн анхны “Дүнжингаравын хурд”  уралдаанд бор морь маань гурваар давхисан. Сэлэнгэ аймагт болсон атар газар эзэмшсний 50 жилийн ойд бор морь маань аман хүзүүдэж, 2010 оны Дүнжингаравын хурдад таваар давхисан. 2013 онд болсон монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд хул морь маань  айргийн гуравт давхиж байсан амжилт бий.
-Тэрхүү уралдааны дараа  аймгийн Алдарт уяач цол хүртсэн үү?
-Үгүй ээ, би аймгийн Алдарт уяач цолыг аль эрт авсан. Одоо гаргаад байгаа амжилтаараа тооцож үзвэл энэхүү цолоо хэд хэдэн удаа батлаад байгаа юм. Би чинь 1999 оноос хойш морь уяж байгаа хүн шүү дээ. Түүнээс өмнө бол хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас  хүртэж байсан бэ?
-1997 онд хавчиг хээр морь аваад Эрдэнэтэд болсон хаврын уралдаанд айрагдуулсан. Ах нь олон сайхан хурдан буянг үнэ хайрлахгүй авсан хүн. Манай Батчулуун Алдарт “морь авсан хүн хоосордоггүй юмаа” гэдэг. Тэр нь ч үнэн юм билээ. Харин ч олон сайхан нөхөдтэй болж, хаа ч очсон Алдарт борын эзэн гээд андахгүй шүү дээ.
-Алдартын борынхоо талаар жаахан дэлгэрүүлээч?
-Дорнод аймгийн Дашбалбар сумын унаган адуу. Энэ хавьдаа олон түрүүлсээн. Улсын бүсийн наадамд гэхэд гурав, дөрвөн удаа айрагдчихаад  байгаа миний хамгийн хайртай хүлэг. Хөлгүй болчихсон дахиад уралдахааргүй боллоо гэж байхад нь би аваад 10-н хэдэн жил сайхан уралдаж байна. Уяач хүний хамгийн гол чанар бол морио хайрладаг байх.
-Тэгэлгүй яахав. Морио зөв унаж эдлэх, арчлах гамнах гэдэг том соёл шүү?
-Миний аав МУ-ын сайн малчин олноо “өртөө” хэмээн алдаршсан Равжир гэж хүн байсан. Өртөөний адууг олон жил малласан л даа. Аав маань морийг маш сайхан унаж эдэлдэг байсан. Морин дээр хэрүүл хийж, хэл ам татлахыг цээрлэдэг. “Морин дээр хэзээ ч хэрүүл хийж болдоггүй юм шүү миний хүү, морь гэдэг чинь хүний бүх зовлонг хааж явдаг буянтай амьтан шүү” гэж захидаг байсан учраас зарим нэг шударга бус явдал дээр ч гэсэн дуугүй л өнгөрдөг дөө. 
-Зарим нэг шударга бус явдал гэдэг нь ...
-Адууг үүлдэр угсаагаар нь ялгадаг дүрэм журмын тухайд би жаахан сэтгэл дундуур явдаг юм. Түрүүлж айрагдсан морийг хасахаас эхлээд уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, наадмын үнэ цэнийг унагасан явдлууд цөөнгүй гарч байна шүү дээ. Нэг хэсэг нь адуугаа эрт эрлийзжүүлж тэр адуугаараа уралдан Тод манлай, Манлай цолонд хүрчихээд одоо болохоор түүнийхээ эсрэг дуугараад байгааг би ер ойлгодоггүй юм. Үнэхээр ялгах ёстой юм бол, үнэн зөв ялгах хэрэгтэй. Тэгэхгүй хувь хүний үзэмжээр асуудалд хандаж болохгүй шүү дээ. Би үүнийг л хэлээд байгаа юм. 
-Та шинэ цагийн адуу олонтой юу?
-Бий, бий. Бусдын жишгийг дагаад Англи, Буддённый үүлдрийн азарга авч, үржил хийж байна. Морин уралдааныг идэвхжүүлж, монгол адууны чанрыг сайжруулахын тулд гарцаагүй эрлийзжүүлэн цус холдуулах ёстой гэсэн бодолтой явдаг хүн дээ.
-Аймгийнхаа МСУХ-ны бодлого, үйл ажиллагааны тухайд ямар бодолтой явдгийг тань мэдмээр байна?
-МСУХ гэдэг сайн дурын үндсэн дээр нэгдсэн ТББ. Өөрөөр хэлбэл морио дээдэлдэг, монгол ёсоо эрхэмлэдэг эрчүүдийн сайн дурын нэгдэл юм. Би аймгийнхаа морин спорт уяачдын холбооны явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг.
-Ярилцсанд баярлалаа.

"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна