“Булганхангай” МСУХ-ны тэргүүлэгч Б.Ууганбаяр: Хангайн бүсийн уралдаанд улс, аймгийн цолтой 200 гаруй уяач ирж хурдан хүлгийнхээ тоосыг өргөсөн

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 11 -нд

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны бүртгэлийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Б.Ууганбаяраас цөөн асуултанд харилт авснаа уншигч танаа хүргэе.
-Хангайн бүсийн уралдааны бэлтгэл маш богино хугацаанд хангагдсан. Таны хувьд ямар үүрэг хүлээж байсан бэ?
-“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаан Булган аймагт зохион байгуулагдаж  буй анхны Засгийн газрын тогтоолтой зуны бүсийн уралдаан гэдгээрээ онцлог  юм. Булган аймгийн МСУХ өөрсдийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийн хүрээнд хангайн бүсийн уралдааныг гардан амжилттай зохион байгууллаа. Миний хувьд “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны бүртгэлийн хэсэгт ажилласан. Уралдааны эмх цэгц, зохион байгуулалт бүртгэлийн ажлаас ихээхэн хамаарна шүү дээ. Тэр ч утгаараа манай ажлын хэсгийнхэн ажилдаа онцгой анхаарч өөрсдийн хэмжээндээ бэлтгэлээ базааж ажилласан.
- Бүртгэл хэзээнээс эхэлсэн бэ?
- Уралдаанаас нэг хоногийн өмнө эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, үүлдэр тогтоох болон шүдлэх комисс, нас насны даамал зэрэг холбогдох ажлын хэсгийн хүмүүст морьдын бүртгэлийг шаардлагатай үед нь шуурхай гарган өгөх бүхий л бололцоо нөхцлийг хангасан байсан. Бид морьдыг бүртгэхдээ дараа нь үүсч болох нөхцөл байдлыг тооцож уяач болон эзэнтэй нь холбогдох утсыг нэг бүрчлэн тэмдэглэж авсан. Тэр маань бай шагнал олгохоос эхлээд олон зүйл дээр хэрэг болсон. Бүртгэл дээр хийгдсэн өөр нэг шинэлэг зүйл бол морины эзэн, уяач, уралдаанч хүүхдийн энэ жил  гаргасан амжилтыг мөн тэмдэглэж авсан. Энэ нь морь барианы газар байгаа үзэгчдэд нэмэлт тайлбар хийхэд их тус болсон л доо.
-Хангайн бүсийн уралдаанд хэдэн аймгийн уяачид оролцсон бэ?
-Булган аймгийн уяачид уралдааны тогтоол гарсан цагаас эхлээд бэлтгэлээ базаасан. Харамсалтай нь уралдаан болох эсэх  тухай асуудал гарч, шийдэгдэхгүй хугацаа алдснаас болоод оролцохоор төлөвлөж байсан уяачдын нэлээд нь ирж чадаагүй байх магадлалтай. Гэхдээ бүртгэлээс харахад есөн насанд 12 аймгийн 815 хурдан хүлэг хурд шандсаа сорьж уралдсан байна лээ. Эдгээрийн дотор улс, бүсийн наадамд түрүүлж , айрагдсан хүлгүүд нэлээд байсан нь ямархан чансаатай уралдаан болсныг илтгэх байх.
-Жишээлбэл улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан ямар хүлгүүд ирсэн байсан бэ?
-Зөвхөн энэ жилийн баяр наадмын тухайд яривал их насны морьдын уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хамар цагаан хээр морь, шүдлэнгийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн халзан, соёолонгийн уралдаанд айргийн тавд хурдалсан Булган аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хээр, азарганы уралдаанд зургаад хурдалсан МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн хонгор, хязаалангийн уралдаанд наймд хурдалсан Д.Ганхуягийн сартай халтар  зэрэг хурдан хүлгүүд ирсэн.
-Улсын цолтой уяачид цөөнгүй очсон дуулдсан?
-С.Ганхуяг, Д.Цэрэнжигмэд, Ч.Ганзориг, Ц.Батсайхан нарын Тод манлай уяачид, Ц.Цэнгэл, П.Мэндбаяр, Д.Хишигжаргал, Ц.Цэнд-Аюуш. Г.Батчулуун, Н.Даш-Өлзий, Д.Жаргал, Т.Батцоож нарын Манлай уяачид, А.Ариунсайхан, Г.Доржпүрэв, Д.Дэлгэрбаяр, Алтансүх нарын улсын Алдарт уяачид  мөн орон нутгийн дээд цолтон буюу аймгийн Алдарт цолтой  110 гаруй, сумын Алдарт цолтой 60 гаруй уяач ирсэн байна лээ. Өөрөөр хэлбэл нийтдээ улс, аймгийн цолтой 200 гаруй уяач ирж хурдан хүлгийнхээ  тоосыг өргөсөн.
-Хангайн бүсийн уралдаанд Булганчууд одтой сайхан наадацгаасан. Түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд өмнө нь орон нутгийнхаа наадамд амжилт үзүүлж байсан уу?
-Уралдааны статистик тоо баримтаас харахад Булган аймгийн уяачид өндөр амжилт гаргасан байна лээ. Манай уяачид хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 10 айраг хүртсэн. Эдгээр хүлгүүдийн дунд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд нэлээд бий. Ийнхүү амжилттай сайхан наадсан нь манай уяачид улс, бүсийн хэмжээнд гарч уралдахад эмээх зүйлгүй болсныг харуулж байгаа юм. Азарганы уралдаанд түрүүлсэн Зоригоогийн бор азарга  гэхэд наадмын дараа “Хүрээ цам” даншиг наадамд аман хүзүүдсэн.  Азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батсайханы Салхин саарал азарга  бол Сайхан суманд болсон дөрвөн түмэн адууны баярт түрүүлж, “Хүрээ цам” даншиг наадамд айрагдсан адуу. Дөрөвт хурдалсан Баяннуур сумын харьяат Ганбатын хүрэн азарга бол улсын наадамд 35-р давхисан хүлэг. Хангайн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн Баяннуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач Содном гуайн хувьд  өнөө жил их өнгөтэй сайхан наадаж байгаа. Хаврын Засгийн газрын тогтоолт “Дүнжингаравын хурд” уралдаанд хар азаргаа айргийн дөрвөөр давхиулаад ирсэн. Хангайн бүсэд хар азарга, ухаа даага хоёр нь айрагдаж, тэрхүү амжилтаа ММСУХ-ны 20 жилийн ойд мөн баталсан. Ийнхүү хангайн бүсийн уралдаанд амжилт дүүрэн наадсан Булган нутгийнхаа уяачдыг дараа дараагийн  том наадмын өмийг нээлээ хэмээн бэлгэшээж байгаа.
-Санал нэг байна. Уяачдын чадвар, адууны чанар  сайжирсаныг та хувьдаа юутай холбон ойлгож байгаа вэ?
-Олон хүчин зүйл бий. Хамгийн эхлээд уяачид маань дор бүрнээ адуугаа чанаржуулах бодлого барьж, уяаны арга барилаа сайжруулж байна. Түүн дээр нь аймгийн МСУХ-ноос явуулж буй бодлог, зохион байгуулж буй уралдаанууд ихээхэн түлхэц болж буй гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Булган аймгийн МСУХ жилдээ 5,6 уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Тамирчин хүнд байнгын бэлтгэл, тэмцээн уралдаан чухал байдаг шиг уяачдын хувьд ч гэсэн тогтмол уралдаанууд тэднийг өсч дэвжих боломжоор хангаж байдаг.
-Сайхан хариулт байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.

"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна