МУ-ын Манлай уяач, төрийн Жүн ван Г.Цэрэнсандив агсны тухайд...

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 04 -нд

1852 оны хар хулгана жилд мэндэлсэн Гунгаадоржийн Цэрэнсандивыг 1860 онд ор залгуулан Боржигон Сэцэн вангийн хошуу ноёноор өргөмжилсөн агаад тэр үе нь Боржигоны богино хөлт гэх бэсрэг угшлын адуу бүрэлдэн тогтсон он цагтай нийцдэг.
Өөрөөр хэлбэл энэ үеэс Боржигон Сэцэн вангийн хошуу нутгаар овоглосон хурдан хүлгүүд  даншиг наадамд дээгүүр давхисан нь түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Жишээлбэл 1862 оны наадамд Сэцэн бэйл Цэрэнсандивын соёолон улаан хээр морь наймаар давхиж, 1865 оны наадамд их насны хөх саарал морь мөн л наймд хурдалж байжээ. Түүний дараа жил буюу 1866 онд их насны шарга морь долоод, шар соёолон гуравт давхисан бол 1868 оны даншиг наадамд халиун соёолон, зээрд халзан хязаалан тус тус айрагдсан байна.  XIX зууны сүүлийн хагаст Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав өөрийн нутаг хошуунд хурдан удмын адууг бий болгох, өсгөх, үржүүлэх талаар өргөн далайцтай, бодлоготой үйл ажиллагаа явуулж, зэргэлдээ хошууны ноён Цэрэнсандив ч нутгийн адуугаа сайжруулахад түүнээс дутахааргүй анхаарах болсон хэмээдэг. Цэрэнсандив ноёнд морь уях сойх тал дээр нь ихэд зөвлөж шадарладаг байсан хүн бол хожмын нэрт уяач, хурд шинжээч Ононмөр хаван юм. Тэд хамтын хүчээр бодлого боловсруулж хувь хувийн хөрөнгийн зохих хэсгийн хөдөлгөн, албат зарц, адууч, хүлэгч нарын хүчийг нарийн зохион байгуулж, адууны аж ахуй ялангуяа хурдан морины соёлыг орон нутагтаа хөгжүүлэхийг ихэд эрхэмлэн, Бишрэлт зэрэг зэргэлдээх хошуудаас адууныхаа цусыг сайтар харилцан сэлбэсний үр дүнд хүсч байсанчлан цөм сүргийг бүрдүүлж чадсан юм. Түүнчдэн тэд адуун сүргээ олон суурьт хуваан, даамлуудад хариуцуулаад, сүргийн бүртгэлийг нарийн чанд хөтөлж, үржлийн ажлыг бодлоготой зохион байгуулдаг байсан гэдэг. Тухайлбал архивын баримтанд “Олноо Өргөгдсөний 3-р /1913/ оны намар цаг Лувсандоной дахь ноён таны адуун сүргийг тоолсон данс”-нд: байрин хонгор, шандсан хонгор, оонон хонгор, сайхан хул, шар хул хээр, нарийн хонгор, шагай хонгор, тунсаг хонгор, арслан хонгор, бүлтгэр хонгор, мундаа хонгор халзан зэрэг 30 азарга адууны гүү, унага даага, үрээ байдас, агт морьд цөмийг зүслэн бичээд тоог нь нэгтгэн гаргасан нь 629 адуу болжээ” хэмээн бичсэн байдаг. 
Мөн зарим жилд 11 азарга шинээр тавьж тэдгээрт 121 байдас хураалгасан тухай баримтуудыг ч архиваас олж харж болно. Түүнчлэн адуугаа зүсээр нь ялган суурилаад, байдсуудыг ижил зүсийн сүргийн азарганд хураалгаж байсныг мэдэж болно. Өөрөөр хэлбэл зээрд зүсмийн адууны гурван суурь байсан агаад азаргануудыг нь Өсөх зээрд, Өрнөх зээрд, Чойлон зээрд хэмээн нэрийддэг байжээ. Түүнчлэн Их агт, Бага агт, Их хурдан, Бага хурдан хэмээн ялгасан шигшмэл суурь адуу ч байсан аж. Товчхондоо Г.Цэрэнсандив ноён  хошуу нутгийнхаа адууны чанар чансаа сайжруулахад өөрийн хөрөнгө мөнгө, цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж байсан Монголын морины түүхэнд тодоор бичигдэх зүтгэлтнүүдийн нэг яахын аргагүй мөн юм.
Г.Цэрэнсандив нь 1860-аад оны сүүлчээс 1890-ээд оны дунд үеийг хүртэл 30-аад жилд адуугаа сайжруулах, уяаны оновчтой дэг сургуулийг нийтээр эзэмших явдалд голлон анхаарч, бүх нийтээр хурдан морийг эрхэмлэх сэтгэл зүйг бүрдүүлж чаджээ. Энэ хугацаанд түүний шадар уяач Ононмөр хаван нь халхын нэрт сайн уяачдын нэг болтлоо өсөж, Боржигоны хурдан морьд Даншигийн наадмын айргийн тавд баттай багтах болсон билээ. Жишээ нь: 1896 онд Сэцэнбэйлийн бор морь аман хүзүүдэж, бор соёолон, бор хязаалан хоёр нь түрүүлсэн байна. Мөн бас нэг бор хязаалан тавд давхисан байдаг. Ийнхүү гуравхан насны морьд уралдахад хоёр түрүү, хоёр айраг авсан нь адууны чанар чансааг илтгэж буй хэрэг бизээ.
Г.Цэрэнсандив ноёны хурдан морины түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2002 оны 12 сарын 18-нд Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос “МУ-ын Манлай уяач цолоор нэхэн шагнаж, мөнгөн судрыг үр хойчид нь хадгалуулсан байдаг. Манлай уяачаар шагнасан өргөмжлөлд “Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ажнай хурдан хүлгийг уян шинжих төгс эрдэмт, буянт буурал таны сойсон хурдан морьд 19-р зууны Монгол төрийн их баяр наадамд тав түрүүлж, 18 удаа айрагдсаны учир Сэцэн бэйл Г.Цэрэнсандив ноёнтон таныг Монгол Улсын “Манлай уяач”-аар өргөмжлөн Мөнгөн судрын хамт хошуу нутаг үр ач нарт нь хадгалуулав” хэмээсэн байдаг агаад тэдгээр нь өдгөө Говьсүмбэр аймгийн музейд хадгалагдаж байна.
МУ-ын Манлай уяач Г.Цэрэнсандив  сайн уяач, хурдан морины нэрт зүтгэлтнээс  гадна төр нийгмийн томоохон төлөөлөгч байв. Тэрээр 1874 онд богдын аав хэмээн хүндлэгдэж, “Эрхэт далай Сэцэн баатар, төрийг жолоодогч, шашныг мандуулагч Жүн ван” хэмээх цолоор шагнагдаж байжээ.
Богд хаан Г.Цэрэнсандив ноёныг “Ажаа” хэмээн дотночилж зуны дэлгэр цагт Боржигон нутагт дагшаалж амардаг байжээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.95

    Өвлийн дүн хүйтэнд ядуу ардад дулаан дээлээ тайлаад шууд өгчихдөг бурхан сэтгэлтэй ард олондоо бурхан ноён гэж хүндлэгдсэн ховорхон хүн байсан гэдэг

    Reply