Г.Тэмүүлэн: Монгол хүн морьтой, морь нь зүрхтэй байвал Монгол Улс хөгжинө

Тэлмэн
2015 оны 11-р сарын 16 -нд

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Архангай аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Г.Тэмүүлэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.  
-Төрийн наадмын түрүү хүлгүүдийн эзэнтэй уулзаж буйдаа талархалтай байна. Уяа эвтэй, морь хурдан сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Өнөө жил гантай, зуншлага тааруу байсан ч наадмын дараагаас бороо хур элбэгшиж байгаль дэлхий өнгө засан сэргэж байна. Зуншлага тааруу байсан болохоор халтар азаргаа Архангай аймгийн Хотонт сум руу явуулж сүүлийн 10 хоногийнх нь  уяаг тэнд тааруулаад, 9-нд Хүй долоон худагт авчирсан. Уг нь нас болгонд нэлээд хэдэн морь уясан ч байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалаад ихэнхийг нь тавих шив дээ.
-Хэдэн насны морь мордуулсан бэ?
-Төрийн наадамд 4 адуу мордуулсан. Тогоруу халтар маань түрүүлж, эрлийз дээд насны ангилалд бага халзан азарга маань арваар давхисан. Нөгөө 2 нь дундуур давхисан даа.
-Дөлгөөн хар уралдахгүй байгаа юм уу?
-Дөлгөөн хар 2012 оноос хойш уралдаагүй ээ.
-Яагаад?
-2012 оны  наадамд түрүүлснийхээ дараа Цагаан хөтөлд байхдаа  шөнө нь Батзориг ахын бор азаргатай ноцолдоод хойд хөлнийхөө үенд гэмтэл авчихсан юм. Одоо гэмтэл нь эдгэсэн хэдий ч уралдуулахгүй байхаар шийдсэн.
-Үр төлд нь анхаарахаар шийдсэн үү?
-Тиймээ. Эхний төл нь одоо шүдлэн болж байна.
-Уралдуулж үзэв үү?
-Үгүй ээ. Ерөнхийдөө сургаж, газар үзүүлэх  маягтай л байна. Хурдан юм байна лээ. Дааганууд нь  ч аятайхан байсан ч зуншлага тааруу болохоор нь тавьчихлаа.
-Дөлгөөн харыг Ганхуяг Тод манлай, Тогоруу халтарыг Эрдэнэчулуун Тод манлай уядаг байхаа?
-Тиймээ. Дөлгөөн хар, Тогоруу халтар гэх мэт баталгаатай адуугаа арай илүү туршлагатай уяачдаар уяулдаг. Өөрөөр хэлбэл, эрсдэл хийхгүйгээр уяаг нь илүү мэдэх уяачдаар нь уяулдаг. Энэ дашрамд, Тод манлай Эрдэнэчулуун, Бандгай Ганхуяг ах нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа хэлье. Сайхан ах нарынхаа буянаар сайхан наадаж яваа. Харин бусад морьдоо өөрсдөө Баянжаргаланд уяж байна.
-Нээрэн өөрсдөө уяж, нэлээд амжилттай нааддаг гэсэн шүү?
-Нэг жил Орхон аймгийн баяр наадмын гурван түрүү, дөрөв таван айргийг нь авчихаж байсан удаатай. Бүс, аймгийн чанартай наадамд өөрсдийн уясан морьдоо уралдуулахад түрүүлж, айрагдчихаад л байгаа юм.
-Улс, бүсийн наадамд уралдах хараахан болоогүй хэмээн үздэг хэрэг үү?
-Улсын наадамд өөрсдийн уясан морьд 10, 20 хавьцаа л давхиад байдаг юм. Хүн хүч муутай болохоор зорьж байгаад улсын наадамдаа л уралдуулдаг. Бүсийн болон өөр наадамд тэр болгон уралдуулаад байдаггүй ээ.
-Туслах адуучид бий биз дээ?
- Манай хамаатны хоёр, гурван дүү нар маань бий.
-Төрийн наадмын түрүү хүлгүүдийн эзэн ингэхэд хэдэн оноос улсын наадамд морь мордуулж байгаа юм бэ?
-Ер нь сүүлийн 15 жил төрийнхөө наадамд морь мордуулж байна. Үржил селекцийн ажил ч гэсэн тэр үеэс л эхэлсэн. Одоо манай адууны гурав дахь үе гарчихсан байна. Адууныхаа чанарыг сайжруулахад анхаарч байсан хүмүүс түүнийхээ үр шимийг амсаж сүүлийн жилүүдэд амжилттай сайхан наадаж байна шүү дээ.
-Энэ жилийн наадмаар илүү тод харагдлаа. Ингэхэд өнөөдрийг хүртэлх хамгийн сайхан наадам аль нь байсан бэ? Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа болохоор асууж байгаа юм шүү?
-Анхны юм болгон л сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа хамгийн анх төрийн наадамд морь айрагдуулсан 2009 он  их сайхан санагддаг. Гэхдээ түүнээс дутахгүй их баярлаж байсан нь 2006 оны наадам юм байна. Тэр жил миний шарга халзан үрээ улсад 11-ээр давхиж байсан юм. Халзан үрээ маань Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Шаарийбуу гуайн унаган адуу. Шүдлэндээ аймагтаа түрүүлж, айрагдчихаад ирсэн адуу л даа. Сая Өвөрхангай аймагт болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн төвийн бүсэд түрүүлдэг Бадамжунай дүүгийн маань халзан азарга миний шарга халзангийн төл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бадамжунайн халзан азарга манай унаган адуу. Эцэг нь сая ярьсан шарга халзан азарга. Эх нь тойруулга гаралтай хүрэн гүү байсан. Эцэг нь тийнхүү төрийн наадамд дээгүүр давхиж миний амжилтын гарааг эхэлж байсан бол одоо төл нь Засгийн газрын тогтоолт бүсийн ой наадамд хол сайхан түрүүллээ. 2007 онд унаган хээр даага маань Улсын наадамд 6-аар давхихад нь айрагдчихгүй гэж бодогдож байсан ч, Боржигоны бүсэд айрагдахад нь их баярлаж байлаа.
-Би хувьдаа 2009 оны наадмыг ярих болов уу хэмээн таамаглаж байсан шүү. 
-2009 онд Дөлгөөн хар маань даагандаа таваар давхиж төрийн наадмын анхны айргийг амсуулж байлаа. Хар үрээгээ цэнгэлдэхэд төрийн наадмын түрүү айргийн хүлгүүдтэй харьцуулж хараад зогсож байхдаа “олон жил сайхан наадах байхаа” хэмээн бэлгэшээж байсан тэр сайхан үеийг мартахын аргагүй л дээ. Улсын наадмын дараа хар үрээ маань Дорнодын зүүн бүсийн наадамд түрүүлж, анхны түрүүгээ хүртэж байсан.
-2010 онд аман хүзүүдээд, 2011, 2012 онуудад түрүүлсэн.
-Тиймээ. 2011 онд Дөлгөөн хар зөвхөн өөрөө түрүүлээд зогсохгүй шүдлэндээ дагуулж ирсэн халтар үрээ нь бас  түрүүлэн, 90 жилийн ойн төрийн наадмын хоёр түрүүг нэг дор хүртэж байлаа.  
-Бараан зүсмийн адуунууд илүүтэй хурдлаад байх шиг санагддаг уу?
-Ерөнхийдөө тийм шүү. Гэхдээ манай өөрийн унаган адуунууд хүрэн, хүрэн халзан  голдуу зүстэй болж байна даа. Зургаан насны хүрэн адуунууд уячихаад харж суух ч бас л сайхан шүү /инээв/. Зөвхөн улс, бүсийн наадамд 1-5 удаа айрагдсан тав, зургаан  хүрэн азарга манайд байна.
АЗ ХИЙМОРЬ ТЭТГЭГЧ АРГАМАГ ХУРДАН ХҮЛГҮҮДИЙН АМЖИЛТЫН ТОВЧОО
“Эрхэт төрийн идэр түмний эх” Дөлгөөн хар азарга
ММСУХ-ны хурдан моринд цол олгох журмын дагуу бага дөрвөн насандаа төрийнхөө их баяр наадамд завсаргүй түрүүлж айрагдсан хар үрээнд монгол төрийн үүрд амгалан оршихыг бэлгэдэж “Эрхэт төрийн идэр түмний эх” цол олгож торгон жолоо, алтан гэрэгэ хадгалуулсан билээ.
2009 онд даага:
-АХ-ын  88 жилийн ойн  баяр наадмын айргийн тав
-“Дорнод талын хурд-2009” зүүн бүсийн уралдаанд түрүү
2010 онд шүдлэн:
-АХ-ын  89 жилийн ойн  баяр наадмын аман хүзүү
-“Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдаанд түрүү
2011 онд хязаалан:
- АХ-ын  90 жилийн ойн баяр наадмын түрүү /эрлийз дунд насны ангилалд/
2012 онд соёолон:
-АХ-ын  91 жилийн ойн баяр наадмын түрүү /эрлийз дээд насны ангилалд/
Манлай халзан азарга
2010 он хязаалан:

“Эрдэнэт хурд – 2010” төвийн бүсийн уралдааны айргийн тав
2011 “Дүнжингарав – 2011 “ уралдааны айргийн дөрөв
2011 ”Булган хангайн хурд” хаврын бүс айргийн дөрөв гээд улс, бүсэд орсон олон алдартай азарганууд бий.
“Даян түмний эх” Тогоруу халтар азарга
2011 он даага:
АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын түрүү
2014 онд соёолон:
АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын түрүү
2015 онд азарга:
АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын түрүү
Тогоруу зээрд азарга
2011 онд
АХ-ын 90 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес
“Тамирын хурд-3” хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2012 онд
Даа лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
Өндөр гэгээн Занабазарын Бат-Оршил өргөх даншиг наадамд айргийн тав
2013 онд
АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөв
Зээрд халзан азарга
2010 он шүдлэн:
“Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2012 онд  /эрлийз дээд нас/
Дүнжингарав-2012 уралдаанд айргийн тав
“Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
Даа лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2013 онд /эрлийз дээд нас/
“Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
Хээр азарга
2007 он даага:
Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмын зургаа
“Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2008 он шүдлэн:
Булган аймгийн 70 жилийн ойн наадамд айргийн гурав
АХ-ын 87 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо
2010 он соёолон:
“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
Тойруулга угшлыг хадгалж үлдэхээр хичээж байна
-Архангай аймгийн Ихтамир сумаар овоглодог. Тэнд төрсөн үү? Эсвэл дээдсийн нутаг гэдгээрээ дээдэлж явдаг хэрэг үү?
- Манай аав Архангай аймгийн Ихтамир сумынх. Тэнд төрж, тэнд сурч сургууль төгссөн. Манай эмээ сумынхаа үйлдвэрчний эвлэлийн дарга, харин өвөө маань орос хэлний багшаар ажилладаг байсан гэдэг. Архангай аймгийн анхны гадаад хэлний багш байсан. Тухайн цаг үеийн сэхээтнүүдийн нэг. Хэдийгээр  аав маань сэхээтний гэр бүлд төрж, өссөн ч багын адуу маланд дуртай байсан гэдэг юм. Ямар сайндаа бэлгэнд авсан хоёр адууныхаа нэгийг унаад, нөгөөг нь найзынхаа ааваар заалгаад уяж байхав. Тийнхүү морь уяж байсан зургууд нь одоо ч хадгалаастай бий.
-Уясан морь нь яаж давхисан гэдэг вэ?
-Дундуур л давхидаг байсан гэсэн. Миний хувьд 2000 оноос хойш аавынхаа хурдан хүлгүүдийг уяагаа тойруулан гишгүүлж, хөнгөрүүлж явсаар байгаад  нэг л мэдэхэд моринд дуртай болсон байсан. Тэгээд морь уясан цагаасаа эхлээд өвөг дээдсийнхээ нутаг Архангай аймгийн Ихтамир сумаар овоглож яваа. 2006 онд анх өөрийнхөө нэр дээр хурдан шарга үрээгээ төрийн наадамд мордуулж байсан, үрээ маань ч хурдан байж тэр олон хурдан хүлгүүдээс 11-д давхисанд нь их бэлгэшээдэг. Морь түрүүлж, айрагдахад тухайн нутгийн  уул ус түшдэг  гэдэг. Нутгийн уул, ус, түмэн олны түшигтэйгээр сүүлийн 7 жил дараалан улсад морь айрагдууллаа. Морь гэдэг Монгол эр хүний хийморь бахархал, цаашлаад түүх соёл юм даа. 
-Хурдан морьтой нөхөрлөснөөс хойш их олон юманд суралцаа биз?
-Морь их юм бодуулна шүү дээ. Адаглаж л тэнгэрийн нар, сар, үүлний байдлыг өглөө, оройдоо ажиж сурна. Морь унаж байгаа нь ч, уяж байгаа нь ч их ажигламтгай байх ёстой гэж боддог. Ер нь монгол хүн тэнгэр цэлмэг, сайхан байвал сэтгэл нь тэнэгэр байдаг нь уламжилж ирсэн зан байх аа. Морио  хайрлах, хайлган цагт хэрхэн унаж эдлэх гээд бүхэл бүтэн морь судлалын ухаан байна. Ном, хуучны түүх шаштир бичиг, судар цуглуулан үзэж, уншиж, туршиж, өвгөдийн сургаалийг сонсож, суралцаж л байна. Ер нь монгол хүн бүрт зүрх сэтгэлийн нь хаа нэгтээ тээгдэж байдаг совин бол хурдан морь хараад баярлах, уяад уярах, ирэх бараанаар самсаа шархирах юм уу даа. Адуун дээрээ очоод л ажлын ачааллаа мартаж, амар жаргалангийн салхинд нь хөвсөлзөнө шүү дээ. Ядаж уяаны үеэр дээлээ нөмөрч адуугаа манаж хоноод өглөөний нар мандахыг харах ч сайхан шүү.
-Өөрөө наадмын морь унаж байв уу?
-Үгүй ээ, унаа морь л унадаг л байснаас хурдан морь унаж уралдаагүй. Гэхдээ наадам болгоныг үздэг байсан. 1998, 1999 оноос манайх  өөрсдөө адуу малтай болж, 2000 оноос аав маань морины төлөө зүтгэж, Архангайд зохиогддог бүхий л томоохон наадмуудыг зохион байгуулдаг байсан. Тухайлбал, найз нартайгаа хамтран зохион байгуулсан “Тамирын хурд-1” уралдаан тухайн үедээ асар том хэмжээний наадамд тооцогдож байлаа. Тэр наадамд Сэлэнгийн Ганбаатар  Манлайн Дархан түмний эх халзан морь түрүүлж байсан. Мөн одоо сайхан наадаж  буй Хөвсгөлийн Доржпүрэв гуай Тариалангийнхаа уяачдыг дагуулаад нэг гал болон ирж байлаа.
-Өөрийн тань нэртэй анхны адуу мэдээж бэлэгнийх байсан байх?
-Тиймээ. Хүүхэд байхдаа адуу бэлгэнд авч л байсан. Хурдан хурц гэвэл ах маань  Архангай аймгийн наадамд түрүүлж байсан азарганыхаа төлийг бэлэглэсэн юм. Түүнээс хойш олон адуу бэлгэнд авсаан. Одоо түрүүлж, айрагдаж байгаа хар, халтар хоёр бэлгэнд ирсэн хүлгүүд. Өгч байгаа хүнийх нь сайхан сэтгэл шингэсэн болохоор ийнхүү түрүүлж, айрагддаг байх гэж боддог шүү. Дээр нь аав бид хоёр адуугаа сайжруулахаар олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн. Одоо унаган адуу маань хурдан байна даа.
-Адуу сайн цуглуулсан байх шүү?
-Эхний ээлжинд тэгсээн. Азарга, гүү нэлээд авсан шүү. Эргээд бодоход морь нэг их авч байгаагүй юм билээ. Харин тодорхой угшилтай, удам сайтай гүүнүүдийг бол нэлээд цуглуулсан. Түүний хүчээр одоо хаанаас ч хайхааргүй сайн адуутай болсон. Жишээлбэл би  “манайд тойруулга адууны цөм үлдсэн” гэж боддог. Яагаад гэхээр манайд тойруулгын зургаан азарга байна. Та бүхэн мэднэ дээ. Амгалан төрийн ажнай шарга азарганы гал үр зээрд азарга байна. Мөн энэ жил түрүүлсэн Тогоруу халтар азарга маань байна. Дээр нь Солонго цавьдарын удмын 4 азарга байдгийн нэг нь 2003 онд улсад аман хүзүүдэж, 2004 онд түрүүлсэн хамар цагаан зээрд азарга шүү дээ. Тэр хамар цагаан зээрд азарганы анхны төл өнгөрсөн жил улсад аман хүзүүддэг Онон ахын том хүрэн соёолон. Сайн азарганаас сайн үр гардгийн жишээ. Харин гүүнүүдээ тойруулга адуутай хэд хэдэн хүнээс цуглуулж авсан. Жишээлбэл, морин тойруулгын дарга байсан Даваадорж гуайгаас гэхэд нэлээд хэдэн гүү авсан. Мөн Бандгай Ганхуяг, Онон, Эрдэнэчулуун ах нараасаа ч гүү авсан. Эдгээр гүүнүүдээ тойруулга цусанд нь буцааж тойруулга адуугаа хадгалж байна. Одоо гарч байгаа төлүүд нь тойруулга адууны тавдугаар үе болох юм. Тойруулга адууг хадгалах үүднээс өөр цус оруулаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол, Англи, Араб аль ч адуутай холиогүй. Яагаад ингэж хадгалж байгаа вэ гэхээр тойруулга адуу гэдэг бол төрийн бодлогоор бий болсон шилмэл адуу. Тэр их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөр бий болсон адууг бид тодорхой хугацаанд ч гэсэн хадгалж авч үлдэх нь зүйтэй гэдэг үүднээс ийнхүү тусад нь үржүүлэг хийж байгаа юм.
-Олон уу?
-Тойруулга угшлын гол цөм болсон  90 гаруй тооны адуу бий. Тойруулга адуу үнэхээр сайн гэдэг нь одоо гарч байгаа дөрөв, тавдугаар үеийн төлүүдээс нь харагдаж байна л даа.
-Жишээлбэл...?
-Гаднаас нь харахад тойруулга адууны ерөнхий шинжээ хадгалчихсан. Дээр нь хурдлах чадвар, тэсвэр хатуужил сайтай. Хамгийн гол нь хөл сайтай. Бүр тодруулбал үе мөч холбоос сайтай. Дээр нь зүрх, зоригтой. Хэн ч хаанаас нь хараад монгол адуу л гэнэ. Тэгсэн хэр нь хурдлах чадвараараа нэгдүгээр үеийн адуунаас дутахгүй. Мөн генетикийн онолын дагуу зарим нэг адууг дөрөв дэх үед нь өөрийнх нь цусанд эргэн оруулж туршиж байна. Дээр үед Даваадорж гуайгаас авсан Солонго цавьдарын угшилтай хүрэн гүүг, халзан азаргандаа оруулсан чинь төл нь зүс болоод хэлбэр хийцийн хувьд яг л  Солонго цавьдар гарсан. Солонгыг мэдэх Даваадорж гуай нарын зэрэг хүмүүс харчихаад гайхаад байгаа. Тавдугаар үеийн төл учраас эрлийз адууны гол шинж тэмдгүүд нь байхгүй болчихож байгаа юм. Жишээ нь чихний уг. Нэг, хоёрдугаар үеийн эрлийз адууны чихний үзүүр хурц, тахигар байдаг бол гурав дахь үеэсээ эхлээд үзүүрийн шовх нь сулраад, уг нь бүдүүрээд монголжуу болдог. Сая ярьсан Солонго цавьдар 5 дугаар үеийн тойруулга адуу болохоор чихний хувьд эрлийз адуунаас өөр, монгол талаа татаж байгаа. Бид өөрсдөө мэдэж байгаа болохоор ерөнхий хийц, түүшин шанаа, аман хүзүүгээр нь тойруулга адуу гэдгийг нь мэднэ. Хүмүүс бол ялгахгүй л байх. Хэлбэр хийцийн хувьд яг л Солонго цавьдар. Харин биеийн хувьд дэнхийгээд их том. Одоо шүдлэн үрээ гэхэд сэрвээний өндөр нь 140 см. Гүйцээд ирэхээрээ баталгаатай 143, 144 см хүрнэ. Тийм болохоор магадгүй хэзээ ч уралдахгүй  байх. Бид өөрсдөө болохоор азарга тавина гээд баярлаад залбирч байгаа.
-Давхилыг нь харав уу?
-Сургаад ганц нэг давхил хийсэн. Аргагүй өөр юм билээ.
Адуу зүрхээрээ давхидаг
-Адууг үүлдэр угсаагаар нь ялгах энэ шийдвэр зарим нэг талаараа хүндрэлтэй санагддаг уу?
-Монгол адууны түүхэнд байгаагүй онцлог үед бид амьдарч байна. Үүх түүхээ эргэн харвал бидний өвөг дээдэс өнө эртнээсээ адуугаа чанаржуулахад анхаарч ирсэн. Жишээлбэл, Хардэл жанжин Бэйс Пүрэвжав гуай байна. Монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан тэр хүн адуугаа эрлийзжүүлж л байсан байдаг.Тэр нь ч морьдынх нь зургийг харахад мэдэгддэг. Ний нуугүй хэлэхэд монгол адуугаа монголоор нь авч үлдэх зорилготой гээд үүлдэр угсаагаар нь ялгадаг  журам нь нөгөө талаараа монгол адууны хурдан чанарыг сааруулж байгаа. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр сүүлийн жилүүдэд сайхан сайн их насны морь харагдахаа байлаа. Одоо аль ч аймаг, улс, бүсийн чанартай наадамд очсон  дээхнэ үеийнх шиг  сайхан хэлхгэр аварга морьд харагдахгүй байна. Хамгийн сүүлд миний харсан сайхан их морь гэвэл 2011 оны улсын  наадамд гурваар давхисан Чойдог Манлайн халзан морь л байна. Тэр бол аргагүй сайхан монгол адуу. Түүнийг залгаад  манай хамар цагааны төл Онон гуайн хавчиг хүрэн морь төрж байна. Хүрэн морь шиг сайхан адуутай болъё гэвэл тойруулга адуутай л болох хэрэгтэй. Ер нь уяачийн эрдэм ухааныг их морины амжилтаар хэмждэг энэ уламжлал бол нөгөө талаараа адууных нь чанарыг нь илтгэсэн өвгөдийн ухаан байх шүү. Сайн адуутай айлаас л сайн их насны морь тодорно шүү дээ.
-Тэр ч тийм шүү?
-Монголын адууны түүхэнд өнөөгийнх шиг өндөр намаар нь ялгаж байсан удаагүй. Тэгээд ялгахдаа сэрвээний өндрийг чухалчилдаг бүр учир дутагдалтай. Би дээр хэлсэн шүү дээ. Тойруулга адууны тавдугаар үеийн үрээ 140 см өндөртэй байна гэж. Үүнийг тэгээд юу гэхэв. Гэтэл эсрэгээрээ жижиг биетэй эрлийз адуунууд зөндөө байна. Тэднийг намхан учраас монгол гэх үү. Эцэг, эх нь монгол адууны унагыг зүчээнд өвөлжүүлэхэд тойруулга адуунаас ч том болж байгааг би харсан. Халуун, хүйтэн байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй өсөлттэй байдаг учраас сэрвээний өндрийг баримтлах нь буруу шийдвэр.
-Тэгвэл  таныхаар ямар хэв шинжийг нь харгалзан үзэх ёстой юм бэ?
- Угаасаа одоо ялгах нь улам л хүндрэлтэй боллоо. Нөгөө талаар, наадам болгон маргаантай болж байна. Уг нь танигдах мэдрэгдэх шинж байдлын хамгийн эхнийх нь дэл сүүл, чихний уг болон үзүүр байна. Гэхдээ би одоо ийм зүйл яримааргүй байна. Ер нь хэн ч ялгаж чадахгүй шүү дээ. Ялгасан ч маргаантай л байна.
-Нэг муу цус адууны чанарыг хэд дахин доош нь татагддаг гэх юм билээ?
-Тэр үнэн, тийм учраас угшлыг нь мэдэхгүй азаргаар азарга тавьж хэзээ ч болохгүй. Нэг муу цус ороход адуу сууриараа эвдэрнэ. Гүү ч адил. Үүлдэрлэг байдлын ялгалт ч монгол адуу давжаарахад нөлөөлж Монгол адуу давжаарч байна гэдэг. Үүнд байгаа нэг хүчин зүйл хүн болгон адуугаа хурдлуулах гээд  бага насандаа уралдсан жижиг биетэй, хөлийн хурдтай үрээнүүдээр азарга тавьж, төл нь мөн эцгийгээ дуурайсан хөлийн хурдтай, бие багатай адуу гарна. Энэ мэтчилэн бидний буруу бодлого, үйл ажиллагаанаас болоод монгол адуу давжаарч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Уг нь адуугаа улам л хурдан болгох гээд зориод байгаа шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд ажиглаад байхад бүх хэв шинж нь бүрдэж  байж онцгой хурдан  адуу төрдөггүй юм билээ.  Өөрөөр хэлбэл тодорхой хэдэн шинж байхад адуу хурдалдаг. Жишээлбэл би хувьдаа хамгийн түрүүнд нүдийг нь  хардаг. Барынх шиг овойсон, бүлтгэр нүдтэй адуу бол багахан уяаны алдааг анзаарахгүй явна. Өөрөөр хэлбэл зүрх зориг ихтэй гэсэн үг. Ер нь сайн ажиглавал нүд бүх зүйлийг хэлж өгнө дөө. Тэдгээрээс хамгийн гол зүйл бол зүрх, зориг. Адуу гэдэг чинь  явж явж хөлийн хурдаараа биш, зүрх зоригоороо  хурдалдаг юм билээ. Уралдааны эцсийн мөчийг тухайн адууны зүрх, зориг л шийддэг. Товчхондоо адуу зүрхээрээ давхидаг. Үүнд би яагаад ийм итгэлтэй байна вэ гэхээр 2013 онд аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд халзан үрээ маань айрагдахдаа уяа муу, ямар ч хөлсгүй, дээр нь амьсгаа өндөртэй байсан. Сүүлдээ морио өрөвдөөд татуулчих гэсэн газар нэлээд дөхчихсөн байсан болохоор аз мэдэг гээд тэр чигт нь явуулчихсан. Тэгтэл айрагдсан. Хөлсний хашаанд орж ирээд хөлс нь ёстой нэг сад тавьсан даа. Тэгээд би тухайн үед “зоригтой адуу тулдаа энэ хэмжээний алдааг тоолгүй л зүтгэж айрагдлаа” хэмээн бодож байсан юм. Зүрх сайтай морь уралдаанд зам, бэрхшээлээс айхгүй, тэвчээр тэсвэртэй, олон морьдод тэлүүлэхгүй байдаг. Дөлгөөн хар болохоор зүрх сайтайгаас гадна уушгины багтаамж сайтай. Хэзээ ч барьж аваад унасан амьсгаадахгүй. Бүр дааган цагаасаа эхлээд уралдаан болон уяаны ажлын дараа хамар самсайг нь үзэхэд онгорхой байдаг онцгой адуу. Тогоруу халтар болохоор их уралдаанч адуу. Урдаа адуу гаргадаггүй. Яг л шарга азарга шиг.
Хурдан адууны шинжээс өөр нэгэн онцгойлж хардаг зүйл бол миний хувьд мундаа. Налуу байх тусмаа илүү сайн тэлж харайдаг. Бас хондлойны буултыг гол нурууны үндэс гэдэг утгаар нь хардаг. Манайд онцгой сайхан хондлойтой азарганууд бий. Тэдний төлүүд оцойсон бөгстэй өөр шүү. 
Архангайн шигшмэл хурд уралдаанд эхний аравт багтсан морьд улс, бүсийн наадамд ирэхэд айхааргүй болж
-Хүнд өгсөн унаган адуу бүсийн наадамд түрүүлсэн тухай дээр дурдсан. Халзан азарганаас өөр гадагшаа гарсан адуу хурдалж байна уу?
-Нутгийнхандаа болон найз нөхдөдөө өөрийн унаган адуунаас олныг бэлэглэсэн. Бэлэглэсэн адууныхаа тоог ёстой санахгүй байна. Энэ жилийн хувьд Бадамжунай дүүгийн маань халзан азарга онцгой сайхан хурдалж уясан болон унаган эзэд биднийхээ магнайг тэнийлгэлээ. Халзан азарга өнгөрсөн жил Архангайдаа тав уралдаж тав түрүүлсэн адуу байгаа юм. Бадамжунайг 9 дүгээр ангийн сурагч байхад нь халзан азаргаа шүдлэн үрээ өгч байсан юм. Дунд  сургуулийн жаахан хүүхэд ахыгаа дагаж ирэхэд нь ахад нь нэг хонгор морь өгөөд өөрт нь халзан үрээг зааж өгсөн юм. Тэгээд өөрөө сургаж уяад ийнхүү хурдлуулж байгаа мундаг хүү дээ. Өнгөрсөн жил “Архангайн шигшмэл хурд”-д түрүүлэхэд нь “за миний дүүгийн азарга Архангайдаа хурдан гэдгээ нэгэнт харуулчихсан. Төрийнхөө наадамд очиж тоосыг нь өргөөрэй. Бидэнтэй уяа нэгдээд уяж болно” гэж хэлж байсан юм. Тэгсэн энэ жил ган гачигтай гээд ирж чадаагүй. Тэгээд сая Өвөрхангайд болсон төвийн бүсийн уралдаанд гарсан цагаас өнгөлсөөр хол түрүүлж байгаа нь тэр. Үзүүр дээрээ улам чангарч, тарлаж байхыг нь хараад “улсын наадмын адуу юм даа” гэж бодож байлаа. Ирэх жилээс  халзан азарга улсын наадамд ирж Архангайчуудаа баярлуулах байхаа. Бид тойруулга угшилтай хамар цагаан  азарганыхаа хэд хэдэн төлийг хүнд өгсөн. Өнгөрсөн жил гэхэд аймаг, сумаас 13 түрүү, 12 айраг авсан байна лээ. Энэ жил гэхэд бэлэглэсэн адуунуудаас хоёр аймгийн наадамд түрүүлж, арваад сумын ойн түрүүг хүртээд байгаа дуулдаж байна. 
-Архангай аймгийн “Шигшмэл хурд” гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Та бүхний хүсч тэмүүлж байсан зорилгод ойртож байна уу?
-2014 онд гурав дахь удаагийн уралдаанаа зохион байгуулсан. Ирэх жил 4 дэх нь болно. Манай Архангай  эрт дээр үеэсээ хурд сайтай байсан ийм нутаг. Сүүлийн жилүүдэд уяачид маань гарч уралдахаа болиод тэр хэмжээгээр амжилт нь буураад байсан юм. “Их хурд-4” уралдаанд манай аймгийн хоёр морь түрүү, аман хүзүүнд хурдалснаас хойш улс, бүсийн наадамд морь айрагдаагүй шүү дээ. Тиймээс үүн дээр нь дүгнэлт хийгээд адууныхаа удам угшлыг сайжруулж, уяачдаа идэвхжүүлэх үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулахаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд аймаг дотроо өрсөлдөж чадваржаад цаашлаад улс, бүсийн наадамд гарч уралдах зорилготой юм. Хамгийн анх 2010 онд энэхүү уралдааныг зохион байгуулахдаа бүх галуудаа тойрч уяачидтайгаа уулзсан. Сая гурав дахь удаагийн уралдааны үеэр дахин тойрч харьцуулахад манайхны адуу мундаг сайжирсан байна лээ. Сүүлийн жилүүдэд уяачид маань жилийн өмнөөс “Шигшмэл хурд”-даа бэлтгэдэг болсон гэхийг сонсох сайхан л байлаа. Түүнчлэн манай аймгийн “Шигшмэл хурд”-д түрүүлж, айрагдсан морьд улс, бүсийн наадамд сайн уралдаж байгааг та бүхэн анзаарсан байх. Бадамжунайгийн халзан азарга, Алаг-Уулын хар морь гэх мэтчилэн. Хар морь “Шигшмэл хурд”-даа  түрүүлчихээд Дүнжингаравт ирж түрүүлсэн шүү дээ. Дүнжингаравт өнгөлж байгаад зургаагаар орсон Дашцэрэн начингийн бор морь гэхэд өнгөрсөн жилийн “Шигшмэл хурд”-д аман хүзүүдсэн. Цэнхэр сумын Баярсайханы хээр азарга “Шигшмэл хурд”-д түрүүлчихээд дараа нь аймгийнхаа 90 жилийн ойд аман хүзүүдсэн. Мөн Өгийнуур сумын Соёл-Эрдэнийн халзан азарга “Шигшмэл хурд”-д аман хүзүүдээд 90 жилийн ойгоор айрагдсан. Ерөнхийдөө “Шигшмэл хурд”-д эхний аравт багтсан морьд улс бүсийн наадамд ирэхэд айхааргүй болж.
-Орон нутгийнхаа шилмэл хурдуудыг тодруулах уралдаан энэ жил гэхэд л хэд хэдэн аймагт зохион байгуулагдлаа. Танайх анхдагч нь уу?
-“Архангайн шигшмэл хурд” гэдэг уралдаан улсдаа анхдагч нь болж байсан.Түүний дараа Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан  зэрэг хэд хэдэн аймгууд энэхүү уралдааныг зохион байгуулах болсон. Ийнхүү  орон нутагтаа өрсөлдөөнийг бий болгох нь олон давуу талтайг ойлгосон байх л даа.
-Архангай аймгийнхаа МСУХ-ны дэд тэргүүний сонгуульт албатай бил үү?
-Тиймээ. 2012 онд өөрөө ч мэдээгүй байхдаа энэ албыг авсан.
-Өөрт тань хэлэлгүйгээр сонгочихсон хэрэг үү?
-2012 онд аймгийн уяачид хуралдаж, МСУХ-ны удирдлагыг шинэчлэхдээ Дуламсүрэн Тод манлайг тэргүүнээр, намайг дэд тэргүүнээр сонгосон байсан. Хүмүүс миний нэрийг дэвшүүлээд тийнхүү сонгосон юм билээ. Тэрнээс хойш нэгэнт хариуцлагатай албан тушаалыг авсан болохоор уяачдынхаа холбоог байнга дэмжиж тусалж явдаг. Аливаад эвлэн нэгдэж байж л амжилтанд хүрдэг шүү дээ. Манай уяачид “Шигшмэл хурд”-даа ирэхдээ нэг баг болж ирдэг. Нэг сумын нэг баг гэхэд 80 гаруй хүн ирэх жишээтэй. Гурван насанд уралдах 27 адуугаа дагаад уяачид, хүүхдүүд тэдний гэр бүл, тогооч нар гэхээр заримдаа 200 гаруй хүн ч ирэх нь бий. Энэ нь нэг талаараа сум орон нутагт багаараа ажиллах, нэгдэж нөхөрлөх явдлыг хөгжүүлж буй явдал хэмээн хувьдаа талархалтай ханддаг.
-Сониуч санагдаж болох ч жилийн ямар хугацааг адуун дээрээ өнгөрөөдөг вэ?
-Энэ тал дээр өөртөө жаахан шүүмжлэлтэй ханддаг. Ажлын шаардлагаас болоод адуун дээрээ хүссэн хугацаагаараа байж чаддаггүй. Үүнийг нуугаад яахав. Гэхдээ хагас бүтэн сайнаар өвөл, зун, хавар, намаргүй адуун дээрээ байхыг боддог. Хурдан морь гэдэг бол жилийн дөрвөн улиралд арчилгаа маллагаа шаардаж байдаг, морь тавих, тарга тэвээрэг авахуулахаас эхлээд, хоол тэжээл, тарга хүчийг нь тааруулах, хөндүүрийг нь гаргах гээд маш их ажилтай шүү дээ. Морь уяна гээд зөвхөн зуны хоёр сардаа л уяад байгаа юм биш, бүхэл бүтэн жилжингээ л эдэлж, хэрэглэж байж болдог ажил. Энэ бүгдийг сайн аав, уяач ах нарын маань буянд өдөр болгон санаа зовохгүйгээр болгож л байна. Харин надаас илүү аав маань өдөр болгон морьдтойгоо харьцаж, уяа сойлгыг нь тааруулж ажилладаг уяач хүн байгаа юм. Аав маань бүр долоо хоногийн дөрвөн өдөр нь шахуу адуун дээрээ байдаг хүн.

-Нэг үеэ бодвол ойртчихсон болохоор амар байдаг байх?
-Харин тийм. Баянжаргаланд болохоор хоёр цаг давхиад оччихдог. Түүнээс хол бол тэр болгон очиход бас хэцүү ш дээ. Ялангуяа хавар.
-Яагаад хавар гэж ...
- Уяач хүний хамгийн баяр жаргалтай үе бол хавар шүү дээ. Ялангуяа үржил хийж байгаа хүний  хувьд жинхэнэ сэтгэл догдлуулсан мөч. Миний энэ гүүнээс ямар унага гарах бол, аль талаа илүү дуурайх бол гээд бодохоор заримдаа нойр хүрэхгүй ш дээ./инээв/ Тэгээд гарсных нь дараа тэрийгээ илүүтэй дуурайж, тэр тал нь илүү давамгайлж гэх зэргээр шинжинэ шүү дээ.
-Тэр үед Тэмүүлэнг өөр төрхөөр нь харах нь ээ? 
-Тиймээ. Хавар манай адуун дээр очвол пөөдийсөн хөвөнтэй дээлтэй, бакаал жийгээд, малгайгаараа хөлсөө арччихсан жинхэнэ төрхөндөө орчихсон явж байна даа. Тэр үеийн зургийг харвал зарим нэг нь намайг танихгүй байж  ч мэднэ. /инээв/
-Төрийн наадмаас таван түрүү хүртлээ. Алинд нь илүүтэй догдолж байсан бэ?
-Хамгийн анх Дөлгөөн харыг айрагдахад баярлаж огшсон. Гэхдээ шаргын гал төл зээрд азаргаа айрагдахад маш их баярласан. Яагаад гэхээр дээд насны анхны айраг. Тэгээд дээр нь азаргаар болохоор их бэлгэшээсэн л дээ. Азарга айрагдсаны дараа хамгийн эхний дуудлага манай аймгийн уяачдын холбооноос ирж “нутгийнхаа нэрийг гаргалаа, баяр хүргэе” гэсэн юм. Тэгэхэд утсаа авчихаад ярьж чадахгүй байсан. Түүнээс бусад тохиолдолд сэтгэл хөдлөлөө ил гаргаж байгаагүй дээ. Зарим хэвлэлийнхэн уяачдыг өөрөө уралдсан юм шиг амьсгаадаад гээд шүүмжилдэг. Гэтэл яг үнэндээ хөөрхий минь цэнхэр хашаа хүртэл 200,300 метр газар коросонд сэтгэл зүйн өндөр ачаалал дор гүйгээд очиж байгаа юм чинь амьсгаа өндөр байлгүй яахав дээ./инээв/
-Ингэхэд Тэмүүлэнг ажил хэргийн хамтрагчид нь олон хурдан азаргатай гэж мэдэх үү? Мэдээж гадны харилцагчдын тухайд асууж байна?
-Мэдэхгүй дээ. Зарим тохиолдолд морь сонирхдог гэдгээ хэлдэг юм.
-Уяач улс төрчдийг үл таашаах хандлагаас болоод зарим нэг нь сонголт хийх хэрэгтэй болдог юм билээ.
-Хаалттай нийгмийн үед дарагдаж байсан зан заншил, өв уламжлал, Монгол ахуй маань эргэн сэргэж байна. Монгол хүн мал ахуйтайгаа ойр байж, уламжлал ёс заншлаа сэргээж байна шүү дээ. Жишээ нь манай хүүхдүүд аавыгаа дагаад хөдөө гарч, морь мал унаж, монгол ахуйдаа суралцаж байна. Жаахан томроод ирэхээр нь сум, аймгийн наадамд морь унуулна гэж бодож байгаа. Миний нэгэн адил морь олон хүнийг монгол ахуйд нь ойртуулж, монгол гэсэн бахархлыг дэврээж байгаа. Дээрээс нь хувь хүн талаасаа маш хүлээцтэй болгодог.  Тэгэхээр морь уядаг улс төрчдийг үл таашаадаг бол худлаа. Монгол төрхтэй гадны сэтгэлтэй хүмүүс л тэгэх байх. Харин ч морьтой холбогдсон хүн Монгол төрийн тусгаар байдал, язгуур эрх ашгаа хүндлэн дээдэлж байгаа төрийн үйл хэргийг хичээнгүйлэн хамгаалагч мөн шүү дээ. Монгол хүн морьтой, морь нь зүрхтэй байвал Монгол Улс хөгжинө. 
-Найзуудаа моринд уруу татаж байна уу?
-Зөндөө зөндөө. /инээв/ Авто ралли сонирхдог тамирчин найз маань эргэлт буцалтгүйгээр моринд орсон. Үүнд нь би их баяртай байгаа. Хурдан морь, морин уралдаан олон эерэг талтай. Үүнтэй маргах аргагүй. Харин уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдалд л өндөр хяналт тавих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хүүхдийн аюулгүй байдлын хамгаалалтын хувцас хэрэгслүүд их сайжирсан. Уралдаан зохион байгуулагчид ч гэсэн маш сайн хяналт тавьж байна. Одоо аль ч газрын наадамд очсон өвдгөвч, тохойвч, цээживч, малгай, хантаазгүй бол уралдааны замд гаргахаа байсан. Хүүхдүүд маань ч хамгаалалтын хэрэгсэлтэй уралдаж сураад байна. Цаашид улам бүр төгөлдөржих байхаа. Би үүнд эргэлздэггүй.
-Морь хүүхэд мэнд сайхан наадаж, Монгол түмэн минь хотлоор буман жилдээ цэнгэж явах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна.
-Баярлалаа. Танай хамт олонд болон Тодмагнай сэтгүүлийн уншигчдадаа биеийн болоод сэтгэлийн бяртай, хурдтай байхыг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №69

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна