Сумын Алдарт уяач Ч.Будаа: Оонон харын удмын азарганууд сайн давхисан

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 09 -нд

Галшар сумын уугуул, сумын Алдарт уяач Чоймболын Будаагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1954 онд Төдөгтэйн Хан уулын энгэр Ганга бууц хэмээх газар айлын отгон хүү болж мэндэлсэн тэрээр 2012 онд сумын Алдарт уяач цол хүртэн, 2013 онд малчны Алдар одон, 2014 онд сумын 90 жилийн ойн медалиар тус тус энгэрээ мялаажээ.
-Уулзсан ихэнх зочдын нэгэн адил удам дамжсан уяач болов уу хэмээн таамаглаж  байна?
-Миний аав Чоймбол морь мал уядаггүй, лам хүн байсан юм шиг байгаа юм. Харин дүү Борын Жамба нь сумандаа айраг, түрүү алддаггүй мундаг уяач байлаа. Би долоон настайгаасаа эхлээд дөрвөн жил тэр хүний морийг унасан. Гавьяа цол өгдөг өнөө цагт морь уяж байсан бол аль хэдийнэ авчих байсан байх.
-Авга ах тань ямар хурдан хурц хүлгүүдтэй байв?
-Нэг халтар азарга 1970-аад оны үед их сайн давхисан. Мөн Маанагийн Баясгалангийн адууны угшилтай хурдан халиун морь, өөрийнх нь унаган хурдан хар морь байсан. Би тэр мэтийг нь унаж сумын наадамд давхиулдаг байсан юм. Нэгэн үе манай Галшар хэдэн хурдан хар адуутай байлаа.Халцгай Дамдинжавын хар, Аварга Гэндэнжамцын хар гээд. Тэднийг ид хурдан байхад манай ахын хар бас их сайн байсан. Гэхдээ түрүүлээгүй ээ, харин айрагдаж л байсан.
-Дөрвөн жил хурдан морь унасан гэсэн. Хэдий үеэс морь уясан юм бэ?
-1966 онд сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд, нутгийн ах нарыг дагаж адуу мал хариулдаг байсан. Тэгээд 16 хүрч нэгдэлд элсээд, 17-тойгоосоо эхлээд Борын Лувсандагва гэдэг хүнтэй хамтран  нэгдлийн адуу малласан даа.Харин морь мал уяж, айраг түрүү хүртсэн тухайд 1978 онд  Насан-Очир гэдэг хүний адууны угшилтай Шодон зээрд морийг уяж, Галшар, Түвшинширээгийнхний нийлсэн том наадамд гурваар давхиулж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл морины дэргэдээс холдсонгүй. Сум орон нутгийн чанартай наадмаас 30 гаруй түрүү, 40 гаруй айраг авсан байна лээ.
-Хурдан моринд дуртай эр хүн адуу аваагүй байх нь ховор. Таны хувьд?
-Намайг моринд хүнддээд хасагдах үед Жамба ах надад Дүгэржав гэдэг хүний адууны угшилтай хүрэн үрээ өгсөн юм. Тэр нь сайн азарга болж надад олон сайхан үр төл өгсөн. Мөн Халзан Дамбий гэдэг хүн  надад Өвгөн ноёны Оонон харын удмын цагаан азарга өгсөн. Өвгөн ноёны адууг хариулж байсан хүн Дамбий гуайд бэлэглэсэн юм билээ. Тэгээд их догшин болохоор нь намайг адуунд дуртай гээд өгсөн юм. Тэр цагаан азарга надад ирээд их хурд тарьж, миний адууг сайжруулсан шүү.
-Бэлэгний азарганууд  хурд тарьж. Өөрөө шинжиж авсан адуу хэр давхив?
-Түвшинширээ сумын харьяат Очирмөнх гэдэг хүнээс нэг харлаг даага авч, тэр жилээ суманд түрүүлгээд, Өвгөн ноёны нэрэмжит наадамд ахиад түрүүлгэсэн.
-Таны уяж байсан хурдан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу вэ?
-Нэг бор азаргыг дааганаас нь эхэлж уяад эхний жилээ ес уралдуулан зургаа айрагдуулж байсан. Хусран даага л даа. Дараа жил нь шүдлэн үрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд очиж уралдаад бас айрагдаж байлаа. Тэр жил давхар уяагаар дөрөв уралдсан шүү. Хязааландаа Хужиртын даваанд болсон Өвгөн ноёны наадамд айрагдаад, соёолон өнжиж, бүдүүрсэн хойноо хаврын уралдаанд нэг түрүүлсэн. Тэр бор азарга эцэг талаасаа Өвгөн ноёны Оонон харын, эх талаасаа Одон улааны угшилтай. Уягдах хугацаандаа сумын наадамд дөрвөн жил дараалан зургаад хурдалсан. Даагандаа Мөнххаан сумын дунд сургуулийн 70 жилийн ойд айрагдаж, сонины нүүрэн дээр гарч байсан юм. Үр төлүүдийг нь хүүхдүүдэд өгсөн. Зарим нь ч уяж л байна. Хүргэний жаалд өгсөн нэг зээрд даага даагандаа хоёр түрүүлнэ лээ. Бороос гадна бас Оонон харын удмын хурдан ногоон азарга байсан. Тэр даагандаа хоёр түрүүлж, шүдлэндээ суманд аман хүзүүдээд, хязаалан дөрвөлж байсан. Соёолон болсон жилээ нэг сорилго наадамд түрүүлээд, өнгөрсөн жил хавчиг азарга сумын 90 жилийн ой болон Түвшинширээгийн наадамд аман хүзүүдсэн. Наадмын өмнөх сорилго уралдаанд бас түрүүлсэн юм байна. Дааганаасаа хойш энд тэндхийн наадмаас 18 медаль аваад байгаа, идэрхэн азарга. Өнгөрсөн жил бас нэг соёолон хоёр ч ойн наадамд айрагдлаа. Тэр бол суманд хоёр түрүүлсэн  Цоожийн цагаан азарганы төл  байгаа юм. Түүнээс өмнө хурдлуулж байсан Мөнххааны гаралтай шарга азаргаа хүүдээ өгсөн. Тэр шарга азарга соёолондоо суманд аман хүзүүдээд, “Зоригт трейд”-ийн наадамд дөрөвт орж байсан адуу.
-Таныг дааганы уяаг илүүтэй тааруулдаг гэх юм билээ?
-Би сумынхаа наадамд гурав, дөрвөн жил даага түрүүлгэсэн хүн. Тэгээд л тэгж байгаа юм байлгүй. Хар, харлаг даага суманд айрагдуулж, бор азаргаа дааганд нь гурав түрүүлгэсэн. Би даагыг нэг их хол зүтгүүлдэггүй. Ойрхон зайд хурд суулгаж чадвал даага амжилт үзүүлнэ. Ер нь хүүхэд шиг гэгээхэн амьтан шүү дээ. Надад хэдэн сайхан их морь заяасан ч сүүлгүй боохойнуудын гарт ороод алга болж, тэрнээс хойш надад их насны морь давхихаа байгаад байгаа юм. Даагандаа суманд түрүүлж, хязаалан аман хүзүүдээд, давхар уяагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд болсон Манлай уяач Дамбын нэрэмжит наадамд түрүүлэн, дараа жил нь соёолондоо Баянхутаг суманд болсон Самдан аваргын 100 жилийн ойн наадамд аман хүзүүдсэн хурдан хар морио хавчигт нь  өнжөөгөөд долоотой жил нь алдчихсан. Хулгайд алдсан 15 адуунаасаа тэрэнд л их харамсдаг юм.
-Уяаны эрдмийг тань залгамжилж буй залуус бий биз?
-Би хоёр хүү, таван охинтой хүн. Хоёр хүүгийн нэг нь малдаа дарагдчихаад морь уяхгүй.Нөгөөх нь хүүхдүүд нь нялх гээд бас уяхгүй байна. Уяж сүйд болохгүй ч гэсэн хэдэн адууг минь авч л таараа. Хүү нараас илүү манай хүргэн Лхажав моринд дуртай. Тэрэнд нь урамшаад ганц нэг адуу мал өгнөө.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна