Тод манлай уяач Д.Мөнхбат:” Их хурдад азарга айрагдуулахаас өмнө жирийн л нэг моринд дуртай залуу байсан”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

Дашдоржийн Мөнхбат хэмээх энэ даруухан бор залуу мориныхон хэмээн өнөр бүлд хөл тавихдаа  Их хурдын айраг ганзаглан очсон юм. Уяач эцгийн удам залгасан хүү шигшмэл хүлгэдийн уралдаанд азарга айрагдуулан самсаа шархирч суухдаа ирээдүйд  Их хурдын түрүүг хүртэнэ чинээ зүүдлээгүй байсан биз. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Д.Мөнхбат долоон жилийн дотор улс бүсийн наадам болон Их хурд уралдаанаас 50 гаруй айраг түрүү хүртэн Монгол улсын Тод манлай уяач хэмээн цоллуулах болсон билээ. Зөөлөн ширэг хөл гижигдсэн зуны нэгэн өдөр Цагаан хөтөл дэх Тод манлайнхыг зорьж ийн хөөрөлдлөө.
-Уяа эвлэг сайхан зусаж байна уу?
- Сайхаан, та бүхэн сайхан зусч байна уу.
-Гийнгоо дуутай наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.
-Монголын мянга мянган уяачдын дундаас намайг онцлон ярилцахаар энэ хүртэл ирсэн танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн баярлалаа.
-Уг нь энэ урилгыг нэлээд эртнээс танд хүргүүлсэн?
-Үнэхээр зав болохгүй байлаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Уяачид гэдэг тийм завтай хүмүүс биш шүү дээ.Тэр утгаараа ойлгоно биз дээ. /инээв/
-Тод манлайд хүндэтгэл үзүүлэхгүй бол болохгүй биз. Ингэхэд уяаны нээлтээ хэзээ хийсэн бэ? Энэ жил зургаан насанд хичнээн адуу уяж байгаа вэ?
-Энэ сарын 12-ны нохой  өдөр морьдоо ёсолж барьсан. Энэ жил зургаан насанд 50-иад адуу уяж байна.
-Дээхэн үеийн уяачид хурдан хүлгэдээ онд хэрхэн орсноор  шинждэг   байсан гэдэг. Танай адуу хэр оров?
-Мэдээж өнөө үед адууны тарга тэвээргийн талаар ярихад учир дутагдалтай л даа. Дээхэн үед бол адуу бэлчээрээр онд ордог байлаа. Одоо бол уях морьдоо тэжээдэг болсон. Тэжээгээд гаднаа авчирчихаар ерөнхийдөө тарган цатгалан талдаа орно шүү дээ. Харин уяаны хувьд гэвэл аятайхан байгаа.
-Их хурдын түрүү Тайж халтар, төрийн наадмын аман хүзүү хонгор зэрэг олонд зартай хүлгэд ямархуу байгаа бол? 
-Манай “Босоо хүлэг” галд улс бүсийн наадамд айрагдсан олон хурдан хүлэг бий. Их хурдын түрүү, Цэвэгмидийн “Тайж” халтараас эхлээд  Ц.Батсайханы  бор, Цэвэгмидийн хүрэн азарга гээд нэрлээд байвал  улс бүсийн наадамд айрагдсан олон адуу бий.
-Шилдгээр нэрлэгдэж асан “Босоо хүлэг” галын бүрэлдэхүүнийг танилцуулбал?
-Одоогоор зургаа долоон хүн бий. Галын ахлагч Тод манлай уяач Ц.Батсайхан, “Тайж”халтарын эзэн Цэвэгмид, хул азарганы эзэн “Монкор”-ын Гэрэлт, Ганбаа, Баатархүү, Бат-Энх, Мэндбаяр, Амгалан нарын адуунд хорхойтой залуус манай галд харьяалагддаг. Ихэнх галууд нутаг нугаараа нийлдэг бол бидний хувьд санаа зорилго нийлсэн нөхдүүд.
-Хул азарганы хөл нь гэмтсэн дуулдсан гайгүй юу?
-Гайгүй ээ. Энэ жил Архангайн Тамирын хурдад уягдаж байгаа.
-Жилийн өнгө шинжих уралдаануудад “Босоо хүлэг”-ийнхэн одтой сайхан наадсан?
-Тэгсээн, Дүнжингаравын хурдад Батсайханы хонгор соёолон түрүүлж, Багануурын даншигт Амгалангийн хүрэн айрагдсан. Мөн Булганы бүсийн наадамд Батсайханы хонгор түрүүлсэн ч шинэ үеийн Монгол адуу гэдгээрээ хасагдсан.
-Хүссэн хүсээгүй энэ сэдвээр ярилцах хэрэгтэй болж байгаа юм. Эрлийз адууг ялгах тухай шийдвэрийн талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Шуудхан хэлэхэд алга ташин сайшаахгүй байгаа. Хамгийн наад захын асуудал ялгах. Гэтэл яаж ялгах гэж байгаа нь одоо болтол тодорхойгүй байна. Өсгөлүүн биетэй монгол адуунууд байна. Тэрийг яах юм. Эрлийз гээд хасах уу? Энэ мэтчилэн учир дутагдалтай асуудлууд цөөн бус байна. Манай галын хувьд эрлийз монгол ялгаагүй уядаг. Залуус адууныхаа үүлдэр угсааг сайжруулахаар үржил селекци хийж байгааг би хувьдаа дэмждэг. Яагаад гэхээр монгол адууны цаашдын хөгжилд хэрэгтэй. Яахав саяын гарсан шийдвэрийн тухайд сонгууль дөхөөд улс төрийн явуулга орчихов уу гэж харж байгаа.
-Ид уралддаг дээрээ байгаа эрлийзүүд адуунуудаа уялгүй орхино гэдэг хайран байх. 13-ны уралдаанд хичнээн адуу уяж байгаа вэ?
-Эрлийзүүд ялгана гэхээр нь нэг их тэжээгээгүй. Гэхдээ Батсайханы хонгороос эхлээд ганц нэг адуу бий, бий.
-Эрийлз уралдуулахгүй сургаар Мөнхбат Сүхбаатарын адуунаас сорчилж явна гээд л дуулдаад байсан?
- /инээгээд/ Мөнххаан сумын наадамд зургаа долоогоор давхисан  хоёр морийг авсан. Тэндээ бага саг наадмуудад айрагдаж байсан нэг  морь нь энд ирээд  Багануурын  бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Мөн Халзан сумаас нэг шүдлэн үрээ авсан.
-Эрлийз адуу ялгах шийдвэр нутгийн монгол адууны үнийг өсгөсөн дуулдсан. Газар дээр нь ямар байна?
-Нэмэгдсэн байна лээ. Бага наадамд хоёр айрагдсан адуу 15 саяас дээш л дуулдаж байх жишээтэй. Дээд талын адуу бол 40,50 сая гэсэн байх шүү.

-Харин тийм сураг дуулдаж байсан. Хоёулаа яриагаа маш богино хугацаанд Монгол улсын Тод манлай уяачийн болзол хангасан амжилтын тань нууцын талаар үргэлжлүүлбэл ямар вэ? 
-Нууцсаад байх юу байхав дээ. Бусдын адил л уяж сойж уралдуулж байна.
-Би андуураагүй бол 2005 оноос л Мөнхбат гэдэг нэр дуулдах болсон?
-2004 онд болсон шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд азарга айрагдуулж өм нээгдэж байлаа. Түүнээс өмнө сум орон нутагтаа л нааддаг байсан. Ер нь уяач болсоор авсан хамгийн анхны айраг бол 1988 онд “Нөхөрлөл” суманд азаргаа аман хүзүүнд давхиулчихаад  жигтэйхэн баярлаж билээ. Түүнээс хойш аймаг сумаас наадмаас олон л айраг түрүү хүртсэн. Гэхдээ тэр жил Их хурдад азарга айрагдуулчихаад үнэхээр их баярласан. Цаанаас л оргилоод байдаг юм билээ. Их хурдын тэрхүү айраг араасаа олон айраг, түрүү дагуулж, өнөөдөр би Тод манлай уяач болчихоод сууж байна.
Нээрэн ч бодоод байсан өөрийн чинь хэлсэнчлэн богино хугацаанд Тод манлай уяач цолны болзлыг хангасан байх шүү. Авсан нь л энэ жил болохоос биш.
-Уг нь хэдэн онд болзлыг нь биелүүлсэн юм бэ?
-Би чинь 2006 онд Алдарт, 2007 онд Манлай уяач цолыг хүртсэн. Тод манлайн болзлыг 2008 онд биелүүсэн ч тухайн үедээ хүний адууны амжилтыг тооцохгүй гээд өгөөгүй юм. Өнгөрсөн жил Хөвсгөлд очиж таван айраг авч, Их хурдад азарга түрүүлгээд болзол нь биелж энэ жил цолоо авсан даа.
-Ингэхэд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
Өнөөдрийн байдлаар улс бүс, Их хурдаас хүний өөрийн нийлсэн 50-иад айраг түрүү хүртсэн байна. Яг миний өөрийн адууны гэвэл дөрвөн айраг бий. Бусад нь миний уясан манай галын уяач Цэгмидийн голдуу адуунуудын амжилт.
-“Их хурд”-д айрагдсан азарганыхаа  угшил гарвалын талаар яриач?
-Морин тойруулга гаралтай миний өөрийн морин унаган адуу байгаа юм. Адуу  гэдэг амьтан эзнээ олонтой нөхөрлүүлж, олноор хүрээлүүлж явдаг буянтай амьтан. Их хурдад азарга айрагдуулахаас өмнө жирийн л нэг моринд дуртай залуу байсан. Гэтэл уралдааны дараа танихгүй хүмүүс хүртэл нөгөө азарга айрагдуулсан залуу байна гээд л таниад байсан.
 -Магадгүй азаргыг тань шохоорхсон хэн нэгэн санал тавьж байвуу?
-Тухайн үед ганц нэг санал ирж л  байсан.
-Айраг түрүүг бөөндсөн одтой наадмынхаа бахтай түүхээс манай уншигчидтай хуваалцаач?
- 2005 оны “Дүнжингаравын хурд”-д  азарга, их морь айрагдуулж, тэр жилээ болсон “Хотгойдын хурд” бүсийн наадмаас  нэг дор хоёр түрүү, таван айраг  хүртэж байлаа. Нэг жил тэр тусмаа нэг наадамд тийм том амжилт үзүүлнэ гэдэг ховорхон  тохиох завшаан байх шүү.  Хотгойдод бахтай сайхан наадсан ч Алтан-Овооны наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртэхдээ илүү их баярласан. Яагаад гэвэл хурдны өлгий нутагт очоод төрийн том тахилгатай уулын наадамд ийм өндөр амжилт гаргалаа гэж бодохоор сайхан л байдаг юм билээ.
-Их хурдад азарга түрүүлгээд нулимс унагаж харагдсан. Тод манлай ер нь хэр их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?
-Морь  айрагдаж, түрүүлж байхад баярлахгүй байна гэж байхгүй. Сэтгэл хөдлөлгүй яахав. Гэлээ гээд орилж чарлаад сүйд болоод байдаггүй. Яахав хүний хор арилна гэдэг нь болсон юм шиг байгаа юм. Их хурдын  тухайд бол унаган адуу түрүүлэхэд өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулсан. Хамрын самсаа шархирч хоёр нүднээс аяндаа л нулимс гараад байдаг юм билээ.
-Тэр амжилтаараа оны шилдэг гал уяагаар шалгарсан билүү?
-Үгүй ээ. Манайх 2007 оны шилдэг галаар шалгарсан. Тэр жил манайх бас их сайхан наадсан юм.
-Ингэхэд танай гал хэдэн оны хэний санаачлагаар байгуулагдсан юм бэ?
-2003 оноос эхлээд Цэвэгмидийн морийг л уядаг байсан. 2005 оны хавар Батсайхан маань хамтрах санал тавьж ирсэн. Тэгээд л ар араасаа нэмэгдсээр байгаад одоогийн энэ баг маань бүрдсэн дээ.
-Морь айрагдаж түрүүлэх сайхан ч түүнийг даах хамгийн хэцүү гэж нэгэн маань оролцогч ярьж байсан юм. Таны хувьд тийм бэрхшээл тулгарч  байв уу? Нэг наадмаас долоон айраг түрүү хүртсэн болохоор асууж байна л даа?
-Цагаан хэл ам гэдэг аюултай л даа. Цэрвэлгүй яахав. Тэнгэр бурхандаа “амьтны хэл цагаан амнаас хол байх болтугай” гээд л дээжээ өргөдөг юм даа. /инээв/
-Тод манлай цол хүртээд л төгс эзэмшихэж байгаа юм биш. Наадам болгон нэг сургамж хайрладаг хэмээн бас нэг зочин маань ярьж байсан юм?
-Тэгэлгүй яахав. Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Тэр тусмаа уяач хүн бол наадам болгоноос, уралдаан болгоноос  суралцдаг. Би Төв аймгийн Баянцогт сумын хүн. Миний нутаг хэзээнээсээ адуу сайтай, уяачид нь мундаг хэмээгддэг байсан. Миний аав ч ялгаагүй өөртөө таарсан уяач хүн байсан. Бас нэг нагац ах маань уяач. Тэр утгаараа би хар багаасаа адуу амьтантай ойр өссөн.
Тод манлай уяач Даваахүү гуайг даган хоёр жил морин тойруулгын туслах уяачаар ажиллалаа. Гэхдээ л мэдэхгүй чадахгүй зүйл гараад л ирдэг. Яг яавал дээр вэ гээд зөвлөмөөр болно. Тэр үед нь Онон Тод манлайгаас л асууна даа. Тод манлай ч мэдэх юмаа харамгүй хэлж өгдөг.
-Зарим үед  хүний морь уях нь хэцүү юм шиг санагдаж байв уу? Ний нуугүй хэлэхэд хар хүний өмнөөс шар хүн гэдэг шиг хөндлөнгийн надад амаргүй байдаг байх даа  гэж бодогдоод байдаг юм?
-Амаргүй нь ч амаргүй шүү. Хүний үнэтэй цэнэтэй адууг авчихаад давхиулж чадахгүй бол яана. За бүр болиг гэхэд хөл гарыг нь  гэмтээчихвэл яана гээд байнгын айдастай. Авахгүй байя гэхээр үнэтэй цэнэтэй адуугаа бариад намайг гээд зориод ирсэн хүнийг гомдоолтой нь биш. Нэгэнт хүний юмыг хүлээгээд авчихсан юм чинь гайгүй давхиулчих юмсан гээд өөрийнхийгөө орхиод л зүтгэнэ шүү дээ. Хаа очиж манай галынхан одтой шүү. Хаана ч очсон ганзага хоосонгүй л ирдэг юм. Хөвсгөлийн даншигт манайхны бүгдийнх нь морь айрагдсан. Сайхан л байдаг юм. Ер нь аливаа юм сайн муу хоёр талтай гэдэг шиг давхих болов уу гэж эмээж байсан хүний адуу айрагдчихаар дотор онгойх шиг л болдог.
-Уяачид би тэр насанд илүү юм шиг байгаа юм гэж ирээд л ярьдаг. Мөнхбат уяач аль  насны адууны  уяаг илүү сайн тааруулдаг вэ?
-За даа  азарга л болов уу. Анх азаргаар эхэлсэн болоод ч үү, санаа дагаад ч тэрүү энд тэнд орж байгаа адуунуудынх нь ихэнх нь азарга л байгаад байх шиг байдаг юм. Өнгөрсөн зун гэхэд л Их хурдад азарга түрүүлгэсэн. Хөвсгөлд хоёр азарга оруулсан.
-Тэгвэл Тод манлайн азарганы уяаны онцлог юу вэ?
- Ороог нь сайхан бүтэн гаргасан, тэгээд тамиртай байх хэрэгтэй. Азарга гэдэг чинь ер нь давхил нь бэлэн шахуу байдаг адуу шүү дээ. Дундын сайхан  тамиртай азарганаас гурван дөрвөн хөлс авахад ер нь болчих гээд байдаг юм.
-Залуу уяачдад сургамж болох үүднээс хоёулаа “Тайж” халтарын өнгөрсөн жилийн уяаны талаар дэлгэрүүлж ярья?
-Тайж халтарын хувьд өнгөрсөн жил тарган талдаа уягдсан болохоор давхар уяандаа ир нь орсон. Их хурдын дараа Хөвсгөлд очиж  айрагдсан шүү дээ. Улсын наадамд есөн  хөлс, долоон давхилтай очсон. Ерөнхийдөө их насны морины уяагаар  уягдсан. Тайж халтарын хувьд чанга хатуу талдаа уяатай адуу. Харин энэ жилийн хувьд ноднингийнхоос нь  арай нимгэхэн барьсан. Улсын наадамд уяа нь таарах болов уу л гэж бодож байна.
-Тэгвэл Батсайханы хонгорын тухайд?
-Хонгор үрээ бол шинэ үеийн Монгол адуу. Араб цустай учраас тэвчээртэй, уяа даадаг. Ер нь Монгол адуу шиг, чангахан талдаа уяатай шүү. Хонгор үрээний уяаг дааганаас нь эхлээд тааруулсан учраас сайн мэднэ л дээ. Дааганд нь улсын наадамд дутаагаад Заамарын даншигт түрүүлгэсэн. Шүдлэнд нь улсад бас дутаагаад Баянхонгорт түрүүлгэж байлаа. Тэгээд өнгөрсөн зун хязааланд нь ер нь л дутаагаад байдаг юм гэж бодоод Тайжтай адил уяагаар уясан. Тэгээд улсын наадамд аман хүзүүдүүлж, Эрдэнэтэд түүнийгээ баталсан. Өнгөрсөн өвөл бас л зуны морины уяа хийж байж Дүнжингаравт бас Булганд түрүүлгэсэн.
-Эрлийз адууг гарын аясаар зөөлөн уяатай гэдэг. Өөр өөр л байдаг юм байна?
- Араб цустай адуу гарын ая даах нь гайгүй байдаг юм.
 -Наадам дөхөхөөр ер нь унтахгүй биз?
-Унтдаг юмаа гэхэд бүтэн нойртой хонохгүй шүү дээ. Наадмын гурван шөнө бол адуугаа манана, харна гээд унтахгүй шахам. Уяаны ажил эхлэхээр аяндаа л жин хасагдаад ирдэг юм. /инээв/
-Өөрийгөө сойгоод уу?
-Бараг л тийм дээ. Өвөл нь жаахан зузаараад л тарга авдаг юм шиг байгаа юм. Зундаа уяа эхлэхээр түүнийгээ тавиад туучихна.
-Тод манлайд тусалдаг хичнээн хүн байна?
-Зургаан туслах уяач, арав гаруй морины хүүхэд байна даа. Манайх гурван хүү нэг охинтой. Том нь төрийн албанд ажилладаг. Хоёр бага нь намайг дагаад морь уяна. Хөвгүүдээсээ гадна зургаан туслахтай. Энэ их ажлыг хүний хүчээр л амжуулахгүй бол амжихгүй л дээ. Өглөөний ургах нарнаар босоод үдшийн бүрийгээр нэг юм дуусна шүү дээ.
- Уяачийн хөдөлмөр үнэлэгдэж чадаж байна уу? Нэг үеэ бодвол гэсэн бөөрөнхий хариулт бус шударгаар хариулаарай. Шударгаар хариулаарай?
-Бусдын хувьд мэдэхгүй ээ. Манайхан миний хөдөлмөрийн үнэлдэг.  Гэхдээ өгөхгүй бол нэхээд байдаггүй. Нөгөө сүсгээрээ гэдэг шиг л явдаг даа.
-Тод манлай цолыг чинь хэрхэн мялаасан бэ?
-Мялаасан мялаасан.  Би чинь галаасаа нэг Тод манлай, нэг Манлай , хоёр аймгийн Алдарт уяач төрүүлсэн хүн шүү. Мөнхбат маань Тод манлай, “Гацуурт”-ын  Батмөнх Манлай уяач болсон. Батмөнх манай галын гишүүн байсан. Би улс бүсийн наадмаас долоон айраг авч өгсөн дөө. Одоо бие даан уяж байгаа.

-Хөдөө гадаа явж байхад Тод манлайгаас асууж зөвлөх уяачид бишгүй таарна биз?Ямар асуултыг голдуу тавьж байх юм?
-Ямар тариа хийдэг вэ? л гэж голдуу асуудаг даа.
-Та юу гэж хариулахав?
 -“Ямар ч тариа хийдэггүй. Сэргэлтийн хувьд хүн болгоны хийдэг витамин, натри зэргийг  хийнэ. Тэрнээс өөр допинг энэ тэр хийж байгааг миний хувьд мэдэхгүй юм” гэж л хариулдаг. Өнгөрсөн зун Тайжийг түрүүлэхэд ямар тариа хийсэн бэ гээд л асуугаад байсан. Бүр манай найзын дүү найзаар маань дамжуулан “Их хурдад азаргандаа ямар тариа хийсэн бэ” гэж асуулгасан байна лээ./инээв/
-Хурд зүүн зүгт төвлөрчихсөн гэх нэг хэсэг байхад харин ч монголын өнцөг булан бүрт бий. Олж таних нь чухал гэсэн нөгөө нэг хэсэг бас бий. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хурд хаа сайгүй тарсан. Нэг хэсэг зүүн талын адуу давамгайлж байсан бол одоо Улаанбаатар тойрсон сумдаар жинхэнэ хурдны цөм бий болж байна. Газар газрын аль л хурдтай гэснийг энд төвлөрүүлсэн байна. Тэгэхээр гаднаас хайж байхаар бараг эндээс ирээд хайвал илүү сонголттой байж болох юм.
-Та өөрөө адууны наймаа хэр хийж байна?
-Санал ирдэг ч би зараад байдаггүй ээ. Өглөө гэхэд гайгүй л юм өгнө үү гэхээс хоёрын хооронд юм өгвөл нэрийн хор юм даа. Гарцаагүй орчихоор адуугаа бараг уяад оруулаад өгвөл сэтгэлд амар байдаг юм. Өнгөрсөн жил “Анун сервис”-ийн захирал Буяннэмэхэд нэг бор үрээ зарсан юм. Түүнийгээ өөрөө уяж Эрдэнэтийн наадамд түрүүлгээд өгсөн. Өнгөрсөн өвөл Булганд бас айрагдсан байна лээ.
- Галынхандаа адуу шинжиж өгнө биз?
-Өгнөө өгнө өгөлгүй яахав. Бусдын жишгийг дагаад Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос л голдуу авах юм даа. Гэхдээ адуу авах гэж морины холбогдолтой гэсэн бараг бүх аймгаар явсан.
- Гайгүй адуу хараад авч чадаагүй тохиолдол байна уу?Уншигчиддаа мессэж өгье? 
-Үлдээх аргагүй болсон байна. Араас очоод л хүн авчихна. Тэр бүү хэл арай нэг тогтож харсан адууг хүртэл авчихсан. “Чи тэнд тийм нэг адуу үзсэн гэсэн. Тэрийг чинь авчихсан шүү. Яавал дээр вэ?” гээд утсаар ярьдаг юм. Цаг агаар орчин нөхцлөөсөө болоод адууны хувиралт хүч ямарч болно шүү дээ. Тэгэхэд тэрийг тооцолгүй хүний үгээр л наймаа хийчихсэн байдаг, манайхан ер нь их хээгүй нөхдүүд шүү.
-Уралдаан наадам гээд олон л газраар явж байсан байх. Нутаг нутгийн уяа өөр биз?
-Баруун талын уяа их сонин. Аргамжаад л хоолыг нь тааруулчихдаг. Тэгээд хоног хоногоор давхилыг нь цаашлуулаад аажим аажмаар алдаар хоолыг нь татаад байдаг юм билээ. Харин
 Хэнтийн хойд сумдынхан тарган адууг усаар цохиж хүчийг нь нимгэлдэг юм билээ. Хөндүүрийг нь арилгаж уяаны бас л зөв хэлбэр.
-Тэгвэл Мөнхбатын гэх автортой уяаны онцлог?
-Айхтар нарийн юм байхгүй ээ. Би өөрийгөө хөдөлмөрөөр л ийм амжилтанд хүрсэн гэж боддог. Өглөөнөөс үдшийн бүрий болтол адуу нэг бүртэй тулж ажилладаг нь миний амжилтын нууц байх даа.
-Ганхуяг Тод та хоёрыг нэг нутгийн хүүхдүүд гэдэг байхаа. Унаган багын найзууд нэг өдөр төрийн хишиг хүртэх бахдалтай сайхан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Бандгаа бид хоёр хоёулаа моринд дуртай. Нэгнийхээ унаж ирсэн морийг наймаа хийгээд авчихдаг хүүхдүүд байлаа. Бандгаа гоё морьтой  очвол би авдаг. Би гайгүй морь унаад очвол Бандгаа авдаг. Тийнхүү нэг довон дээр тоглож өссөн хүүхдүүд нэг өдөр төрийн хишиг хүртэхэд сайхан байлгүй яахав. Сонирхуулаад хэлэхэд манай сумын дөрвөн уяач өнгөрсөн жилийн шилдэг уяачаар шалгарсан.
-Хэн хэн билээ?
-Манлай уяач Одгэрэл, Тод манлай  Ганхуяг, дүү Ганзориг нь тэгээд би.

-Саваагүй гэмээр нэг асуулт байна. Уяач болоогүй байсан Мөнхбат өдийд юу хийж яваа болоо?
-Малаас хөндийрөхгүй байсан байхаа. Уяач болоогүй л сайн малчин байх байсан болов уу даа.
-Наадам дөхөж байна. 90 жилийн ойд айрагдах дээд гурван насны морьдод таамаг дэвшүүлээч?
-Соёолонд тэр энэ гэх юм үнэхээр алга. Яагаад гэхээр ноднин уржнан дандаа шинэ монгол түрүүлж айрагдаж байсан болохоор. Энэ жил бол тэд уралдахгүй шүү дээ. Их морины тухайд бол Их хурдын түрүү Дөлгөөн хонгор морь байна. Уяа нь ямар байгаа юм гэхээс. Буяннэмэхэд нэг аятайхан бор морь бий. Ноднин улсад наймалж, Их хурдад есөөр давхисан. Их аятайхан зөв байгаа харагдана лээ. Бандгаагийн бор морь их аятайхан зөв эхэлж байх шиг байсан. Хавар Эрдэнэтийн уралдаанд түрүүлчихэж байна лээ. За өөр гэвэл Онон Тод манлайд нэг зээрд халзан морь бий. Тэрийг юм дуулгах болов уу гэж бодож байна. За ер нь энэ дурьдсан адуунууд гайгүй давхих болов уу. Уяачид нь ч хий гаргахааргүй хүмүүс.
-Азарганы тухайд юу хэлэхсэн бол?
-Азарга бол олон бий. Жигдхэн хэдэн сайн азарга бий шүү дээ. Шарга азарга уралдах байх. Тангаагийн хүрэн, Содномцогийн хээр, Цэрэнжигмэдийн хүрэн гээд нэрлээд байвал 20-иод юм байна уу даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд дахин талархал илэрхийлье.
-Танай хамт олонд болон Монголынхоо нийт уяач нарт эрүүл энх аз жаргал хүсье. Адууны босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.