Монгол Улсын Алдарт уяач Данзан-Ишийн Алтангэрэл

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 20 -нд

Монгол наадмын торгон жолоо нь
Морь уяачийн сэтгэл юм даа
Морь хүүхэд хоёроо гэсээр
Монгол дээлийн өнгийг гандаана
Уяа ур сорьсон эрдэм
Уяач удам дамжсан авьчас
Уяа хүүхэд баясгасан гийнгоо
Уяач хүлгээ дээдэлсэн хийморио...

Тиймээ, хүлгийн хиймориор жигүүрлэсэн хөх Монголын эрсийг  ийн тодорхойлж болно. Ийм эрхэм тодорхойлолттой эрсийн нэг нь Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Данзан-Ишийн Алтангэрэл агсан юм. 
Их уяач, нэрт шинжээч Ононмөр хаван агсны хүй цөглөсөн нутгаар овоглогч тэрээр 1948 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумнаа айлын ууган хүү болон мэндэлжээ.Тэр үеийн жишгээр дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшиж, нутгийн буурал “сахал” хэмээх  Дорждэрэмийн уясан морьдыг унаж хурдлуулан, хүлгийн хийморьт дурлах болсон гэдэг.
Д.Алтангэрэл агсны аав Данзан-Иш морь мал уядаггүй ч зөв сайхан унаж эдэлдэг, моринд явдал оруулдаг нэгэн байж. Гэвч нас явахын хэрээр хоёр нүд нь харахаа больж, адуу малнаас аргагүйд хөндийрсөн байна. Чухам тиймээс л Д.Алтангэрэл хүү нутгийн буурлын морийг унаж, ойр зуурын ажилд туслах зэргээр уяаны эрдэмд суралцан, 14 настайгаасаа эхлэн бие даан морь уяж багахан наадамд долоод давхиулжээ. Тэр амжилт нь хүүгийн сэтгэлд урмын оч асааж, уяачийн их замд орж, жаргал зовлонг нь эдлэх эхлэл болсон гэдэг. Гэхдээ тэрээр нэг хэсэг морь мал уялгүй завсарлаж, сургууль соёлын мөр хөөн геологи хайгуулын өрмийн мастераар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан, халагдаж  ирээд Дорнод аймгийн Булган сумын нэгдлийн орлогч даргаар ажиллах болж. Төрийн албан хаагч морь уяхыг сайшаадаггүй цаг үе байсан хэдий ч хээр азаргатай арваад тооны адуутай. Түүнээсээ уяж сойн наадамд уралдуулна. Цаг наргүй ажлын хажуугаар морь уяж  буй түүнд нутгийн буурал Шагдардагва зааж зөвлөн ихэд тус болно. Уяаны эрдэм ухаанаа харамгүй хуваалцах тэрхүү буурлыг Д.Алтангэрэл “багшаа” хэмээн ихэд хүндэлнэ. Ийнхүү Дорнод аймагт ажиллаж амьдарч байх хугацаанд нь уяачийнх нь хувьд нэгэн баярт үйл явдал тохиосон нь хээр азарга нь түрүүлсэн явдал байлаа. 1975 оны таван сум нийлсэн томоохон наадамд хээр азарга нь түрүүлэн ирж, түмэн олны өмнө алдар цолоо дуудуулсан нь түүний сэтгэлд дулаахан баярт агшнуудын нэг.
1980 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумнаа шилжин ирж, тээврийн тэрэг жолоодох болсон нь Д.Алтангэрэлд морио уях таатай боломжийг олгов. Өөрийн хэдээс гадна хүн амьтны ганц нэг адуу нэмж уяна. Уяаны тал дээр бага охин дүүгийнх нь нөхөр аймгийн Алдарт уяач Сугар нь нэлээд тусална. Хүргэн дүүтэйгээ нийлээд Бор-Өндөрийн нэг жилийн баяр наадмын дөрвөн түрүү, зургаан айргийг авч байсан удаатай.
Д.Алтангэрэл Алдартын унаган адуу Ширээтийн цагаан угшилтай. 1985 онд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Нарангэрэл агснаас буруу талын ташаан дээрээ тос цагаан мэнгэтэй хонгор халзан азаргыг 6000 төгрөгөөр авчээ. Тэрхүү халзан азарга нь Монгол Улсын Алдарт уяач Лхасүрэнгийн Махир хүрэн азарганых нь төл байсан бөгөөд адууг нь нэлээд сүлсэн гэдэг. Түүнчлэн Дорнод аймагт түрүүлсэн хээр азарганых нь төл хээр азарга  Дархан сумын 30 жилийн ойн баяр наадамд таваар давхиж хэд хэдэн удаа түрүүлж айрагдан баярлуулж байжээ. Д.Алтангэрэл Алдартын урмыг тэтгэсэн удамт хурдан хүлгүүдийнх нь нэг 1997 онд хүргэн дүү Сугараасаа авсан Баадуу угшилтай өсгий цагаан хонгор азарга нь юм. Энэ азаргандаа Дорноговиос авсан хонгор халзан азарганыхаа төл гүүнүүдийг хураалгаж олон сайхан хурдан буянгуудтай болжээ.
Д.Алтангэрэл уяаны үеийн дэг ёсыг чандлан баримталдаг. Уяагаа хүн малын хөлөөс хол, гэрээсээ зайтай байршуулна. Уях морьдоо жилийн дөрвөн улиралд унаж эдэлнэ. Уналгаа эдэлгээ уяаны голыг нугалдаг хэмээн түүндээ ихэд ач холбогдол өгнө. Засаатай адууны уяаг тааруулахдаа илүү. Азарга, гүүний тохироо тааруулахдаа сайн.
Морь уяж сойх эрдэмд шамдан төр түмнээ цэнгүүлэх үйлсэд нэгэн насны амьдралаа зориулсан тэрээр том бага наадмаас 170 гаруй айраг түрүү хүртэж, 2000 онд аймгийн оны шилдэг уяач, 2001 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг тус тус хүртсэн агаад долоо, наймдугаар таван жилийн гавшгайч, “Осолгүй манлай” жолооч, “Малчны алдар” одон, МҮЭ-ийн хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж байжээ.
2009 онд бурхны хүлгүүдийн уяаг тааруулахаар одсон буурал уяачийг залгамжлан өдгөө сумын Алдарт уяач Цогтбаатар,  Чинбат нарын хөвгүүд нь морин эрдэнээ дээдлэн, монгол түмнээ цэнгүүлж байна.
МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.АЛТАНГЭРЭЛИЙН АМЖИЛТЫН ЦУВАА
1975 онд Дорнод аймагт таван сумын бүсийн уралдаанд хээр азарга түрүү
1976 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр азарга айргийн гурав
1977 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр азарга айргийн тав
1977 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хязаалан түрүү
1980 онд Дорнод аймгийн баяр наадамд улаан соёолон  аман хүзүү
1980 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр үрээ аман хүзүү
1981 онд Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд хээр соёолон аман хүзүү
1981 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын баяр наадамд хээр соёолон аман хүзүү
1982 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хээр даага айргийн тав
1984 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хул үрээ айргийн тав
1985 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хонгор соёолон түрүү
1985 онд Хэнтий аймгийн Дархан сумын баяр наадамд хул үрээ түрүү
1986 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  уурхайн таван жилийн ойгоор зээрд даага түрүү
1987 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын баяр наадамд хээр морь айргийн гурав
1987 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын баяр наадамд хүргэн Сугарын хамт морь уяж
                Их насны хээр морь  аман хүзүү
                Хонгор азарган соёолон түрүү 
                Хязаалан хээр алаг түрүү
                Зээрд шүдлэн түрүү
                Хээр шүдлэн айргийн гурав
1989 онд Дорноговь аймгийн баяр наадамд халзан азарга аман хүзүү
1989 онд Дорноговь аймгийн баяр наадамд хонгор даага аман хүзүү
1990 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын наадамд хүрэн хязаалан айргийн гурав
1990 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хаврын тэргүүн сар шинийн уралдаанд шарга морь түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хонгор азарга түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хонгор халзан азарга  аман хүзүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд хүрэн соёолон түрүү
1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойн баяр наадамд будан үрээ  түрүү
1991 оны найман сард Бор-Өндөрт болсон уралдаанд хүрэн соёолон давхар уяатай түрүү
1992 онд цагаан сар, Д.Сүхбаатар мэндэлсний 100 жилийн ойн баярт хонгор халзан даага  аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл №64

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна