Сумын Алдарт уяач Ц.Содбаяр: Сумаас арваад түрүү, 40-50 айрагтай болоод байгаа

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 05 -нд

Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Содбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурд ирлэж, уяа сойлго тааруулах болсноос хойш хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Ээж аав маань төр захиргааны ажилд олон жил ажилласан ажил амьдралаа зориулсан хүмүүс байсан. Гэхдээ миний бага нас өвөө эмээгийн гар дээр хонь харж, ишиг хургатай хөөцөлдөж, уралдааны морь унаж хөдөөгийн хөвгүүдийн адилаар л өнгөрсөн. Тухайн үедээ нутгийнхаа уяач Дугар-Очир гэж өвөөгийн морийг унаж уралддаг байлаа. Хурдан морьтой Адилбиш гуайн угшилтай олон хонгор алаг адуутай хүн байж билээ. Тэдгээр адуунаас Иххэтийн Гантөмөрөөс авсан хурдан хүрэн морийг нь унаж хэд хэдэн айраг түрүүг авч явлаа. Ингээд моринд томдоод ирэхээр морь мал тавих, уяачдын гарын үзүүрт зарагдах гээд ажил мундахгүй болж байгаа юм. Яваандаа бага адуугаар бие даан морь уяж, есдүгээр сарын нэгэнд дааганы айргаар анхны амжилтаа гаргаж байлаа. Түүнээс хойш сумдын 80 жилүүдэд болон сумдаас арваад түрүү, 40-50 айрагтай, болоод байгаа.
-Анхны айргийг амсуулсан дааганыхаа тухай дэлгэрүүлээч?
-Тэр үед хүүхэд байлаа. Ирээдүйд хадам аав маань болно гэж яаж мэдэх билээ. Айраг сумын харьяат, Улсын аварга малчин Алтангэрэл олон хурдан адуутай лут уяач байлаа. Манай аав ээжийн найз л даа. Тэр үед намайг наймдугаар ангид байхад өсгий цагаан зээрд халзан даага бэлэглэсэн юм.  Ийнхүү бэлэгний даага маань миний анхны айргийг авчирсан. Бас манай нагац ах Паламын Сэрдамба гэж морь уядаггүй хэрнээ хол ойрын хурдан адуу их цуглуулдаг, наймаа хийчихдэг хүн байлаа. Ах Тонгон Донирын хурдан саарал азарганы төл болох хээр үрээг надад өгч, бас уяж уралдуулж байлаа. Мэдээж нас бага болохоор буруу зөрүү юм хийх үе гарна. Сунгаанд байнга л дээгүүр давхиад, харин наадмаар арвын дотор ирдэгсэн. Амжилт тун ойрхон харагдаад байгаа хэрнээ айраг түрүү авч чаддаггүй байлаа. Тэгэхэд Цагааны Бямбацогт, Хайдавын Мөнх-Очир, Пүрэв-өвгөн, Сэдэдийн Нууц, Л.Хүүхнээ ах гээд аваргууд үзүүр дээр нь нэг шөнийн хоолоор л оруулчихна. Цагаан өвсөөр л сайхан уячихдаг байж.
-Алдартын нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдээсээ танилцуулаач?
-Өвгөн ажаа Сугарын Рэнцэнгийн өвлүүлж үлдээсэн нутгийн адуу бол манай адууны дэвсгэр болсон. Энд хол ойроос цуглуулсан адуугаараа цус сэлбэснээр алтан тууртууд маань хурдан байна. Сонирхуулахад сумын 80 жилээр Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгуудын 10 гаруй сумд оролцсон наадамд өөрийн унаган адуу болох соёолон хээр морио, битүү хонгор даагатайгаа тус тус айрагдуулсан. Хээр морь сумандаа гурав аман хүзүүдэж, хэд хэд айрагдсан. Бас нэг саарал соёолон морь Галшарын 80 жилд гуравлуулж, Даланжаргалангийн 80 жилээр дөрөвлүүлэн, Бор-Өндөрт аман хүзүүдүүлж байлаа. Сүүлд Баянхонгорын Дашдоржид зарчихсан. 
       Манай сум чинь зүүн талаараа Хэнтийн Галшар, Баянмөнх, Дэлгэрэх, Сүхбаатарын хэдэн сумтай хил залгаа болохоор сумын наадам их чансаатай болдог юм. Өөрөөр хэлбэл халхын хурд цугладаг. Гэхдээ би ийшээ тийшээ уралдаанд явах нь ховор. Өвгөн ноёны наадамд очоод соёолон хээрээ долоо, найм хавьцаа давхиулсан. Ер нь бидний хувьд хамгийн том наадам аймгийн “Хутагтын хурд” л байх шив дээ. Суманд аятайхан түрүүлж, айрагдсан ч цагаан өвсний морьтой бид тэжээлтэй морьтой уралдахаар үнэхээр хурдан адуу бол арвын дотор л орж байгаа юм.
-Тэр утгаараа адууны наймаа  ч их хийх үү?
-Хийнээ хийнэ. Хурдан морины ханш янз бүр л байна. Хурд нь танигдсан залуу адуу бол үнэтэй талдаа. Манай адуунаас гэхэд Өвөрхангай, Баянхонгорт байна. Өвөрхангайн цагдаагийн дарга, хурандаа Эрдэнэбат сүүлийн 4 жил надаас адуу авч байна. Бас Өвөрхангайн Тарагтын Сүхбаатар, Самдандоржийн Пүрэв гэж бий. Энэ жил Өвөрхангайн даншигт Пүрэвийн хязаалан айрагдаж, дүүгийнх нь шүдлэн түрүүлсэн. Пүрэв ах надаас 60-70 адуу авсан байх шүү. Малын буян хишиг багадахгүй, улам л дээшээ арвижиж байдаг. Би ч хэдэн адууныхаа буянд сайхан л амьдарч байна.
-Мэдээж чих тавьж л сууна биз?
-Тэгэлгүй яахав. Өвөрхангайд хязаалан түрүүлж, Баянхонгорт соёолон түрүүлээд 2008 онд Цэрэнтогтох, Сумъяабазар хоёр аваргын наадамд дахин түрүү магнай болсон Дашдоржийн хул морь гэж бий. Сүхбаатарт өгсөн адуу. Ер нь  тэнд очсон адуунууд хурдалж байгаа. Эрдэнэбат хурандаад өгсөн адуунууд хурдан байгаа дуулдсан. Уржнангийн цаад жил хоёр хул адуу өгснөөс түрүү өгсөн Бүлтэн хул нь очсон жилээ 7-8 айрагдаж, түрүүлсэн юм гэнэ лээ. Харин хоёр дахь нь ноднин хязаалан их хурдан байгаад, Өвөрхангайнхаа бүсэд айрагдсан гэж байсан. Ямар ч байсан гарсан адуунууд маань чих халууцуулаад байдаггүй л юм. Харин ч авсан нь айраг түрүүнд давхиад байхаар дахин дахин ирдэг байнгын үйлчлүүлэгчидтэй болоод байгаа шүү. Энэ жил гэхэд Өвөрхангайгаас гурван аймгийн Алдарт уяач ирээд арваад адуу аваад явсан.
-Өнөөдөр Содбаярын адуунд Халхын ямар, ямар хурдан угшлын адуунууд байна вэ?
-Манай адууны дэвсгэр бол Дашийн Хуушаан адуу, Их хэт сумын баруун талын Адилбиш өвгөний арай түрүү үеийн адуунаас эхтэй. Тэр адууны дэвсгэр дээр нутгийн нэрт уяач Адилбиш, Жамъян гуайн шаргууд, Нарангэрэл уяачийн нутгийн удам угсаа сайтай адуугаар арваад жил цус сольсон. Харин одоо цус ойртож мэдэх учраас ойр хавиасаа адуу авахгүй байгаа. Сүхбаатар, Хэнтий, Хэнтийн зүүн урд тал, Баянхутаг, Мөрөн, Баян-Адаргаас адуу авдаг болсон. Сүүлд Баян-Адаргаас хоёр үрээ, Хэнтийн Мөрөнгийн хурдан Оонон хонгор азарганы төл халзан азаргыг авлаа. Хязаалан, соёолондоо их хурдан байсан ч одоо жаахан хөл нь муудсан. Хэнтийн Баянхутагийн Лам шувуу гэж хурдан азарга байсан юм гэнэ лээ. Тэрний төл зээрд азарга бас байна. Айраг сумын Ц.Бямбажав гэдэг найзын бэлгэнд өгсөн будёний эцэгтэй зээрд азарга, Иххэтийн Д.Түмэнбаярын өгсөн будёний эрлийз зээрд халзан азаргануудыг авч цус сэлбэж байна. Би ер нь азарга цуглуулж адууныхаа цусыг богино хугацаанд сольё гэж боддог. Миний хувьд уяачийн алдар хүнд гэхээс илүүтэй адууны чанарыг сайжруулахыг л илүүд үздэг хүн дээ. Ер нь “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэж алс хэтээ харсан ажил хийхийн төлөө л зүтгэж байна. Гурван хүүдээ сайн удам угшлын адуу бүрдүүлээд өгчихье гэсэн хэтийн зорилго өвөрлөж явдаг даа.
-Хөвгүүд морь мал сонирхох уу?
-Тэгэлгүй  яахав, сонирхоно. Гурвуулаа морь унана. Орон нутагт айрагдаж, түрүүлж байгаа морьдыг манай гурав л унаж хурдлуулдаг байлаа. Одоохондоо морь уях нас нь арай болоогүй. Том нь оюутан, нөгөө хоёр нь дунд сургуульд сурч байна.
-Та чинь аймаг, сумын Аварга малчин гэсэн байхаа?
-Тиймээ аймаг, сумын аварга малчин. Бас “Алтан хурга”-ны эзэн. Жилд 600 хурга авч бойжуулан 2011 онд “Алтан хурга”-тай болж байлаа.
-Хичнээн бог малтай вэ?
-Хонь, ямаа нийлээд хоёр мянгаад бий. Харин адуу 200-гаад байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа. Хэтийн их зорилгод тань амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.