Монгол төрийн наадмыг дөрвөн үеэрээ чимсэн Д.Цэлхээ Алдарт

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 29 -нд

Дундговь аймгийн Дэрэн сумын унаган хүү МУ-ын Алдарт уяач Довуучийн Цэлхээ нь олон хурдан хүрэн адуу цогцлоон бий болгосон буянтай буурал байдаг бөгөөд 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор хурдан хүрэн үрээгээ айргийн дөрөвт давхиулж, Мөлүү хүрэн морио аман хүзүүдүүлсэн боловч их морь будилсан гээд хасагдаж байсан юм. Харин 1997 оны Зава Дамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт 11 настай хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулж байсан нь түүхийн шаргал хуудаснаа бичигдэн үлджээ. Д.Цэлхээ гуай орон нутагтаа төдийгүй улсын дэвжээнээ "айлгадаг" уяач ба хурдан хүлгийн сүүл шууж эхэлснээсээ хойш бүс, аймаг, сумын наадмаас 200 гаруй айраг түрүү хүртэж 1998 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Түүний "Годого" хүрэн азарга нь Хан уулсын ар Хатан туулын хөвөөнөө халхын хурдан буянгуудтай хурд хуваан уралдаж, тухайн үедээ нэрд гарсан М.Данзаннямын Ажнай хүрэн, морин тойруулгын Солонго цавьдар гээд олон алтан тууртыг ардаа орхидог байсан ч улсын наадмын алтан шар зурхайд хараахан айрагт багтаагүй гэдэг. Харин Д.Цэлхээ гуайн аав Ё.Довууч, өвөө Жураа Ёндон хоёр нь ар халхын нэртэй уяачид байсан юм.
Тодруулбал Жураа Ёндонгийн Хулгар хээр гэж Монголын говь талаас төрсөн нэрт хурдан хүлэг байлаа.  Зарим үед агуу их Н.Падын хүрнийг ч дийлж явсан удаатай гэдэг.  Жураа Ёндон гуай 1934 оны нохой жил буюу Ардын хувьсгалын 13 жилийн ойн их баяр наадамд "Хулгар хээр" азаргаа айргийн тавд хурдлуулж, улмаар 1936 оны гал хулгана жил, Ардын хувьсгалын 15 жилийн ойд дахин айргийн таваар хурдлуулж, хойтон жил нь айргийн гуравт хурдлуулсан байдаг.  Харин Жураа Ёндонгийн хүү Ё.Довууч нь 1935 оны модон гахай жил буюу Ардын хувьсгалын 14 жилийн ойд хар хээр азаргаа аман хүзүүдүүлж, 1938 оны Ардын хувсьгалын 17 жилийн ой, шороон бар жилийн улсын их баяр наадамд айргийн тавд хурдлуулсан байдаг билээ.
Ийнхүү аав, хүү хоёр нэгэн цаг үед Монгол төрийн наадмыг чимж явсан бол энэ их уяачдын морь уях агуу эх эрдмийг үр хүүхдүүд нь өвлөн авч өдгөө дөрөв дэх үеийн уяач нь /АХ-ын 91 жилийн ойд хурдан хүрэн азаргаа аман хүзүүдүүлсэн Ц.Бямбасүрэн уяач/ төр түмний их баяр цэнгэл наадамдаа азарга аман хүзүүдүүллээ.
Энд бас нэгэн түүхийг сөхөхөд: Алдарт уяач Д.Цэлхээ нь морь уяхаас гадна торгон зодогны далбаан дор дэвэх сумын заан цолтой бөх хүн билээ.  Тэрээр эр цэргийн албанаас халагдаж ирээд Дэрэн сумынхаа баяр наадамд дөрвөн удаа зодоглохдоо хоёронтоо түрүүлж, хоёронтоо  үзүүрлэсэн байдаг. Тэгэхдээ хоёрхон бөхтэй үзүүр, түрүүнд үлдсэн сонин агаад содон түүхтэй. Мөн түүнчлэн хүүхэд ахуй насандаа дээр дурдсан Жураа Ёндон /өвөө/-гийн хулгар хээр азаргыг унаж, улсын наадамд айрагдаж байсан гэдэг.
Уяхан замбуу тивийн наранг эгшиглүүлсэн их дуучин Норовбанзадын шуранхайтай Дэрэн нутгийн унаган хурдууд дуунд мөнхөрсөн Дэрэнгийн хар азарга шигээ Дэлхийд ганцхан Монгол наадмаа үеийн үед чимж явах болтугай... Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд түрүү магнай, түмэн эх, түрлэг дуу тасрах учиргүй ээ...

Г.Ганпүрэв

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна