МУ-ын Алдарт уяач Д.Сүхээ: Морио хөтлөөд 300 гаруйн км газрын хоёр том элсийг гатлаад Завхан аймгийн 70 жилд очиж наадаж байлаа

Тэлмэн
2015 оны 9-р сарын 29 -нд

-Увс аймгаас төрсөн 10 Алдартын нэг тантай уулзаж байгаадаа баяртай байна. Хурдан морины уяа сойлго тааруулах болсон үе хэзээнээс эхтэй вэ?
-1965 оноос өнөөг хүртэл адуун сүрэг болсон алтан туурайтны буяныг эдэлж яваа хүн дээ, би. Өдгөө нас сүүдэр 72 хүрч байна. Уяа сойлго тааруулсан энэ хугацаанд дүүтэйгээ улсын босго өндөр довон дээр 10 жил сайхан наадлаа. Олон ч айраг, түрүү авлаа. Энэ амжилтыг маань үнэлж, 2004 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм. Өдгөө хоёр хүү маань удам залган уяа эвлүүлж байна. Хоёулаа аймгийн Алдарт уяач цолтой.
-Таны дээд удам сударт морь мал уядаг хүн байв уу?
-Манай аавын аав Содном гэж мундаг уяач байлаа. Өндөрхангай сумын Цагааннуур бригадын Бургастайн голын хүн байгаа юм. Урагшаагаа говь цармаар нутагладаг. Өвөөгийн хоёр хонгор морь нь 1953 онд Ховд аймгийн баяр наадамд удаа дараа дээгүүр ирж байсан. Бас 1955 онд Завхан аймагт очиж, хонгор морь нь аман хүзүүдэн, хонгор азарга нь түрүүлсэн байгаа юм. Энэ мэтээр нутаг хошуундаа цуутай хурдан хүлгүүдтэй. Үүнээс хонгор ухаагаар нутгийнхан нь ч их бахархаж ирсэн байдаг. Одоо тэр хонгор азарганы угшлын адуу манайд бий. Тасралтгүй өсгөж үржүүлээд хэдэн үеэрээ өв уламжуулаад явж байна. Өвөө аав маань бас морь их сайхан хатгадаг хүн байлаа. Харин аавын тухайд социализмийн үеийн хүн. Нэгдэл нийгмийн тэр цагт одоо шиг дураараа адуу мал уяхгүй. Гэхдээ Зүүнхангай, Өндөрхангай сумандаа олон жил сайхан наадсан, уяач явлаа. Манайхны дээдчүүлээс өвөөгөөс авга ах Тэгшээ, түүнээс миний аав Дорж, ааваас би, надаас хүүхдүүд маань гээд хэдэн үеэрээ хурдан тууртын хийморьт сүслэн яваа улс даа, бид.
Өвөө маань хонгор зүсмийн голдуу адуутай байсан бол аав хонгор зүсмийн адуунаасаа гадна хүрэн зээрд адуугаар нааддаг байсан юм. Өвөөгөөс хойш өөрийнхөө адууны азаргыг сольж, Ховд аймгийн Дарвийн Галсантогтох гэж хүнээс Мянгадын хурдан хүрэн үрээ авчирч азарга тавьсан нь энэ юм.
-Мянгадын Чонон саарал гэж үү?
-Тиймээ, Чонон саарлын удамтай. Аав тэр үед адуу малны наймаа хийж яваад Мянгадын цагаан гэх хурдтай газраас авсан юм. Ингэж адууныхаа цусыг сэлбэж, хүрэн зүсмийн олон адуутай болсон. Тухайн үедээ 1955 онд 500 гаруй адуу нэгдэлд нийгэмчилж, 59 онд дахин өгсөн. Үүний дараа 76 онд ааваасаа үлдсэн 40 гаруй адуугаа нэгдэлд өгч байлаа. Хуучин цагт хангайн бүсийн нэг өрх 50, говийнх 75 толгой малтай байна гээд заачихсан байсан юм.
-Өвөө тань сайн засалч байжээ. Харин аав чинь энэ тал дээр хэр байв?
-Аав ч бас мундаг. Морь хатгуулах гээд Ховдоос хүртэл хүн ирж байсан. Аавын энэ эрдмээс би өвлөж, бас хатгачихдаг юм. Хоёр хар хүү маань ч ойр зуурын юмаа хийчихнэ. Дээр нь Өндөрхангайн хэд хэдэн шавь бий. Багадаа миний морийг унаж уралдаж байсан хүүхдүүд одоо том болцгоож, зарим нь морь уяж байна. Би тэдэндээ ч морь хатгах талаар мэддэгээ зааж өвлүүлсэн гэж боддог.
-Аав чинь нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Аав маань нэгдлийн сувай хонь малладаг байлаа. Туувраар Орос руу хүртэл явж байсан хүн дээ. Би ч гэсэн 1965 оноос эхлээд нэгдлийн адуу малладаг байсан. Анх 780 адуу авч байлаа. Тухайн үедээ нэгдлийн адууг 1600, 1400 хүргэж хоёр ч удаа тасадсан. Цэргийн алба хааж гурван жил л завсарласнаас биш насаараа л адууны дэргэд явж ирлээ. Ингээд өмч хувьчлалаар 93 оны гурван сард 1683 адууг ард түмэндээ тараахад гар бие оролцож байв.
-1965 оноос морь уясан гэсэн. Нэгдлийн адуугаар уяа эхлүүлж байв уу? Эсвэл унаган адуугаараа наадсан уу?
-Анх өвөөгийнхөө өвлүүлсэн унаган адуу болох хул азаргыг уяж байлаа. Бас Өндөрхангайн нэгдлийн улаан бор морийг уяж, азарга нь гурвалж, морь нь айргийн дөрвөөр ирсэн юм. Анхны гараагаа ийнхүү одтой наадаж эхлүүлсэн. Тэр үед олон морь уяж амжихгүй. Таваас, зургаан морь уялаа гэхэд нэгдлээс гурав нь, өөрийнхөөсөө хоёрыг гэхчилэн уяна. Зүүнхангай,Цагаанхайрханаараа л наадна, өөр тийшээ хальж байсангүй. Харин 1993 онд морио хөтлөөд 300 гаруйн км газрын хоёр том элсийг гатлаад Завхан аймгийн 70 жилд очсон юм. Тэнд өөрийн их насны морио гуравлуулж, хамт явсан хүний их морь айрагдан, нэг азарга түрүүлж байлаа. Одоо ч цаг сайхан болохоор амар болж.
-Завханы 70 жилийн ойгоор олон газрын хурд цугласан гэж нутгийнхан ярьдаг юм билээ?
-Тиймээ. Баруун таван аймгийн хамгийн анхны том уралдаан болсон. Түүний дараа 95 онд Монголын анхны бүсийн уралдаан Сархайрханд болсон нь хоёр дахь том цугларалт болсон байх шүү. Энэ нь морин спортын хөгжилд яах аргагүй бичигдэх үйл явдал байлаа. Би Сархайрханы даншигт Батсайхан дүүтэйгээ очсон юм. Тэгээд азарга долоогоор ирж, соёолон үрээ айргийн гурваар хурдалсан. Бас л сайхан наадмуудын нэг дээ.
-Уяач хүний хувьд хамгийн их баяр бахдалтай он жилүүд хэзээ байсан бэ?
-2002 оны үед Дундговь аймгийн 70 жилээр очиж их нас аман хүзүүдүүлж, соёолон гуравлууллаа. Бас нэг шүдлэн үрээ түрүүлгэсэн. Хурдтай газар очоод ийнхүү наадсандаа их баярладаг юм. Тэр үед залуу ч байж, өмтэй ч байж, аз хийморьтой ч байжээ. Зургаан насны зургаан адуу уралдлаа ч, эсвэл 1000 адуу явсан ч тавыг барьдаг монгол наадмын дэвжээ чанга шүү дээ. Тэр таван нүхэнд гурван адуу багтаана гэдэг том амжилт.
-2004 онд МУ-ын Алдарт цол хүртэхэд хичнээн айраг, түрүүтэй байв?
-2004 оны өвөл Төрийн ордонд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс авсан юм. Тэгэхэд надтай хамт Гарамжав гуайн Ганхүү, манай Өндөрхангай сумын Доржсүрэнгийн Цэнд-Аюуш, Сүхбаатар аймгийн Онгуу Манлайн ач хүү Сэргэлэнбаатар нар шинэ цолоо гардан авч байлаа.
Би 14 айраг, таван түрүүн амжилтаараа МУ-ын Алдарт уяач болсон. Энд анхны бүсийн наадмуудын амжилт багтаж байгаа юм. Дундговийн 70 жилийн ой бүсийн наадмын тоонд ордог юм. Би Хэнтий, Өмнөговьд ч очиж наадаж явлаа. Малынхаа хэрээр айрагтай л ирдэгсэн. Өмнөговийн Цогтцэций сумын “Говьшанхын хурд”- д соёолон үрээтэйгээ очиж гуравлуулсан. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын дарга улсын Алдарт уяач Жамбалдорж гэж хүн байлаа. Энд 2000 онд Уртын Дамдинжав гуай бид нар очиж, манай хүрэн халзан морь айргийн дөрвөөр орсон. Бас Эрдэнэтийн 30 жилд очиж наадсан. Даага гурвалж, хязаалан үрээ аман хүзүүлээд, их нас долоо дээр давхиулаад ирсэн.
-Сүхээ Алдартын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байв?
-Манай дүү Батсайханы хээр азарга 98 онд улсад долоогоор хурдалж байлаа. Залгаад Хархоринд болсон анхны “Их Хурд”-д есөөр орсон. Манай Ханхөхийн хошууны гүүнээс төрсөн хээр азарганы эцэг нь Ховд аймгийнх. Манай аав нэг сайн зээрд азарга авчирч адууныхаа угшлыг сайжруулсан гэж түрүүн цухас дурдсан даа. Тэр хүрэн азарганы үр сад байгаа юм. Их хурдын дараа бага наадмуудад их олон түрүүлсэн. Гэхдээ ахин том наадамд оруулаагүй ээ. Бас манай нэг хүрэн халзан морь нэг жил улсад наймлаж, нэг жил долоолсон. 2005 онд манай Цэрэнжээгийн хээр морийг түрүүлэхэд наймлаад, 2006 онд Цэнд-Аюушийн хүрэн түрүүлэхэд долоогоор ирсэн юм. 
       Уяач хүнд эзний хор, морины хор, морь унаж байгаа хүүхдийн хор гэж гурван том хор байдаг юм
-Ханхөхийн угшлын адууны онцлогийн талаар ярьж өгөөч?

-Манай Ханхөхийн адуу Тэсийн голын адуунаас нэг их хол зөрүүгүй. Уналга эдэлгээ даадаг, халуун хүйтэнд тэвчээртэй, ер нь чанартай хурдан адуу байгаа юм. Тэсийн голын адууг хурдан л гээд байдаг. Тэрнээс дутахгүй хурдан адуу шүү дээ. Манай Өндөрхангайн энэ Ханхөхийн хошуунаас улсад Цэнд-Аюушийн хүрэн, Цэрэнжээгийн шар хээр хоёр түрүүлсэн сайхан түүх байна. Бас Түмэнжаргалын Хандаагийн хар морь гэж соёолон хар үрээ Цэрэнжээгийн хээр морийг улсад түрүүлдэг жил гурваар ирж байлаа. Гурвуулаа л Ханхөхийн хошууны унаган адуунууд. Миний залууд Баттогтохын Гомбоо гэж сумандаа 10,000 адуутай айл байлаа. Ханхөхийгөөс гаралтай, их хурдан, мундаг угшилтай адуутай. Өөрөө ч морийг их гоц таньдаг, их том уяач хүн байсан юм. Мөн Зузаан Даян гэж хүний олон бор адуунууд байна. Равдандаш даянгийн бараан адуунууд бас 10,000 хүрч байсан  удаатай. Одоо ч өв уламжлагдсаар байна.
-Улсын наадамд 10 жил наадсан гэлээ. Хамгийн өндөр амжилттай наадсан нь хэдэн оны наадам байсан бэ?
-Түрүүн ярьсан даа. Хээр азарга долоолж, Хархорины “Их Хурд”- д еслөсөн тэр жил сайхан наадсан. Тэр үед манай баруун аймгийн уяа сойлго зүүн аймгийнхаас тэс өөр байлаа. Манай баруун таван аймгийн хүн нь ч гологддог, морь нь ч уяж чадахгүй болохоор гологддог үе байсан юм. Тийм байхад долоогоор ороод ирсэн хээр азаргыг их хурдан адуу байжээ гэж одоо хүртэл бахархдаг.
    Миний ганц дүү нэгдлийн адууны цаагуур морины сайныг унаж давхисаар моринд их хорхойтой болсон хүн л дээ. Хожмоо сургууль соёлоо төгсөөд илүү эрчтэйгээр моринд орсон. Тэгээд ахдаа “хоёулаа улсад уралдаж үзье” гэхээр нь би ч зөвшөөрч малтайгаа, хүнтэйгээ, гэр оронтойгоо хот руу нүүж байлаа. Ингээд 97 онд хотод  очоод 10 жилийн дараа буюу 2008 онд нутагтаа буцаад ирсэн.
-Хотод байхдаа сүүлийн үеийн уяанаас суралцсан л байх даа?
-Тэгэлгүй яахав сурсан. Одоо тэр сурснаа нутаг хошууныхаа залуучууд, хүүхдүүддээ өвлүүлээд явж байна. Одоо манай Өндөрхангайн уяачид төв Халхын уяагаар морьдоо уяж байна. Адуу нь ч их хурдан байна. Улс хувьсгалын 90 жилээр манай отгон хар хүү Улаан сайдын хүрэн азаргыг гуравлуулсан. Энэ чинь л миний хүүхдэдээ өвлүүлсэн эрдмийн ач байхгүй юу. Өнөө Сүхбаатар аймгийн Асгат сумын Баяраагийн хүрэн гээд байдаг азарга шүү дээ. Одоо хүртэл манай хөвгүүд Улаан сайдтай холбоотой байдаг юм. Тэд одоо Сүхбаатар аймагт морь малаа уяад амьдарч байна. 
     Халх уяа манайхнаас өдөр шөнө шиг л ялгаатай. Би ч азтай хүн. Өнөө томчууд болох Тод манлай уяач Даваахүү, Түвдэн, Онон, Манлай уяач Батчулуун нартай ах дүүс шиг болсон хүн. Эдний дунд явж их ч юм сурсан, их ч юм заалгасан. Бүүр Манлай уяач Батчулуун, Батсайхан нар бидний морийг гурван жил уяж өгч байлаа.
-Нийтлэг ямар алдаа байв?
-Би морь уяад сурчихлаа, том уяач болчихлоо гэж бодолтгүй. Морийг уяж сурна гэж байхгүй. Тэгэхээр уяад алдсан алдаагаа дахин давтдаггүй хүн л уяач болдог гэж боддог юм. Би чинь 2008 онд хотоос ирсэн юм. Тэр үед үсэргэсээр байгаад тарган морь нь гэдсээ авчихсан, туранхай  нь бүүр ядаргаанд орчихсон харагдсан. Тэгэхээр нь өдөр болгон ингэж үсэргэж болохгүй. Амралт өг, энэ морийг тарганаар хадгал, энэ гэдэс чангадсан байна, наадахаа хоёр өдөр ажил хийлгээд, амрааж уяан дээр нь  хөлсөл гэхчилэн зааж, бүүр нэмнэж өгдөг байлаа. Намайг ирэхэд манайхан чинь нэмнээ гэж мэдэхгүй. Ямар сайндаа Батсайхан бид хоёр Төв Халхын сайн уяачдын нэмнээг нь авчирч, харж эсгээд оёуллаа. Болоогүй өнөө нэмнээгээ тараагаад энэ маягаар хий гээд өөрийн морьд дээрээ үлгэрлэж харуулна. Ингэхээр шаал өөр болоод явчихаж байгаа юм. Үргэлжлүүлээд Цэнд-Аюуш, Дамдин гэж улсын Алдартуудын хичээл явагдсанаар шинэ уяачид их юм сурч авсан болов уу. Одоо бол адуу нь хурдан байна, өөрсдөө ч их сайхан уядаг болсон байна. Манайд л гэхэд аймгийн Алдарт хоёр байна. Нэг хүүгийнх маань аймагт адуугаа тэжээж өвөлжөөд, энэ хавар их сайхан уралдлаа. Өнгөрсөн намар 10 гаруй түрүү, мөн тооны айраг авлаа. Энэ бол том амжилт байхгүй юу.
-Та дүүтэйгээ адууныхаа цусыг сайн сэлбэсэн үү?
-Бид хоёрын адуунд монголоос орж ирээгүй, сэлбэгдээгүй цус гэж байхгүй. Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Мөнххаан, Дорнод, Дорноговь, Өмнөговиос дандаа бага байдсан гүүнүүд авч байлаа. 2008 онд бид хоёр 200 гаруй адуутай хот руу нүүж байсан. Олон жил зүтгэснийх бидний адуу мундаг чанаржсан, мундаг ч хурдтай болсон.
-Адуу сайжраад ирэхээр наймаа хийх хүмүүс ч олон ирж байна уу?
-Бид найздаа, ахдаа, дүүдээ бэлэглэчихдэг улс.  Тэрнээс бид хоёр 10 саяар морь зарсангүй, 10 саяар азарга зарсангүй. Бид хоёрын хүнд өгсөн нь тоогоо алдсан. Аймгийн Норовсамбуу гэж хүнд хонгор морь бэлэглэсэн нь Зүүнговь суманд их олон түрүүллээ. Аймагт ч айрагдаж түрүүллээ. Энэ хавар төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн гэж байна лээ. Мөн Тавантэсийн Засаг дарга асан Александрт дүүгийн нэг хонгор халзан морь бий. Энэ нь аймагт их олон айрагдлаа, сумандаа бас хоёр гурав түрүүллээ. Завхан суманд Чулуунбаатар найздаа бэлэглэсэн хонгор үрээ их хурдан байна. Түүнчлэн унаач хүүхдүүддээ бэлэглэсэн дааганууд одоо мундаг мундаг хурдан адуунууд болжээ. Сүүлийн үед өөрийн адууны багачуул ч сайхан наадаж байна.
-Та хоёр ямар ханшаар авч байв?
-Адууны ханш өсөөгүй байхад олныг авсан л даа. Дүү маань 98 онд Баруунтурууны уяачдын холбооны дарга Гомбосүрэнгийн хүргэн ах Үнэнбатаас хул морь таван саяд авч байлаа. Тэр хэмжээний бэлэн мөнгөөр болон мотоциклиор гээд л наймаалцана шүү дээ.
-Сүүлийн үед уяачийн ёс жудгийн талаар их ярьдаг боллоо. ММСУХ-ноос ч 2014 оныг уяачийн ёс зүйн жил болгон зарлаж байлаа. Энэ талаар та санал бодлоо хуваалцаач?
- Уяач хүнд гурван том хор байдаг. Эзний хор, морины хор, морь унаж байгаа хүүхдийн хор гэж. Энэ гурван хор арилаагүй цагт тэр хүн өөдтэй сайн уяач болохгүй. Өөдтэй сайн уралдаанчин ч болдоггүй юм.
-Хүүхдийн хор гаргана гэж юу гэсэн үг үү?
-Энэ жил морь унаж уралдсан хүүхэд хойтон жил уралдахдаа өмнөхөөсөө туршлага суусан байна даа. Өөрөөр хэлбэл 15 км-т хязаалан уралдаж байна гэхэд би мориныоо хөлсийг нь гаран гартал тавьж явуулахгүй. Хөлс нь гараад ирэхээр өөрөө явна гээд санаа сууж, арга ухаан нь ч мундаг болчихож байгаа юм. Харин хор нь гараагүй хүүхэд урд талд нь орж чавхадсаар байгаад хойно нь гарчихдаг. Хүүхдийн хор гарна гэдэг чинь арга ухаан сууж байгаа гэсэн үг юм. Эзний хор гарна гэдэг чинь мундагаа, мундаг. Өнөөдөр хоёр нас түрүүллээ, гурван нас айрагдлаа гэж баярлаж онгирохын хэрэг байхгүй. Хор нь гарчихсан уяач сэтгэл хөөрлөө барьж чаддаг юм. Харин морины хор гарна гэдэг сүрхий. Адуу гээч амьтан чинь их ухаантай. Гүйцээд гарч чадахгүй болохоор хазаад хоцорч байгааг ах нь нүдээрээ харж байлаа. Тэр мөн сүрхий шүү. Тэгээд давхиад сурчихсан, гараад сурчихсан, түрүүлээд сурчихсан амьтан чинь гарахдаа наад зах нь хүүхдүүдээрээ албадуулдаггүй. Чимээгүй л хоёр талаараа аваад явдаг. Давхиж сураагүй, олон юманд уралдаж үзээгүй адгуус бантаад, байдгаараа явсаар байгаад орчихдог. Дараа жил нь нөгөө ноднингийн юм байхгүй. Эдгээр хорноос гадна хурдан морь, архи, тарваганы мах гурав хоорондоо таардаггүй харшилдаг юм. Энийг хэзээ ямагт эрхэмлэж байсан уяач хүний морь нь сайн л  давхидаг юм даа.
-Архи, тарваганы махыг огт хэрэглэхгүй байх ёстой гэсэн үг үү?
-Морь уядаг хүн хэрэглэхгүй л байх ёстой. Одоо тийм тэвчээртэй хүн алга л даа. Залуучуудад хэлдэг юм. Морь уяж байх хугацаандаа архи битгий уу. Архи, морь хоёр нэг саванд багтдаггүй гэж. Үгэнд ороод явж байгаагийн морь нь хурдан байгаагаас андашгүй. Нөгөө хэсэг нь архи уугаад морьдоо баллаад хаячихаж байгаа улс ч байна.
-Тарваганы махыг яагаад цээрлэдэг юм бэ?
-Тарвага гээч амьтан чинь газар доогуур амьдардаг. Удаан хөдөлгөөнтэй, үнэр танар ч ихтэй. Тэгээд ч хурдан морь уяж байгаа нөхцөлд юу гэж амьтны амь бүрэлгэхэв.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг болон  таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.