Ж.Үржгэр: Хүүхэд нь морь унаж сурна гэдэг эцэг эхэд асар том баяр бахдал байж

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 25 -нд

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, хүндэт хурдан морь унаач Ж.Үржгэр гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Олон жил хурдан морь унаж, хүндэт унаачаар тодорсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Миний аав Жүгдэрнанжин хурдан болон жороо морины хоббитой хүн байсан. Тэгээд намайг долоон настай байхад буюу 1945 онд эх орны дайн дууссан жил хурдан морь унуулж сургасан. Би бие багатай хүүхэд байсан болохоор нутгийнхан “морины нуруун дээр тогтохгүй дээ” гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд унаад ирсэн “хачиг шиг наалддаг хүүхэд байна” гэж байсан. Анх морь унаад сумынхаа наадамд дөрвөөр  давхисан. Тэр цагаас 15 нас хүртлээ найман жил уралдааны морь унасан даа. Тэр үед эхлээд аймгийн наадам дараа нь сумдын наадам цуварч болдог байлаа. Аймгийн наадмаас хойш сумдын наадам гээд сар шахуу дамжиж наадаад гэртээ ирдэг байсан. Ардын хувьсгалын 30 жилийн ой буюу 1951 онд аймгийн наадам их олон морь уралдаж байсан юм. Их насанд гэхэд 350 гаруй морь гарлаа гэж дуулдаж байсан.Тэгэхэд би аавынхаа уясан цавьдар морийг унаж таваар давхиулж байлаа. Тэр морь унаж байх үеийн хамгийн сайхан дурсамж даа.
-Унаа морь унаж сурсан нь хэзээ вэ?
-Бидний үед их багаас унуулж сургадаг байсан шүү дээ. Би гэхэд л гурван настай номхон морины нуруун мордсон гэдэг юм. Дөрвөн настайдаа ойр зууртаа морь унаж шогшоод л тугал бяруу эргүүлээд байсан. Тэр үед айлын хүүхэд морь унаж сурна гэдэг эцэг эхэд нь асар том баяр бахдал байж дээ. Одоо бол эсрэгээрээ морь унуулах дургүй болж. Морь унана гэдэг маань монгол хүн бидний их том баяр бахдал юм шүү дээ уг нь. Миний үеийн улсууд бол мэдээ орсон цагаасаа л сургуульд ортлоо өвөл зунгүй жилийн турш морины нуруун дээр өнждөг байсан.
- Сүүлийн үед хурдан морь унаач хүүхдийн асуудал хурц сэдвүүдийн нэг болоод байгаа. Энэ талаар мэдээлэлтэй байгаа юу?
-Хүүхдээр морь унуулахгүй байх гэдэг чинь бас л нөгөө европжих хандлага юм даа. Монгол улс даяарчлалын эрин үед өөрийн гэсэн юмаа авч үлдэхийн тулд эрийн гурван наадам тэр дундаа морио анхаарч авч үлдэх учиртай. Хүүхэд унаж уралдаж байж л монгол наадам болно шүү дээ. Хүүхэд мориноос унах нь унана. Би ч унаж л байсан. Мориноос битгий хэл гүйж яваад л уначихдаг шүү дээ. Тэглээ гээд байгаль эх нь түшдэг юмаа. Хүүхдийн эрхийн байгууллага энэ тэр гээд янз янзын байгууллагууд жилдээ төчнөөн зуун хүүхэд мориноос унаж байна гээд л телевизээр яриад байх юм. Статистик тоо мэдээ гаргаж байгаа нь сайн юм. Гэхдээ түүн дээрээ дөрөөлөөд шууд өв соёл руугаа дайраад байж болохгүй л болов уу.
-Зохион байгуулалт султай уралдаанууд олширч  түүнийгээ дагаад хүүхэд унаж бэртэх цаашлаад амь насаа алдах явдал гарч байгааг өв соёл уламжлал гэдгээр хаацайлж болохгүй байх л даа?
-Одооны уралдаан олон болж. Тэгээд харж байхад  мориноосоо олон машин л харагдах юм. Зарим үед ч морь уралдаад байна уу, машин уралдаад байна уу гэдгийг ялгахаа байчих юм. Хүн байгаль хүйн холбоотой. Тэр машин техник элдэв юм байхгүй бол морь хүүхэд эсэн мэнд сайхан наадаад л ирнэ. Уналаа ч байгаль эх нь түшээд авдаг юм. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр машин техник хольдогоо болиод хүүхэд морио л мордуул. Яахав хүн эмнэлэг, мал эмнэлэг дагадаг л юм байгаа биз. Түүнээс өөр машин хэрэггүй.
-Таныхаар хурдан морь унаач хүүхдийн тохиромжтой нас хэд байдаг юм бэ?
-Зарим хүүхэд зургаан наснаасаа эхлээд л унадаг. Зарим нь бүр хожуу ч унадаг. Найм есөн настай хүүхэд бол наадах цаадахаа мэдчихсэн, хашир суучихсан байдаг. Тийм хүүхдүүд морь унахад алзахгүй дээ.
-Олон жил хурдан морь унасан хүүхэд эрүүл мэндийн хувьд хор нөлөөтэй гээд байгаа. Доргилтоос үүдэлтэй элдэв хууч байна уу танд?
-Харин ч хууччуул морины хөлс хүүхдэд сайн гэж ярьдаг байсан шүү дээ. Тэрэндээ ч би өдий 75 наслахдаа өвчин хууч ярьж байгаагүй. Насны эрхээр одооноос хөл гар жаахан өвддөг болоод байгааг эс тооцвол. Эрүүл саруул байж өвчин эмгэг хэлдэггүй байснаа би морь мал унаж байсных л гэж боддог шүү. Би хувьдаа өвлийн наадмыг нэг их таашаадаггүй. Дээхэн үед цагаан сараар ганц нэг уралддаг байсан байх. Одоо бол хавтгайрчихлаа шүү дээ. Үүнийг харин болих хэрэгтэй байгаа юм.
-Уралдааны замд хүүхдээс бүх зүйл шалтгаалдаг. Бэртэж гэмтэхгүй амжилттай уралдахын тулд юуг эрхэмлэх хэрэгтэй байдаг вэ?
-Эцгийн буюу уяачийн захиас гэж айхтар юм бий. “За миний хүү газрынхаа гуравны нэгийг авахад тэгнэ шүү, тэндээс эхлэн жолоогоо тавина шүү гээд газраа нэрлээд заачихна” тэрийг ягштал биелүүлэхэд л болдог байсан. Одоо бол нэг газраа бус хаа сайгүй уралдаад тэгж нутаг орноор баримжаалах боломжгүй болж дээ. Тиймээс морьтойгоо сайн харьцаж байр байдлыг нь мэдэрч байгаад амыг нь татах уу тавих уу гэдгээ шийдэх нь унаачийн мэдэх асуудал болоод байна. 
-Нутаг бүрийн гийнгоо өөр өөр байдаг. Танай нутгийн гийнгоо ямар онцлогтой вэ?
-Манай нутгийн гийнгоо уянгалаг сонсголонтойгоороо алдартай шүү дээ. Бусад газрууд шиг тарни энэ тэр уншихгүй. Гийн-гоо гэдгээ л маш уртаар уянгалуулан дуудаж, мориныхоо хийморь цог золбоог сэргээдэг. Орой нар шингэх үед уяагаа тойроод гийнгоолж явах мөн ч сайхан шүү. Сайхан гийнгоолдог хүүхэд ямар ч дууг эвлэг дуулдаг болдог гэдэг. Тэр үнэн байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна