Сайн хөглөсөн хуур салхинд өөрөө дуугардаг


Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөгжим судлаач, Жамцын Бадраа агсан нэгэнтээ “сайн хөглөгдсөн хуур салхинд өөрөө дуугардаг” хэмээсэн нь бий. Нэрт судлаачийн хэлсэнчлэн ая, дан нь таарч, амь орсон хуур салхины аясаар аялгуу нэрэн, сэтгэлийн торгон утсыг алдруулдаг билээ. “Монгол бардамнал” булангийн энэ удаагийн дугаарт хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэгч морин хуурыг амилуулагч нэгэн эрхмийг урин залж оролцууллаа. Түүнийг Дарамын Даваажав гэдэг. “Уянга Цогт Амгалан” ХХК-ийн захирал могой жилийн хавар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумнаа мэндэлжээ. Хялгасыг хялгасаар хөрөөдөн ая, аялгуу бий болгогч цор ганц үндэстэн бол Монгол юм. Тэрхүү үндэстний бахархал, бардамнал болсон оюун санааны үнэт өв морин хуурыг бүтээгч СТА, Д.Даваажав бидний яриа ийн хөвөрсөн юм.
Хөгжим урлах энэ гэгээн зам мөрт хөтлөн оруулсан хүн бол миний багш МУ-ын УГЗ П.Байгальжав юм. Багш бид хоёр нэг нутгийн улс. Тэр ч утгаараа оюутан болж ирээд 1996 оноос багшдаа шавь орж, 2012 оныг хүртэл хамт ажиллан, суралцаж байлаа. Хэдийгээр миний эзэмшсэн мэргэжил кино найруулагч ч /Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг дүүргэсэн/ сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн хөгжмүүдийн минь амьд ая аялгуу надад холдохын сөхөө өгөөгүй юм. Тэр ч утгаараа 20-иод жил болоход би хөгжмийн урлангаасаа холдож төвдөхгүй л явна.
Одоо эргээд бодоход “хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж” оргүй үг биш шүү. Манай ээжийн талынхан цөм гарын уртай улс. Ах нар маань намайг багад гарын дорх материалаа ашиглан морин хуур хийчихдэг байсан. Бас болоогүй ээ, түүнийгээ амилуулан хуурдаж, гэрийнхнээ баясгадаг байв. Миний аав Дарам “Жонон хар”-ын явдлыг сайхан тоглоно. Ер нь манайхан дуу хуурт дуртай гитар, мандалин, морин хуур, ятга, шанз гээд бүхий төрлийн хөгжмийг өөрсдийн хэмжээнд тоглодог. Товчхондоо урлаг соёл, тэр дундаа хөгжимд дуртай хүмүүс л дээ. Гэсэн хэдий тэдгээр хөгжмүүдээс ганцхан морин хуур л манай гэрийн хойморт, үүд голлон залардаг байсан нь “үндэстний бахархал хаан хөгжим” гэдгийг илэрхийлэл байсан юм билээ.
Монголын илэрхийлэл морин хуур Морьтны бахархал хуурын чуулга
13-р зууны үеэс эхтэй хэмээгддэг морин хуур хөгжим иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх агаад ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжлэх чавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд, доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан урладаг байна. Морин хуурын хоёр чавхдасыг нь арга, бэлгийн чавхдас хэмээдэг нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн морины сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийдэг байжээ. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь
1. Бөөрөнхий нум
2. Наймантай нум хэмээн хоёр ангилдаг.
Монгол угсаатны илэрхийлэл болсон морин хуур хөгжим 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж буй бөгөөд үүнд түлхэц болсон гол зүйл бол МУ –ын Ерөнхийлөгчийн зарлиг, төрийн тэргүүний шагналт морин хуурын чуулгын хичээл зүтгэл юм. Дотоодын болон дэлхийн сонгодог бүтээлийг морин хуурын хоёрхон чавхдасаар амилуулж, үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо олны хүртээл болгож байсан бөгөөд тэр цагаас хойш гурван тивийн 30 гаруй улсад тоглоод буй юм. Ийнхүү 1991 онд оюутны дотуур байранд голомтоо бадрааж байсан ХБДС–ийн оюутнуудын үүсгэн бий болгосон морин хуурын чуулга 2008 оныг хүртэл урын сандаа 1400 гаруй бүтээлтэй болж, морин хуурын гайхамшгийг зүрхнээ мэдрүүлж чадсан юм. Өөрөөр хэлбэл хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг морин хуур Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз”-наа эгшиглэн Монголынхоо нэрийг цуурайтуулж явсан билээ. Морин хууртай холбоотой өөр нэгэн бахархал бол 2003 оны 11 –р сард UNESCO буюу дэлхийн өв санд бүртгэгдсэн явдал юм.
Хуур бүхэн амьтай
Хөгжим бүтээхэд хамгийн гол нь дугаралт. Хэлбэр хийц хичнээн уран нарийн байгаад ч гол амин сүнс болсон дуугаралт үгүй бол түүнийг хөгжим хэмээн тооцох аргагүй юм. Чухам тиймээс бид хуурынхаа ая дан дуугаралтанд илүүтэй анхаардаг. Бидний гол түүхий эд бол хус мод. Үүгээр хуурынхаа эх биеийг хийнэ. Харин нүүрэн хэсгийг нарс, гацуур зэрэг зөөлөн модоор хийдэг.
Ингэж байж хатуу зөөлөн хоёрыг нэгтгэснээр нөгөөх сайхан аялгуу гардаг юм. Сүүлийн үед зарим захиалагчдынхаа хүсэлтээр өөрсдийнх нь авчирсан халуун орны модоор хуур хийж байна. Мод болгон адилгүй. Тэр бүү хэл нэг дор ургасан хоёр модноос өөр өөр аялгуу гардаг болохоор хуур болгон өөр тохируулгатай. Өөрөөр хэлбэл хөгжим урлах гэдэг зөвхөн гарын ураас гадна мэдрэмж ихээхэн шаарддаг ажил. Ялангуяа мэргэжлийн хөгжимчдийн захиалгад бид нэлээд цаг зарцуулдаг. Тийнхүү сэтгэл зүрх, ур ухаанаа шингээсэн бүтээл маань өөр нэгэн бүтээлийг амилуулж, бусдын зүрх сэтгэлийг хөглөж байгаа нь бидний авч болох хамгийн том шагнал юм. Тоглолт үзэж байхад тэр мэдрэмж бүр илүүтэй мэдрэгддэг. Багштайгаа ажиллаж байснаас эхлээд өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд бид Морин хуурын чуулга, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга болон Бөртэ, Транс Монголиа, Эгшиглэн, Чилүгэн, Жонон зэрэг хамтлагуудын хөгжмийг хийж байлаа. Мөн төрийн их найрал хөгжмийг ч хийлцсэн.
Анхны дөрвөн утаст хуур
2000 онд шиг санагдаж байна. “Бөртэ” хамтлагийнхан Германд ажиллаж, амьдран Европын хотуудаар тоглолт хийдэг байсан үе л дээ. Тэд багшид маань дөрвөн утастай их хуур хийлгэх захиалга өгсөн юм билээ. Өөрөөр хэлбэл монгол хуураа Европ маягтай хослуулж байгаа юм л даа. Багш маань “за чи энэ хөгжмийг бие даагаад хийчих” хэмээн надад итгэл хүлээлгэсэн юм. Захиалга нь шинэ жилийн үеэр дуусч, улсын филармони дээр гарсан үзэсгэлэнд бүтээл маань тавигдлаа. Тэр үед хүмүүс “Монголд анх удаа дөрвөн утастай их хуур хийгджээ” хэмээн ярихыг сонсох сайхан байсан шүү. Хэдийгээр уламжлал, шинэчлэлийг хослуулах ёстой ч үндэсний хөгжмийн тухайд болгоомжтой хандах хэрэгтэйг бас ойлгосон. Нэгэн захиалагчийнхаа хүсэлтээр морин толгойтой товшуур хийгээд сууж байтал ерөөлч, магтаалч Г.Ягваан гуай орж ирээд “ийм гансарсан хөгжим дээр хийморьтой амьтны толгой залгаад, наадахаа ав” хэмээн зэмлэсэн юм. Нээрэн эргээд бодсон бэлгэдлийн хувьд тохиромжгүй юм билээ л дээ. Энэ мэтчилэн суралцаж л явна.
Есөн эрдэнийн чимэгт их хуур
Хүн аливаад сэтгэл ханаж болохгүй. Тэр тусмаа уран бүтээлч хүн. Мөнхийн эрэлч, хайгуулч байх хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн урчуудын нэг Дамдинсүрэн
/сийлбэрчин/ ах маань сайхан сийлбэртэй гэр хийх санаачлага гаргаад, би түүнийг нь дэмжин гоёмсог морин хуур хийж чимье” гэсэн юм. Тэгээд нэлээд судалсны эцэст сайн дархан олж, Батноров хийцийн тоног хийлгэн, Норовсамбуу гээд чулууны дархантай уулзаж, жинхэнэ есөн эрдэнийн чулууг нь захиалан хуураа чимэглэсэн дээ. Тэгэхээр энэхүү есөн эрдэнийн чимэгт морин хуур бол гурван хүний хамтын бүтээл юм. Миний зүгээс гол амин сүнс болсон дуугаралтан дээрээ ихэд анхаарсан. Анхны есөн эрдэнийн чимэгт хуураа үзэсгэлэнд тавьж, сар гаруйн хугацаанд олны хүртээл болгож байгаад дараа нь дуудлага худалдаагаар зарсан. Харин хоёр дахь хуур маань захиалагчийн хүсэлтээр бүтээгдсэн л дээ. Өмнөхөөсөө илүү гоё болгох хүсэл эрмэлзэл маань хөглөж үнэхээр сайхан бүтээл болж чадсаан. Захиалагч маань ч сэтгэл хангалуун хүлээн авсан. Ер нь тэгээд хийсэн бүтээл бусдад үнэлэгдэх шиг сайхан зүйл хаана байхав.
Засварлана гэдэг хийхээсээ хэцүү
Монголд хуур урлаачид олон бий. Тэдний хөдөлмөр, бүтээл, ур чадварыг шалгадаг тэмцээн уралдаануудад ч цөөнгүй зохиогддог. Тэдгээрийн нэг дэлхийн морин хуурын холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уралдаанд миний бүтээл нэг удаа гуравдугаарт байрт шалгарч байсан юм. Мөн саяхан би Дэлхийн Морин Хуурын Холбооны урилгаар Токио хотод очиж, 10 жил болсон хуурыг нь засварлаад ирлээ. Япон хүүхдүүд манай үндэсний хөгжмөөр чадварлаг тоглож байхыг хараад бахархсан шүү. Ер нь сүүлийн үед гадныхан морин хуур их сонирхох болсон. Америк, Герман, Япон гэх мэтчилэн. Би дээр хэлсэн шүү дээ. Хөгжим урлаачид гарын ур дүйгээс гадна чин сэтгэл, мэдрэмж их чухал гэж. Манай компанийн ажилчид тийм л хүмүүс. Нэг нь миний багын найз байгаа юм. Аав нь нутаг орондоо уран Гочоо гэж алдаршсан мундаг хүн л дээ. Би багадаа тэр хүний багажийг ихэд шохоорхдог байлаа. Хожмоо хүүтэй нь сайхан нөхөрлөж, урлангаа байгуулахдаа хамтран ажиллах санал тавьсан юм. Манайх морин хуураас гадна манайх ятга, шанз, хуучир, товшуур, лимбэ гээд ардын хөгжмийн бүхий л зэмсгийг захиалгаар хийдэг.
“Уянга Цогт Амгалан” ХХК хөгжим урлахаас гадна бас засварладаг. “Засварлана гэдэг хийхээсээ хэцүү” гэж манай багш ярьдаг байсан нь үнэн юм билээ. Шинээр хийснээсээ хэд дахин их хугацаа басхүү, илүү нарийн мэдрэмж шаарддаг.
Багштайгаа хамт ажиллаж байхдаа хоёр жил хуур засварласан. Өнөөдөр та бүхэнтэй ярилцаад сууж байгаа маань, өдий зэрэгтэй яваа маань багштай минь салшгүй холбоотой. Миний багш аливаад сэтгэл зүрхээ зориулдаг, жинхэнэ уран бүтээлч хүн. Багшийн маань хийсэн бүтээлүүд хэзээ ч сэтгэл гонсойлгох үг дуулдаггүй. Дан ганц бүтээлүүд нь ч биш П.Байгальжавын шавь гэхээр хаана ч очсон халуун дулаан хүлээн авдаг. Тэр хүний шавь бол муу юм хийхээргүй л болсон байгаа гэж боддог байх л даа. Одоо өөрөө бие даан тусдаа урлантай болсон хойно ч гэсэн багшийнхаа тэр сайхан нэр хүндийг сэвтүүлчихгүй юмсан хэмээн хичээж явдаг шүү. Мөн нэгэн цагт багш маань надад сурсан мэдсэнээ харамгүй хуваалцаж байсан шиг, бусдад мэддэгээ харамгүй хэлэхийг хичээдэг. Ялангуяа хуур авч байгаа хүн нэг бүрт хэрхэн хадгалахаас эхлээд мэдэх ёстой анхан шатны бүхий л зүйлсийг заавал хэлж өгдөг.
1000 бурхан заларсантай дүйцдэг
Морин хуур эгшиглэсэн газар 1000 бурхан заларсантай тэнцэх буян хурдаг хэмээн дээдчүүл ярьдаг байжээ. Чухам тиймдээ аливаа найр наадмыг хуурын аялгуугаар эхлүүлэн, жаргаадаг байж. Энэхүү уламжлал өнөө цагт ч хадгалагдсаар буй. Сүүлийн үед гэртээ морин хуур залах гэсэн эрмэлзэлтэй хүмүүс нэмэгдэж байгаа ч бэлгэдэл төдийхнөөр төсөөлж байгаа нь харамсалтай санагддаг. Зүй нь гэр бүлийнхээ аль нэг гишүүнийг хуур тоглож сургаад аливаа баяр ёслол болон энгийн үед ч гэрийн жавраа үргээн сайн сайхныг даллан дуудаж байх хэрэгтэй. Тэгж байж л дээр хэлсэнчлэн 1000 бурхан заларсан дайны буян хурж, гэр оронд чинь саар муу бүхэн арилах болно. Дээхэн үед хуур тоглодог хүнээ нутаг орноороо ээлжлэн залж, гэрийнхээ жаврыг үргээлгэдэг байсан гэдэг шүү дээ.
Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү маань хоёулаа морин хуурын сургалтанд явдаг. Том хүү маань Хүүхдийн ордны Жаргалсайхан багшийн шавь болсон бол удаах хүү маань Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын хуурч Цогдэлгэр багшийн шавь болгосон. Хөвгүүд маань мэргэжлийн морин хуурч болдоггүй юмаа гэхэд гэрийн жавраа үргээж, баяр наадмаа эхлүүлчих хэмжээний болох ёстой гэж үзсэнийх. Би өөрөө хөдөөний хүүхэд учраас хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр байлгахыг зорьдог юм.
Хаяг: Цэцэг төвийн замын эсрэг талд "Чингэлтэйд үйлдвэрлэв" дэлгүүр
Утас: 96656563, 99068370





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
8 цагийн өмнө Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
Лхагва, 12:58 минут Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
Лхагва, 12:51 минут Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
Лхагва, 12:46 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
4-р сарын 05 -нд Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байг…
-
4-р сарын 05 -нд Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
-
4-р сарын 05 -нд Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр …
-
4-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу т…
-
4-р сарын 01 -нд Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
-
4-р сарын 01 -нд Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан а…
-
3-р сарын 29 -нд Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн бу…
-
3-р сарын 29 -нд Даага буюу нэг настай адууны шүд
-
3-р сарын 29 -нд Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөө…
-
3-р сарын 29 -нд Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш: Адууг өөртөө с…
-
3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-31: МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Ц.…
-
3-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдаха…
-
3-р сарын 25 -нд Адууг шүдлэх аргачлал
-
3-р сарын 25 -нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өв…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэ…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хи…
-
3-р сарын 22 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-30: МОРИОР АЯЛАГЧ М.БАТЧУЛУУН
-
3-р сарын 22 -нд Тод манлай уяач Г.Сандуйжав:Тогоруу угшлын азарган…
-
3-р сарын 22 -нд Адууны шүдний зохион байгуулалт бүтэц
-
3-р сарын 15 -нд Сумын Алдарт уяач Д.ЮҮРЭНДОНДОГ: Улаан азаргаа түр…
-
3-р сарын 15 -нд Адууны нас, нэршил
-
3-р сарын 15 -нд Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир
-
2021 оны 3-р сарын 13 -нд Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй
-
2021 оны 3-р сарын 13 -нд Тод манлай уяач Д.Онон: Цэгээ олж хатгавал хутганы…
-
2021 оны 3-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-29: МАНЛАЙ УЯАЧ Ц.ЦЭНД-АЮУШ
-
2021 оны 3-р сарын 11 -нд Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:
-
2021 оны 3-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүү…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэг…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эр…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид …
-
2021 оны 3-р сарын 09 -нд Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах а…
-
2021 оны 3-р сарын 03 -нд Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
2021 оны 3-р сарын 03 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
2021 оны 3-р сарын 03 -нд ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
2021 оны 3-р сарын 01 -нд П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
2021 оны 3-р сарын 01 -нд Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
2021 оны 3-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2021 оны 2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2021 оны 2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2021 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
Лхагва, 12:58 минут Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
Лхагва, 12:51 минут Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
8 цагийн өмнө Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
Лхагва, 12:46 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
8 цагийн өмнө Монгол орныг даасан Очирваань бурхан
Сэтгэгдэл бичигдээгүй байна