МУ-ын Алдарт уяач Ж.Дамдин: Би Оодон хээрийгээ улсын наадамд хоёр түрүүлсэн гэж боддог

Тэлмэн
2015 оны 9-р сарын 11 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ж.Дамдинтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-“Оодон” хээрийн Дамдин гэдэг нэрийг нэг бус удаа  дуулж байлаа. Уулзах болсондоо баяртай байна.
-Тод магнай сэтгүүлийн хамт олон Увс аймгийн уяачид, хурдан морины талаар ийм сайхан сэтгүүл хийж байгаад баяртай байна.  Түүнээс биш би чинь барагтай бол хэвлэлд ярилцлага өгдөггүй хүн шүү дээ. Та бүхэн мэдэх л байх.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Хээр морьтойгоо учирсан түүхээ манай уншигчдад хуучлаач ?
-1997 он л доо. Тухайн үед би бизнес эрхэлдэг байсан юм. Ховд аймагт манай гэрийн хүний ах дүүгийн  хүний бие муудаад тийшээ явчихаад дөрвөн цагийн үед гэртээ ирсэн эхнэр тэр үед ид мода болж байсан хамба хилэнгээр наадмын дээл хийж байна. Тэгснээ “чамайг асуугаад нэг сахалтай хүн орж ирээд явлаа. Ганбат гэдэг хүн гэнээ. Хээр морио зарах гэсэн юм” гэж байна лээ гэдэг байгаа. Миний дээлний товчийг оёх гээд байхад нь тийнхүү орж ирсэн болохоор эхнэр бас их бэлгэшээсэн гэнээ. Би тэр үед Баруунтурууны Сундуйгийн Соён хээрийг авдаг юм билүү гэж бодож байсан юм. Тэр тухай сонсоод шууд гарах гэсэн гэрийн хүн “ажил чинь бүтэхгүй шүү дээ, цай амсчихаад гар” гэж байна. Орой нар жаргахаас өмнө уулзчих гээд яараад байгаа нь тэр л дээ. Тэгээд нөгөө айлд давхиад очлоо. Арваад улс байна. Би нөгөө Ганбатыг танихгүй. Намайг яваад орсон “тийшээ суу, тийшээ суу” гэсээр хамгийн дээд талдаа суулгачихлаа.Тэгээд харсан нөгөө Соён хээрийн эзэн Сундуй Аяа гэж бас тэнд байна. Их сайхан хүн л дээ. Аварга цагаан морь нь Хөхийн хошууны наадмуудад 10-н хэдэн удаа түрүүлсэн буянтай сайхан буурал байсан юм. Урьд нь Сундуй Аяан хээр  морийг нь сонирхоод асуучихсан  болохоор дэргэд нь Ганбаттай ярьж болдоггүй. Цай уучихаад нартай байгаа дээр ярилцъя гэж бодоод “Ганбат гэдэг нь та юу“ гэсэн “тийм” гэнэ. Тэгэхээр нь “за ахын дүү хоёулаа гараад уулзаадах уу» гэсэн гараад ирлээ. “Манайд очсон байна лээ. Ямар хэрэг гараав”  гэсэн “ахаа надад мөнгө төгрөгний хэрэг байна. Адуу хариулж байгаад өр ширэнд орчихлоо. Энэ хээр морийг Завханы нэг хүн авъя гэсэн ч, болж өгвөл нутагтаа үлдээчихмээр санагдаад, таныг л авчих болов уу гээд очсон юм” гэж байна. Үнийг нь асуусан 3,0 сая төгрөг гэнэ. 1997 он гэдэг чинь мөнгөний ханш тэгтлээ унаагүй байсан үе л дээ. Уядаггүй морь 100,000-200,000 төгрөгний ханштай байсан үе шүү дээ. Уях адуу бол 500,000 төгрөг болж байсан байх. Тэгэхээр нь  “3,0 сая ч арай өндөр байнаа. Ах нь  чиний нөхцөл байдлыг бодоод 2,5 саяыг өгье” гэсэн.  “Тэг тэг” гэнэ. Ингээд л наймаа тохирчихлоо. Ороод Аяад “би Ганбатын морийг авахаар боллоо” гэсэн. “Өө болж байна, болж байна. Чи харин зөв морио авлаа. Ганбат ч зөв хүндээ өгч” гэж байна. Тэр дороо адуун дээр нь давхиж очоод арваад залуучууд хоёр эгнээ болж зогсоод бугуйлдсан чинь манай бүл дүү Баянбатын бугуйл ханхар цээжээр нь орлоо. За ер нь ирэх гэж ирж байгаа юм байна гэж бэлгэшээгээд бэлэн 2,5 сая төгрөг өгөөд авсан даа. Оодон хээр  бид хоёрын учирсан түүх бол энэ. Тухайн үед Монголын Үндэсний Морин Уралдааны Холбооны тэргүүн Даваа гэж хүн “баруун аймагт Дамдин гэдэг хүн Оодон хээрийг 2,5 сая төгрөгөөр худалдан авч, зүүн аймагт Баттөмөр Алдарт 1,0 сая төгрөгөөр морь авч үнэд орууллаа” гэж бичиж байсан юм.
-Учирсан түүх, уралдааны амжилтаар үргэлжлэх байлгүй?
- Тэр жил Зүүнхангай сумын 70 жилийн ой болж, 20-иод хоногийн уяатай мордуулсан ёстой хол түрүүлсэн дээ. Тэгэхээр нь 1998 оны таван сард улсын наадамд очиж уралдахаар нутгаасаа гарлаа. Тэгэхэд манай нутгийнхан “Энэ Дамдин мөн тэнэгээ, машин дээр морь ачиж очиж уралдаад, айрагдуулах юм гэнэ” гээд зэмлэх маягтай зүйл хэлж байсан юм. Би түүнийг нь тоолгүй  Оодон хээр, бор хээр гүү, халзан морь гурваа аваад эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар  Био комбинатын Шувуун фабрикт ирлээ. Гүүгээ сааж, мориндоо өгчихөөд манаж хонодог ажилтай. Наадмын өмнөх нэг сунгаанд миний хээр түрүүллээ. Тэр жил 600-гаад морь мордож, комиссын даргаар нь Өөлд гуай ажиллаж байсан юм. Хүүхдэдээ “татаж яваарай” гэж хэлчихээд мордуулчихлаа. Айдасын даваан дээр миний хээр түрүүлээд гараад ирлээ. Тэгсэн тооцохгүй болоод явчихлаа. Тэгэхээр нь яахав ямар ч байсан хурдан юм байна гэдгийг нь дахин мэдрээд  замаараа  “Их хурд”-д 21-ээр давхиулсан.
-Танай сумын Ганбаатарын улаан морь айрагдсан шүү дээ?
-Тийм, тэр хэд нутгаас шууд ирээд, би эндээс очсон. Олон газрын уяачид цугларсан сайхан наадам болсон шүү дээ. Би тэнд Босоо хээрийн эзэн Сүрэнхор агсантай танилцаж байлаа. Нэг майхантай, ногоон азаргаа аваад оччихсон байсан. Зүүн талын уяаг төдийлөн сайн мэдэхгүй болохоор Сүрэнхор гуай дээр очсон чинь “за ах нь чамд зааж өгье.Танай баруун аймгийнхан морио давхил өгсөөр байгаад улаан мах болгоод хаячихдаг гэмтэй улс” гэж ирээд их сайхан зөвлөгөө өгч билээ.
Анхны сунгаанд Лхүндэвийн хонгор түрүүлж, тойруулгын халзан удаалаад, миний хээр гурав дээр ирж, Сүрэнхор гуайн ногоон азарга түрүүлж байсан. Яг уралдаан болоход миний хээр морь 21 хийгээд, Сүрэнхор гуайн ногоон азарга 100-гаар давхиж байсан. Тэр наадам дээр Уртын Дамдинжав, Дорнодын “мод” Хүрэлбаатар, Сүхбаатарын Онгуу гээд архагуудтай танилцаж байлаа. Морь гэдэг эзэн хүнээ олонтой болгодог ийм л сайхан хийморилог амьтан шүү дээ.
-Дараа жил нь тэгээд улсад очиж даагаа нэхсэн үү?
-Тэгсээн. Даагаа нэхэх гэж зориуд ирсэн. Тэгэхдээ аймгийн ИТХ-ын дарга Батсайхан, МУ-ын Алдарт уяач миний нагац Сүхээ, Жонон хээрийн эзэн Баатаржав, халзан морины эзэн Ядамцоо,  Баруунтурууны Буянтогтох, Ганбаатар нарын нэлээд хэдүүлээ ирсээн. Яг л өнгөрсөн жилийнх шигээ 5-р сарын 20-доор нутгаасаа гараад сар яваад ирсэн. Тэр жил миний хээр морь бас л сунгаанд түрүүлээд, хурдан байсан л даа. Залуу ч байж морио түрүүлэхээр “миний хээр морийг гүйцдэг морь хаана байдаг юм” гэж хүртэл бодож байлаа шүү дээ./инээв/ Гэхдээ бас болоогүй ээ, МУ-ын Алдарт уяач Цэнд-Аюушийг авчирч үзүүлсэн чинь “одоо ёстой баараагүй болж” гэж байна. Тэгэхээр унаач хүүхдэдээ “за энэ жил түрүүлж эргэж, болохгүй шүү. Морьд гарсаны дараа гараарай” гэж хэлээд мордуулчихлаа. Урьд жил нь морь будилсан тооцохгүй гэхээр нь би Өөлд даргатай зад хэрэлдсэн байсан юм. Тэгсэн хойтон жил нь морины комиссын даргаар Баасанхүү генерал томилогдож. Морь туугаад цаашаа явсан 150-иад нь цаашаа яваад, 200-гаад нь  үлдчихэж байна. Тэгснээ л гэнэт пархийгээд л эргэчихлээ дээ. Өөрийнхөө морь руу харсан, хүүхэд маань хамгийн зүүн талд татаад л аваад үлдчихэж байна. Харсан  Ононгийн хээр, Баттөмөр гуайн хээр, Даваахүү гуайн хүрэн  гээд мундагууд нь үлджээ. За одоо ч ёстой баараггүй. Ингэж бодоод манай Зүүнхангайн   уугуул Самданжамц гээд морины комиссын нарийн бичгийн даргын машинд суугаад дагалаа даа. Айдасын даваагаар Доржсүрэнгийн хээр, Ононгийн хээр, миний хээр морь гээд гурван хээр морь гараад ирлээ. Алдар толгойгоор ороогоод гараад ирсэн дутуу эргэсэн морьдын сүүл хэсэг явж байна. Сандарч буугаад дурандсан чинь 40, 50-иад морины ар дээр нөгөө гурван хээр чинь очоод нийлчихлээ. За байхгүй будилаад өгч. Тэгэхээр нь хамт явсан Самданжамц гуайд  “та дахиад будилсан л гэж битгий хэлээрэй дээ. Миний хээр морь түрүүлэхгүй юм аа гурав дээр ирэхээр боллоо шүү” гээд хэлээд тавьчихлаа. Машинаас буугаад ирсэн бөөн хэрүүл. Намайг дуудахаар нь очсон “Бид бүр яс үзлээ. Таны хээр морь айрагдсангүй” гэж байна. Бас болоогүй ээ “тэр холоос хоёр дахиа ирж байгаа. Ноднин бас будилсан. Энэ жил жаахан гомдолтой байгаа байлгүй. Танай Өндөрхангайгаас ирсэн Цэрэнжээгийн бор морины оронд таны хээрийг ес дээр бариад өгөх үү” гэдэг юм. Тэгэхээр нь би “үгүй, хүний морины оронд орохгүй, битгий дэмий юм яриад бай” гээд бараг шөнийн хоёр хүртэл маргасан байх. Миний хээр гарцаа байхгүй төрсөн хурдан амьтан. Гэхдээ цагаа олж төрөөгүй  цуут хүлэг дээ. Би хээр морио улсад хоёр түрүүлсэн гэж боддог юм. Ер нь тэр үед хурдан морины уралдааныг энэ Төв аймгийн хэдэн уяачид л будилуулдаг байсан. Би түүнийг нь ил цагаан хэлчихдэг болохоор надад их дургүй ээ. Тэрнээс болоод холын уяачид бараг ирдэггүй байсан ш дээ. Та бүхэн бол мэдэх л байх. Хөвсгөлөөс Хишигбаатар хонгор морьтойгоо, Хэнтийгээс  Сүрэнхор хээр азаргатайгаа, Сандагдорж хар азаргатайгаа тэгээд би Увсаас хээр морьтойгоо зорин ирж уралдсан байх. Морь будилдаг тэр жилүүдэд мөн бэрх байсан шүү. Одоо ч сайхан болж дээ.
-Доржсүрэн Манлай бас хээр морио цагаа олж төрөөгүй хүлэг гэж байсан.
-Одоо байсан бол хэдэн ч удаа түрүүлж, айрагдах байсан юм билээ. Тэр улсын наадмын дараа Баянхонгор аймгийн Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ойд очиж уралдсан.
-1000 морь уралдсан гэдэг биз дээ?
-1050 их насны морь уралдаж, Баянхонгорын Баян-Овоогийн Баатарын хүрэн морь түрүүлж байсан шүү дээ.
-Хээр морь тань хэдээр давхисан юм бэ?
-Миний хээр морь дөрвөөр гарч ирээд давхиж байснаа гэнэтхэн сулраад есөд орсон. 1000 гаруй мориноос есөд  давхина гэдэг юу нь муу байхав. Баянхонгорын уралдааны зам бас амаргүй юм билээ. Гурван км газар тэр чигээрээ хад, асга. Тэндээсээ шууд буцах гэснээ болиод Ховдын даншиг руу явсан.
-Хэд хоногийн дараа болж байсан юм бэ?
-Долоо найм хоногийн зайтай л болсон байх. Холоос зорьж ирлээ гээд Ховдынхон их сайхан хүлээж авсан. Ер нь баруун тийшээ явах тусам хүмүүсийн зан чанар илүү болдог юм шүү дээ. Баянхонгорынхон ч ялгаагүй улсад тэгж будилсаныг мэдчихээд засаг дарга нь хүлээн авч, дайлж цайлаад, морины маань байг авчирч өгсөн. Ховдод очсон чинь бас морь малыг маань тосч бүртгэж аваад, мал хүрээлэнгийн дотор морио услуулчих гэж хүртэл хэлсэн. Тэр жил их гантай байсан л даа. Аймгаас Өндөрхангайн улсад түрүүлсэн Цэрэнжээгийн хээр, Баруунтурууны Сундуйн Соён хээр, Хяргасын цагаан морь гээд сайхан буянгууд хүрээд ирсэн. Гэтэл ахиад л морь будилахаар нь би хээрийгээ явуулаагүй.  Дахиж уралдахад нь миний хээр морь холоо түрүүлж гарч ирээд, харгана дундуур бэдэрсээр 40-өөдөөр нэг орж ирээд, урагшилсаар байгаад дөрөвт баригдсан даа. Сүүлд Ховдынхон  “таны морь түрүүлсэн нөгөө хоёр нь замаас тавьсан манай нутгийн морьд” гэж л байсан.
-2000 онд хэрхэн наадсан бэ?
-Урьд жил нь улсын наадам будилсны дараа Манлай уяач Батчулуун надтай танилцаад “дүү нь Алдарт авах гэсэн ганцхан айраг дутуу байна. Таны хээр морийг уямаар байна. Их хурдан адуу юм” гэж байсан юм. Тэгсэн бас манай Цэнд-Аюуш миний хээрийг уямаар байна гээд өвөл нь чиргүүлтэй тэрэгтэй ирээд ачаад явчихлаа. Тэр жил анхны тойруулгын анхны бооцоот уралдаан болсон шүү дээ. Тэнд уралдаж байгаад хээр морь хөлөө авчихсан. Тэгээд 2000, 2001 онд өнжөөгөөд, 2002 онд Увс  аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын наадамд түрүүлсэн. Цагаанхайрханы 70 жилийн ойд манай  сумаас 20 гаруй уяач явж, дөрвөн түрүү, 20 гаруй айргийг нь авч байлаа. Миний хээр морь надад гурван мотоцикль, нэг УАЗ-469 авч өгсөн адуу.
-Завханы 80 жилийн ойд түрүүлж байсан билүү?
-Тэгсэн. Тийшээ очсон нь бас их учиртай. 2003 оны өвөл би хээр морио хотод уралдуулах гээд ачаад очсон юм. Хаврын бооцоот уралдаан Хүйн долоон худагт болсон ш дээ. Газрыг нь үзсэн чинь төвгөр их эвгүй юм. Тэгэхээр нь больчихоод, гурван сард нутаг буцчихлаа. Тэр жил манай Өндөрхангай сум ойтой байсан юм. Сунгаанд хоёр удаагийн “Алтан унага”-ны эзэн, Хөдөлмөрийн баатар Гангий агсны хар, халиун морьд, миний Оодон хээр гурав их хурдан байнаа. Хүмүүс сумынхаа ойд уралдуул гээд тэгсэн манай Ядамсүрэн багш морины зовлон ойлгоно л доо. “Доголон морьтой байж, энд уралдаад яахав шууд Завхан руу яв” гэнэ. Тэгээд долоон сарын 11-нд нутагтаа уралдалгүйгээр шууд Завхан руу явлаа. Оодон дээрээ нэмээд хоёр азарга, нэг даага авчихсан. Тэгсэн замд Завханмандал сумын 70 жилийн ой болж байдаг юм байна. Борнойн Баасанжав бид хоёр нэг оны Алдартууд юм. Тэгсэн нөгөөх чинь “Оодонгоо уралдуулаад ганц түрүү авчихаж чадахгүй” гэж хор малтаад болдоггүй. Надтай хамт явсан Жонон хээрийн эзэн Баатаржав “уралдах газраа л уралдана” гээд шууд явчихлаа. Дээхэн үеийн хөгшчүүл замдаа баяр хаядаггүй гэдэг байсныг санаад ямартаа ч үлдэхээр шийдлээ. За тэгээд уралдсан хоёр азарга маань нэг нь хоёр, нөгөө нь гурваар ирлээ. Даагаа мордуулсан мөн түрүүлж чадалгүй хоёр дээр ирлээ. Тэгэхээр нь хээрийгээ мордуулж түрүүлгээд мотоциклийг нь аваад аччихлаа. За тэгээд цааш явлаа даа. Долоон түмэн адуутай Доной баяны хөндийд нь гурван машинтай давхиад очтол машин унтарчихлаа. “Бензин тосоо авахгүй та нар яасан юм” гээд  буусан чинь харанхуйд нэг эрэг руу уначихдаг юм. Ажиглаад байсан чоно үүрлэж байсан бололтой юмаа. Тэгэхээр нь “ийм юмтай таарах гэж” гэж бэлгэшээгээд шорооноос нь аваад бүсэндээ уячихлаа.
-Их өтгөн наадам болсон гэдэг юм билээ?
-Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Улаанбаатар гээд олон газрын уяачид ирсэн байсан. Арга ч байж уу дээ. Хамгийн сүүлийн шахуу наадам байсан юм чинь. Сундуйжав, Бандгаа Ганхуяг, Ганбат гээд хотын томчуулыг ирлээ гээд улс шуугиад л байна. Би ч тоосонгүй. Харин ч бүр “за улсаас ирсэн морьдыг харлаа, миний хээр морь түрүүлчихэж” гээд хэлээд тавьчихлаа. 750 гаруй морь уралдсан байх. Бороо ороод их шавартай.  Шинэ 69-тэй тулдаа хойноос нь хөөцөлдсөөр байгаад давхиад ирсэн чинь морьдны түрүүч явна. Урд нь ганц бор адуу, миний хээр морь байдаггүй. Гайхас гээд байж байсан. Урд ахиад нэг морь байна гэнэ. “Өө тэр л байхгүй юу” гээд давхиад очсон бас байдаггүй. “За хөл нь сэдэрчихэв үү, эсвэл хүүхдээ унагачихав уу” гэж бодоод явж байтал “хүүе тэнд тоос гарч байна. Хоёр морь явна” гэж байна шүү. Бараг хоёр км шахуу тасарчээ. Хүрээд ирсэн чинь миний хээр морь, Ганбатын хүрэн халзан хоёр тасарчихаж. Ганбатын халзан морь миний хээрийг 12 удаа дайрсан. Би хүүхдэдээ “намайг малгайгаа гаргахаар явуулаарай” гээд захичихсан байсан юм. Хамт явсан улс “одоо тавиад явуулаач” гээд болдоггүй. Би хүлээзнээд л байгаа. Миний хээр морь хурд нь орохоороо солгой тал руугаа ороод зөнгөөрөө яваад эхэлдэг юм. Яг тэгж байнаа. Тэгээд хоёр км өнгөрөхийн алдад  “за тавиад явуулчихъя” гээд малгайгаа цухуйлгасан, ухасхийгээд л хөдөлсөн. Тэгээд л түрүүлсэн дээ.
-Түрүү морины бай нь юу байсан бэ?
-УАЗ-469 машин. Хэдхэн хоногийн дотор машин, мотоцикль авчихаад явж байх бас л урамтай шүү. Хээр шиг минь ганц морь ахиад заяадагсан болов уу. /инээгээд/ Түүний дараа жил “Их хурд-3” уралдаанд очиж 11-ээр давхисан даа. Ер нь миний хээр шиг Монгол улсыг бүтэн тойрч уралдсан морь 1998, 99 оны үед  байгаагүй шүү. Тэрнийхээ хүчээр Дархан түмэн эх цол авсан хүлэг дээ.
-Ер нь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-2005 онд улсад дахиад ирсэн. Сунгаан дээр их л хурдан байсан. Цэрэнжээгийн хээртэй хамт ажил хийж байсан юм. 2006 онд Эрдэнэтийн бүсэд  уралдахдаа хөлний бэртэл нь дахиж сэдрээд түүнээс хойш уралдаагүй. Би нэг зүйлээр их бахархаж явдаг юм. Тэр нь манай Өндөрхангайн гурван морь улсын наадамд түрүүлсэн. 2003 онд түрүүлдэг Цэнд-Аюушийн хүрэн, 2005 онд түрүүлдэг Цэрэнжээгийн шар хээр аль аль нь манай Өндөрхангайн морьд. Өндөрхангайд айрагдаж үзээгүй морь энд ирээд түрүүлсэн гэхээр Лу жанжин гүний хошууны адууны чансаа танигдаж байгаа биз.
-Хэдэн онд МУ-ын Алдарт уяач цол хүртлээ?
-МУ-ын Алдарт уяач цолыг 2002 онд авсан. Тэр үед чинь аймаг, сумдын ойн амжилтаар улсын цол олгодог байлаа шүү дээ. Гэхдээ би цолоо баталсан хүн шүү. Би нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Тэр нь юу вэ гэхээр энэ эрлийз адуу. Жилдээ ганц  наадамдаа монгол адуугаа уралдуулж, хөдөөгийн уяачдаа оролцуулдаг болмоор байна. Эрлийз адуу уралддаг болсон сүүлийн жилүүдэд улсын наадмын морьд эрс цөөрч байна шүү дээ. Үүн дээр холбогдох хүмүүс нь анхаараасай гэж боддог юм. Энэ чинь монгол түмний цэнгэл болохоос цөөн хэдэн хүний наадгай биш шүү дээ.
-“Алтайн унага-2008” баруун бүсийн наадамд хязаалан  айрагдуулсан байдаг. Тэр хаанахын үрээ вэ?
-Манай Ханхөхийн угшилтай адуу. Би ер нь нутгийн адуугаар голдуу наадсан хүн шүү. Сумдын ойд дан нутгийн адуугаар уралдаад түрүү, айргийг нь аваад байдаг. Сүүлд адуугаа сайжруулахдаа ч гэсэн зүүн талаас азарга авчирч, баруун талын гүүнүүдээ хураалгасан. Тэр байгаль цаг уурт зохицох адууг л бий болгох хэрэгтэй гэж боддог хүн дээ.
-Би зүгээр нэг бизнес хийж яваад адуунд орчихоогүй. Багаасаа адуутай  ноцолдсон хүн шүү гэх үгийг ярилцлагын эхэнд хэлж байсан. Тэрхүү бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Зургаа, долоон настайгаасаа эхлээд л морь унаж, гуравдугаар ангиасаа эхлээд туувар туусан. Гурван жил аавыгаа даган мал тууж, гурван сарын 20-доор гэрээсээ гараад есөн сарын нэгэнд хичээл цугларахад арай гэж ирдэг байлаа шүү дээ. 9-р сарын 1 болоход аав суманд айлд буулгаад “за миний хүү сургуульдаа сурч бай, нэгдүгээр улирлын амралт эхлэхээр чинь аав нь ирж авна” гээд явдаг  байсан.
-Хаваржин, зунжин мал туугаад явах жаахан хүүхдэд амаргүй л байгаа биз?
-Хоёулаа дөрвөн хүний мал туугаад Ханхын Бор бургас хүргэж тушаадаг. Буцахдаа Хөвсгөлийн тайгаар долоо хоног явж ирдэг байсан. Тэгж багаасаа хар бор ажил хийн, олон сараар морь унаж явдаг байсан болохоор эрт бие даасан л даа.
-Таны аав Жамъян морь мал уядаг байв уу?
-Манай аавд хурдан хар морь, хаздаг цагаан гүү байсан. Цагаан гүүнээс нь хар унага гараад тэр нь даагандаа суманд түрүүлж, хязааландаа хоёрт ирээд, соёолондоо Зүүнхангайд түрүүлж байсан. Аавыг залгаад Жаапаа ах морь уясан. Нэг жил манай хоёр гүү адуунаас салж яваад, дэлийг нь засчихсан бөөсөгтэй үрээ дагачихсан явсан юм. Нөгөө үрээг нь арай гэж хөөцөлдөж салгасан чинь дараа жил нь нэг нь охин, нөгөө нь  эр унага гаргаад. Ах эрийг уяж,  дааганд нь дөрөв хийсэн. /айрагдуулахыг хэлдэг бололтой/Түүнээс хойш тувт морь уясан даа. Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд манайд гялтан ташаатай хээр гүү байсан. Түүний үр төлүүд одоо хүртэл Өндөрхангайд хурдалж байна. 1966 оноос хойш өнөөдрийг хүртэл гэхээр бас мундаг байгаа биз. Хээр гүүний охин төлөөс нь хээр азарга Завхан аймгийн 70 жилийн ойгоор түрүүлж байсан. Авга эгчийн ганц хүү “хулгар” хэмээх Пүрэвжилийн  нэртэй адуу байгаа юм. Гэтэл түүнээс арван жилийн дараа 80 жилийн ойгоор нь миний Оодон хээр түрүүлсэн. Олон сумуудын ой болж өчнөөн айраг, түрүү авч байсан байлгүй. Миний ах аргагүй сайн уяач. Ахтай минь адилхан нэгэн цаг үед морь уяж, жинхэнэ уяачийн эрдмээр хүлгээ хурдлуулдаг байсан сайхан буурлууд аль нь ч цол аваагүй байхад аймгийн наадамд морь айрагдуулаагүй залуучууд том залаа унжуулчихаад явж байх надад таатай санагддаггүй юм. Жишээлбэл миний дээр ярьсан Хөдөлмөрийн баатар Гангий гэдэг хүн л лав миний мэдэхийн аймгийн Алдарт уяач болж чадалгүй бурхан болсон. Насаараа морь уяж, 40-50 айраг түрүү авсан тэр хүн цол аваагүй гэхээр бас л шударга бус байгаа биз.
-Санал нэгтэй байна. Алдартын адуу хаагуур нутаглаж байгаа вэ?
-Төв аймгийн Эрдэнэ суманд аваад ирсэн. Тэр хавиар л нутаглаж байна даа.
-Өнөө жил Увс аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадам болно. Очих уу?
-Явах санаатай бэлтгэж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан хүлгүүд нь хурдан, унасан хүүхдүүд нь золбоолог сайхан наадаарай.
-Тэр ерөөл бат сайхан оршиг. 

 "Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.